Эх орон минь галзуу хүмүүсийн цугларалт шиг санагдах боллоо.  Дэлхий дээр хачин хэргүүд гарч дуулиан тарьдаг ч тэр нь ихэвчлэн сэтгэцийн өвчтэй, эсвэл шашны хэт мунхаг үзлээсээ болж үйлдсэн  байх нь  элбэг. Манайд бол өдөр тутам аймшигт хэргүүд гардаг. Эмнэлгийн дүгнэлтээр эрүүл гэх ч  ч эрүүл хүнээс гарамгүй галзуу хүмүүсийн    аймшигт үйлдэл хийцгээх юм. Үүнээс гадна бүх л салбарт, бүх л шатандаа, хөдөө хээр малчны хотонд ч, хотод Төрийн ордонд ч энэ галзуурал газар авлаа.  

Усны хөвөөнд хэдэн нөхөр муудалцаж  үхрээ усалж  байсан нэгийгээ зодож алаад уулан дээр аваачаад бензин асгаж шатаан, нүх ухаж булах гэж байснаа гэнэтхэн цагдаа дуудаад “Энэ нөхөр өөрийгөө шатаах гэж байсан байна” гэж  хэлээд өөрсдийгөө бариад өгчих жишээтэй. Иргэд нь галзуурчихсан хэрэг бус уу, энэ чинь. Ханилж суусан эхнэрээ хардаж, байшингийн буланд хутга барьж зогсож байгаад аймшигтайгаар тамлаж аллаа. Дараа нь өөрийнхөө амийг егүүтгэх гэж үзнэ. Энэ галзуурал биш гэж үү.

Хүүхэлдэй, машинаараа тоглодог насан дээрээ хүүхдүүд нь улс төр ярьж,  насны намбагүй эмгэд хөгшид нь садар самуун зүйл ярин саваагүйтэж,  яруу найрагчид нь яруу сайхныг биш, ядмагхан мөрүүд хэлхэж, урлаг соёлынхон нь хүртэл улстөржиж, бөө, удган болчихсон дөвчигнөнө.  Тайзан дээр яруу найрагч хэмээх нэгэн “...Говь-Алтайн Бигэр суманд олон мянган нинжа нар газар шороо бусниулж байна”     “...Жанцанноровын хөгжмийг сонсоход тэр гуайн охины онгон биеэ алдсан нь санаанд бууна” гэдэг юм  уншаад “Болор цом”-ын эзэн гээд зогсож байх жишээтэй.   Дуучид нь алаан хядаан, цус, буу болсон аймшигт клип хийлгэж, эрээгүй хараал урсгаж  дураараа дургина. Хаа сайгүй галзуурал.



Бүх салбарт бөө төрж, бүгд эцэг өвгөдийн сүнстэй ярьдаг боллоо.  “Би Чингэс хаан байна”  гээд ороод ирдэг нэгэн  ч байна. Дээр нь бас Чингэс хаан ирчихээд байхад итгэсэнгүй гэж загнахыг  нь яана. Арван хэдтэй жаахан хүүхдүүд  бөө болж архи уух нь энэ нийгмийн галзуурал.  Зарим нь дэлхий сөнөх тухай ярьж тэрэнд нь хөдөө,  хотгүй итгэж,    малчид нь галзуурсан мэт малаа хядаж байна.  Яагаад ингээд байдаг юм бол.

Улс төр нь бас хачин. УИХ-ын дарга байсан гурван нөхөр, Ерөнхий сайд байсан хоёр нөхөр, чуулганы танхимын хаалгыг диванаар дараад хэвтчихнэ. Өөрсдийг нь эрх барьж байхад иргэд гадаа үзэл бодлоо илэрхийлээд жагсахаар баривчилж хориод сүйд болно. Хаалга дарж суудаг хэд нь  “Ялагдчихлаа, ялах байсийм” гээд хээв нэг бичиг бариад суух нь  хошин шогийн үзүүлбэр мэт. Энэ эрүүл үзэгдэл мөн үү. 

Клинтон эцэг, хүү Буш бүгдээрээ  Конгрессоо, Путин Медведевтэйгээ Думаа хуралдуулахгүй гэж хаалгыг нь дараад хэвтвэл ямар байхав.

Хот гэж  байшин дотор байшин барьсан эмх замбараагүй, чанар муутай барилгуудын бөөгнөрөл.  Нэг сая 500 мянган хавтгай дөрвөлжин километр газар нутагтай  хэрнээ хаа дуртай газраа бөөгнөрөлдөөд, газраа булаацалдаж биенээ ад үзнэ.  Эсвэл  бөөрийг нь наалдуулаад хажуугийн барилгынхаа цонхыг таглаад байшин барьчихна. Агуу уудам тал нутагт  3 сая хүрэхгүй хүн  нь багталцахгүй, таг битүү явах замгүй болтлоо шахцалдаад  хэрүүл тэмцэл хийхийг нь яана.   Хотыг ингэж байгуулдаг юм уу.  Барилгын салбарын олон жилийн далд   байсан  идээ бээр нь сая ил гарч,  өдөрт хичнээнээрээ барилгын ослоос болж эрдэнэт хүн амиа алдаж байна. Энэ эрүүл үзэгдэл үү.

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга байсан хүн  шүүх дуудахаар очдоггүй. Аргаа бараад гурван зуун цагдаатай очиж байхав. Ганц хүнд гурван зуун цагдаа шүү.  Том дарга байсан учраас шүүхэд очихгүй гэсэн ёс хаана байна. Шүүх буруу хэрэг хийжээ гэж ял оноохоор аялдан дагагчид нь шүүх рүү дайраад, шүүгчээ барьж чирээд сүйд болно.

Дэлхийд тэгвэл яадаг билээ.  Италийн Берлускони гэж байнгын хэл ам таталж явдаг нэг улстөрч бий. Хүнд гарын нөхөр ч  шүүх дуудсан цагт очоод байгаа биз дээ. Харин  намайг хэлмэгдүүллээ гээд давж заалддаг. Дэлхийд алдартай одууд  ч хууль зөрчсөн ял шийтгэлээ авч л байдаг. Манайд бүгд эсрэгээр.

Тэртэй тэргүй зуд болж,  өвөлдөө -40 градус хүйтэрч, 50 см цас ордогийг мэдсээр атлаа малчид нь зунжин архидаж, пин дээрээ ганц өвс түүж тавьдаггүй.  Тэгээд  нэг ч өвс түүгээгүй  хэрнээ 1000 малтай өвлийг өнтэй давна гэж байх уу. Сая гаруй хүнтэй  нийслэлдээ л гэхэд  50, 60 телевиз, хорь, гучин өдөр тутмын хэвлэл байна. Энэ олон хэвлэл мэдээллийн байгууллага нь бизнес явуулж байгаа хэдхэн компанийхаа тамирыг тасартал шулна. Рекламаа өгөхгүй бол муулна шүү гэж айлгана.  Энэ эрүүл ёс уу.

Гүүрэн дээр  эсрэг урсгалаас орж ирээд хүн амиа алдаж л байдаг. Замын хөдөлгөөний дүрэм зөрчих бол хэвийн үзэгдэл.  Хальтиргаатай зам дээр хурд хэтрүүлж яваад хэдэн арван машин гэмтэнэ.

Гадны хөрөнгө оруулалт орж ирээд юм хийе гэхээр бүгд ад үзнэ. Өөрсдөө тэгсэн мөртлөө юу хийж бүтээхгүй. Энэ бүхнийг та бүхэн эрүүл гэж бодож байна уу. Өөрийгөө дэлхийн төв гээд ойлгочихсон хүмүүс Монголоор нэг.

Бүгд өөрсдийгөө дэлхийн төв агуу ихийг бүтээгч гэж боддог учраас шагналын төлөө улайрдаг. Хийж байгаа ажлаасаа зүгээр л таашаал авна гэж үгүй. Үүргээ гүйцэтгэж байна гэж бодохгүй. Араас нь заавал шагнал горьдоно. Бүгд агуу ихийн дэмийрэлд автчихсан.  Ямар сайндаа албан байгууллагуудыг  шагналд битгий тодорхойлж бай гэсэн журам гарч байхав. Олон жил ажилласан хүмүүс нь бүгд л гавьяа шагнал авах гэж зүтгэдэг монгол сэтгэлгээ.  Энэ бүхнээс хараад дэлхийн бүх галзуучууд нэг дор цуглаад Монгол Улс бий болчихсон юм шиг санагдах болов.

Бүх дэлхий намайг тойрон эргэдэг, би дэлхийн төв гэж боддог улс олон болсон талаар төрийн шагналт, ардын жүжигчин Н.Сувд гуай хэлсэн байна лээ. Яг үнэн хэлжээ. Монголоор нэг өөрсдийгөө дэлхийн төв гэж боддог улсууд байна.  Өөрөөсөө бусдыг хайрладаггүй, өөрөөсөө бусдыг хүлээн зөвшөөрдөггүй, бүгдийг үзэн ядаж бусниулдаг, зөвхөн би, би, би. Энэ бүхнээс үүдэн  эх орон минь галзуучуудын цугларал  болчихсон юм уу гэж эмзэглэхэд хүрч, ийнхүү эргэцүүллээ.