Хуучин Хөдөө аж ахуйн яамны ард залгуулаад 10 давхар байшин барьжээ. Яамны өргөтгөл юмуу даа. Сайд хамгийн дээд давхарт нь залрана. Оруут хүлээлгийн өрөө, цаана нь нарийн бичгийн даргынх, тэгээд бас юу ч юм нэг өрөө. Цаашлаад сайдын хонтоор, тэгээд амралтын өрөө, залгуулаад бусад яль шальгүй тасалгаанууд, жорлон, угаалгын өрөө гэх мэт. Сайдын лаврин 10-р давхрыг бүтнээр нь эзэлсэн арваад тасалгаатай сүр жавхлант өргөө. Товчоор бол кинон дээр гардаг арабын шэйхийн ордон л юм даа. Бас болоогүй, амарч нялхарсан сайд биеийн чилээгээ гаргахаар халаадтайгаа гарч лифтээр уруудвал бүтэн давхар эзэлсэн фитнесс заал бий. Бие бялдаржуулах бүх төрлийн тоногоор өвч зэвсэглэсэн. Зургаан одтой зочид буудал, аан? Одоо хуучин сайдын яндашгүй их өв дээр шинэ сайд тухалжээ. Амрангаа ард түмнээ бодоод л.

Дасахаасаа өмнө үүнийг зурагтаар олон түмэнд үзүүлээд давхар болгонд нь хүүхдийн хоёр цэцэрлэг оруулчихмаар юм. Бусад сайд нар ч юунд орж ард түмнээ өрөвдөн суудгаа олон түмэнд ил болгомоор санагдана. Том том хувийн баян компаний захирлын өрөөгөөр бишгүйдээ нэг шагайж үзсэн. Даруухан даа даруухан, бүгдээрээ энд элбэг багтана. Өнгөрдөг хавар баахан шинэ дарга нар төрсөн. Сонгууль хүртэл ердөө гурван сарын лимиттэй дарга сайд. Зарим нь хонтоороо нурааж шинээр зассаар байгаад орж амжилгүй нүд аньж билээ. Энэ олон зурагтууд айл хэсч явахаар “Сайд дарга нарын хонтоороор зочлохуй” гэж нэвтрүүлэг хийгээсэй билээ. Мууг нь үзэх гэж байгаа юм биш, түмний хөрөнгө сүйтгэж байгаа болохоор мөнгөө төлсөн жинхэнэ эздийнхээ өмнө ил тод байг л дээ.

Х    Х    Х

Яамдын тоог олшруулж, агентлагуудыг бөөнөөр нь цаазлав. Шүүмжлэгчийн эгнээнд очсон МАН-чууд (урьд махнистууд гэж гоё нэршил байсан юм, даанч тэрийг нь одоо шударгууд булаагаад авчихлаа) нүдээ зориуд орой дээрээ гарган шоконд орсон дүр бүтээх болов. Гиннессийн номонд бүртгүүлнэ л гэнэ, хүний түүхэнд урьд хожид ийм юм байгаагүй л гэнэ. Уул нь ч шинэ юм биш, хуучин сайхан уламжлал маань сэргэж байгаа юм. Цэдэнбалын засгийн танхим 43 гишүүнтэй байсан дотор Үйлдвэрчний, Зохиолчдын, Академийн, Урчуудын эвлэлийн дарга нар хүртэл багтдаг байлаа. 1992 онд байгуулагдсан Засгийн газар 17 яамтай байсан. Энэ сайхан уламжлал л сэргэж байна.

1995 онд Олон улсын байгууллагуудаас шинэ Монголын төрийн бүтцийн загвар гаргаж өгчээ. Зах зээлийн эдийн засагт таарсан, цомхон, зорилго бүтэц бүхий энэ загвар нь урьдын Төр бол дарангуйлах аппарат гэдгийг халж Төр бол ард түмэнд үйлчлэх байгууллага гэсэн философийг агуулсан юм. Яам бол бодлого боловсруулах газар. Аж ахуйн үйлдлээс хол байх учиртай учир бүтэц нь ч тийм. Мониторинг болон мэдээлэл боловсруулалтийн газар хамгийн том үүрэгтэй. Бодлого зохицуулалтын газар бас мундаг үүрэгтэй. Хуулийн газар яам бүрд бий, учир нь яамд хууль хэрэгжүүлэх стандарт тогтоох гол үүрэгтэй. Төрийн нэгдсэн бодлого УИХ-аас гарна, салбарын бодлогын хэрэгжүүлэх стратеги тактик яамдаас гарна. Олон нийтэд үйлчлэх функцийг яамнаас салгаж агентлагуудад хариуцуулна.

Агентлагийн тоог 60-70 хүргэж чиглэл болгон нь төрийн үйлчилгээг ард түмэнд гардан хүргэж үйлчлэх логиктой юм. Уул санаа нь агенлагууд бол яг л төрийн дэлгүүр, худалдаа үйлчилгээний байгууллага, иргэд хураамж үйлчилгээний хөлсөө төлөөд л төрийн үйлчилгээ авдаг газар. Энэ загварыг 1996 онд шууд авч хэрэгжүүлж эхэлсэн боловч 2000 онд төр эргэж яамдыг эргүүлээд бодлогоос нь салгаж хүнд суртлын аппарат болгон уламжлалаа сэргээв. Одоогийн шинэ засгийн газар хуучин уламжлалыг бүр ихээр шүтэхийн учир агегтлагуудыг хэмнэх нэрээр цомхтгон яамдууд хүнд суртал дээрээ төрийн дэлгүүрийн үүргийг давхар гүйцэтгэн аж ахуй худалдаа үйлчилгээний байгууллага болголоо. Одоо төлөвлөгөөт эдийн засаг руу эргэж ороход ганцхан алхам үлдсэн. Ялгаатай нь яамдууд авилгаа дамжлагагүй шууд авна. Амар ч юм уу, ил тод, аан?

Х    Х    Х

Барилга барих зөвшөөрөл олгоход нийтдээ 76 гарын үсэг хэрэгтэй юм байна. Шинэ Засгийн газар үүнийг хорогдуулж 65 болгож байна. Хүнд суртлыг багасгаж байгаа хэлбэр. Талархууштай. Хавтсанд бүх бичгээ чихсэн гарын үсэг цуглуулагч одоо төрийн мэргэн шийдвэрийн шанд арав арав орчим хүнийг үл тоон алгасах тул өгөх авилгын хэмжээ багасах юм байна. Гэхдээ хямрал ойртож байгаа учир гарын үсэг зурагч нар хахуулийн хэмжээгээ нэмнэ дээ. Уул нь ямар стандарт нэхэх ёстой, тэрийгээ л нэхэх учиртай. Америкт зөвхөн үнсний сав үйлдвэрлэх гэсэн хүн 18 стандарт хангах ёстой, төр тэрийгээ л нэхдэг гэсэн. Ингэхээр барилга босгох гэж байгаа бол адаглаад хэдэн зуун стандарт нэхмээр юм? 76 стандарт тавьдаг байснаа арав гаруй нь одоо хэрэггүй болчиж буй хэрэг үү?

Гарын үсгийн хувьд ажил хөөцөлдөгч хонтоор болгоноор хэсч авилга тарааж үсэг цуглуулах ёсгүй л дээ. Төр хураамжаа аваад өөрөө энэ зөвшөөрөл үсгийг цуглуулах ёстой. Бүрдүүлсэн материалыг нь авч нягтлах гарын үсэг үйлдэгч болгон тавьсан стандартад таарч буй эсэхийг нь шалгаад  л тэр хайран сайхан гарын үсгээ зурж гийгүүлэх ёстой юм. Үүнийг гардан гүйцэтгэгч нь хувийн компани, олон нийтийн байгууллага байх учиртай. Сүүлд нь зөрчил гарвал мөнөөх үсэг зурсан компани болон олон нийтийн байгууллага хариуцлага хүлээнэ. Үсэг зурах эрхийг төр олгоно, зөрчил гарсан тохиолдолд зөвшөөрлийн лицензийг нь хурааж авна, мөнгөн торгууль ноогдуулна, хүндэрвэл шоронд хийнэ.

Ийм тохиолдолд ямар ч Мэргэжлийн хяналтын газар хэрэггүй. Төрд хамгийн муу мэргэжилтэн ажилладаг, тэд нар ямар үхснээ мэддэг гэж зөвшөөрөнө эс зөвшөөрнө гэж суух билээ. Хариуцлагаа хэзээ ч хүлээхгүй. Азийн чоно архи үйлдвэрлээд хичнээн хүний амь авсны дараа хэн хариуцлага хүлээсэн юм бэ? Их бодож ганц байцаагч л халагдаа биз. Гэтэл архи болон хүнсний стандарт шалгадаг хувийн компани байна гэж үзье. Тэд сүүлд нь Азийн чонын хариуцлага хүлээх учир мэргэжилтэн, тоног төхөөрөмж сайтай, хариуцлага гэж мундаг байх нь ойлгомжтой. Хахуул авилга тэдэнд хэрэггүй, учир нь хордоод олон хүн үхчихвэл наад зах нь лицензээ хураалгана, цаашилбал хариуцлага алдсан хэргээр аавын хаалга татна. Хүнд суртал багасгах гэдэг бол төрөөс тавих стандартын тоо болон чанарыг багасгана гэсэн үг ерөөсөө биш. Хүн өөрөө гарын үсэг цуглуулдаг, төрийн нэг хүнд сурталтан гарын үсгээ хэдээр өгөхөө шийддэг ийм механизм л хариуцлагыг цүүлсдүүлж авилгыг хөгжөөн дэмждэг юм. Гарын үсгээ зардаг төрийн ажилтны буруу биш, ийм нөхцөл олгодог механизм нь буруутай. Уул нь ч ойлгож ядаад байх хүнд бодлого ч биш дээ, нохой долоо!

Х    Х    Х

Өдгөө манай гол орлого нүүрс болчихоод байгаа. Энэ зунаас дэлхийн зах зээлд нүүрсний үнэ 30 хувь буурчээ. Хямрал! Харин Монголын нүүрс 65 хувь буурчихаад байна. Сүйрэл! Учир жанцан нь сонгуулийн үр дүнтэй холбоотой. Яагаад гэдэг нь ойлгомжтой. Монгол Хятадын хилийн боомтуудыг хянадаг хоёр компани ажлаа үргэлжлүүлж монопол тогтоосон учир өрсөлдөгчгүй болохоор тэдний аманд орох нь ойлгомжтой. Ингээд шинэ Засаг болон Их хурал сүүлчийн боломжоо шавхан таван тэрбум долларын бонд гаргахаар шийдлээ. Ирээдүйд эргүүлээд эрдэс баялагаараа төлнө. Энэ бол асар их мөнгө. Лав л хурим найр хийхэд бүрэн хангалттай. Арван жилийн өмнө Монголын төр бараг л аравхан мянган долларын бонд гаргахад тоож худалдан авах эзэн олдохгүй байсантай харьцуулахад энэ их бонд одоо бол дороо борлогдох юм билээ. Зах зээлийн судалгаа ийм байна. Нэг талаас дэлхийн нийтийг хамарсан хямрал эхэлж буй тул олон газар найдвартайгаар мөнгөө хадгалах шаардлагатай болжээ. Нөгөө талаас нь Монгол бол найдвартай хадгалагч мөн гэж тодорч байна. Хэдийгээр хямрал болж байгалын баялагийн үнэ унаж байгаа ч гэсэн эргээд сэргэхэд Монгол нь баялагаараа өрөө эргүүлээд төлөх чадвартай гэж үзэж буй хэрэг. Ашгүй дээ, ямар ч хямрал боллоо гээд юутай ч тураад үхчихгүй юм байна.

Ямар ч зарцуулалтын төлөвлөгөө байхгүйгээр ийм их хэмжээний бонд зарах гэж байгааг Олон улсын валютийн сан, Дэлхийн банк “аюултай алхам” гэж анхааруулж байна. Манайх ч мөнгөжсөнөөсөө хойш тэднийг тоохоо байсан даа. Нохой хуцсан чинээ авч хэлэлцэхээ болиод нэлээд хэдэн жилийн нүүр үзэж байна. Дэлхийн банк хутга буу тулгаж байгаад зөвлөлгөөгөө хэрэгжүүлэхийг шаарддаггүй л дээ. Гэхдээ хэлж анхааруулсаар байтал сүүлд нь гүн ангалд унавал тусалдаггүй юм билээ. Энэ дэлхийн аль ч орны эдийн засаг балрахад Дэлхийн банк, ОУВС л авардаг. Тэнд дэлхийн хамгийн том толгойнууд бий, тэд арвин баялаг туршлагатай, хамгийн гол нь тэд мөнгөтэй, тэр мөнгө нь дэлхийн хамгийн баян хэдэн оронд хамаардаг. Их л энгийн ойлголт. Манай Засаг ч таван тэрбум доллар босгочихоно л доо. Асуудал мөнгө олоход амархан, зарцуулахад л хэцүү. Хоёр давхар байшин барихад инжнаар хэрэгтэй гэдэг Говийн зэрэглээгийн хаминдаагийн үг их үнэн юм байгаа юм шүү. Юунд зарцуулахаа тооцоолоогүй, төлөвлөөгүй их мөнгө. Мөнгө харахаараа манайхан яадаг билээ дээ? Авилгадаад л, тараагаад л, асгаж цутгаад л дуусгана даа. Мөнгө бол сайн зарц, муу багш. Гээд яахав дээ, энэ их мал байхад арга нь олдолгүй дээ. Болоод л байсан юм чинь болж л таараа. Санаа бүү зов. Ондоо багтаад дэлхий сүйрчих ч юм билүү!?

2012.9.30