Эрх чөлөө гэдэг бол жинхэнэ утгаараа бид өөрсдийн үйл хэргээ өөрсдийн хүслээр гүйцэтгэхдээ бусдын үйл хэргийг үгүйсгэхгүй, түүнд нь саад тотгор учруулахгүй байх явдал мөн.
Жон Стюарт Миль
Эрх чөлөө гэж юу вэ?
Эрх чөлөө гэдэг бол хүн бүр бусдын оролцоогүйгээр хийх зүйлээ сонгох боломж мөн. Хүн бүр бусад хүний эрх чөлөөнд хутгалдахгүй л бол өөрийн дураар, хэрхэн амьдрахаа шийдэх эрхтэй. Чөлөөт байдал гэдэг бол эрх чөлөөг илэрхийлэх өөр нэг ойлголт юм. Эрх чөлөөг сахин хамгаалах нь засгийн газрын  үндсэн үүрэг юм.

Эрх чөлөө орчин үеийн нийгмийн ёс суртахууны нэг үнэт зүйл мөн гэдгийг одоо хүн бүр хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ дандаа тийм байгаагүй билээ. Хүн төрөлхтний түүхийн дийлэнхи үед засгийн газрын зорилго бол сайн сайхан амьдрал, сайн нийгмийг цогцлуулах явдал гэж үздэг байсан. Хүмүүс нийгмээс шийдвэрлэсэн нийтийн сайн сайхан үйлсийн төлөө хүч хөдөлмөрөө зориулж, өөрсдийн ашиг сонирхол, хүсэл эрмэлзлэлээ нийгмийн сайн сайханд захируулах ёстой байв. Эхэн үедээ эрх чөлөөг ноёд язгууртан зэрэг тодорхой хүмүүс буюу хэсэг бүлэгт олгосон тусгай эрх дарх гэж ойлгож байв. Эрх чөлөөтэй байх эрх хүн бүрт байдаггүй байсан. Эрх чөлөө бол хүн бүрт хамаарах ёстой ерөнхий нөхцөл гэсэн ойлголтыг XVIII зуунд Хоббс, Локк нар үндэслэсэн. Локк нэгэн бүтээлдээ "Хуулийн зорилго бол эрх чөлөөг устгах буюу хавчин хясах явдал биш, харин түүнийг хамгаалж, өргөжүүлэх явдал мөн" гэж дурдсан байдаг. Засгийн газрын үүрэг бол хувь хүмүүсийн эрх чөлөөг хангах явдал мөн хэмээх үзэл санаа XIX зуунд түгэн тархаж, эрх чөлөө улс төрийн нэг гол үнэт зүйл болон хөгжсөн. Харин XX зуунд эрх чөлөөнд хоёр томоохон заналхийлэл тулгарсан. Нэг хэсэг нь эрх чөлөө бол коммунизм эсвэл цэвэр үндэстний улс байгуулах зэрэг дээд зорилгод хүрэхэд захирагдах ёстой өчүүхэн зорилго гэж үзэж байхад социалистууд гэх нөгөө хэсэг хүмүүс засгийн газраас хүний дотоод хэрэгт илүү ихээр оролцох явдлыг зөвтгөхийн тулд эрх чөлөөний тухай үзэл баримтлалыг өөрчлөхийг санаархаж байв.


Өөрийн дураар амьдрах эрх

Эрх чөлөө эрхийн тухай ойлголтоор тодорхойлогдох нь түгээмэл. Би хаана амьдрах, хаана ажиллаж, хэнтэй амьдрахаа шийдэх эрхтэй. Хэрэв би бусдын эрхийг хүндэтгэж байгаа тохиолдолд өөр хэн ч намайг хүчилж, миний хүслийг зогсоох ёсгүй. Энэ нь Локкийн жам ёсны эрхийн тухай номлолоос эхтэй. Эрх чөлөө гэдэг бол өөрийн эрхийн хүрээнд амьдрахын нэр бөгөөд бусдын эрхэнд саад болсон эрх чөлөө байх учиргүй. Хэрэв ингэвэл эрх чөлөөг буруугаар ашиглаж "дураараа авиарлсан" хэрэг болно. Эрх чөлөө, дур зорго хоёр ялгаатай.

Хязгаарлагдмал засаг, чөлөөт зах зээлийг эрх чөлөө гэж тодорхойлж болно. Засаг төрийн үүрэг бол хүн бүрийн эрх чөлөөг хангахад чиглэсэн хууль тогтоомжийг мөрдүүлэх, бусдын эрх чөлөөнд саад болохгүй байх нөхцлийг бүрдүүлэх явдал мөн. Чөлөөт зах зээл нь эдийн засгийн эрх чөлөө болоод сонголт хийх эрх чөлөөтэй нягт холбоотой. Хэрэглэгчдийн худалдан авах эрх, худалдагчийн бараа үйлчилгээнийхээ үнийг тогтоох эрх /хэрэглэгчийн тэрхүү үнийг хүлээж авах буюу татгалзах эрх/, ажилчдын ажил мэргэжлээ сонгох эрх, үйлдвэрлэгчдийн өөрсдийн хүслээр үйлдвэрлэх бараа бүтээгдэхүүнээ сонгох, сонгосон хүнээ ажилд авах эрх зэрэг үүнд багтана. Эдгээр эрх чөлөө зөвхөн капиталист нийгэмд оршиж чадна.

Хувь хүн ашиг сонирхлоо хамгийн сайн мэддэг

Зөвхөн хувь хүн өөрөө чухам юу хүсч, юуг эрхэмлэж, юуг таашааж байгаагаа, амьдралдаа ямар зорилго тавьсан, ямар ашиг сонирхолтой вэ гэдгээ хамгийн сайн мэднэ. Энэ нь хүн орчин тойрноосоо болон нийгмийн уг гарвалаасаа үл хамааран чөлөөт хүсэл сонголттой байна гэсэн үг. Хүн учир шалтгаан, ухамсрын тухай ойлголтдоо үндэслэн өөрийнхөө зөв гэж үзсэн сонголтыг хийдэг. Зөвхөн тухайн хувь хүн л юу хүсч, юуг эрхэмлэдэгээ мэднэ. Хүмүүс өөр бусад хүнд чухам юу зөв, юу тохиромжтой болох талаар төсөөлөлтэй байж болох боловч хэн ч тухайн хүн шиг сайн мэдэж чадахгүй. Тиймээс ч хүний хувийн амьдралыг зааж залахыг эрхэмлэдэг эцгийн эрхт ёсыг эрх чөлөө үгүйсгэдэг билээ.

Эрх чөлөө бүх хүний ашиг сонирхлыг хөгжүүлдэг

Эрх чөлөө ба дэг журам, нийтийн сайн сайхан ба хүмүүсийн ашиг сонирхлын хооронд зөрчилдөх зүйл байхгүй. Эрх чөлөө бүх хүний урт хугацааны ашиг сонирхолд нийцэж байдаг. Ютилитарианчууд /олонхийн ашиг сонирхлын төлөө хийгдсэн бүх зүйлийг зөвтгөдөг үзэл/ эрх чөлөөний үзлийг туйлын ихээр талархан дэмждэг байсан ба тэд эрх чөлөө нь олон хүмүүсийн ашиг сонирхлыг хангаж чадна гэдэгт итгэж байв. Тэдний нэг болох Жереми Бентамын тодорхойлсноор чөлөөт нийгмийн үр дүн бол "хамгийн олон хүнд хамгийн их жаргалыг" олгох явдал юм.

Адам Смит "үл үзэгдэгч гар" буюу заримдаа "аяндаа бий болох дэг журам" хэмээн нэрлэгддэг онолыг боловсруулсан. Уг онол ёсоор хувь хүн бүр өөрийнхөө төлөө тус тусдаа ажиллахад үр дүнд нь "үл үзэгдэгч гараар удирдуулсан мэт өөрийн анхлан зориогүй үр дүнд нэг мэдэхэд хүрдэг". Эрх чөлөөтэй хувь хүмүүс өөрсдийн эрх ашгийг хангахын тулд бусад хүмүүстэй хамтран ажиллахад хүрдэг бөгөөд тэр нь нийгмийн ашиг сонирхолд нийцэж, нийтийн сайн сайхныг хөгжүүлдэг. Энэ ертөнцөд хүн өөрийн хүслийг хангахын тулд бусдын хүслийг хангах ёстой болдог. "Үндэстнүүдийн баялаг" бүтээлдээ А.Смит "Махны худалдагч, пиво эсгэгч, талхчин нар өглөгч, сайхан сэтгэлтэйдээ бидэнд оройн хоол бэлдэж өгч байгаа юм биш. Тэд өөрсдөд нь ашигтай болохоор л тэгэж байгаа юм." хэмээсэн байдаг. Нийгэм дэх олон сайн сайхан зүйл хүмүүсийн анхнаасаа зориогүй үйл ажиллагааны үр дүнд бий болсон байдаг бөгөөд Адам Фергусон үүнийг "хүмүүсийн төсөөллийн бус, харин үйл ажиллагааны үр дүн" гэж тодорхойлсон.