Улстөрчдийн улзаанг
Улстөрчдийн элдэв хөрөг бүхий сурталчилгаа айл айлд хөглөрч, зурагт радиогоор нам, улс төрийн хүчнүүдийн зүсэн зүйлийн ухуулга явсаар сарыг барлаа.
Улстөрчдийн элдэв хөрөг бүхий сурталчилгаа айл айлд хөглөрч, зурагт радиогоор нам, улс төрийн хүчнүүдийн зүсэн зүйлийн ухуулга явсаар сарыг барлаа. Азаар энэ бүхэн удахгүй, пүрэв гаригт дуусна. Хэсэгхэн хугацаанд “хүнээ байдаг” нэр дэвшигчдийн зан үйл, тараах материалууд харин зугаатай юмсаар дүүрэн байна. Адаглаад төрсөн эх нь ч танихааргүй болтлоо засуулсан тэдний “хөөрхөн төрх”-ийг дурдууштай юм.
Азийн охид, хөвүүдийн дунд дэлгэрсэн зураг авахуулах нэгэн хэлбэрийг eoljjang гэх бөгөөд солонгосоор “хөөрхөн төрх”, “өхөөрдөм царай” гэж орчуулж болмоор утгатай хэллэг аж. Сонгогчид таалагдах гэж байдгаараа хичээсэн улстөрчдийн хиймэл дүр, хэлж ярьж байгаатай нь агаар нэг мэт санагддаг. Нөгөө талаар өсвөр насны аальгүй охин шиг авирласан байх нь саваагүй харагдана. Нэр дэвшигчид өнгөрсөн хугацаанд жүжигчин, тамирчин, гэрэл зургийн модель мэт олон мэргэжлийг хослууллаа. Энэ бүх аяг нь сонгогчид хэр нөлөөтэйг бид удахгүй харна. Ямартай ч сонгууль тойрсон “хөөрхөн”-ийг “муухай”-тай нь хамт түүвэрлэлээ.
Тамирчид
Сонгуулийн сургаар спорт бараадагсад олноор тодорлоо. Тэдний зарим нь мэдээж зэрэг цолтой тамирчид гэдгийг үгүйсгэж болохгүй. Гол нь тамирчны имиж нэр дэвшигчийг эрч хүчтэй, эрүүл аж төрөх ёсонд хэвшсэн хүн гэж ойлгуулах учиртай аж. Мөн нэр дэвшсэн тойргийнхоо гудамжаар гүйж хүний нүдэнд өртөх гэсэн оролдлого ч бас байлаа.
Энэрэгчид
Энэрэгчид
Энэ жил нялхас, амьтны үр төл сурталчилгааны хуудсанд олонтаа үзэгдлээ. Өөрсдийн хатуу ширүүн төрхөө нялхсаар зөөллөх сайхан санаагаа “Гурав дахь хүчин” эвслийн удирдагчид золтой л баллаад хаячихаагүй бөгөөд золбин гөлөг барьчихсан мэт авахуулсан анхны зургаа дор нь сольж элгэмсүү зөөлөн болголоо. Сонгогчдын үгэнд ийм дуулгавартай, ард түмэндээ тийм хайртай харагдсан шигээ байх хэцүү гэдгийг тэд сайн мэднэ.
Нэр
Нэр
Нэр дэвшигчид сонгуулийн уриа лоозондоо нэрээ оруулах нь элбэг. Баянгол дүүрэгт АН, МАН, ИХН гурваас нэр дэвшигч нарын нэр нийгэм, улс төртэй, тэдний санаа зорилготой чухам зохицож байгаа гэж өөрсдөө үзжээ.
Бүрхэг
Бүрхэг
МАН, АН, ИЗНН гурвын энэ жилийн сонгуулийн урианд “амьдрал” гэдэг үг багтжээ. “Сайхан амьдаръя”, “хүн шиг амьдаръя”, “өөрөөр амьдаръя” гэдэгт үнэндээ ямар ч чанарын ялгаа харагдахгүй байгаа юм. АН, МАН хоёрын уриа нэгнээ дайрч давшилсан шинжтэй бол МАХН-ынх хоёуланг нь үгүйсгэсэн утгатай. Авилгын хэргээр шүүхэд дуудагдсан хүн “шударга” гэдэг үгийг тугаа болгожээ.
Штабс
Штабс
Хотын захаар байгуулсан намуудын сонгуулийн штабууд автобусны эцсийн буудлуудаар бөөгнөрсөн байлаа. МАН бараг бүх хороонд байртай тул тохилог, тэр дундаа Сонгинохайрхан дүүрэгт тус намаас “Өгөөж-чихэр боов” компаний захирал С.Түмэнгэрэл дэвшсэн учир ширээ нь чихэр боовоор элбэг дэлбэг ажээ. “Гурав дахь хүчин” эвсэл хотын бараг бүх хэсгээ авсаархан чингэлэгт байрлуулсан бол Чингэлтэйд бие даан нэр дэвшигч Х.Амгаланбаатар авто угаалгын газарт төвхнөжээ. Ер нь штабын байрнаас намуудын хөрөнгө чинээ илэрхий мэдэгдэж байлаа.
Бүтэлгүйтэл
Хоногшихуй
Бүтэлгүйтэл
Ихэнх сонгуулийн штаб байр түрээсэлжээ. Гэхдээ уг байшин дээрх хаягийг нь төдийлөн анзаараагүйгээс хошин хоршил чамгүй бүрджээ. Дарь-Эхэд ИЗНН комиссын бараа зарж, Налайхад “Гурав дахь хүчин” алжаал тайлж, сэргээн засахаар оролдож байгаа бол Баянхошууны баруун салаанд АН хоёрдогч түүхий эдийн зиндаанд байна. Харин Налайхад МАХН-МҮАН-ын эвсэл “МАХН-ы бөөний худалдаа”-тай бөөр нийлсэн нь тааралдлаа.
Чивтэй чавганц
Чивтэй чавганц
Монголын фейсбүүкчдийн дунд “Зурагтын Долгор эмээ” нэрээр алдаршсан нэгэн сонгуулийн сургаар АН руу илт дайрч арьсаа хууллаа. Зурагтын дэнж дээр интернэтэд ороод суудаг эмээ байгаа гэж итгэсэн нь бидний л буруу. Ер нь интернэтээр хар пиар түгээмэл. Тэдэн дундаас МАН-ын нэр дэвшигч Н.Номтойбаярын фэйсбүүк хуудас арай итгэмээргүй үгсээр дүүрэн байгаа юм.
Хуулбар
Хуулбар
“Би канад хүн” сурталчилгааны санааг Монголд анх Соёмбо архинд ашиглаж хүнд хүрсэн төдийгүй АН-ын өмч мэт болоод байгаа билээ. Үүнийг нь МАН элэглэн дуурайсан өөрийн хувилбарыг ч бас энэ жил гаргалаа.
Гүйцэтгэл
Гүйцэтгэл
Хар пиарын дотроос олонд танил дүр төрхийг ашигласан байх нь хүмүүст илүүтэй хүрэхээр байна. Хийцийн хувьд базаахгүй зүйл олон байгаа ч Ч.Ганхуяг, Д.Зоригт нарт зориулсан элэглэл гүйцэтгэл сайтайд орохоор болжээ.
Хоногшихуй
Чингэлтэй дүүрэгт бие даан нэр дэвшигч С.Төмөрийн зурагт хуудас нүдэнд эрхгүй өртөнө. Хэдий сонгогдохгүй байлаа ч дээл өмссөн Харри Поттерийг санагдуулах донж маяг нь бидэнд үлдэнэ. МНН-аас нэр дэвшигч П.Давааням хамгийн мундаг CV-тэй, дээр нь монгол хэлний товчилсон үгэнд нөхцөл залгахад ашиглахад дундуур зураасыг хасах тэмдэг гэж үзээд оронд нь сайны бэлгэтэй нэмэх тэмдэг хэрэглэх болсон байна. МУНН-ын нэр дэвшигчид дэлхий нийтээр фашизмын бэлгэдэл гэж үздэг хастай тугийн өмнө зургаа татуулсан бол олон хоног өлсгөлөн зарласан эсэх нь маргаан дагуулсан Н.Энхбаяр турж эцсэн зураг дээрээ “247 цаг” гэж тавьсан нь залуусын хэлээр бол “Би чамд хайртай” гэсэн утгатай юм.
Парадокс
Парадокс
Хачин содон амлалтаас гадна эрүүл ухаанд буумааргүй зураг хөрөг ч элбэг байна. Марзан хэмээх Балдуугийн Шаравын ач хүүг МАХН олжээ. Харин энэ намаас нэр дэвшигч Д.Тэрбишдагва сэтгүүлийн нүүрэндээ хамаг асуудлыг багтаах гэсэн нь хамгийн үзэмжгүй болгожээ. Бас энэ намаас нийслэлд нэр дэвшигчид агаараар алхах авъяастай ажээ. С.Түмэнгэрэл багадаа тарьсан модоо барьсан гэх үү, түшсэн гэх үү, та л өөрөө мэд. ИХН-аас 38 хүн нэр дэвшсэний хоёр нь эрэгтэй бөгөөд эмэгтэйчүүдийн ганцаас бусад нь уг намын гишүүн бус гэнэ. Хөдөө хээр морьтой яваа хоёр хүний хэн нь явган таваргаж энэ хүрснийг өөрсдөөс нь асуувал зохилтой болов уу.
С.Содбаатар Д.Батбаяр
Үндэстний ТОЙМ сэтгүүл №26(125) 2012.06.25
Үндэстний ТОЙМ сэтгүүл №26(125) 2012.06.25
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Temuulen
Сонгох эрхтэй үл сонгогч
NATURAL NEWS.COM 06.02.2012 Jonathan benson
NATURAL NEWS.COM 06.02.2012 Jonathan benson
haha
чимгээ
kkkk
Зочин
Зочин
Badmaa
Зочин
Зочин
Зочин
Зочин