Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн тэргүүлэх эвслийн Засгийн газар хэрхэн яаж эмхлэгдэн байгуулагдах нь улс орны хэмжээнд өнөөдрийн хамгийн чухал сэдэв болоод буй. Энэ хэрээр уг үйл явцыг хэвлэлийнхэн өнцөг бүрээс нь харж хэмжиж, өнгө будгийг нь зохиож, өөр өөрсдийнхөөрөө тайлбарлаж байна. Тэрхүү өнгө бүрийн тайлбар дунд нэг ижил тодорхойлолт байнга шахам давтагдаж байгаа нь Н.Алтанхуяг Ардын намын “өврөөс” гарч, өөр хүний “хөнжил” рүү гүйж байгаа тухай дүрслэл юм. Унтлагын өрөө орчимд өрнөж болох үйл явдалд ийнхүү нэр цохогдох Н.Алтанхуягийг бараг л албан ёсоор “янхан” гэж нэрлэхээ шахаж байна.

Уг нь улс төрийн намууд хамтарч, эсвэл эвсч Засгийн газар байгуулах нь эрүүл үзэгдэл. Зөвлөлдөх, зөвшилцөх, хамтрах, эвсэх гэдэг үгс асуудлыг олонхийн зарчмаар шийдэх ардчиллын мөн чанар болсон үйл явцуудыг илэрхийлж  байгаагийн хувьд зөв, эерэг утга агуулгатай баймаар. Гэтэл улс төрийн хүрээний эдгээр үйл явцыг заавал “унтлагын өрөө” рүү оруулж, өчигдөр өөр хүнтэй, өнөөдөр бүүр өөр хүнтэй “ор, хөнжлөө” хуваасан явдал болгон тайлбарлаж, хэм хэмжээнээс гажууд “завхай” явдал мэтээр ойлгож хүлээн авахыг хэвлэлийнхэн нийгэмд тулгаж байна.



Үнэн хэрэг дээрээ сонгуулийн пропорциональ тогтолцоотой улс оронд парламентад үнэмлэхүй олонхи болдог нам, хүчин гэж бараг байдаггүй, энэ хэрээр намууд хамтарч Засгийн газар байгуулах нь энгийн хэм хэмжээ юм байна. Монгол Улс үнэмлэхүй олонх, цөөнхийн хооронд сонгуулийн үр дүн савладаг, хоёр намын тогтолцоо руу түлхдэг мажоритари тогтолцоог яах гэж өөрчилсөн юм бэ? Парламентад хоёр нам ноёрхдгийг өөрчлөх, бусад жижиг гэгдэх намуудын төлөөллөөр дамжуулан иргэдийн дуу хоолойг хууль тогтоох, төрийн шийдвэр гаргах үйл явцад оруулах үүднээс пропорциональ тогтолцоог хуульчилсан юм. Тэр тусмаа олон жилийн турш нийгмийн хэлэлцүүлгийг өрнүүлсний эцэст энэ нь дээр гэсэн шийдэлд хүрснийг дурдах нь зүй болов уу. Үүний үр дүн өнөөдөр ийм байдлаар гарч, УИХ-д Ардчилсан нам олонх биш ч хамгийн олон суудлыг авч, нөгөө талд мөнхийн өрсөлдөгч МАН-аас нь гадна өөр бусад гурван ч нам орж ирээд байна. Үүнээс өөр ямар үр дүн хүлээж байсан болоод дангаараа Засгийн газар байгуулах эрх мэдэлгүй Ардчилсан намыг өрөөл бусдын “өвөр дамждаг” гэж гоочлоод байгаа нь нэг л ойлгомжгүй.

Ардчилсан нам МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, мөн гуравдагчийн төлөөлөл болгон ИЗ-НН-ыг Засгийн газарт урьж, хэлэлцээрийн ширээнд суугаад байна. Тэд эвслийн Засгийн газрыг байгуулах гэж буй нь энэ. Үүнээс өөр замаар Засгийн газрыг байгуулах боломж эрх зүйн хүрээнд байхгүй. Хэм хэмжээний дагуу хуулийн хүрээнд бүрэлдэж буй Засгийн газрыг улс төрийн агуулгаар биш “унтлагын өрөө”-ний ойлголтоор харж, хэмжих нь хэтэрхий хөнгөн, хуумгай явдал болно. Хэвлэлийнхний егөөдөл, хэт хялбарчилсан тайлбарт сүүлдээ нийгмээрээ итгэхээ шахаж байна. Энэ нь итгэл үнэмшлийн хэмжээнд хүрч, Учир нь цаашид аль ч нам, хүчин парламентад үнэмлэхгүй олонх болж, дангаараа Засгийн газраа байгуулах хэмжээний санал авах магадлал тун бага. Нэг үгээр бол цаашдаа ч бас Засгийн газрыг хамтарч, эвсч байгуулдаг явдал жишиг хэлбэршин тогтох болов уу. Сонгуулийн тогтолцоо пропорциональ байх тохиолдолд шүү дээ.

Өнөөдөр пропорциональ тогтолцоогоор сонгуулиа зохион байгуулдаг олон оронд парламентад суудал бүхий намууд хамтарч Засгийн газраа байгуулдаг. Энэ нь улс төрд тогтсон соёл, хэм хэмжээ болчихсон зүйл. Харин монголчууд бид л улс төрд олонх, цөөнх гэж хуваагддагтаа дасчихсан шинэ жишгийг хүлээж авч чадахгүй хөглөж байгаа нь энэ юм биш үү?!