Байдал ийм баргар байхад бариатай гэрээ нураах ашиггүй гэнэ
Ерөнхий сайд С.Баяр эрүүл мэндийн шалтгаанаар түр өндөр ачаалалтай ажиллахаас “цааргалж”, гүйцэтгэх засаглалын тэргүүний албаа шилжүүлэх шийдвэр гаргасан явдал Монголын улс төрийг улайсгаж байна.
Эхлээд бид эрч хүчтэй дүүлж явсан нэгэн лидерт тохиолдсон хувийн асуудлыг баахан өрөвдөж, хүн чанар сануулан нийгмийн сэтгэлийг зөөллөж өгөх ажлыг сайн дураараа хийцгээв.
Өвчин бол үнэн хэрэгтээ хувийн л зовлон зүдгүүрийн тухай ойлголт юм билээ. Эхэндээ баахан асууж сурж шаагилддаг, тэгж байснаа алсардаг, тэгснээ бүр мартчихдаг л хорвоо. Эцсийн дүнд хувийн зовлонгоо хувь хүн өөрөө л үүрч туулдаг. Өнөөдөр харин бид монгол хүний нинжин цагаан сэтгэлээр бүх зүйлд хандаж байна. Бүр улс орон даяараа амьсгалж байна ч гэж хэлж болно. Үүний муу гэж бас байхгүй. Учир нь бид угаасаа л ийм хүмүүс шүү дээ.
Харин төрт ёсны өмнө хүн чанар, мөс жудаг сануулсан мань мэтийн ёстой нөгөө стандарт бус дуугаралт цаашаа эрчээ аван үргэлжилж, амтай болгон өөрсдийгөө аналитик болгож эндүүрээд С.Баярыг алтаар будаж, бусдыг нь шавраар нялах ажиллагаа болгоод хөврүүлчих нь тэр. Телевизийн дэлгэцээр жижигхэн хөхөөнүүд сонины ганц нэг тоймыг ялимгүй өөрчлөн өөриймсүүлж аваад орой болгон донгодож эхэлсэн нь хариуцлагагүй сэтгүүл зүйн өнөөгийн орчинд улс төр хөгжмөө захиалан жиргүүлж байгаагийн л илрэл юм биз дээ. Үр дүнд нь хариуцлагагүй сэтгүүл зүй, онолын бус улс төр, стандарт бус засаглал, уймарсан олон нийт… Дүр төрхийн хувьд ердөө л энэ.
Одоо тэгээд улс төрийн өнгийг тодорхойлж буй өнөөдрийн манай инжаанууд дэлхийн жишгийн өмнө өөрийн засаглалдаа монгол дархны ураар жижиг сажиг эрэг боолт сольж тавих төдийхнөөр засвар оруулж шинэ Ерөнхий сайдтай, гүйцэтгэх засаглалын хуучин танхимтай нэгэн үеийг эхлүүлэх болж байх шиг байна.
Мэдээж энэ өөрчлөлтийг улстөржих дадалтай захын иргэн гүйж очоод Цэцэд өгчихнө. Тэгсэн ч эрх баригчид Цэцтэй мөн л “монгол ухаан”-аар ойлголцох санал тавиад шийдчихнэ гэж байх шиг байна. Ийм нөхцөлд юун монгол стандарт, юун монгол ухаан, юун монгол ёс жудаг вэ гэж мянга хашгираад нэмэргүй.
Нэг талаас ингэж л хүчиндсэн өөрчлөлтийг хийж хаалт тавихгүй бол Монголын улс төрд Н.Энхбаярын толгойлж байсан цөөнхийн үеийн оруулж ирсэн аяг ааш эргэн сэргэж, тогтворгүй төрийн зовлонтой галбирт оруулчих магадлал 100 хувьтай анаад зогсч байгааг мартаж болохгүй. Парламентад 27 суудалтай, бас дээр нь хүчирхэг Ерөнхийлөгчтэй хүчин яаж ч тонгочуулах бүрэн бололцоотойг бас дахин мартаж боломгүй. Тэгэхээр одоогийн өрнүүлж буй хамтарсан Засгийн газрыг хамгаалж үлдэхийн төлөөх зүтгэлүүдийг шууд нулимаад байж болохгүй дэг ээ. Ийм ээдрээтэй нөхцөл байдлын өмнө С.Баяр гаргасан шийдвэрээ тэврээд Удирдах зөвлөл, Намын бага хурал руугаа авч орохоор зогсч байна. Үнэндээ гадна талд ч, дотно талд ч түүнийг амаргүй байдал хүрээлж байгаа гэсэн үг юм. Бага хурал дээр хөндлөнгөөс нэр оруулж ирж үймүүлэх зэрэг бол юу ч биш болж мэдэх. Гэхдээ өнөөгийн МАХН урьдын адил нэг буулганд, гараа ярсхийтэл өргөдөг болсон болохоор тэгж чадахгүй гэх ажиглагчид олон байна.
Энэ байдлыг далимдуулаад өөрийнх нь амандаа хэдэн сөрөвгөр сахал ургуулчихсан жаалууд “Дангаараа засгаа бариад явъя. Энэ Баяр арай хэтэрлээ” гэлцэн орой үдэш буланд цугларан бүлтэрцгээж байхад, АН дотор “Алтан гадас”, Н.Алтанхуяг хоёр руугаа угаадас цацах хөдөлгөөн аль эрт өрнөөд эхэлчихсэн байх жишээтэй. Улс төр бохироороо ийнхүү үлээж эхэлсэн түвэгтэй байдалд төр хөдөлгөөн хийж байгаа.
Үнэнийг хэлэхэд нэг талдаа С.Баяр гэдэг лидерийн хувийн дур зорго арай хэмээс хэтэрсэн үзэгдэж, эз дийлсэн ноёрхлоор ааглан харагдаж буй нь нууц биш.
Түүний төрт ёсны өмнө дэндүү гэмээр шинэ авир тулгаж байгааг нийгмийн нэг хэсэг нь уурсан шүүмжилж, нөгөө хэсэг нь гайхан ангайж, үлдсэн нь зөвхөн өөрийнх нь гадагшаа гаргаж хэлсэн эрүүл мэндийн гэх цорын ганц шалтгааныг тойрон итгэж, басхүү үймэрсэн байдалд ороод байна. Үлдсэн хэсэгт нь төрийнхөн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү ёстой падлийгүй учраас тоож анхаарахгүй байгаа нь басхүү үнэн юм.
Өнөөдрийн нөлөөтэй улстөрчид ч С.Баярын дараагийн Засгийн газрын ар талд загалмайлсан эцэг байх статуст нь эгдүүцэж байгаа нь ойлгомжтой. Мэдээж энэ бол жамын гэж хэлж болох зүйлүүдийн нэг. Нөгөө талд нь Н.Энхбаярын түр авч буй завсарлага хөшигнийхөө цаана ингэтэл элэг бариулаад байхгүй төлөвлөгөө зохиож байж мэдэх. Эдний элснийхэн элдвээрээ баахан тургиулчихаад гараа хумхиад сууна гэж үү. Энд ингэж байтал нөгөө талд эрт үеийн бас нэгэн элснийхний хувилбар ахин үүсч, АН бэлэн байдал зарлавал яана. Н.Алтанхуяг тулдаа л зууруулаад байгаа болохоос биш нударга зангидаж ирээд шилэн байшинг түйвээчих босогчид тэр айлаар пиг шүү дээ.
Тэгэхээр байдал ийм баргар байгаа нөхцөлд бариатай гэрээ нураах нь ашиггүй хувилбар ч байж мэднэ. Угаасаа энэ ертөнцийн хамгийн амархан ойлголтуудын нэг нураах, буулгах хоёр шүү дээ.
Ингэсээр явж явж муу ч гэсэн Н.Алтанхуягтайгаа, муухай ч гэсэн “Алтангадас”-тайгаа, стандарт бус ч гэсэн эвлэж нэгдэж байж барьсан эсгий гэртэйгээ, наанаа инээдээ үзүүлж, цаанаа нулимсаа нууж амьдрахаас илүү хувилбар одоогоор алга гэдэг дээр гараа өргөцгөөх болов уу.
Улс төр байрандаа орж, парламентыг бүрдүүлж буй хүчнүүд байх ёстойдоо очиж, жишигт нийцсэн засаглалтай байхыг ахин санал болгомоор байгаа хэдий ч улс төрийнхөн одоо байгаагийн дотроос хамгийн илүү нь гэрээ нураахгүй гэх дээрх хувилбарыг гэлцэж байна.