Нийтийн хоолны газарт насаараа ажилласан нэгэн тогооч эмэгтэйгээс “Та баяр наадмаа хэрхэн тэмдэглэж өнгөрүүлдэг вэ?” гэсэн сурвалжлагчийн асуултанд  тэрээр: -Эгч нь гуч гаруй жил наадмын талбайд хуушууртай “хуримлаж” өнгөрүүлсэн дээ гэж хариулсныг тод санаж байна. Эндээс үзэхэд тогооч, хуушуур, наадам гэсэн гурван үг  салшгүй холбоотой ажээ.

Үнэхээр ч монгол түмний их баяр наадмыг хуушуургүйгээр төсөөлөхийн аргагүй. Үндэсний бөх, сурын харваа үзэхээр Төв цэнгэлдэх хүрээлэнд ирсэн наадамчид, гадаадын жуулчид, ер нь хүүхэд хөгшин гэлтгүй  цөмөөрөө л наадмын хуушуур идэлгүй явна гэж огт  байхгүй. Хурдан морь уралддаг Хүй долоон худагт л гэхэд наадамчдын иддэг цорын ганц хоол нь хуушуур. Асар, майхан, гэр хаа сайгүй л хуушуур хайрна. Энэ жилийн наадмаар л гэхэд хүнс, хоолны 650 гаруй цэг ажиллах бөгөөд эдгээрийн 60 хувь буюу 400-гаад нь хуушуур борлуулах цэг.

Монголчуудын хувьд малын мах, дотор мах, сүүл, ногооны зүйл, будаа, пүнтүүзээр шанзалсан  хуушуурыг нэлээд дээр үеэс битүү хоол, хүндэтгэлийн хоол  идээний төрөл болгон хэрэглэж иржээ.  Хуушуурыг шарвин, хайрмаг, дугуй, чимхмэл, дэлбэгэр, гамбиран гэхчилэн хэлбэр дүрсээр нь ялган нэрлэж ирсэн нь  дэлхийд түгээмэл тархсан энэ хоолны монгол хувилбар гэж үзэх үндэстэй юм. Харин сүүлийн үед “Содон хуушуур”, “Халиартай хуушуур”, “Ээжийн хуушуур”, “Баялаг хуушуур”, тэр ч атугай “Чингис хуушуур” гэхчилэн янз бүрийн нэр өгөх болжээ. Монгол орны баруунаас зүүн, умраас өмнө зүг чиглэсэн авто замын дагуу ийм нэртэй мухлаг, сүүдрэвч олныг харж болно.

Хуушуур нь хийхэд хялбар, халаасан тосонд хайрах, чанах аргаар хийдэг болохоор амт, өнгө, үнэрийн хувьд содон, ямар ч сав, хайрцганд хадгалалах, цэвэр цаас, уут, мөнгөлөг цаасанд боогоод авч явахад тохиромжтой тул урьдчилан бэлтгээд хөдөө хээр явах, аялж зугаалах үедээ дахин халаах, халуун цай, шөлөнд дэвтээж  идэх боломжтой хоол юм. Цэрэгт явсан хүү дээрээ очих, эмнэлэгт хэвтэж байгаа хүн, тэр ч атугай  орон шоронд орсон нэгнийгээ эргэж тойрохдоо  ч халуун хуушуур заавал авч очно. Ингээд бодохоор хуушуур нь нэг талаар хүндэтгэлийн идээ, нөгөө талаас хамгийн нийтлэг хоолны төрөл мэт.

Бяцхан хууч
    
Социализмын үед Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойд хэсэгт үзэсгэлэнгийн олон павильон зэрэгцэн оршиж байсны хамгийн зүүн талд “Нэгдсэн гал тогоо” нэртэй ягаан байшин байдаг байлаа. Энэ байшингийн дотор эгнүүлж барьсан олон арван пийшин дээр ширмэн тогоо суулгаж нийслэлийн дүүргүүдийн гуанз ресторанаас хуваарийн дагуу очсон хэдэн арваар тоологдох тогооч бэлтгэгч, ачигч нар өглөөнөөс шөнө дөл болтол ажиллаж наадмын хуушуур хийдэг байлаа. Бүр тэндээ хоноглож наадмын өмнөх болон баярын өдрүүдэд гэрийн бараа харахгүй ажиллах явдал ч их гардаг байсан. Дээр нь трест, удирдах газар, яамны дарга, мэргэжилтнүүд, эрүүл ахуйн эмч, ариун цэврийн байцаагч нар тогтмол ирж хяналт тавина. Телевиз, сонины сурвалжлагч нар үе үе ирж тогооч нарыг сүнсийг нь зайлтал айлгана. Залуухан тогооч эхнэрээ харамлах, хардах гэсэн залуучууд бас ирнэ. Өөрөөр хэлбэл наадмын өмнө хорин дөрвөн цагийн туршид хөл хөдөлгөөн тасардаггүй газар бол энэ гал тогоо л байсан.

Нэгдсэн гал тогооноос зөвхөн наадмын хоёр өдөрт л гэхэд доодтал нь 200 мянган ширхэг хуушуур гарна. Энэ нь тэр үеийнхээр хоёр зуун мянган төгрөг, одоогийн ханшаар 12-14 сая төгрөгийн орлого олно гэсэн үг. Харамсалтай нь тэр үеийн тогооч, ажилчид хичнээн хуушуур хийж борлуулснаас үл хамааран зөвхөн тогтмол цалин (сард 400-500 төгрөг)-гаа л авна. Энэхүү бяцхан хуучийг өгүүлэгч би бээр жирийн тогоочоос энэ салбарыг эрхэлсэн сайд хүртэл ажилласан хүн. Тэгээд ч хорь хүрэхгүй  насандаа энэ нэгдсэн гал тогоонд хонон өнжин ажиллаж байсан тогооч нарын нэг байсан болохоор наадам, хуушуур, тогоочийн тухай одоо ч тодхон санаж явдаг юм.

Дашрамд тэмдэглэхэд нэгдсэн гал тогоонд хийсэн хуушуураас болж хордсон, өвдсөн хүн гараагүй юм шүү. Үүнийг би баттай хэлж чадна. Учир нь нэгдсэн гал тогоо, тогооч нарын үйл ажиллагаа, хүнсний зүйлийн чанар байдалд төр, захиргаа, хяналт шалгалт, ариун цэвэр, эрүүл ахуйн байгууллагын зүгээс тавих хяналт үнэхээр өндөр байсныг энд дурдахгүй өнгөрч болохгүй. Чухамхүү одоо илт үгүйлэгдэж буй дээр үеийн өндөр шаардлага л наадмын хуушуурыг өдий хүртэл “амьдруулж” ирсэн гэж боддог.

Бяцхан наргиа

Билгүүн номч их эрдэмтэн Б. Ринчин нэгэн гуанзанд ороод хоёр ширхэг хуушуур захиалж авчээ. Тэрбээр хуушуураа идэж дуусаад суугаад л байх юм гэнэ. Зөөгч бүсгүй түүн дээр очиж: -Та дахиад юм захих уу? гэхэд их эрдэмтэн маань: Үгүй ээ. Би хоёр хуушуур аваад сая гурилыг нь идчихлээ. Одоо махыг нь хүлээж байна гэсэн гэдэг.

Наадмын талбайд зарж байсан хуушуураас авсан нэгэн эр халуун хуушуурыг хоёр алга руугаа ээлжлэн шидэж байсныг харсан найз нь: Чи ингэж байхаар үлээгээд хөргөөч дээ гэхэд  нөгөө эр: Үлээхээр хийсчих гээд байх юм байна ш дээ гэж хариулсан гэдэг.

Наадмын талбайд явж байсан нэгэн харамч эр хамт яваа найз нартаа хандан: -За даа, “Хурал олширвол  ажил муудсаны шинж, хуушуур элбэгшвэл мах муудсаны шинж” гэдэг байхаа, өвгөн чинь гэртээ очиж хуушуур хийж иднэ дээ хэмээсэн гэдэг.

Бяцхан зөвлөмж

Миний найзууд дотор тогооч биш ч гэлээ хуушуурыг гайхамшигтай сайхан хийдэг олон хүн бий. Малын махнаас гадна тарвага, зээрийн мах, загас, сүүл,  будаа, халгай, жууцай, халиараар маш сайхан хуушуур хийж болно.

МУГЖ Д. Сосорбарам хонины сүүлээр их сайхан хуушуур хийдэг гэж сонссон. Мөн эрдэмтэн зохиолч Д.Баяндалайн хийсэн хуушуур хаана ч давтагдашгүй хэмээн нутгийн нь нэг хүн хуучилж байсныг тод санаж байна. Надад ч бас өөрийн гэсэн давтагдашгүй жор бий. Миний бие Монголын тогооч нарын холбооны ерөнхийлөгчийн хувьд монгол хуушуурыг хамгийн сайхан хийдэг хүмүүсийг шалгаруулах уралдааныг ирэх жилийн наадмын өмнө зохион явуулах бодолтой буйгаа энэ ялдамд  өчье.

Эцэст нь захихад сүүлийн хорь гаруйхан жилд ширхэгийн үнэ нь 600-700 дахин нэмэгдсэн хоолны төрөлд хуушуур орно. Зоогийн газарт бол үүнээс ч өндөр. Гагцхүү үнэ дагаж чанар байдаг болохоор наадамчин олноо хүндэтгэж хамгийн сайхан сэтгэл шингэсэн амтат хуушуураар үйлчлэхийг хуушуур хийж борлуулагч нартаа уриалж байна.

Эцэст нь манай хуушууртай төстэй гадаадын улс үндэстний зарим хоолны жорыг танд өргөн барья. Сайхан наадаарай.

ЧЕБУРЕКИ

Жор: Гурил 400, үхрийн мах 500, булцуут сонгино 250, нэг ширхэг өндөг, ургамлын тос 250, ус 250, давс, повоор

Тодотгол: Гурилан зуурмаг, шанз бэлтгэх ажиллагаа нь манай хуушуур бэлтгэхтэй адил. Харин зуурмагаа арай нимгэвтэр элдэж  шанзаа боогоод амсрыг имхэрдэж чимхэнэ. Халаасан ургамлын тосонд шарж болгоно.

САМСА

Жор: Давхаргат зуурмаг бэлтгэхэд: гурил 600, цөцгийн тос 400, цайны нэг халбага давс, ус

Шанзанд: үхрийн мах 300, булцуут сонгино 150, гүнжидийн үр 30, давс, повоор

Тодотгол: Давхраат зуурмагаас таслан авч дугуйлж элдээд дээр нь цөцгийн тос түрхэж дахин гурилаар бүтээж нухах маягаар 4 үе гурилд шанзаа боож гурвалжлан чимхээд шарах шүүгээнд битүү хайрч болгоно. Ердийн зуурмагаар самса хийхэд гурилаа дугуйлж элдээд шанзаа боож хавирган сар хэлбэртэй чимхээд  их тосонд чанаж болгоно.

БЕЛЯШИ

Жор: Хөрөнгөт зуурмаг бэлтгэхэд: гурил 400, ус юмуу сүү 200, шахмал дрожжи 10, саахар 10, давс 5

Шанзанд: Үхэр, эсвэл хонины мах 550, булцуут сонгино 100, нунтаг хар повоор, давс, шанз шүүслэх ус, шарах тос 85

Тодотгол: Хөөсөн зуурмагаа 15 хэсэг болгон хувааж нимгэн дугуй элдэнэ. Нэг ширхэг беляши хийхэд 40 г зуурмаг, 48 г шанз орно. Зуурмагт шанзаа боож амсар хэсэгт бага зэрэг нүх үлдээнэ. Беляшиг халаасан тостой хайруулд эхлээд амсартай талаар, дараа нь эргүүлж хоёр талыг жигд болтол хайрч болгоно. Беляшны шанзыг загасны мах, галуу, нугасны мах, түүнчлэн аарцаар хийж болно.

ХЯТАД ХУУШУУР

Жор: 1 ширхэг хуушуурт: машиндсан буюу гараар татсан мах 70-100, гурил 70, сонгино 6, өөхөн тос 15, хятад цуу 5, байцаа 12, давс, таван халуун ногоо