Монголчууд Европт махны үйлдвэрлэлээр ААРХАНА
ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Гантулга өнгөрсөн долоо хоногийн сүүлээр хөдөө орон нутагт ажиллалаа.
Өмнөх томилолтынхоо төгсгөлд Эрдэнэтэд хэсэг залуусын байгуулсан нефтийн үйлдвэрээр орж, монгол залуучуудаараа дуу алдсан бахархалтай ирснээс хойш нэлээд хэд хоног өнгөрчээ. Эрдэнэт гэх их айлын хатавчинд нэрээ ч авч амжаагүй өлгийтэй хүү шиг нэгэн компани тийнхүү байгуулагдсаныг сэтгэлийн хөөрөлтэйгөө хамт маргааш нь л хашгирмаар байсан ч завдалгүй явсаар дараагийн томилолт руу жирийлгэсэн. Бидний амьдрал иймэрхүү л хэмнэлтэй үргэлжилдэг.
Ингээд Монголын анхны дизель түлш үйлдвэрлэгч компанийн талаар хамгийн энгийн үгээр ойлголт өгөхийг хичээе. Шөнөжин орсон бороо татарч, намрын жингэнэсэн хөх өглөө биднийг угтлаа. Өчигдөрхөн шилбээ гаргачихсан гунхаж явсан хүүхнүүд өнөөдөр намрын хүүхнүүд болчихож. Шав шар навчис цардмал замыг нэлэнхүйд нь хучиж хоносон ч хулдаасан хормогчтой хот тохижуулахынхан хэдийнэ захаас нь шүүрдэж эхэлжээ.
Хотын зах руу жижиг жижиг ногооны аж ахуйнууд бий. Тэд одоохондоо гэр бүлийн статусаараа л тэрүүхэндээ ажиллаж буй. Тэгэхгүй гээд өөр ахиухан талбай олох найдвар муутай. Учир нь Эрдэнэт бол хот. Хот хотдоо үйлдвэрийн хот билээ. Үүнийг батлах мэт ахин цоо шинэ үйлдвэр үйл ажиллагаагаа эхэлсэн нь бидний орсон газар юм. Хотоос гарав уу, үгүй юу дөнгөж захад нь тус үйлдвэр бий. Шинэ айл маань БЕЛАЗ зэрэг хүнд даацын автомашины дугуйнуудыг хашаандаа хэдэн үеэр нь тэвхийтэл хураажээ. Тэрхүү ашиглалтаас гарсан дугуйнууд бол эндэхийн гол түүхий эд гэнэ. Хар үгээр тайлбарлахад эднийх дугуйг нэрж масло болгодог. Ахиад тэрийгээ нэрж дизель түлшээ гаргаж авдаг. Нэрэх процесс нь ердөө л монгол архи нэрэх технологитой адилхан. Гэхдээ үйлдвэрийг нь тогоо шанага болсон хачин газар гээд ойлгочихов оо. Цоо шинэ, орчин үеийн төхөөрөмжөөр тоноглогдсон үйлдвэр шүү.
Бид өглөөний 10 цаг өнгөрсхийгээд тэдний гадаа очсон. Хашааных нь хаалган дээр очоод сигналдаж зогсохдоо „ажил нь эхлээгүй юм болов уу" гэж оношилж байсан маань ташаа байв. Урдаас юу гэж даналзсан гэж санана. Өнөө өглөөний байдлаар бид 10 тонн түлш үйлдвэрлэчихээд байж байна аа хө... гэсэн тэдний хариулт ёстой нүд сэргээсэн. Тэд гаргасан бүтээгдэхүүндээ ямар нэр өгөхөө бодож байгаа гэнэ. Эрдэнэт түлш гэх үү, монгол түлш гэх үү гэх мэтээр. Бүтээгдэхүүн нь чанарын хувьд "o’key" үнэлгээ авчээ. Шаталт багатай, хүчтэй, техникийн үзүүлэлтүүдээрээ тасархай байгааг бардам хэлцгээж байна. Гаргасан дизелиэ ахиж нэг нэрээд 80, ахиж нэрээд А 92 гаргана. Гэхдээ одоогоор зөвхөн түлшээ үйлдвэрлэж байна. Яваандаа өөрийн шатахуун түгээх станцуудтай болох талаас нь төр дэмжлэг үзүүлэхэд бүс нутгийн хэмжээнд хэрэгцээгээ хангачих өөрийн бодит бололцоотой болох юм. Энийг л гоё мэдээ гэхгүй бол өөр юуг гоё мэдээ гэж хэлэх вэ дээ.
"Жаргалан" сҮҮ
боловсруулах Үйлдвэр
Төрийн нарийн бичгийн даргын бидэнд үзүүлсэн эхний үйлдвэр Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах шинэхэн сүүний үйлдвэр байлаа. Үйлдвэрийн эзэн технологио оруулж ирэхдээ ойрхоноос биш холоос, амрыг нь биш шилдгийг нь хайснаа ярьж байна. Үйлдвэрийн барилга одоогийн олонхи үйлдвэр шиг "соц" нийгмийн үеийн хуучин балгасуудыг түшиглэсэнгүй. Анхнаасаа сүүний үйлдвэрийн зориулалтаар барьж, Итали, Чех, Голланд, Герман, Япон, Энэтхэг зэрэг улсад үйлдвэрлэсэн сүү боловсруулах хамгийн сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжүүдийг оруулж ирэн, чехийн мэргэжилтнүүдээр угсралт тохируулгын ажлыг гүйцэтгүүлжээ. Эднийх Европт мөрдөгдөж буй шингэн сүү боловсруулах технологийн дагуу халааж боловсруулсан сүү, тослогтой болон тослоггүй тараг, аарц, ариутгасан цөцгий, цөцгийн тос үйлдвэрлэж байна. Манайд үйл ажиллагаа явуулж буй энэ төрлийн үйлдвэрүүд хуурай сүүг голчлон түүхий эдээ болгодог бол эднийх бэлтгэн нийлүүлэгч нартайгаа ойрхон байрлаж, сүүг ямар нэгэн шат дамжлагагүйгээр үйлдвэрт оруулдгаараа ялгаатай. Сүүг үйлдвэрлэлд оруулахаасаа өмнө бүх төрлийн шинжилгээг авч шалгаад тохирсон сүүг хүлээн авна. Сүүнд исгэлэн, тос, нягтрал, хуурай бодис, элдэв хольц, микробын тоо, бруцеллёз зэрэг хими микробиологийн иж бүрэн шинжилгээ хийж байгаа учраас жинхэнэ цэвэр сүүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Шинэхэн үйлдвэр маань хоногт 10 тонн шингэн сүү боловсруулж бүтээгдэхүүн хийх хүчин чадалтай. Мөн иж бүрэн автомат технологиор хангагдсан. Сүүлийн үеийн үйлдвэрүүд хүний хүчин чадлаас шалтгаалах нь багасч буйг бидний орсон үйлдвэрүүд илтгэж байна. Эднийх ч мөн адил. Үйлдвэрийн бүх үйл ажиллагааг компьютер дээр хянан хадгалдаг тул технологийн горим барьж ажилласан эсэхийг нягтлах боломжтой. Сүү хүлээж авч хөргөхөөс эхлээд эцсийн бүтээгдэхүүн болоод савлагдтал бүх ажиллагаа автоматаар битүүмжлэгдсэн нөхцөлд явагдана. Эдний бүтээгдэхүүн орчин үеийн нэгэн том асуудал болоод буй саахарын өвчинд харш нөлөөгүй.
Жаргалан суманд боссон энэхүү үйлдвэр 5,7 тэрбумаар босчээ. Ийм хэмжээний хөрөнгө оруулалттай, орчин үеийн үйлдвэр хөдөөд сүндэрлэснийг хараад бас дахин бахархав. Энд зөвхөн манайхан ажиллаж байна. Бүтээгдэхүүн нь монголчуудаа хангаж, хөрөнгө оруулалт нь эргээд Монголдоо шингэнэ. Ийм л газруудаа бид дэмжих ёстой. Яам нь бодлогоор энэ зүгт аль хэдийнэ анхаарлаа хандуулаад эхэлж. Энүүхэн Эрээнд үйлдвэрлэгдээд энд орж ирэнгүүтээ монгол дээл өмсчихдөг хуурай сүүний бүтээгдэхүүнүүдийг хэрэглээнээсээ гаргаж, „Жаргалан" үйлдвэрийн эрүүл хүнсүүдийг сонгоорой. Эрүүл мэндэд тань зөв, эх оронд минь чухал сонголт болно шүү.
"Монгол Алтан Тос" гэж
бас нэг шинэ айл
"Монгол алтан тос" ХХК 2005 онд анхны шаваа тавьж байж. Тэр цагаас хойш сайн чанарын ургамлын тосыг хоногт 100 тн хүртэлх хэмжээгээр үйлдвэрлэх хүчин чадал бүхий олон улсын стандартын өндөр технологийг нэвтрүүлсэн, бүрэн автоматчилагдсан үйлдвэрийг ашиглалтад оруулахаар өнөөдрийг хүртэл зүтгэж иржээ. Их ажлын ард гарч, цаасан дээр байсан төлөвлөгөө газар дээр сүндэрлэж, одоо үндсэндээ тууз хайчлах тун дөхсөн гэж хэлж болохоор бүтээн байгуулалт явагдаж байна.
Сэлэнгэ аймагт боссон тус үйлдвэр ОХУ, Итали, Германы сүүлийн үеийн технологи бүхий тоног төхөөрөмжүүдийг ашиглахаас гадна хэд хэдэн нэр төрлийн хүнсний ургамлын тос, майонез, соус, кетчуп, горчиц зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Үйлдвэр хүчин чадлын хувьд дотоодынхоо зах зээлийг хангаад зогсохгүй ОХУ, Хятад, Европын холбооны улсуудад экспортод гаргах боломжтой. "Монгол алтан тос" ХХК-д одоогоор 20 гаруй үндсэн ажилтан, 50 гаруй гэрээт ажилчин барилга засвар, тоног төхөөрөмж суурилуулах ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд үйлдвэр ашиглалтанд орсноор 250-300-гаад ажлын байр бий болно. Мөн зарим боловсон хүчнээ Бүх Оросын Тос судлал эрдэм шинжилгээний институтэд бэлтгэж байгаа талаар ч ярьж байна. Хөдөө орон нутагт 300 ажлын байр нэмэгдэнэ гэдэг үнэхээр сайхан хэрэг. Ажилгүйдэлд нэрвэгдэж байгаа манай орны хувьд алга ташин хүлээж авах үйл явдал бол энэ. Тус компани дэргэдээ бага оврын, сүүлийн үеийн технологи бүхий байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө багатай уурын зуух, усны цэвэршилтийн аппаратууд, эцсийн бүтээгдэхүүний чанар, стандартыг хянах нэгдсэн лаборатори зэргийг байгуулжээ. Ургамлын тосоо бид ингээд тун удахгүй өөрсдөө үйлдвэрлэх нь. Түүхий тос хүлээж авах тус бүр нь 1000 тоннын дөрвөн ширхэг ёмкость (аварга том тосны сав) байгуулснаас гадна ахиад дээр нь 2000 тоннын гурван ширхэг ёмкость барих ажил явагдаж байгааг харах сүрдмээр байв. Энэ бүгд боссоноор нийт нэг ээлжиндээ 10.000 тонн түүхий тос хүлээн авах боломжтой болох аж. Ургамлын тосны анхдагч бүтээгдэхүүн болох түүхий тосыг ОХУ, Аргентин, Бразил зэрэг улсаас худалдан авах бөгөөд үндсэн боловсруулалтыг хийж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх юм.
Төрийн нарийн бичгийн дарга Т.Гантулга хоёр дахь үйлдвэрээс гарч ирээд зам нэгтгэсэн бидэнд хальт "онгироод" авав. Орчин үеийн уурын зуух ямар байдгийг үзээд ав. Танай Булганд ийм уурын зуух байхгүй биз дээ гэсэн хошигнол баярлаж, бахархаж байгаагийнх нь илрэл байв. Уурын зуух нь гэж гайгүйхэн сумын төвийн Тамгын газартай ч зүйрлэмээргүй байшин байна. Зуух муух гэж ярих юм байхгүй. Галчид нь дотроо шүршүүр, саунд орно. Амралтын өрөөнд тухална. Хөөрхий хөдөөний "гачгаарууд" санаанд орж, болдог бол хувилаад аймаг, сум болгонд авааччихмаар санагдана. Гэхдээ атаархаад яахав дээ, учир нь энэ бүхэн Монголд маань босч байна шүү дээ гэж өөрийгөө тайвшрууллаа.
"WISDOM ASSETS"-ын талаар
би хамаагҮй ЯриагҮй
Дараагийн газар "WISDOM ASSETS". Энэ бол маш өндөр нууцлалтай, Монголын олон нийт тэр бүр сонсоогүй үйлдвэр. Энэ газрын талаар зүгээр нэг анхны ойлголт дээр суурилсан хөнгөн, хөөстэй мэдээллүүд цацаж боломгүй санагдав. Үйлдвэр рүү дотогш нэвтрэхийн өмнө биднээс элэгний C вирустэй эсэхийг лавласан. Тийм тохиолдолд дотогш орох хориотой тул миний бие эмнэлгийн баараггүй магадлагаагүй болохоор сониуч зангаа татаж гадна үлдсэн. Сониуч зан бол сэтгүүлч хүний үндсэн гэж үзэж болох чанаруудын нэг. Гэхдээ хариуцлагагүй үйлдэл сэтгүүлч хүний үйл ажиллагаанд нэгэн цагийн үнэтэй мэдээллийг авчирч болох ч түүнээс маань болж бусдад хор хөнөөл учирвал уучлал эрэх ч утгаа алдсан байдаг.
Гэхдээ л "орчихдог л байж" гэсэн харамсал оройжин дотроос зулгаагаад, орсон хүмүүст атаархаад хэцүү байлаа. "WISDOM ASSETS" компанийн тус үйлдвэр хөдөө байдаг. Нэгэн төрлийн могой элбэгтэй гэж тогтоогдсон газар гэсэн. Эднийх биотехнологийн үйлдвэр. Хамгийн товчхоноор хэлэхэд могойн хорноос тусгай бэлдмэл гаргаж аван үйлдвэрлэлд оруулдаг. Үйл ажиллагааных нь явц дээд зэргийн нарийн. Тэд бүтээгдэхүүнээ баруунд гаргах гэж байгаа гэсэн. Энэ бүтээгдэхүүн нь элэг цөс, хорт хавдрын өвчнийг анагаах эмийн найрлагад ордог. Тийм учраас энэ төрлийн эм үйлдвэрлэгчдийн дунд эрэлт ихтэй. Жижигхээн хуруу шилтэй бэлдмэл байна гэж орсон хүмүүс надад хэлсэн. Хөдөө хээр хүний хөлөөс хол ажиллаж байгаа энэ газар жилд долоон килограмм л бэлдмэл гаргах төлөвлөгөөтэй. Дөнгөж долоохон кг-ыг.
Нанотехнологийн талаар манай уншигчид анхан шатны мэдээлэлтэй байх. Энэ талаар амьдралынхаа сүүлчийн мөчүүдэд уулзсан болгондоо ярьж, тайлбарласаар өөд болсон манай төр нийгмийн нэрт зүтгэлтэн П.Жасрай агсны дэмжлэгт энэ компани туйлын хүндэтгэлтэй ханддаг юм байна. Одоогоор надад өөр илүү мэдээлэл өгөх боломж байсангүй. Хожим холбогдох зарим эрдэмтэнтэй ярилцлага хийж уншигчдадаа дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөө харин амлая.
МонголЧууд махны Үйлдвэрлэлээр Европт пээдэлзэнэ
"Гацуурт" компанийн талаар Монголд мэдэхгүй хүн байхгүй биз ээ. Бизнесийн амжилтаараа үзүүр түрүү булаалдах хэмжээний компани гээд хэлчихсэн нь хамгийн оновчтой байх.
Бидний хамгийн сүүлд очсон газар Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт байх тус компанийн нэгэн аж ахуй байв.
"Гацуурт" ХХК бол геологи, уул уурхай, газар тариалан, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, аялал жуулчлал, тээвэр барилга, гадаад дотоод худалдаа, спорт сургууль гэсэн үндсэн найман чиглэлд үйл ажиллагаа явуулдаг гучаад салбар, аж ахуйн нэгжтэй нүсэр том айл юм. Тэгэхээр "Гацуурт"-ад манай том татвар төлөгчдийн нэг гэх тодорхойлолт бараг илүүднэ гэсэн үг биз ээ.
Мэдээж хамгийн эхлээд газар тариалангийн хувьд номер нэг компани. Эзэмшдэг талбайнхаа хэмжээгээр Монголдоо байтугай, Өвөр Монголд ч байхгүй гэж яригддаг юм байна. Эднийх энэ жил 53 га газар тариалжээ. Одоогийн байдлаар ургац хураалт нь дөнгөж 20 хувьтай явж байна. Ерөнхий захирал Л.Чинбат өөрийн биеэр командлагчийнхаа ажлыг хийж байгаагаас үзэхүйд цаг хугацаанд шахагдсан бололтой. Түүний комбайнчдадаа өгч буй өнөөдрийн команд "эргэж харахгүй урагшаа яв". Ингэхээр юун хаягдал хорогдол ярьж, цаашаа наашаа шогших вэ.
Одоо хураах юмныхаа 50 хувьд ч очоогүй байгаа ч будаагаа норчихвол яах вэ гэх айдас харагдсангүй. Техникийн хүчин чадлын хувьд аархдаг айл гэдэг нь эндээс мэдрэгдэнэ. Аргагүй дээ, 450 морины хүчтэй алдарт JONH DEERE гэхэд л хэдэн арваараа эднийд бий. Ийм том айл техникийн хүчин чадлаар л байгальтай үзэхээс өөр арга байхгүй. Газар тариаланд "Гацуурт"-ын 14 охин компани үйл ажиллагаагаа явуулж байна.
Энэ удаа бид "Гацуурт" ХХК-ийн Хөргөлтийн агуулахтай мал нядалгаа махан бүтээгдэхүүний иж бүрэн цогцолборын шинэ үйлдвэрийн нээлтэд очсон юм. Энэхүү мах махан бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх үйлдвэр сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг олон улсад мөрдөгдөж буй НАССР (HAZARD ANALIZYSIS CRITICAL CONTROL POINT) төвшин хэмээх хүнсний ариун цэвэр аюулгүй байдлын чанарын түвшинд тооцогддог стардартаар угсрагдсан юм байна. Үйлдвэрийн гүйцэтгэлийг БНСУ-ын "Донг Янг инженеринг" ХХК гүйцэтгэжээ. Хоногт 100 бод, 200 бог нядалгаанд оруулах хүчин чадалтай, ангилах болон мах, махан бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгож боловсруулах иж бүрэн, хамгийн сүүлийн үеийн мах загсаах, сэврээх зориулалтын хөргөлтийн систем бүхий цехтэй. Үйл ажиллагааг нь бүрэн электрон системээр хянах боломжтой, гадна талдаа бохир ус цэвэрлэх, бордоо хийх байгууламжтай орчин үеийн дэлхийн шилдэг технологиор тоноглогдсон үйлдвэр юм. Үйлдвэрлэлийн технологиос гадна барилга байгууламжийнх нь бүтэц, агууламж, техникийн хүчин чадлын тухай өгүүлбэл өдий төдий хүчирхэг үзүүлэлтүүдийг уншигчиддаа танилцуулж болно.
Хамгийн энгийнээр хэлэхэд энэ үйлдвэр малаас юуг ч хаяхгүй боловсруулалтад оруулна. Цусыг нь малын тэжээл боловсруулахад, сэвсээр нь газар тариалангийн бордоо үйлдвэрлэхэд ашиглана.
Энэ үйлдвэр нь үйлдвэрийн аргаар европ стандартаар мал нядлах хамгийн сүүлийн үеийн загсаах, сэврээх цехтэйгээрээ Монголд анхных болж байгаа бөгөөд үйлдвэрийн барилгын нийт талбайн хэмжээ 4000 ам метр юм. Тус үйлдвэр найман хэсэг, хоёр хэлтэстэй. Үүнд нь мах нядалгааны цех, хөргөлтийн систем бүхий мах загсаах, сэврээх, хөлдөөх цех, мах ангилах боловсруулах цех, дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүн боловсруулах цех, хаягдлаар бордоо хийх цех, ачилт хадгалалтын хэсэг, аж ахуйн хэлтэс, мах хүлээн авах бааз бүтцүүд орно. Үйлдвэр бүхэлдээ халуун хүйтнээр үлээх агааржуулалтын системтэй, хөргөлтийн систем нь байгальд хоргүй фероноор ажилладаг. Мөн үйлдвэрийн цахилгаан эрчим хүч, хөргөлтийн системийг дэлхийн аль ч улс орноос хянах боломжтой юм.
Энэ үйлдвэр монголчуудыг мах махан бүтээгдэхүүний зах зээл дээр Европт гайхуулна гэдгийг мэргэжилтнүүд ам бардам хэлж байна. Ийм үйлдвэрийн нээлтэд очсон хүн браво... бас дахин браво гэхээс өөр юу ч гэх вэ дээ. Үнэхээр сайхан байлаа. Ийм боломжийг олгосон ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Гантулга танд талархая.
ta sain setguulch
Зочин
Зочин
Зочин