-фельетон-

Хүн төрөлхтнийг гурав хуваадаг. Сайн хүн, муу хүн мөн нэр дэвшигч гэж. Адам, Ева хоёрын үед бол зөвхөн сайн, муу хүн л гэж байжээ. Харин Адам өрхийн тэргүүлэгчид нэрээ дэвшүүлсэн тэр цагаас хойш гурав дахь ангилал хомокандидатус хэмээх шинэ баг гаргахаас өөр аргагүйд тулжээ. Учир нь нэр дэвшигчийн сайн мууг ялгах ямар ч боломж байдаггүй. Адамын өөрийн ярьж буйгаар бол манай Д.Нацагдоржийн хэлсэнчлэн “түмэн хонины дунд түүнээс хөөрхөн амьтангүй” болж таараад байв. Түүний гол өрсөлдөгч, жендерийн хөдөлгөөний эх-Евагийн үгээр бол Адам нь адгийн амьтан бөгөөд  Д.Нацагдорж ч төсөөлөөгүй “түмэн хонины дунд түүнээс муухай амьтангүй” золиг болж таарсан байна. Иймээс судлаачид сайн мууг нь яагаад ч ялгах аргагүй этгээдэд зориулаад приматууд  доторхи “нэр дэвшигч” хэмээх шинэ баг гарган  бүртгэжээ.
 
Альфрэд Брэммийн “Амьтны амьдрал” номд нэр дэвшигчийн шинжийг “Хүнтэй төсөөтэй боловч хэтэрхий инээсэн байдлаараа ялгардаг, шүд сайтай. Хайр гэрэлтсэн нүдтэй боловч...” гэхчлэнгээр тодорхойлжээ. Судлаачдын хэлж байгаагаар бол нэрдэвшигч сайн муу нь огт мэдэгдэхгүйгээс гадна сайхан эсвэл муухай юм ярьж байгаа нь танигдахгүй. Тэд муухай юмыг ч инээж байгаад ярина.



Статистикаас үзвэл, нэр дэвшигчээр төрсөн хүн байдаггүй, бас нэр дэвших байдлаар нас барсан тохиолдол бүртгэгдээгүй аж. Ямарч хүчтэй нэр дэвшигч сонгуулийн дараа хүн төрхөндөө ордог. Хэрхэн нэр дэвшигч болж хувирах боломжтойг нарийвчлан тогтоосон судалгаа үгүй. Санаанд оромгүй, хэвийн зан чанартай хүн агшин зуур хүнээ байн нэр дэвшигч болсон тохиолдолч цөөнгүй бүртгэгджээ.

Манайд нэр дэвшигч судлал хөгжөөгүйгээс хүн дүрстний бүтэн баг судлагдаагүй үлдэхэд хүрсэн төдийгүй тэднийг нэг бол өөрсдийнх нь амаар, эсвэл өрсөлдөгчийнх үгээр төсөөлөхдөө тулжээ.

Иймээс нэр дэвшигчийн талаар анхан шатны мэдлэгтэй болох нь бидний зорилт болоод байна. Сонгууль дуусмагч нэр дэвшигч арилах тул одоо л амжиж мэдлэгтэй болох хэрэгтэй юм. Эс тэгвэл дүн өвлөөр шувуудын нүүдэл ажиглах, зун цас арилгах ажил зохион байгуулахтай агаар нэг хэрэг болно.

Давын өмнө нэр дэвшигч хэзээ ч худлаа хэлдэггүйг мэдвэл зохистой. Таны төлөө амьдрана, таны өмнөөс зүтгэнэ гээд байгаа нь ч үнэн. Таны төлөө амьдардаг учраас тэр амьдарч чадаад байгаа юм. Тэднийх нэг айл атлаа ядаж л хоёр айлын дайтай байгаагийн учир энэ. Таны өмнөөс баяжаад  байгаа  юм. Өмнөөс чинь өөр хүн баяжаад байгаа учраас та жаахан  тиймхэн байгаа хэрэг. Одоо яая гэхэв, бид зөвшөөрсөн. Миний өмнөөс амьдар гэчихээд “идлээ, уулаа” гэж новшрох муухай. Идэхгүй бол амьдрахгүй. Тэгээд ч маш олон хүний өмнөөс амьдарч байгаа учраас маш олон хүнийхээр идэх эрхтэй.

Учир зовлон, бэрхшээл гачаалаа ярихад чинь тэд “Таныг би мартахгүй, таныг бодно” гэж хэлдэг. Үнэхээр тэд таны бэрхшээл, асуудлыг санасаар явдаг бөгөөд хэрэв “гишүүнээ боливол, суудлаа алдвал тэр хүн шиг л болно шүү” хэмээн сэрэмжлэн, сэргэмжлэн зүтгэдэг билээ.

Хомокандидатус “Хүн амьд явах эрхтэй, эрүүл орчинд амьдрах ёстой, хүүхдээ сайн сургуульд өгч, санаа зовох юмгүй амьдрах нигууртай” хэмээн ярьдаг нь үнэн юм шүү. Үнэхээр ч дараагийн сонгуулиар тэд амьд яваад ирэх ба эрүүл орчинд байранд орчихсон, хүүхдүүдийнхээ төлөө санаа зовох юмгүй болоод авсан байдаг.

Нэр дэвшигчид хүнтэй уулзахдаа “зовлон жаргалаа нэгтгэнэ” гэдэг нь үнэн. Тэд зовлон жаргалаа биднийхтэй үнэхээр нийлүүлдэг. Харин нийлүүлсэн хойно хэний талд жаргал нь тунараад, хэнийх нь зүгт асуудал хурсныг ажиглах хүн ховор байдагт л учир нь буй.

Нэр дэвшигч хүмүүн байтугаа намууд ч худлаа хэлдэггүйг мэдвэл зохистой. Ухаандаа манай тэр нэгэн намынхан тэр жилийн сонгуулиар “Түмнээ ядуурлаас гаргана” гээд гарч ирсэн. Дөрвөн жилийн дараа удирдах бүрэлдэхүүн тэдний эргэн тойрны нэг түм буюу 10.000 орчим хүн ядуурлаас гарчихсан л байсан. Харин зарим нь ядуурлаас хэтэрхий гараад өөр юм руу орчихсон тал бол байгаа байх. Өнөөдөр бас “монголдоо сайхан амьдарна” гэж байна. Өнөөдөр хэн сайхан амьдарч байна, тэд л сайхан амьдарч байгаа. Харин гадагш дотогшоо явахаа л багасгах болтой юм. Ингээд байхад нь худалч энээ тэрээгээр нь дуудах үнэхээр зохисгүй. 

Нэг нам “Монгол хүн” программ боловсруулж байхад нөгөө нам “монгол мал” хөтөлбөр тунхаглаж байна. Аль нь ч худлаа хэлээгүй. Хүнээ гэсэн хүнээ бодож, малаа гэсэн нь малаа л бодно. Сониноос малын талын намд хонь ихэрлүүлдэг нэг хүн байгаа тухай сонинд гарсан байсан. Яаж хээлтүүлэхээрээ тэгдэг юм, бүү мэд. Болдог л юм байлгүй.

Нэр дэвшигчийн өгөөж их. Муу юманд ч сайн юм байдаг. Манай сургуульд “Зараа” хочтой нэг жаал байсан юм. Хоч нь заргар болохоос өөрөө бол өөгүй шахам сайн хөвүүн л дээ. Хүүхдүүд түүнийг хармагцаа “Амьтан судлал”-ын номд байдаг “Зараа нь махчин амьтан бөгөөд өвлийн цагт ичнэ” гэсэн мөрийг уншин тохуурхдагсан. Он жилүүд улирч багын явдал хийгээд амьтан судлал бараг мартагджээ. Харин бид одоо болтол зараа нь махчин амьтан бөгөөд өвлийн цагт ичдэг болохыг санасаар яваа билээ. Түүнчлэн анхны ардчилсан сонгуулиас хойш хориод жил өнгөрөхөд нэр дэвшигч бол улирлын чанартай үзэгдэл бөгөөд сонгуулийн дараа хүн төрхөндөө орно “дурын хомокандидатус өөрийнх нь нотолж байгаа шиг сайн биш, бас өрсөлдөгчийнх нь баталж байгаа шиг муу ч биш”  гэдгийг мэдэх болж...