2008 оны УИХ-ын сонгууль зургадугаар сарын 29-ны ням гаригт болсон. Санал хураалтыг хааж, тооллого эхэлснээс хойш удаагүй байхад буюу 30-ны 02.57 цагт www.olloo.mn сайтад “Юутай ч сонгуулийн санал хураалт дуусаад цөөхөн цаг өнгөрч байгаа ч хөдөө орон нутгийн зарим хэсгийн хороодын мэдээлэл ирж эхэлжээ. Одоогийн байдлаар санал ирээд байгаа багуудын 53-д Ардчилсан нам ялаад байна. 22 багт МАХН ялсан мэдээлэл байна” гэж бичиж байв. Шөнөжин улс орны өнцөг булан бүрт гарсан булхай, луйврын тухай мэдээлэл хөвөрсөөр өглөөтэй золгоход 10 цагийн орчимд буюу тооллого эхэлснээс хойш 12 цагийн дараа санал тоолох ажил ердөө 50 гаруй хувьтай байлаа. СЕХ-ноос тоологод 16-18 цаг зарцуулна гэж мэдээлж байв. Гэтэл 12.40 цагт МАХН-ын нарийн бичгийн дарга Ё.Отгонбаяр мэдээлэл хийж, урьдчилсан дүнгээр нам нь ялалт байгуулж буйг дуулгасан юм. “Иргэний эвсэл”-ийн Ж.Батзандан саналын хайрцаг булааж зугтан, О.Магнай “өчигдөр 09.00 цагийн үед хоёрт, 12.00 цагийн үеэр зургаад, 14.00 цагийн байдлаар аравт жагссан нь яах аргагvй санал будилаантсаныг гэрчилж байна” гэж мэдээлэн, АН-ын дарга Ц.Элбэгдорж “Ардчиллын төлөө өгсөн ард түмний санал хаачив?” хэмээн асуусныг сонгогчид гудамж, талбайд түрэн түрхэрсэн. СЕХ харин энэ бүхэнд ямар ч тайлбар хийхгүй, таг дуугүй л байсан.

Сонгууль шударга болох, шударга бус болохын хариуцлагыг зөвхөн улс төрийн намууд, нэр дэвшигчдэд наагаад орхих нь өрөөсгөл. Дөрвөн жилийн өмнөх “7 сарын 1” буюу онц байдал зарлах, хүний алтан амь эрсдэх, олон зуун иргэд гэмт хэрэгтэн болж “Бүгд найрамдах”-аа уншуулахад хүргэсэн үймээн самууны учир шалтгаан, уг сурвалжуудын нэгэн сэжүүр дээр тухайн үеийн СЕХ, сонгуулийг шударга, үнэн зөв, шуурхай, ил тод явуулах ажлыг зохион байгуулах үүрэг хүлээсэн хүмүүс байсан гэдэгт би хувьдаа огтхон ч эргэлздэггүй. Тэр үед СЕХ тооллогын явцыг цаг тутам мэдээлж, дүнд гарч байгаа өөрчлөлтийг түргэн шуурхай ярьж, нийгэмд болон сонгуульд оролцсон улс төрчдөд зөв ойлголт өгч байсан бол элдэв эргэлзээ гарахгүй, сонгогчид ч харанхуйгаар асуудалд хандахгүй байсан байх.



Энэ бодлоо илэрхийлж, өнөөдрийн СЕХ-ны дарга, сар гаруйхны дараа УИХ-ын сонгууль гардан зохион байгуулахаар ажиллаж байгаа Н.Лувсанжавт асуулт тавьбал тэр, “ганц СЕХ-ны ажил биш байх аа, тэр 7 сарын 1 чинь.  Тэр бүхнийг үнэлсэн дүгнэсэн, УИХ-ын ажлын хэсэг ч байгуулагдсан, тэдний дүгнэлтийг харж байж үүнийг ярих хэрэгтэй. Түүнээс биш ганцхан сонгуулийн хороотой холбож ярьж болохгүй” гэсэн юм. Түүнчлэн СЕХ-ны үйл ажиллагааг хуульд тодорхой заасан байдгийг тэр онцолж, хуулиар хүлээсэн чиг үүргээ яаж хэрэгжүүлэв гэдэгт үнэлэлт дүгнэлт өгч, ажлаа хийж чадсан, эсэхийг шинжилж байж дараа нь холбогдуулж болох, болохгүйг ярих ёстой байх гэлээ. “7 сарын 1” дахин давтагдахгүй гэдэгт баталгаа өгч чадах эсэхийг нь асуувал тэр, “Бид тэгж баталгаа өгдөг газар биш” гээд, сонгууль болсны дараа үнэлгээ дүгнэлт хийдэг эрх бүхий байгууллагууд нь хийх байх гэсэн юм.



Энэ оны УИХ-ын сонгууль зургадугаар сарын 28-ны Пүрэв гаригт болно. Энэ удаа Нийслэлийн ИТХ-ын гишүүдийг сонгох сонгуулийг УИХ-ынхтай нэгтгэн явуулахаар шийдвэрлээд байна. Санал хураалтыг автомат төхөөрөмжөөр явуулж, эцсийн дүнг хэн нэгэн хүний ч юм уу, хэсэг бүлгийн нөлөө оролцоо орохооргүй зохион байгуулахаар хуульчилсан. Хуулийн дагуу СЕХ сүүлийн үеийн санал тоолох машин авчраад байгаа. СЕХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэн машинаар тоолсон саналын дүн явцын дунд өөрчлөгдөх, будилах, хэн нэгэн хүн хөндлөнгөөс өөрчлөх бололцоогүйг гурван баталгаагаар нотлосон юм. Сонгуулийн өдрийн 20.00 цагт санал хураалт дуусмагц машин өөрөө шууд тайлан мэдээг хэвлэж гаргах юм байна. Урт нарийн цааснаа хэвлэгдсэн уг тайланд санал хураалт эхэлсэн он, сар ,өдөр, цаг, минут, секунд, тойрог, хэсгийн дугаар, нийт уншигдсан саналын хуудасны тоо, мөн тойрогт нэр дэвшсэн гэсэн бүлэг мэдээлэл гарах аж. Энэ бүлэг мэдээлэлд, нэгдүгээрт, тойрогт хэдэн хүн нэр дэвшив, нэр дэвшигчдэд өгсөн хүчинтэй саналын хуудасны тоо хэд байв, хэн хэн хэдэн санал авав гэсэн мэдээлэл бичигдэнэ. Хоёрдугаарт, намуудын төлөө гэсэн хэсэг мэдээлэл гарна. Үүний дотор тойрогт хэдэн нам өрсөлдөв, тэр намуудын төлөө хэд хэдэн санал өгч вэ гэсэн үзүүлэлт байх юм. Гуравдугаарт, нийслэлийн тойргуудын дүн мөн л нэр дэвшигч болон нам тус бүрээр гарна. Эдгээрийн доод талд санал хураалт дууссан хугацаа мөн л он, сар ,өдөр, цаг, минут, секундээр тэмдэглэгдэх бөгөөд хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, даамлын гарын үсэгтэй байх юм.

Энэ хэвлэмэл тайлан мэдээнээс гадна машин өөртөө сонгогчдын өгч байгаа саналыг хуудас бүрээр нь, ар, өвөргүй фото файл болгож өөрийнхөө санах байгууламжид хадгалж үлдэх аж. Үүнийг нэр дэвшүүлсэн нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн ажиглагч авч үзэх боломжтой гээд хуульд заачихсан байгаа. Тайлангийн болон санамжид хадгалагдсан фото файлуудын үзүүлэлт нийлж байх ёстой бөгөөд тухайн хэсгийн албан ёсны дүнг гаргаж тойрог руу явуулахад хэвлэмэл тайланг ашиглах бөгөөд зурган файлуудыг хянан магадлах зорилгоор хэрэглэх юм. Сонгуулийн дүнгийн гурав дахь баталгаажуулалт бол машины ой санамжид хадгалагдаж үлдэх тайлангийн дижитал хувилбар нь. Тойрог руу хэсгээс явуулж байгаа тайлан мэдээ замын дунд өөрчлөгдсөн байх сэжигтэй гэж үзвэл машины ой санамжид байгаа мэдээллийг дахин гаргаад ирж болно. Тэгэхээр цаасан дээр хэвлэгдсэн мэдээллийг явдлын дунд өөрчлөөд ч нэмэргүй юм.

Програм хангамжийн хувьд, тойрог бүрт нэр дэвшигчид, мандатын тоо гэх мэт олон өгөгдөл нь өөр өөр байх тул машинууд харилцан адилгүй програмчлагдана гэж Ч.Содномцэрэн дарга тайлбарласан юм. Хэсгийн хороодод 1500 сонгогч тутамд нэг машин ноогдохоор санал хураах төхөөрөмжүүдийг хуваарилах бөгөөд сонгогчдынхоо тооноос шалтгаалан хэсгийн хороодод гурав хүртэл машин тавигдах юм билээ. Хамгийн гол нь сонгогчдын өгсөн санал хаягдаж гээгдэхгүй, солигдож холигдохгүй, худалдагдаж, хуумгай хуудуу болохгүй л бол “7 сарын 1” давтагдахгүй байх боломжтой. Монголчууд улстөрчиддөө хайртай, өрөвч нинжин сэтгэлтэй ард түмэн. Улс төрийн намууд, нэр дэвшигчдэд энэ нь дайсан, тэр нь өөрийнх гэж огтхон ч ханддаггүй. Сонгогчдын олонхиос нь итгэл хүлээгээд, ялалт байгуулаад гараад ирсэн намыг ингэх учиргүй, ёсгүй гэж зүтгэж, хийрхэж, улайран мугуйдлах үзэл монголчуудын хэнд ч үгүй. Гагцхүү шударга үнэн, ил тод, булхай луйваргүй сонгууль болж чадаж гэмээнэ үр дүнг нь хэн ч гэсэн хүлээн зөвшөөрөөд, бүрэлдэн бий болсон төр, засгаа хүндлэн дээдлээд явах оюун санааны уламжлал бидэнд бий.

СЕХ-ны хийж байгаа бэлтгэл, автомат төхөөрөмжийн үзүүлэлт, найдвартай, шуурхай байдлын тухай Ч.Содномцэрэн даргын танилцуулга надад лав итгэл төрүүлсэн. Харин УБЕГ-т Л.Амарсанаа даргын хийгээд байгаа бүтцийн өөрчлөлт, халаа сэлгээ, арай ядан нэгтгэж төвлөрүүлсэн бүтцийг дахин задалж байгаа зэрэг учир тайлбаргүй үйл явдлууд нийгэмд аль хэдийнэ хардлага сэрдлэг төрүүлж амжаад байгаа. Н.Лувсанжав даргаас энэ талаар ямар бодолтой явааг нь сонирхвол, “Тэр манай асуудал биш. Бүртгэлийн байгууллага хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийн төлөө ямар арга хэмжээ авах нь тухайн байгууллага, хариуцсан сайд, Засгийн газрын асуудал” гэж хариуллаа. Гэвч иргэний бүртгэлийн цаана давхар баталгаажиж буй сонгогчдын бүртгэл эднийд огт хамаагүй гэж бодохгүй яваа над шиг хүмүүс цөөнгүй л байх.

Энэ сарын 3-ны Пүрэв гаригт УБЕГ-ын дарга Л.Амарсанаа хуулийн дагуу сонгогчдын нэрсийн жагсаалтыг СЕХ-нд хүлээлгэн өгсөн юм. Тэр өдөр болсон Хууль зүйн сайдыг огцруулах, эсэх тухай асуудлыг хэлэлцсэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр З.Энхболд гишүүн, “Ц.Нямдорж, УБЕГ-ын дарга Л.Амарсанаа хоёрыг огцруулахгүй бол сонгууль шударга болохгүй шүү” хэмээн парламент дахь МАН-ын бүлгийн гишүүдэд сануулж байлаа.