Ч.Дамдиншарав: Би алтан үеийн тамирчин, мөнгөн үеийн дасгалжуулагч хүн
“Ярилцъя” булан шинэ зочныхоо хамт уншигч тантай мэндчилж байна.
-Миний ярилцлагын зочноор чөлөөт бөхийн фигур нэг ч удаа оролцож байгаагүй. Энэ төрлийн нэрт дасгалжуулагч, өмнөх нийгмийн алдартай тамирчин явсан та анхны зочин болж байгаад баярай байна?
-Баярлалаа. Өөрийн тань ярилцлага, нийтлэлүүдийг талархан унших дуртай уншигчийн хувьд тантай нүүр тулж, ярилцлагын тань зочин болж байгаа маань сайхан санагдаж байна.
-Та Өвөрхангай аймгийн Гучин-Ус гэдэг суманд төрсөн хүн юм билээ. Нэр нь их содон юм. Яг ямархуу газар вэ. Таны төрж өссөн гэр бүл бас их сонирхол татаж байна. Тэр айлаас хоёрын хоёр гавъяат хүү төржээ?
-Манай аймаг бол говь хангай хосолсон өвөрмөц сайхан нутаг л даа. Манай Гучин-Ус бол говь талд нь хээрийн бүсэд нь оршдог газар. Тогтоцын хувьд тал нь хээрийн бүс, тал нь говь гэсэн үг. Ах нь аргуйн голын усыг ууж, ундаалж өссөн хүүхэд л дээ. Манай сум бол хэзээнээсээ мал ихтэй, хүн ам ихтэй газар.Үндсэндээ бол Өвөрхангай аймгийн баруун талын сумын дундын төв нь байсан. Сургууль соёл, эмнэлэг манай суманд л төвлөрсөн. Сум дундын эмнэлэгтэй, сургууль нь тэр бүсдээ хамгийн том нь байсан болохоор тал талаас хүүхдүүд ирж суралцдаг. Энэ утгаараа манай сум үнэхээр том сум байсан. Нөгөө талаар бөхөөр бол манай сум хэзээнээсээ монгол улсын түүхэнд алдартай сум. Манай сумаас монгол улсын арслан Жалдангийн Цоодол гэж сайхан бөх төрсөн. Саяхан бурхан боллоо. Үнэхээр гайхамшигтай бөх байсан. Сайхан ч өндөр насаллаа. За тэгээд, улсын начин Чулуунбаатар, улсын начин Адъяатөмөр гээд хэд хэдэн сайхан начин төрсөн ийм нутаг байгаа юм.
-Танай удамд бөхийн ямар улбаа байна?
-Манай удамд гэх юм бол миний эцгийн төрсөн дүү нь Цагаанхоовон гэж 1940 өөд оны үед барилдаж байсан хүн байгаа. Өмнөговь аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цол авч байсан. Тэр ах маань 2000 онд бурхан болсон. Миний эхийн талд Гончигийн Даваажал гэж аймгийн заан хүн байсан. Их хүчтэй, бие бялдар сайантай, биднийг хүүхэд байхад хамт ноцолдож, мэх зааж сургаж байсан сайхан хүн байгаа.
-Хоёр талын удамтай юм байна?
-Тийм ээ. Хоёр талаасаа удамтай.
-Эцэг эхээс хэдүүлээ вэ?
-Наймуулаа. Дөрвөн хүү, дөрвөн охинтой айл. Дөрвөн хүү нь дөрвүүлээ бага зэрэг ноцолддог. Миний ах бол Батдорж гэж чөлөөт бөхийн улсын аваргад гурав дөрвөн удаа зодоглож, мөнгөн медаль хүртэж байсан, спортын астер хүн байдаг. Дараагийнх нь би. Миний удаах дүү Насантогтох. Хамгийн бага дүү Гэндэнжав гэж бий. Бас л ноцолдож байсан. Хүү нь бас барилдаж байна.
-Тэр үед хүмүүс үндэсний бөх л гэж хошуурхаас чөлөөт бөх гэж төдийлөн нарийн мэддэггүй байсан. Дэлхийн сонгомол бөхийн уламжлал манай оронд байгаагүй. Яагаад та дүүтэйгээ хоёул хоёулаа тухайн үедээ шинэ энэ төрлийг сонгож хичээллэх болсон юм бэ?
-Би сумынхаа долоон жилийн дунд сургуулийн сурагч байсан юм. Манайх олон хүүхэдтэй айл байсных ч юм уу бид жаахан дэггүй хүүхдүүд байсан. Гэхдээ энэ дэггүй гэж дүгнэж байгаа байдал маань одооны хүүхдүүдийнхтэй харьцуулшгүй л дээ. Нэг тийм цагаан сахилгагүй хүүхдүүд л байсан. Тэр хавийн айлуудынхаа үхрийг их сүүлдэнэ. Адуу малтай ноцолдоно. Хөдөөний улсууд айхтар шүү дээ. Тэгээд манай аав ээжийг загнадаг байсан л даа. Наад хэдэн хүүхдээ жаахан дэгтэй байлгаач гэж. Аав ч тэрийг нь нэг их авч хэлэлцэхгүй. Нас нь ойрхон олон бандитай хүн болохоор хооронд нь их ноцолдуулна. Тэр байдлаас болоод манай багийн, манай үеийн хүүхдүүд манай гадаал байж байдаг байсан. Үндэсний бөхөөрөө л барилдана шүү дээ. Тэр үеийн улс чөлөөт бөх гэж юугаа мэдэхэв. Ингээд 1960 онтой золгож, би хотод Худалдааны техникумд оюутан болж ирсэн. Үндэсний бөхийн секцинд хоршооллын нийгэмлэг дээр явж байгаад дараа нь 1961 оноос эхлээд чөлөөт бөхийн секц гэдэг юм үүсч, анх гавъяат багш Цэрэндагвын шавь болн хичээллэж эхэлсэн түүхтэй л дээ.
-Найм төгсөөд л хотод хүрээд ирж байгаа байдал уу?
-Долдугаар анги төгсөөд л ирж байгаа юм.
-Худалдааны техникумын нийтийн хоолны ангид оюутнаар анх элсэж ирсэн юм билээ. Их сонин санагдсан. Тухайн үед сумандаа хамгийн мундаг сурсан хүүхдэд л техникумд явах боломж олддог байсан гэдэг. Энэ жамаар л хувиараа авч байв уу, эсвэл өөр түүхтэй юу?
-Тэр үед чинь хувиар гэж юм байгаагүй ээ. Гэхдээ л хүүхдүүд төгсөөд хот явчихдаг байсан. Би аймгийн арван жилд суух ёстой боллоо. Үе тэнгийн хүүхдүүд цугаараа хот явчихдаг. Жаахан тийм санагдаад байсан. Тэгээд л ерөөсөө хот орон орж учраа олно. Хоолондоо хүрээд ээж ааваа тэжээнэ гэж шийдээд л хот явсан. Ямар ч хувиар мувиар байхгүй, долоогийн гэрчилгээгээ өвөртлөөд л хот явсан. Ингэж ирээд Худалдааны техникумд орсон. Гэхдээ хоолын анги энэ тэрд орж байгаагаа мэдээгүй. Нэг мэдсэн л хоолны ангид орчихсон тууж явсан. (инээв) Ингээд дөрвөн жил оюутан жирийлээ. Манай анги таван эрэгтэй, гучаад хүүхэнтэй анги байсан.
-Нийтийн хоолны мэргэжлээр дөрвөн жил суралцаад төгсч. Харин тэндээс өөртөө юу олж авсан бол?
-Европ хоолны урлагтай ямар ч байсан нэлээн сайн танилцсан. Тэгээд сүүлдээ төгсөх анги руугаа ороод бөхөө хөөгөөд шударгаар хэлэхэд бөхийнхөө буянгаар л сургуулиа төгссөн дөө.
-Хөгжилтэй түүх юм. Сүүлд та Биеийн тамирын дээд сургуулийг дасгалжуулагч мэргэжлээр төгссөн юм билээ. Ёстой мөрөөдлийнхөө сургуульд сурсан нь энэ биз дээ?
-Тэгэлгүй яахав. Ер нь л тэгээд миний хувь тавилан бөхөө л дагаж эргэсэн дээ.
-Цэрэндагва гэдэг тэр багш тань өөрөө чөлөөт бөхийн талаар хэр мэдлэгтэй хүн байсан юм бэ?
-Манай багш Болгарт бөхийн сургууль төгссөн хүн шүү дээ. Зан чанарын хувьд ч маш том хүн байсан даа. Биднийг их бага, том жижиг гэлтгүй хатуу диктатураар л хүмүүжүүлсэн. Үнэхээр сайхан буянтай хөгшин байсан.
-Улсын шигшээ баг гэж нэг байгууллага байдаг. Та бол тэр багт тамирчнаас, ахлах дасгалжуулагч хүртэл амьдралаараа холбогдсон хүн юм билээ. Энэ байгууллага тухайн цагтаа яг ямар байгууллага байсан юм. Одоо юу байгаа юм гэсэн асуултыг тавьж болох уу?
-Чөлөөт бөх дөнгөж хөгжиж эхэлж байсан үе. Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Улсын шигшээ баг байгуулагдаж байсан түүхтэй л дээ.1963 онд анх манайх дэлхийн аваргын тэмцээнд орсон. Олимпын хороонд мөн тэр онд элссэн. Яг анхны шигшээ багийнхан бол бид биш. Ж.Мөнхбат, Сэрээтэр гээд манай ахмад үеийн хэд байдаг. Х.Баянмөнх бид нар бол хоёдугаар үед нь анх шигшээ багийн тамирчин болж байсан. Тэр маань эцсийн эцэст олимп, дэлхийн аваргаас л медаль авах зорилготой бйгуулагдаж байсан шигшээ. Чөлөөт бөх, бокс гээд цөөхөн төрөл дээр байгуулагдсан. Энэ үед нь тамирчин болж орсон.
-Арван жил та тамирчин байсан юм билээ?
-1962-1972 он хүртэл тамирчин байсан. Дараа нь дасгалжуулагчийн ажилд шилжсэн.
-Тамирчин хүн дасгалжуулагч болж хөрвөхөд ерөнхийдөө хялбар байдаг юм уу. Харж байхад бүгд тиймэрхүү замналаар явсан байх юм?
-Ер нь бол тамирчин хүн гэдэг ганцхан өөрийнхөө толгойгоор өөрийгөө л мэддэг хүн. Бэлтгэлээ хийх, биеэ бэлтгэх бүх зүйл багшийн удирдлаган дор өөрийгөө даах л асуудал байдаг. Дасгалжуулагч гэдэг бол тамирчнаас асар ондоо сэтгэл зүйн ачаалалтай, тэс өөр үүрэг, функцтэй хүн. Дасгалжуулагч хүн морины уяач хүнтэй яг адилхан. Өдөр шөнө гэж байхүй, цаг хугацаа гэж байхгүй. Тамирчин хүн зөвхөн өөрийнхөө төлөө зүтгэдэг бол дасгалжуулагч хүн гучин хүнтэй бол гучин хүнийхээ төлөө л явна. Тэр дунд чинь цөмөөрөө зохих боловсролыг олчихсон, сургууль соёл дүүргэчихсэн хүн байна эж үгүй ш дээ. Боловсролын хувьд янз бүрийн төвшний тамирчид байна. Тэр бүгдтэй л зохицож, тааруулж ажиллах шаарлагатай. Бие бялдарын хувьд, сэтгэл зүйн хувьд, зан аашны хувьд хүн тус бүр ондоо, тэр болгонд багш дасгалжуулагч хүн хувирч, зохицож ажиллах ёстой болно.
-Улсын шигшээ гэдэг энэ айл хэзээ их хүчирхэг явсан, бас одоо ямархуу өнгө төрхтэй айл юм бэ?
-Манай спорт сонирхогчид ярьдаг л даа алтан үеийн, мөнгөн үеийн гэж үечилж байгаад. Тэр дагуу авч үзвэл алтан үеийнхэн маань 1963 оноос хойш 1971 он хүртэл явсан гэж хэлж болно. Анхны шигшээгийнхэн шүү дээ. Анхны амжилт нь 1968 оны олимпийн амжилт байсан гэж үзэж болно. Тэгээд тэр үе маань 1970, 1973 он хүртэл үргэлжилсэн.
-Одоо тэгэхээр хүрлийн үедээ явж байна гэсэн үг үү?
-Одоо үндсэндээ ямар нэгэн үе гэж хэлэхэд хэцүү байдалд байна л даа. 1977 он болтол манай хамгийн дээд амжилт бол хоёр үе л байдаг юм. 1968 он, 1978 оны дэлхийн аваргад Х.Баянмөнх, З.Ойдов нар мөнгөн медаль авч, хоёр хүрэл авсан үе байдаг юм. Энэ бол оргил үе. Тэгээд 1978 оноос хойш хоёрдугаар үе эхэлсэн гэж үздэг.
-Эдийн засгийн дэмжлэгээр төр засгийн бологод багтаж явсан гэдэг үзүүлэлтээр үнэхээр хүчирхэг байж чадаж байсан юм уу. Аз завшаан тохиож байсан л үе юм уу?
-Улсын шигшээ багийн тамирчдыг хоол унд, цалин, тэмцээний зардал бүх юм нь улс даадаг байсан. Энэ утгаараа тухайн үеийн тамирчид ар талдаа зовох зовлонгүй л байсан.
-Та бол алтан үед багтах уу?
-Би алтан үеийн тамирчин, мөнгөн үеийн дасгалжулагч юм болов уу. Яагаад мөнгөн үе гэхээр 1978 онд би шигшээгийн дасалжуулагч болсон юм. Тэрнээс хойшх хугацаанд манай тамирчид олип, дэлхийгээс арав гаруй медаль авсан. Дандаа мөнгөн медаль өнгөлж байсан. Тийм болохоормөнгөн үе гэж үздэг.
-Энэ жил манайх жудо бөхөөр олимпоом анхны алтан медалиа авчирлаа. Бокс, буудлагынхан гайхамшигтай амжилт байгууллаа. Үндсэндээ олимпийн жил байлаа. 44 жил хүлээсэн алт гэж манайхан их ярьлаа. Яг төдий хугацааны турш хүлээсэн юм уу. Энэ тоо яг ямар тоо юм бэ?
-Би энэ талаар үнэхээр тодорхой хариу хэлмээр байна. Яагаад гэвэл тамирчин байсан, дасгалжуулагч явсан, одоо ч энэ ажлаа хийж байгаа хүний хувьд. Энэ бол 44 жил үлээсэн амжилт биш. 44 жилийн өмнө Японы Токиод болсон олимпод монголын тамирчид анх удаагаа орсон. Энэбол амжилтгаргах гэж биш, монгол улс гэж ийм нэг улс энэ дэлхий дээр байдаг гэдгийг л илэрийлэх гэж орлцсон явдал. Монгол улс НҮБ-д элсээд дөнгөж хоёрхон жил болчихсон байсан. Монголоо дэлхийд танилцуулах гэж л очсон. Юун амжилт төлөвлөх. Тийм юм байгаагүй. Тусгаар тогтносон Монгол улс гэж орон байдаг гэж, далбаагаа өргөж харуулах гэсэн л хэрэг. Юун медаль авах. 1967 онд Энэтхэгт болсон дэлхийн аваргаас манай Ж.Мөнхбат аварга анхны дэлхийн медалийг авсан. Олимпийн өмнөх жил авсан учраас манай тухайн үеийн удирдлагууд манайх дэлхийгээс анхны медалийг авчихлаа. Хойтон ганц медаль авмаар байна гэж дуугарч эхэлсэн. Алтан медаль ч гэж хэлээгүй. Олимп гэдэг чинь дэлхийн аварга биш шүү дээ. Дөрвөн жилд нэг удаа болдог. Дэлхийн шилдгийн шилдгүүд цуглардаг, асар том дэвжээ.
-Тэгээд хэдэн жил хүлээсэн алтыг авчихсан болж таарав аа?
-1968 оны олимпоос Ж.Мөнхбат мөнгө аваад, бидний гурван бөх хүрэл медаль авсан. 1972 онд Мюнхенд болсон олимпод ороход л за нөхөд минь бид мөнгийг нь авлаа, хүрлийг нь авлаа. Одоо заавал алтан медаль авна шүү гэж зорилго тавигдсан. Тэгэхээр 36 жилийн өмнө л алт авах зорилгоо зоосон гэсэн үг. 36 жилийн өмнө анх монголчуудын мөрөөдөлд алтны тухай ойлголт бодитойгоор орж ирсэн гэсэн үг.
-Та бол олимп гэдэг тэр агуу дэвжээнээс хамгийн анхны медалийг авч, эх орныхоо нэрийг эхэлж дуудуулсан тамирчин хүн. Уучлаарай, гэвч одоо тэр гавъяаг тань хүмүүс бараг мартжээ. Энэ жилийн алдарт дуулианы үеэр хамгийн анх олимпын медалийг энгэртээ зүүсэн таныг хэр дурссан бэ?
-Төр засгаас монгол хүн олимпоос анхны медалийг авчирсан 40 жилийн ойг тохиолдуулж тухайн тамирчдыг шагнаж урамшууллаа. Артаг маань бурхан болчихсон. Амьд сэрүүн байгаа улсууд нь бүгд л авдаг цол юмнуудаа авцгаасан. Намайг үлдээчихсэн байсан болохоор та зориуд асууж байх шиг байна. Тэр үед яасныг би сайн мэдэхгүй юм. Өнгөрсөн намар төр засгаас миний хөдөлмөрийг үнэлж Ардын багш цолоор энгэрийг маань мялаалаа. Ах дүү, амраг садан, шавь нар, нутаг усныхан, бөхөд хайртай түмэн олон маань их л баярлах шиг санагдсан. 2004 онд би тэтгэвэртээ суусан шүү дээ.
-Гавъяат гэдэг цолыг та их эрт авсан байх. Энэ шагнал бол олимпийн тэнгэрт монголын нэрийг анх дуудуулж, монгол тамирчин хүзүүндээ олимпийн хүрэл медаль гэдэг юмыг зүүж чадсан амжилтыг тань шагнасан явдал уу?
-Тийм байх. Бид дөрвүүлээ лдчихээд байж байсан л даа. Хамгийн эхлээд би медаль аваад ороод ирэхэд нөгөө гурав маань байдгаараа барайчихсан, тонгойгоод сууцгаачихсан, надтай үгийн солиогүй, анхаарах сөгөөгүй амьтад сууж байсан. Сэтгэл зүйн хувьд бид их хэцүү байсан л даа. Тэгснээ гэнэт намайг анзаарсан. Намайг медаль авчихлаа гэнгүүт манай Мөөёө хана шаагаад босоод ирсэн. За, тэгвэл бүгдээрээ одоо гараад алаад өгнөө. Ямар ч байсан чи анхны медалийг авчихлаа шүү дээ гээд л бөөн хөөр болцгоосон. Тийм үед хүн хар толгойгоо бодохгүй шүү дээ. Эх орноо л бодно. Яанаа, бид медальд хүрч чадахгүй буцвал яах вэ гэсэн айдас. Тэр дарамт нь миний амжилтаар алга болж, нөхөд маань хүч чадлаар зангирах агшныг харах л надад хамгийн сайхан байсан.
-Тэр чинь их дээр үе шүү дээ. Та нар төрийн далбаагаа авч очсон байсан уу?
-Авч очсон байсан. Олимпын тэнгэрт хамгийн анхны удаа төрийн маань далбаа тэнд намирсан. Маргааш нь Мехикод дөрвүүлээ гудамжаар алхаж явахад бусад орны тамирчид та нар аль монголынх юм бэ. Хятадын уу, эсвэл Оросын уу гэж асууцгааж байсан. Бид нар чинь ом огшчихсон. Чингисийн монгол оо л гэж хариулцгааж байсан. Эргээд санахад сайхан байна.
-Тухайн үед Чингис хааны нэрийг дурсах хориотой байсан шүү дээ. Мөн аймшиггүй улс аа?
-Өө, медаль авчихсан, аа нь багтажядаж явахгүй юу. (инээв)
-Та нар хэдүүлээ явж байв. Багш тань хамт явсан уу. Анх олимпийн медаль гэдэг юмыг барьж үзэх ямар байв?
-Олимпийн медалийн болзол хангачихаад яг тэр агшиндаа бол би баярлаж мэдэхгүй байсан. Өнөөгийн байдалтай харьцуулаад бодохоор бидэнд ч тийм сэтгэл зүй байсангүй дээ. Ямар хэмжээний ялалт байгуулж, ямар зиндаанд очиж, юу хүзүүнээсээ зүүж байгаагаа мэдрэхтэй үгүйтэй тууж явж дээ. Манай ард түмэн ч нэг их ойшоож бодоогүй байх. Дөрвөн медаль аваад ирэхээр олимп ч гэж мэдээгүй байх. Гадаадын нэг тэмцээнээс юм уу, эсвэл дэлхийн аваргаас л дөрвөн медаль аваад ирж гэж бодсон байх. (инээв) Би яагаад ингэж бодож явдаг вэ гэхээр нэг юм ярья. Тэгээд биднийг ирэхэд Артаг бид хоёрт дөрвөн мянган төгрөг, хөдөлмөрийн хүндэт медальтай өгөөд, тэгсэн мөртлөө тавдугаар байрт орсон хүнд гавъяат өгөөд л явчихсан.
-Ямар сонин юм. Яагаад тэгж гадуурхсан юм бол. Хүрэл медаль авсан тамирчид нь зогсч байхад тавд орсон хүнд гавъяат зүүж өгнө гэдэг бол аймаар муухай басамжлал биз дээ?
-Ёстой ангайгаад хоцорч байсан. Тэр үеийн төр засгийн бодлоо нь юм уу, ямар учиртай байсан юм бүү мэд. Одоо болтол гайхаж боддог л юм. Үзэмжээрээ л хандсан явдал байх.
-Та яг олимпийн хүрэл медальт тамирчин хүн гэдгээрээ хэзээ яг эрэмшиж, бахархаж байсан бэ. Залуу ч байсан байх. Дахиад ч авчих юм бодсон байх. Тухайн үедээ бол өөрөө ч нэг их тоогоогүй юм байна ш дээ?
-Хүн болгоны хүзүүнд зүж өгдөг алдар биш юм байна гэдгийг үндсэндээ дөрвөн жилийн дараа, дараагийн олимпийн үед л бодсон доо. Олимпийн мдаль гэж үнэтэй цэнтэй эд байдаг юм байна. Хүсэхийн зоргоор хүртчихдэг зүйл биш юм байна, зүгээр нэг дэлхийн аваргын медальтай зүйрлэх алдар биш юм байна гэж тэр үед л ойлгож байгаа юм л даа. Артаг бид хоёрт тэр гавъяат гэдэг юмыг өгөх ёстой тэр үед нь өгчихсөн бол тамирчин хүний хувьд сэтгэл зүй маань улам л хүчирхэгжих, магадгүй дараагийн олимпод амжилт байгуулчих энергийг авах ч байсан байж мэдэх л юм.
-Хэдэн онд та тэр цолыг хүртсэн юм бэ?
-1971 онд. Олимпоос хойш гурван жилийн дараа. Намайг алдар нийгэмлэгт дасгалжуулагчаар авсан. Тэр үед Батлан хамгаалах яам буюу цэргийн байгууллага тодорхойлж байж надад гавъяат өгч байсан. Тэгээгүй бол 1990 оны ардчилал золготол байж л байх байсан болов уу.
-Алдар гэж нийгэмлэгтэй таны амьдрал салшгүй холбоотой юм байна. Одоо энэ нийгэмлэг байгаа юу?
-Байнаа. Би 1970 онд хүнд гэмтэл аваад нэг жил барилдаагүй. Тэгээд надад дасгалжулагч болох томилолт өгөөд Алдар луу явуулсан. Тэнд очоод би зүгээр суугаагүй л дээ. Олон сайхан аавын хүүг бөхийн спортоор хичээллүүлэх нөр их ажилд шамдан орсон. Цэргийн алба хааж байгаа бөхчүүдийг гурван жил нүдэхэд сайхан сайхан бөхчүүд төрдөг л байлаа. Энийг би амьдралаасаа баталсан. Би армид их баярлаж явдаг юм ш дээ.
-Нээрээ Мөөеө аварга мөнгө авчихаад яаж байв. Та нар олимпийн медаль авчихаад тэрийгээ яаж тэмдэглэж байсан бол?
-Тэмдэглэхийг мэдэхгүй шүү дээ (инээв) Эрхбиш баярлаж л байсан байлгүй дээ. Тэр үе чинь өөсдөөрөө бахархаж мэддэггүй нийгэм байсан шүү дээ.
-Одоо таны хаана ажиллаж амьдарч, юу хийж явааг спорт сонирхогчид сайн мэдэхгүй байж магадгүй ?
-Би Мөөеөгийн “Их шавь” дээд сургуульд багшилдаг. Миний албан ёсны харъяалал бол энэ сургууль. Яг одоо бол түр чөлөө аваад Өвөрмонголд эмчлүүлж байна. Эрүүл мэндийн хувьд тэгэх шаардлага бас гараад. Завсар зайгаар нь Өвөрмонголын бөхчүүдтэй бас ажиллаж л байна. Би уушигны хорт хавдар тусаад үхлүүт энд ирсэн.Өмнө нь ерээд оны эхээр Хөх хотод би гэрээгээр багшилж байсан юм. Тэгээд эндэхийн биеийн тамирын хороо миний бие муудсаныг дуулаад өөрийн хөрөнгөөрөө энд авчирч эмчлүүлээд, гурван сар эмнэлэгт хэвтүүлж байж намайг хүн болгосон. Дараа нь 2004 онд зүх маань муудаад хүнд байхад бас шууд дуудаад авчирч эмчлүүлсэн. Өдий болтол амьд мэнд байлгаж байгаагийн ачийг санаж, монгол үндэстнийхээ хувьд эдэнтэй хамтран ажиллах харилцаа байлгүй яахав. Эрүүл мэндийн хувьд бас хяналтад байх шаардлага байна. Үүнийг маань зарим нэг хүмүүс Дамдиншарав Хятадын бөхчүүдийг дасгалжуулж, монголчуудын эсрэг ажиллаж байна гэх мэт яриа гаргасан л байдаг юм.
-Гомдоод явчихсан л гэж дуулж байсан. Харин тэр Хятадын бөхийг дасгалжууллаа энэ тэр гэдэг бол дэмий яриа байна?
-Гомдоод явсан юм огт байхгүй. Эрүүл мэндийн шалтгаан л байсан. Намайг “Сэрүүлэг” сонин дээр Хятадад үнэтэй хауст амьдарч, өндөр цалин авч байна гээд. Би аваад хадгалчихсан.
-Таны үнэтэй хаусыг харж байнал даа?
-(инээв) Яахав ийм нэг жижиг хоёр өрөөнд амьдарч байна. Хаус байна уу, юу байна та өөрөө харж байна шүү дээ.
-Шавь гэдэг ойлголт дасгалжуулагч, багш хүнд эрхэм зүйл байдаг байх. Медалийн тоог тоолдоггүй л гэдэг юм билээ. Би танаар шавь, медаль хоёрыг тань нэг тоолуулчихмаар байх юм?
-Би нэг их олон медалгүй ээ. Улсын аваргын, олимпийн, ганц нэг гадаадын тэмцээний медалууд бий. Бидний үед чинь тийм ч олон тэмцээн болдоггүй байлаа. Азийн аварга гэж жишээ нь байсангүй ээ. 50 гаруй медаль байна. Үүний маань 40 нь миний дасгалжуулагчийн хувьд хүртсэн медалиуд байдаг. Шавь нарын минь надад авч өгсөн медалиуд юм даа.
-За, за олимпийн хүрэл медаль байхад өөр медалиар ч нээрээ яах вэ дээ. Шавь?
-1000 гаруй шав байна. Бөхийн шавь нар шүү дээ. Дунд нь би нэг шигшээгээс хөөгдөж яваад дөрвөн жил Техникийн их сургуульд багшлахдаа тэнд маш олон шавьтай болсон. Техникийн х сургуулийн шавь нар маань одоо хаа сайгүй л байна. Надад их юм сургасан газар шүү. УИХ-ын гишүүн асан Авдай гэдэг хүн намайг шигшээгээс хөөгдчихсөн байхад авна гэж байгаад авч байсан юм.
-Шигшээгээс хөөгдсөн гэх баримт их эмзэг түүх бололтой. Монголын чөлөөт бөхийн 40 жилийн түүхэнд гол дүр байж ирсэн хүний нэг, алдарт Дамдиншаравыгаа яагаад хөөж орхисон хэрэг вэ?
-Манай бөхийн түүхэнд шигшээгээс хөөгдсөн хоёрхон дасгалжуулаг байдаг юм. Нэг нь Магсар багш. 1978 онд намын төв хорооны тогтоолоо хөөгдсөн. Нутаг заагдаж танай Булган аймагт бас ажиллаж байсан. Нөгөө нь би 1986 онд бас шигшээгээс хөөгдөж байсан. 1985 онд Унгарт болсон дэлхийн аваргын тэмцээнд монголын баг хоёр мөнгө, нэг хүрэл медаль аваад, багаараа дөрөвт ороод ирсэн. Энэ амжилтын дараа би ажлаасаа хөөгдөж байсан юм даа. Миний амьдралын гашуун л дурсамжийн нэг.
-Яагаад тэгсэн юм бэ?
-Тэр үед холбооноос санал оруулаад л, намайг заавал өөрчлөх шаардлагатай гээд л дайрчихсан. Багийн дүн буруу гаргасан гэдэг шалтгаан ярьдаг юм. Тэгээд намайг хөөсний нь дараа дэлхийн холбооны бүх бичиг мичиг нь гарч, монголын баг дөрөвт орсон гэсэн баталгааг гаргаж байсан. Тэр нь байдаг юм. 1978 оноос олон залуусыг шигшээ багт аваад хичээллэсэн. 23-25 насны гоё ч залуучууд байсан. 1988 оны олимпоос олон ч медаль авахаар тохироо нь бүрэлдсэн тийм баг байсан. Яахав дээ миний ажлыг авах сонирхолтой манай нэг дархан аварга том бөх байсан. Нэрийг нь хэлээд яахав. Манай тэр холбооны дарга нь сангийн яамны сайд байсан. Тэр хоёр нэг нутгийн улсууд л даа. Хүссэнээ хийсэн. Миний ажлыг шууд булааж авсан. 1986 оноос хойш дэлхийн аваргаас гурван медаль авч ирж байсан түүх өнөөдрийг хүртэл гараагүй. Гурван медаль байтугай нэг медаль тун цөөхөн авсан. Би өөрийгөө сайн гэж дөвийлгөж байгаа юм биш. Шударгаар хэлэхэд тэрнээс хойш манай монголын чөлөөт бөх уруудсан.
-Өөрийн голдирлоороо хөгжөөд явж байсан зүйлийг хэдэн нөхдүүд нутгархаж эзэлж аваад тараагаад хаячихсан гэсэн үг үү. Таны ажил тийм амттай бялуу байсан юм уу?
-Тэр үед гадаад явна гэдэг өөрөө том асуудал байсан.Улаан-Үд явахад л намын төв хорооны тогтоол гарч байж явдаг байсан үе шүү дээ. Гадаад явах сонирхолтой, бас нөгөө талдаа монголын баг сайхан залуужлаа, жигдэрлээ гэдгийг мэдсэн, тооцсон нэг нутгийн хэсэг бүлэг хүмүүс л зохион байгуулж намайг хөөсөн л дөө.
-Увсынхныг хэлж байна уу?
-Тэгж байна. Гэхдээ би Техникийн их сургуульд ирээд муу яваагүй. Ганцхан бөхийнхөө халуун амьсгалаас холдож сэтгэлээ жаахан шархлуулсан.
-Шигшээгээсээ хөөгдсөн тэр сэтгэлийн шарх тань одоо эдгэсэн биз дээ?
-Эдгэсэн.
-Эргээд хэзээ шигшээдээ очив?
-1998 онд очсон. 12 жилийн дараа, маш хүнд үед очсон. Шигшээ үндсээрээ өөрчлөгдчихсөн байсан. Дэлхийн аваргад явах гэж 20-хон хоногийн бэлтгэл хийгээд л явдаг. Тийм юм хаа ч байхгүй шүү дээ. Хүндэрчихсэн байсан. Би их ч ядарсан. 1998-2004 оны хооронд үнэхээр зовсон. Эргээд босгоод ирэх гэж чин сэтгэлээсээ хичээсэн. Үнэхээр хөрөнгө мөнгө, төр засгийн дэмжлэггүй бол явдаггүй юм билээ.
-Таны хамгийн алдартай шавь хэн бэ. Бс хамгийн их хайрыг тань татдаг, өв тэгш төрсөн гэж үздэг шавь тань хэн бэ?
-Олон шавьтай хүн шүү дээ. Алийг нь хэлж, алийг нь үлдээ билээ. Миний нэг хайртай шавь байсан. Оюунболд гэж бөх байсныг та мэдэх байх. Олимп дэлхийн хос медальтай бөх л дөө. Тэр тамирчин бол онцгой авъяастай хүн байсан. Дуучнаар бол Н.Норовбанзад гуай шиг онцгой төрсөн хүн байсан юм даа. Авъяасын хувьд онцгой юм тээж төрсөн гоц хүн байлаа. Олимп, дэлхийн аваргаас хос медаль авч ирчихээд байхад л гавъяатыг нь өгөхгүй байсан. Гутарсан, санаа сэтгэлийн хямралд орсон. Тэгж яваад залуугаараа буцсан даа. Бид хөөцөлдөж зөндөө гүйгээд өгөөгүй. Олимп дэлхийн ос медальтай бөх хүн шүү дээ. Ямар хатуу нийгэм байсан байна вэ. Би ерэн оны ардчилалд чин сэтгэлээсээ талархалтай ханддаг хувьсгалт намын гишүүн хүн. Оюунболд маань сайн бөхөөс гадна сайн дасгалжуулагч болсон. Олон сайхан хүүхдүүдийг бэлтгэж өгөөд 2001 онд бурхан болсон. Хүнийхээ хувьд ямар өвөрмөц хүн гэж бодно. Зан чанарын хувьд ч гайхамшигтай. Ялагдсан ч хэлэх үггүй болтол гайхамшигтай барилдааныг үзүүлээд л буудаг. Ялагдал нь хүртэл тийм хайрлам бөх ховор шүү. Миний гарын шавь нараас хамгийн өвөрмөц нь энэ маань юм даа.
-Үндэсний бөхчүүдээс хэн нь?
-Цэрэнтогтох аварга л хамгийн нэр алдарт хүрсэн нь байгаа юм. Зүүнбаянгийн цэрэг юу ч мэдэхгүй хүүхэд ирээд зургаа долоон жил нухуулж байж бөх болсон. Цэрэнтогтох бол маш авъяаслаг бөх. Эхний нэг жил бол огт мэдрэгдээгүй. Хоёр дахь жилээс бол хэн болохоо харуулж эхэлсэн бөх дөө. Үнэхээр олон түрүүлэх бөх байсан. Гурван удаа маш хүнд осолд орсны улмаас бэртэл авч, тэр нь амжилтад нь нөлөөлсөн. А.Сүхбатаас ч илүү мэдрэмж Цэрэнтогтоход байсан.
-А.Сүхбат аваргаас илүү гэж үү. Та нутгархаж байгаа байлгүй дээ?
-Тийм биш дээ. Үнэхээр гайхамшигтай барилдаантай бөх шүү дээ. Тэр үеийн бичлэгүүд олдвол үзэхгүй юу.
-Д.Сумъяабазар аваргатай та ямар харилцаатай вэ?
-Миний гарын шавь л даа. Зургадугаар ангид байхад нь нагац ах нь надад авчирч өгч байсан. Д.Сумъяабазар бол бие бялдар, физиологийн хувд байгаль эхээс гайхамшгийг авч төрсөн аварга шүү дээ. Тусгай төрчихсөн амьтан. Гэвч үзүүлэх амжилтаа бас үзүүлж чадаагүй.
-Та нэг удаа монгол бөхөд хоёр Мөнх гай ч тарьсан, гавъяа ч байгуулсан гэж хэлсэн. Үнэхээр тэдний төвөгтэй харьцаа өөрсдийн болоод дараагийн үедээ, тэр бүү хэл манай үеийн хэдэн сайхан бөхчүүдэд ч гай тарьсан гэдэг. Б.Гантогтох, А.Сүхбат, Д.Сумъяабазар, Д.Цэрэнпунцаг, Г.Өсөхбаяр эдний амжилтад ч нөлөөлж байсан гэж үнэн үү?
-Бараг л ортой доо. Баримжааны л дүгнэлт байна. Одоо бол жаахан өөр болсон байх. Гэхдээ би үндэсний бөхийнхнөөс хол байдаг.
-Та нэгэнтэй хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хоёр Мөнх монгол бөхөд гай ч болсон, гавъяа ч байгуулсан” гэж хэлсэн?
-Хэлсэн. Нэг гэрт амьдарч, нэг тогооноос хоол идэж явсан гурвын хувьд би тэр хоёрын талаарх үнэнийг л хэлсэн. Тэр нь тэгчих болов уу, энэ нь ингээд юм саначих болов уу гэж хэнээс нь ч цэрвэдэггүй. Гэхдээ би тэр хоёр домогт аваргуудыг хүндэтгэж явдаг.
-Н.Түвшинбаяр ер нь дасгалжуулагч хүний нүдээр шинжихэд хэр тамирчин бэ. Хэдий мэргэжлийн бус ч сайтар ажвал өнөөдрийн олимпийн алтан медальт Н.Түвшинбаяр тамирчин болж эхэлж яваа л залуу харагддаг. Тамирчин болж төлөвших явц өөрөө том явц юм биш үү. Энэ үүднээсээ сэтгэл зүйн хувьд ч, бие бялдарын хувьд ч дутуу харагддаг ?
-Миний төрсөн дүү Ч.Насантогтох бол Н.Түвшинбаярын дасгалжуулагч нь л даа. Би Бээжинд дүүтэйгээ уулзаад хэлж байсан. Ах нь олимпийн анхны медалийг авч байсан. Чиний шавь олипийн анхны аварга боллоо. Сайхан бэлэг дэмбрэлтэй юм боллоо шүү гэж. Тэр үед дүүдээ анх удаа чин сэтгэлийн баяр хүргэсэн. Би жудогийнхныг сайн мэдэхгүй. Н.Түвшинбаярын барилдааныг би нэг их харж байгаагүй. Ямар ч байсан энэ хүүхэд бол үнэхээрийн онгодтой, одтой хүүхэд юм байна. Монгол түмнийхээ магнайг тэнийлгэлээ. Энэ хүнийг тохиолдлын аварга гэж хэн ч хэлж болохгүй. Энэ чинь үндэсний бөх биш шүү дээ. Одоо Н.Түвшинбаяр энэ амжилтаа хадгалах, давтахын төлөө л зүтгэх ёстой.Оддын өвчин л халдчих вий дээ. Манайхан ч хүнийг баллана шүү дээ.
-Манайхан зан чанарын хувьд их савалгаатай, ханарамтгай. Сая олимпийн дараа Цагаанбаатар луу их дайрч давших шиг санагдсан. Цагаанбаатар харин ч их тэсрэлттэй, шаталттай, зан чанар нь үнэн тамирчин юм шиг санагддаг юм. Уг нь тэр хүн үүргээ биелүүлчихсэн биз дээ?
-Тамирчин хүний замд өгсөж буурахын аль аль нь тохиолддог. Юу ч тохиолдож болно. Ер нь тамирчин хүний амьдралаар амьдраагүй байж тэр хүмүүсийг шүүх, элдвээр дайрч доромжлох эрх хэнд ч байхгүй. Би Цагаанбаатарыг их хүндэтгэдэг. Маш өвөрмөц тамирчин. Унтрашгүй сэтгэл зүйн онцлогтой. Харьж няцашгүй зан чанартай тамирчин. Дараагийн олимпоос аварга болоод ирэхэд хэн ч гайхахгүй супер бөх. Чоно шиг характертэй хүн шүү дээ. Гавъяагаа байгуулчихсан. Цаашид ч байгуулна. 24-хөн настай цэл залуу хүүхэд. Яллаж янз бүр болоод байх ямар ч шаардлага байхгүй.
-Манай чөлөөтийнхөн жудод дарагдаад эхлэлээ. Энэ үнэн биз дээ?
-Үнэн. Маш хэцүүдлээ. Ахмадууд санаа зовж, тал талдаа яаж чөлөөт бөхөө аврах вэ гээд ярьцгааж л байна. Сүүлийн долоон олимпоос медаль авсангүй. Манай Наранбаатар бол сая бүх бэтгэл нь хангагдчихсан байсан. Манай монголчуудын нэг зан байдаг. Тэмцээнд явахын өмнө хар, бузар хэрүүл хийдэг. Тэр нь тамирчдынх нь сэтгэл зүйд нөлөөлдөг. Тийм юм нөлөөлчөөгүй байгаа гэж би Наранбаатарт харамсдаг. Дасгалжуулагч нар нь хоорондоо сонин хэвлэлээр хэрүүл хийгээд л байсан. Ямар хэрэг байдаг юм бэ. Тэр байдал нь Наранбаатарт сэтгэл зүйн хүнд дарамт өгсөн шүү дээ.
-Чөлөөт бөх гэхээр л А.Басхүү яригдах юм. Энэ хүн чинь халж сольж болдоггүй, хад чулуу шиг хүн юм уу. Арга барил нь хоцрогдчихсон юм биш үү.Чөлөөтөд цоо шинэ менежменттэй, шинэ удирдлага хэрэгтэй юм биш үү. Тухайлбал, Халтмаагийн Баттулга шиг?
-Бүх бурууг нь Басхүүд бас тохож болохгүй л дээ. А.Басхүү гол хүн мөн үү гэвэл мөн. Бүх асуудлаа шийддэг. Ажилд сайн, зүтгэлтэй хүн. Гэхдээ массын шүүмжлэлээс харахад үнэхээр өнөөдрийн нөхцөлд энэ хүн тохирохоо больчихсон юм шиг байна. Х.Баттулга жудогийн холбоог аваад яаж шинэчлэв. Сайхан сайхан шижигнэсэн залуу тархитай, шинэ боловсролтой залуусаар сэлбэлээ шүү дээ. Өөрөө ч тамирчин байсан хүн. Бүх амьдралыг нь мэднэ. Юмыг яаж авч явдаг юм, яаж удирдлагаар хангадаг юм бүгдийг нь жишиг болгож харууллаа. Сонин хэвлэлээр явж байгаа шүүмжлэлүүд, хүмүүсийн өгч байгаа дүгнэлтүүдийг А.Басхүү энэ удаа хүлээж авах цаг болсон байх. Өөрөө ухаантай хүн бодож байгаа байлгүй дээ. Залуучууддаа өгчих хэрэгтэй. Холбооны нарийн бичгийн даргыг нь өгчихөөд шүүгчээ хийгээд явчих хэрэгтэй. Сайн шүүгч бэлтгэх ёстой, монголынхоо бөхийн хөгжлийн төлөө зүтгэх ёстой.
-Таны дүү Ч.Насантогтох олимпийн аварга төрүүллээ. Ардын багш цол хүртлээ. Дасгалжуулагчийн хувьд түүнд атаархсан уу. Тэр дасгалжуулагчийн хувьд хэн бэ?
-Би чин сэтгэлээсээ баярласан. Би өөрөө олимпийн аварга төрүүлчихсэн юм шиг л юм болсон. Миний дүү бол дасгалжуулагчийнхаа хувьд надаас илүү. Орост боловсролоо эзэмшсэн хүн л дээ. Би бол дотоодын бүтээгдэхүүн. Харин би дүүгээсээ их асуудаг. Зөвлөдөг.
-Гаднаасаа их амгалан хүн харагддаг. Та бол шартай хүн харагддаг. Зан чанарын хувьд та хоёр ондоо юу?
-Өөр. Манай дүү бол их битүү хүн. Сайн ч хэлсэн, саар ч хэлсэн нүүр нь улайчихаад л сууж байна. Би бол шууд хэлж байж сэтгэл амардаг. Ямар ч аварга бай, ямар ч алдар суутан бай би хэлэх үгээ хэлж байж л амардаг. Миний тэр занд зарим нь дургүй л байдаг юм.
-Амжилт яг хэнийх байдаг юм бэ?
-Хамтын бүтээл байдаг юм. Багш дасгалжуулагч, бэлтгэл хангагчид, тамирчны өөрийнх нь , дэмжигчийнх нь бүгдийнх нь хамтын бүтээл байдаг юм даа. Энд ямар ч өрөөсгөл ойлголт байхгүй.
-Та хэр нутгархаг хүн бэ?
-Бас жаахан нутгархаг л хүн юм шиг санагддаг шүү.
-Спорт уг нь тэр мэтийг арилгачихдаг юм биш үү?
-За, даа цус маханд нь шингэчихсэн юм болохоор чаддаггүй юм шиг байна лээ. (инээв)