Одоогоос 2220 жи­лийн өмнөх нэгэн домог яриаг өнгөрсөн жил их ярьцгаалаа. Модун Шаньюй гэдэг Монгол хаан “газрын асуудалд” хэрхэн хандсан тухай кино, жүжиг, шүлэг хийц­гээсэн. Шаньюй бусдад унаагаа, авгайгаа гуйх тоолонд нь дараалан өг­чи­­хөөд эцэст нь газар гуй­хад гэдийчихдэг.

Монголчууд хэтээсээ га­зарсаг нь эндээс тод ха­рагддаг. Одоо ч хүн амын тоогоороо сүүлийн бай­ранд яваа атлаа дэл­хийд газар нут­гаа­раа эхний 17-д жагсдаг. Бий­гээс газар, бэлчихээс мал л энд байна. Өвөг дээд­сээс өвлүүлж уламжлан ирсэн газар нутгийнхаа төлөө манай эх орончид эцсийн дусал цусаа дуус­тал тэмц­­сэн гэж зөндөө л бич­жээ. Эх орон газар шороо маань аминаас үнэтэй эд юм бол ам метр нь яг хэдэн төгрөг вэ гэсэн асуулт байж болно биз дээ.
Манайхан бэлчээр ч юм уу хашааны газрын төлөө амиа өгө­хөөс наа­гуур тэмцэж, хэрүүл зарга бос­годог нь удмын зан. Тэгж тэгж нэг юм эзэмшил тогтоогоо л бол маргааш нь мартаж орхидог муу зантай. Өнөөдөр баячууд нийслэл болон томоохон суурингийн ойрол­­цоо бү­хэл бүтэн уулын амыг хүртэл хашиж авчихаад санаа нь амарч орхижээ.

Эрх баригчид ард тү­мэндээ таа­лагдахын тулд архи амлуулж үзлээ. Ар­ван мянгаас сая хүртэлх бэлэн мөнгө амлалаа. 100 мянган айлд орон сууц барьж өгье гэж бай­на. Орчин үеийн Модун сайд толгой дохиод л байна. Гэтэл Чингэлтэй дүүргийн иргэн Батын Батбаатар газар нэхээ­дэхсэн чинь хувьсхийгээд явчихлаа шүү. Өгдөг өгдөг гэхэд долоон буудлын Дор­жид хашааных нь газ­рыг май гэх арай хайран ажээ. Зах зээлд анх орж байсан жилүүдэд хотын­хонд орон сууц, малчдад малыг нь үнэгүй та­раа­сан. Энэ хөрөнгө нь одоо бодохнээ газраас хямд­хан эд юм байна. Хэрэв газар­тайсан бол орон сууцаа нураагаад да­хиад босгоод байж болно. Өвлөг­дөх хөрөнгөнд өөрийн гэсэн газар бичигдсэн бол өнөөдөр биш ч дараа үеийнхэн дээр нь юуг ч хийх боломж бүрдэнэ. Арай л цөмийн хаягдал булж бо­лохгүй байх.

Эрх баригчид жирийн иргэдэд газар өмчлүүлэх асуудал дээр тун бол­гоомжтой хандсаар ир­сэн. Эх­лээд газар өмч­лүүлэх биш эзэм­шүүлэх, өмчлүүлэхдээ тулбал ир­гэнд гэхгүй өрхөд гэхчилэн татга­на­сан хуулиудыг олны шахалтаар шат да­раалан гаргаад байгаа юм. Басчиг аргагүй зовлон бий. Яг сайхан орон сууц барьчих гэхээр нэг зөрүүд нөхөр газраа тэнгэрт тултал үнэ хэлэх юм уу эсвэл газраасаа нүүхгүй гээд тэгнээд хэв­тчихдэг. Хот тойроод дур дуран­даа хашаа хатгаад шавар амбаар барин утаа май тавьж бул­таараа хахаж цацан тэвдэж явна. Ийм цаг үед газар шиг үнэтэй юм орчлон дэл­хийд байхгүй гээд үнэ­нийг хэл­чих­вэл ойрын хэдэн жилдээ утаа­наасаа са­лах, гэр хорооллыг нүүл­гэх энэ тэр бүтэхээ байна. Түү­нээс гадна “Газрын мафи” гэдэг яриа нийс­лэлд амны уншлага бол­сон доо. Хотын аль байр­шил сайтай газрууд тэр бүү хэл Сүхбаатарын тал­бай хүртэл цаанаа эзэнтэй болж газраар хөлжсөн олон оли­гархи, бизнесмэний нэрс хөвөр­дөг. Өшөө цаана нь газар олж авахыг хүссэн хү­лээсэн улстөрчид, эрх баригчид өчнөөн төч­нөө­нөөрөө байгаа. Тэд­ний авахыг мөрөөдөж байгаа байр­шил дээр “Дэнжийн мянгын гуйлга­чингууд” тагз бариад шигдчихсэн. Нэг өрөө байр амлаж бу­шуухан газраас нь салгах гэж ядаж байхад ийм бол­чимгүй яриаг хэн хаанаас гаргаад байна вэ? Өнөөдөр нийс­лэ­лийн төв хэсэгт ч сул буюу эзэнгүй төр олон нийтийн нэр дээрх олон га газар бай­гаа. Хүүхдийн цэцэрлэг, сургууль, ал­бан байгуул­лагын нэр дээрх ха­шаал­чихсан газрууд дээр ид дажин явагдаж байна. Хуучны дөрвөн давхар орон сууцнуудыг нураа­гаад оронд нь ганц ширхэг дөчин давхар “харандаа” барьж өгөөд суларсан газрыг нь авчих боломж бий. Эрх баригчид энэ бүгдийгээ гүйцээсний да­раа л сая иргэн бүрт газар өмчлүүлнэ, газар гэдэг чинь ийм их өндөр үнэтэй гэж дуугарах гээд байна.



Б.Батбаатар тэр­гүү­тэй Ард­чилсан намын хэсэг залуучууд саяхан Төрийн ордонд энэ сэд­вээр лекц уншсан. Уг лек­цийг сонсогчид алга та­шин баяр хүргэж байлаа. Үнэхээр олон түмэн ар­дынхаа төлөө АН-ынхан нэр дэв­шиж сонгогдох гэж байгаа юм бол иймэрхүү ажил, мөрийн хөтөлбөр бо­ловс­руулах ёстой ш дээ гэж олон хүн дэмжиж байв. Мөнгө амлаагүй, янз бүрийн эрээн мяраан өнгө гялбуулж сон­гогчдыг хуураагүй, гагцхүү бодит үнэнийг дэлгэж өгч байна. Уг нь хожим өөрсдөө эрх баригчид бол­чихвол тэ­дэнд газар хэрэгтэй бай­маар. Гэтэл одооны за­рим дэвшилт үзэлтэй за­луучууд бусдын төлөө ажил хийхийг илүүд үзэж олигар­хиудаас ялгарах болжээ. Тэд ний­гэмд өөрөөр амьдарч чадна гэ­дэгтээ найдаж шууд олон түмэн буюу гэр хо­рооллынхны талд зогсож байна.

Дэлхийн том хотуудын  хооронд намхан хауснууд тасралтгүй үргэл­жилдэг. Ард иргэдээ оюутнууд шиг ганц том байшинд чихдэггүй. Ма­найхны барих гээд байгаа барь­чихсан байгаа олон давхар орон сууцнуудыг нийтийн байр гээд баргийн амьдралтай айл ордоггүй юм билээ. Харин бидэнд бол ганц өрөө байр нь бурхны хишиг мэт санагддаг. Өөрийн гэсэн өв хө­рөнгөгүй явсны дутагдал юм даа. Гэр хорооллын зохист ирээдүй бол одоо энэ зуслан лагерь дээр ба­ригдаад эхэлчихсэн канад дүнзэн барилга, муурын байшингууд л байхгүй юу. Долоон буудал руу сантехникийн шугам татаад л цэ­вэр бохироо дулаантайгаа хол­бочихно. Домень зуухаар тансаг­лах төдий гал хөс хэрэглэнэ. Орон байрны бусдад садаагүй атлаа өөрт тохитой байгуу­ламж барихын тулд мөнгө хэрэгтэй нь ойлгомжтой. Гэхдээ мөнгөнөөс чухал нь Модун Шаньюйн хэлснээр газраа алдаа­гүй байх ёстой. Төрөөс газрыг нь өмчлүүлэхдээ үнийг нь үнэнээр нь хэлж өгнө. Дор хаяж газар дээр нь барьсан хаус газраасаа хямд бай­даг нь дэлхийн жишиг үнэ. Нэг гудамжны арван айлын тавин иргэн өөрт оногдсон “0.7 га”-нуудаа ний­лүү­лээд аль нэг өнцөгт нь аятайхан байр бариулчихна. Цаана нь тал шиг том газар суларч үлдэнэ. Тэрнээсээ өчүүхнийг нь арилжиж барилгын зардлаа да­раад бусдыг нь хэнд ч өгөхгүй өөрсдөө хувааж авцгаана.  Сул газар дээрээ цэцэрлэг мод тарьж, машины зогсоол, хүүхдийн тог­лоом, цөөрөм  байгуулж  хэнээс ч дутахгүй аятай орчинг бий болгож болно. Энэ бүгдэд зөвхөн газартай­гаа байх л шаардлагатай. Газрын үнэ ам метр нь одооны орон сууцны ам метртэй адил үнэлэгддэг тийм хот суурин гадаадад мөн ч олон бий дээ. Очоод асуугаарай.  

Одоо хотод сул газар үлдээгүй бол яах вэ? Хотын газар л газар, хотын газар л үнэтэй байдаггүй. Шаардлага нөхцөл нь бүрдэхээрээ Өмнөговь дахь Галбын цөлд ч газар олдохгүй булаацалдаж бай­на. Нийс­лэлийн хаяа дүүрэг тэр чигээрээ эзгүй хээр хэвээр байгаа. Хөдөө орон нутагт сум аймгийн төв болон зам дагуу иргэдэд өмчлөх хэмжээний газар бол хаа сайгүй. Монголын бүх иргэнд “0,7” гэх хэмжээст газрыг бүрмөсөн өмчлүү­лэхэд нийт нутаг дэвсгэрийн нэг хувь нь ч хувьд очихгүй тооцоо гарч байна.

ХХ зууны сүүлийн хагаст хү­мүүс амьдрал хөөн бөөн бөө­нөө­рөө хот руу шилжицгээн газраа хаяцгаасан. Дараа нь амаа барьц­гаан хаашаа явахаа мэдэхээ байсан. Эргээд газраа авах гэтэл дааж дийлшгүй үнэтэй болчихсон тэр түүх манайд давтагдах гээд байна. Батын Бат­баа­тар УИХ-ын гишүүн байхдаа энэ сэд­вээр мөн ч их хэрүүл хийсэн дээ. Одоо АН-ын мөрийн хөтөлбөрт энэ са­наагаа суулгаж нэгмөсөн гүйцээ­хийн тулд улс төр хийж эхлэв болол­той.