“Ярилцъя” булангийн өнөөдрийн зочин УИХ-ын эрхэм гишүүн Ц.Батбаяр.


-Батбаяр гишүүнтэй УИХ-ын гишүүн болсноос нь хойш анх удаагаа ярилцлага хийж байна. Сүүлд хотын дарга байхад тань л уулзжээ. Олон жил өнгөрсөн байна шүү. Монголд олддоггүй зочин Берлиний бороотой гудамжинд тааралдсан боло­хоор олзуурхаж, таныг ярилц­лагынхаа зочноор урихаар шийдсэн юм?


-Үнэхээр уулзаагүй удсан байна. Би Германд эмчилгээнд зун долдугаар сард нэг ирсэн юм. Тэгээд эмч нар зургаан сар тутам нэг ирж бай гээд л ирчи­хээд байна л даа. Нөгөө уул­захгүй гэсэн хүнтэйгээ гурав уул­зана гэдэг шиг  Улаан­баа­тарт уулзаж амждаггүй хүмүүс энд уулзана гэдэг их сонин  тохиолдол биш гэж үү. (инээв)

-Яагаад миний урилгаас болохоор зугтаад, бусадтай нь бол ордны хонгилд ч хамаагүй зогсоод хариулж байдаг юм бэ?


-(инээв) Та ордонд ирж на­дад асуулт тавьдаггүй болохоор.

-Сайн хариулт байна шүү?

-Наргиа...Тухтай, цаг завтай уулзаж, ярилцлагад тань орох боломж гарахгүй л явсан хэрэг.

-Монголд одоо ид ес тачигнаж байгаа. Энд бол бороо шиврээд сайхан бай­на. Хааяа ингэж орчноо сольж байх ер нь гоё уу?

-Хүн бол дандаа л бороо хуртай байхад дуртай байдаг амьтан юм шиг байна. Ялан­гуяа монгол хүн. Бороо хур та­туу зун хүн малгүй л нэг тиймхэн байдаг биз дээ. Харин хур бороо тэгширсэн сайхан зун хүн малын зоо тэнийдэг гэдэг дээ. Энэ үүднээсээ бид нүүдэлчин удмын улс болохоор байгалийнхаа сайн сайханд их татагдаж, уягддаг ард түмэн бололтой. Мэдээж өөрийн эрхээр орчноо солиод хааяа нэг явах сайхан байлгүй яахав. Харин бидэн шиг бусдын эр­хээр ажиллаж байгаа хүмүү­сийн хувьд энэ боломж санаа сэтгэлийн аясаар биш л дээ.  

-Хураар уулзсан юм чинь хоёулаа нээлттэй сайхан ярилцъя гэж бодож байна ?

-Би уг нь нэг их хаагдаж нээгдээд, муу юм санаад, дотроо үгийнхээ төгсгөлийг авч үлдээгээд байдаг хүн биш шүү дээ. Байгаа бол байгаагаараа хэлчихээд л явж байдаг.

-Энэ өдрүүдийг таны улс төрийн түүхэнд болж буй сонин өдрүүд гэж би хувь­даа бодож байна. Ардчилсан нам Засгийн газраас гарчих­лаа. Онгойсон орон дээр та­най намаас зургаан сайд орж ирээд ажиллаж байна. Та Батлан хамгаалахын сай­дад өрсөлдсөн шүү дээ. Тэгээд ялагдсан уу, ялсан уу. То­хуур­хаж асууж байгаа юм биш шүү. Тэр үед байгаагүй бо­лохоор, бас ялсан ялагд­сан гэх ойлголтууд эзэддээ их өөр өөр байдаг болохоор л?

-Би мэдээж өөртөө бол ялсан гэж бодож байгаа. Тэрэн дээр ямар нэгэн муу санаагүй сайхан өрсөлдөөд л үзсэн. Тэр чиглэлийн ажил амьдралыг мэддэгийн хувьд өрсөлдөөд үзье гэсэн ийм л бодол байсан.

-Батлан хамгаалах салба­рын амьдралыг мэддэгийн хувьд өрсөлдсөн гэх тайл­бар жаахан өнгөц л юм?

-Өөр нэг зүйл байсан юм аа. Нөгөө талаасаа гэвэл Ерөн­хий сайд маань бас хэлсэн үгэндээ хэр хүрдэг хүн юм бол, дотоод сэтгэлийн агуулга үнэ цэнийн талаар хэр үнэн хүн юм бол гэдгийг өөрийн биеэр мэ­дэх хүсэл бас байлаа л даа. Тэрнээс биш мэдээж би юу гэж Засгийн газартайгаа болохгүй байна, бүтэхгүй байна, та нар  чадахгүй байна гэж үргэлж шүүмжилж байсан атал гэнэт л хамтран ажиллах шийдвэр гаргах вэ дээ. Гэхдээ хүн бол эсрэг байр суурьтай байсан ч тэ­рийг сонсч байх ёстой. Ний­цэж нэгдэх тэр цэгийг дандаа хайж байх ёстой. Хоёрдугаарт хэн хэн маань ярьсан юман­даа эзэн болж байх ёстой. Дан­даа муу бол муулаад, муугаар бодоод явж болохгүй, өнөөдөр хамтраад хийж бүтээх олон юм бидний өмнө байгаа гэж би боддог. Тэр бодлоо л дагаж өр­сөлдсөн хэрэг. Тэгээд яахав, мэдэх зүйлээ мэдэж,ойлгох зүйлээ ойлгож авлаа. Энэ их чухал шүү дээ.

-Та ер нь хэдэн санал авна гэж бодож байсан бэ. Танай бүлэг чинь хэдэн ги­шүүнтэй билээ?

-Одоо үндсэндээ 45 ги­шүүн­тэй л дээ. Би ямар ч гэсэн 50+1-ийн санал авна гэж хан­галттай бодож байсан.

-Тийм үү. Гэхдээ яриа хэлээгээ хийсэн биз дээ. Яахав дээ, найраа гэж ярьдаг даа тэр тухай л...?


-Би үнэндээ сайд болно гэж бодож байгаагүй ээ. Хагас бүтэн сайных нь орой бодож байгаад л ганц хоёр нөхөд­тэйгээ зөвлөлдөөд л сонгуульд орчихсон хүн шүү дээ. Мар­гааш нь очсон чинь Лүндээ гишүүн маань нэр дэвшүүлээд тэгээд л өрсөлдчихсөн. 

-Авна гэж тооцсон сана­лаа авсан уу, арай дутуу авсан уу?

-Арай дутуу авсан. Үнэ­хээр тэр дутах бололцоотой улс нь хэн хэн бэ гэдгийг бас ялгана шүү дээ. Тооцож байгаа юм чинь. Тэгж байж эрх биш нэг муу тооцоогоо хийгээд ирэ­хэд би ямар ч гэсэн ялах бүрэн бололцоотой гэж бодож  бай­сан.

-Хэн хэн өрсөлдсөн билээ?

-Дөрвөн гишүүн өрсөлдсөн л дөө. Жекей, Энхбаяр, Загд­жав бид дөрөв. Загджав ги­шүүн Жекей бид хоёрт хэлж байсан л даа. Миний хоёр нөхөр өрсөлдөөд хэрэггүй ээ. Наадах санал чинь хуваагдана гэж. Мэдээж би үзэх ёстой гээд л чигээрээ явчихсан. Эдэн до­тор Жекей бид хоёр хоёулаа цэр­гийн сургууль төгссөн.

-Жекей гишүүний хувьд Батлан хамгаалахын сайдад арай сонгохгүй байх л даа. Би бол тэгж л харах юм байна?

-Хүн хэзээ ч өөрийгөө бол­чихлоо, болъё гэж боддоггүй юм шиг байгаа юм аа. Би болж байна, би чадаж байна, би сайхан болгож байна гэсэн тийм бодол л их гүн эргэлддэг юм шиг байна. Ер нь аль ч хүн тэгж боддог юм шиг байгаа юм.

-Бүлэг дээр бол та ялсан юм уу?

-Эхлээд бол ялсан.

-Хэдэн хүний саналаар?

-Эхлээд би 15-ыг авсан юм. Ж.Энхбаяр 11-ыг, Загджав үлдсэнийг нь тэгээд хувааг­даад л авцгаасан.

-Тэгээд тэр дүн удирдах зөв­лөл рүү ороод л “будаа” юу?

-50 дээр нэмэх 1 хувиа аваа­гүй учраас дахин өрсөл­дье гээд дахин өгөөд  тэнцчи­хэж байгаа байхгүй юу. Надад санал өгөх улс байсан ч энэ удаа эргэсэн. Би дотроо жаа­хан хардлага тээж яваа маань үнэн. Гэхдээ болоод өнгөрсөн юмыг одоо ингээд орхиё.

-Та 3,5 жил парламентад ажиллалаа. Хамтарсан Засаг­тай, бас дээр нь их сонин бү­тэцтэй парламент. Хөгжлийн том зорилгууд тавьж, стра­те­гийн ордуудаа түрүүчээс нь эргэлтэд орууллаа. Мон­голын ирээдүй өөдрөг ха­раг­даж байна гэж зарим нь үзэж байхад зарим нь бас л хасах оноо өгч байгаа. Сөрөг хүчингүй парламент дотор сөрөг хүчний үүргийг гүй­цэтгэж, үргэлж хүний өө­рийн гэхгүйгээр байр сууриа хурцхан илэрхийлж тэмцсэн гишүүний нэг нь та байлаа. Таны өнгөрсөн жилүүдийн үйл ажиллагаа намд тань таалагдаагүй байх үндэс­лэлтэй юм?

-Энэ бол намынхаа эсрэг хийгээд байгаа ажил биш л дээ. Би өөрийн бодлогоор л асууд­луудад хандсан. Хоёр нам нийл­чихсэн юм чинь, хамтар­сан Засгийн газар үйл ажилла­гаа явуулж байгаа юм чинь бие биенээ хэзээ ч шүүмжлэхгүй шүү дээ. Тэгэхээр бас тэрэн дотор чинь дуу хоолойгоо гар­гаж байх ёстой биз дээ. Манайд чинь бас бүх юм сайхан бол­чихоогүй л байна шүү дээ. Оюутолгойн гэрээ гээд л байна тэр гэрээ чинь тийм сүйдтэй сайн юм болоогүй шүү дээ. Тийм учраас тэрийг бид сайн болгохын төлөө, ард түмэнд үр ашигтай болгохын төлөө л асуудлыг тавьж байсан. Тэгэ­хээр бусад хүн Батбаяр на­мынхаа эсрэг дуугараад байна ч гэдэг юм уу нэг тийм буруу жишгээр хараад байсан. Тийм биш ээ. Гаднаас нь ч, дотроос нь ч бидний хэсэг хүн шүүм­жилсэн. Гэвч хүлээж аваагүй. Ёстой нөгөө “Жингийн цуваа явж л байдаг, замын ноход хуцаж л байдаг” гэх маягаар л бүх юм явсан.

-Энэ Засгийн газрын нэ­лээн голлох гишүүн Эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах асуудлыг та эр­чимтэй дэмжсэн. Зарим үед хурцхан ч маргалдаж бай­сан. Тэгээд ойлголцсон уу. Ахиад Д.Зоригт сайдыг огц­руулах асуудлыг өргөн ба­рих тухай чимээ явж байна. Энэ асуудлыг та яаж харж байна вэ?


-Ний нуугүй хэлэхэд ойл­голцоогүй, одоо болтол ойл­голцоогүй. Нуух юм алга.

-Зүгээр ах зах хүний хувьд ч гэсэн, бас нэг нам, журмын нөхрийн хувьд ч уучлал гуйгаагүй юм уу?

-Тэр чинь бас их пээдгэр зантай хүн шүү дээ. Хүнд чинь маргааш нь ирээд уучлал гуйдаг ч юм уу, чи миний ийм хийж байгаа ажлыг ингээд ойлгосонгүй ээ, би ингээд хийчихсэн юм аа гээд тайлбар­лах, ойлголцох асуудал байнаа даа. Тийм ч юм байхгүй хүн л дээ.

-Тийм үү?

-Тийм.

-Одоо өргөн баривал та дэмжих үү?

-Дэмжинэ.

-Намаас таныг донго­дохгүй байна уу?

-Би буруу юм хэлээгүй шүү дээ. Өнөөдөр эрчим хүч­ний салбар уналтын байдалд байгаа. Эрчим хүчийг мэддэг ямар ч хүнээс асуугаарай. Эр­чим хүч чинь маш том салбар. Ер нь дэлхий дээр эрчим хүчгүйгээр өнөөдөр юуг ч хийж чадахгүй. Газар дор байгаа баялгийг ч эрчим хүчгүйгээр гаргаж ирж чадахгүй. Хамгийн адгийн жишээ хэлэхэд өнөөдөр нийслэл Улаанбаатар хотод 15-16 мянган айл гэрэлгүй байна шүү дээ. Ядахдаа тэрэн дээр мөнгө тавья гэж орж ирэхгүй байгаа байхгүй юу. Хэдэн төгрөг олсон, тэрийгээ өөрийнхөө тойргийн хэдэн айлыг гэрэлтэй болгосон. Тэгэ­хээр үүнийг юу гэж ойлгох юм бэ. Тэр үүднээс л би хандаад байгаа юм. Одоо жишээ нь Налайх байна. Хүний амь өч­нөө­нөөрөө эрсдэж байна. Зас­гийн газрын тогтоолоор үүнийг хэрэгжүүлээч ээ гээд мөнгө өгчихсөн, тэр нь дарагдчихсан. Тэгээд болохгүй байгаа юмыг л ярьж хэлж байна. Тэрнээс биш хүнтэй хэрэлдэж, муудах донтойдоо юм уу, зүгээр таа­лагдахгүй байгаадаа биш юм. Цэвэр ажлын эрх ашгийн төлөө л ярьж байгаа. Сүүлдээ хувийн хонзон маягийн юм болгоод надтай ойлголцдог хүмүүсийг ч миний эсрэг тоглуулчихсан явж байна шүү дээ. Сүүлдээ болохгүй болохоор Ц.Батбаяр тендер өгөхгүй болохоор л ингэж байгаа юм гэж тарааж байгаа. Би Д.Зоригтоос битгий хэл Монгол Улсын Ерөнхий сайдаас ч тендер гуйж үзээгүй. Миний ах дүү бизнес эрхэлдэг. Гэхдээ тэр нь өөрийнхөө зарч­маар л явдаг.  Батбаяр нэг их хувийн эрх ашгийн төлөө хүн­тэй мууддаг хүн биш л дээ.

-Дүүгийн тань бизнест ч гэсэн жаахан саад  учруулаад байдаг гэж үнэн үү?

-Манай дүү нар надад заримдаа уурлаж байгаа. Өч­нөөн л шалгалаа шүү дээ. Мон­голын шалгадаг байгууллага бүгд, далд тагнадаг магнадаг бүх л газар шалгаж байна шүү дээ. Тэгэхээр чинь хүмүүс яаж тайван ажлаа хийх юм. Манай иргэдийн амьдрал өнөөдөр ямар байна. Бид нарын эцсийн үүрэг бол иргэдийн амьдралыг л сайжруулах биз дээ. Тэрнээс биш Батбаяр яаж байна, Бат­болд хэдэн удаа энэ компа­ниудыг дэмжиж байна, Уул уурхайн салбарт хөрөнгө оруу­лаад яагаад явж байна тэр сонин биш байхгүй юү. Иргэд маань нийтээрээ аятайхан шиг байх ёстой гэсэн зарчим л чухал. Өөр юм байхгүй.  

-Түрүүн та ярилцлагын­хаа дундуур ярьсан. Би бас Ерөнхий сайд, намын дарга хэлсэн үгэндээ хэр хүрдэг хүн юм гэдгийг үзье гэж бодлоо гэж. Энийгээ та за­далж ярьж болох уу. Таныг сайдад өрсөлд гэж тэр  зөв­шөөрсөн байсан юм уу?

-Би өрсөлдөнө гэж хэлээ­гүй. Гэхдээ Ерөнхий сайдтай уулзсан. Оны сүүлээр уулз­сан, оны эхэнд ч уулзсан. Чи бид хоёрт алдаа байхыг үгүйс­гэхгүй, энэ цаг мөчөөс эхлээд харилцаандаа байсан элдэв дутагдлыг засаад, улс орныхоо хөгжлийн төлөө явъя гэж ярилц­сан. Бас өөр ч хэд хэдэн юмыг ярьсан л даа. Эцсийн дүндээ маргалдсан ажил явах­гүй. Хоёрдугаарт, Засгийн газрын бүрэлдэхүүн дотор нь орж байгаад би бас хэлэх үгээ хэлж үзье. Их хурал дээр юм гарчихсан, өнгөрчихсөн хойно хэлээд байх утгагүй байгаа учраас л би засагт орчихъё гэж бодсон юм. Тийм л юм болсон. Өөр сүйдтэй юм байхгүй. 

-Хотын гэж танай нам дотор үнэхээр том бүлэг байнаа. Хамгийн том фрак­цын нэг гэж улс төрийн ажиг­лагчид үздэг л дээ. Ингэхэд та өнгөрсөн 3,5 жил яг фракцынхаа гишүүн шиг нь байж чадав уу. Танай фракц одоо хүч нь сулраад, толгойлогч нь ч гэсэн их уйтгартай байдалд шилжсэн гэж зарим ажиглагчид үзэх юм?

-Фракц гэж онцгойлж ярим­гүй байна. Хүн ер нь бие биенээ ойлгодог, мэддэг, мэдэрдэг гэх тэр үүднээс л нэгддэг болов уу.

-Ерөнхийдөө ажил хийж үзсэн, энэ улсад хийсэн юмтай бүлэглэл гэж яривал тийм бүлэглэл мөн биз, ер нь?

-Бүлэглэл гэсэн үг тань нэг л буухгүй юм. Ямар ч гэсэн юм хийж явсан, жинхэнэ ажлыг хийж, ард нь гарч, хар бор ажилтай ноцолдож, энэ улсын төлөө бас зүтгэж явсан улс гэвэл мөн л дөө.  

-Дотроо хуралдаад л нэгийгээ тийш нь томилъё, ийш нь тавъя энэ тэрийг бол ярина биз дээ?

-Бүгдээрээ сэтгэлээрээ нэг юмны төлөө явъя гэсэн тийм нэг зорилго байдаг. Тэрний төлөө л явж байдаг. Нэг нь нэгэндээ болохгүй бүтэхгүй байгаа алдаагаа ч хэлдэг, болж бүтэж байгаа зүйлээ ч ярьдаг. Харин тэр томилгоо энэ тэр шийдээд байх нь алга л даа.

-Сонгуулийн хуулийг ба­талчих­лаа. Одоо нэр дэв­­ших асуудал явна. Намын хурлууд хурал­дана. Үүний дараа то­дор­хой бүлэг хүн Н.Энх­бая­рын шинээр бай­гуул­сан МАХН руу яв­на. Тэд­ний нэг нь Ц.Батбаяр гэж...ил далд их ярьдаг. Таныг яа­гаад Н.Энхбаяр даргатай өнөөдрийг болтол хардсаар байдаг юм бэ?


-Би байна шүү дээ. Нэг хүн­­тэй нө­хөр­лөчихөөд тэгээд тэр хүний нэр доо­шоогоо ороод ч юм уу, ажил албан ту­шаа­­лаа өгөөд явахаар нь зуг­таа­даг тийм хүн биш л дээ. Би тэр үүднээс л хандаж байгаа. Хүн чанарынхаа хувьд л ханд­даг. Би энийг Энхбаяр даргад өөрт нь ч хэлж байсан. Би таныг Монгол Улсын Ерөнхий­лөгч байсны тань хувьд хүн­дэт­гэнэ ээ, хоёрдугаарт, нут­гийн ахын  хувьд хүндэлнэ, гу­равдугаарт нь, намайг хүнд үед дэмжиж тусалж байсан, хүнд үе ч юу байхав, намайг огцрох гэж байхад сэтгэлийн дэм өгч байсан хүн байхгүй юу. Тэр үүднээс би таныг хүн­дэтгэнэ ээ. Гэхдээ улс төр бол та бид хоёрын хооронд байх­гүй шүү гэдгийг би ний нуугүй л хэлсэн.

-Тэгэхээр үндэслэлгүй л хардаж байна гэсэн үг үү?

-Тэгээд яахав дээ нутаг ус гээд хааяа тааралдахаар мэнд­­тэй устай. Нэг хүн рүү хүн бол­гон давшлаад байхаар чинь бас хүнийг хамгаалж дуу­га­рах ёстой биз дээ, тэр үүд­нээс би хандсан. Тэр үүднээс би дуугарсан. Тэгээд л манай­хан хардаад бодоод байдаг юм шиг байна. Би сонин дээр ч урьд өмнө нь хэлж байсан. Би хэзээ ч намаа солихгүй ээ. Найз бол миний үнэт капитал. Сайхан найзуудынхаа хүчээр өдий зэрэгтээ явж байгаа шүү дээ. Би найзуудыгаа мөнгөөр олж аваагүй. Олон жилийн нө­хөрлөлөөр л олж авсан. Тэр нө­­хөрлөлийг өнөөдрийн ал­бан тушаал ч гэдэг юм уу, та­ван төгрөг ч гэдэг юм уу үүгээр би худалдахгүй.

-Энхбаяр даргыг анх нам байгуулах гэж байхад нь та дэ­мий дээ гэж зөвлөж бай­сан уу?


-Тэр үед надаас тийм юм асууж байгаагүй шүү дээ. Улс төрд та бид хоёр нийлэхгүй гээд хэлчихсэн хүнээс чинь юу гэж асуух вэ дээ.

-Хамтарсан Засгийн газ­рын ажлыг та юу гэж дүг­нэж байна. Ардчил­сан нам бол түүхэн үүр­гээ биелүүлчихлээ гээд гараад явсан?

-Юуных нь түүх, ямар түү­хэн үүрэг биелүүлсэн юм. Би анхнаасаа үүнийг эсэргүүцэж байсан шүү дээ. Болохгүй ээ, Монголын ард түмэн чинь би­дэнд итгээд олонхийн 46 суу­дал өгчихлөө. Эрхээ бариа гээд өгчихсөн. Тэгээд энэ эрх барь гээд өгчихсөн юмыг “Үгүй ээ чи битгий, чиний наад сон­голт чинь бидэнд хамаагүй би энүү­гээрээ шийднэ” гээд ява­хаар чинь дараагийн сон­гуульд тэр улс ямар сэтгэлээр хандах вэ. Өгсөн ч адилхан, өгөөгүй ч адилхан гэж хүн хан­дана шүү дээ. Тэр үүднээс би болохгүй гэдгийг нь хэлж бай­сан. Үдээс өмнө хурал дээр хам­тарсан Засгийн газар дэм­жихгүй гэж байсан чинь үдээс хойш хоол идчихээд л гараад ирсний дараа асуудал өөрч­лөгд­сөн. Одоо бол сайхан ярьж байгаа юм л даа. Оюу­тол­гойн гэрээ сайн болсон юу юу гэнэв. Энэ нь яахав дээ өөрсдийнхөө алдааг л хаах гэж хэлж байгаа зүйл. Энэ намын байр шатсан нь тухайн үеийн тэр С.Баяраас л болсон шүү дээ. Нуух юм алга. С.Баяр тэрэн дотор байхгүй байсан бол тэд манай байр руу дайрч давшиллаа ч уу. С.Баярыг гарч ирж уулз гэж гадна ирж орил­соор байгаад л, хүмүү­сийн бухимдал нэмэгдсээр байгаад л шатаагаад хаясан шүү дээ.

-Намын байрыг шатаа­санд таны уур одоо ч хүрсэн хэвээ­рээ юм уу?

-Тэр үед бол үнэхээр хүр­сэн. Би 1990 онд дөнгөж хорин долоо, найм­хан настай, хам­гийн залуу намын дарга бай­сан. Багахангайн намын дар­га. Ардчилсан намын­хан­тай тэр хаалган дээр зодолдож бай­сан түүх байгаа шүү дээ. Тэ­рийгээ галд ша­таал­гачи­хаар хэн ч гэсэн галзуурна биз дээ. Хэрвээ хамтарсан Зас­гийн  га­зар байгуулаагүй бол Оюу­тол­гойн гэрээг ч байгуу­лах­гүй, Ардчил­сан нам зуга­таа­на гэдэг бол худ­лаа шүү дээ. Монгол Улсын эрх аш­гийн төлөө тэд нэг хоёр удаа за­хиалга авч бол­но. Олон удаа авч чадахгүй. Би бол тэр л үүднээс хандаж байгаа юм. Тэ­гээд яахав тэрийг ингэсгээд өнгөрөөж байна л даа. Одоо хамтраад ямар үр дүн гарчи­хаад байгаа юм би ойлгох­гүй байгаа.  

-Та нар Ардчилсан нам одоо ха­шаандаа оч гээд хөөж л бай­сан. Ер нь хоёр жилийн өм­нөөс л танаас эхлээд яв гээд хөөж байсан биз дээ?

-Анхнаасаа би хэлж бай­сан нь үнээн. Яв гээд. Хоёр жилийн өмнө ч, аравдугаар сард ч гар гэж хэлж байсан.

-Тэгээд явахаар нь араас нь юу цацаад байдаг юм бэ. Жишээл­бэл, таныг байр сууриа илэр­хийлж байхыг  телевизээр хар­сан. Хамгийн их хор­жоон­той үгийг хэлж бай­на лээ. Нөхөр­тэй­гөө муу­дангуутаа гүйгээд явчихдаг айлын авгай шиг маяглаад явчихлаа гэж. Хөөж, хааж хаачи­хаад одоо хаягдсан, замын дунд орхигдсон хүмүү­сийн дүрд тоглох нь жаахан жудаггүй яв­дал юм биш үү ?

-Явчихсан л юм чинь хэл­нэ шүү дээ. Нөхрөө хаяад л авгай нар нэг их гүйдэг шиг хөгийн юм болж байгаа биз дээ.

-Дөрвөн жил нэг тан­химд хэ­рэлдэхдээ хэ­рэл­дэж, хэлэл­цэх­дээ хэлэлцэж явахад бас хэн нь хэн бэ гэдэг нь хараг­дана. Энэ зургаан сайд дотор үнэхээр толгой сайтай нь хэн бэ. Гайгүй ажилласан сайд бай­­гаа юу. Та улстөр­жих­гүй шиг дүгнэлтээ хэлж болох уу?

-Аль

-Явсан сайд нар дотор?

-Бий бий. Энэ зургаан сайд дотор мэргэжлийн биш ч гэсэн С.Ламбаа сайдыг гайгүй ажилласан гэж би бод­дог юм. Эрүүл мэндийн сал­барынхан ч гэсэн үнэхээр мэргэж­лийн биш хүн ч гэсэн бүх чадлаа дай­­чилж, хамгийн сайн ажил­ласан гэц­гээж байна би­лээ. Одоо С.Баярцогт маань ч гэ­сэн үнэхээр загнуулан заг­нуу­лан, ха­раал­гаад л явсан, би ч гэ­сэн огцруул­на гээд л ярьж явсан. Гэхдээ бас ажилласан шүү. 

-Гишүүдээс ер нь тэр нь л гай­гүй хүндээ гэсэн хүн байна уу?

-Бий бий. Аль аль намаас нь ав­чихаар хүн олон бий шүү дээ. Лу.Ган­төмөр гишүүнийг би дотроо үнэлдэг юм. Д.Ган­хуяг гишүүн байна. Манай З.Энхболд гишүүн гэхэд л юманд аймаар нухацтай. Тийм нухацтай чанарыг нь манай олон гишүүн авах ёстой доо гэж бид дотроо бодож бай­­даг юм. Манай нам дот­роос зөндөө байна аа. Раш ги­шүүний хувьд ч, одоо Бат-Эр­дэнэ аварга гээд л яриад бай­вал олон хүн ярина. Сайхан сай­хан хүн байна. Нэг их байр сууриа ал­дахгүй, хэлсэн ярьс­наасаа буцаад байхгүй, дүн ну­руугаа аваад явчих ийм ул­сууд зөндөө байгаа. 

-Танай намын генсек хэр ажилласан бэ?

-Энэ намын түүхэнд бай­гаагүй юм хийчихсэн гэж би боддог шүү дээ.

-Юу тэр вэ?

-Хамгийн түрүүнд энэ айл чинь бас өөрийн гэсэн орох оронтой байх ёстой биз дээ. Тэрийг хийлээ шүү дээ. Үнэ­хээр юу ч үгүй шатаачихсан тийм байшинг л хүлээж авсан. Энэ байшинг хийхэд цөөхөн хүн гол­лон оролцсон гэж бо­дож байгаа. Тэр­ний нэг нь М.Энх­болд дарга. Чар­дайж байгаад энэ намын түүхэнд бай­гаагүй байшинг хийсэн шүү. Ёс­той алтан хуудсанд бичээд хананд нь бичих ёстой хоёр хүний нэг нь М.Энхболд. 

-Тийм үү. М.Энхболд дар­гын нэр ер нь л сон­согдоогүй дээ?

-Гардаггүй. Мань хүн чинь одоо шууд юмыг ил гаргаад явдаггүй бас нэг өөрийнх нь мөн чанар, зан чанар байна л даа. Гэхдээ үнэхээр аливаа юмыг чирээд гардаг, хийдэг, агуу том чанартай хүн шүү.

-За байраа бариулсан нь ген­сек юм байж, өөр юу хийв?

-Хоёрдугаарт манай нам өөрийн бодлогоо залуу үеийг бэлтгэх тэр асуудалд маш их төвлөрүүлж ажил­ласан. Бод­лого хийж чадсан. 

-Дараагийн генсекийг та ямар хүн байгаасай гэж бодож байна?

-Сонгуулийн дараа генсек өөрч­лөгд­вөл үү. Ний нуугүй хэлэ­хэд У.Хү­рэлсүх шиг дай­чин давшингуй, М.Энх­­болд дарга шиг юманд маш хүлээц­тэй, бодлоготой, зангаргатай, Жунай сайд шиг юмны эв дүйг олдог, ажил хийж үзсэн, хүн таньдаг, хүн татдаг, чи тэрний хүн чи ийм хүн гэж ялгаж, ха­галж хаядаггүй тийм зан ча­нар­тай, энэ бүхний цогц бүрд­сэн хүн байгаасай.

-Нэр дэвших процесс яв­сны дараа танай намд бу­жиг­наан болохгүй гэ­сэн таамаг ха­раг­дах­гүй л байна даа?

-Харагдахгүй байна. Дан­даа буцалж байгаа учраас тийм процесс явагдаж л таа­рах вий.

-Та бол аж ахуйн ажил хийж бай­сан хүн. Хот гэ­дэг үнэ­хээр юм юмтай хо­лилддог өрх гэрийн тэргүүн шиг ажил шүү дээ. Парламентад оч­сон­доо ха­рам­сах өдөр байсан уу. Би зү­гээр өөр юм хийж явдаг байж, ард нь гардаг, үр дүнгээ хар­даг ийм төвшиндөө ажил­­лаж байсан нь дээр байж дээ гэж?

-Байсан. Одоо ч би ха­рамс­даг. 

-Хотын дарга байх үед тань за­римдаа таны өм­нөөс тэсвэр ба­рагддаг байсан.  Дайраад л дав­шаад байхад та үргэлж инээсэн хүн байдагсан. Ха­рин УИХ-д та их уур­тай хүн болж хувирсан ?


-Хүмүүс тэрийг асуугаад бай­гаа юмаа. /Инээв/

-Тэнэг минь чамайг огц­руулна аа, чи харж бай­гаарай, би хэл­сэн­дээ хүр­нэ ээ гээд л. Тэгтлээ таныг уурлаж байхыг ер нь хараагүй юм билээ? 
 
-Ний нуугүй хэлэхэд байна шүү дээ. Одоо ингээд л өөрс­дийнхнөө шүүмжлэх нь хаа­шаа юм бэ дээ. Ер нь хоёулаа өндөрлөх үү дээ.

-Үгийнхээ төгсгөлийг авч үл­дээд байдаггүй гээ­гүй бил үү?

-Яг наашаа харж ярьчи­хаад, цаа­шаа хараад юмыг дан­даа буруугаар хийгээд бай­гаа байхгүй юу. Ярьс­наа­саа дандаа өөрөөр хийгээд. Тэрийг нь хараад тэвчээд байж чаддаггүй учраас би бухимдаад бай­гаа юм л даа. Наашаа харчихаад нэг их сай­хан ярьчихна. Тийшээ ха­раад өөр үйл­дэл хийгээд явахаар үнэ­хээр тэс­вэр барагддаг юм. Ядаж эр хүн шиг байж сур­маар юм даа, зарим нь.

-Та Хотын захиргаа руу хэр ор­дог вэ, өөрийгөө тэнд хэр дар­га байсан гэж үздэг вэ?

-Би ч өөрийгөө үнэлэх ч хаа­шаа юм бэ дээ.

-Өөрийгөө та үнэлэхгүй бол хэн ч таныг үнэлэх­гүй шүү дээ?

-Манай нэг офицер тэгж байсан юм аа. Арвай генерал  Дорнод айм­гийн Халх гол суманд байхад манай от­рядад очсон юм. Тэгээд манай тех­никийн орлогчийг “Чи цэргийн машин техник мэдэх үү, ер нь” гэж асуу­лаа. Ма­най хүн “Мо­торыг нь та­виад бэ­лэн” гэж хариулдаг юм байна. Амнаа­саа болж  нөгөөдөх чинь заг­нуул­лаа. Тэгсэн нөгөөдөх чинь ур­даас нь “Би өөрийгөө өмөөрөхгүй бол өөр намайг хэн өмөөрөх юм бэ” гэж туудаг бай­гаа. Арвай генералын өөдөөс тэгж хэлж байсан юм. Тэр үед би нээрээ сүр­хий үг байна шүү гэж бодож бай­сан. Би л өөрийнхөө төлөө явахгүй бол өөр хэн миний төлөө явах вэ. Найз нөхөд бол бий л дээ. Гэхдээ хүн өөрийнхөө төлөө бас явах ёстой. Тийм утгаар та хэлж байх шиг байна. Би яг үндсэндээ өөрийгөө бол муу ажил­ласан Засаг дарга гэж үнэлэх­гүй. Задлаад яривал тайлан болох биз. (инээв)

-Одоогийн хотын даргыг та хэр ажиллаж байна гэж боддог вэ?

-Би сэтгэл хангалуун байгаа.

-Түрүүн та Н.Энхбаяр дар­гыг ярьж байхад ну­таг гэж онцол­лоо. Таныг  Булганы хүн гэж бо­доод байдаг буруу байх нь ээ?

-Миний аав Архангайн Эрдэнэ­ман­дал сумын хүн. Ээж Булганы Гур­ван­булгийнх. Тэгээд л өөрийнхөөрөө ойлго доо. (инээв) 

-Таныг олон залуучууд дага­даг гэдэг. Та өөртөө хэтэрхий  долигноод бай­­­­хаар яаж зог­соо­дог вэ?

-Над руу нэг их олон за­луу­чууд хан­даад байх нь юу юм. Гэхдээ бий бий. 

-Тойроод л гүйгээд бай­хаар чинь хэцүү биз дээ. Илт хөөж бо­лохгүй ша­нал­гаатай юу.  Та ийм юмыг яаж зогсоодог вэ?

-Би харилцахаас дөлөөд явчих­даг. Харилцахгүй бай­гаад байхаар аяндаа өөрөө холдоод явдаг байхгүй юу.

-Манайхан чинь илүү эргэл­дэж, гүйж байсныг нь татдаг бол­чихсон юм биш үү?

-Энэ бол хамгийн болох­гүй аж­лын нэг. Төрийг бузар­лаж байгаа нэг юм энэ. Одоо бол манайх холоос ха­раад хэ­рэггүй ээ. Хятадын төрийн бод­логоос л сурчих хэрэгтэй. Ядаж цэрэгт алба хаасан хүнийг төрийн албанд авдаг болмоор юм.

Бидний яриа олон хо­но­гийн өмнө холын газар өр­нөсөн ч ун­шигч таныг уй­дааж чилээгээгүй гэж найд­нам. Тэр яг байгаагаа­раа л байгаа нь энэ. Өөр ямар нэ­гэн дүр төрх хайгаад ч хэ­рэггүй са­нагд­­даг юм.