Үхэл бол хаалга, эсвэл хувь заяаны эрс эргэлтийн тохиол бол хаалга. Өөрчлөлт өөрөө хаалга, үгүй бол хүний дотоодод далд нууцхан оршсоор байдаг төрөлхийн адгууслаг инстинкт нь ерөөсөө л хаалга. Хүн хаалганы өмнө очихоороо яадаг юм бол гэж бодохын хэрэггүй, учир нь цаг хугацааны бүх агшинд хүмүүс дараагийн агшин хормын хаалганы өмнө зогсоотой байдаг. Зохиолч Баяртогтохын Батрэгзэдмаагийн “Хаалганы өмнө”-ийг яаж ч тайлж уншиж болно. Үзэгчийн дотоод мөн чанарыг хатгаж, магадгүй өөрөөсөө ч нуудаг байж болох хөндүүрийг нь онгичдогоороо Рэгзэдийн драм онцлог.

“Хаалганы өмнө”-ийг зүгээр л жишээллээ. Түүний “Би хүсэхгүй байна”, “Хорионыхон”, “Миний хайрыг хүлээ”, “Дурласан хүн”, “Тайчигч хөвгүүд ба саарал гудамж” гээд олон жүжиг Драмын театрын тайзнаа тавигдсаны заримыг тэр өөрөө найруулсан. Дүрслэл хийгээд өгүүлэмжийн алсрал нь байж ядан тэчьяадах оюун, мэдрэмжийнх нь багтралаас өдөөгддөг шиг санагддаг. Амьдралын элдэв үзэгдэл гэхээсээ илүүтэй хүний мөн чанарын гүн рүү яргаж тэмүүлсэн түүний үзэл санаа гайхалтай үнэн “реалист абсурдизм”-ыг бүтээжээ гэж би хувьдаа дүгнэдэг. Өнгөцхөн, эс бол гүехэн сэтгэхүйгээр тольдвол түүний жүжгүүдийн агуулга хийгээд хэлбэр, туйлын санаа нь хүртэл айхавтар абсурдаар сэтгэгдэх вий. Гэвч үнэндээ тийм биш. Дүрүүдийнхээ үйлдлийн шатлалыг тэр гайхалтай шалтгаант холбоосоор нарийвчлан шаглахдаа итгэхэд бэрх илэрхийллүүдийг бодож олдог ч өнөөх л шалтгаант холбоосуудынхаа тусламжтайгаар “утга учиргүйдэл” бүхэн нь хүлээн зөвшөөрөгддөг.

Сэтгэхүйн, ухамсрын, сэтгэлзүйн, бүр зөн сэрэхүйн логикийг ч тун нарийн мэдэрсэн байдаг нь, магадгүй эмэгтэй хүний торгон мэдрэмжээс нь шалтгаант байж мэдэх. Үгүй ч байж болох. Урлахын хэмжээлшгүй тэчьяадал нь түүнийг яг л сэрлийн дээд цэгтээ тулсан амраглант эмэгтэй шиг болгоход гийнан гасалж, уйлан шархиртлаа байж ядаад, ийм эрмэлзлийнхээ дотогш гүнзгийрэн чичирхийлсэн мэдрэмжээрээ дүрүүдээ урлахаар тэр дүрүүд Рэгзэдийн бий болгосноос өөрөөр яаж ч чадах билээ дээ. Ангийн анд, яруу найрагч Б.Ичинхорлоо энэ тухай, “гүнзгий зөрчилтэй дүрүүд нь дандаа эрсдэл агуулж байдаг. Яг л тэсрэхэд бэлэн бөмбөгүүд шиг тэр дүрүүд бол бүгд гол дүрүүд байдаг.Жүжгийн туслах дүрүүд хаачив аа...” гэж эрхгүй дуу алдан бичсэн нь байх. “Хувьсал”-ын Цогоо түүний тухай “драмтай...” гэсэн ганцхан үг л надад хэлж билээ.

Амьдралыг гэхгүй ээ, зүгээр л хүмүүсийг танин мэдсэн эргэцүүлэл нь түүний урлахын хандлагыг үл мэдэг эмгэнэнгүй болгосон байх гэж боддог юм. Харууслант хийгээд зөрчилдөөнт үзэл санаа. Бүр аймаар тэмцэлдээнт хэв шинж Рэгзэдийн баатруудыг эргэн тойрныхонтой нь төдийгүй өөрсөдтэй нь зөрчилдүүлдэг. Дүрийн хувь заяан дотор асар хүнд бөмбөрийн хэмнэл адил нүргэлэн байх тэр их тэмцэлдээн жүжигчний тархи толгой, цээжинд багтрах атлаа тайзнаас ив илэрхий, бүр үзэгчдийн нүдэнд харагдаж, чихэнд дуулдаад зогсохгүй зүрх рүү нь шигдэж мэдрэгддэг. Хүчтэй шүү.

“Драмын урлагаас хүн өөрийнхөө өчүүхнийг бас хүч чадлыг ч таньдаг” гэж нэгэнтээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлж байв. Гэхдээ энэ бол драматургийн тухай яриа л даа. Хүн бол нийгмийн амьтан гэдгийг тэр үгүйсгээгүй ээ. Байгалиас заяасан инстинкт нь нийгмийн харилцааных нь язгуур чанар болж байгааг тэр өөрийнхөөрөө тайлсан юм. Магадгүй, ухамсрын тэмтрүүлд ч үл мэдрэгдэм далд орших хүний байгаллиг шинж харилцааны бүхий л хэв шинж (уулзах, найзлах, хайрлах болон бэлгийн)-ид шууд нөлөөлөх, нөлөөлөх төдий биш, бүр шалтгаалах чанартайг тэр өгүүлж байсан юм. Урлахын бачуурал нь түүний байгаллигийг сэтгэн цочроож, эхлээд хайр, баясал, магадгүй дур тачаал, улмаар уур хилэн, үзэн ядалт, өширхөл үүсгэсэн байж мэдэх юм. Улмаар сэтгэлийнх нь ханыг хүний амьдралын тухай чинадын эргэцүүлэл нь цаг үргэлж маажиж, малтаж, загатнуулж, эрвэгнүүлж, тачаадуулж, тэсгэл алдуулж, эцсийн эцэст тарчлаан зовоож байдаг нь гарцаагүй.

2011.10.12