“Ярилцъя” та бүхэнтэй шинэ зочныхоо хамт мэндчилж байна. Түүний нэр А.ЭРДЭНЭБАТ.  Тэрээр “Лайв энержи групп”-ийн ерөнхийлөгч. Манай бизнесийн шинэ үеийн лидерүүдийн нэг.

-Миний “Ярилцъя” буланд биз­несийн  төлөөлөгчид тун ховорхон уригдаж байлаа. Ховор зочдынхоо нэг болгож  таныг урих сонирхол төрсөн нь учиртай. Сүүлийн үед гэнэт л нэг залууг хэвлэлүүд онцолж бичих болсон. Тэр нь та. Яагаад ингэтэл сонирхож, тэгтэл оролдох болов оо?

-Юуны өмнө “Үндэсний шуу­дан” сонины уншигчдад энэ өд­рийн мэндийг хүргэе. Зочноороо урьсанд баярлалаа. Миний хувьд бизнес эрхэлдэг энгийн л нэг залуу. Бизнесийн салбарт ажил­лаж байгаа 70-аад оны төлөөл­лүүдийн л нэг. Үеийн залуус, найз нөхөдтэйгөө уулзахаар “Бид бол 70-аад оныхон” гэж онцлох дуртай байдаг нь анзаарагддаг. Би ч бас дуртай. Бид социалист нийгэм ямар байсныг үзсэн. Ардчилсан ний­гэм гараад ардчилсан тогтол­цоонд шилжих үеийн хатуу хөтүү юмыг ч биеэрээ мэдэрсэн хүүх­дүүд. Талханд ч дугаарлаж үзлээ, лангуу хоосон байхад картаар хүнсний бүтээгдэ­хүүнээ ч авч үзлээ. Маш сонин цаг үеийн хү­мүүс шүү дээ. Өмчийн тухай ойл­голт хүний сэтгэлгээнд харьцангуй гүн суугаагүй байхад миний хүүхэд нас өнгөрсөн учраас би өөрийгөө их азтай гэж боддог юм. Өөрт бай­гаа зүйлээ нандигнан хайр­лаж, түүндээ учиргүй баярлаж, байхгүй­гээ харин сэтгэлээсээ хүсч мөрөө­дөн, түүний­гээ хөдөлмө­рөөр бий болгох чанарыг миний хүүхэд үе надад төлөвшүүл­сэн. Тэр үед бүгд л автобус, трол­лейбусаар хичээл сургуульдаа явдаг байлаа. Сүү­лийн үед нийгэм маань маш өөр болж байна. Хү­мүү­сийн өмчтэй харьцах харьцаа, ойлголт асар их хувьсан өөрчлөг­дөж байна. Харин одоо автобус, троллейбусаар явж байгаа хүмүү­сийг хараад явж байхад их юм бо­догд­дог. Хажууд нь машин унаатай хүмүүс зэрэг­цээд явж байхад тэдний зүг харж байгаа харц нь их юм хэлж байдаг. Миний тухай сүүлийн үед миний өөрийн огт мэдэхгүй, надаас тэс өөр хүний тухай таамаглан бичсэн ташаа мэдээллүүд их гарч байна. Хам­гийн товчхон хариулахад би эн­гийн л нэг хүн. Энэ нийгмийнхээ бүтээн байгуулалтад гар бие оролцоод явж байгаа жирийн нэг бизнесмэн залуу л гэж өөрийгөө ойлгодог юм.

-Танай компани ямар чиглэ­лээр үйл ажиллагаа явуул­даг юм бэ?


-Бид “Лайв Энержи групп”  ком­па­нийг 2004 онд үүсгэн байгуулж тухайн үед шаардлагатай байсан аж үйлдвэрийн салбар, ялангуяа бүтээн байгуулалтын салбарт анхаарлаа хандуулахаар шийд­сэн. Одоо уул уурхайн салбарт үйлдвэрлэлийн чиг­лэ­лээр дөрөв таван төсөл хэрэгжүүлж эхлээд явж байна. Анхны төсөл маань бол хүрэн нүүрсэн дээр тулгуурласан төсөл байлаа. Нүүрсийг шингэ­рүүлж түлш болгох, мөн эрчим хүч гаргаж авах төсөл юм. Дараагийн нэг төсөл нь бол “ Ми Зү” гэж ком­пани дээрээ барилгын мате­риалын салбарт бүтээн байгуу­лалтын ажил эхлүүлээд байна. Хайгуул судалгааны ажлыг хийж, ашигт малтмалыг улс орондоо хэрэгтэй бүтээгдэхүүн болгон, үйлдвэр барьж улмаар нэмүү өртөг бий болгох зорилго тавьж ажил­ладаг. Ямар нэгэн бүтэхгүй зорил­го тээсэн компани огт биш л дээ. Цементийн үйлдвэрийн шохойн чулуу­ны ордоо өөрсдөө хайж олоод, өөрсдийн хүч нөөцөөр үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг олон улсын төвшинд хийж гүйцэтгэн, түүн дээрээ хөрөн­гө оруулалтаа хийгээд хэрэгжиж байгаа төсөл. Дорноговийн Айраг суманд үндсэн гол үйлдвэр маань байх юм.

-Та дунд сургуулиа хаана төгссөн бэ?

-Би 13 дугаар сургуулийн хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ангид сурч төгссөн. Дээд сургуу­лийг бол Япон улсад олон улсын эдийн засгийн чиглэлээр сурч төгссөн. Тухайн үед бид энд өмч хувьч­ла­лаар өмчлөөд авсан өмч, дөрөө­лөөд богино хугацаанд босоод ирэх үндсэн хөрөнгө, татаа түлхээ гэж байсангүй. Сур­сан мэдсэнээ амь оруулж, амжил­тад хүрэх, улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах л гэсэн оргилуун мөрөө­дөл байсан. Ажил хөдөлмөр эрх­лэх багагүй хугацаанд унаж босох үе цөөнгүй гарч байсан ч би мөрөөдлөө орхиж шантралгүй өдөр шөнийг ялгахгүй чин шудар­гаар хөдөлмөрлөж явна.
Өмч хөрөнгө капитал гэж бид ярьдаг. Миний хувьд оюун санаа­наас өмч ургадаг. Өмчийг хөдөлмө­рөөр биежүүлдэг. Оюун санаа хөдөлмөр хоёр нийлж байж өмчийг амь оруулдаг гэж ойлгодог.

-Бизнесийн түүхэнд олон л юм тохиолддог. Сүүлийн үед өрсөл­дөгчид бие биеийнхээ нэр хүндэд захиалгаар хал­дах явдал хавтгайрч байна. Гаднын хөрөнгө оруулагч­дын өмнө дотоодын компа­ниу­­дынхаа нэр хүндийг унагах оролд­лого дэндсэн гэж бизнесийнхэн их ярих болж. Таны тухай англи мон­гол дээр энэ хүнтэй хамтран ажиллахаас болгоомжил  гэсэн сэрэмжлүүлэг гарсан байсан. Иймдээ тулсан зүйл ер нь харж байгаагүй шүү?

-Шуудхан хэлэхэд бол биз­несийн ертөнцийн хаана нь ч бо­ломж байдаг. Хамгийн гол нь өрсөл­дөх чадвартай л байх ёстой. Өрсөлдөөн нь зарчимтай, ёс зүйтэй, зөв байх маш чухал. Ма­найд өрсөлдөөний ёс зүй нь бо­хир, зарчим нь шударга биш бай­на гэж би ойлгож байна. Сонинд гарсан сэрэмж­лүүлэг бол манай бизнесийн түүхэнд болж байгаа гутамшигтай явдал. Намайг дайрч гүтгэсэн гэхээсээ илүүтэй бид өөрс­дийн үнэ цэнээ өөрсдийн гараар устгаж чаддагийг харуулж буй бодитой жишээ биш гэж үү. Өнгөрсөн нэг жилийн турш бидний нэр төр, ажил алба, гэр бүл рүү минь хэсэг бүлэг хүн сониноор дамжуулан эрээ цээргүй дайрлаа. Би хууль хяналтын байгууллагад  хандан, тэд гэм буруугүйг олон удаа тогтоож нотолсон байхад заавал намайг гэмтэй, буруутай мэт болгох гээд зүтгээд байгааг эцэст нь миний хийж буй ажил үйлс амжилттай урагшилж, тэрхүү амжилт нь эрх мэдэлтэн, зарим биз­нес эрхлэгчийн эрх ашигт нийцэхгүй байгаа юм байна гэж бодоход хүргэж байна.  Бизнесийн өрсөлдөөнийг ингэж явуулж бо­лох­гүй шүү дээ. Бүгд мэдэж байгаа. Бид дөнгөж л хөрөнгөтэй болж эхэлж байна. Орон сууцтай, аж ахуйтай, үйлдвэр­тэй боллоо. Өмнө нь бидэнд тийм юм байсангүй. Байгаагүй учраас цаад  ёс зүй, хэм хэмжээ нь төлөвшиж амжаагүй байна. Тэгэхээр бид, бидний хойч үе маань бүх бие сэтгэлээрээ аливаад бодитой хандаж шударга өрсөлддөг зарчимд суралцах ёстой. Юм өөрчлөгдөх байх гэж би найддаг. Гадна дотнын ажлын хамтрагчид маань болж байгаа үйл явдалд гайхах ангайх зэрэг­цэвч бодит байдлыг өөрсдөө мэдэрч, мэдэж байгаагийн хувьд тогтуун тайван байгаа. Тэгээд ч хувь хүний болоод бизнесийн итгэлцэл, ёс зүй гэдэг зүйл бол хэрийн гүтгэлэг, явуулгад автах зүйл биш. Хэвлэлээр дамжуулан захиалгат гүтгэлэг явуулж, хүний шударга хөдөлмөр, олон зуун хүний итгэл найдвар, цаашлаад эх орондоо тайван, итгэлтэй ажиллаж амьдрах  бололцоог хааж болдог муухай жишиг тогтох вий гэдэгт залуу хүн, монгол иргэний хувьд санаа зовж байна.

-Муухай явдал шүү дээ. Хэн тийм юм хийгээд байгаа юм бэ?

-Нэрийг нь хэлээд яахав. Муу арга хэрэглэн тухай үедээ хүний хөдөлмөр, үнэ цэнийг нухчин да­рахыг оролдож, түүндээ эрэмшин баярлаж явах цөөн хүн байх ч эрүүл саруул бодолтой, хүчирхэг мөрөөдөлтэй, оюун тархиндаа чадалтай, улс орныхоо төлөө юм хийх гэж зорьж яваа залуучуудад бол ийм оролдлого хүрэхгүй, со­нир­холгүй зүйл шүү дээ. Гайхаад л, гутаад л өнгөрөх төдий зүйл.

-Шивээ-Овоогийн лицензийг буцааж өгсөн байгаа. Хөрөнгө оруулалт татаад ажиллаж байтал дундаас нь төр орж ирээд хураадаг явдал газар авах нь ээ дээ. Ийм орчинд бизнес яаж урагшлах юм бэ. Нэг ёсондоо эргээд нийгэм­чилдэг юм руугаа л ухарч байна гэсэн үг биз дээ?

-”Шивээ овоо”  ХХК гэж төрийн  компани байдаг. Манай компанийг бол “Шинэ шивээ” гэдэг. “Шинэ шивээ” компанийг 2005 онд үүсгэн байгуу­лаад, 2005 оноос “Шивээ овоо”-г тойрсон лицензийн хай­гуулынх нь талбай дээр бид орж ажиллаж эхэлсэн. Тухайн үедээ миний хийсэн анхны ажлын нэг. Шууд нүүрсийг нь зөөгөөд, ухаад зарчихъя, лицензийг нь худалд­чихъя гэсэн богинохон бодол хэзээ ч өвөрлөж явсангүй. Үүгээрээ би бахархдаг.

-Тэгээд буцааж өгөө биз дээ?

-”Шивээ овоо”-г тойрсон хай­гуу­лын талбайг бид 2008 онд нийг­мийн хариуцлагаа ухамсарлаж, үл маргал­дах журмаар С.Баяр дар­гын Засгийн газрын үед хү­лээлгэж өгсөн байгаа. Энэ талаар ч зарим хүн сүүлийн үед хэвлэл мэдээлэлд алдаа дутагдалтай, буруу ойлголт­той мэдээлэл гаргаж байгаа.

-Буцааж өгсөн газрын нөөц ямар хэмжээтэйг сонирхож болох уу?


 -560 сая тонн нөөц бүхий талбайг улсдаа буцааж өгсөн дөө. Одоо уг талбай дээр Хятадын Зас­гийн газар хоорондын зээл туслам­жаар маш том цахилгаан станц барих төсөл хэрэгжих гэж байгаа. Энэ төсөл дээр ч бид хамтран ажил­лах саналаа илэрхийлж бай­сан. Хамтрах, нэгдэх, нийлж юмаа хийх тухайд бид одоо болтол тө­лөвшил муутай. Ер нь бол улаан, хөх гээд ялгараад байх нь манай цөөхөн монголчуудад нэгдэл авчрахгүй байна шүү дээ. Бид 20 жил дотроо задарлаа, 20 жил хуваагдлаа. Үүнийг дагаад залуу хү­мүүсийн бодлого сэтгэхүй ч хуваагдчихаж. Бид нэгдэж ажил­лаж чадахгүй байна. Би нэгдмэл, магадгүй хүмүүстэй хамт­рах, эрсдэлийг хамт үүрэх, хуваах зарчмыг илүү барьдаг. Бизнест ганцаараа эзэмших, ганцаараа том болно гэсэн ойлголт байхгүй. “Энер­жиресурс” гэдэг компанийг магад­гүй нэгдлийн нэг том илэр­хий­лэл гэж бахардаг. Яахав энэ төслийн хойноос долоон жил гаруй явж, энэ хүртэл зүтгээд ир­лээ. Үндэсний хэмжээний цөмийн нийгмийн бодлогод нөлөөлөх компанийг байгуулж чадлаа. Маш сайн хамт олон бүрдүүлсэн. Мэр­гэж­лийн байгуулла­гад үнэлүүлсэн. Үүндээ бол бахархаж байсан шүү. Цэвэр оюун санаа, олон хүний хүч хөдөлмөр, итгэл найдвараар би энэ бүгдийг бүтээж яваа.

-Хэвлэлээр Ц.Соёмбо гэдэг хүнтэй холбоотой мэдээлэл нэлээд явсан. Та тэр хүнд ямар хохирол учруулсан юм бэ?

-Би компанид болон Соёмбод нэг ч төгрөгийн хохирол учруулаа­гүй. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр намайг болон өөрийгөө олон удаа доромжилж байгааг хөрөнгө оруу­лагчид болоод энэ ажлыг хийж гүйцэт­гэсэн мэргэжил­тэн, ажилчид тэвчээр­тэйгээр харж, хууль хяналтын бай­гуул­лагын шийдвэрийг анхааралтай харж байгаа. Би өдийг хүртэл нэг ч дуу­га­раагүй яваа. Хохирч хэлмэгдэж яваа хүн нь би, бид, хөрөнгө оруулагчид.

-Таны нийгмийн гарал, өссөн орчныг сонирхож болохуу?

-Надад бусдаас нууж хаах юм байхгүй. Өөрийнхөө гарал угсаа­гаараа би бахархдаг.  Эцэг маань Сүхбаатар аймгийн харьяат, казах хүн байсан. Ээж маань халх хүн, Сэлэнгэ аймгийн харьяат.

-Сонин юм. Тэр үед байтугай одоо ч энэ тал дээр уламж­лал гээд айхтар юм туулна биз дээ?

-Бусдаас арай өөр, тийм олон тохиохгүй тавилан надад заяасан. Монгол бол олон үндэстэн ястнаас тогтсон нэг л улс. Харамсалтай нь биднийг хувааж,  жалга довоор нь, байшин саваар нь ялгаж талцуул­саар л байх юм даа. Энэ таагүй явдал одоогийн залуучуудын сэтгэлгээнд ч их муугаар нөлөөлж байна гэж би боддог. Миний аав уламжлал, ёс заншил, хатуу хөтүүг сөрж, ээжтэй минь учирч, түүнийг хайрлаж хувь тавилангаа холбо­сон. Түүнийхээ төлөөсийг ч насаа­раа төлсөн. Халх бүсгүйтэй учирч хайрласныхаа төлөө хэчнээн юм амсч байсныг нь би биеэрээ мэднэ.  Гашуун хийгээд агуу сайхан зүй­лийн аль алийг нь мэдэрч өссөн. Аав маань ээжид маш их хайртай байсан болохоор халх хүмүүсийн дунд, халх хүн болж амьдарч чад­сан. Хоёр сайхан хайрын дундаас гарсан учраас би тэднийгээ, хувь тавилангаа хүндэтгэдэг юм. Миний эцэг идэр залуу хорин дөрөвхөн насандаа Дорноговийн Их хайр­ханы уурхайн нарийн бичгийн дарга хийж байсан. Манай өвөө Төв аймгийн намын хорооны дарга, Худалдаа бэлтгэлийн ангийн дарга байсан Дорж гэж хүн байлаа. Эрдэм номтой, тулхтай түшигтэй, олондоо нэртэй сайхан өвөө эмээ дээрээ бага насаа өнгөрүүлсэн.

-Таны эхнэр П.Анужинг сүү­лийн үед нэлээн бичиж байх шиг байна?


-Тийм ээ, бас бичээд л байна. Гэх­дээ манай хүн уужуу учраас аливаад хариулах гээд, дуугарах гээд уулгалж сандардаггүй. Хэн хэн нь амьдралд хатуужиж, амьд­ралын болоод номын ухааны зах зухаас шимтэн судалж явдгийн хувьд харьцангуй бие биедээ хань, дэм болж чаддаг.

-Та хоёр нэг анги гэсэн үү?

-Бид хоёр 10 жилд 13 дугаар сургуульд нэг анги байсан. Манай эхнэр чинь манай ангийн дарга, сургуульдаа хүүхдийн хийж болох бүхий л өндөр албан тушаалыг хашдаг, онц сурдаг охин байсан шүү дээ. Одоо ч ангийн дарга хэвээ­рээ (инээв). Эхнэр нөхрийн амжилтыг хамтын амжилт гэж би үздэг ч эхнэрийн маань хувьд өөрийн үзэл бодолдоо үнэнч, өөрийн түүхийг өөрийн оюун ухаан, хувь тавилан­гаараа бүтээж яваа бие даасан том ертөнц. Өөрийнхөө ертөнцөд хүнийг тийм амар нэвтрүүлэхгүйн хэрээр бусдын хил хязгаар руу ч довтолж дайрдаггүй, бусдад маш хүндэт­гэлтэй ханддаг гайхалтай чанар­тай, ухаалаг бүсгүй. Бизнес хийж байхад эрсдэл давна, санхүүгийн асуудал тулгарна. Энэ ажлуудыг босгох гэж гэртээ орохгүй шахуу, гэр бүлдээ анхаарал хайр хандуу­лах сөхөө ч үгүй явж ирлээ. Амьд­ралд боломжтой боломжгүй олон өдрүүд ээлжилнэ. Энэ бүгдийг туулахад минь хажууд түшиг болж, бухимдал гомдол биш ухаан нэмж байдаг эхнэртээ харин танай сониноор дамжуулан баярлаж явдгаа хэлмээр байна. Би үг дуу цөөтэй хүн. Ийм юмаа дутуу илэрхийлдэг.

-Та хоёр насаар залуу хэрнээ дөчөөд хүүхэдтэй гэж ярих юм. Асрамжийн газар бай­гуул­­сан гэж сонссон юм аа. Тэгээд л асуумаар санаг­даад?

-Тийм ээ, бид хоёр анхны хүүх­дээ төрөх жил сургууль соёлд сурч хүмүүжих боломжгүй хүүхдүүдийг сургах, хүмүүжүүлэх, хайрлан хам­гаа­лах зорилгоор “Эрдэм” төвийг байгуулсан. Байгуулагдаад зур­гаан жил болж байна. Эхний дөрвөн хүүхэд маань их дээд болон мэргэжлийн сургуульд элсэн орж биднийг баярлууллаа.

-Сайхан байна шүү. Ингэхэд та­най компани хэдэн ажил­тантай вэ?

-Манайд 300-гаад ажлын байр байна. Бид ялангуяа зун хайгуул судалгаа хийх болох юм бол ажлын байр нэмж гаргадаг. Тийм үед энэ ажлын байр маань хоёр гурав дахин илүү өсдөг. Бид “Шивээ овоо”-г тойрсон талбайд өөрсдөө шинээр зарим гүнд бай­гаа нүүрсний хэсгүү­дийг тогтоо­лоо. Гүн хэсэгтээ ялангуяа хүрэн нүүрс 150-200 метрт доошоо байдаг.  Хөдөлмөрийн хувьд үнэ­хээр хүнд хөдөлмөр шүү дээ.

-Манай бизнесийн орчныг их шүүмжилдэг. Төрийн хам­гийн сайн дэмжлэг нь бизнес рүү хутгалдах­гүй байх. Гэвч манайд хутгалдсаар л байна. Гэхдээ ахиц ер нь байна уу?

-Бизнесийн орчин шууд утгаа­раа сайжирч байгаа. Ялангуяа татварын асуудал. Бизнесийн орчин сайжрах, сайжрахгүй гэдэг тухайн компанийн засаглалаас шууд хамаардаг л даа. Яг үндсэн­дээ Монголд боломж, орчин нөх­цөл байна. Зүгээр бизнесийн орч­ныг яагаад зарим тохиолдолд хүмүүс муу гэж хэлдэг юм гэхээр тэр бол ерөөсөө хүмүүсийн харил­цаа­­наас л болоод байгаа юм. Хувийн соёл, бизнесийн соёлын үнэр ч үгүй хүмүүс бизнес хийж бай­на. Үүнээсээ болоод нөгөө биз­несийн орчиндоо өөрөө го­логддог. Гологдсон хүн гараад юу ярьдаг вэ гэхээр бизнесийн орчин муу байна гэж ярьдаг. Уг нь бол гэр доторхио өөрөө засч, төвх­нүүлж байж өөрөө түүнийгээ муулаад гоочлоод явах зохимжгүй биз дээ. Гадаа бороотой ч байж болно, салхитай ч байж болно. Бүр нартай ч байж болно. Хүн өөрөө бэлтгэгдэж чадсан л бай­вал ямар ч эрсдэлийг давна. Сан­хүүгийн эрсдэл бол байдаг л асуудал. Манай төр харьцангуй тогтвортой байгаа шүү дээ. Монголчууд бид бие биеэ дэмждэггүй учраас эргээд тогтолцоо руугаа л муугаа чихэж хардаг. Бид одоо ажиллах л хэрэгтэй байна. Гагцхүү ажиллах. Бас бие биеэ дэмжих хэрэгтэй байна.
Эцэст нь, монголчууд бид али­ваад бэлгэ ерөөлөөр хандаж, болж бүтэхгүй зүйл аль болох ярихгүйг хичээдэг. Би сайн сай­ханд итгэж, өөдрөг гэгээтэй амьдрахыг хүсдэг. Хэсэг найз нар­тайгаа нийлж буд­дын шашны “Тар­валин” хийдийг барьж бай­гуул­лаа. Монгол хүний заяа тави­ланг төвшитгөж, үйл хэргийг цогц­лоон бадраах үйлст өчүүхэн хувь нэмэр оруулж яваадаа сэтгэл баясч л явна.

А.Эрдэнэбатын ертөнц, хү­сэл мөрөөдөл, хийсэн бүтээсэн, туулсан замналынх нь зах зухаар би ийн аялав. Гаднаасаа үг дуу цөөтэй, дотроо л бүх юм нь болж байдаг болов уу гэмээр тэсвэрлэг харагдах энэ залуу хожим бидэнд илүү том амжил­тын мэдээ ирүүлэх нь дамжиг­гүй. Бид залуу хүнд итгэж, залуу хүнийг дэмжиж, тэд­нийхээ ха­луун гараас атгах дургүй болсон ч юм шиг санагдана. Залуу хүн шагнал авахад уурлана. Залуу хүн амжилтад хүрэхэд хорсоно. Яагаад бид ийм болчихсон юм бол оо гэсэн шорвог бодол ойрын үед тархинд эргэлдээд салдаггүй ээ... Гэвч бүх зүйл сайхан болох биз ээ гэж тайвширмаар байна.