“Эдийн засгийн хувьсгал эхэллээ” сэдэвт хуралд тавьсан илтгэл

XXI зуун гарсанаас хойшхи үсрэнгүй хөгжлийн үлгэр жишээ нь Катар. Катар улс Арабын булангийн улс дундаас хамгийн ядуу орны нэг байсан. 1998 онд настай хаанаа солин хүү нь гарч ирснээр дэлхийн үсрэнгүй хөгжилд орсон. Өнөөдөр нэг хүнд ноогдох ДНБ-ээрээ Япон, АНУ, Скандинавын орнуудад 45-50 мянган ам.долларын хооронд эргэлдэж байдаг бол Катарт энэ үзүүлэлт 75 мянган ам.долларт хүрлээ.

Сүүлийн үед эдийн засагчдын амнаас дараагийн арван жилд Монгол улс үсрэнгүй хөгжлөөр Катарын амжилтыг давтана, тэрбайтугай давна гэх боллоо. Энэ нь юун түрүүн ДНБ буюу мөнгө яриад буй хэрэг. Олон жилийн турш ДНБ гэдэг юмаар улс орны баян тарганыг хэмждэг байсан. Хөгжил, хөгжлийн хурд ч үүгээр хэмжигддэг байлаа. 2007 онд буюу хямралын урд жил Монголын эдийн засгийн хөгжлийн хурд 32 хувьд хүрч Азербаджаны дараа дэлхийд хоёрт орж байв. Энэ жил Монголын ДНБ-ий өсөлт 17-22 хувьтай гарна гэж тооцоолж байна. Цагтаа япончууд ид гялалзаж байхдаа ДНБ-ий өсөлтөө 8.5 хувьд хүргэж байв. Энэ рекордыг дараа нь солонгосчууд 10 хувь, тайландчууд 12 хувь, хятадууд 13 хувьд хүргэж байсан. Энэ бол эрчимтэй хөгжлийн дээд үзүүлэлтүүд. Азербаджан, Монгол зэрэг оронд рекорд үзүүлэлт хэд нугарч гардаг нь ердөө л байгалийн баялагийн үнийн өсөлт юм. Ийм учраас үсрэнгүй хөгжлийн тухай жаахан бодолтой ярих хэрэгтэй мэт. Та бидний цөмөөрөө сайн мэдэж байгаачлан ингэтлээ бид хөлсөө гартал хөдөлмөрлөн байж ийм амжилт гаргасан биш шүү дээ.

Ингэхээр улс баяжаад их мөнгөтэй болоод байгаа нь үсрэнгүй хөгжилтэй шууд хамааралтай биш юм. Үүний нэг том жишээ нь Номхон далайд байдаг Науру улс байна. Далаад оны дундуур Науру нь дэлхийн хамгийн баян орон байсан. Хүн цөөтэй, фосфорын асар их баялагтай энэ орон нэг хүнд ноогдох ДНБ-ээрээ өрнийн хөгжилтэй орнуудаас хоёр дахин илүү гарч байлаа. Буй болсон мөнгөө хүмүүс нь тэгшхэн хуваагаад авчихдаг байсан. Үр дүнд нь гольф сайн тоглодог тарган тарган хүмүүстэй л болсон. Ажил хийж сурсан хүн байхгүй. Боловсрол олоогүй, эрүүл мэнддээ анхаараагүй. Харин фосфор ерөнхийдөө дуусч байгаа.

Гэтэл нөгөө талаар мөнгөгүйгээр юу ч хийж чадахгүй. Мөнгөнөөс чухал зүйл их боловч мөнгөгүйгээр тэр чухал зүйл биелэгдэхгүй. Тэгэхээр бидний хувьд юун түрүүн мөнгөтэй болж түүнээ мөнгөнөөс чухал өөр зүйлд ухаалгаар зарцуулан үсрэнгүй хөгжлийг яг үнэнээр нь “хийх” явдал юм.

Мөнгөн утгаар нь авч үзвэл бид үргэлж ядуу байсан. Ерэн он хүртэл ДНБ-ийнхээ 70 хувийг хойд хөршөөсөө зээлж амьдардаг байлаа. 2000 он хүртэл хандивлагчдын дэмээр амь зууж явсан. Харин 2010 онд Олон улсын санхүүгийн байгууллагууд Монголыг ядуу орны эгнээнээс бүр мөсөн хассан. Одоо бидэнд хандив тусламж, үнэгүй бэлэг ирэхээ больсон. Мөнгөтэй Монгол бусад оронтой эдийн засгийн тэгш харилцаанд орсон. Энэ хооронд буюу сүүлийн 20 жилд Монголын эдийн засаг мөнгөн дүнгээрээ 20 дахин өслөө. Хүний хөгжлийн индекс ч маш хурдтай дээшилсэн. Дундаж наслалт 5 жилээр нэмэгдлээ. Ой хүртлэх хүүхдийн эндэгдэл дөрөв дахин буурлаа. Дундаж иргэний өдрийн хоолны норм хөгжингүй орныход дөхөж байна. Ялангуяа махны хэрэглээгээр дэлхийд тэргүүлэх боллоо. Тоон утгаараа боловсролын үзүүлэлт хүн үнэмшимгүй хэмжээнд хүрчээ. Албан ба албан бус статистик ингэж хэлж байна. Ингэхээр сүүлийн хорин жилд улам ядууран турж үхэж байгаа тухай моодны сэдэв үнэн хэрэгтээ худлаа домог. Шинэбаяр гэгч эрхэм “хорин жил хар дарсан зүүд шиг аймаар өнгөрлөө” гэж орилоод байх болж. Сонинд өгсөн ярилцлагаас нь үзэхэд бүх хүүхдээ Англид сургаж байгаа, хэд хэдэн харш хаустай, уул уурхайн ордтой гэнэ. Ингэж “хар дарж” байгаа бол болж л байна шүү дээ.

Улам ядуурсан зүйл байхгүй ч нийгмийн үлэмж хэсэг нь олигтой нэмж өөдлөөгүй гэвэл үнэнтэй ч, статистиктай ч нийцэнэ. Нэг хэсэг нь сайн хулгай хийдэг ч юм уу, сүрхий сэргэлэн ч юм уу, мундаг ажил хөдөлмөрч ч юм уу үнэхээр баяжсан. Зэрэглэл нь Форбэст гардаг эрхэмүүдийн зиндаанд дөхөж байгаа. Ингэхээр нийгэм дахь баян ядуугийн хэт их зөрөө гараад ирлээ. Энэ нь нийгмийн бухимдлыг улам нэмж байгаа байх.

Өнөөдөр манай улсын нийт экспортын 80 хувь нь байгалийн баялаг. Энэ хэт хамаарал ирээдүйд хортой нь ойлгомжтой. Сайн боловсрол, сайн засаглал, сайн эрүүл мэндийн сүлжээ, сайн дэд бүтэц, өөр бусад үйлдвэрлэл бидэнд яаралтай хэрэгтэй. Энэ болгонд асар их мөнгө хэрэгтэй. Энэ мөнгийг бид өнөөдөртөө зөвхөн уул уурхайгаас л буй болгож чадна. Ерээд оны эхээр бидний гадагш худалдаж чаддаг байсан ганц зүйл нь ноолуур байлаа. Ноолуурын нийт гарц нэмэгдсэн ч үндэсний баялагт эзлэх хувь нь эрс багассан. Ноолуур нь өнөөдөр бага гарынхны бизнес болжээ. Одоо бид уул уурхайгаас буй болж байгаа асар их мөнгийг ирээдүйгээ харсан салбарт хөрөнгө оруулалт болгон зарцуулмаар байна. Дөнгөж сая тэргүүн шадар сайд тавьсан илтгэлдээ 2000 оноос хойшхи иргэдийн хөдөлмөрт оролцох идэвхийг судалгааны үндсэн дээр графикаар сайхан харууллаа. Хүмүүсийн хөдөлмөр хийх сонирхол жил болгон буурсаар 2009 онд хэсэг өсөөд дахин буурчээ. Үүнийхээ учрыг эрхэм сайд сайн ойлгож байгаа байх. 2008 онд хямрал болоод жирэмсэн болсны, залуус биендээ хайр сэтгэлтэй болсны шан мөнгийг өгөхөө больсон болохоор хүмүүс ажил хийх сонирхолтой болсон хэрэг шүү дээ. Шил түүж мөнгө олох гэж зовж байхаар улс зүгээр мөнгө өгч байхад гэртээ сууж байсан нь дээр биш үү.

Бидэнд өнөөдөр юун түрүүн дутагдаж байгаа зүйл бол сайн засаглал. Сайн засаг байж байж энэ улс орны амьдрал сайжирна. Сайн засаг гэдэг сайн мэнэжмэнт хийдэг газрыг хэлнэ. Сайн засаглалгүйгээр бид явахгүй. Сайн засаг гэдэг хүүхдээ эрхлүүлдэг, орой болгон нэхсэн зүйлийг нь өгсөөр байгаад мангар болгочихдог аав биш шүү дээ. Засаг бол стандарт тогтоодог газар. Тэгээд иргэд тэр тогтоосон стандартын дагуу ажиллаж амьдардаг. Миний сонссоноор АНУ-д одоо мөрдөгдөж байгаа 700 гаруй боть стандарт  байна. Хэн юу хийх нь тухайн хүний өөрийнх нь асуудал. Харин засаг түүн дээр стандартаа шаардана. Жишээ нь, үнсний сав үйлдвэрлэхэд шатах материалаар үйлдэж болохгүй гэх мэтчилэн 17 стандарт тавьдаг. Тэр стандартынхаа дагуу шаардлагаа тавьдаг.

Сайн засгийн нэг хийх ёстой ажил нь улс орноо төлөөлж байгаагийн хувьд найдвартай түнш байх хэрэгтэй. Дэлхий хавтгай болж улс орон болгон биенээсээ хамаардаг боллоо. Ийм ертөнцөд найдвартай түнш л амжилт олдог. Далаад оны хямралаар нефтийн үнэ өсөхөд Кувейт биеэ тоон гадны хөрөнгө оруулагчдыг шахаж эхэлсэн. Улс орны аюулгүй байдал, бие даах, гадныханд үл шулуулах гэх мэт нь тэдний энэ үйлдлийн тайлбар байлаа. Нэг үгэндээ итгэл даахгүй түнш болж эхэлсэн хэрэг. Ерэн онд тус улсыг Ирак эзлэхэд хүнд байдлаас гарахын тулд тэд 40 тэрбум доллар зарцуулжээ. Олсноо бараг бүгдийг нь гөвсөн гэсэн үг. Эцэст нь өнөөдөр Кувейт ярьж байсныхаа эсрэгээр хамаг юм нь барууны орнуудаас бүрэн хамаарах болж, нэгмөсөн гарт нь оржээ. Тэд экспортын үнээ ч хянаж чадахаа больсон. Тэгвэл далаад оны эхээр шинээр буй болсон Арабын Эмират улс хэдийгээр шулуулдаг гэх яриа их байсан ч юун түрүүн гадны техник технологид дулдуйдах нь гарцаагүй учир найдвартай түнш нэрээ хадгалахыг голчилсон. Тэд аажим аажимаар ахисаар экспортын үнээ тэр байтугай тулгадаг хэмжээнд хүрчээ. Тэдний бие даасан, аюулгүй байдлаа баталгаажуулсан байдал нь онц дүн л авахаар байна.

Ойрмогхоноос манай хэсэг эх оронч гишүүд Монголд буй болж буй хамгийн том хөрөнгө оруулалт болох Оюу толгойд эх оронч тулган шаардлага тавьчихаад сууж байна. Бодвол дахин сонгогдохын хүсэл нь ингэж илэрч байгаа байх л даа, үүнийг хувь хүн талаас нь ойлгож болмоор. Гэхдээ энэ нь Монголын найдвартай түнш байх нэрэнд том цохилт өгч буй хэрэг. Өрнөдийн, ялангуяа Америкийн компаниуд бирж дээр түргэн хөлжихийн тулд ядуу буурай орны нэр төрөөр тоглож сүйрүүлж байсан жишээ олон бий. Өрнөдийн аль ч оронд бирж дээр санаатайгаар үнийн савалгаа явуулахыг хүнд гэмт хэрэгт тооцдог. Тэгэнгүүт тэд ялангуяа Латин Америкийн буурай орнуудын эрх баригчидтай үгсэн тохирч гэнэтийн шийдвэрээр савалгаа буй болгон асар их мөнгө завшиж байлаа. Одоо Оюу толгойн хувьцааг хэдэн сая хүн эзэмшиж байгаа. Манай эх оронч шаардлагын маргааш ширхэг хувьцаа болгоны үнэ 5 доллароор уналаа. Олон хувьцаа эзэмшиж байгаа хэн нэг дамчин энэ савалгааг урьдчилж мэдэж байсан бол олон арван сая доллар ганц өдөрт хожино. Үүнийг зохион байгуулахад урьдчилж мөнгөөр урхи тавьж таарна. Мөнөөх дамчин асар их баяжих боловч Оюутолгойд хийх хөрөнгө оруулалт эрс багасна. Бирж дээр буй тэр их мөнгө бол машин техник, цалин цавуунд очих ёстой эд, энэ нь дутаж таарнаа даа. Ийм өндөр үнээр бид хэдэн сайхан эх оронч дивтааттай болох гэж байна даа. Ийм дэгэн догон элий балай газраас дараагийн хөрөнгө оруулагч болгоомжлоод зугтаадаг. 

Сайн засгийн хийх ёстой бас нэг асуудал нь хөдөлмөрийн хуваарийг зөв тооцоолох.  30 гаруй жилийн өмнө 17 мянган мэргэшил байна гэж ярьж байсан. Одоо энэ тоо 50 мянгад хүрээ биз. Хөдөлмөрийн хуваарь дээр зах зээл нь өөрөө өөрийгөө аваад явчихдаг. Харин хөдөлмөрийн хуваарьт ордоггүй газар бол засаг. Универсал авъяастай ч юм шиг төрийн байгууллагууд бүх юмыг өөрснөө хийдэг. Хийдэг ч гэж дээ, гурилддаг. Гэтэд үүгээр мэргэшсэн хувийн байгууллага зөндөөн байна шүү дээ. Мэргэшсэнээрээ хөдөлмөрийн зөв хуваарьт орсон хүмүүс жишээ нь Сайхансамбуугийн зах дээр эрүүлээр өрсөлдөж байна. Харин төрийн байгууллагад болохоор нэгнийгээ боох хорлох маягаар эрүүл бусаар өрсөлддөг. Хэрвээ тэр тэгэх юм бол би тэрийг нь тэгчихнэ гэх мэтчилэнгээр. Зурагтаар Засгийн газрын мэдээ үзээд сууж байсан чинь Нямдорж сайд төмөр зам хариуцдаг сайдаа загнаж байна. “Чиний төмөр зам тавихыг чинь харна даа, муу хог минь” гэж. Энэ ямар өрсөлдөөн, ямар хөдөлмөрийн хуваарь, ямар мэнэжмэнт вэ? Тэгэнгүүт нь нөгөө нөхөр нь “гэмт хэрэгтэй тэмцэхийг чинь харна даа” гэж занаад шоронгоос нь хоригдлуудыг шөнө очиж сэм суллаад явах уу? Ийм хөгийн менежментээр цааш аль зэрэг хол явах вэ?

Капитал гэдэг бидний хуучин ойлголт өдгөө үнэхээр хуучирчээ. Хөрөнгө, хүн хүч, газар гурвыг капитал гэдэг байлаа. Гэтэл өнөөдөр хөрөвдөг болгоныг капитал гэж үзэж байна. Хамгийн үнэ цэнт капиталын нэг нь мэнэжмэнт. Дэлхийн дээрх хамгийн муу менежменттэй газар бол зүй ёсоор Засгийн газар байдаг. Хаана ч тэр.  Тэр тусмаа манайх бүр онцгой байх. Муугаа мэдэхгүй бүх юманд оролцож үйлдвэр худалдаа эрхлэх гэж хөглөх юм. 1980-д он хүртэл япончууд зочид буудлын мэнэжмэнт хийж чаддаггүй байлаа, АНУ-аас хүн хөлсөлж менежмент хийлгүүлж байж.  Ингээд бодохоор мэнэжмэнт гэдэг бол өндөр чадвар туршлага шаардсан нарийн төвөгтэй ажил. 10 жилийн өмнө Хятадад холбооны хоёр том компани  шинээр гарч ирсэн юм байна. Гурав, гурван тэрбум долларын эргэлттэй. Ирээдүйд томрох магадлалтай, хоёулаа. Нэг нь цэргийн технологи үйлдвэрлэдэг. Түүнийг нь барууныхан сэжиглэдэг байж. Харин нөгөөхтэй нь нэлээн нөхөрлөөд байж л дээ. Гэтэл тэр арай гайгүй нь Хятадын нутаг дээр хятад маягаар ажиллах нь хятадын үндэсний эрх ашиг энэ тэр гэж номчирхоод гадаадынхныг халгаасангүй. Харин нөгөө сэжиглэгдээд байгаа компани мэнэжмэнт борлуулалт зэргээ бүгдийг нь америкчуудад хүлээлгээд өгчихжээ. 10 жилийн дараа энэ хоёр компанийн орлогынх нь зөрүү арван тэрбум доллар болчихсон байна. Бэлэн мэнэжмэнт худалдаж авсан нь хавьгүй ашигтай байдгийн нэг л жишээ энэ. Ашигтай ажиллагаа мэнэжмэнтээс эхтэй. Үсрэнгүй хөгжиж буй орнуудад сайд нараа ч гаднаас худалдаж аваад онц ашигт хүрсэн олон жишээ бий шүү. Манай нийгмийн сэтгэлгээ хүлээж авахгүй л байх л даа, түүнээс биш одоо байгаа олон сайд, агентлагийн дарга нарыг гадны хөлсний мэнэжэрээр сольчихвол нийгэмд мөн ч том хувьсгал болно доо. Ядахнаа л хулгай хийгээд улс орныг хорлоод байхгүй юм даа. 

Дараагийн том асуудал бол боловсрол. Та бүхэн санаж байгаа бол 1990-ээд оны үед Очиртбат, Бямбасүрэн гуай нар “угтуулан хөгжиж урд нь гарах” тухай ярьдаг байсан даа. Ингэж болох ганцхан зүйл бол боловсрол. Боловсролын өндөр төвшингөөр олон зүйлийг капитал болгож болно. Өнөөдөр Монголд  2.5  сая гар утас байна гэнэ. Харахад зүгээр л бараа, зүгээр л аппарат. Гэтэл хүмүүс үнэн хэрэгтээ аппарат биш хурд, цаг хугацаа худалдаж авсан хэрэг. Өнөөдөр хурд болон цаг хэмнэх нь капитал болчихсон. 2.5 сая утсаа гэнэт хураагаад авчихвал хүмүүсийн ажил аймшигтай хүндэрнэ. Утсаар зохицуулж болох бүх ажил нурна. Зөвхөн өндөр боловсролын хүчээр капитал болгож болох өөр нэг юм бол контэнт. Өнөөдөр дэлхий дээр контэнт 1.3 триллон ам.долларын хэмжээнд үйлдвэрлэгдэж байна. Автомашин үйлдвэрлэл, холбооны үйлдвэрлэлийг контэнтын үйлдвэрлэл давчихаад байна. Манайд ч боловсрол эзэмшсэн залуус гэрээсээ гадаадынханд захиалгаар ажил хийж өгөөд суугаад л байна шүү дээ. Боловсрол нь зах зээл дээр борлогдож эргэлтэнд орж байж капитал болно. Автомашины үйлдвэр барих нь хүнд, харин боловсролоор дамжуулан контэнт үйлдвэрлэх бололцоо бидэнд их бий. Бас нэг том капитал бол дизайн. Үүнийг би монголоор таашаамж гэж орчуулаад байгаа юм. Дизайн гэхээр хуучин зурдаг хүн гэж ойлгодог байсан. Олон нийтэд зохицсон таашаамж буй болгоод зах зээлд нийлүүлэх тухай энд ярьж байна. Мах энэ тэндгүй л байдаг. Амтны хувьд нийтлэг. Гэтэл яагаад хүмүүс үнэтэй хоолны газар орж 40,50 мянган төгрөгөөр шарсан мах авч идээд байна вэ? Хажууд нь 2000 төгрөгий хоол байсаар байтал. Энэ бол таашаамжийн асуудал.   Стив Жобс сүүлийн хэдхэн жил үүгээр дэлхийд амжилт гаргалаа. Дизайн хариуцсан орлогчтой болсон анхны компани нь Эппл байсан. Өнөөдөр таны хэрэглэж байгаа Эппл гар утас, пад, под хамгийн дизайнлаг учраас борлуулалтаар тасархай хол түрүүлсэн. Дизайн гэдэгт өнгө үзэмжээс гадна хөнгөн жин, хэрэглэхэд амар байдал гээд хүний л сэтгэлд хүрсэн таашаамжийг оруулж хэлээд байна. Блэкбэрри ижил пад хийсэн, гэтэл тэр нь хямдхан ч гэсэн борлогдохгүй байгаа учир үнээ буулгаж байна. Эпплийнхийг болохоор хүмүүс үнэтэй ч гэсэн оочирлож аваад байна. Үүнд л энэхүү дизайны хөрвөх чадвар харагдаж байгаа юм. Иймэрхүү зүйлс нь бидний хийчиж барах төрлүүд. Гэхдээ үүнд мэдээж асар өндөр боловсрол хэрэгтэй.

Бид үсрэнгүй хөгжиж байна. Гэхдээ зөвхөн мөнгөн дүнгийн утгаар. Бидний өмнө Науру шиг баяжих, Катар шиг хөгжих аль аль зам нээлттэй байгаа. Шинэ баян цээж өвчтэй гэдэг. Мөнгөтэй харилцаж байгаа өнөөгийн бидний авир хөндлөнгөөс харахад хөгийн л байна даа.
2011.09.30