Хүнд үед хүн чанарыг нь тэмтэр
МАХН-ын XXҮ Их хурал гурав хоногийн дараа эхэлнэ.
МАХН-ын XXҮ Их хурал гурав хоногийн дараа эхэлнэ. Хэдийгээр жирийн гишүүд нь томоохон өөрчлөлт гаргасан тодорхой үр дүн горилж байгаа ч намын толгойд архайж сурсан цөөн хэдэн лидерүүдийн дунд эрх мэдлийн төлөөх дайн болоод дуусах нь ойлгомжтой харагдаж байна. Өөрөөр хэлбэл шинэчлэлийн шошго нааж байгаад хуучин замналаараа хийдгээ хийхээр төлөвлөсөн ээлжит ажиллагаа л явагдана гэсэн үг. Тэдний гол зорилго намын дарга М.Энхболдыг унагах. Н.Энхбаярын саармагжиж байсан хаанчлалыг сэргээх
Энэ үйл хэрэгт мэдээж Н.Энхбаярын үеийн ёслолын плакатад толгойгоо багтаан патиараа татуулж явсан хуучин хэдэн кадр хүчин зүтгэж байгаа. Энэ хүний үед л өнгөтэй өөдтэй, эрхтэй дархтай явсан хэдэн нөхөд тэрийгээ алдчихаад юу ч хийхээс буцахгүй хуралдаж хуйвалдаж, боож үхэхээс наахнуур нойр хоолгүй шогшиж яваа нь энэ. Тэдний Н.Энхбаярын далбаан дор арван хэдэн жил төрийн ямбанд заларсан нь ч үнэн, нэр нүүрийг нь баасдаж сүйтгэсэн нь ч үнэн, энэ намыг баллаж талхалж хаясан нь ч үнэн. Хамгийн хүн муутай нөхдүүд хүний мөс ярьдаг, хамгийн үл бүтэх хүмүүс шударга ёс хэлцдэг, хамгийн урваач шарваач улсууд өөрчлөлт шинэчлэлийн нөмөрт хоргоддог цөвүүн цаг ирснийг эдний явдал харуулж байна. Өнөөдрийн энэ лидер нэртэй шалихгүй босогчид гуравхан жилийн өмнө л сонгуулийн дараа тал суудлаа алдаж орж ирчихээд “Бүх юм энэ муу Энхбаяраас боллоо. Энэн шиг новш байхгүй юм байна. Одоо л энэ лай ланчигаас салж амаръя, ерөөсөө энэ хүнтэй улс төрийн хариуцлага тооцох ёстой, энэ нэг авгай нөхөр хоёр Монгол Улсын хувь заяаг хичнээн жил мэдэх юм бэ“ гээд нулимсаа урсган ширээ шааж байсан улсууд шүү дээ. Улс төрийн хүрээнд ойр явдаг бүх хүн тэдний энэ увайгүй явдлыг мэднэ. Одоо эрх мэдлээ алдаад, хугацаа нь дуусаад ирэхээр эргээд салбайж ноороод гандчихсан хуучин муу майхандаа хөтлөлцсөөр гүйлдэн ирж, эцсийн аргаараа үзэж байгаа нь энэ.
Н.Энхбаярыг хэтэрхий их харлуулж, муу муухайгийн үлгэр жишээ болгож байна хэмээн өнөөдөр матрын нулимс унагаж, авран хамгаалах аян дайнд мордоод байгаа энэ нөхдүүд өчигдөрхөн цаадахынхаа талаар амаа олохгүй муучилж, хар дэвтрээ бариад хэвлэлийнхэн рүү эрээ цээргүй гүйж ирж байсан улсууд. Түүний хүн гэж хэлэгдэхээс үхтлээ ичиж, уулзаж учирч орж гарч яваагаа нууж хаагаад сүйд болдог байсан улсууд ингэж явааг хараад ичиж үхмээр болох юм. Цаадах чинь тэгчихсэн байна, ингэчихсэн байна, тэрийг тэгж ярьж байна, энийг ингэх гэж байгаа юм байна гээд л эр эмгүй албан бус “факс” чулуудаж байдаг сан. Өрцөн дор нь хоргодож яваад л алж байсан хэд нь өнөөдөр элсэнд гар хөлөөсөө зүүцэлдэн хөтлөлцөж хөгөө чирч явааг харах өрөвдмөөр ч юм шиг. Ёстой нөгөө хувь заяаны шоглоом гэж л энэ байх
Үнэн хэрэгтээ ийм улсууд ёс суртахуун, шударга ёс ярьж зурагтаар малилзаж бурхан ичээгээд байх ч хэцүү байна. Бүх юм нь дуусчихсан. Ард түмний өмнө үнэ хүндээ алдчихсан. Албан тушаал, эрх мэдлийн төлөө юугаа ч зольж чадах үеэ өнгөрөөчихсөн ийм бохир эгнээг МАХН хуйгаар нь арчиж цэвэршмээр байна. МАХН-ыг ногоон малгайтнуудаас нь дутахгүй эдний үе шиг балласан улс байхгүй. Хонины арьс нөмөрсөн эдгээр сүрэг чононоос энэ нам зоригтой ангижрах хэрэгтэй. Ерөөс манай улс төрд үе солигдох механизм удаан үйлчилж ирснээс олон уршиг тохиож байсан. 40-50 жил, бүр далан жил төрийн толгойд нэг хүчин даналзаж, улс орноороо нэг хүний гарт орж явсан гашуун түүх бидэнд бий.