Даланзадгад хотоор дайраад ирлээ. Монголын иргэн бүр “эх орны хишиг” 21 мянган төгрөгөө сар тутам авч байгаа бол Өмнөговийнхон нэмж “орон нутгийн хишиг” гэх 500 мянган төгрөг авч эхлээд байна. “Хуучин” Тавантолгойн орон нутгийн эзэмшилд байдаг 51 хувийн ногдол ашгаас хүн бүрт нутгийн хишиг олгоно гэж амлаад ялсан улс аймгийн улстөрчид (Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 25 гишүүний 14 нь Ардчилсан намынх) хэлснээ биелүүлэх гэж нийслэлд байгаа дарга нарыхаа адил тун завгүй байна. Ам бүл дөрвүүлээ нэгэн жолооч удалгүй хоёр сая төгрөгтэй болох гэж байгаагаа хуучлав. Ийнхүү хотоос ч, аймгаас ч хишиг хүртэж бэлэн мөнгө авч буй Өмнөговь аймгийн иргэд өдрийн 15 мянган төгрөгийн хөлстэй газар шороо, барилгын ажил тоохоо больж, Дундговь болон хотоос ирсэн хүмүүс түүнийг нь хийж байна.

Хишиг түгээснээс хойш туслах малчин олдохоо больж, зэрэгцээд сонгуулийн сурталчилгаанд хөөрөгдүүлсэн найр наадмын тоо, цар хүрээ, бай шагнал улам бүр өсөж томорсоор байна. Бэлэн мөнгө их болж, түүнийг хамгийн түрүүнд эргэлтэд оруулж байгаа бизнес бол бөөгийн үйчилгээ. Эдүгээ аймгийн айл бүр нэг, зарим нь хоёр бөөтэй болж хэнгэргийн дуу тасрахгүй, бэлэн мөнгөөр бороо оруулж байна. Яагаад эх орны хишиг, амьдралын түшиг болж чадахгүй байна вэ? “Хүний хөгжил” сангаас 2011 оны эхний хагас жилд 355.0 тэрбум төгрөг буюу 200 сая ам.доллар тараасан нь эдийн засагт эрэлтийг хүчтэй өдөөсөн боловч нийлүүлэлтэд адилхан нөлөөлж чадсангүй.

Шинээр ажлын байр бий болгох, эзэнгүй байгаа ажлын байрны хэрэгцээг хангах мэргэшил, сургалт олгох, бизнесийн үйл ажиллагааг хурдан шуурхай явуулахад шаардлагатай зам, цахилгаан эрчим хүч, усны хангамж зэрэг дэд бүтцийг бүтээн байгуулахад дорвитой өөрчлөлт орохгүй байна. Энэ оны эхний хагаст эдийн засаг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17,3 хувь өссөн гэх ч инфляц 13.7 хувиар уралдан нэмэгдээд байгаа нь эдийн засгийн амжилт бага орлоготой, түүнийгээ бүгдийг хэрэглэдэг айл гэрт бараг мэдэгдэхгүй байна. Улс төрийн амлалтын бэлэн мөнгөө олгох тусам төгрөг үнэгүйдэж байгаа нь байгалийн баялгаа иргэддээ хүртээн хуваах өнөөгийн аргал барил хамгийн оновчтой биш гэдгийг харуулж байна.

Өмнөговийн алдартай толгойнуудыг олборлоход шаардлагатай байгаа мэргэжлийн боловсон хүчин байхгүй, түүнийг бэлдэх ажлыг тухайн компаниудад нь тохоод орхисон учир Монголын бүтээн байгуулалтын ихэнхийг Хятадын ажилчид гүйцэтгэж байна. Монголчууд гэнэт баяжих сонирхолтой учир ихэнх нь “нинжа” болдог ажээ. Өмнө болон Дорно хоёр аймгийн зах дээр орших “Ирак” толгойгоос аймгийн олон хүн алт олж баяжсан тухай нутгийн иргэд хөөрөн ярилцаж байна. Иракийн дайн ид өрнөж байхад хүний амь эрсдэн байж алт олж байсан энэ газрын нэр нэгийг бодогдуулна. Өмнөговь маань тэр чигээрээ Ирак шиг ирээдүй нь тодорхойгүй болчихгүй л байгаасай. Монгол Улсын алтны салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалт буураагүй, алтны компаниудын тоо өсөж, алтны зах зээлийн үнэ түүхэнд байгаагүй өндөрт хүрч байгаа ч алт олборлолтын хэмжээ “буурсаар” байгааг яаж ойлгох вэ? Монголын алтыг нууцаар олборлож, нууцаар хил давуулж байгаа бөгөөд Монголын төр засаг юу ч хийж чадахгүй байна.

Ганц хоёр хэрэг илрүүлсэн гэх ч удалгүй аль нэг улс төрийн нам, төр засгийн орон нутгийн удирдалагатай холбоотой болж аажмаар замхран алга болдог учир Монголын алт нууцаар хил давсаар байна. Америк долларын ханш унаж байгаа энэ цагт алт улс орнуудын мөрөөдлийн нөөц болсоор байна. Монгол Улсын хилээр баталгаагүй хүнс, чанаргүй бараа орж, хамгийн чанартай, үнэтэй баялаг нь нууцаар гарч байхад Монголын төр засгийн байгууллагууд юу ч хийж чадахаа байжээ. Гэтэл улс орныхоо хилийг хамгаалах, нийгмийн аюулгүй байдлыг баталгаажуулах нь төр засгийн нэн тэргүүний үүрэг байдаг.

Харин бэлэн мөнгө тараах бол нэн тэргүүний үүрэг биш. Улс төрийн намуудын бэлэн мөнгөний амлалт ямар ч гоё сайхан нэр өгсөн иргэдийн амьдралын түвшинг нэмэгдүүлэхэд бодит суурь түшиг болж чадахгүй байна. Сонгуульд бэлэн мөнгө амлаж байгаа улс төрийн намын ганц ч нэр дэвшигчийг сонгохгүй байхыг уриалж байна. Тэд хэний хөрөнгийг хэнд амлаж байгаа хэрэг вэ? Лав л өөрсдийнх нь хөрөнгө биш шүү дээ. Хоосон амлагчид, худлаа яригчид, төрийн нэрээр нийгмийн баялгийг завшигчид, газрын болон лицензийн дамчдаас ирээдүйн төр засгийг ангид байлгах нь монгол хүн бүрийн иргэний үүрэг юм.

                                                                              Даланзадгад-Улаанбаатар