Тэс хөндлөн эхлэл

Ганц бие эмэгтэйчүүдийн тухай хүүрнэлээ нөхөртэй бүсгүйн түүхээр эхлэхээр шийдлээ. Ц. зургаан жил ханилсан ханьтайгаар барахгүй хоёр хөөрхөн охинтой. Эдийн засгийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн бөгөөд нэлээд удаан хайсны эцэст саяхан нэг томхон компанид дунд тушаалын ажилд орсон юм. Яаж орсон гээч. Анкетанд буй “Гэрлэсэн эсэх” гэсэн асуултанд “гэрлээгүй” гэж хариулж, “ганц бие болж” байж тэр тэнцсэн байгаа юм. Олон албан газрын хаалга татаж, гэрлэсэн тухайгаа “үнэн зөв мэдүүлснийхээ” горыг хангалттай амссан болохоор тэр энэ удаа “гэнэн загнаагүйнхээ” ачаар ажилтай болжээ.

Түүний ажлын газар яагаад “сингл” хүүхэн ажилд авах сонирхолтой байсан бэ гэсэн асуулт ургаж байна. Үүнд хүний нөөцийн менежер нь “ажлын ачаалал даах чадвартай” гэж хариулсан байх юм. Мэдээж, ар гэр рүүгээ яарч адгасан, хүүхэд шуухдаа арчилж тойглосон ажилтан компанид тийм ч ашигтай биш байх л даа. Орой үдшийн уртасгасан цаг, үүрэг хариуцлагын нэмэгдэл гэх зэргээ ажлын ачаалал гэж хэлсэн нь тэр байх л даа. Өөр янз бүрийн “ачаалал”-ыг яриагүй байгаасай гэж найдна.

Ганц биеээрээ байгаа нь “давуу тал”, “чадвар” гэж нийтээрээ, нийгмээрээ үзэж байгаа ийм цаг үед эмэгтэйчүүд маань нөхөргүй байхыг сонгохоос ч яахав гэж эрхгүй бодогдсон юм.

“Амжилт”

Ганц бие хүүхнүүд гэр бүлийн нандин сайхан уламжлал, ойлголтыг эвдэн бусниулж байна хэмээн шүүмжлэх. Жудаг журам, энгэр заамны тухай эрээ цээргүй яриа хаа сайгүй хөвөрнө. Нэгэнт л ганцаараагаас хойш тэд маань яах ч билээ гэж өмөөрөх сэтгэл төрнө.
Ганц бие амьдралын хэв маяг янз бүр. Ихэнх нь үнэндээ ганцаараа биш. Ээж, аавтайгаа хамт амьдарч буй нь дийлэнх. Ядуу гуцуугийнхаа ичингүйрлээс ангижирч чадахгүйнхээ эрхээр нөхөрт гарч чадахгүй яваа нэгэн байхад орон байр, машин тэрэг, ажил амжилтынхаа асуудлыг аль эрт зохицуулчихаад, ганц биеийн амьдралдаа эзэн болчихсон хүүхнүүд ч цөөнгүй. Ялангуяа олны танил бүсгүйчүүд анхны нөхрөөсөө салсан, эсвэл огт гэрлэж байгаагүй байхыг бид бишгүй л мэднэ. Тэд үүнийгээ ганцхан үгээр тайлбарладаг. “Амжилт”

“Амжилт”-ын нөлөө

40 давсан настай загвар Э.Одгэрэлийг хүмүүс андахгүй. Тэр амжилтанд хүрэхийн тулд охиныхоо эцгээс салснаа илэн далангүй хэлдэг. Түүнийг амжилтанд хүрээгүй гэж хэн ч хэлэхгүй. Топ тодель Д.Болормаагийн тив, дэлхийн хэмжээнд хэлцэгдэх амжилт “нөхөргүй”-тэй нь холбоотой ч байж мэдэх юм. Захын энэ мэт жишээ бусад бүсгүйчүүдэд нөлөөлөхгүй байна гэж үгүй л болов уу. Хүүхнүүд чинь атаач хүмүүс шүү дээ.

Хоёр жилийн өмнө АНУ-ын томоохон их сургуулийн докторантурт элсэж одсон танил бүсгүй цахилгаан шуудан илгээжээ. Олон улсын эдийн засгийн харилцааны асуудлаар тун амжилттай хамгаалснаа дуулгаж, бас 40 нас хүрснээ гунигтайхан бичжээ. Хаа нэг цахим сүлжээгээр холбогдон, чалчих тоолондоо “надад нөхөр мэдэж байгаарай” хэмээн тоглоом шоглоом болгон захидаг юм. Хариуд нь харин би “наанаасаа таарч тохирох хүн олж ав. Эндээс олдохгүй” гэхдээ огтхон ч алиалдаггүй.

Эмэгтэйчүүдийн идэвхжсэн түүх

1990 он. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг нуран унав. Үйлдвэрлэлгүй, бүтээгдэхүүнгүй, унд хоолгүй монголчууд ганзагын наймаанд гарахад Эрээн-Улаанбаатарын хооронд хэн “гахай” үүрч явсныг өнөө хүн бүр тод санаж байгаа. Тэд үндсэндээ хүүхнүүд л байсан. Ашиг, алдагдлын амтыг мэдэрсэн хүүхнүүд гэр бүлдээ зонхилох роль гүйцэтгэж эхлэв. Энэ үеэс ажилгүй, анхиагүй, архичин нөхрүүд гологдож эхэлсэн. Салалтын “boom” боллоо. Тэр үед эрд гарах насанд хүрсэн бүсгүйчүүд “гэр бүл төлөвлөлт”-өөс татгалзлаа. Эхлээд тэдэнд ажил, амжилт, ашиг орлого хэрэгтэй болсон. Нөхөр бол дараагийн асуудал байв.

Борооны дараах мөөг шиг олширсон их, дээд сургуулиудын бүх танхимын ихэнх ширээнд охид сууцгаав. Хөвгүүд яахав дээ, шороо малтаад ч болов амьдарна гэх монгол эцэг, эхийн уламжлалт сэтгэлгээ тэднийг чухамдаа гудамжинд гаргаа юу даа гэх эргэлзээт сэтгэгдэлд намайг эрхгүй хөтлөв. Дээрээс нь ардчиллын нөлөөгөөр идэвхжсэн “эмэгтэйчүүдийн тэгш эрх”-ийн тухай кампанит ажлууд, сурталчилгаа, мэдээ мэдээлэл, олон нийтийн хандлага ба ухамсар хүүхнүүдийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Тэд өнөөдөр эрчүүдээс тохой илүү болсон.

Цөхрөл, шаналал

Боловсрол, иргэншлийн зөрүү нь монголын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн өөр хоорондоо нийцэх нийцлийг хангаж чадахгүйд хүрснийг гэр бүл судлаач өгүүлж байна. Их сургуульд багшилдаг С доктор, профессор хэргэмтэй. Түүнтэй хамт ажилладаг доктор, профессор харчууд бүгд гэр бүлтэй. Тэгэхээр С-д ажлынх нь газраас хань олдохгүй. Багшлахынхаа хажуугаар олон улсын төслийн байгууллагад судалгааны ажил хийж өгч овоохон орлого олно. Гурван өрөө байрандаа бараг сүүлийн 10 шахам жил ганцаараа амьдарч буй түүнд нэг л юм дутаж санагддаг. Орой гэр рүүгээ яарах үеийнхнийгээ хараад багахан атаархах сэтгэл төрнө. Өөрийг нь гэрт нь хэн ч хүлээгээгүй, өдөр ажил дээрээ тохиолдсон элдэв явдлыг уудлаад ярьчих хүн үгүй. Хайрын баяр, Мартын наймнаар бусдын амьдралын тухай л эргэцүүлэхээс өөрийнх нь тийм ч чимэгтэй санагдахгүй. Урин дулаан улирал болж, өмсгөл хувцасаа нимгэлэхийн үед зөрж өнгөрөх булиа залуугийн мөр, цээжинд харц унагах нь бий. Дотно хүндээ уудалж яримаар юмс цээжинд дүүрээд, багтраад ирэхээрээ тэр олон арван мянган долларын жийп машинаа асаагаад, Богд уулын эзгүй сугад очиж орилмоор болох нь ч энүүхэнд. Яагаад ийм юм болсныг тэр хаа нэг эргэцүүлнэ. Ажил төрөл, зэрэг хэргэм гэсээр явсан завгүй өдөр хоногуудын эцэст тэр 39 нас хүрчихжээ.

Гэрлэхгүй байх зорилго

Хувь хүн тодорхой зорилготой, түүндээ хүрэх тэмүүлэлтэй амьдрахад гэр бүлийн харилцаа саад тотгор болдог гэх ойлголт зөвхөн өнөөгийн юм биш. 27-той З ээжийнхээ амьдралыг давтахыг хүсээгүйгээ хэлсэн юм. Түүний ээж насаараа улсын байгууллагад ажилласан. Эрт гэрлэж, олон хүүхэд төрүүлээд, тэднийхээ төлөө борви бохисхийхгүй зүтгэж ирсэн. Дур зоргоороо, амар тайван, аз жаргалтай байгаагүй мэт З-д санагддаг. Ээжийнх нь энэ амьдрал хэзээ ч таалагдаж байгаагүй болохоор тэр бүр дунд сургуульд байхын “эрт гэрлэхгүй” гэж өөртөө амласан байна. Тэгээд өөртөө зорилго тавьжээ. Мэргэжил боловсролтой болох, ажил албандаа өөрийн орон зайг бий болгох, нийгэмд байр сууриа олох, бас санхүүгийн чадвартай болж, хүний гар харахааргүй болох гэх мэт. Тэгээд хоёр ч их сургуулийг нэг зэрэг дүүргэж. Энд тэнд орчуулга хэлмэрч хийлгэх зэрэг түр ажлууд мундахгүй. Орлого, цалин ч муугүй. Гэхдээ л нөхөрт гарах сэтгэл зүйн бэлтгэл хангагдаагүй гэж өөрийгөө дүгнэдэг.

Бүтэлгүй дурлал

Харин Н-д нөхөрт гарахгүй байх зорилго байхгүй. Хөдөөнөөс оюутан болж ирснээсээ хойш тэр айлын хажуу өрөөнд амьдарчээ. Дөрөвдүгээр курст байхдаа ангийнхаа залуутай хайр сэтгэлийн холбоотой болж, шинэ жилийн оргилуун шөнө охин биеэ түүндээ өгсөн юм. Аз жаргалтай, зүү ч орох зайгүй амрагууд чухам “салаа замын эрхээр” гэдэг шиг салж, дурлалт залуу нь гадаадад мастерт сурахаар явлаа. Явсных нь дараа хачин их санаж, байнга шахуу харьцдаг байсан ч энэ догдлол нь ягуу ягуухнаар буурсаар, хоёр жил болоход “хайр дууссан” байна. “Бие холдвол сэтгэл холддог” гэж үнэн юм билээ гэж хэлээд Н харцаа унагаж байлаа.

Тэр дараа дахиад найз залуутай болсон юм билээ. Түүнтэйгээ бараг ойлголцож ч амжаагүй байтал бас л Чех рүү явчихав. Гурав дахь залууд нь Солонгосын виз гарсан байна. Үе тэнгийн ганц бие найз бүсгүйчүүд нь түүнийг “виз дардаг” гэж хочилдог төдийгүй “гадагшаа гарах зорилготой залуучуудтай үерхүүлж, үйлчилгээний төлбөр авна аа” гэж шоглох болсон байна.

Эрчүүдийн эзгүйрэл

Залуучууд гадагш тэмүүлж, АНУ, БНСУ, Англи, Швед зэрэг ертөнцийн өнцөг булан бүр рүү хямд ажиллах хүчин болж гарах үзэгдэл нэгэн үе “асуудал” болж байлаа шүү дээ. Тэр үеийн олон дурлал бүтэлгүйтсэний мөр дээр олон хүүхнүүд ганц бие хоцорсон юм. Одоо харин тэр урсгалын хүч үл мэдэг суларч байгаа ч эргэж буцсан урсгал харагдахгүй л байна.

Залуус эргэж ирж л байна. Гэхдээ гадаадаас ирсэн залуус Монголдоо ирснийх гэдэг ч юм уу, цангаж барьсан байдаг ч юм уу, зөвхөн сэкс хийх гэсэн шалиг, садар хандлагатай болчихдог юм билээ гэж Н ярьсан юм. Хэн нэгнийг олж учрах гэсэн хүсэл нь түүнийг олон эртэй танилцуулж. Гэсэн ч одоо хэр эрж хайсан хүнээ олоогүй л явна. Анхны хайрынх нь бүтэлгүйтэл “булган сүүлтэй” байсан нь энэ юм байх аа даа гэж марзаганах.

1/4

30 насны босго давсан дөрвөн найз хүүхэн нэг удаагийн Валентины баяраар “өөрсдийгөө баярлуулж” явахдаа дөрвөн биедээ ам өгцгөөжээ. “Яг хойтонгийн хоёрдугаар сарын 14 гэхэд нөхөрт гарцгаасан байна” гэж. Тэгээд хойтон нь эргээд уулзахад нэг нь л гэрлэсэн байв. Бусад гурвынх нь хувьд байдаг л дурлал, учралын паянтай нэгэн жил болж өнгөрчээ. Солонгост ажилладаг залуутай холбоотой болсон нэг нь уулзаж учраагүй түүндээ “хүлээнэ” гээд хэлчихсэн бол нөгөө нэг нь үнэхээр өөрт нь аймаар хайртай залууг “хөдөө хөхөрч, гадаа ганддаг ажилтай” гээд түлхсэн байв. Дөрөвдэх бүсгүй оюутан байхдаа олж төрүүлсэн охин хүүхэдтэйнхээ эрхэнд баргийн эрд итгэж чадахгүй, дөлж жуумалзсаар жил тойрсон аж.

Ялангуяа охин хүүхэдтэй ганц бие ээжүүдэд нөхөртэй болох тухай бодол хачин аймшигтай байдаг юм. “Эр хүнд итгэхээр...” гэдэг үг бий шүү дээ. Өөрт минь хэчнээн хайртай байсан ч тэр хүнд охин минь “хүний л хүн” харагдана. Итгэхгүй байна, би итгэхгүй байна гэж толгой сэгсрэн өгүүлж байв. Өөрөө итгэхгүйн зэрэгцээ түүнтэй өөртөө итгэхгүй эрчүүд ч таарч л байж. Үнэхээр суучихвал ч суучихъя гэх шуудрал төрүүлсэн залуу хүүхэдтэйг нь мэдмэгцээ, “уучлаарай” гэхэд тэр яг л амьдралын гадагш шидэгдчих шиг болсноо дурслаа.

Сексийн тоглоом

Энэ жил 46 хүрсэн Х 20 гарсан хүүтэй. Тээр жил сургууль дөнгөж дүүргэсэн шодгор охин төрийн байгууллагад нарийн бичгээр орж, даргаасаа хөл хүнд болсон юм. Дарга нь эхнэр хүүхэдтэй, төлөв томоотой, коммунист хүн байлаа. Одоо бол мэдээж өөр болсон л доо. Хүүгийнхээ эцэгтэй тэр цагаас хойш харилцаагаа таслаагүй. Өнөө хэр нь карьер доошлоогүй нөгөөх нь ч хүү, тэр хоёрт байнгын дэм болдог. Дэм болдог ч гэлээ тэр хэзээ ч дэргэд нь байгаагүй. Х төрийн байгууллагын шугамаар Австралид мэргэжил дээшлүүлж, англи хэл сурчээ. Түүнийхээ хүчээр Монголын томоохон компаниудын нэгд захиргааны ажил хийгээд боломжийн л амьдарч яваа. Ажлынхаа цар хүрээ, гадаад хэлнийхээ “буянаар” тэр Монголд томилогдон ирж ажилласан хэд хэдэн Европын мэргэжилтнүүдтэй танилцаж, харилцаа үүсгэн, ор хөнжлийн дотор учирч үзсэн. “Гадаадын эрс соёлтой, партнераа их ойлгож сексддэг”-ийг тэр надад сонин болгосон юм. Түүнд нэг найзынх нь бэлэглэсэн хиймэл эрхтэн бий. “Ийм юм бэлэглэхээр нь уур хүрсэн гэж яав” гээд инээд алдсанаа тэр “Одоо харин би үүнтэйгээ их дотно шүү” гэж нэг суурин дээр урт, богино хоёр эр эрхтэн байрлуулсан тоглоомоо сонирхуулсан юм. Түүнд бүр оволзтол хүсэж, яраглан тачаадах үе байдаг гэнэлээ. Найз нь тоглоом бэлэглэхээс өмнө гар хуруугаараа аргалдаг байж. Ганцхан том өрөөнд хүүтэйгээ амьдардаг түүнд харин “хувийн найзаа” хүүгээсээ нуух гэж нэг сүрхий ажил бий. Хувцасныхаа шүүгээний өөрийнхөө дотуур хувцастай хэсгийн мухарт булж орхидог болохоор хүү нь мэдээгүй гэдэгт итгэлтэй байдаг гэнэлээ. Мэдээж, яалаа гэж хүү ээжийнхээ дотуур хувцасыг онгичих вэ дээ.

Айлын нөхөрт бүү дурла

Анхны хайр ариун байдаг гэж бид ойлгодог. Тийм ч биз. Харин анхны хайрынх нь эзэн айлын нөхөр байх тохиолдолд ердөө 20 настай Ж-ийн хайрыг ариун гэх мэдээж, хэцүү. “Айлын нөхөр айлын нөхөр л байдаг юм билээ” гэж нэг их юм ухаарч ойлгосон харц гарган дуугарч байна. “Яг ямар байсан юм?” гэж ухвал тэрээр, “Яахав дээ, тэр маш чадварлаг, компанийхаа урдаа барьдаг инженер байсан. Олон газар явж, туршлага мэдлэг цуглуулсан, ухаантай, боловсролтой хүн. Хамгийн гол нь тэр сайн нөхөн, сайн аав байсан юм. Маш их ажилтай ч үргэлж хүүхэддээ яардаг, эхнэртээ үргэлж халамжийн үг хэлдэг байлаа. Гэвч тэр бүхнийхээ дундуур надтай уулзаж амждаг байв. Хайртай байсан минь үнээн. Гэхдээ надад эмээх сэтгэл төрж эхэлсэн. Яагаад гэвэл тэр айл гэрийн сайн эзэн байсан юм” гэв. “Айлын нөхөртэй” уулзахаа цөөрүүлж байгаа түүнийг дахиад хэн нэгэнд үнэн голоосоо хайртай болно гэдэгт би яг л өөр шиг нь итгээгүй.

Босго байхгүй

Охид бүрт өөрийн гэсэн үлгэрийн баатар байдаг. Сэтгэл санаандаа дүрсэлсэн тэр ханхүү мэдээж, ер бусын, өө сэвгүй. Жинхэнээрээ дурлаж хайрлах, гэрлэж ханилах насандаа очиход нь тэр “идеалный залуу”-гийн шинж чанарууд бодит хүмүүст тавих шалгуур болж хувирдаг тухай “ихийг мэдэгчдийн” онол байдаг даа. Энд би үүнийг огт үгүйсгэх гэсэнгүй. Эрчүүд, залуустай танилцах, ярьж хөөрөхдөө “надад ийм, тийм эр хүн таалагддаг” гэхчлэн ярих нь бишгүй л байдаг. Гэсэн хэрнээ л хүүхнүүд “үнэндээ тийм босго байхгүй” гэж чин үнэнээ өчицгөөсөн юм. Нас яваад, ганцаараа удаан амьдраад, арга барагдахдаа залууст элдэв босго шалгуур тавихаа больдог юм биш үү гэж сорьж асуухад О толгой сэгсэрсэн юм.
Үнэндээ юу ч байхгүй аж. О царайлаг, ухаалаг, зөв бодолтой, хамт олондоо хүндлэгддэг, сайхан эмэгтэй. Монголдоо их сургууль дүүргэж, БНХАУ-д мастер хамгаалсан. Бас АНУ, Германд мэргэжил дээшлүүлснийг нь ч хэлэх хэрэгтэй. Түүнийг хүмүүс өндөр шалгууртай, өөнтөгч эмэгтэй гэж дүгнэх нь ч бий. Өөрөө ч мөрөөдлийн залуугаа олонтаа ярьж, санаархсан заримынх нь зоригийг мохоосон явдал бий. “О. намайг тоохгүй ээ” гэж уйлагнан дуугарсан дипломатчтай хуучилснаа найз хүүхнүүд нь өөрт нь ярьж хэлсэн удаа байгаа. Харин өнгөрсөн оны намар түүнийг хотын нэгэн жолооны сургуулийн багш залуутай дэр нэгтгэх болсныг ойр тойрныхон нь гайхаад бараагүй юм билээ. Өнөө өндөр дээд босго чинь хаачив гэх хэн нэгний асуултанд тэр зүгээр л мөрөө хавчаад өнгөрдөг.

Ээжийн харам
 
Босго байхгүй. Угаасаа бүгд л хийсвэр. Шинэхэн танилцаж байгаа хүндээ өөрийгөө ойлгуулах гэхдээ л эмэгтэй хүн “хэм хэмжээ” бодож олдог байж мэдэх юм. Харин тэр нь эргээд нөхөрт гарах замд нь саад тотгор болдог эсэхийг ёстой бурхан л мэдэх биз. Магадгүй, эрчүүдийн тухай голонгуй бодол, тэдний зүгээс өөрт нь төрүүлсэн сөрөг сэтгэгдэл хүүхнүүдийн сэтгэлд хар аяндаа хаалт болж босдог ч байж мэдэх юм.

Бас л 27-той Г их сургууль төгссөнийхөө хойтон нэг жил орчим уушийн газарт ажиллажээ. Зөөгч хийдэг байж. “Тэр үед л би эрчүүдийг ёстой жинхэнээр нь мэдэрсэн дээ” гэж тэр “томров”. Өөрийнх нь аав шиг, бүр заримдаа өвөө шиг баймаар нас намбатай сайхан хүмүүс нэг нь нэг, хоёр нь хоёр охид дагуулан ирж, ууж наргин, согтож шалиглахыг хараад жигшил төрсөн” гэснээ “жигших ч юу байхав” хэмээн залрууллаа. Энэ нь жигшээгүй гэсэн үг биз. Учир нь тэр бас л нөхөр болох залуугийн эрэлд яваа. Олонтой газраар орж гарч, нүдэнд дулаахан залуустай болзож, уулзана. Эхлээд баар, пабд орж, элдвийг ярилцана. Тэгээд өөрт нь таалагдвал буудалд орно. Мэдээж, энэ бүхний тухай залуу санаачилна л даа. Ийм болзоо түүний намтарт олон. Гэсэн ч тэр одоохондоо хэнийг ч гэртээ дагуулж очоогүй.

Г ээжтэйгээ хоёулаа нэг өрөө байр хөлсөлдөг. Тийм ч тохитой биш амьдардаг нь гэртээ залуу дагуулж очдоггүйн шалтгаан биш гэнэ. Учир нь ээж нь зөвшөөрдөггүй. Нэг удаа дагуулж очсон залууг нь хөөгөөд явуулж байж. Солонгос кинон дээр хатуу хахир хадам ээжүүдийн дүр гарахаар тэр ээжийгээ “та яг энэ хүн шиг” гэж зэмлэдэг ч ээж нь түүний үгийг дуулдаггүй. 30 шахаж яваа насыг нь хүнтэй суух болоогүй гэж үздэг ээж нь түүнийг 32 настайдаа төрүүлсэн юм билээ.

Хачирхалтай өөрчлөлт


Энэ түүхээс улбаалаад би хэд хэдэн ганц бие бүсгүйгээс аав, ээжийнх нь хандлагыг сураглалаа. 25-35 настай бүсгүйчүүдийн ихэнхэд аав, ээж нь нөхөрт гарахыг тэгтэл яаран шавдуулдаггүй байна. Харин хэдхэн сарын дараа 40 хүрэх М-ээс “ээж нь зээ нэхээд” суулгахгүй байгаа гэнэ лээ.

Үртэй хүний сэтгэл үргэлж үрдээ зориулагддаг. “Нялх нялзрай” охин үрээ хүний гарт зовоосой гэж хүсэх хүн хаа байх вэ. Харин заяа тавилангийн ханьтайгаа учраад, аз жаргалтай гэр бүл болох боломж байхгүй болчихсон гэх үзэл санаа бий болчихсон байх вий гэж зовниход хүрснээ нуух юун.

Аз жаргал ба амар хялбар


Ахуй амьдралынхаа бүхий л зүйлийг өөрөө л мэдэж, өөрөө л шийдэж амьдрах нь эмэгтэйчүүдэд таалагдаж эхэлжээ. Ганцаардалдаа дасаж, зохицуулалтад сурч, бэрхшээл зовлондоо дасан зохицож байгаагаа Б ярьж байлаа. Бүхий л зүйл амар хялбар, сэтгэлийн дарамтгүй, стрессгүй санагдах үе тийм биш шиг бодогдохоос хавьгүй олон байдаг гэж тэр ярьсан юм. Ижлээрээ, хосоороо биш ганцаараа байх амьдралын шинэ хэвшил бүрэлдэн бий болоод, нийгмийг бараг бүхэлд нь хамарч байгаа ч байж мэдэх юм.

Би л болсон хойно сексийн хэрэгцээгээ хэрхэн хангаж байгааг нь асуувал тэр “тохиолдлын бэлгийн харьцаа гэж сайхан юм байна шүү дээ” гэнэ. Харин гар хангалга хийх хүртлээ тэгтэл тэсч ядан тачаадаж байгаагүй гэсэн юм. Тийм хүсэл тачаал 30 гарсан хойно л үүсэх байх гэж бодож явдгаа ч хэлэв. Магадгүй, тийм шунаг тачаал төрөхийн тулд би эхлээд эр хүнээс сексийн таашаалыг бүрэн хүртэх учиртай байх гэснээс нь үзвэл “тохиолдлын” сексээсээ тэр бүр ханамж аваагүй юм байна гэж таамаглахад хүргэв.

Гэхдээ л түүнд амьдрал нь таалагддаг. Магадгүй, “тохиолддог” залуусаа ч таашаадаг байх. Заримдаа “сохор болзоо”-нд явдгаа ч нуугаагүй тэр түс тас эмэгтэй монгол нөхөр олдохгүй бол гадаадын хүнтэй “суух л байх” гэж хувь заяагаа “мэргэлсэн” юм.

“Сохор болзоо”


Б нэг удаа зүгээр л ямар ч хамаагүй дугаар цуглуулаад ярьжээ. Утасны цаана эрэгтэй хүн дуугарч. Тэгэхээр нь шууд л түүнтэй уулзмаар, ярилцмаар байгаагаа хэлж л дээ. Гэхдээ тэр залуу нэг ч их сайхан хүн байгаагүй гэнэлээ. Яагаад ч юм, Налайх дүүргийн залуу таарчээ. Эхэндээ үнэмшиж ядаж байсан тэр үнэхээр хот ороод ирсэн юм билээ. Американ дэнжийн автобусны буудал дээр болзоод уулзтал, өөрийнх нь хэлснээр “төрөлхийн халтар царайтай”, хувцас муутай, сэрүү орчихсон намрын цагаар хурууны салаатай таавчиг угласан, ер нь өөртөө хайнга хандсан нэгэн байж. Тааламжгүй анхны сэтгэгдлээ дарж ядсан Б тэр залуугаас салахын түүс болсон ч өнөөх нь наалдаад салдаггүй. Найз хүүхэн рүүгээ сэмхэн мэссэж бичиж, ирж ав гэж байж арай ядан салснаа инээд алдан хөөрнө. Сингл хүүхнүүд аз туршсан ийм сорилтуудаа “сохор болзоо” гэдэг юм билээ.

1800


Эмэгтэйчүүд нөхрөөсөө салж, хаяж, ганц биеэр амьдрах болсноор нийгэмд журам алдагдаж, садарлал, завхайрал газар авч байгааг дүгнэн ярих хүмүүс надтай хангалттай тааралдсан. Хэдийгээр бүсгүйчүүд оюунлаг, чадвартай, боловсролтой болж байгааг хүлээн зөвшөөрч болох ч харин ч тэр хэрээрээ амьдралын ханиа сонгож, тэдэндээ хүнлэгээр хандаж явах учиртай гэж МУИС-ийн хүн ам зүйн тэнхмийн багш эмэгтэй ярьж байна. Гэр бүлгүй байж, ганц биеэрээ амьдрах энэ “нийгмийн үзэгдэл” хүний насаар бол бараг нэгэн үеийн хугацаанд үргэлжилсэн гэж мэргэжилтнүүд дүгнэж буй юм билээ. Ганц бие ээжүүдийн охид одоо гэрлэх насан дээрээ ирсэн боловч тэдэнд амьдралын тэс өөр үзэл санаа, гэр бүлийн тухай уламжлалт бус ойлголт төлөвшиж амжаад байна. Одоо 18-25 насны охид, бүсгүйчүүд эрх чөлөөт, бие даасан амьдралыг эрхэмлэх болсон нь олон судалгаагаар нотлогдсон аж. Яг ийм хэвшилтэй эсрэгцээд залуучуудад нь бэлэнчлэх сэтгэлгээ үүсэн бүрэлдээд гүн бат тогтчихсоныг ч судалгаа харуулж байна. Тодруулбал, 20 эргэм насны залуучуудын 50 гаруй хувь нь үе тэнгийнхээ бүсгүйчүүдийг сонгохоосоо илүүтэйгээр, элдэв бэрхшээлээ шийдэж, ажилтай, амьдралтай, санхүүгийн чадвартай болчихсон эхнэрт “очих” хүсэлтэй болсон байх юм. Эмэгтэйчүүдийн ч, эрчүүдийн ч бодол сэтгэлгээний энэ эрс өөрчлөлтийн үед хайр дурлалын тухай яриа бол шал өөр сэдэв юм.