Ц.НЯМДОРЖ: “ААВ ЭЭЖ ХОЁР”-ЫГОО ГАНЦ САЙХАН ДУУЛЧИХААД Н.ЭНХБАЯРЫН ШҮҮХЭЭР БУУДУУЛНА ДАА
-Бат-Үүл, Дэмбэрэл бид хэдийн олигархи ч гэж юу байхав. Миний ойлгож байгаагаар наадах чинь нөгөө “Ард түмний шүүх”-ээр буудуулах 15 хүний нэрсийн жагсаалт. Энхсайхан, Энхбаяр хоёрын зохион байгуулж байгаа “Ард түмний их хуралдай” гэдгээс энэ нэрсийг гаргаж ирсэн.
“Ярилцъя” булангийн хойморт Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ уригдлаа. Бидний яриа бүхэлдээ халуухан сэдвүүдээр өрнөсөн тул илүү тайлбар зүүлт хийхээс татгалзаж байна.
-Ц.Нямдорж сайд тантай улс төрийн амьдралын тань янз бүрийн цаг мөчүүдэд олонтаа ярилцаж явлаа. Өөрөөр хэлбэл, цаг үеийн халуурсан үйл явдлуудын дунд дальдчиж зугталгүй, хатуу ширүүн мэдэгдлүүдээрээ өөрийгөө тодорхойлж байдаг улстөрч өмнө минь дандаа сууж байдаг байсан. Харин өнөөдөр олигархи гэх шинэ нэрээр цоллуулж буй огт танихгүй хүн байж байх шиг?
-Бат-Үүл, Дэмбэрэл бид хэдийн олигархи ч гэж юу байхав. Миний ойлгож байгаагаар наадах чинь нөгөө “Ард түмний шүүх”-ээр буудуулах 15 хүний нэрсийн жагсаалт. Энхсайхан, Энхбаяр хоёрын зохион байгуулж байгаа “Ард түмний их хуралдай” гэдгээс энэ нэрсийг гаргаж ирсэн. Би бол харин ч бахлуур 5-д багтсандаа баярлаад байгаа шүү. Нэг талаас харахад амны билгээс ашдын бэлгэ гэдэг биз дээ. Нөгөө талаас харахад Энхбаярын шүүхээр буудуулах эхний хэдийн нэг болсондоо баярлаж сууна. Ямар ч байсан “Аав ээж хоёр”-ыгоо ганц сайхан дуулчихаад Энхбаярын шүүхээр буудуулна даа. 1922 оны наймдугаар сард буриад Элбэгдорж Ренчино 13 хүний нэрс гаргаж, Д.Бодоо сайдтай хамт буудан хороосноор коминтерны их алан хядлага Монголд эхэлсэн юм шүү дээ. Ерэн жилийн дараа дахин Монголын төрийн тэргүүн, Ерөнхий сайд байсан хүмүүсийн турхиралтаар “Ард түмний шүүх” байгуулах санаачилга гарч байгаа нь өөрөө дэндүү балмад бөгөөд увайгүй явдал. Ард түмнийг гэгээрсэн, ухаажсан ийм үед төр тэргүүлж байсан, засаг тэргүүлж байсан хоёр хүн нийлчихээд ерөнхийдөө мэдрэлийн хувьд хэвийн биш үзэгддэг арваад хүмүүсээр санаагаа дайлгаж, шинэ зууны хэлмэгдүүлэлтийг эхлүүлэхээр санаархаж сууна. Энэ утгаар нь л би хүлээж авч байна. Өөрөө энэ ярилцлагаа “Аав ээж хоёр”-ыгоо ганц сайхан дуулчихаад Энхбаярын шүүхээр буудуулна даа гээд гарчиглачихаарай.
-Уг нь ч сайхан дуу шүү. Гэхдээ арай билэггүй юм биш үү?
-Зүгээр ээ. Энэ улсад адгийн шударга бус нь арай шударгаа ялладаг болж байгаа юм бол үйлээрээ болог.
-Сүүлийн үеийн гудамжны улс төрөөс большевизм гэх мартагдсан үнэр танар илүүтэй ханхлах болсныг ажиглагчид хэлж байгаа. Таны амнаас М.Энхсайхан гэх нэр гарч байна. Түүний оролцоо нэг их байгаа юм уу даа. Сүүлд нэг ярилцлагыг нь уншсан?
-Байлгүй дээ. Наад “Их Хуралдай” гэдэг юм чинь түүний удирдаж байгаа намын санаачилга биз дээ. Түүний намын дарга Цолмон, Ерөнхий нарийн бичгийн дарга Уянга, Энхбаярын “нам”-ын Цог, Удвал нар “Их Хуралдай”-г удирдсан биз дээ. Наад Энхсайхан чинь ухаангүй хүмүүсээр үйлдэл хийлгэчихээд ялд унах болохоороо тэднийгээ түлхчихээд өөрөө сугарч үйлддэг аргад үнэнхүү гаршсан хүн шүү дээ. Нөгөө Баатарыг яалаа. Одоо юм нь бүтэлгүй болоод ирэхээр зугтаж эхэлж байхгүй юу. Энхсайхан дандаа ийм хоёр үзүүртэй улс төр хийдэг хүн.
Хариуцлагын тухай асуудлыг эд нар одоо их ярьж байна. Ялангуяа энэ ашигт малтмал тойруулаад баахан юм ярьж байх шиг байна лээ. Тэрэндээ хүрч ярих юм бол энэ салбарт хуримтлагдсан бүх увайгүй явдлын улс төрийн гол хариуцлагыг хүлээх ёстой хоёр хүн нь энэ Энхсайхан, Энхбаяр хоёр өөрсдөө шүү дээ. 1994 онд баталсан Ашигт малтмалын хууль гэж байлаа. Хурц гуай, Чимид багш нар голлож ажилласан хууль л даа. Тэр хуулийг М.Энхсайхан Ерөнхий сайд байхдаа хүчингүй болгуулаад оронд нь ерэн долоон оны ашигт малтмалын хуулийг батлуулсан. Тэр хуулийн ерөнхий үзэл санаа нь ерөөсөө ашигт малтмалын лицензийн наймааг түгээн дэлгэрүүлэх. Анхны өргөдлөө авч ирэхэд нь л өг гэсэн зарчимтай тийм хууль л даа. Тэр хуулиар 7000 орчим лиценз тардаг юм биз дээ. Саяхан би нэг тоо хараад сууж байсан чинь 5000 гаруй лиценз нь Н.Энхбаярыг Ерөнхий сайд байхад нь тарсан байх юм. Өөрөөр хэлбэл, бодлогыг нь Энхсайхан гаргаж, хэрэгжилтийг нь Энхбаяр гүйцэтгэсэн гэсэн үг. Ийм юм хийсэн улсууд өөрсдөө гэнэт тэнгэрээс бууж ирсэн юм шиг аашилж байгааг харахаар зэвүү хүрээд байх юм. Би хэлье гэснээ хэлье. Монгол Улсын сүүлийн 20 жилийн улс төрийн гол будлианыг хутгасан хоёр хүн бол М.Энхсайхан, Н.Энхбаяр хоёр. Хоёр биенээ үзэж чаддаггүй байсан хүмүүс өнөөдөр нийлчихээд юу ярьж, хийж явааг монголчууд харж л байна. Энхбаяр сонгуульд ялагдчихаад юу хийж байна. Дэндүү увайгүй мэдэгдлүүдийг удаа дараа хийлээ. Сүүлдээ Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хууль бус шүүх байгуулах тухай ил цагаан ярьж, нийгмийг турхирч эхэллээ. Даанч дээ. Үндсэн хууль дээр гараа тавьж байгаад тангараг өргөсөн Ерөнхийлөгч байсан хүн шүү дээ. “Монголчууд эвтэй байхдаа хүчтэй” гэдэг лоозон Энхбаярынх биз дээ. Эсвэл Энхбаярыг төр зайдагнаж байхад эвтэй байж бусдынх нь үед алалцаж байх хувь тавилантай ард түмэн болж байна уу. Ингээд байхаар нь хамаг нуугдмал маскийг нь ураад хаячихмаар санагдах юм. Асуудал иймдээ хүрч Энхбаяр Монгол төрийн гал голомтыг самрах гэж байгаа бол тэр бид хоёрын хэдэн жил хамтарч зүтгэсэн нь хэнд хэрэгтэй юм. Естой үзэлцэж өгнө дөө.
-Ерөнхийлөгчийн сонгуулиар намаа болон тухайн үеийн дарга С.Баярыг өөрийнхөө эсрэг ажилласан гэж Н.Энхбаяр хэлдэг. Гол хонзон нь энэ. Үнэхээр С.Баяр дарга нэр дэвшигчийнхээ эсрэг ажиллаад унагаасан хэрэг байж болох уу?
-Наадах чинь өөрөө инээдтэй асуулт, эрүүл бус сэтгэхүйтэй хүн л ийм хөгийн юм бодож, хэлж чадна. Эрүүл хүн хэзээ ч ийм юм бодож чадахгүй. Яагаад гэвэл Ерөнхийлөгчийн ч бай ер нь сонгуульд алдсан л бол тэрний ялыг намын дарга л үүрдэг шүү дээ. Ийм ялыг үүрэх гэж хүсдэг хүн байдаг юм уу. Эрүүл эсэхэд нь эргэлзмээр юм сүүлийн үед их ярьж байна даа. Бөгс долоодог л гэнэ, баасыг нь цэвэрлэсэн, шээсийг нь зөөсөн л гэнэ. Хэнээр яаж бөгсөө долоолгож, хэний баас, шээсийг зөөж байснаа одоо эзэнтэй, нэртэй нь хэлэх хэрэгтэй. Өөрийнх нь төлөө зүтгэж, Монголын төрийн бүх өндөрлөгт хүргэсэн Ардын намын 160 мянган гишүүнийг доромжлох эрх Энхбаярт байхгүй. Доромжлуулж сурсан нь доромжлуулдаг юм байлгүй. Би л лав чадахгүй.
-Сонгуулийн үр дүнд мэс засал хийх санаархал цухалзуулахаар нь нам болоод түүний удирдлага хөдлөөгүй байж болох. Одоо түүний барьж авсан сэдэв “Долдугаар сарын 1”. Ёстой бусдыг ороох гээд голдуу өөрийгөө ороосон аймшигтай мэдэгдлүүд хийж байна уу гэж харагдах юм. Харин та энэ “Долдугаар сарын 1” гэсэн сэдвээр огт ярьдаггүй?
-”Долдугаар сарын 1" чинь нэг талаас өдөөгчтэй, хатгагчтай, хамтрагчтай, гүйцэтгэгчтэй, нөгөө талаас нь харах юм бол гаргасан шийдвэртээ хяналт тавих үүрэгтэй эзэн нь тодорхой хэрэг шүү дээ. Монголын ард түмэн телевизээр бүтэн өдөр энэ эмгэнэлт самууныг харсан биз дээ. Зүгээр л телевизийн бичлэг харж байгаад гол эздийг нь бариад авах хэрэг. Гэтэл шалгаж байгаа газар нь тойроод л байна.
-Ингээд л болоо юу. Тухайн үед та хууль зүйн яамыг толгойлж байгаагүй л дээ. Гэхдээ энэ нь хэрэг явдлын талаар ярихгүй байх тийм том шалтгаан мөн юм уу?
-Шалгагдаж байгаа хэргийн материалыг уншаагүй байж дүгнэлт хийх нь ёстой боловсролгүй хүний хийдэг ажил. Яривал би улс төрийн талаас нь л ярина. Улс төрийн талаас нь хариуцлага хүлээх нэг гол хүн бол Энхбаяр өөрөө. Сүүлийн үед Энхбаяр эр зоригийн тухай гэнэт их ярьдаг болж. “МАХН” гэгчийн хурал хийхдээ ч, сая “Их хуралдай” гэгчээ хийхдээ ч “эр зоригтой хүмүүс” энд цуглачихлаа гэж ирээд ярьж байна лээ. Энхбаяр тийм их эр зоригтой юм бол нийслэл нь улаан галд автах гэж байхад гарч ирээд тэр галдан шатаагчидтай ингэж болдоггүй юм аа гээд улаан нүүрээрээ уулзаж, зогсоох нь яасан юм. Эрхбиш Ерөнхийлөгч гараад ирэхээр тэр хүмүүс нэгийг бодох байсан биз. Нөгөө талаас, Энхбаяр зарлиг гаргаж, түүнийг хэрэгжүүлж эхэлсний дараа буун дуу гарч, хүний амь эрсэдсэн нь хэн ч үл маргах үнэн биз дээ. Ийм зарлиг гарахаар чинь ердийн хуулийн үйлчлэл зогсч, зарлигт хамрагдсан газарт зөвхөн зарлиг үйлчилж, уг зарлигыг хэрэгжүүлэх ажлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гартаа авдаг юм. 1995 онд баталсан Онцгой байдлын тухай хуулийн заалт, нөхцөл ийм. Гэтэл Энхбаяр одоо хэнээс хариуцлага асуугаад байна аа. Тэр “Их Хуралдай” гэгчийнхээ индэр дээрээс “Ард түмнээ бууддаг төртэй болсон”, “Таван хүний аминд хүрсэн” гээд л авч өгсөн байна лээ. Үнэхээр гайхмаар. Тэгэхээр бид энэ хүнийг тэр үед төр толгойлж байснаа мартчихсан юм байна гэж үзэх үү.
-Ер нь С.Баяр даргыг л шахаж дарамтлаад байхаар нь зарлиг гаргачихсан гээд байгаа шүү дээ. Онц байдал тогтоохгүй байх байсан гэж тайлбарлаад байна гэж сүүлдээ ойлгосон?
-Баяр буу барьж зогсчихоод Энхбаярыг зарлигт гарын үсэг зур, тэгэхгүй бол буудлаа гэж хэлээгүй байлгүй. Тэгсэн бол баримттай нь гаргаад тавих хэрэгтэй.
-Ер нь онц байдал тогтоосон нь зөв юм уу, буруу юм уу?
-Өөр хувилбар байхгүй. Онц байдлыг харин хожуу тогтоосон. Зүй нь байшинг шатааж, цагдааг сүвлэж эхлэнгүүт нь тогтоох байсан юм. Гэтэл өөрөө бүрэнхий болох, шатаж дуусахыг нь хараад л телевизийн өмнө намуудтай уулзаж, хэрүүл хийгээд л байгаад байсан. Шууд галдан шатаагаад эхлэнгүүт нь тэр онц байдал гэдэг юмаа зарлаад, цэрэг цагдаагаа оруулах байсан. Ингэж чадсан бол хүний амь үрэгдэхгүй ч байсан байж болох шүү. Ардын намын байранд нэг л том дэлбэрэлт болж, эргэн тойронд нь их хэмжээний гал авалцсан бол Улаанбаатар хотын төв хэсэг байхгүй болох нөхцөл бий болсон байсан шүү. Тийм том галыг унтраах хүч хэрэгсэл манайд бараг байхгүй гэж хэлж болно.
-Ер нь “Долдугаар сарын 1” гэх энэ хэрэг С.Зоригийн хэрэг шиг л Монголын улс төрийг зовоох нь дээ. Энэ хэргийг аль ч нам хүчин, хэн нэг этгээд ашиглахгүйгээр хааж үлдээгээд, цаашаа явахаа бодвол яадаг юм бэ. Сая Японд юу болов. Жинхэнэдээ тэд дотоод юмаа ямар түвшинд хөндөж байна. Гадагшаа ямар өнгөтэй мэдээллүүд цацаж байна. Фүкүшимагийн гамшгийг бүх нууцтай нь тэнд нь булаад дээрээс нь мод тарихаар шийдэж дээ л гэмээр харагдах юм даа?
-Долдугаар сарын 1-нийг тасалж хараад байгаа юм. Монголын улс төрд хүчирхийлэл хэрэглэсэн тохиолдлын эхнийх нь 2004 оны сонгуулийн дараа болсон. АН-ын баахан нөхдүүд Монгол телевизийн хаалгыг хэмх цохиж ороод, одоо энэ TV9-ийн захирал Ц.Энхбатыг цамцыг нь ураад зулгааж байсныг түүх мартах болоогүй. Дараа нь сонгуулийн хороон дээр очиж Сонгуулийн хорооныхныг баахан дарамтлаад, сүүлд нь М.Энхсайхан тэргүүтэй хүмүүс ордон руу дураараа орж ирж УИХ-ын гишүүдийн картыг хурааж аваад зогсохгүй, ховч авгай шиг Н.Багабандид аваачиж өгч байсныг мартсан уу. Тэрнийгээ хаячихаад эд нар тасалж яриад байгаа юм. Тэгж хүчирхийлэл эхэлсэн. Дараа нь энэ иргэний хөдөлгөөний нэртэй хэдэн балмад нөхөр Ардын намын байрыг нэг эзэлж авсан байх аа. Мартаагүй биз. Шатдаг байрны том заалыг эзэлж авчихаад хэн хэрхэн өвчигнөж байсан нь одоо ч нүдний өмнө харагдаж байна. Ингэж хүчирхийлэл явсаар байгаад “Долдугаар сарын 1” болсон. Олон хавар нэгэндээ гэдэг л энэ. Ажаад байхад энэ хэргийн учрыг олохгүй бололтой. Гол гэрчүүдийн заримыг нь асуулгүй гурван жил болж байна. Хэн ч байсан дуудаж мэдүүлэг авах ёстой биз дээ. Хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй гээд Үндсэн хуульд заасан байдаг биз дээ. Яагаад дөлөөд байна.
-Телевиз рүү орсон явдал бол Энхбаярын удирдаж байсан МАХН Үндэсний телевизийг дэндүү эрхшээж байсан учраас хүмүүс бухимдсан. Бас тэндээс эхэлж ярих ёстой байх л даа?
-Юунаас аа?
-МАХН Монгол телевизийг үеийн үед л толгойг нь базаж байсан шүү дээ?
-Базахаа хүрвэл бүгдээрээ л баздаг шүү дээ. Ардчилсан нам ч ялгаагүй.
-Одоо ч гэсэн тийм байна л гэж хүмүүс хараад байдаг?
-1996 онд Ардчилсан холбоо эвсэл сонгуульд ялчихаад л хамгийн түрүүнд “Ардын эрх” рүү дайраа биз дээ. Тэрний дараа МҮОНТ-д дуртай болгоноо л тавиа биз дээ. Ер нь бол энэ эрх барьж байгаа хүмүүс телевизийг, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслийг гартаа барих гэж их л зовох юм. Надад бол ёстой сонин биш. Хол байх ёстой л гэж боддог.
-Таныг хувьдаа телевизтэй гээд л далд ярьцгаадаг юм билээ. Элдэв сайтуудаар явж байгаа мэдээллүүдийг та ер нь хардаг уу. TV 5-ын далд эзэн гээд л бичдэг юм байна лээ?
-Далд эзэн болоод удаж байна. “25 дугаар суваг” телевизийг хүртэл Ц.Нямдоржийн телевиз гээд гарсан шүү дээ. Би хэвлэлийнхэнтэй нэг их зууралддаггүй. Энэ салбарт гол бусармаг ажлуудыг хийж байсан хүмүүс нь өнөөдөр шударгын дүрд тоглоод байхаар л ой гутах юм. Өчигдөр хулгайч байсан хүмүүс өнөөдөр “Эд нар хулгай хийж байна” гэж орилоод дайраад байдаг. Хулгайч хүн өөрөө л “Тэр хулгайч шүү” гэж хамгийн их орилдог гэж үнэн юм шиг байна шүү. Энхбаяр сэнтийнээсээ бууснаас хойш ТВ-9 телевиз, “Зууны мэдээ” сонин зүгээр л алуурч ялааны үүрэг гүйцэтгэж байна. Энэ хоёр хэвлэл яаж Энхбаярын эзэмшилд очсоныг би мэднээ. Яг талийгаач Энхбатыг гадаадаас хулгайлдаг шиг л юм болсон. Ичдэг ч болоосой.
-Сүүлийн үед Энхбаяр луйврын сонгууль, хууль бус төр засгийн тухай сэдвээр их ярих боллоо. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Элбэгдорж Ардын намтай нийлж сонгуулийн дүнг луйвардсан учраас Ерөнхийлөгч хууль бус, 2008 оны УИХ сонгууль бас луйврын үр дүн, хамтарсан засаг нь хууль бус. Иймд бүгдийг нь хөөж, тараагаад жинхэнэ ард түмний засаг байгуулна гээд байгаа биз дээ. Ард түмний засаг гэдэг нь Энхбаяр өөрөө гэсэн үг. Өөр хэн ч биш. Ийм логик явж байна. Үүндээ хүрч ярих юм бол нэгдүгээрт, Энхбаяр 30 мянган хүний саналаар сонгуульд ялагдаж түүнийгээ хүлээн зөвшөөрч, өөрөө хэвлэлийн хурал хийж, сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл хийгээд ажлаа өгсөн. Одоо бас арай Баяр дарамталж хэвлэлийн бага хурал хийлгүүлсэн гэхгүй байлгүй дээ. Хоёрдугаарт, 2008 оны УИХ-ын сонгуулиар сонгогдсон гишүүдийн жагсаалтыг Энхбаяр өөрөө оруулж ирж, тангаргийг нь өргүүлсэн. Луйвар байсан юм бол оруулж ирэхгүй байх нь яасан юм бэ. Гуравдугаарт, Баяр хамтарсан засаг байгуулахдаа сайд нэг бүрийг Энхбаяртай зөвшилцөж томилуулсан. Хууль бус байсан бол тэр үед Энхбаяр татгалзах нь яасан юм. Хориг тавих эрх түүнд байсан шүү дээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд ч тэр, Засгийн газрын гишүүд ч тэр “эзэн” Энхбаярын өөрөө шүншиглэж, аравнайлсан этгээдүүд. Одоо юун луйвар, хууль бус төр, засгийн тухай яриад эхлэв ээ. Ингээд бодохоор Энхбаярын тархин доторхи ой санамж байхгүй болсон, эсхүл одоо элдэв юм яриад байгаа энэ хүн жинхэнэ Энхбаяр биш, дууриамал Энхбаяр шиг санагдаад байх боллоо. Нөгөө “Ичээнд нь” киноны хуурамч Дамбийжаа шиг.
-Ямар ч байсан МАХН тарж байна. МАН гэдэг нэрийг авсан та нөхөд дотор сууцгааж, МАХН-аа санагалзаж, сэргээхийг хүсэмжилсэн бас нэг хэсэг нь гадаа орилоод л явж байна. Энэ үзэгдлийг зарим ажиглагч их гүехэн тайлбарлаад байдаг юм. Нөгөө л Баяр, Энхбаярын зөрчил энэ намыг хуваалаа гэж. Яг үнэндээ бол Багабанди, Энхбаяр гэдэг хоёр хүний гүн гүнзгий зөрчил явсаар энэ намыг хуваалаа. Яагаад Багабанди гэдэг тоглогчийн нэр дандаа далд яваад байгаа юм бэ гээд асуучихаж болох уу?
-Нэгдүгээрт, Ардын нам хоёр хуваагдсан юм байхгүй. Наадах чинь бол үлгэр. Ардын намд байсан цөөхөн хүн л гарсан. Араасаа цөөхөн хүн дагуулах гэж оролдож байгаа. Үндсэн масс нь хэвээрээ л байна. Тэр ч бүү хэл батлах солих үед 13 мянган хүн нэмж элссэн. МАХН гэгчийн удирдах бүрэлдэхүүнийг хар. Ногоон намын С.Молор-Эрдэнэ, Монголын бүх намаар дамжсан Л.Цог гээд л. Хаанахын ч гэж хэлмээр юм бэ дээ, тийм нөхдүүд л байгаа. Хаана тэр хуваагдсан юм нь байгаа юм. Ер нь бол намаас цөөн хүн гарах нь байдаг л асуудал шүү дээ. Тэр жил Багабанди ерөнхийлөгчийг сонгуульд нэр дэвшиж байхад баахан хүн гарч байсан. Дараа нь Багабандийг Ерөнхийлөгч байх үед “Эх орон” гэж хөдөлгөөн байгуулагдаад “Эрэл”-ийн Эрдэнэбатыг нэг хэсэг нь баахан дэмжиж давхисан. Тэглээ гээд юу өөрчлөгдсөн юм. 2000 онд 70 суудалтай л үлдсэн биз дээ. Энхсайхан Ардчилсан намаас тасарч Үндэсний шинэ нам байгуулсан. 2008 онд АН нүд аниагүй биз дээ. Тэгэхээр наадах чинь мэгдэж адгаад байх зүйл биш.
-Ер нь тэр МАХН гэдэг нэрийг нь өгчихөж болдоггүй юм уу. Хамгийн том тээг болоод байгаа хүмүүсийн нэг та юм биш үү?
-Би тээг болж юу шалиав гэж. Ямар Дээд шүүхийг би удирдах биш. Асуудал надад биш хуульд байдаг юм. Энхбаяр Ардын нам гэдэг нэрийг авахын тулд угсраа хоёр акц хийсэн юм. Нэгдүгээрх нь, талийгаач Баасан лам тэргүүтэй хэдэн хүний байгуулчихсан байсан Ардын намыг татан буулгах ажлыг Энхбаяр өөрөө зохион байгуулсан юм. Хоёр хүнд албан тушаал өгсөн. Нэг нь энэ манай түүхийн Өлзийбаатар /Ардын намын дарга байсан/, нөгөөх нь тэр Ардын намд байсан Энхээ гэдэг хүнд дүүргийн татварын хэлтсийн дарга өгч байж тэр Ардын намыг буулгуулсан юм. Хоёр дахь акц нь 1991 оны тавдугаар сарын 16-ны Улс төрийн намын хуулийг 2006 онд шинэчилсэн юм. Тэр шинэчилсэн хуулийнх нь 15.6-д нам нэрээ сольсон бол уг шийдвэртэй санал нийлээгүй тухайн намын гишүүн болон бусад иргэд уг нэрийг ашиглах эрхгүй гэж нэг шигтгээ хийгээд, урд талд нь тэр Цэцээр ордог зургадугаар зүйлийн заалтыг хийсэн. Нэрээ сольсон намын хуучин нэрийг 24 жил хэрэглэж болохгүй гэсэн тэр хаалтыг шүү дээ. Ийм л юм болсон. Тэгэхээр шинэ “хувьсгалч” Шинэбаяр энэ бүхний хариуцлагыг надаас биш удирдагч Энхбаяраасаа асуух хэрэгтэй.
-Өөрөөс нь үү?
-Тийм. Одоо Шинэбаяр надаас хариуцлага нэхээд гүйгээд байх шиг байна. Энхбаяраасаа асуух хэрэгтэй. Би энэ түүхийг мэднэ шүү дээ. Элбэгдорж, Энхбаяр хоёр 2005 онд улс төрийн нэг тохиролцоо хийсэн юм. Нэг нь бол МҮОНРТ-ийн хууль. Энэ хуулийг нь бол Элбэгдорж гаргая гэсэн. Намын хуулийг нь Энхбаяр гаргая гэсэн. Намын хуулийг бол УИХ дээр хийчихээд, яамдад өгч санал авалгүйгээр шууд Засгийн газрын хуралдаан дээр оруулж дэмжүүлээд УИХ-аар батлуулсан. Ажлын хэсгийг нь одоо энэ Дэмбэрэл ахалж байсан. Тэгэхээр наадах чинь ойлгомжтой байгаа биз. Энхбаярын өөрийнх нь хийсэн ажил шүү дээ. Хэрвээ энэ хуульд гомдож байгаа бол өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр л гэдэг болж байна. Дээд шүүх, Цэцийг ил далдуур дарамтлах биш буруу юм хийсэн бол хариуцлагаа өөрөөсөө асуух нь шударга ёсонд нийцнэ. Энхбаяр одоо их шударга ёс яриад байдаг болсон юм билээ.
-Тэгвэл танай намын хэдэн залуус баахан МАХН гэсэн дөрвөн үсгийн томъёололтой нэр хууль бусаар авсан гэж бөөн шуугиан дэгдсэн. Энэ чинь юу юм бэ. Тийм айдас байх шалтгаангүй л юм байна шүү дээ?
-Тэд буруу зүйл хийсэн. Үүнийг нь удирдлагуудад хэлсэн. Дахин ингэж алдахгүй байх. Тэвчихийн аргагүй жудаггүй юм хийгээд байхаар нь тэгсэн юм байлгүй. Тэд байтугай мань мэт нь барьц алдахаар балмад юм хийгээд байхаар яалтай ч юм билээ.
-Саяын ардын шүүхээр “буудуулах” 15-д У.Хүрэлсүхийн нэр орсон уу?
-Ороогүй.
-Яагаад У.Хүрэлсүх үлдчихэв. Энхбаярын хамгийн их үзэн ядаж байгаа хүмүүс тодорсон гэцгээх юм?
-Тэрийг би яаж мэдэх вэ дээ. Урьдчилж жагсаалтаа бэлтгүүлчихээд түүнийгээ зарласан байх магадлалтай. Хурал дээр тараасан хуудсаа нуучихна биз дээ. Яаж ч бодсон жишээ нь тэрэнд Дэмбэрэл орохгүй. (инээв) Сүүлд нь нээрээ Энхсайхан болон хурлынх нь бусад төлөөлөгч гайхаад ярилцлага өгөөд байсан шүү.
-Д.Дэмбэрэл, Э.Бат-Үүл нарын сүүлийн 20 жил ард түмний нүдэн дээр амьдарчихсан, дэндүү мэдэх ийм “шалдан” улстөрчдийн нэрсийг оруулж ирснээрээ жагсаалт нь өөрөө инээдэм, доог тохуу болж байгаа юм биш үү?
-Тэгнэ л дээ. Угаасаа л хөгийн юм хөгийнөөр дуусдаг.
-М.Энхсайхан ярилцлагадаа Э.Бат-Үүлийн нэрийг хараад инээд хүрсэн гэж хэлсэн байсан?
-Тэр хүн бүтэлгүй болсон сценарийн араас тиймэрхүү үг дайхаа мэднэ.
-Н.Багабанди гуайн “Титэм үг” гэж улайссан ширэм рүү тос хаялсан, зарим нэгийг нь илт ташуурдсан хорон гэж харж болохоор юм их шидлэх юм. Тийм таагүй байгаа юм бол далдаас биш ил гарч ирээд Н.Энхбаяртай “ярих” хэрэгтэй бус уу. Дараа үеэ ингэж хөлдөө тарамдуулж болдог юм уу гэж учир мэдэх хүмүүс хэлж байгаа сонсогдох юм?
-Багабанди, Энхбаяр хоёрын тухай зөв л асуулт тавьж байна.
-Танд би дотроо эгдүүцэж байна. Та ярилцлага өгөхдөө өөрийнхнөө их бага ярьдаг. Тэгсэн хэрнээ хаа байсан Энхсайханыг болохоор хатуу үгээр булаад байдаг. Үнэн хэрэгтээ танайхны л явдал шүү дээ. Багабанди, Энхбаяр хоёрын гүн гүнзгий зөрчил сүүлийн 20 жилийн далд дайн дажныг өдөөсөн гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа хүн шүү дээ, та?
-Намын дотор ийм нөхцөл байдал үүссэн нь эцсийн дүндээ 1996 оноос хойш Багабанди, Энхбаяр хоёрын хоорондоо хийсэн зарлаагүй дайны үр дагавар. Дэлгэрүүлж яривал зөндөө юм бий. Жишээ нь, 2000, 2004 оны УИХ-ын сонгуульд Багабанди айлын талд ажилласныг хэн ч худал гэж хэлж чадахгүй. Яасан ч дуусдаггүй дайн, төгсдөггүй хонзон гэж ийм байдаг юм. Би эвлэрүүлэх санаатай яваад дийлээгүй шүү. Танайхан танайхан л гэх юм. Манайхыг нүдэх хүчин хангалттай байна. Би үүн дээр тос нэмээд яахав. Гэхдээ би гол юмаа хэллээ. Одоо бол аль аль нь больчихоосой гэж дотроо залбирах юм. Ерөнхийлөгч байсан хүмүүс эвийн цагаан тагтаа болж үлдэх ёстой юм. Картерыг хар. Хэнээс нь ч ийм ухаан гарахгүй байна.
-Та нар тэгээд Багабандийгаа болохоор Монголын хамгийн өндөр цалинтай ТУЗ-д оруулж ирчихээд, цагтаа дээлэндээ багтаж явсан Энхбаярыгаа болохоор ягаан байшиндаа чимээгүй суу гээд байгаа юм уу. Энэ тань шударга биш явдал биз дээ?
-Энхбаярыг ч гэсэн НҮБ-ын орон тооны бус нарийн бичгийн даргаар томилуулах тохироог манай нөхдүүд хийчихээд өөрт нь хэлсэн чинь “холдуулах гэлээ” гэж жигтэйхэн загнасан гэнэ лээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монголд айлчлахдаа Энхбаярын “шилтгээн”-д зочилсон зураг сонинд гарсан байх аа. Энхбаяр ерөнхийлөгчөөс буусныхаа дараа эр хүн шиг байсан бол, монгол төрийн тэргүүн явсан хүн шиг байсан бол ийм юм болохгүй шүү дээ. Хааяа бидэн дээрээ ирж амьдрал ахуй ярьчихаад, биллъярд цохиж, хэдэн аяга кофе уучихаад хүний ёсоор явсан байсан бол ийм байдалд хүрэхгүй байсан гэдгийг баталгаатай хэлж чадна. Харамсалтай нь, өнөөдрийн энэ хэрүүлийг өөр хэн ч биш Энхбаяр өөрөө эхлүүлсэн.
-Хэт залуу байна шүү дээ. Шууд зуслангийн байшин бараадаад хэвтчихнэ гэхэд боломжгүй залуугаараа байна. Хүнийх нь үүднээс ойлгох хэрэгтэй юм биш үү?
-Залуудаа больж магадгүй гэдгээ өөрөө тооцох л ёстой шүү дээ. Хэн ч гуйгаагүй шүү дээ. Өөрөө л дэвшинэ, ерөнхийлөгч болно гээ биз дээ.
-Тэгсэн ч Элбэгдоржийг танайхаас хэн ялах юм бэ. Жишээлбэл, энэ Нямдорж ерөнхийлөгч болох санаатай байгаа юм биш биз гэсэн баахан дайрлага явсныг санаж байна. Тэр үед тантай уулзаж ярилцаж л байлаа. Яг цаг нь болоход өөр кандидат гаргаж ирэхгүйгээр л Энхбаярыгаа явуулчихсан биз дээ?
-Нэр дэвшээд ялах бүрэн боломжтой хүн, тухайн үед байж л байсан шүү дээ. Тухайлбал, Баяр ерөнхийлөгчид нэр дэвшсэн бол зовлонгүй л гарах байсан. Өөрөө л хүсээгүй болохоос. Би өөрт нь хэлж л байсан. Өөрийн чинь хувилбар байгаа шүү гэж. Би бол үгүй гэдгээ эрт хэлсэн хүн.
-Тэгвэл таныг яагаад ерөнхийлөгчид санаатай байна гэж хардсан юм бол. 40 жил дөрвөд хүн толгой дээрээ тахисан. Одоо л үгүй шүү гэсэн ил далд, аман суртал баахан явсныг мартаагүй биз дээ?
-Тийм юм байнга л явдаг шүү дээ. Энэ нөхөр нэр дэвшиж магадгүй гэж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байхгүй юу. Халх хүн төр барьж чадахгүй гэж Нямдорж TV 5 телевизийнхэнтэй Увсад явахдаа хэлсэн гэж нэг цуурхал тараав аа. Тэр л явж эхэлж байсан хэрэг шүү дээ. 2009 оны хавар Нямдоржийг дахиад Цэцэд өгчих гэсэн захиалга иргэний хөдөлгөөний нэг нөхөрт очсон. Тэр хүн нь хөдөлж өгөөгүйг би мэднэ. Чааваас Ерөнхийлөгчид өрсөлдөж магадгүй гэж хардсандаа тэр.
-Тиймэрхүү хардлага яваад эхлэнгүүт “Миний сэтгэлийн гүнд тийм юм алга” гээд та хэлчихдэг. Яах гэж тэгж хэлдэг юм бэ. Төвөгшөөдөг юм уу. Эсвэл хувь заяагаа мэддэг юм уу?
-Ерөнхийлөгч болохын тухайд уу?
-Тийм ?
-Хувь заяа яаж эргэхийг хэн мэдлээ. 2009 оны сонгууль хүртэл үгүй гэдгээ явсан газар болгондоо хэлж явсан. 2009 оны эхээр уулзалт хийж байхад “Та ерөнхийлөгчид нэр дэвшихгүй юм уу” гэж асуухад нь “Би одоохондоо титэм үг бичих цаг болоогүй” гэж хариулсан. Ер нь бол энэ ерөнхийлөгчийн суудлын үнэ цэнийг ойлгох ёстой юм. Ямар ч байсан миний харж байгаагаар бол учир начир үнэ цэнийг нь ойлгож чадахгүй байсаар л хугацаагаа дуусгаад байх юм.
-Насных нь босго тойрсон нэг бодол одооноос хүмүүст төрөөд эхлэх шиг боллоо. Хэт залуудаа улсын Ерөнхийлөгч болдог, бас хэт залуудаа бууж улс төртэй учраа олох олохгүйн зовлонд унадаг энэ байдлаас болоод?
-Алдартай уяач Даваахүү хэдэн жилийн өмнө телевизэд ярилцлага өгөөд сууж байхдаа нэг айхтар үг хэлсэн юм. Ер нь энэ залуу хүмүүсийг ерөнхийлөгчөөрөө тавьж болохгүй юм байна. Нас нь тогтчихсон П.Жасрай гуай мэтийн хүн тавьчих юм бол сүрэнд нь залуучууд дарагдаад төр тогтож магадгүй гэж. Одоо Элбэгдоржид хоёр хувилбар л байгаа. Дахиад нэг сонгогдох хувилбар байна. Сонгогдохгүй байх бас нэг хувилбар байна. Ц.Элбэгдорж ерөнхийлөгчөөсөө буусныхаа дараа мөн ч их бужигнуулна даа. Энхбаяраас ч илүү бужигнуулж магадгүй. Харж л байгаарай. Натур нь тийм юм чинь.
-Ц.Элбэгдоржийн буухиаг таслахад хэцүү л дээ. Чадах ч үгүй байх?
-Буухиаг тасална гэдэг нь юуг хэлээд байгаа юм?
-Дараагийн сонгуульд тэр чигээрээ л гарна шүү дээ?
-Ээ дээ, мэдэхгүй. Энхбаярыг манайхан бас л тэгж ярьж байсан. Хотод наад хүн чинь хэцүү гэж ганцаараа эргэлзэж байсан нь би.
-Хоёр өөр ерөнхийлөгчийн идеал шүү дээ. Энхбаяр юм юм руу орж байлаа. Түрүүчээсээ өмчийн зарим хэрэг нь хүртэл сөхөгдөөд шалгагдаж байна?
-Тэр цагийн тэнгэр мэдэх болтугай. Албин зан үйл, уран цэцэн үгээр нэг удаа, нэг өдөр ард түмнийг хуурч болно. Үргэлж хуураад байх нь юу л бол. Энэ Монголын ард түмэн бол сонгуулийн ер бусын мэдрэмжтэй ард түмэн дээ. Олон олон сонгуулиар бодож байснаас өөр шийдвэр гаргаад байгаа. Жишээ нь 1996 оны сонгууль байна. Эрх баригчдад 50-ийг өгөөд, Ардын намд 25-ыг өгөөд дундуур нь Дашбалбар гэдэг углуургаар хавчуурга хийж байх жишээтэй. Эрх баригчид 100 хувийн шийдвэр гаргахад нэг санал дутдаг. Сонин сонгууль болсон байгаа биз. Ингэж л эрх мэдлийг нь хуваарилж өгч байсан. Энхбаярын хувьд 2009 онд гарах нөхцөл нь бүрэн байсан шүү дээ. Зүгээр л ажлаа хийгээд л, хааяа нэг телевизээр гарчихаад сууж байсан бол гарчих л байсан. Гэтэл хэвлэлийн штабтаа нөгөө талд мэдээлэл дамжуулах сувагтай этгээдүүдийг байлгаж гол ажлаа хийлгүүлж, Элбэгдоржийг Солонгосоос мөнгө авсан, эрлийз, хурлийз гэсэн хоёр нэвтрүүлэг цацаад л унасан. Намын хэвлэлийн алба, хувийн хэвлэлийн алба гэсэн хоёр салангид бүтэц ажилласан. Ингэж сонгууль хийнэ гэж байх уу. Бүр бүлгийн гишүүдийг Ерөнхийлөгчтэй шууд харьцах эрхтэй, эрхгүй гэж ялгаварласан гээд бод доо.
Би бол жишээ нь сонгуульд мөнгө, хүч хэрэглэдэггүй. Ганц хөл дүүжлэх унаа, хуудас сонин байхад надад хангалттай. Тэгээд л болоо.
-Одоо наад хэлбэр тань явахгүй л дээ?
-Явна. Нэр дэвшигчид нь хүнд, сонгогчдод итгэдэггүй учраас л баахан юм тараадаг. Би мөнгө, элдэв зүйл тараахыг сонгогчдыг басамжлан доромжилсон хэрэг гэж ойлгодог хүн.
-Технологи бүрэн солигдчихлоо шүү дээ, сайд аа?
-Солигдоогүй. Солигдсон бол би 2008 оны сонгуулиар унах л байсан.
-Жишээ нь, танай тойрог дээр хамгийн их мөнгөтэй хоёр залуу очоод арван хэдэн жил тогонд холбож чадаагүй байсан сумдыг хувиасаа мөнгө гаргаад л тогонд холбочихсон гэсэн биз дээ?
-Наадах чинь худлаа. Энэ хоёр залууг нэр дэвшиж очихоос өмнө Увсын бүх сум тогонд холбогдчихсон байсан. Хамгийн сүүлийн есөн сумыг би өөрөө УИХ-ын дарга байхдаа холбуулсан.
-Хэдэн зуун мянган доллар дундаасаа гаргаад л тогийг нь холбосон гээд байсан худлаа юу?
-Худлаа. Энэ хоёр бол тогтой, гар утастай аймагт очсон.
-Тэгсэн ч таныг мөнгөтэй залуучуудын хөлд чирэгдэж баларч байна гэсэн мэдээ л ирж байсан. Үнэн шүү дээ?
-Ер нь бол их мөнгөний дунд орох эвгүй юм билээ. Дорлигжавыг мөнгөгүй л байсан гэж чи бодож байна уу. Гол нь сонгогчдод хүнлэг л хандах ёстой. Манайхан дандаа хүнлэг бусаар ханддаг. Үнэнээ хэлээд, энэ төрийн зовлон нь ийм ийм юмандаа байна. Энэ ажлыг хийж болж байна, энэ ажлыг нь хийж болохгүй байна гэдгийг үнэн нүүрээрээ, чин сэтгэлээсээ хэлээд явах юм бол хаана ч ойлгодог. Зөвхөн Увсад ч биш. Өөдрөг юм чин сэтгэлээсээ ярихаар хүмүүс хичнээн баярлана гээч.
-Монголчууд бүгдээрээ л “Хоёр толгой”-гоо ярьж байна. Хөдөлгөөнүүд болохоор эргэж цуцлах ёстой гэж үздэг. Тэр Оюутолгойн гэрээ тийм жогорхойтой гэрээ болчихсон юм уу?
-Миний мөрөөдөл бол Монголын эдийн засаг дөрвөн “мотортой” болохыг үзэх. “Эрдэнэт” унахаар Монгол уйлдаг, “Эрдэнэт” сэхэхээр Монголын зовхи сэргэдэг. Ийм л байдалтай бид 40-өөд жил явлаа. Алийн болгон энэ үйлдвэрийг мөлжиж амьдрах юм. “Эрдэнэт”-тэй адилхан буюу түүнээс том дөрвөн үйлдвэртэй болчихвол монгол хүн эх орондоо хүн шиг амьдарч, Монгол орон цаашаа зовлонгүй хөгжөөд явах болно. Тэр утгаар нь Оюутолгой, Тавантолгойг хөдөлгөхийг би хэзээ ч эсэргүүцэж байгаагүй. Эцсийн дүндээ татвараа л авч чадвал бусад нь сонин биш. Хувийнх байна уу, хувьсгалынх байна уу. Яагаад вэ гэхээр, Үндсэн хуульд өмчийн тэгш байдлыг зарласан. Энийгээ их улс төр ярьдаг хүмүүс ойлгож байна уу, үгүй юу. Алийн болгон баялгаа хав дараад гуйлгачин амьдралаар амьдрах юм. Энэ ард түмэн чинь хүн шиг амьдрах эрхтэй юм байгаа биз дээ.
-Н.Энхбаяр “Тавантолгой”-г 100 хувь ард түмний мэдэлд өгөх ёстой байсан гэж ярьж байгаа. Уг нь хадгалж хамгаалж, улсад лицензийн татварыг нь төлж ирсэн хэдэн бизнесменээс бараг булааж авсан дээрмийн шинжтэй үйлдэл хийгдсэн. Одоо давраад бүр л өөр өөр юм яригдах юм аа даа?
-Энхбаяр Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байхдаа Тавантолгойг ард түмэндээ хуваагаад өгчих нь яасан юм. Энхбаярын үед ч Тавантолгойн лиценз байж л байсан ш дээ. Жаргалсайхан гэж Ашигт малтмалын газрын дарга байсан нэг хүн байдаг даа. 1997 оны хууль батлагдаж байх үед тэр Жаргалсайханыг Ашигт малтмалын Хэрэг эрхлэх газрын даргаар Энхсайхан тавьсан. 2000 онд Энхбаярын Засгийн газар байгуулагдсаны дараа одоо энэ “Эрдэнэт”-ийн Ганзориг Үйлдвэр худалдааны сайд байхдаа энэ нөхрийг солих гэж хоёр удаа Засгийн газрын хуралдаанд оруулаад дийлэлгүй 2004 оныг дуусгасан. Энэ их лицензийг тараасан гол нөхөр л дөө. Яаж ч яваад хоёр өөр намын хоёр Ерөнхий сайдын таалалд нийцсэн юм, бүү мэд. Сонин байгаа биз. Арын хэлхээ холбоо нь ядах юмгүй ил уншигдаж байгаа биз дээ. Энхбаяр яаж ийм юм ярьж чаддагийг би огт ойлгохгүй юм. Тэрэндээ хүрч ярих юм бол Оросын их өрийг төлөх гэж байхдаа шөнөжин тэр Фрийдланд руу утасдуулж байгаад 50 сая доллар зээлдэж их өрөндөө өгөөд сүүлд нь буцааж өгсөн түүх байдаг юм ш дээ. Одоо яагаад Оюутолгой руу дайраад байна. Тийм л сайн юм бол Оюутолгойн гэрээг ашигтай хийх хангалттай хугацаа Энхбаярт өөрт нь байсан. Битгий хий гэж түүний гарыг хэн ч бариагүй. Ийм хуншгүй, жудаггүй байж болохгүй биз дээ.
-С.Баярыг лицензийн эзэмшигчидтэй хэлэлцээрт орж, төрд “Тавантолгой”-г эргүүлэн авч байх үед бид эргээд хувийн өмч рүү халдаж байна, нийгэмчлэх гэж байна гээд л түүнийг шүүмжилж байсан?
-Миний ойлгосноор бол тэдний нэг хэсэг нь шахуулж байж өгсөн байх. Гэнэт “Энержи ресурс” консорциум гээд арван хэдэн хүний нэр гараад ирсэн. Тэр дотор нь манай бас нэлээд хэдэн хүн байсан. Би зарим руу нь утасдаж, та нар ийм юманд хутгалдахгүй явж болдоггүй юм уу, турж үхчих гээд байна уу гэж асууж л байсан. Тэгээд сүүлд нь гарах нь гарч, үлдэх нь үлдсэн.
-Ганц нэг нь улс төрийн нэр хүнд рүү нь халдах дайрлагаас айгаад л хямдхан үнээр шахаанд ороод зараад гарч байсан. Тэгж улс төрийн соёл гаргаж, тухайн үеийн Ерөнхий сайдын бодлогыг дэмжиж шийдвэр гаргасан хүмүүсээ харин эргэж танай нам хэр бодох бол?
-Хоорондоо зарсан ч юм уу, яасан ч юм, хэн мэдлээ. Ер нь бол энэ ашигт малтмалын сэдвээр улс төр хийдгээ болих хэрэгтэй. Энэ салбарыг улс төржүүлсэн гол хүн нь Энхсайхан. 2005 онд Ерөнхийлөгчид нэр дэвшихдээ ч “Газрын баялгийг ард түмэндээ өгнө” гэж энэ далд дажинг эхлүүлсэн байх аа.
-Бид хувийн өмчид шилжээд 20 жил болж байна. Хүний хувийн өмчийг буцааж нийгэмшүүлнэ, булааж авна гэж их хашгирах юм. Бүх ард түмнээр сонгогдсон 76 гишүүнийг буцааж тараана л гэдэг. Ийм нэг дур зоргын улс төр их явах юм. Нийт нийгмийн маань суурь соёл хэзээ тогтож төлөвших бол?
-Яг нарийндаа бол монгол хүн харийнхны оролцоогүйгээр төр удирдах, хууль тогтоох ажлаа 20-хон жил хийж байна. Сүүлийн 300-гаад жилийн хугацаанд шүү. 1696-1921 он хүртэл Манжийн эрхшээлд явсан. Дургүй нь хүрвэл хүүг нь Бээжинд аваачиж толгойг нь авчихаад, эцгийг нь араас нь дуудаж хүүгийнх нь толгойг үзүүлдэг байсан үе. 1921-1922 он хүртэл буюу Б.Бодоо сайд буудуулах хүртэл ганц жилийн хугацаанд гэх юм уу даа өөрийнхөөрөө байсан. Тэгээд сүүлд нь хойноос Элбэгдорж Ренчино гэдэг буриад ирээд цэргийн зөвлөл гэдэг юм байгуулж тэрнийхээ даргаар тавигдаад Д.Бодоо сайдыг буудсанаас хойшхи хугацаанд коминтерн большевизмын нөлөөнд 70 жил явсан. Цэдэнбал даргын хувь заяаг Москвад шийдэж тэр их хүн амьдралынхаа сүүлчийн жилүүдийг Москвад өнгөрөөсөн нь тэр үеийн бидний тусгаар тогтнолын хэмжээ. Энд биш Москвад асуудал шийдэгддэг байсан үе. 1990 оноос хойш болсон ч болоогүй ч хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхэнд зов гэдэг л болж байгаа юм. Ийм учраас төр тогтох, хууль тогтох хоёр процесс явж байна гэж би хэлээд байгаа юм. Энийгээ бид харж чадаж байна уу үгүй юу. Шинэ цагийн Монгол төр хуульт ёстойгоо хамт тогтох энэ процессыг бусниулах оролдлого их явж байна. Энэ “Их хуралдай” гэгчийн ард явж байгаа хүмүүс дандаа сонгуульд ялагдсан нөхдүүд байгаа биз. Тэр Батцогт, Цолмон, Цог, Уянга, Энхсайхан гээд. Гол толгойлж байгаа хоёр хүн нь хоёулаа ерөнхийлөгчийн сонгуульд унасан хоёр хүн. Монголд улс төрийн соёл гэдэг юм төлөвшөөгүй байгаагийн л илэрхийлэл нь. Сонгуульд унасан нь ялсныгаа яллаад хөөж явуулаад байвал төр тогтоох уу. Үгүй биз дээ. Байгалийн баялаг цөөхөн хүний гарт төвлөрлөө гээд л тэр Шинэбаяр гэдэг этгээд яриад л байна лээ. Дорнодод байгаа “Адуун чулуу”-ны уурхайг туучихсан л нөхөр ш дээ. Тэгж л бүх баялгийг ард түмэндээ хувааж өгөх гэж байгаа юм бол Шинэбаяр энэ уурхай болон аймгийн төв дэх захаа Дорнодын ард түмэнд буцааж өгөх хэрэгтэй. Тэгсэн цагт энэ этгээдийн хэлсэнд итгэнэ. Бусад нөхцөлд цусаар уйлсан ч итгэхгүй.
-Төрд ажиллаж байхдаа аваагүй л дээ?
-Энхсайханы Ерөнхий сайд байхдаа эхлүүлсэн “Их хувьчлал” гэгчийн үр дүнд ард түмний хөрөнгө цөөхөн хүний гарт төвлөрч, дийлэнх нь ажилгүй болж ядуурсан. Энэ хувьчлал намын харъяалал, арын хаалга, танил тал, арга заль гэсэн шалгуураар явагдсан. Шинэбаяр энэ л категорид багтах этгээд. Түүнийг хүрз барьчихаад өдөр шөнөгүй “Адуун чулууны” уурхайд нүүрс ухаж байгаад уг уурхайг авчихсан гэж дуулаагүй биз дээ. Ард түмний баялаг олигархиудын гарт төвлөрчихлөө гэж байгаа бол энэ “Олигархи маягийн нөхөр” өөрийнхөө авсныг буцааж өгчихөөд шударга ёсны тухай ярих хэрэгтэй.
-Ер нь л тэр хүний хамаг юмыг нь “авчихаж” байгаа юм биш үү. Танай намынхныг Ц.Шинэбаярыг боймлоод, оролдоод байгаа дуулдсан шүү?
-Шинэбаярыг хэн тоож боймлох юм. Дорнодын өнгөтэй өөдтэй болгоныг туусан нөхөр юм билээ. Чи Дорнодод очоод захаар нь ороорой. Далай шиг том зах Шинэбаярынх гээд байж байгаа. Сонгуульд гурван удаа унасан нөхөр л дөө. Дөрөв дэх дээр нь арай ядаж гарч ирчихээд одоо дэмий юм яриад явж байна. Шинэбаярын ярьж байгаа юман дотор хоёр гурван эвгүй юм байгаа. Большевизм цэвэр үнэртэж байгаа. Монголоос амьд мэнд дээрээ гар, хугацаа өгч байна, гарахгүй бол үр хүүхэдтэй чинь хариуцлага тооцно, хөрөнгийг чинь хурааж авна гэсэн большевизмын улайрсан санаа Шинэбаярын тунхаг дотор явж байна. Гэхдээ зайлуул тэр Шинэбаяр тийм дайны юм бичихээр этгээд биш. Хууль ярих ч этгээд биш. Шинэбаяр бол хүний гарын үзүүрт мод чулуу л болж бичиж өгснийг нь уншаад явж байх л дайны амьтан ш дээ. Одоо ч хөөрхий нүүрээ бараад дуусч байх шиг байна.
“Адуун чулуу”-ны уурхайн эдэлбэр газар Шинэбаярт байсан. Тэр газрынх нь гадна талаар тойрсон хэсгийг Ц.Шинэбаяртай хамтардаг байсан, уг уурхайн бараг 60 хувийг эзэмшдэг нөхөр нь “МАК”-ийн Нямтайширт өгчихсөн юм байна лээ.
-Найзтайгаа “Адуун чулуу”-г эзэмшдэг гэдэг нь үнэн. Тэр найз нь тэгээд хувиа зарчихсан юм уу?
-Шинэбаярыг муриад Нямтайширт эдэлбэр газрын нь тодорхой хэсгийг өгчихгүй юу. Шинэбаярыг “хувьсгалч” болгосон гол шалтгаан нь ердөө л энэ. Дэндүү өчүүхэн байгаа биз. Энэ нөхөр Баярыг Америкт эмчилгээнд явсны дараа түүн лүү дайрч давшилсан ярилцлага өгдөг юм. Тэр үед чинь Баяр үхэл амьдралын зааг дээр байсан үе шүү дээ. Үнэхээр муухай санагдаж байсан. Энэ нөхрийн ямар өвчин хөдлөв, цаад талд нь хувийн л нэг юм байгаа даа гэж бодоод сураг ажиг тавьсан чинь саяын асуудал гарч ирж байгаа юм. Зайлуул, юмаа алдсаныхаа төлөө л өдөр шөнөгүй дайн хийж байх шив дээ.
-Шинэ мэдээ байна. Танай намынхныг л хувийн бизнес элдэв юмаар нь оролдоод байна гэж л сонсч байсан?
-Юу гэж. Дотроосоо л мурчихгүй юу.
-Гадаа нь тагнаад л, машин тэрэг дагаад л, их л хэцүү байдаг гэж дуулдсан?
-Шинэбаярыг хэн тоож дагах юм, хүн дагуулаад байхаар том амьтан биш ш дээ.
-Авлигатай тэмцэх газрын талаар та юу хэлмээр байна. Энэ одоо юу болоод байна вэ. Авлигын тухай амтай болгон хашгирч байж ийм нэг газар байгуулсан. Анхны дарга нь зүй бусаар хүний газар өнгөрсөн. Дараагийнх нь шоронд хоригдож байдаг?
-Яг үнэнийг хэлэхэд шүүхийн гаргасан шийдвэрт буруу зөв гэж дүгнэлт өгмөөргүй байна. Улс төрийн шалтгаанаар анх Сангарагчааг оролдож эхэлсэн гэдэг л үнэн.
-Мэдэхгүй, санал нийлэхгүй байна?
-Яагаад нийлдэггүй юм. Үнэн л юм ярьж байна. Би эзэнгүй, баримтгүй юм ярьдаггүй. Миний л зарчим. Үүгээрээ олон “найз” далладаг юм.
-Өөрөө хууль зөрчсөн биз дээ. Ажилтнуудаа хууль бусаар тагнаж чагнасан. Тусгай үүргийн хэрэгсэл авах ёстой төсвийн мөнгийг хувьдаа байр авахад зарцуулчихсан гээд ноцтой юмнууд гарсан биш бил үү?
-Тэр тагнаж чагнахаас чинь өмнө зөндөө юм болоо биз дээ. Хөөсөн туусан, өргөдлөө өг гэж шахсан явдал гарсан биз дээ. УИХ-ын зарим гишүүн өөрийнхөө гараар бичиг үйлдэж өгч хүртэл өмч хөрөнгө идлээ гэж шалгуулсан.
-Үгээрээ байж өгдөггүй нэг гүйцэтгэх ажилтнаараа оролдож байгаад нөгөөдөх нь эргэж хөдлөөд унагачихаж байгаа ч юм шиг?
-Хүссэн ч, эс хүссэн ч, наадах чинь улс төрийн өнгө ороод явчихсан л хэрэг. Улс төрийн өнгө орсон хэрэг хэзээ ч зөв шийдэлтэй байдаггүй.
-Төгсгөл нь үү?
-Төгсгөл нь.
-Цагдаагийн ерөнхий газрын дарга Д.Сандаг-Очир генералыг Авлигатай тэмцэх газрын дарга болох гэнэ. Цагдаад хөдөлгөөн орох гэнэ гэсэн “бор шувуу” нэлээн хэдэн сар нислээ. Энэ ямар учиртай юм бэ?
-Намайг мэдээгүй байхад л Д.Сандаг-Очирыг олон удаа “халж” байна даа.
-Н.Энхбаяр “ерөнхийлөгч” цагдаагийн тэр үеийн өмнөх даргатай холбогдолтой мэдэгдэл хийгээд байдаг. С.Баяр ЦЕГ-ын дарга Ганболдыг хууль бусаар огцруулсан гээд. Тэр юу юм бэ. Ер нь долдугаар сарын 1-нд хамгийн их хохирол амссан салбар цагдаа болж үлдэх шив дээ?
-Хоёр талтай л асуудал. Би энэ Д.Сандаг-Очирыг солих гэж байхад нь наадах чинь буруу гэдгийг хэлж байсан. Одоогийн түвшинд нийгмийн нөхцөл байдал, хэв журмын нөхцөл ийм байгаа тохиолдолд Д.Сандаг-Очироос өөр хийчих хүн байхгүй л дээ. Би Ч.Амарболдыг буцаагаад Цагдаагийн газрын дэд даргаар тавих гэж байхад нь тухайн үеийн засгийн удирдлагад хэлж л байсан. Ч.Амарболдыг цагдаад тавьж болохгүй дээ гэж.
-М.Энхболдод уу?
-Тийм гэсэн үг. Наад хүнээ та нар дуртай юмандаа тавь. Цагдаад л битгий тавь. Алдаа болно шүү гэсэн боловч зөрөөд л тавьцгаасан. Тэгээд адаг сүүлд нь “долдугаар сарын 1”-ний гол ял Цагдаагийн байгууллага дээр, тэр үед толгойлж байсан Ч.Амарболд дээр унаж байх шив дээ. Харамсч л байна. Зөв удирдахгүй бол цагдаа өөрөө их эвгүй. Даргаа дагаад хуйлраад байдаг. Дарга нь дөлгөөн, асуудалд нуруугаа барьдаг элдэв улс төрийн хаялгатай юмнаас хол байдаг хүн байхаар тогтуун байдаг. Даргаар нь сэлэм эргүүлдэг хүн тавьчихаар ийш тийшээ дайвж ороод, дотроосоо элдэв асуудал үүсгээд байдаг. Жасрай гуайн үед цагдаа Засгийн толгой дээр гарчихсан байсан. Багабанди, Даш-Ёндон, Энэбиш нарын ойр дотнын хүмүүсийг ээлжлэн барьж хориод л. Үүний дараа цагдаагаар дэмжүүлсэн эрүүгийнхэн нэг хэсэгтээ л төрийн толгой дээр суусан даа. Зарим нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын гэрт тухалж, хуулийн сайдыг нь зүгээр л олны өмнө зодож уйлуулаад л, тэр нь Их тэнгэрт айлд хоног төрүүлж, зугтаагаад л. Миний 2000 онд хүлээж авсан цагдаа энэ. Эвгүй байгаа биз.
Намайг 2008 онд эргэн ирэхэд цагдаа, прокурорын хооронд зарлаагүй дайн дахин эхэлчихсэн байсан. Арай гэж намжаасан.
-Цагдаа хүн буудсан нь тогтоогдсон юм уу, тогтоогдоогүй юм уу. Хоёр янзын мэдээлэл хариуцлагатай хүмүүсийн амнаас унаад үнэхээр толгой эргээд байна?
-Тэрийг би мэдэхгүй. Ер нь бол хуулийн хувьд нэг буруу юм болсон. Хүн буудагдлаа гэдэг асуудал үүсэнгүүт хэргийн газрын үзлэг дээр прокурорынхон, Галдаагийн толгойлдог мөрдөн байцаах албаныхантай очих байсан. Энэ чинь албан үүргээ гүйцэтгэж байхдаа цагдаа, прокурор, шүүгч, АТГ-ынхан гэмт хэрэг үйлдвэл тэрийг шалгах зориулалттай байгуулсан байгууллага шүү дээ. Эмх замбараагүй байдлыг таслан зогсоох ажил дээр цагдаа ажилласан, тэр үед галт зэвсэг хэрэглэн, бас хүний амь хохирсон. Ийм нөхцөлд анхнаасаа цагдаа биш прокурор нь шалгаж эхлэх ёстой байсан. Үүн дээр алдаа гаргасан. Анхнаасаа хэрэг буруу мөрдөөд явчихаараа дараа дараачийнх нь буруу л явдаг. Тийм учраас л анхнаасаа цагдаа буу хэрэглэсэн, хэрэглээгүй, жирийн хүн хэрэглэсэн, хэрэглээгүй, цагдаад байдаггүй сум, галт зэвсгээр буудсан, буудаагүй гээд бөөн маргаан болоод явчихсан. 1998 онд С.Зоригийн амь нас хохирсон хэрэг явдал байна. Хэргийн газрын анхны үзлэг зөв суурьтай явсан бол одоо ингээд 10 жил илрүүлж чадахгүй суухгүй байсан. Хэргийн газрын үзлэг дээр “бурхан багш ирсэн ч битгий оруул” гэж би цагдаагийнханд захидаг юм. Зөвхөн мөрдөн байцаагч, прокурор, шинжээч орох ёстой.
-Сэтгүүлчид хүртэл орсон байдаг биз дээ?
-Тийм. 70-аад хүн ороод гарсан гэсэн тооцоо байдаг. Бас болоогүй шалгаж дөнгөж эхэлтэл “Улс төрийн аллага” гэж зарлаад л тагнуул, цагдаа нар тус тусдаа ажлын хэсэг байгуулаад л. Ингэж буруу замаар будаа тээсэн дээ.
-”Долдугаар сарын 1 “ гэж хэн дуртай нь ашиглаж байдаг дуусашгүй хэрэг бий боллоо. Таван хүний амь үрэгдсэн эмгэнэлт явдал. Нөгөө талд нь үүрэг гүйцэтгэж яваад эргэж буруудан зовлонд унаад байгаа цагдаагийн алба хаагчид. Цагдааг улс төр ашиглаж ашиглачихаад эргээд золигт гаргасан гэж ч хэлж болмоор?
-Ер нь бол хуулийнханд заримдаа хэтэрхий хатуу хандаж байгаа нь үнэн. Энэ төрийн хамгийн хүнд ачааг хуулийнхан үүрдэг. Хуулинханд 100 хувийн сэтгэл ханамжтай үлддэг үйлчлүүлэгч гэж угаасаа энэ ертөнцөд байдаггүй. Сайн даа л 50:50 байдаг. Ялагдсан нь дандаа гомдолтой гардаг. Ялсан нь хүртэл гомдолтой гардаг. Тийм учраас хуулийн байгууллагын ажлыг хөндлөнгийн этгээд үнэлэх ёсгүй юм. Одоо үнэлэгчид нь шүүгчдээсээ олон болчихоод байна. Шүүх шударга биш л гэнэ, цагдаа шударга биш л гэнэ. Тийм хатуу юм бариулчихаад, дургүй нь хүрвэл ташраар нь гудамжинд гаргаад байвал энд хүн тогтох уу. Дурын авгай очоод л цагдаа заамдаж байдаг.
-Энэ хэргийн эцэст цагдаагийн нүднээс ч гэсэн нулимс гарсан л гэж хэлэх гэсэн юм?
-396 цагдаа, онцгой байдлын цөөн хүн гэмтсэн тоо байдаг. Ерөнхийдөө бол хохирлыг хуулийг нь гаргуулаад өгдөг хэдэн төгрөгийг нь өгсөн л дөө. Авсан гэмтэл нь цаашдаа амь амьдралд нь ямар ул мөр үлдээхийг одоо таах арга байхгүй. Манайд бол их сонин юм ажиглагдаад байгаа юм. Бараг л цагдаа хүн биш гэх юм ярьчих гээд байна аа даа. Бид ард түмэн учраас цагдааг зодох эрхтэй гэж ярьчих гээд байна ш дээ. Тийм юм байхгүй. Цагдаагийн албан хаагчид дотор олон хүн урттай богинотойн үлгэрээр бас болохгүй юм байдаг. Заримдаа осол гаргачих юм, Заримдаа эрүүлжигдсэн хүнийг харж хандахдаа анхааралгүй хандаж, алдаж эндчих юм.
-Хүн юм чинь алдаж болно. Гагцхүү өөрсдөө хүнийхээ хувьд хазайж хальтирна гэдгээ мэдэхгүй дэндүү увайгүйтдэг нөхдүүд ч байдаг. Шууд бусдыг мөрдсөөрөө түрий бариад гүтгэн гүжирддэг цагдаагийн ажилтнууд ч бий. Тиймдээ ч нийгэмдээ хүндлэгдэж чаддаггүй. Зарим нь бүр шууд бие биенээ гүтгэж хорлодог юм билээ. Ийм улс сэжигтнийг гүжирдээд хэрэг тохох юу ч биш биз дээ?
-Хааяа хааяа алдаа эндэгдэл гараад зовлонтой үедээ зовлонтой ш дээ. Гэхдээ ерөнхий том массаараа бол цагдаа үүргээ гайгүй сайн биелүүлж байгаа. Яг чин үнэнийг хэлэхэд сүүлийн 20 жилд цагдаа шиг үүргээ сайн биелүүлж ажилласан байгууллага ховор байх. Ярилцлагаа дуусгах уу. Цаг болохоо байлаа.
-Ярилцлага хүссэн ч, эс хүссэн ч Энхбаяр гэсэн сэдэв рүү түлхүүхэн яваад орчихлоо. Яах вэ?
-Тийм үү. Тэгвэл нэмээд ч хэдэн зүйл хэлье. Ер нь наад Энхбаяр чинь аман дээрээ “Надад албан тушаал хэрэггүй” гэх атлаа үнэн хэрэгтээ ямар ч үнээр хамаагүй түүндээ хүрч, дахин Монголын “эзэн” болохыг тэчъяадан мөрөөдөж, юу ч хийхээс сийхгүй болсон байна. Чингэлтэйн тойрогт нэр дэвших гэж бөөн дажин дэгдээсэн. Тэр нь болоогүй болохоор Ардын намыг задлах гэж оролдоод бүтэлгүйтэхээрээ МАХН гэгч байхгүй намын “дарга” болчихоод, одоо “Их хуралдай” гэгчийг удирдаад, санхүүжилтийг нь зохицуулаад явж байна. Ингэж яваад дахин “эзэн” болчихвол “Би өөрөө хүсэхгүй байсан юм, даанч ард түмэн шаардаад болсонгүй” гэх ухааны юм ярина даа. Сая өөрөө зохион байгуулж хөөцөлдөж байгаад МАХН гэгчийн “дарга” болчихоод “Намайг ард түмэн улс төрөөс гаргахгүй юм байна” гэсэн тайлбарыг хээвнэг хэлнэ лээ.
Үнэнийг хэлэхэд, миний хувьд энэ ярилцлагыг өгөхөд тун амаргүй байлаа. Магадгүй амьдралдаа хийж буй хамгийн хүнд ярилцлага энэ шүү. Хүний ёсоор бодоход. Гадаадын тагнуул болчихоод чиний ярилцлагад орж байхад хамаагүй амар байсан юм. Гэвч Энхбаяр нэгэнт Төрийн эрхийг хууль бусаар авах, ард түмний шүүх байгуулж, хэлмэгдүүлэлт хийхээ ил тод, өдөр шөнөгүй зарлаж байгаа учраас ийм ярилцлага өгөхөөс өөр арга байсангүй.
1930-аад онд Германд ийм увайгүй явдал гаарч байхад төр засаг нь арчаагаа алдаж Гитлерийг Ерөнхий сайдаар томилсон. Тэр хүн 50 сая хүний цусаар гараа угаасныг дахин нэг санахад илүүдэхгүй.
-Тийм ээ. Та энэ удаа хатуухан ярилцлага өглөө. Цаашид юу болдог бол?
-Дэндүү ойлгомжтой. Миний муусайн “найз”-ууд дахин цугларч ТВ-9 телевиз, “Зууны мэдээ”-гээр хагас сар над руу дайрна. Нэр хүнд нь огцом унаж байгаа улстөрчдийг өрсөлдөгчгүйгээр толгойлно. Энэ бол баараггүй.
-Хөгжилтэй юм аа, хагас сар дайраад байх даа яахав дээ?
-Үгүй тэгнэ ш дээ. Гадаадын тагнуул, тагнуулд явж байхдаа архи ууж бөөлжсөндөө хутгалдаж хэвтсэн, боловсролгүй, ааш муутай, бодлогогүй гээд л авч өгнө дөө. Боловсрол гэснээс ганц зүйл хэлчихье. Путин, Медведев, бид гурав чинь багш нэгтэй юм шүү дээ. Яахав дээ, над руу дайрч хэдэн төгрөг олдог бол буянаараа болог, үр хүүхэд нь нэг хоног болов ч цатгалан хоног. Гэхдээ идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургана гэдэг үг бий. Ямар ч дайрлага, дайралт ирсэн энэ улс орныг “Улс төрийн гяндан” болохгүйн төлөө эцсээ хүртэл үзэлцэх болно. Төр төвшин, түмэн олон эвтэй байвал бусад нь болно оо. Харийнхан үеийн үед бидний дотоод тэмцэл дээр дөрөөлж их гүрнийхээ сонирхлыг гүйцэтгүүлж ирсэн түүнийг мартаж болохгүй. Энхбаяртангуудаар эх орноосоо хөөлгөж, цаазаар авахуулах хүмүүсийн жагсаалтад орох хэрэг би лав хийгээгүй. Бусад ч нь ялгаагүй. Тэгэхээр надад айх юм алга даа.
Голдуу дургүй хүргэж, басхүү тасралтгүй хор малтах хэзээний хэгжүүн Нямдорж сайд ийн хэлээд босов. Болоогүй ээ, амандаа
Алтаар алтаар хайлавч
Ахиад заяахгүй Аав минь
Эрдэнээр эрдэнээр уйлавч
Эргээд олдохгүй Ээж минь ...ээ гэсэн үргэлж дуулдаг нөгөө “Аав ээж хоёр” дуугаа эвтэй ч юм шиг, эвгүй ч юм шиг, тэгсэн хэрнээ жигтэйхэн танил хоолойгоор аялсаар арын өрөө рүүгээ явж оров. Харин би дотроо энэ хүнтэй хэд дэх ярилцлагаа хийгээд гарч байгаагаа тоолох гэж оролдов. Бүү мэд. Дандаа л ийм байсан. Дандаа л ийм байдаг...