СҮРЖИН ХИЙДЭЛТЭЙ ДАРЖИН АЙЛЧЛАЛ
Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас илгээсэн албан мэдээнд ”Монгол Улс, БНСУ-ын харилцаа Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагаа
Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас илгээсэн албан мэдээнд "Монгол Улс, БНСУ-ын харилцаа Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны Түншлэлийн зарчимд тулгуурлан улс төр, худалдаа, эдийн засаг, соёл боловсрол, хүмүүнлэгийн салбарт болон бүс нутаг, олон улсын тавцанд өргөжин хөгжсөн харилцаагаа цаашид шинэ шатанд гарган хөгжүүлэх зорилтоо тодорхойлсон Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболдын БНСУ-д хийсэн албан ёсны айлчлал амжилттай боллоо гэж талууд үзэж байна" хэмээн дурджээ. Аливаа албан айлчлалын үеэр чамгүй олон зүйлийг ярьж, улс орны тэргүүнүүдтэй харилцан нүүр тулж уулздаг болохоор ямар нэг байдлаар амжилт дагуулж чаддаг л байх. Гэхдээ Ерөнхий сайдын БНСУ-д хийх айлчлалаас наад цаад олон юмнаас нь илүү ард түмэн ганцхан зүйлийг л хүлээж байлаа. Тэр нь визгүй зорчдог боллоо гэсэн мэдээ. Харийн оронд хар ажил хийж хэдэн бор юм олохоор явсан залуус, хүний нутагт ажиллахаар явсан хань нөхрөө санагалзан суугаа эхнэрүүд, амьдрал хайж алга болсон хүүгээ ирээдэх гэж айлгаж ч чадахгүй суугаа ээжүүд энэ айлчлалаас зөвхөн үүнийг л хүлээж байв. Уг нь гүйцэтгэх засаглалын тэргүүнийг БНСУ-д айлчлал хийнэ гэсэн мэдээлэл хэдэн өдрийн өмнөөс л цацагдаад эхлэхэд хүмүүс өөр хоорондоо "За, өнөө визгүй зорчдог сайхан мэдээг л дуулгаж, гарын үсэг зурахаар явж байна даа" хэмээн ярьж байсан билээ. Багагүй ач холбогдол өгч, хэвлэл мэдээлээр сурталчлаад байсан болохоор тийм итгэл төрөх нь ч аргагүй биз. Гэтэл "визгүй зорчих асуудлыг судалж байгаа" гэсэн жижүүрийн хариулттайгаа хүрээд иржээ. Тиймээс ч энэ талаар ёс болгон хийсэн уулзалтдаа өөрөө ч бус Т.Ганди сайдыг оролцуулж, НХХ-ийн сайд нь өөрийнхөө зэрэг зиндаа ижил нэгнээс ёс болгон асуусан бололтой юм. Бараг ч визний хөнгөлөлт, хоёр орны иргэд харилцан визгүй зорчих тэр асуудал бүтэхгүй гэдгийг мэдээд С.Батболд сайд салбарын сайдаа өмнөө барьсан аж. Иймээс энэ айлчлалыг сүржин хийдэлтэй даржин айлчлал гэхээс аргагүй байна. Монголчууд Солонгосын хойг дахь өмнөдийнхнөөс олон юм хүлээдэггүй. Зөвхөн визний хөнгөлөлт, тус улсад визгүй зорчдог өдөр хэзээ болох вэ гэдгийг л хүлээн харж суугаа. Ард түмэн хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа гэж томыг харахаас өөрийнх нь амьдралд юу ойр байна түүнийг л хүлээж байдаг. Тэгвэл БНСУ-д ажиллаж байгаа 40 мянган монгол иргэн тэдний гэр бүлийнхэн С.Батболд даргын айлчлалаас үүнийг л хүлээж байлаа. Визийн зөрчилтэйгээсээ хэзээ мөдгүй баригдахаа хүлээж сэтгэлийн шаналантай ажиллаж суугаа залуу, визгүй болчихвол нөхөр дээрээ очоод, хүүгээ үнсүүлээд ирэх гэсэн бүсгүй ер нь хүлээгээгүй хүн ховор доо. Үнэндээ ч тус улс руу визгүй зорчдог болбол хоёр сая гаруйхан монгол бөөнөөрөө давхиад очлоо ч асуудал гарахгүй байх. Харин ч хоёр сая гаруйхан монголчуудад биш 49 сая солонгосчуудын хувьд визгүй зорчих нь илүү таатай нөхцөл болж таарна. Гэвч энэ удаагийн сүржин айлчлалаар визний асуудал шинэ шатанд гарч чадсангүй. Улс төрийн хүрээнийхний ярьж буйгаар энэ удаагийн айлчлал нь "Скайтел" компанийг хувьчлан авсан бизнесмэн С.Батболдын ажилтай л холбоотой байж, хувьчлалын гэрээгээ батжуулан авсан явдал байсан гэх юм.
Ер нь энэ Засгийн газар ажиллаж эхэлснээр ард түмэнд үр ашиг нь ойрхон байх ямар асуудал шийдэгдсэн юм бэ. Ард түмэн өөрсдөдөө хамгийн ойрхон тэр л асуудал шийдэгдээсэй гэж харж хүлээсээр байгаа ч нэг мөр болж байгаа нь алга байна. Харин дарга даамлуудынх нь ногоон гэрлээр хурдалсаар. Монголчууд Солонгост визгүй зорчдог тэр асуудал хэзээ шийдэгдэх вэ. Монголын уран сайхны кинонд гардагчлан визгүй зорчдог болно гэсэн мэдээг "Мөн ч их хүлээсэн дээ", С.Батболд сайдын айлчлалаас.
Ер нь энэ Засгийн газар ажиллаж эхэлснээр ард түмэнд үр ашиг нь ойрхон байх ямар асуудал шийдэгдсэн юм бэ. Ард түмэн өөрсдөдөө хамгийн ойрхон тэр л асуудал шийдэгдээсэй гэж харж хүлээсээр байгаа ч нэг мөр болж байгаа нь алга байна. Харин дарга даамлуудынх нь ногоон гэрлээр хурдалсаар. Монголчууд Солонгост визгүй зорчдог тэр асуудал хэзээ шийдэгдэх вэ. Монголын уран сайхны кинонд гардагчлан визгүй зорчдог болно гэсэн мэдээг "Мөн ч их хүлээсэн дээ", С.Батболд сайдын айлчлалаас.