Ираны тухай төсөөлөл & тусгал алд дэлэм зөрөв
Ер нь Иранд очиж үзье гэх санаа надад аль дээр үед төрсөн юм. Түүхийн ном зохиол сөхөж үзэж байхад Монгол-Персийн харилцааны тухай түүхэн баримтууд нэлээд тааралддаг.
(Тегеран-1)
Ер нь Иранд очиж үзье гэх санаа надад аль дээр үед төрсөн юм. Түүхийн ном зохиол сөхөж үзэж байхад Монгол-Персийн харилцааны тухай түүхэн баримтууд нэлээд тааралддаг. 1237 онд анх монголчууд тэр орныг дайлаар мордож, сүүлд нь найрамдан энхийн гэрээ байгуулж байсан ба дараахан нь Монголын хааны элчийг Персийн шах нь цаазалсанаас үүдэн дахин дайтаж персүүд үхлээ өөртөө дуудсаны гайгаар эзлэгдэж тусгаар тогтнолоо алдаж байсан тухай ираны түүхч доктор Али Рахимпүр бичсэн нь бий. Түүний номд бичсэнээр бол Хүлэгү хаанаас түүчээлэн 1272-1377 онд 105 жил Монголын 17 хаан (Илхаад) Персийг захирч байжээ. Бүхэл бүтэн зуун жил монголчууд Ираныг захирч байж шүү дээ гэхлээр тэр орон руу ямар ч монгол хүн татагдаж сонирхох нь зүй юм.
“Манай зууны хөрөг” номыг Баабар бид хоёр 1997 онд хамтран бүтээхдээ Ираны лалын хувьсгалын удирдагч Аятолла Хомейнийн улс төрийн хөргийг гаргах гэж орчин үеийн Ираны түүх рүү нэлээд хальж орсон. Тэр маань ч Иранд очиж үзье гэх санааг минь үлэмж хурцалсан. Арваад жилийн тэртээ би Энэтхэгт алба хашиж байхдаа Иранд очих хүсэлдээ хөтлөгдөх нэгэн үйл явдал болсныг сайн санаж байна. Юу гэвэл бид 1999 оны зун Хималайн энгэрт үүлэн дунд байрлах Нанитал хэмээх хотод уригдчихаад Нью Дели руу буцах зам зуураа Рампур хэмээх жижиг хотод саатаж, Рампурын эртний номын санд хөл тавих их хувь тохиосон юм. Моголын хаадын үед л тийш нь аваачсан очсон болов уу, нөгөө түүхийн алдарт хөлгөн судар "Судрын чуулган" чинь бүрэн эхээрээ перс хэл дээр тэнд хадгалагдаж байх юм аа. Тэр аугаа бүтээлд гар хүрч, долоох нь холгүй хуудсыг нь эргүүлж, адис авч, тэргүүндээ хүргэсэн тоотой хэдхэн монголын нэг нь би болсноо нэгэн насны бахарал гэж үздэг юм. Иран руу ингээд л эргэлтгүй татагдах нь тэр дээ.
Намайг энэ Каираас Иранд хавсран суулгахаар Ерөнхийлөгчийн зарлиг гарч би Итгэмжлэх жуух бичгээ Төрийн тэргүүнд нь барихаар хэзээ мөдгүй хөдлөх гэж байгаа тул Иран орон яалт ч үгүй надад хамгийн ойр байхаас аргагүй болж байна.
Монгол-Ираны орчин үеийн харилцааны түүх гэвэл сонирхол татахаар ч гэдэг юм уу, тоймтой юм нэг их байхгүй. Манай улс Лалын Бvгд Найрамдах Иран Улстай 1971 онд дипломат харилцаа тогтоогоод 10 хүрэхгүй жил улс төрийн харилцаа хөгжүүлэх чиглэлээр ажиллаж ирсэн байдаг юм. 1973 онд Монгол Улсын Ерөнхий сайд Ю.Цэдэнбал Иранд, 1976 онд Ираны Ерөнхий сайд А.Ховейда Монголд харилцан айлчилсан байдаг. Сонирхуулахад социализмын үед ач буянаа харамгүй өгсөн Хүүхдийн төлөө фонд гэдэг чинь Ираны хур туршлагааар анхлан боссон юм билээ. Энэ тухай Баабар “Монголчууд” хэмээх номдоо тод томруун бичсэн нь бий. Чухамдаа Цэдэнбалтай 1973 онд Иранд айлчилснаар Филатова Шахын тансаг хатан Фарахын толгойлдог хүүхдийн фондын үйл ажиллагаатай танилцаж, ийнхүү Филатова Иранаас бөөн туршлагатай ирэв ээ гээд байж байгаа.
Иранд лалын хувьсгал ялснаар манай хоёр орны харилцаа зогсонги байдалд орж, Иран-Иракийн дайн, Ираны дотоодын адармаатай улс төрийн нөхцөл байдал ч харилцаанд үлэмж саад болсон байх.
Иран орон дотооддоо тогтворжин бэхжихийн хэрээр хоёр талын харилцааг нөгөө талаас сонирхох байдал ажиглагдаж байна. Энэ талаар үргэлжлэл нийтлэлд өгүүлнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар 2004, 2005 онд Ираны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч нартай олон улсын хурал чуулганы үеэр уулзаж, тухайлбал 2005 оны 10 дугаар сард болсон ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын уулзалтын үеэр Ерөнхий сайд Ц.Элбэгдорж Ираны Дэд ерөнхийлөгчтэй уулзаж хоёр орны харилцааны асуудлаар санал солилцож, Ирантай газрын тос, боловсрол, соёл, шинжлэх ухааны чиглэлээр хамтын ажиллагаа хөгжүүлэх, оюутан сургах, манай эрдэмтэн судлаачдыг Иранд илгээж монголын түүхийн холбогдолтой перс хэл дээрхи эх сурвалжуудыг судлуулах сонирхлоо илэрхийлсэн нь харилцааг түлхэн ахиулахад чиглэсэн анхны шижим болсон гэж үзэж үндэстэй.
Монгол-Ираны орчин үеийн харилцааны түүхийг бичилцэх хувь надад ногдож, тэр орныг очиж үзэх хүсэл минь гүйцэлдэх анхны учрал өнгөрсөн 11 дүгээр сард надад тохиосон. Тегеран хотноо Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээний Сайд нарын IX уулзалтад Засгийн газраа төлөөлөн оролцсон юм аа тэгэхэд би. Нэгэнтээ олон улсын хурал тул ном журмаараа хуралдаад тараа биз, тэр бол уншигчдад төдийлөн сонингүй. Харин би үзсэн харсан, ажигласан, мэдэрсэн зүйлээсээ хуваалцах гэж байна. Тэр бол гарчигт өгүүлсэн тэр алд дэлэм зөрүүг өгүүлнэ гэсэн үг.
Ираны нийгмийг бичихээсээ өмнө ЛБНИУ-ын Ерөнхийлөгч Махмуд Ахмединежадын Сайд нарын тэр уулзалтыг нээж хэлсэн үгнээс миний тэмдэглэж авсныг улс төр сонирхдог хүмүүст сонирхуулъя. Тэрээр манай хуралд хүндэт зочноор уригдсан юм. Дэлхийн дэг журмыг өөрчлөх зайлшгүй шаардлагатай болсон өнөө үед Ази тивийн улс орнуудын хамтын ажиллагаа, нөхөрлөл амин чухал бөгөөд дэлхийг хамарсан асуудлуудыг Азийн орнууд оролцож шийдвэрлэж байдаг тийм шинэ механизмийг бий болгохын төлөө бид ажиллах хэрэгтэй гэсээр тэрээр үгээ эхэлж байв. АНУ ба өрнийхнийг Азид гай гамшиг, үхэл зовлон, дайн дажин авчирдаг хэмээн түүхэн баримтаар буруутгаад дэлхийн хоёр их дайн, Солонгосын дайн, Вьетнамын дайн, Афганистаны дайн, Иракийн дайн, Израиль-Палестины мөргөлдөөнийг жишээ болгож ярив. Дэлхийн шинэ дэг журам зайлшгүй, харин тэр нь хүндэтгэл, шударга ёсонд тулгуурласан байвал зохино гэж тэрээр мэдэгдэв. Азийн улс орнуудын хамтын ажиллагаа, нөхөрлөл гэдэг ерөнхий жанжин шугамынхаа хүрээнд манай улсыг авч үзэж байгаа нь ч дараа нь намайг Ираны ГХЯ-нд урьж уулзах үед тэдний албаны хүмүүсийн ярианаас илт мэдрэгдэж байв.
Би гарчигтаа алд дэлэм зөрүү хэмээснээ одоо тайлбарлая. Иран гэхлээр манайханд ерөнхий, нийтлэг нэг тийм ойлголт байдаг байх. Би ч бас яг тийм ойлголттой “Хомейни олон улсын аэрпорт” дээр нь газардсан юм. Дэлхийн хамгийн, хамгийн биш юм аа гэхэд хамгийнуудын нэг болох шашинжсан лаллаг (лалын шашинт) улсад хөл тавилаа даа гэж төсөөлж байв. Харин очсон даруйдаа “Энэ чинь лалын шашинжсан орон мөн гэж үү?” гэх хачин асуулт өөрийн эрхгүй намайг ороогоод авлаа. Нөгөө нойрон дунд үүр шөнөөр "Аллах Акбар" ("Аллах аугаа") гээд л мөргөлийн дуу цонхны шил доргитол хадаад унадаг нь Тегеранд сонсогдсонгүй юү, эсвэл би андуурав уу, бүр гайхаад зочид буудлынхаа тагтан дээр гарч харлаа. Эгц өөдөөс мөнх цаст өндөр уулс сүндэрлээд, тэр их ой тайга руу нь мөргөлийн дуу нь уусчихдаг юм болов уу хэмээн Бейрутэд байсан шигээ бас таамаглав. Манай Каиртай зүйрлүүлэхэд сүм мечет, мөргөлийн газар нь ч Тегеранд хамаагүй цөөн юм. Гэхдээ тоолсон биш, хаа нэг харагдаж байна лээ.
Дэлхийн хэвлэлд бичдэг, зурагтаар харуулдагаар бол хар жанч нөмөрсөн, сахал үсэндээ баригдсан имам, мулла нар гудамж талбайгаар нь дүүрэн хөлхөж явдаг юм болов уу гэсэн нь таарсангүй. Ганц нэг байх нь байлгүй яахав. Барууныхны бичдэг ярьдаг бас нэг сэдэв байна. Эмэгтэйчүүдийн эрхийг айхтар хөсөрдүүлдэг, тэд нь ч нуль хар гивлүүр нөмрөг, хүний өөдөөс эгцэлж харахгүй шахам явдаг юм болов уу гэтэл бас тийм биш. Охид бүсгүйчүүл нь толгой нүцгэн явж л болохгүй, түүнээс бус доогуураа юу, ямар өнгөтэй юм өмсөж зүүх нь чөлөөтэ, бүр жийнс өмссөн охид маш их байна гээч. Мэдээж мини банзал болохгүй л дээ. Өвдөг шилбээ ил харуулах нь лалын номд хориотой. Перс айлд бэр орсон нэгэн монгол бүсгүй Б.Мөнгөнчимэгийг сурагласаар гэрт нь очлоо. Тэр айлд шашны албадлага, мухар сүсэг ер алга. Тэр бүсгүй жаргалтай аж төрж байна. Шашны элдэв дарамтад орж үзээгүй, перс нөхөр нь дарамталдаггүй, гадагш гарвал алчуур л зүүдэг, өөрөөр яадаг ч үгүй гэж байна. Улаанбаатараас аав нь зочлоод оччихсон, биднийг найрсгаар угтаж нэг оройг хамт өнгөрөөв. Гэм нь Иранд архи дарс даан ч хориотой юм. Гэм нь л гэе дээ, монголчууддаа хандаж бичиж байгаа учраас тэгж байна.
Манай Египетэд бол (ялангуяа хөдөөд нь) духаа цоортол мөргөөд дух нь сорвижоод сайртчихсан эрчүүд захаас аван таардаг бол Иранд ийм эрчүүдийг би хэд хонохдоо олж харсангүй. Мөргөдөг нь мөргөдөг л байх. Гэхдээ хэтрүүлдэггүй юм болов уу гэж таамаглав. Саудын Арабт мөргөлийн цаг болохлоор бүх ажлаа зогсоогоод албан газрууд нь хаалгаа бариад, лал бусчуудыг номхон зогсоох нь холгүй хүндэтгүүлж байгаад мөргөлөө үйлддэг бол Тегеранд хэд хонохдоо тийм зуршлыг би олж харсангүй. Мөргөлийн ид цагаар албан ажил нь оволзож хүмүүс нь холхиж, хийх юмаа хийж байна. Сэтгэлдээ залбираад амандаа мааниа уншаад явдаг хэмээн надад нэг нөхөр хэлж байна лээ. Тэр үнэн байх.
Шашны фанатизм гэх юмыг би лав ил олж харсангүй. Буцах өдрөө хэргээр Хомейнийн бунханд зочилсон юм. Тэр нь Тегеран хот, Хомейни олон улсын аэрпорт хоёрын замын яг дунд байрладаг тул дайраад гарахаар шийдлээ. Сөхөрч мөргөсөн, уйлж унжсан, нүглээ наминчилсан сүрэг хүнтэй таарна гэж бодсон чинь бас тэнд нь алга, нам жим. Шарил нь ногоон хамба хилэнгээр хучигдаад маш том шилэн хоргонд байж байна. Тэр нь маш том мечет дотор байна. Тэр ариун дагшин газрыг би бол мөргөлийн сүм, Хомейнийн бунхан гэхээсээ илүүтэй түүх-соёлын том цогцолбор, уран барилгын хосгүй бүтээл хэмээн нэрлэмээр санагдлаа. Иранчууд тэнд эхнэр хүүхдээ дагуулаад гэр бүлээрээ аялаж зугаалж, тэр том сүмд их аятоллатайгаа зэрэгцээд унтаж амарч, идэж ууж хөөрөлдөж хөгжилдөж байхыг хараад гайхлаа. Алжаал тайлдаг газар ч юм уу...
(Үргэлжлэл бий)
sonirhogch