Баян хүнийг балаг тойроосой
Бид социализмд хүрэхээр мөрөөдөж явсан тэр сэтгэлгээнээсээ салж чадахгүй байна л даа. Зах зээлийн нийгэмд идээшиж өгөхгүй, гайгүй яваа нэгнээ үзэн ядаж, ядуу хүнийг бол өөгшүүлээд л.
Бид социализмд хүрэхээр мөрөөдөж явсан тэр сэтгэлгээнээсээ салж чадахгүй байна л даа. Зах зээлийн нийгэмд идээшиж өгөхгүй, гайгүй яваа нэгнээ үзэн ядаж, ядуу хүнийг бол өөгшүүлээд л. Баян хүнд болж өгвөл дарамт нэмж, ядуу хүнийг хайр найргүй халамжаар хангах тухай ярих юм. Америкт Билл Гейтс шиг болохыг хүсэгчид, Дональд Трамп шиг болохыг мөрөөддөг. Тэд баян байлаа гээд ард түмэн нь ад үздэггүй юм байна. Төр засаг нь түлхэхгүй байна. Тэднээр бахархаж, үлгэр дуурайлал болгож байна.
Ядуу хүн өнөөдрийн талхаа бодож байхад баян хүн илүү ихийг бүтээхийг хүсч байдаг.
Монгол Улс ядуусаа тэжээвэр сүрэг болгож байгаа. Тэглээ гээд тэжээврүүд ханадаг билүү. Маргааш нь илүү ихийг л хүсч эхэлнэ. "Ам руу орох хоол өг" гэнэ, хоолыг нь өгвөл "Халбагадаад өг" гэнэ. Халбагадаад өгвөл "Зажлаад өг" гэх биз. Д.Пүрэвдорж гуайн хэлснээр ийм "дээлтэй сүрэг"-нүүд нь шударга хөдөлмөрөөрөө өндийж боссон, ганзаганаас эхэлж, өвлийн хүйтэнд даарч, зуны халуунд хөлсөө дуслуулан, олсон хэдээ чулуу болгож, томоохон компанийн эзэн, боломжийн сайхан амьдралтай бусдад ажил олгоод яваагаа даанч нэг үзэн ядах юм. Тархиа ажиллуулж, гараа хөдөлгөж, хөлсөө дуслуулж байж олсон мөнгө илүү амттай. Ингэж өндийсөн сайхан амьдралтай хүмүүс байна. Баян байлаа гээд тэд буруутай юм уу.
Ядуу байх гэдэг өөрөө шагнал биш. Дээр нь манайхан ядуугаасаа ичихээ байж. Бах таваа хангаж ирээд л гомдол хэлж ядуугаараа түрий барихыг нь яана. Орой зурагтаар иргэд болж бүтэж байгаа юм ярихаасаа илүү болохгүй, бүтэхгүй байна гээд хөмсөг атируулан, духаа үрчийлгэн зовлон тоочдог. Хэрэв хэн нэгэн болоод бүтээд байгаа гэж яривал үзэн ядаж, тэнэг мангараар нь дуудна. Ядуу хүнийг халамжлаад дэмжээд байгаа хэрнээ баян, хөрөнгөтэй мөнгөтэйг нь дэмжиж яагаад болохгүй гэж. Тэгвэл тэд олон ядуусыг хоолонд нь хүргэнэ. Ер нь тэгээд энэрэнгүй их Далай лам хүртэл "Ядуу хүн хөөрхий. Гэхдээ арчаагүй" гэж хэлсэн байна лээ.
Зах зээлийн нийгэмд орсны буянаар өнөөдөр хорин жилийн өмнө мөрөөдөж ч байгаагүй баян иргэдтэй болж. Дэлхийн баячуудтай эн зэрэгцэх долларын саятан, долларын тэрбумтантай болжээ. Тэднийг Монголын төр юугаар харж үздэг юм. Улс орон тэднийг дэмжээд өгвөл ядуусаа тэд харин чирээд явчих байх. Гэтэл харин эсрэгээр татвар татаас, зээл гээд болж л өгвөл дарамт нэмнэ. Гадаадын хөрөнгө оруулагчийг дэмжих хэрнээ дотоодынхонд хатуу харгис хандах хэрэг юу билээ. Ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй компанийг гаднаас оруулж ирээд дотоодын компаниудаа тамирдуулж, дампуурлын замд нь хөтөлдөг улс орон гэж манайхаас өөр хаана байнаа. За тэгээд аль нэг намын харьяатай бол өнөө нам нь хандиваар дарамтална. Монополын эсрэг хууль энэ тэр гээд хүртэл хөөрхийсийг боож болох бүх л хүлээсээр баглаж хүлээд байхад Монголын бизнесменүүд мөрөөрөө яаж ажиллах юм. Чадаж байгаа нь монополдоно л биз. Угаас тийм утоп ойлголтоор хол явахгүй. Үндэсний томоохон компаниуд нь Япон, Солонгосын эдийн засгийг авч явж байна. Японы Тоёота, Солонгосын Самсунг нь хэдэн мянгаар нь жижиг, дунд үйлдвэрээ аваад явж байна. Монголын үндэсний томоохон компаниуд ч өлмий дээрээ босоод ирлээ. Гагцхүү төрийн урамшуулал хэрэгтэй юм.
Саяхан сайхан мэдээ сонстож байна. Үүрэн холбооны "Юнител" компани 100 хувь Монголынх болж гэнэ. Хамгийн өндөрт тооцогдох сэлмэн барилгыг "Чоно" групп Н.Энхбаярт газрынх нь хөлсийг өгөөд өөрийн болгож чадаж. МСS-ын Ж.Оджаргал бүх салбарт бүтээн байгуулалт хийж чадаж байна. Монголоос Ж.Оджаргал гэдэг тэрбумтан төрж чадаж байна. Женко хэмээх Х.Баттулга хүүхэд байхаасаа самар зарж бизнесээ эхэлж. Өнөөдөр бүрэн дунд боловсролтойгоосоо ичихгүйгээр толгойгоо ажиллуулж чадаж байгаа. "МАКС"-ын Д.Ганбаатар юм оёж бизнесээ эхэлж байж. Өнөөдөр толгой баячуудын тоонд цохиж явна. "Буян"-гийн Б.Жаргалсайхан ганзагаар эхэлсэн гэдэг. Одоо ямар байна. "Монголын алт" компани өөрсдөө алт олборлоод болоод байна. Ядуу хүнийхээс илүү баян хүний асуудал олон. Төр тэдэнд халамжийн бус боломжийн гар сунгая.
Гэтэл баялаг бүтээдэггүй алгаа тоссон нэг хэсэг нь болохоор бусдын өмч хөрөнгийг хайрлахгүй. Тэд аль болохоор амар хялбар мөнгөөр амьдрахыг хүсдэг. Тэгээд бурхан намайг баян болгоосой хэмээн гараа хумхичихаад тэнгэрт залбираад л явдаг. Даанч ядуус бурхны сунгасан гарыг олж харах гэж хөдөлдөг ч үгүй. Тиймээс өндийж боссоныг нь өөд нь татаж улсаа хөгжүүлэх болохоос ядуусаа халамжаар өлгийдөөд нэмэр болох нь юу л бол.
Баян хүнийг балаг тойрдоггүй гэдэг ч баян хүнийг балаг тойроосой гэмээр байгаа юм.