Цогоо ба бусад
Ертөнц болоод улс гүрнийг шинэтгэгч үүрийн туяа шиг эрин бий. Эрин үе бүхэн өөрийн баатруудтай.
Ардчилсан хувьсгалын гол баатруудыг ард түмэн мэддэг. Тэд өнөөдөр ч улс төрийн үйл хэргээ идэвхтэй үргэлжлүүлсээр байна.
Харин зөвхөн сумандаа, гол усандаа ардчиллагч олон зуун мянган хүнийг улс орон мэдэхгүй. Улс хэмжээний шинэтгэгчид ихэнхдээ алдар цуугийн титэм дор марш эгшиглүүлэн алхдаг бол алс хязгаарын шинэтгэгч нар гол төлөв ад шоо үзэгдэн, гадуурхагдсаар мартагддаг. Та нар мэднэ дээ. Сум суманд, хороо хоринд "ардчиллын" хоч зүүсэн гандан бууршгүй хэдэн "ард" байдгийг. Амьдрал ахуй нь ихэнхдээ сүрхийгүй ээ. Ху намынхан бол бүр үзэхгүй. Хуучин цагсан бол "Намын эсрэг бүлэг" болгоод дээлийг нь толгой дээгүүр нь нөмөргөхсөн гэж битүү мөрөөднө. Аргагүй шүү дээ. Өөрөө хэзээ ч дарга болохгүй, болгоё гэхнээ чадахгүй бас өөрөө хүсэхгүй.
Тийм хүмүүс шиг улаан садаа байхгүй санагдана. Уг нь дарга даамал болгочихдог бол аваа өгөө, ашиг сонирхол яриад үг хэлээ олж болмоор... Гэтэл тэгдэггүй. Өрөөлийг ч дарга болгож идүүлж уулгадаггүй, өөрөө ч дарга даамал болж идэж уудаггүй. Ардчилсан хүчний шинэ цагийн зүтгэлтнүүд болохоор нүдэн дээрээ "тэр гуай ч манай партизан хүн дээ" гэж хүндлэх байдал үзүүлэвч цаанаа бөөн тээршаадаг. Нэг талаас нь харахад энэ нийгмийг эрүүл саруул байлгах гол эрэг шураг ч юм шиг, нөгөө нэг харахад хэвийн урагшлах замын саад бартаа ч юм шиг. Гол нь тэдэнд хот газрын хувьсгалчид шиг дасан өөрчлөгдөх бодол сонирхол огт байдаггүй. Орон нутгийн "хувьсгалын хүүхдүүд" үнэн сэтгэлээрээ, хоёргүй нэг санаагаар "өөрийн шударга гэж үзсэн" үйл хэргийн төлөө үздэг байхад улсын хэмжээнд их төвөгтэй. Үнэн мөнөөсөө эсэргүүцээд байна уу? Энэ мөнгөн дээрээ тохиролцох гээд байна уу, ялгахад бэрх. Ер нь бол улсын хэмжээний "хувьсгалчийн роль"-ийг ерөнхийдээ бизнесийн чанартай болсон гэж нийгмийн зүгээс хардах болсон. Аргагүй ш дээ, уул уурхайн баян компаниудтай "хэн нь цоглог тэмцэх вэ" гэсэн уралдаан зарласан аятай л юмс байн байн болдог, тэгснээ алуулаагүй, айлгуулаагүй мөртлөө больчихоод тэдний өрсөлдөгч пүүсийн муу муухайг дуудах аянд мордоно. Нэг ийм, баян компаниуд тойрсон тухайн хэргээ бүтээгээд тугаа буулгачихдаг "явуулын хувьсгалч" олон болжээ. Аа тийм бас зарим нь улс доторх хувьсгалыг орхиод нам дотроо, яамкан дотроо хувьсгал хийнэ гээд үзэж тарж байна. Намаа ч юм уу, яамаа, эсвэл нүхээ үндсээр нь өөрчлөөд хаях нь уу гэхээр үгүй, өөрийнхөө албан тушаалыг л шинэчлээд зогсчихож байна.
Ингээд харахад нийгмийг орвонгоор хувьсган эргүүлэгчдийн үе нэгэнт өнгөрөн одсон болтой. Д.Намдаг гуайн "Цаг төрийн үймээн" романы баатар болох гурван жинчин Хятадын иргэний дайны үймээн самуун дунд орчихдог юм. Дотор газрын хэл ус, зан заншил мэдэхгүй нүүдэлчин ардууд "хятадууд юунаасаа болж ингэж алалдаад" байгаагийн учрыг тааж ядна. Ингээд хамгийн ахмад болох жингийн даамал Хүрэл өвгөн "Мэдэж ядах юу байх вэ? Зэрэг жинсээ л булаалдаа биз" гэж цэцэн мэргэн дүгнэлт хийдэг. Өнөө хувьсгалчийн туг барьсан олон олон хүний хийж буй "Цаг төрийн үймээн"-ийг монголчууд жинчин Хүрэлийн нүдээр харах нь их болж. Дээр нь 1990 оны маягийн хувьсгал хийх гэхээр юутай хээтэй нь самууруулчих гээд хэцүү болчихсныг өнгөрсөн зун харлаа.
Чухамхүү нийгмийг хувьсган шинэтгэж орвонгоор нь эргүүлэх хувь заяатай хүмүүсийн магнайд төрсөн хүн бол бурхан болооч С.Цогтсайхан байлаа. Олон түмэн түүнийг зохиосон дууных нь нэрээр "Хонх"-ны Цогтсайхан хэмээдэг. Үнэн хэрэгтээ тэрээр нийгмийг сэрээсэн хувьсгалыг эхлүүлэх хонхыг цохисон баатар. Тэрээр биднийг "Ивээлт намын уриан дуунаар, Илгээлт аваад Говийг зорих" юм дуулан төөрөлдөж явахад хонх цохин сэрээгээд "Албан тасалгааны цонхоор л амьдрал сайхан харагдаж" байгаагаас биш "Рашаантын 18"-д шал ондоо байгааг тэр л үзүүлж билээ. Зовж зүдэрч, дээр нь доромжлогдож байгаагаа харсан ард түмэн сэрж босон Сүхбаатарын талбайдаа ирцгээсэн билээ.
Ингэж сэрээж дуудсан хүмүүсийн нэг үнэхээр Цогоо. Ийм хүмүүс хөрч хөшиж царцсан хорвоог орвонгоор нь эргүүлэх гэж төрдөг юм. Хог ургамал дүүрч битүүрэн атаршсан газарт хүмүүсийг тэжээх үр тариа ургуулахын талд хөрсийг нь эргүүлээд ир хэмээн анжис барьсан элчээ Бурхан илгээдэг. Тэдний нэг Цогтсайхан. Хог ургамлаасаа салж элдэншсэн уриншсан талд үр тариа найгахын цагт Бурхад элчээ эргүүлэн дууддаг билээ. Тэдний нэг ч бас Бурхан болооч Цогоо.
Бурхан болооч хэзээ ч "сумын хувьсгалч" шиг амьдарч, хотоос ирсэн Ардчилсан холбооны хүнээс "Ардчиллын од" тэмдэг аваад харьж тэвчихгүй, хурц цолгин нэгэн байсан.
Бурхан болооч хэзээ ч "зэрэг жинсээ голсон" нөхөд хувьсгал ба шинэтгэл, эх оронч үзлийн ариун тугийг барьсан явахыг тэвчиж амьд байхгүй халуун цустай, оргилуун нэгэн байлаа.
Бидний "болж бүтээд байгаа" гэх энэ цагийг Цогоо тэвчиж амьдрахгүй, энэ цаг үе ч Цогоос тэсвэрлэн дааж барахгүй байсан мэт. Ийм болохоор л Цогоо хэмээх нэгэн гайхалтай үзэгдлийг Бурхан бидэнд өгөөд эргүүлэн авсан билээ.
Яг үнэнийг хэлэхэд өнөөдөр "Цогтсайхан бид хоёр чинь..." гэж ирээд хууч хөөрдөг найз нөхдийнх нь нэг би биш байлаа. Би хэзээ ч түүнтэй аяга тагш юм хуваан ууж, сэтгэлээ нээлцэж явсангүй. Бас хэзээ ч гэр орноороо оролцож ижий ахай бололцсонгүй. Би түүний уран бүтээлийг хүндэлдэг, онгирч хэлэхэд бид бие биеэ харилцан хүндлэлцдэг хоёр байв. Хэрвээ хэрвээ...бол бид нэн дотно анд болох ч байсан байж мэднэ. Учир нь Бурхан болооч манай "Өдрийн сонин"-ы тоймч болохоор шийдсэн байлаа. Ингээд тэрээр ажилдаа жинхэнэ орохынхоо урьд өдөр нэг шар ширээ ачиж ирлээ. Ардчилсан холбооноос авлаа гэсэн билүү дээ. Ширээгээ нэг уужуу буланд тавиад "За би маргааш энд ирээд сууна. Хоёулаа нийлээд ёстой алж өгнө" гэсэн санаатай үг хэлээд гар барин гарч одсон билээ. Тэгээд маргааш...нөгөөдөр нь... ер нь хэзээ ч ирээгүй. Учир нь тэр бурхан болсон билээ.