С.Молор-Эрдэнэ: Мэдэхгүй, хэдэн настай хүнийг манайхан пацаан гэдэг юм бол
Жаргалантдаа дунд сургуулиа төгсөөд Төв аймгийнхаа төвд ирж конкурс өгч байлаа. Конкурсээ амжилттай өгч, Герман явах хуваарь авсан.
Энэ удаа хоёр сэтгүүлч, нэг зочин гэсэн бүрэлдэхүүнтэй гурвалсан ярилцлагыг та бүхний өмнө дэлгэж байна. Тодруулбал хоёр сэтгүүлч асуулт тавьсан гэсэн үг. Бидний яриа та бүхэнд ямар ч сэтгэгдэл төрүүлж болно. Гэхдээ сонирхолтой зочны маань сонирхолтой ертөнцийн зах зухаас мэдрүүлж чадна хэмээн найдаж байна. Таалан соёрхоно уу.
Б.Ганчимэг
С.Молор-Эрдэнэ гэдэг залуу гэнэт олны анхаарлын төвд ороод ирлээ. Энэ мэдээж таны амьдралын зорилго биш байх?
-Мэдээж биш.
-Гэхдээ хийсэн мэдэгдлүүдээс тань манай нийгмийн хөөс нь сахарсан залуу үеийн нэг болчимгүй төлөөлөл гарч ирээд, энэ улсын төрд төдийгөөс өдий хүртэл зүтгэж ирсэн улсуудыг шууд нулимах ажил хийж байна гэж л харж байгаа болов уу. Та бол эрдэмтэн хүн. Таныг юу суга татаад нааш нь гаргаад ирэв ээ?
-Нэлээд түүх ярих хэрэгтэй болох нь. Зүгээр үү.
-Тантай танилцмаар байгаа болохоор түүхээ ярьж болно шүү дээ?
-Нэгдүгээрт, би монгол хүн. Бас Монгол Улсын иргэн.
-Ямар нэгэн гаднын этгээд ирчихээд хүний эх орны хэрэгт оролцоогүй гэдгээ хэлж байна уу?
-Харин тийм. Би Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйд төрсөн. Хөдөөний л хүүхэд.
-Тийм үү, огт төсөөлөөгүй юм байна?
-Аравдугаар ангийн жижигхэн охин намайг төрүүлж байсан. Манай ээж намайг төрүүлчихээд Улаанбаатар руу оюутан болоод явсан. Тэгээд би эмээтэйгээ, эмээгийн хүүхэд болоод үлдсэн. Хүйтэнд хөрч, цастай өвөл хөвөнтэй өмдтэй, зун нь хөл нүцгэн гүйдэг бусдын л адил жаал байлаа.
-Дунд сургуульд орохдоо ч хөдөө байсан юм уу?
-Ээж маань амьдралын явцад ахин өөр хүнтэй учирч, дараа нь миний дүү нар төрсөн. Тэгээд би тэдэн рүүгээ, Улаанбаатар руу ирсэн л дээ. Амьдрал маань ингээд Улаанбаатарт өрнөсөн. Гэхдээ зун болгон Жаргалант руугаа явдаг байлаа. Наймдугаар ангид байх үед ээж аавын маань гэр бүлд янз бүрийн зөрчил үүсч, салах болдог юм байна. Ингээд би буцаад л Жаргалантдаа ирсэн. 9-10 дугаар ангиа Жаргалантдаа төгссөн.
С.Ононтуул:
-Үнэмшилгүй ч юм шиг, ёстой сонин сонсогдож байна?
-Тийм гэж үү. Жаргалантдаа дунд сургуулиа төгсөөд Төв аймгийнхаа төвд ирж конкурс өгч байлаа. Конкурсээ амжилттай өгч, Герман явах хуваарь авсан. Миний гарал үүсэл өөрөө ийм сонин байдлаар эхэлсэн учраас тэр нь бүхий л амьдралд нөлөөлсөн юм шиг байгаа юм. Багаасаа л юмыг их боддог, ихэвчлэн ганцаараа байдаг, бас ном их уншдаг, шударга ёсны төлөө тэмцдэг хүүхэд байлаа. Энэ бүх байдал маань гэр бүлийн амьдралтай ч холбоотой байсан байх. Олон юм үзнэ шүү дээ. Айлын том хүүхэд, дороо олон дүүтэй. Социализмын үед чинь айлын том хүүхэд эмээгийн ч үүргийг, өвөөгийн ч үүргийг, ер нь бүгдийнх нь л гүйцэтгэдэг байсан шүү дээ. Хоол унд хийнэ, дүү нараа цэцэрлэг сургуульд нь хүргэж өгнө. Ер нь улстөрч хүнд байх ёстой гурван шинж хүүхэд байхад минь л тогтчихсон юм шиг санагддаг юм. Нэг нь аливаа нэг юмны төлөө явдаг, нөгөөх нь тэмцэгч, ерөөсөө бууж өгдөггүй чанар.
-Гурав дахь нь?
-Ирээдүй рүүгээ их эрт хардаг, төлөвлөдөг чанар. Хүүхэд нас маань ингэж л өнгөрсөн. Тэгээд л Герман явсан даа.
-Ямар сургуульд элссэн юм бэ?
-Дрезден хотын Техникийн их сургуульд.
-Гол нь ном эрдэм суръя л гэсэн мөрөөдөлтэй явж байв уу?
-Ер нь л явахыг хүссэн. 10 жилд байхаасаа л багш нартайгаа зөрчилддөг хүүхэд байсан. Дандаа юм асууж байдаг, цочоож байдаг хүүхэд байсан. Уран зохиолд их дуртай. П.Чеховоос авахуулаад бүгдийг нь уншдаг. Уран зохиол миний гэр, найз нөхөр байсан. Миний зөвлөгч байсан. Хөдөө, хот хоёрын завсар өсөх чинь өөрөө их сонин шүү дээ. Социализм энэ тэр гэсэн айхтар мэдлэг ярьсан Улаанбаатар, монгол амьдрал, ёс заншил ярьсан хөдөө хоёрын дунд зөрчилдөөн аяндаа үүсдэг. Ном уншлаа гэж эмээ маань загнадаг байх жишээтэй. Хэнхэг өвчтэй болно, битгий ном унш гээд л. Харин хотод ирэхээр ном уншихгүй л бол болохгүй гэнэ. Ингээд л нөгөө зөрчилдөөн үүсдэг. Энэ хоёр суртлыг дандаа зохицуулж явах шаардлага тулгарч байсан.
-Дрезден, социалист Герман биз дээ?
-Тийм, социалист Герман. Герман явахын өмнө миний амьдралд маш их өөрчлөлт явагдсан. Биднийг яг явахын өмнө МХЗЭ-ийн төв байранд аваачаад Монголын төрийн далбааг үнсүүлж байлаа. Тайзан дээр төрийн далбааг залчихсан, наана үзэгчдийн дунд бид сууж байсан. Тэгээд нэг нэгээрээ гарч очоод Төрийнхөө далбааг үнсээд бууж байлаа. 18 настай хүүд энэ явдал их л гүнзгий сэтгэгдэл үлдээсэн юм шиг байгаа юм. Төрийнхөө далбааг үнсч байсан тэр агшин миний энэ дотроос хэзээ ч гардаггүй.
Б.Ганчимэг:
-18 настай хүүхэд хэдийгээр кампаничилсан ажиллагаанд оролцож байгаа ч гэсэн тэр далбааг өөрийн гэсэн тодорхой сэтгэгдэлтэй үнссэн байх л даа?
-Миний сэтгэл тэр үед маш их хөдөлж байсан. Тэгээд Герман явахдаа за, их юм сурна, ёстой баллаж өгнө дөө гэж л бодож байсан. Би тухайн үед Герман цуг явж байсан найзуудтайгаа уулзаад заримдаа асуудаг юм. Тэр үед төрийн далбаагаа үнсэхэд гоё байсан тийм ээ гээд. Зарим нь урдаас өө, нээрээ тийм бил үү, бид үнсч байл уу гэж байгаа юм чинь. Гэтэл миний сэтгэл яагаад тэгж хөөрсөн юм, мэдэхгүй. 20-иод жил Германд сурч, Герман профессорын өмнө мэдлэгээ шалгуулж,зохих дүнгээ авч бас л тэмцлээ ш дээ. Бүх л бэрхшээлийн өмнө нөгөө төрийн далбаагаа үнсч байсан агшнаа бодож байгаа юм чинь. Би хэзээ ч шантраагүй. Уйлах үе байсан, шалгалтаас халшрах үе ч байсан. Давсан даа. 1987 онд би сургуулиа төгссөн. Ирээд Шинжлэх ухааны академид ажиллаж байгаад 1993 онд буцаж явсан. 1997 онд би физикийн салбарт докторын зэрэг хамгаалсан. 2002 онд энд ирээд Б.Чадраа гуай энэ тэртэй уулзаж явж үзээд, за энэ бүтэхгүй юм байна гээд буцаад явсан. Философич болох гэж. 2003-2007 оны хооронд би философийн 450-иад гол номуудыг уншсан байдаг. Тэгээд Мюнхений их сургуульд философийн доктор хамгаалсан. Би байгалийн салбарт ч, оюун ухааны салбарт ч доктор хамгаалсан.
С.Ононтуул:
-Та 1987 онд төгссөн юм байна. Тухайн үед хоёр Герман нэгдээгүй байж ээ?
-Хоёр Герман 1989 онд нэгдсэн. Зүүн Герман байсан.
-Хоёр Герман нэгдэхэд тэнд сурч байсан манай оюутнуудын дунд ч нэлээд идэвхтэй өөрчлөлт явагдаж байсан гэдэг?
-Би яг тэгж нэгдэх үед нь Монголд байсан л даа. Дараа нь харин докторын зэрэг хамгаалахаар нэгдсэн Германд очиж байсан. Түрүүн намайг яагаад улс төр рүү орчихов оо гэж асуусан. Яагаад гэвэл миний амьдралын түүх намайг улс төр рүү оруулсан. Бага наснаасаа л би үнэний төлөө явдаг байлаа. Германд эзэмшсэн мэдлэг боловсрол, зөвийн төлөө явдаг тэр зан чанар маань ч улс төр рүү түлхсэн. Та нарын хийж байгаа юм чинь болохгүй байна аа, хүүхдийн тоглоомоор тоглоод байна шүү дээ. Үүнийг чинь боловсролтой хүн хийдэг юм. Өөрийн санаагаар, бодлоор хийдэггүй юм. Мэдэж байж, тэр нь баталгаатай байж, хүлээн зөвшөөрөгдөж байж улс төрийг хийдэг байхгүй юу. Тэрний дараа улс төрийн шийдлүүдийг гаргадаг. Улс төр гэдэг хувь хүний асуудал биш. Улс төр гэдэг уг нь олон улсын утгаараа маш сайхан юм ш дээ. Улстөрч хүн гэдэг хамгийн хүндтэй хүмүүс байдаг юм. Тухайн нийгэм, тухайн улс орны хамгийн шилдгүүд нь улстөрчид байдаг юм. Тэднийг харж залуучууд, нийгэм үлгэр жишээ авч байдаг байхгүй юу.
-Манайд бол эсрэгээрээ?
-Харин тийм. Америкийн улстөрчдийг хар. Гайхамшигтай хүмүүс байдаг. Гэтэл манайд юу вэ. Мэдлэггүй, боловсролгүй, нийгмийн хамгийн ад үзэгдсэн, онигоонд орсон, хамгийн их алдаа хийдэг, чадваргүй тийм л хүмүүс нь улстөрч болчих юм. Эд чинь л улс төр гэдэг тэр гоё юмыг баллаад байна шүү дээ. Монголын улс төр байрандаа очих ёстой. Улстөрч гэдэг хүн Монгол орныхоо төлөө цохилдог зүрхтэй, энэ улсыг авч явах чадвартай байх ёстой. Би бүх юмаа энэ бүхний төлөө зориулна.
Б.Ганчимэг:
-Та яг философич болох мөрөөдөлтэй Германд эргэн очиж байжээ. Мөрөөдлөө биелүүлээд ирлээ гэж хэлж байх шиг байна. Та философич мөн юм уу?
-Би өөрийгөө тийм, ийм гэж ерөөсөө хэлдэггүй. Учир нь мэдлэг боловсрол гэдэг зүйл өөрөө харагддаг л байхгүй юу. Хүмүүс хараад, миний яриаг сонсоод, номыг маань уншаад “Аан энэ чинь ийм нөхөр байна шүү” гэж дүгнэх байх. Би бол философид дуртай, философиор докторын зэрэг хамгаалсан, философийн шалгалтуудыг дэлхийнх нь хэмжүүрээр өгсөн, философич хүний унших ёстой номуудыг уншчихсан тийм л хүн л дээ.
-Философич гэж хэнийг хэлэх вэ гэсэн асуултыг би философийн орчинд олон жил амьдарсан нэгэн эрдэмтнээс асууж байсан юм. Философич гэж намайг хэлэхгүй л дээ. Би бол философи сонирхогч л юм. Философич гэдэг чинь тодорхой урсгал чиглэлийг үүсгэсэн, тэрийгээ дагалдагсадтай, тусгай сургааль боловсруулсан, араасаа үе үеэр нь дагуулсан этгээдийг хэлнэ шүү дээ гэж хариулж байсан ?
-Тийм үү, би тэгвэл сонирхогч биш. Би мэргэжлийн хүн л дээ.
-Тэр хүн сонирхогч байсан учраас тэгж хариулсан байна гэж үү?
-Би сонирхогч байсан бол гэртээ ном уншаад л суух байсан. Би чинь их сургуульд нь очоод Германы философичдын өмнө зогсч байгаад шалгалт өгсөн хүн. Философийн мэргэжилтэй гэж намайг хэлж болно. Миний хэлэх дуртай нэг жишээ байдаг. Зуслангийн хоёр давхар байшинг хэн ч барьчихна. Сонирхогч ч барьчих байх. Харин 20 давхар байшинг сонирхогч барьдаггүй л байхгүй юу гэсэн.
-“Философийн мэдээ” гээд таны эрхлэн гаргадаг сэтгүүлийн зарим дугаарыг би уншсан. Нэг нийтлэл дээр нь байсан л даа. Философич бол хэзээ ч мэддэг гэсэн байр сууриас асуулт руу дөхдөггүй, боломжоороо зай авдаг. Энэ бол мэргэжлийн философичдийн зарчим гэж. Та бол бүгдийг мэддэг өнцгөөс л давшилж байгаа. Ингэхэд та философич биш юм биш үү гэж асуувал уурлахгүй биз дээ?
-Уурлахгүй. Би философийнхоо мэргэжлийг одоохондоо тодорхой хэмжээгээр хажуу тийш нь тавьж байгаад өөр асуудлыг хөндөж тавьж байна. Яагаад гэвэл философи бол философи. Амьдрал руу оръё л доо. Хэт их номлоод, номчирхоод суугаад байж болохгүй байна. Миний мэдлэг хэрэгтэй юм байна. Мэдлэгээ энэ нийгэмд өгье гэсэн хүсэл байна. Нийгмийн шаардлага ч байна. Өөрөө би улс төрийг хүсээгүй. Таны наад мэдээд байгааг чинь бусад хүн мэдэхгүй, хэлээд байгааг чинь хэлдэг хүн бас байхгүй. Тан шиг ийм ном уншсан, философийг мэддэг хүн байхгүй байна шүү дээ, багш аа. Та яагаад үүнийгээ гаргахгүй, хэлэхгүй байгаа юм. Бидэнд уншдаг лекцээ яагаад Монголын ард түмэнд уншихгүй байгаа юм гэсэн оюутнууд, шавь нарын маань хүсэлтүүд байна. Ер нь бүх цаг үеийн улс орны түүхээс харахад төрийг философичид авч явдаг юм байна. Төрийн хүн философич байх ёстой. Гэхдээ мэргэжлээ дагаад, хэт их философи руугаа ороод ирвэл амьдралаас тасарна. Тийм учраас амьдралаас тасарч болохгүй, Монголын нийгмээс тасарч болохгүй, монгол хүнээсээ холдож болохгүй.
-Парламентад нийгмийн ухааны чиглэлийн хүмүүс олноороо орж ирэхээр хөөстэй улстөрчид л ихэсдэг юм байна. Инженерүүдийг, эдийн засагчдыг, тодорхой хувьд нь хуульчдыг сонгомоор байна гэдэг бодол хүмүүст төрж эхэлсэн нь анзаарагддаг. Та бол төрийн эрх барих дээд байгууллагад философичдын орон зай, хэрэгцээ байна гэж боддог уу?
-Байлгүй яахав. Тэртэй тэргүй философиос улс төр урган гарсан байхгүй юу. Философи чинь улс төрийн эцэг нь шүү дээ.
-Тэгэхээр энэ хажуу талын шаргал байшинд сэтгэгчид биш гүйцэтгэгч нар л сууж байна гэх гээд байна аа даа?
-Тэд бол зүгээр л албатууд. Манай улстөрчид зүгээр л албат нар. Зохион бүтээгчид биш байхгүй юу.
-Таны сэтгүүл шижир бодол, тунгалаг хэл гэсэн тунхаг үгтэй?
-Тийм ээ.
-Уучлаарай, өмнөтгөл хэсгийг уншаад л шууд үзгээ шүүрч алдааг нь засч эхэлсэн. Энэ мэдээж хэвлэлийн хүний зуршил байх. Гэхдээ уншихын аргагүй цул алдаа. Та Монгол хэл, бичгийн тухайд хүндэтгэлгүй хүн юм. Энэ тэгээд тунгалаг хэл юм уу. Эсвэл содон байхыг, энгийнээр хэлбэл анхаарал татахыг хүссэнийх үү?
-Арван жилийн сургуульд байхын л би монгол хэлний хичээлд дургүй байсан. Бага байхын л би эгшиг гээж чаддагүй байсан. Яагаад эгшиг гээгддэг юм бэ гэж асуухад ямар ч багш тайлбарлаж өгч чадаагүй. Гээдэг л байхгүй юу, дүрэм бол дүрэм гээд л өнгөрдөг байсан. Хоёрдугаарт, аливаа хэл гэдэг өөрөө хөгжиж байх ёстой. Орчин үед тохируулан шинэчилж байх ёстой. Аливаа нэг бичиг нүдэнд гоё харагддаг байх ёстой. Гэтэл манай бичигт энэ нь байдаггүй.
-Таны сэтгүүлийг уншдаг уншигчид бухимдаж байгаа биз дээ?
-Бухимдалгүй яахав. Утасдаад л загнана ш дээ.(инээв)
-Та хариуд нь юу гэдэг бол ?
-Танд би заавал унш, тэгээд бухимд гэж тулгаагүй, уншихгүй байж болно шүү дээ л гэдэг. Зарим нь нээрээ энэ үсгүүдийг ингээд хасч бичиж яагаад болохгүй гэж, ингэж бичиж яагаад болохгүй гэж гэдэг. Хоёрдугаарт, миний бичлэг бусдынхаас ялгагдах ёстой. Хаана ч хэн ч уншсан “Өө энэ чинь Молор-Эрдэнэ бичсэн байна ш дээ” гээд ялгардаг байх ёстой. Бид дассан нэг л хэлбэрээрээ явах гээд байна шүү дээ. Бүх юмыг өөрчилж байх ёстой. Дасал гэдэг чинь хамгийн аюултай зүйл шүү дээ. Дасаагүйг бодох хэрэгтэй, дасаагүйг сурах хэрэгтэй. Дасаагүйг хийх хэрэгтэй. Тэгж байж л хөгжил явагдана.
-Таны дайралт их өргөн фронтоор эхэлж байна шүү. Одоо тэнд хэл шинжлэлийнхэн бөөн уур сууж байгаа. Энд улс төрийнхөн бас л бөөн хараал урсгаж байна лээ. Юун пацаан гарч ирчихээд, юу яриад байгаа юм бэ гээд л. Таныг ер нь том дуугарсан хүүхэд л гэж хүмүүс хараад байна. Ингэхэд та хэдэн онд төрсөн юм бэ?
-Би 1962 оны гуравдугаар сарын 14-нд төрсөн. Бар жилтэй. Эйнштейний төрсөн өдөр төрсөн гэж байгаа. (инээв) Би чинь том болсон хүүтэй.
-48 настай хүнийг тэгвэл арай ч пацаан гэж хэлж болохгүй юм байна аа?
-Мэдэхгүй, хэдэн настай хүнийг манайхан пацаан гэдэг юм бол. Монгол хэлний толь бичгээс л харъя.
-“Б.Даш-Ёндон бол эрдэмгүй, зөнөглөсөн хуучин хүн. МАХН-ын үзэл баримтлалын шинэчлэлийн тунхаг бичгүүд дээр ийм хүн ажиллаж байх ч гэж дээ” гэж та мэдэгдсэн. Их олон хүн таны энэ мэдэгдэлд эгдүүцсэн. Яагаад та тэгж хэлсэн юм бэ?
-Би өөрийгөө философийн мэргэжлийн хүн гэж дээр хэлсэн. Б.Даш-Ёндон гуайг философийн мэргэжилтэй эсэхийг нь би мэдэхгүй. Ямар сургууль төгссөн, ямар дипломтойг нь би хараагүй. Харин бичсэн номуудыг нь бол уншсаан.
-Тэгээд?
-Тэндээс харвал мэргэжлийн биш хүн. Философийг ойлгоогүй, философийн талаар төсөөлөлгүй хүн. Ёстой л сонирхогч, зайлуул философид дуртай л хүн юм даа гэж би хэлнэ. Үнэхээр философийн талаар ямар ч мэдлэггүй, дэндүү хол хүн. Би номнуудыг нь харсан. Тэр хүнийг ингэж хэлэх надад харамсалтай байна. Гэлээ гээд яахав. Хөгжихийн тулд шүүмжлэл хэрэгтэй шүү дээ.
-Бас нэг ярилцлагадаа Н.Энхбаярын дэргэд би бол мэдлэгтэй хүн. Тэр хүн харин надаас илүү практик мэддэг хүн байж магадгүй гэж хэлсэн байсан?
-Миний физик техникийн докторын зэрэг, философийн докторын зэрэг хоёр чинь Германд хүлээн зөвшөөрөгдсөн зэргүүд юм ш дээ. Би чинь олон улсын хуралд илтгэл тавьж явсан, интернэтэд миний дипломын, эрдэм шинжилгээний бүх ажлууд уншигдаж шинжлэгдэж байдаг юм ш дээ. Миний мэдлэг бол яах ч аргагүй хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын стандартын мэдлэг. Н.Энхбаяр бол улстөрч хүн. Мэдээж над шиг олон докторын зэрэггүй байх гэж би бодож байна.
-Таныг Н.Энхбаярын дүү юм байх гэж бодож байлаа. Ядахдаа царай зүс нь хүртэл адилхан юм. Ямар нэгэн хамаатан садангийн холбоо байгаа юм биш биз дээ?
-Үгүй ш дээ. Баруунд бол Азийнхныг бүгд хоорондоо адилхан л гэдэг. Намайг Япон уу, Солонгос уу л гэж асуудаг юм. Тэрэн шиг л байхгүй юу. Азиуд хоорондоо адилхан харагддаг гэдэг шиг монголчууд бүгдээрээ хоорондоо төстэй харагддаг болж байгаа юм байлгүй дээ.
-Н.Энхбаяртай зүс царайгаараа үнэхээр төстэй юм аа гэж хүмүүс танд хэлж байсан уу?
-Үгүй ээ, тийм юм сонсоогүй.
-Өнөөдөр буланд шахагдаад ганцаараа болсон, нам төрийн хуучин удирдагч Н.Энхбаяр хөдөлгөөн байгуулаад нэлээн шийдэмгий тэмцэж байгаа. Тэр хүний дэргэд таныг чухам ямар зам хөтөлсөөр аваачсаныг мэдэхгүй юм. Энэ тухай сонирхож болох уу?
-Ийм хэлэлцүүлэг болох гэж байна, философийн талаас ийм илтгэл тавих хүн хэрэгтэй байна. Илтгэл тавьж өгөөч гэсэн хүсэлтийн дагуу л би илтгэл тавьсан ш дээ. Та нар өөрөө өөрсдийгөө хэн гэдгийгээ таних хэрэгтэй гэсэн философийн илтгэл тавьсан. Нэрээ өөрчилнө, үзэл бодлоо өөрчилнө гээд сонин сонин юм яриад байхаар нь “Та нар нам гэдгээ мэдэх үү, нам улс орныг авч явдгийг та нар мэдэх үү” гэсэн л илтгэл. Оюутнуудаас доогуур төвшний мэдлэгтэй хүмүүст зориулж л лекц уншсан юм ш дээ.
С.Ононтуул:
-Тиймхэн төвшний лекц уншиж байхад юуг нь гайхаж, цочирдоод байгаа юм бэ гэж үү?
-Харин тийм. Янз бүрээр хардаад л, Н.Энхбаярын хүн ч гэх шиг. Зарим нь бүр таны ард Н.Энхбаяр байгаа гэсэн тийм ээ гэж хүртэл асууж байх юм. Миний ард биш, хажууд л сууж байсан ш дээ тэр хүн гэж би хариулсан. Зарим нь бүр намайг янз бүрээр хэлж байгаа юм билээ. Шизотой гэх мэтээр.
-Танд мэдээж энэ бүхэн таалагдахгүй байгаа биз дээ. Та зүв зүгээр л эрдмийн ажлаа хийгээд явж байсан хүн шүү дээ. Гэтэл хаанаас ч юм гарч ирсэн пацаан, шизотой гэх мэтээр дуудуулаад эхэллээ?
-Тиймэрхүү дайралтууд угаасаа явна. Цаашдаа идэвхжинэ л дээ.
Б.Ганчимэг:
-Н.Энхбаярт ажиллаж байгаа залуу гэсэн нэр хоч тань шиг өөрийгөө хүндэтгэдэг хүнд айхтар том доромжлол биз дээ?
-Намайг сэхээтний төөрөгдөл гэдгээр хэлмэгдүүлж байсан. Одоо бас хэлмэгдүүлэх гэж байгаа юм байлгүй дээ.
-Та нээрээ Н.Энхбаярыг танихгүй юу?
-Бусдын таньдаг хэмжээнд л танина. Германы Элчингээс зохион байгуулж байсан уулзалт энэ тэр дээр тааралдаж байсан. Гэхдээ тэр хэмжээний танил гэж үзэх харилцаа ингээд нэг их том шалтгаангүйгээр хөгжчихлөө л дөө.
-Тийм үү?
-Тийм. Анхны тэр хэлэлцүүлгээс хойш дахиж нэг хэлэлцүүлэг хийсэн. Дараа нь хурал хийлээ. Ингээд л улс төрийн тал дээр хамтарч ажиллах боломжтой юм байна гэж хөгжсөн харилцаа байхгүй юу.
-Нэн шинэхэн түүхтэй харилцаа юм байна?
-Яг үнэн.
-Н.Энхбаяр энгийн, идээ будаа өрсөн ширээний ард суухаараа юу ярьдаг юм бэ. Монголын хувь заяа, эдийн засгийн байдлын тухай юу?
-Философийн салбар руу ч орно ш дээ. Хааяа нэг Оросын уран зохиол, оюуны юм ярина. Гэхдээ би чинь рациональ талын хүн. Эммунационалиас хол хүн. Сэтгэлийн юм гэхээсээ илүү боддог хүн л дээ. Боддог хүн чинь сэтгэлийн хөдөлгөөнийг тэр бүр тоохгүй ш дээ.
-Та уг нь анзаарч байхад их олон юмыг тоодоггүй хүн шиг. Монголд байгаа намуудыг жишээ нь та тоохгүй л амьдарч ирсэн. МАХН гэсэн энэ нам нэрээ солино уу яана, үзэл баримтлалаа солино уу, байна уу танд яагаад гэнэт ийм хамаатай болчихов оо. Энэ дээрээс л таныг хардаад байна шүү дээ?
-Яг үнэн. МАХН эцсийн эцэст хэнд хамаатай юм. Нэрээ өөрчлөх нь хэнд ч хамаагүй. Монголын ард түмэн даанч нэг сонирхохгүй байна. Эцсийн эцэст ямар үзэл баримтлалтайгаа ойлгохгүй явж байгаа нь өөрийнхөө тэнэгийг л харуулж байгаа хэрэг. Гэхдээ энэ бүхнийг нь харахаар ичээд болохгүй юм байна шүү дээ.
С.Ононтуул:
-Та түрүүнд хэллээ шүү дээ. Тодорхой хэмжээнд философийг хойш тавих юм гарах юм аа гэж. Үнэхээр улс төр танд ийм хамааралгүй явж ирсэн байхад 20 жилийнхээ хөдөлмөрийг зарчихсан философио, эрдмийн ажлаа хойш нь тавих хайран биш гэж үү?
-Яахав, хэцүү юм байна ш дээ. Монголын нийгэм миний харж байгаагаар гурван том дайсантай болчихлоо. Нэг нь дэндүү их мөнгөтэй, дэндүү бүдүүлэг, дэндүү зэрлэг, энэ хэдэн ядарсан монголчуудын амьдрал даанч нэг сонин биш болчихсон олигархиуд.
-Жишээ татаад нэрлэж чадах уу?
-Нэрлэж болно л доо. Монгол орныг маш муухай уул уурхайн орон болгох гэж байгаа олигархууд их байна. Тавантолгой, Оюутолгойн гэрээ, уул уурхай, ашигт малтмалын лицензүүдийг яаж хийж байгааг нь хар л даа.
Б.Ганчимэг:
-Стратегийн ордуудыг хоёр гурваар нь эргэлтэд оруулах шийдвэр гаргаад л. Ёстой хамгийн зэрлэг уул уурхайг хөгжүүлэх гэж байна гэж та хэлж байна уу?
-Тийм. Тэгж л байна шүү дээ.
-Энэ талаар ярьдаг хүн олон байгаа л даа. Гэхдээ хэдэн эрдэмтний тоосонд дарагдсан номоор Монгол Улс хөгжих бол хөгжихөөр боллоо гэж өмнөөс тань хэлэх хүмүүс зөндөө бий. Баялгаа ашиглая л даа. Өнөөдөр биш юм бол хэзээ гэж?
-Харин тийм учраас л би улс төр рүү орж байгаа юм. Олигархиудтай тэмцэх гэж.
-Таныг тэднийхээ тодорхой төлөөлөгчдийг нэрлэж чадах уу гэж асуусан. Та яг нэр цохсонгүй. Сү. Батболд нь юм уу, Д.Зоригт нь юм уу. Та нэрлэж чадсангүй шүү дээ. Тэгэхээр та гэсэн бас айдастай болчихож. Цаашаа тэгээд яаж явах юм бэ?
-Би улс төр рүү ороод эрх мэдэлд оччихоогүй байна шүү дээ.
-Нийгмийн болоод бас бус хамгаалалт байхгүй байна гэж үү?
-Тийм, хамгаалалт алга. Улс төрийн эрх мэдэл алга л даа. Тийм байсансан бол шууд хэлнэ.
-Эрх мэдэл, түүнийг дагасан хамгаалалттай болсныхоо дараа юу?
-Тэр цагт шууд хэлнэ.
-Танд хүмүүсийн уналт, ганцаардалт таалагддаг юм уу. Н.Энхбаярын дэргэд очсоныг тань л хэлж байна л даа. Та өөрөө шавь нартайгаа гарч ирээд энэ хэмжээний акцийг хийгээд явж болох л байсан шүү дээ?
-Хүн алдаанаас маш их юм сурдаг байхгүй юу . Том алдсан хүн, томыг хийх зоригтой болдог байхгүй юу. Би тэр хүний уналтад бүр ч баяртай байсан. Одоо бол дахиж алдахгүй ш дээ.
-Алдах эрхгүй?
-Алдаж болохгүй, яагаад гэвэл бүх эрх нь байхгүй болчихдог байхгүй юу.
-Монгол хүний нэг цаад чанар бас харагдаж байна л даа. Өнөөдөр бүгд Сү.Батболд дээр л очиж байна. Хүчтэй байгаа, бүхний хошуурч байгаа хүмүүс рүү биш, ганцаараа буланд шахагдаад байж байгаа Н.Энхбаяр дээр очиж байгаа нь “гоё” ч байж болно. Нэг талаас бол ховорхон үзэгдэх болсон сайхан чанар шүү дээ?
-Тийм үү.
-Үнэндээ бол эрх мэдэлтэй байхад нь хошуурдаг орчин цагийн жишгээс зөрсөн тань таалагдаж байгаа учраас л тантай ярилцъя гэж шийдсэн юм. Энэ гэхдээ гэнэн бөгөөд сэтгэлийн хөөрөлтэй сонголт л доо?
-Яах вэ, хүн бүр өөрийнхөөрөө л ойлгох байх.
-Та Н.Энхбаярыг “хаан” байх үеийг ер нь мэдэх үү?
-Мэдэхгүй ээ, би Германд их олон жил болсон.
-“Хязгааргүй эрхт хаан” байсан шүү дээ. Бүгдийг л өмнөө сөхрүүлж явсан?
-Өө, надад бол тэр ёстой сонин биш. Хэн хаан байх, хэдэн төгрөгтэй байх нь надад даанч сонин биш л дээ. Би бол агуу их эрх чөлөөнд л дуртай хүн.
-Та эхнэргүй юү?
-Надад эхнэр байгаа ш дээ.
-Германд үлдсэн үү?
-Үгүй, энд ажилладаг .
-Хүнтэй баг болж хамтран амьдрах бололцоогүй хүн юм шиг санагдаад л асуусан юм?
-Магадгүй. Надтай хамт амьдралыг туулна гэдэг тийм амар асуудал биш байх л даа. Гэхдээ 25 хүрсэн хүүтэй, эхнэр нөхөр хоёр л доо.
-Та хоёр Германд учирсан юм уу?
-Энд танилцсан. Германд, хоёрдугаар курст сурч байхдаа хуримаа хийсэн. Амьдрал эрт эхэлсэн хүн байгаа биз.(инээв)
-Эрхбиш хайр дурлалд догдолдог биз дээ?
-Хайр дурлал уу… Их хүнд сэдэв ш дээ. Маш хүнд сэдэв. Love гэдэг утгаар нь ярьж байгаа юм шүү. Ер нь л хүнд сэдэв.
С.Ононтуул:
-Харин ч философи илүү хүнд сэдэв биш үү?
-(инээв) Философи амархан байлгүй яахав. Хайр дурлал хүнд л дээ. Та нарт бол амархан байж магадгүй. Би чинь 48-тай эр хүн ш дээ. Эр хүнийхээ хувьд нэлээд л юм туулчихсан нас биз дээ. 25-тай залуу байсан бол амархан л гээд яриад суух байх.
Б.Ганчимэг:
-Эр хүнийг хөвгүүдээс ялгаж сур аа гэх шиг сонсогдож байна?
-Санчигны үс нь бууралтаж яваа эр хүн шүү дээ, би. (инээв)
-МАХН нэрээ солино уу яана, бид гуравт хамаагүй гээд энд инээгээд кофе уугаад сууцгааж байна. Гэхдээ та тэдэнд бухимдаад л байна шүү дээ. Таны тавьсан илтгэлийг би сонссон л доо. Ардын нам гэдэг нэрээ тэд аваг л дээ. Танд юуны хамаа байна?
-Улс төр гэдэг уг утгаараа их сайхан, хүндтэй зүйл юм гэж би түрүүнд хэлж байсан даа. Улс төр гэдэг бол мэргэжил. Гэтэл улс төрийн нэгдүгээр курсын оюутны хэмжээний мэдлэгтэй хүн энэ намд байхгүй байна. Ингэхээр бухимдахгүй яах юм бэ. Ялангуяа удирдах ажилтнуудад нь улс төрийн боловсролтой хүн алга байна.
-УИХ төрийн эрх барих дээд байгууллага биш, улстөрчдийн цугларалт юм шиг санагддаг үе бий. Эд нарын дотроос таны үнэлэмжээр энэ л гайгүй хүн дээ гэхээр мэдлэгтэй хүн эрхбиш харагддаг биз дээ?
-Байхгүй ш дээ.
-Ямар шулуухан хариулт вэ. Ядаж нэг, хоёр гээд хуруугаа дарах байх гэж бодсон юмсан?
-Үнэхээр байхгүй. Манай философид нэг үг байдаг л даа. Та ярь, тэгснээр чинь би таныг танья гэж. УИХ-ын гишүүд өөрсдийгөө харуулчихаар, таниулчихаар их ярьдаг л даа. Телевизээр “Дуусашгүй яриа” ч билүү нэг их ярьдаг нэвтрүүлэг байдаг биз дээ. Ярьж байгаа нь аймаар өрөвдмөөр ш дээ. Манай оюутнуудаас долоон доор байгаа юм чинь.
-Манай оюутнууд гэж… Та тэндээс хөөгдчихсөн биз дээ?
-Би Их сургуулийн хоёрдугаар байрнаас л хөөгдчихсөн. Нэгдүгээр байранд лекц уншиж байгаа. Хэзээ хөөгдөх юм бүү мэд. Гэхдээ дууддаг юм аа. Үнэлээд байдаг хүмүүс бас байх шиг байгаа юм.(инээв)
-Философийн тэнхимээс таныг хөөгдсөн гэхээр сонирхолтой санагдсан. Та энэ түүхээ жаахан тодруулж болох уу?
-Болно оо. Би МУИС-ийн Философийн тэнхимд лекц уншдаг байсан. Тэгсэн чинь тэр жил төгсөх ангийн хорин хэдэн оюутан бүгдээрээ дипломын удирдагч багшаараа намайг сонгохгүй юу. Тэгсэн чинь л бөөн юм болсон.
-Хэнийг сонгох нь тэдний эрх шүү дээ?
-Бөөн юм болсоон. Оюутнуудыг гар утас руу нь залгаж дарамтлаад эхэлж байгаа юм чинь. Над дээр тав зургаан оюутан диплом бичсэн. Оюутнуудынхаа дипломыг бэлдүүлээд хамгаалуулах гэсэн чинь бичсэн ажлыг нь хүчингүй гээд, хоёрыг нь бүр төгсгөхгүй гэсэн ш дээ. Төд удалгүй би ч хөөгдсөн. Тэр үед Их сургуулиас хөөгдөж гарсан залуус маань одоо надтай хамт явж байгаа. Одоо бол тэд сэтгэлгээний хувьд мундаг болсон.
С.Ононтуул:
-Тэгвэл өөрчлөлтийг философийн тэнхимээс эхэлье л дээ. Монголын философи заадаг багш нараас, их сургуулиас нь. Болдоггүй юм уу?
-Та нар МУИС-ийн ректорыг хар л даа. Ямар хүн билээ. Ийм хүний эсрэг тэмцэхээс ч ой гутна ш дээ.
-Та ингээд хэлчихэж байгаа юм чинь удахгүй нэгдүгээр байрнаас бас хөөгдөх юм байна?
-Хөөгдөнө. Хөөгдөх байх.
-Та хэнээс цалин авдаг вэ?
-Хувийн жаахан юм байгаа. Германд эзэмшсэн боловсролын хаялга гэж бий.
-Улс төрд оюунлаг хүмүүс орж ирснээрээ улс төр бас харьцангүй цэвэр байдаг юм байна л даа. Гэтэл манайд бүх юм эсрэгээрээ. Манайхан философийн хүмүүсийг номын цагаан солиотнууд гэх маягаар л авч үзэх гээд байдаг. Үнэлэмж нь тийм болчихсон. Жишээ нь таныг “шизо”-той гэж ярьж байгаа. Зах зухаас нь сонссон л байлгүй?
-Ер нь мэдлэг боловсрол л хүнийг өөрчилдөг. Мэдлэгтэй хүн мэдлэггүй хүний хажууд шизотой харагдаж магадгүй. Эйнштейн хэлсэн байдаг. “Хангалттай шизотох хэрэгтэй. Ингэж байж шинэ нээлт хийнэ” гэж. Хэрвээ энгийн хүний амьдралаар суугаад байвал ямар ч нээлт хийхгүй нь байна. Бид сэтгэл зүрх, бүх юмсаараа, бүр цаанаас нь асуудалд ханддаг. Энэ нь эрдэмгүй хүний нүдэнд шизо болж харагддаг байж магадгүй. Ер нь хүнд таалагдах гэж амьдарвал би ямар шинэ юм хийх юм, тийм үү.
-Ер нь “шизо”-той хүн гэж хэнийг хэлдэг юм бэ?
-Одоо бол өөрийнхөөрөө, зоригтой, айдаггүй, ярих гэснээ ярьчихдаг хүмүүсийг л хэлээд байх шиг байна. Хүний дасаагүй, сонсоогүй юмыг хэлдэг.
Б.Ганчимэг:
-Та бол гадуур ахуйн төвшинд хэлж ярьж байгаа ойлголтын хүрээнд ярьж байна л даа. Тэрнээс биш шинжлэх ухааны томъёоллоор нь арай өөрөөр зүйлчилсэн байдаг шиг?
-Харин тийм, манай монголчууд хэнийг “шизо”-той гэдэг вэ гэдэг өнцгөөс нь л би ярьж байна.
-МАХН гэсэн томъёолол дээр УИХ-д нэр дэвшинэ гэж та мэдэгдсэн. Энэ нь ямар томъёолол юм. Хувьсгалт нь юм уу, Хөгжлийнх нь юм уу, Хөдөлмөрийнх нь юм уу?
-Би МАХН хоёр тийшээ түргэн салаасай гэж бодоод байгаа юм. Олигархиуд нь МАН гээд яваг л дээ. Зүүний хэсэг нь, ард түмнээ хөгжүүлж байж улс орон хөгжинө, мөнгө яриад юу ч бүтэхгүй гэдэг хэд нь МАХН гээд үлдэг. Баруун зүүн гэдгийн ялгаа нь ердөө л энэ. Баруун нь эдийн засгаа хөгжүүлнэ гэдэг, зүүн нь ард түмэн, тэдний боловсрол мэдлэг социалный асуудлуудыг эхэлж шийдэж байж улс орон хөгжинө гэдэг. Мөнгөтэй болж болно оо. Уул овоо шиг их мөнгөтэй болоод, уул толгод ч үгүй болоод үлд л дээ. Мөнгө байлаа гээд боловсролгүй иргэдтэй улс яаж хөгждөг юм. Хэдэн олигархийн хөрөнгө л болно биз.
С.Ононтуул:
-Хүний өмнөөс ичих хэцүү л дээ. АН-ын дарга консерватизм гэж юу юм, би мэдэхгүй л гэж байсан. Дараа нь тэрнийхээ хуралд яваад өгсөн л байсан. Улс төрийн боловсролын төвшин энд харагддаг. Мэдээж та ичдэг л байлгүй. Таныг жишээ нь Н.Дашзэвэг гуайтай зэрэгцээд юм ярьж байхыг харах сонин л харагддаг?
-За яахав дээ, муу ч гэсэн миний Монгол. Улс орноо тэнхэл оруулж , хүчирхэгжүүлэхийн төлөө бол ямар ч арга зам байсан явна шүү дээ. Ямар муухай юм бэ гээд хаялтай нь биш.
-Шилж, сонгож байж хамтрах бололцоо алга байна гэсэн үг үү?
-Сонголт байхгүй ш дээ. Байгаатайгаа л ажиллахаас өөр аргагүй. Өөр хүн олдохгүй шүү дээ. Гадаадаас дуудъя гэхээр хэдэн ном олоод уншчихсан амьдралын туршлагагүй миний хүү шиг хэдэн залуу л ирнэ.
-Таны хүү Германд сурч байгаа юу?
-Тийм. Философийн чиглэлээр сурдаг.
-Та нөлөөлчихсөн үү?
-Яалаа гэж, би ятгаагүй. Зөвлөнө шүү дээ. Ер нь философи хүнийг боддог болгодог. Уг нь дээд сургуульд бүгдэд нь философи заах ёстой байгаа юм.
-Заадаг л даа. Тэгээд ахуй анхдагч, ухамсар хоёрдогч гэсхийгээд л зогсоно. Ингэж заахаар ямар утга учир байх юм бэ?
-Бүр баллачихаж байгаа юм л даа. Философи чинь уг нь өөрөө мэдлэгийн салбар байхгүй юу. Логик, гоо сайхан, ёс суртахуунтай болгоно.
Б.Ганчимэг:
-Та Монголын театруудаар ордог уу?
-Театрт маш дуртай. Угаасаа би урлагт дуртай. Багадаа бүжиглэдэг байсан.
-Залуудаа ямар хөгжим сонсдог байв?
-“Пинкфлойд” гээд. Та нар мэдэхгүй байх л даа.
-Одоо?
-Уг нь урлаг нь тухайн ард түмнийхээ ирээдүйг тодорхойлж байх ёстой. Гэхдээ манайд мэдэхгүй байна л даа.
-Яруу найрагт?
-Дуртай, дуртай.
-Уншигчид маань таныг шинжиг л дээ. Дуртай яруу найрагчдаасаа нэрлэ л дээ?
-Их л урагшаа сонсогдох байх. Гэхдээ би Равжааг л уншдаг. Бас л нэг философичийн үг бий. “Урлаг байхад шашин хэрэггүй” гэж.
-Та шашин шүтдэг үү?
-Ямар ч шашин шүтдэггүй.
-Цаашдаа ингээд л Монголдоо амьдрах уу?
-Амьдармаар л байна. Би 20-иод жил Германд амьдарлаа. Эргээд ирэхэд их хэцүү байсан. Миний хүүхэд насны бүх зураг, дурсамж өөрчлөгдсөн байсан. Бид хүмүүжилтэй, эрхэмлэх зүйлтэй ямар сайхан байсан юм бэ. Одоо бүгд устчихсан.
С.Ононтуул:
-Та социализмыг тэгтлээ санагалзлаа гэж үү. Энэ XXI зууны өдрүүдэд хүртэл үү?
-Социализм тийм ч муу зүйл биш л дээ. Бид бол ирээдүйгээс буцаж ирсэн хүмүүс. Социализм бол бидний ирээдүй байхгүй юу.
-Нөгөө нэг цагаан морьтой хүнийг харайлгачихсанаас л бүх юм болсон гэж үү?
-Харин тийм, харайчихсан капитализм руугаа буцаад ирж учраа олчихоод буцаад социализм руугаа явж байгаа байхгүй юу.
-2012 онд сонгуульд өрсөлдөнө өө гээд та хэлчихсэн. Мэдээж дэмжлэг хэрэгтэй. Тэр дэмжлэг нь тэгээд Н.Энхбаяр дарга мөн гэж үү?
-Айхтар асуулт байна л даа. Гэхдээ би 2012 оныг зарим хүн шиг тэгтлээ хүсээд байгаа юм биш шүү дээ.
-Багийн тухай асуудал байна л даа. 2012 онд сонгуульд орно гэж бодож байгаа хүмүүс Сү.Батболдыг л тойрон хүрээлж байгаа. Гэвч таны байгаа байдал …?
-Би тэс өөр хүн шүү дээ. Сү.Батболдын тухай надад ярих ч юм олддоггүй. Доошоо орсон болно. Тэр хүнд юу ч байхгүй.
-Мөнгө бол байгаа?
-Мөнгө юу юм бэ. Мөнгөтэй байлаа гээд түүнийг хэрэглэх оюун дутвал яах вэ. Энэн шиг гуниг байхгүй шүү дээ.
-Оюунлаг гэдэг таны үнэлэмж нийгмийнхээс тэс өөр байна. Жишээлбэл, Сү.Батболдыг Ерөнхий сайдаар томилогдоход алга ташаад л угтсан. Эдийн засгийн боловсролтой хүн гарч ирлээ. Эдийн засагт тулгуурласан улс төр хийнэ гэж итгэсэн. Жил болчихлоо. Монголын нийгэмд ямар нэг гоц зүйл нэмэгдсэнгүй, иргэдийн амьдралд гялбаа ч үзэгдэхгүй байна?
-Би түрүүнд хэлж байсан даа. Германд байхдаа бүх зүрх сэтгэлдээ Монголыгоо тээж явсан гэж. Тэгвэл тэр хүний сэтгэл зүрхэнд Монголын ард түмэн байдаг юм уу. Би л лав итгэхгүй.
Б.Ганчимэг:
-Зарим нэг улстөрч хэлж л байдаг юм. Батболдын мөнгө нь ч гадна байгаа, үр хүүхэд нь ч, сэтгэл нь ч гадна байх болно гэж. Монголын борог амьдрал, зовлон жаргалаас хол хүн шүү дээ гэж?
-Саяхан асрахын хүүхдүүдтэй уулзаж байсныг нь зурагтаар харсан. Мань хүн зогсчихоод яриад л байсан. Маш хөндий. Харц нь, байгаа байдал нь маш хөндий. Ямар хурал цуглаан юм гэж бодож байтал ашгүй камер нэг эргэсэн чинь хөөрхий хэдэн хүүхэд зогсч байх юм. Тэр тэднээс ямар хөндий харагдсан гээч. Хэрвээ Ю.Цэдэнбал дарга байсан бол хөөрхий тэр эцэг эхгүй хүүхдүүдийн толгойг нь илж байгаа. Духан дээр нь очоод үнэрлэж байгаа. Ийм хохь хөндий, бүх юм нь цаашаа эргэчихсэн улсууд Монголын төлөө юу ч хийхгүй шүү дээ.
-Харин ч олон хүүхдийн аав шүү дээ. Ингэхэд сая та Ерөнхийлөгчийн чуулган дээр хэлсэн үгийг сонссон уу?
-Сонссон. Таарсан улсуудад таарсан үгийг нь хэлсэн дээ.
-Та энэ Засгийн газрыг огцроосой, хоёр тийш салаасай гэж бодож байна уу?
-Яахав, МАХН хоёр салаад буурин дээр нь нам байгуулах гэдэг бодлын үүднээс хариулбал салахгүй ингээд л энэ чигээрээ 2012 онтой золгоосой гэж бодно. Улс эх орноо бодохоор эртхэн дээрээ энэ хоёр нам мөр, мөрөө хөөгөөсэй, олигархиуд төрөөс эртхэн холдоосой л гэж боддог.
-Та Монгол Улсынхаа иргэний хувьд шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсан уу. 70 мянган төгрөгөө авсан уу?
-Өнөөдөр л өгнө дөө. Уг нь би бичиг үсэг тайлагдчихсан хүн. Гарын үсэг зурчихад л болоо байхгүй юу. Гэтэл одоо Африкийн иргэн шиг л алганы хээгээ өгөх гээд явж байна ш дээ. Ер нь бүтэхгүй нөхдийн л хурууны хээг авдаг биз дээ. Гурван сая монгол бүгдээрээ Сү.Батболдын хувьд бүтэхгүй нөхөд болчихсон юм байлгүй. Сая манай авгай утасдаж байна. Өнөөдөр сүүлийн өдөр нь гээд. Би бүртгүүлэх гэж төрсний гэрчилгээгээ аваад явж байна.
-Явж бүртгүүл дээ. Дараа тантай боловсролын тухай, хайр сэтгэлийн тухай, хотын соёлын тухай чөлөөтэй ярилцах боломж гарах байх. Танд амжилт хүсье?
-Баярлалаа. Та хоёрт ч гэсэн.

Зочин
Зочин
teneg setguulshid
teneg setguulshid
aagii
nowshiin mongol
ада
Tegshee
Tegshee
Туслагч
Зочин
Зочин
Зочин
ЭНЭ ХЭН БЭ
bayarmaa
patriot
Монгол
Элэглэл
zochin
Иргэн
irgen
koba
Зочин
зочин
Khalh emegtei
erk
даваахай
Zochin
Зочин
Dulmaa
RM
Зочин
enkhe
Зочин
sojo
Zuna
enh
АСУУГЧ
сана
Zochin
Zochin
Зочин
Алтанхүү
Алтанхүү
E.
Зочин
Зочин
Зочин
aagii
Зочин
ariuka
freiheit
mandakh
showtimer
pioner
Зочин
Зочин
Зочин
Зочин
hahahaa
zochin
зочин
UNEN
UNEN
UNEN
Galzuu
Galzuu
Galzuu
PHILOSOFIA
PHILOSOFIA
PHILOSOFIA
Ene harin bish gej heleed bna
Ene bishee
Зочин
Зочин
философич оо гэж
Schizofrenia
Schizofrenia
Зочин
Зочин
Зочин
б
сайн шүү
ок залуу
Зочин
Зочин
Demjij bna
Зочин
Зочин
Ouynaa
Зочин
Tuuguu
ee
zochin
burmaa
zochin
Мичид
ôèëîñîôè
onom
Зочин
Øèíý Ìîíãîë
Marta
Setguulchdiin bolovsrol
zochin Dr
Зочин
Зочин
liberty
HI MONGOLS
Зочин
hi
АН гишүүн
ZOCHIN
Зочин
gaga
za za
Философичийн үнэр
irgen
Аюурсфэн
Зочин
ЦОЛМОН
Зочин
Зочин
...
Зочин
Уншигч
зөвөлгөө
Zail
Баагий
Зочин
Зочин
хэ хэ
GOOD
bas l neg ..
Huuchun Tanil ni
Зочин
Зочин
Зочин
soyombo
Зочин
Зочин
ббб
Зочин
Nick
Зочин
Зочин
Сонор
Зочин
илтод
????
Зочин
vvcvc
Зочин
Зочин
Зочин
зочин
Зочин
Зочин
zochin
KNOWLEDGE
Зочин
vvvv
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ZOCHIN
Зочин
HUDAL
Зочин
Зочин
HEHE
Зочин
hehe
zochin
Зочин
Зочин
Зочин