Сонирхолтой түүх ярьж өгье. Тээр жил Гүндалай бөөн шуугиан үүсгэж Нямдоржийг гадаадын тагнуул байсан тухай баримт материал дэлгэлээ. Би бол ердөө л хөндлөнгийн ажиглагч, улс төрийн үйл явдалд дүн шинжилгээ хийдэг хүн. Тэгээд энэхүү нийтийн шуугианд хошуу нэмж хоёр ч өгүүлэл бичсэн. Юун түрүүн Нямдоржийг гадаадын тагнуул гэдэгт итгэхгүй байгаагаа хэлсэн. Сансарт хүн нисгэдэг, цөмийн зэвсэгтэй, дэлхийн тэргүүлэгч гүрэн очиж очиж Нямдорж шиг эргүү амьтнаар тагнуул хийлгэхдээ яахав дээ гэсэн юм. Логиктой зөрчилдөөд байгаа байхгүй юу. Харин Францаас хүн хулгайлах ажлыг зохион байгуулсан байх магадлалтай, яагаад гэвэл Хууль зүйн сайд учраас. Гэтэл мань муйхар эр өөрийгөө гүтгүүллээ гээд намайг цагдаад өгчээ. Цагдаа нь ч цагдаа, гал түймэр бүртгэх хэлтэст өгч, тэндээс нь хүн олдоогүй бололтой хөдөө сумаас нэг цагдааг яаралтай дуудан шилжүүлж авчраад намайг хариуцуулжээ. “Нямдорж тагнуул биш гэж би хэлсэн, мөн юм бол та нар мөн гэдгийг нь батал” гэсэн шаардлага тавьсан чинь арга нь барагдаж яаралтайгаар гомдлоо эгүүлэн татаж авсан юмдаг.

    Гол нь энд Нямдорж бид хоёрын хэрүүлийн тухай ярих гэсэн юм биш. Арай том жинтэй хэрэг ярих гээд байна шүү дээ. Гадаадаас хүн хулгайлаагүй гэдгээ батлахын тулд мань сайд Францаас Энхбат гэгчийг хулгайлах ажлыг гардсан мэргэжилтнүүдээр тодорхойлолт гаргуулж хавсаргажээ. Хавтаст хэрэгт өнөөдүүл нь улсын хамаг нууцыг дэлгээд тавьчиж. Хэн тушаал өгсөн, яаж гүйцэтгэснээ бичээд, хамгийн гол нь энд сайд Нямдорж маань ямар ч холбогдолгүй гэсэн байх юм. Ийм гүйцэтгэх ажлыг ингэж шүүх цагдаагаар дамжуулан илэн далангүйдээ орж болдоггүй л юм л даа. Ийм нарийн ширийн гүйцэтгэлийн нууцыг дэлгэж болохгүйг ойлгох хэмжээний хүн учир би тэгэсхийгээд чимээгүй өнгөрсөн юмдаг.

    Үнэндээ Энхбат гэгчийг гадаадаас хулгайлж авчрахын өмнө Ардчилсан намыг сонгуульд даргагүй орно, сонгуульд шившгээ хутгана, Зоригийн хэрэг удахгүй илрэнэ гэж Нямдорж өөрөө ил далд зөндөө ярьсан. Энэ тухай мэдээлийн хэрэгслэлээр бишгүй нэг шуугисан. Ойлгогдсоноор бол Ардчилсан намын дарга Энхсайхан нь Зоригийн аллагын хэрэгт холбогдолтой юм байна, үүнийг Нямдорж олж илрүүлээд удахгүй дэлгэх юм байна, үүнээс болж Ардчилсан нам шившгээ хутгаж сонгуульд ялагдах юм байна гэсэн ойлголтыг өгч байсан хэрэг. Дараа нь үнэхээр хамаг хэрэг дэлгэгдсэн. Энхбат гэгчийг Францад  гудамжнаас мунадаж унагаад ч юмуу хулгай хийж. Үүнийг Парист суух элчин сайдтай зөвшилдөн хийж. Дараа нь тэрийг машинаар зөөж Бельгид Элчин сайдын яаманд авчирч хэсэг хугацаагаар хорьж. Үүнийг мөн элчин сайдтай зөвшилдөн гүйцэтгэж. Тэндээсээ машинаар Берлинд авчирч. Мөн л элчин сайдтай зөвшин гүйцэтгэж. Сайд бүр орогнуулах байр гаргаж өгч. Ингээд манай чекистүүд Энхбатыг хилээр сэм нэвтрүүлэн МИАТ-ын онгоцоор Улаанбаатарт авчираад Ганц худагт хорьчиж. Харин Монгол нь чөлөөт хэвлэлтэй, тэр нь дажгүй болохоор долоон булчирхайг нь олж мэдээд сонин хэвлэлээр шуугиад унасан. Дээрх мэдээлэл сонинд нэгэнт гарсан, нууцаа алдсан эд.

    Дараа нь яахав дээ, дэлхий даяар шившигээ хутгаж гарахгүй юу. Герман, Франц, Бельгид суугаа манай хэрэгт холбогдогч элчин сайд нарыг тэндхийн тусгай албаныхан илэрхий дарамтлан доромжилж, байх суух газаргүй болгосон. Ум хумгүй эх орондоо зугтаж ирэн даалгавар өгсөн хүнийхээ ивээлд багтан бүгд л дээш дэвшсэн дээ. Эх орны өмнө гавъяа байгуулсан юм чинь аргагүй, аргагүй, хөөрхий. Хэргийг хүлээлгэх гэж нөгөө Энхбатыг тамласан бололтой байдаг. Гээд Монгол нь бас л эрх чөлөөтэй орон учир өмгөөлөгч нь хамаг хэргийг мэдээллийн хэрэгслэлээр дэлгэж орхив. Гэтэл яасан гээ, өмгөөлөгчийг улсын нууц задалсан хэргээр шоронд хорьж орхисон. Ингэхээр чөлөөт орон биш ч юм шиг. Угаасаа хүнд өвчтэй байсан Энхбат ч тун удалгүй үхсэн дээ. Үнэн худлыг нь мэдэхгүй эргэн тойронд нь аймаар аймаар цуу тарсан. Энхбатыг тээвэрлэж ирсэн онгоцны үйлчлэгч болон зэрэгцэж суусан гэрч нар тун удалгүй гэнэтийн ослоор үхсэн гэх юм билээ. 2004 оны сонгуульд хоёр нам ч тэнцсэн, эвийн гэрээ байгуулж хамтарсан засгийн газар байгуулсан, хоёр намын дарга нар биендээ хачирхмаар үнэнч найз нөхөд болон хувирсан.

    Европын орнуудад манай дипломатууд баривчлагдаж эхэллээ. Францад сууж байсан дипломат Австри болон Германд онгоцны буудал дээр баривчлагдсан шүү дээ. Мөн гүйцэтгэх алба хэрэгжүүлсэн офицерууд баривчлагдаж эхлэв. Хамгийн сүүлд тухайн үед дээрээс өгсөн тушаалын дагуу үүргээ гүйцэтгэсэн гүйцэтгэх ажилтан Лондонд онгоцны буудал дээр баривчлагдан хоригдлоо. Дипломат ажилтан даалгавар биелүүлэх үүрэгтэй, цэргийн хүн тушаал биелүүлэх үүрэгтэй. Алдаатай шийдвэрийн төлөө гүйцэтгэгч биш шийдвэр гаргагч хариуцлага хүлээх ёстой. Энэ бол хаана ч мөрддөг энгийн дүрэм. Долоон сарын нэгний хүн буудсан асуудалд тушаал өгсөн хүн хэрэг хүлээх болохоос буудсан хүн хариуцлага хүлээхгүй. Харин тухайн цагдаа ямар ч тушаалгүйгээр өөрийн дураар хүн буудсан бол өөр хэрэг. Тони Блэйрийг Иракт дайн өдөөсөн гэж англичууд алчих гээд л байна. Англи цэргүүд тэнд террорист болон эндүүрлээр энгийн хүнийг ч олныг цааш нь харуулаа биз. Гэхдээ тушаал биелүүлж яваа цэргийг алуурчин гэж хэн ч яллахгүй. Үүргээ л гүйцэтгэсэн. Тэр дундаа цэргийн хүн тушаал биелүүлэхгүй бол эх орноосооо уравсанд тооцдог. Хаана ч тэгдэг.  

    Аль ч улс өөрийн хуультай. Аль ч төрийн үүрэг бол өөрийн хамаарах газар нутаг дээр хуулиа сахиулах явдал. Хууль нь хуудуутай байж болно, тэрийг засдаг болохоос муу хууль гээд зөрчих эрх хэнд ч байхгүй. Даяаршиж байгаа өнөөгийн ертөнцөд орон орны хууль хоорондоо төстэй болж байгаа төдийгүй биенийхээ хуулийг харилцан хүндэтгэснээр энх тайвнаар зэрэгцэн орших үндсэн нөхцөл бүрдэж байгаа юм. Иргэд өөрсдийн болон хүний хуулийг зөрчих явдал маш түгээмэл, тухай болгонд нь арга хэмжээ аваад л явдаг. Манай сайн эрс гадаадад мөн ч шуугиантай гэмт хэрэг өдүүлэх юм. Тээр жил Солонгост 70 настай чавганц хүчиндээд алчихсан манай иргэнд ердөө 3 жилийн ял өгч байсан. Гэр орноор нь хүйс тэмтэрсэн явдал ч гаргаж л байлаа. Хар тамхийг монголчууд л зөөдөг болоо шив дээ. Гэхдээ энэ болгоныг хувь хүний үйлдэл гэнэ үү гэхээс хэн ч Монголын төрийн зориудын явуулга гэдэггүй. Манайд ч гадныхан хэрэг тариад ялаа үүрдэг. Харин нэг төр нөгөө орны хуулийг санаатайгаар зохион байгуулалттайгаар зөрчиж байгаа бол энэ бол наанадаж өдөөн хатгалага, цаанадаж дайсагнал мөн. Тэгэж л үздэг юм, өнөөгийн ертөнц. 

    Тээр жил Америкт төрийн үүрэг гүйцэтгэж байсан ажилтнаа мөн л хулгайлан авч ирсэн. Гавалчихсан явж байгаад цагдаад баригдсан. Тэдний хуулиар гадаадынхан байтугай өөр мужийн цагдаа муж хоорондын хил давж хүн баривчлах эрхгүй. Америкийн кинон дээр энэ тухай зөндөө гардаг даа. Мангар хууль санагдаж магадгүй гэхдээ л тэндээ хүчинтэй. Ингээд Вашингтонд суух Монголын элчин сайд өөрийн биеэр тайлбарлаж баригдсан этгээдийг Зоригийг хутгалж алсан хүн яг мөн хэмээн таниснаар нааш ачсан юм. Хөөрхийг энд бүтэн жил шоронд суулгаад эцэст нь хуурамч дипломтой байсан гэдэгт нь нэг жилийн ял өгөөд тэрийгээ мөрдөнд эдэлсэн болгоод суллан тавьсан. Манай орон хүний эрхийг хүндэтгэдэг эрх чөлөөт улс мөн үү? Үндсэн хуулиа биелүүлдэг газар мөн үү? Бусад орны хуулийг төрийнхөө зүгээс зохион байгуулалттай зөрчинө гэдэг бол гадагш нь дайсагнасан бодлого явуулж буй хэрэг биш гэж үү?

    Хүний хуулийг Монголын төр дайсагнан зөрчих мөртөө өөрийн нутаг газар дээрээ хичнээн сул дорой гэж санана? Засгийн газрыг эсэргүүцэж байгаа нэрийн дор төв талбай дээр төрийн цагдаа олны нүдэн дээр хутгалсан хүнийг тээр жил эгээтэй л шагнан алдсан. Төрийн гол үүрэг бол хэн хүний өмчийг хамгаалах явдал. Америкийн зэрлэг цагдаа нар жагссан ажилчдыг буудсан тухай олон жилийн домог байдаг, үнэн чанартаа жагсагчид бусдын өмчид халдсан учраас төр өмч хамгаалах үүргийнхээ дагуу л гал нээсэн хэрэг. Долоон сарын нэгэнд Монголын цагдаа нар Ху намын байрыг хамгаалсан нь төр өөрийн үүргээ гүйцэтгэсэн л гэж боддог. Харин бүх асуудал нам жим болсны дараа хэсэг цагдаа хүн агнаад явж байсан бол гэмт хэрэг. Маргаашаас нь хүмүүсийг хомроголон барьж эрүүдэн шүүсэн нь гэмт үйлдэл. Энэ бүхнийг ялгаж салгаж ойлгомоор юм.

    Төр сул дорой учраас, өөрийн үүргээ биелүүлэх чадваргүй учраас хийтэй хэнээтэй болгоны дураар авирлалт хэтэрч байна. Бусдын өмчийг буудаж эвдэн сүйтгэсэн гэмт хэрэгтнүүд өнөөдөр ард түмний баатар мэт аашлана. “Энэ төр бол хууль бус төр” хэмээн хээв нэг өөрсдийгөө зөвтгөж байна. “Бид улсын биш хувийн өмчийг устгасан” гэж хөөрөлхөж байна. “Бид ухамсартайгаар бэлтгэж бусдын хөрөнгөд халдсан, энэ бол дөнгөж эхлэл, дахин ингэх болно” гэж шулуухан заналхийлж байна. Монголын төр тэргүүнээ гудайлган унжийж зогсоно. Үндсэн хуульд өмчийн бүх хэлбэрийг тэгш эрхтэй гээд алив өмчийг хамгаалах үүргийг төрд хүлээлгэсэн. Энэ бол төрийн үндсэн үүргийн нэг. Чухам үүний тулд хүмүүс татвар төлдөг. Хэрэв хүн болгон “эх орны сайн сайхны төлөө” хэний ч хөрөнгө рүү халдаж болдог, хэний ч эрүүл мэнд амь насанд заналхийлж болдог юм бол бид ийм арчаагүй төртэй байгаад яах юм бэ? Татвар төлж байгаа мөнгөөрөө өөр өөрсдөө зэвсэглээд, өөр өөрийгөө л хамгаалъя л даа. Эсвэл дургүй харагдсан болгоныгоо буудаж унагаад, хажуу айлаа дэлбэлээд эх орончоороо гайхуулцгаая л даа. Байгаль хамгаалах стандарт тогтоох, тэрийгээ хэрэгжүүлэхийг албадах нь төрийн үүрэг. Төр энэ үүргээ биелүүлээгүй бол төрийн төлөөлөгчдийг солих ёстой юу, эсвэл олон нийтийн шүүх ажиллуулж хэн дуртай, хэн хийтэй, хэн “эх оронч” нь газар дээр нь цээрлүүлэх арга хэмжээ авах ёстой юу? Шүүхээс гадуур шүүх байхыг Үндсэн хуулиар хориглосон биш билүү? Унжийж увайгүйтсэнээрээ Монголын төр сайн дурын шүүх оршин байхыг чимээгүй зөвшөөрөөд байгаа юм уу? Хэрэв тийм бол иргэн болгонд өөрийн хувийн шүүх байгуулах эрх бий, иргэн болгон өөрийн үзэмжээр хэнийг ч яаж ч цээрлүүлэх эрхтэй. Монгол улсын Хууль зүйн сайд байсан хүн эдгээр сайн дурын эх оронч гэмт хэрэгтнүүдэд Улсын баатар цол олгохыг шаардаж байна гээд бод доо. Маргааш нь зүлгэн дээр гишгэсэн хүнийг хутгалаад өөрөө Баатрын таван хошуугаар энгэрээ мялаах нь!

    Бид юу дуртайгаа ярьж үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй боловч дайн сурталчлах, шашин итгэл үнэмшлийг доромжлох, арьс өнгө үндэс язгуур хүйсээр ялгаварлахыг сурталчлах нь Үндсэн хуулиар хориотой. Бид юу дуртайгаа хэлэх эрхтэй ч юу дуртайгаа үйлдэх эрх байхгүй. Хуулиар хориотой болгоныг үйлдвэл төрийн хууль шууд таслан зогсоож цээрлүүлж байх ёстой. Ийм л учраас төр гээч юм байдаг. Хотын дарга асан нэг улаан нөхөр газрын асуудлаар хөрштэйгээ маргаантай юм байна л даа. Маргаан энд тэндгүй л байдаг. Гэхдээ тэр нөхөрт асуудлыг шүүхээр шийдүүлэх эрх бий болохоос хөршийнхөө хашааг дураараа юу юугүй нураагаад унах эрх байхгүй. Төрийн хууль тогтоогч хуульд ингэж хандахаар бусад нь яах болж байна? Төрийн төлөөлөгч төрийн сул доройг ингэж ашиглаж байна. Өөрсдөө дураар аашилж байхын тулд Монголын төрийг зориуд сул дорой байлгаж байна. Хүчтэй төр гэдэг бол дарангуйлдагтаа биш, хуулиа сахиулж чаддагийг нь хэлдэг юм. Төрийг зориуд доройтуулаад тодорхой эрх мэдэлтнүүд хувийн эрх ашиг нэр алдрын тулд гадаад орнуудын эсрэг Монголын төрийн нэрээр дайсагнасан ажиллагаа явуулж байгаа юм шүү дээ. Эрх мэдэлтний дураар дургих, улсаа хорлох үйлдэлд хяналт тавих, таслан зогсоох механизм манайд байхгүй. Аймхай хүн л хүн алдаг, аймхай төр л бусад оронд дайсагнадаг.
Жич: Америк болон Европоос хүн хулгайлсан ажиллагааны гүйцэтгэлийг гадны мэргэжлийнхэн харин шүтэж ярьдаг юм билээ шүү. Тэнэг үйлдэл, тушаал өгөгчид нь увайгүй амьтад, гэхдээ гүйцэтгэгчид нь гайхамшигтай чадварлаг хүмүүс гэж надад Германы хариуцлагатай албаны том хүн ярьж билээ. Гүйцэтгэгчдийг хэлмэгдүүлэх биш тушаал өгөгчдийг цээрлүүлж байж л Монголын нэр цагаадна даа. Тэгэж байж л уучлал гуйх эрх нээгдэнэ.

2010.9.20