-АН-ЫН БҮЛЭГЛЭЛҮҮДИЙГ МАХН-ЫН СУГАНД ХАВЧУУЛАГДСАН АЗТАЙ ХЭСЭГ, ХАВЧУУЛАГДАХЫГ ХҮСДЭГ ГОРЬДОГЧИД ГЭЖ ХОЁР ХУВААНА-

    МАХН нэрээ өөрчлөх үгүйг хүмүүс, тэр дундаа манай хэвлэлийнхэн ямар их анхаарч байна вэ. Уул уурхай шиг улс орны хэмжээний тийм чухал сэдэв мөн үү энэ. МАХН нэрээ солиход нийгэмд, уншигч таны амьдралд яг юу өөрчлөгдөх юм. Хувьсгалт нам Монгол ардын нам боллоо гээд Монголд хүний эрх чөлөө сайжирч, хэвлэлийн эрх чөлөөгөөр дэлхийд урагшлах юм уу. МАХН “хувьсгалт” гэдэг үгнээс татгалзсанаар эдийн засгийн хямрал Монголыг тойрох уу. Эрх баригч намын нэр солигдоход инфляц тогтворжиж, энэ өвөл нийслэл утаагүй өвөлжих гээд байгаа юм уу. Эсвэл Оюутолгойн гэрээ, Тавантолгойн үзэл баримтлал дээр гаргасан алдаанууд засагдах уу. Аль нь ч биш шүү дээ. Нэр солих бол 90 жил явчихсан намын түүхэнд л содон үйл явдал. Энэ утгаараа сонсоод өнгөрөх мэдээлэл л болохоос, хувь хүмүүсийн амьдрал шууд нөлөөлөх төрийн чухал шийдвэр, үйл явдал огт  биш.
    МАХН бол хуучны төр биш, өнөөдрийн олон зуун төрийн бус байгууллагатай л адил олон нийтийн байгууллага. Тийм учраас нэр солих бол МАХН-ын дотоод асуудал. Энэ намын нэрээр төрийг удирдаж яваа бүлэглэлийн улс төр, 2012 оны сонгуулийн л бэлтгэл. Бүр нарийн яривал түүхийн алдаа, 1.5 сая төгрөгийн бэлэн мөнгөний амлалт, боловсон хүчнээр нь дамжиж сэвтсэн намын нэр хүндээ  “хувьсгалт” гэдэг үгтэй хамт гээхийг хүсэмжилсэн PR-ийн л нэг хэсэг. Гишүүддээ үйл­чилдэг нам нэртэй төрийн бус байгууллагын дотоод асууд­лыг бүх ард түмнээр хэлэлцүүлээд байх ч шаардлагагүй.
    Гэтэл Оюутолгой, Таван­толгойг хэрхэн ашиглах та­лаар ард түмнээсээ санал асуугаа­гүй хэрнээ МАХН-ын нэрийг со­лих үгүйг ард түм­нээ­рээ хэлэл­цүүлнэ гэж тус намын ерөнхий нарийн бич­гийн дарга У.Хүрэл­сүх болон УИХ-ын зарим ги­шүүн сүржиг­нэжээ. Ард түмний өмч бай­галийн баялгийг яаж ашиг­ла­хыг ард түмнээс нь асуу­­гаа­гүй хэрнээ өөрийн на­мын нэрийн зөв буруууг тэд­нээр шүүлгэх нь хожмоо ард түм­ний нэрийг барих гэсэн хоосон улстөр л байх. Түүнээс бус, Их хурлын сонгуулийн дүнг хүр­тэл луйвардчихдаг намууд ард түмний саналаар нэрээ солино, эсвэл болино гэж юу байх вэ.
    МАХН үнэхээр ард түмний нам уу. Түүхээс харъя. Тус нам “хувьсгалт” нэрийг авсан 1924 оноос хойш Монголын төлөө  сайныг ч, саарыг ч хий­сэн. Гэхдээ л МАХН ардчи­лал­тай золгох хүртлээ Монго­лын ард түмнийх байгаагүй. 1924-1990 оны МАХН бол хуучнаар ЗХУ-ын Коминтер­ний Улаанбаатар дахь салбар л байсан гэвэл үнэнд илүү ойртоно. 1990 оноос хойш Б.Даш-Ёндон, Н.Багабандийн үед шинэ нийгмийн давалгаан дунд бие даах гэж будилж явсан. Дараа нь МАХН Н.Энхбаярын вакуумд орсон. Вакуумын ханыг хандив нэр­тэй асар их мөнгө л нэвтэлдэг байлаа. Н.Энхбаярыг Ерөн­хий­лөгчөөр сонгогдсоны дараа МАХН вакуумаас бүлэглэлийн гарт шилжив. Тэр нь М.Энхболдын хотын бүлэглэл. С.Баярын үед ч, С.Батболдын үед хотынхон МАХН дахь хяналтаа алдаа­гүй, нөлөөллөө хадгалсаар буй. Одоо ч МАХН хотынхон ба Зүүний хүчний холбооных­ны гэсэн хамтарсан бүлэглэ­лийн гарт байгаа. С.Батбол­дын хувьд түүнд боловсрол­той залуу үеийн хүрээлэл бий ч, тэр нь бүлэглэлийн зохион байгуу­лалтад ортлоо хүчир­хэгжээгүй. Тийм учраас тэ­рээр төрийн  албан тушаалыг квотлон ху­ваарилах замаар бусад бүлэг­лэлийн тэнцвэр, сонирхлыг хангаж л намаа барьж, намын даргын албан тушаалаа хад­галж яваа. Энэ бүгд нь МАХН ард түмний нам уу, бүлэг­лэ­лийн нам уу гэдгийн тодорхой хариулт юм.    
    МАХН нэрээ солилоо гэ­хэд улс төрд зарим хөдөлгөөн авчирна. Ялангуяа харилцаа­ны улс төрд. Хамгийн нэгдү­гээрт, МАХН нэрээ соливол холимог хувилбараар явуулах Сонгуулийн хуулийн төсөлд намын нэрээр санал хураах­гүй болно. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчид өгсөн саналыг намд өгсөн санал гэж тооцох МАХН-ын томъёолол батлаг­дана. Харин сонгуулийн холимог хувилбар дотроо хувь тэн­цүүлж хуваарилах 38 суудлыг намд өгсөн саналаар тооцох АН-ын санал унана. МАХН-ынхан хэчнээн хуучин нэрээ сэргээж байгаа ч “МАН” гэх товчлол бүхий шинэ нэ­рийн төлөө сонгогчдыг санал өгүүлэх хувилбарыг хуульч­лах­гүй нь тодорхой. Өмнө нь хэнбугай ч “МАХН” гэдэг дөрвөн үсгийн ард нуугдаад сонгогдож болдог байлаа. Хэрвээ нэрээ соливол хувь нэр дэвшигчийн нүүр царай­гаар МАН-д санал тооцох хувилбарыг хуульчлах байх.    
    Хоёрт, нэр солих гэж МАХН-ын Их хурал хурал­дана. Эндээс үлдсэн хуга­цаанд МАХН дангаараа засгийн эрх барих шийдвэр гарахыг үгүйс­гэхгүй. Ингэвэл Засгийн газарт хөдөлгөөн орно. Үүнийг хоёр нам дахь хоолонд орох хоёр­дугаар ээлжийнхэн шаардах боловч намын дарга С.Бат­болдын хувьд нэг их хүсэхгүй болов уу. Яагаад гэвэл дангаараа Засгийн газраа байгуулснаар парламентад хүчтэй сөрөг хүчин бий болно. Ингэснээр парламент сонгодог утгаа олж эрх баригчид хяналттай болох нь сайн хэрэг. Харин зүгээр л сөрдөг, гацаадаг сөрөг хүчинтэй болчихвол улс төрд тогтворгүй байдал үүснэ. Одоо Засгийн газарт байгаа “Алтан гадас”-ынхан нам дотроо байр сууриа алдаж бай­гаагийн дээр дотроо  Зас­гийн газрын талыг баримт­лагчид ба экс Ерөнхийлөгчийг дэмжигчид гэж үндсэндээ хоёр хуваагддаг. Хэрэв тэд засгаас гараад, дээр нь Н.Алтанхуягийг  намын даргаас огцруулбал “Алтан гадас”-ынхан дахин нэгдээд бүхлээрээ Н.Энхбаяртай хүч хавсарч, засгаас гаргасны ч, намын даргаас огцруулсны ч хариуг авч чадах л улс. Ингэж хүчтэй сөрөг хүчнийх нь хүчтэй бүлэглэл Н.Энхбаятай нэгдвэл МАХН-ын одоогийн удирд­лагад тун халгаатай. Н.Энх­баяр бол одоохондоо албан ёсны төр засагт албан ту­шаалгүй ч, албан бус за­саглал, далд улс төрд  занга­раг, байр суурьтай хэвээр яваа. Дээр нь хувийн сонин, телевиз, сайт гээд мэдээл­лийн хэрэгслүүдтэй хэвлэ­лийн магнат болсон. Ганцхан түүнд улс төрийн хүч­тэй хамт­рагч л алга. Тэр нь хамтарсан засаг тарснаар гарч ирж болох юм. Гуравт, бараг боломжгүй ч байж болохыг үгүйсгэхгүй нэг хувилбар бий. Энэ нь хамтарсан засаг тарвал цаашид хүчтэй сөрөг хүчний парламент доторхи шахалт, Н.Энхбаяр тэргүүтэй гаднахь улс төрийн нөлөөл­лөөр МАХН-ын Засгийн газ­рыг огцруулж болзошгүй. Үнэхээр л МАХН дангаараа Засгийн газраа байгууллаа гэхэд АН-ынхан 2012 оны сонгуулийн бэлтгэл, бэлтгэ­лийн сэргээлт болгож Засгийн газрыг огцруулах улс төр хийхийг үгүйсгэх аргагүй. Ийм улс төр явлаа гэхэд дараагийн акцууд энд бичээд байхааргүй тодорхой шүү дээ. Энэ бүхэн нь нэр солих дали­маар үүсч болох улс төр, нөгөө чоно борооноор гэдэг шиг л юм.      
    Уг нь намын нэр солих нь нийгэмд ч, МАХН-д ч нэгдү­гээр ээлжийн чухал асуудал биш. Харин үйл ажиллагаа­гаа­раа нэрээ цэвэрлэж, бүлэг­лэлээс салж, дотоод ардчи­лал­тай болох нь нийгэмд үнэхээр чухал. Хэрвээ МАХН бүлэглэ­лээс салж, үйл ажил­ла­гаа нь өөрчлөгдвөл харин ч хүний эрх чөлөө сайжрах, хэвлэлийн эрх чөлөөгөөр урагшлах, далд эдийн засаг ил болох, өвөлдөө утаа багатай  өвөлжих бодитой боломжууд гарч ирнэ. Түүнээс бус, дотоод ардчилалгүй, бүлэглэлд эзлэгддэг нь, төрийн албыг хэдхэн хүн ээлжилж эзэгнэдэг нь хэвээр байвал нэр сольсны хэрэг гарахгүй. Өөрөөр хэлбэл, хонины арьс нөмөрсөн ч “чоно” хэвээрээ л үлдэнэ. Ги­шүүд төсвөөс авсан тойргийн мөнгөөрөө гадна талыг нь будчихаад сургуулийг засвар­ласан гэж сонгогчдоо хулхид­даг даа. Түүн шиг л ард түмнээ хуурсан юм болно.  
    Дотооддоо ардчилалгүй нам ардчилсан төрийг бай­гуулна гэж хэзээ ч байхгүй. Гэтэл МАХН-ынхан нэгэн үе механик эв нэгдлээ дотоод ардчилал гэж эндүүрдэг байлаа. Сүүлийн үед дүрмээ сайжруулснаар намыг бүлэг­лэлээс салгаж дотоод ардчил­лыг бий болгоно гэдэг болжээ. Намууд өнөөдрийн бүлэглэ­лээсээ салахад маш хэцүү. Бүлэглэлд бүр эзлэгдчихсэн. Намын олон мянган гишүүн харин  энийгээ ойлгож байгаа юу, үгүй юү, мэдэхгүй. Намууд төдийгүй, манай төр хүртэл бүлэглэлд эзлэгдэж байсан. Нэг бүлэглэл хоёр намыг хоёуланг нь, дээр нь төрийг давхар эзлээд явж байсан саяхны жишээ бий шүү дээ. Зарим хүн намаа дотроос нь шинэчлэх гэж оролдож байна. Нам дотроосоо шинэчлэгдэх бараг боломжгүй. Яагаад гэвэл ямарваа нэгэн том сис­тем дотроо үргэлж зөв байдаг гэдэг үг бий. Боломжгүй учраас л шантаажилж байж өөрсдөө албан тушаал аваад жигүүр, хөдөлгөөнийхний намын шинэчлэл дуусч байна. Тэр тусмаа дүрмээ сайжруулж бүлэглэлээс сална гэдэг бүр худлаа. Дүрэм журам бол намыг барьж байгаа тэр бүлэглэлийнхээ эрх ашгийг л хамгаалсан байдаг.
    Тэгвэл МАХН-ыг юү өөрч­лөх вэ. Зөвхөн МАХН төдий­гүй, АН-ыг ч улс төрийн эрүүл өрсөлдөөн л өөрчилнө, бүлэг­лэлээс салгана. Зах зээлийн хууль ч тийм. Тухайн компа­нийг сайн өрсөлдөгч л эрүүл­жүүлдэг, хүчтэй болгодог. Харамсалтай нь, сонгуулиас сонгуульд МАХН, АН-ын дун­дахь  эрүүл өрсөлдөөн хумигд­лаа. Бие биеэ эрүүлээр ирлэж хурцалж байгаа юм МАХН-д ч, АН-д ч алга. Нэгэн үе МАХН-ын хүчтэй өрсөлдөгч нь АН байлаа. Харин өнөөд­рийн АН өрөөлийг ирлэх нь битгий хэл, өөрийнхөө хаана явааг оло­хоор­гүй болтлоо төөрчээ. АН анх төсөөлж байсан ардчил­лын зорилгоо мартаж, өнөөдөр МАХН-ын хашаанд хашуулж явна. 1990 онд нийгмийг өөр­чилсөн АН-ынхан ардчиллыг манлайлах биш, МАХН-ын араас аялдан дагагчид болжээ. МАХН бол АН-гүйгээр биш юм аа гэхэд энэ намын дотоод асуудлыг сонирхохгүйгээр цааш явж дөнгөнө. Харин АН бол МАХН-ын дотоод асуудал­гүй­гээр ч явах аргагүй болтлоо “том ах”-ынхаа хамааралд оржээ.  Одоогийн АН-ыг МАХН-ын тогоотой хоолноос түрүүлж ахиухан халба­гада­хыг л боддог бүлэглэлүүдийн цуглуулга гэмээр. Бүр тод­руулбал, өнөөд­рийн АН-ын бүлэглэлүүдийг дотор нь МАХН-ын суганд хавчуулагд­сан азтай хэсэг, МАХН-ын суганд хавчлуулахыг хүссэн горьдогчид гэж хоёр ангилж болохоор дүр зураг ажиг­лагдана. Э.Бат-Үүл гишүү­ний хэлдэг үнэн. Хамтарсан засгаас нэг бүлэглэлийг нь гаргалаа гэхэд нөгөөх нь зө­рөөд орчих аюул АН-д үнэхээр бий. Ийм туршлага ч бий. Жишээ нь, хамтарсан засгийг хамгийн ихээр эсэргүүцдэг З.Энхболдод Тэргүүн шадар сайд, С.Эр­дэнэд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сай­дыг санал болгоход тэд эргэл­зэхгүйгээр, эргэж буцахгүйгээр шууд эсэргүүцнэ гэж байхгүй л болов уу. Ийм өрсөлдөгчид ирлэж хурцалж байхад МАХН бүлэглэлд хувьчлагдсан хэвээр л явна. Цаад эрх ашиг нь бүлэглэлийнх байдаг уч­раас намуудын хийдэг улстөр нь ч жижигхэн, намын хэм­жээнийх. МАХН-ынхан боло­хоор нэр­тэйгээ зууралдана, АН-ынхан даргаараа орол­доно. Аль аль нам нь үүнийгээ Монголын улс төр гэж томоор тодорхойлно. Гэтэл 2000 жилийн төрийн, 20 жилийн ардчиллын түүхтэй Монголын улс төр хувь хүний албан тушаал ярьдаг, ард тү­мэн нь нэг төрийн бус байгуул­лагын нэрийг солих үгүйг хэлэлцэж суудаг жижигхэн биш шүү дээ. Үүний оронд хамтар­сан засаг нэрийн дор найзан дундаа төр суларч байгааг, боловсон хүчний томилгоон дээр шу­дарга зарчим алдагдаж буйг, төрийн алба, төсвийн мөнгөөр хийх тендерүүд бүлэг­лэ­лүү­дэд л тэгшитгэн хуваарилаг­даж байгааг яаж өөрчлөхийг ард түмнээрээ яагаад хэлэлцүүлж болдоггүй юм. МАХН-ыг, АН-ыг өрсөлдөгч нь өөрчилж чаддаггүй юм бол дөрөв дэх засаглалын хүчирхэг баг хувь нэмрээ өргөж яагаад болохгүй гэж. Хамгийн гол нь АН-ынхан МАХН-ыг дагаж байгаа шиг сэтгүүлчид бид энэ хоёр намыг хоёуланг нь араас нь дагаж болохгүй. Ингэвэл ард­чиллын амин сүнс алдаг­дана. Эцэст нь төр нь ч, сэт­гүүл­чид нь ч, нам нь ч, бүлэглэл нь ч байр байрандаа байхыг уриалж, энэхүү нийтлэлээ нэ­гэн их сэтгэгчийн үгээр төгсгөе. “Аль ч засаглалын ялз­рал нь ямагт зарчим нь завхрахаас эхэлдэг” гэж.