Үйлдвэрлэл, үйлчилгээний аль ч салбарт өрсөлдөх чадварыг бий болгоход нөлөөлдөг нэг чухал хүч бол тухайн бизнест шинээр орох босгоны өндөр. Энэ босгоны хэмжээ нь тэр салбарын компаниудын бараа үйлчилгээндээ тогтоох үнэ, заавал гарах ёстой зарддын болон өрсөлдөхийн тулд хийх ёстой хөрөнгө оруулалтын хэмжээг тодорхойлдог.

Тухайн салбарт шинээр орж ирэгсэд шинэ хөрөнгө, авьяас чадвар авчирч, зах зээлийн хэсгийг эзлэхийн төлөө хичээж, салбарын ашгийн түвшинг багасгадаг. Орж ирэх босгоны хэмжээ тухайн салбарт өрсөлдөөнийг идэвхжүүлэхээр байх ёстой ч бүтээгдэхүүн, үйлчилгээ нь хүний аюулгүй байдлыг бүрэн хамгаалсан, эрүүл ахуйн өндөр шаардлагыг наад зах нь хангасан байж л бизнес эхэлж болохоор тогтоосон байх ёстой.

Гэтэл манай улсын бараг бух салбарт ямар ч босго байдаггүй. Хүний болон бизнес эрхлэх эрх чөлөө хоёрыг ялгадаггүй. Төр засгийн удирдлагад, эсвэл төрийн өмчит компанид өөрийн хүнтэй байхад л та юу ч хийж болно. Бүтээгдэхүүний чанар, шаарддага бол арав хорьдугаар асуудал.

Хэрэглэгчийн тав тух, аюулгүй байдал бол бүр хамаагүй.

Хэн дуртай нь юу дуртайгаа хийж байгаа салбарт ямар ч өрсөлдөх чадварын тухай ярих агуулгагүй. Шат шатанд нь хахуулийг нь өгөөд, зөвшөөрсөн бичиг аваад л болоо. Тод жишээ бол нийтийн тээвэр. Хөдөлж л байвал ямар ч машинтай хүн такси болчихдог. Микробустай хүн бүр нийтийн тээврийн автобус болчихдог. Эсвэл зам барилгынхан. Засвар хийж үзсэн бол барилгын ажлын дэд гүйцэтгэгч болдог. Нэг трактор аваад л замын компани болчихно. Монголын бараг бүх салбарын үйл ажиллагаа аз турших зарчмаар явагддаг бөгөөд харин бүх зардал, алдааг нь хэрэглэгчид үүрдэг.

Хариуцлага хүлээх болбол нөгөө компани алга болж чаддаг.

Энэ бүхнийг зохицуулах, улмаар хэрэглэгчийн аюулгүй байддыг хамгаалах ёстой төр засгийн байгууллагын ажилтнууд замбараагүй байдлыг улам доройтуулах сонирхолтой. Тэд хамсаатнууддаа тусгай эрх ил, далдаар олгож тухайн үйлчилгээг хүргэн, барааг нь тендер нэрээр өөрсдөө шалгаруулан нийлүүлж, татвар төлөгчдийн мөнгөөр хэт ашиг олдог.

Энэ хүмүүс олсон ашгаа улс төрийн намын удирдлагатайгаа хуваалцаж, дараагийн сонгууль хүртэл дуртай бизнесээ хийх эрх чөлөөгөө худалдан авч, улс төрийн хамгаалалтад ордог.

Уг нь бол энэ бүхнийг зогсоож, хянаж байх зорилгоор Мэргэжлийн хяналтын газар гэж байгуулсан. Харамсалтай нь тэд хаана, юу хянаж байгаа нь тодорхой биш. Энд тэнд ниргэсэн хойно нь хашгирч байдаг ч тэгсхийгээд л чимээгүй болчихно. Арай чанга хашгирсныг нь албан тушаал дэвшүүлээд амыг нь хаана.

Өндөр хөгжсөн орнуудын түүхийг харахад тэд тухайн бизнесийн босгыг маш тодорхой болгож, зохих шаардлагыг тавьж, зохих түвшинд барьдаг. Бүтээгдэхүүн болон түүнийг бүтээх шат дамжлага, дараалал, үйлдвэрлэлийн нөхцөлийг тодорхой хэмжээ, стандартаар хэмжиж тогтоодог учир тухайн салбар өрсөлдөх чадвартай байдаг.

Бүтээгдэхүүн бүрийг өөрийн гол үүргээ яаж гүйцэтгэж байгаа, хүний аюулгүй байдал, байгаль орчинд яаж нөлөөлж байгаа, түүний дотор гаргаж байгаа дуу чимээ, агаарын бохирдуулалт, цахилгаан эрчим хүчний зарцуулалтын хэмжээ, эсвэл тухайн компани ямар нөхцөлд хүмүүсээ ажиллуулж байгаа зэрэг үйлдэл бүрээр нь стандарт тогтоож биелүүлсэн байхыг шаарддаг.

Жишээ нь Германд "Дойче индустри норм" (DIN), Японд "Жапаниз индастриал стандарт" (JIS) гэдгийг бүх салбарт тогтоосон бөгөөд тэдгээрийн олонх нь хуульдаа оруулсан байдаг.
 
Өрсөлдөөнийг хүртэл зохицуулсан дүрэм журам бий болгож, тухайн салбарт шинээр орох тоглогч нарт тавих шаардлагыг (босгыг) зааж, үнэ тогтоох болон өрсөлдөхтэй холбоотой журам, дүрмийг тодорхой болгож өгчээ.

Дээрх шаардлага, стандартууд бүх компаниудыг бүтээгдэхүүний чанар, түүний аюулгүй байдлыг дээшлүүлэх, орчин тойрондоо үзүүлэх нөлөөг сайжруулахад онцгой шахалт үзүүлдэг. Тэдгээр стандарт, шаардлагыг хангаж байж л тухайн бүтээгдэхүүнийг экспортод гаргаж болдог. "Made in Germany" гэдэг тэмдэг тавих эрх бол үнэтэй бөгөөд хариуцлагатай ажил.

Ямар ч бизнест орох босгоны өндөр нь наад захын шаардлага стандартыг биелүүлэхээр байж л тухайн салбар хөгжин, бизнесийн тоглогч бүр ашиг орлоготой байж, улмаар өрсөлдөх чадвартай болно. Монголын төр засаг энэ босгыг тогтоож, юуны өмнө өөрөө, дараа нь бүх компаниудыг заавал мөрдүүлсэн байх шаардлагатай. Өөр сонголт байхгүй.