1. Хүн эвдэрснийхээ хирээр сэтгэдэг. Зөвхөн коммунистууд, хулгайч сэтгэхүйд дадсан хүмүүс л ингэж бодож чадна. 1990 оноос өдийг хүртэл эрх чөлөөний үр жимсийг коммунистууд л уралдаж завшиж байгаа. Үйлдвэр, аж ахуй, хөдөө нэгдэл хоршоо бүгдийг тэр үеийн дарга алба тушаал, танил талаараа тонож эзэн суусан. Эрх чөлөө, боломжийн үүдийг ардчилсан хувьсгал нээсэн. Завшсан нь коммунистууд, тэдний залгамжлагчид.


2. Тэр зураг гээчийн цаана эд юу ч олж долоохгүй. Ерөөс байхгүй зүйл. Эсвэл өөрсдөө хулгайлсан юмаа авч ирээд шахчихсан, дотор нь тавьчихсан л биш бол. Эс бол гүтгэж, бохир улс төрдөө ашиглаж байгаа. Харин бид төрөөс хулгайлахыг зогсоох ажлыг эхлүүлсэн. 1996 онд УИХ-д нэг суудал дутуу төрийн эрх авч байж, төрийн өмчийн тооллого бүртгэл явуулж МАХН-ын хорхойтсон баавгай шиг галзуурч байсан хулгайг хазаарласан юм. Түүнээс өмнө байсан бүхнийг эд хулгайлсан. Бүр Эрдэнэт үйлдвэрийн 51 хувь хүртэл тодорхой хүмүүст оччихсон байж билээ. "Зууны луйвар" гээд цуутай шуугиан тэр үед гарч байв.


3. Ардчилсан хувьсгалын жилүүдэд социализмын үеийн зураг шиг үнэ хүнд нь унасан юм ховор. Хар залуугаасаа зураг урлагт татагдаж, хайран юм гэж цуглуулсан. Цуглуулагч хүн бол үнэлэмжтэй, сэтгэлтэй, өөрийн гэсэн нүд мэдрэмжтэй байдаг. Хэзээ ч хулгай хийдэггүй. Хэрэггүй гээд хаясаныг ч цуглуулж, арчилж өөд татдаг. Сайн үзмэрүүд хувийн цуглуулгаас л эхэлдэг. Хулгайч цуглуулагч байх боломжгүй. Цуглуулагч хулгайч байх боломжгүй.


4. Тэр алга болсон гэх 21 зураг. 2008 оноос өмнө алдагдсан гэх албаны бүртгэл, тодорхойлолттой юм билээ. Манайх Их Тэнгэрт 2009 оны намар нүүж очсон. Одоогоос бараг хориод жилийн өмнө би "Зуун зураач, зуун зураг" нэртэй үзэсгэлэн гаргаж байв. Цуглуулага, галерейн эхлэл бол бүр түүнээс өмнөх ажил. Надад зураг хулгайлах шаардлага байхгүй. Цуглуулагаа олны гоо зүйн таашаалд хүргэхийг боддог. Европ болон урлагийн бүтээл үнэлдэг газарт гурван хаалганы нэг нь урлагийн галерей, үзэсгэлэн, худалдаа байх нь элбэг.


5. Би сайн юм байвал олны сайн сайханд зориулна. Ихэнх цуглуулагчид цуглуулгаа тодорхой ангиллаар хадгалдаг. 1. Үнэ цэнэтэй, хосгүй. Ийм зүйл эх нутагтаа үлдэх ёстой. 2. Эргэлтэд байлгаж, сайжруулж хадгалах. 3. Дуудлага худалдаа, солилцоо, арилжааны гэж. Орлого олвол олны үйлсэд зориулна гэж. Би ч энэ хандлагыг баримтлахыг боддог. Зургийн гайгүй галерей Монголдоо үлдээнэ гэсэн бодол тээгээд 30 гаруй жил болж байна.


6. Хулгай худалд гүтгэгчид намайг дандаа буруу уншдаг. Хулгайч гэж уншдаг. Хулгайг үзэн ядаж байгаа бол өөрсдөө нэмж хулгай хийх ёсгүй. Гэтэл бодсоноосоо, хардсанаасаа илүү гарах гээд зүтгэчихдэг. Мааф гэж уншина. Бүр том мааф болно гээд буруу замаар ордог. Ойрын өдрүүдэд "систем" гэж үг цээжилж авч. Тийм мууг илрүүлсэн юм бол түүнийг засаж өөрчилж, дахин давтахгүй байх ёстой. Гэтэл нөгөө системээ өөрсдөө байгуулах гээд галавсаадаж өгөх юм. Муу муухай юм байгаа бол түүнийг өөрчил, зас. Өөрсдөө бүү хий, бүү давт. Сургамж аваад яв. Гэтэл яг эсрэгээр. Бүр далийгаад, үлгэрээ нэмж зохиогоод, улс гэрээ сүйдлээд байх юм. Дүгнэхэд, бусдаас сайныг нь олж харж, түүнийг улам сайжруулахыг хичээвэл зөв болно.


7. Сайн удирдагч бол сайныг бүтээх, сайн соёл үлдээх гэж зүтгэдэг. Муу улс төрч бол "дайсан" олдог, бүтээдэг юм байна. Дайсан олоод сайн замд орсон улс орон гэж үгүй юм. Үндэсний эв нэгдлээ цуулдаг юм байна. Эрүүл өрсөлдөөн, мэтгэлцээнийг учир утгагүй болгох юм. Хөгжил дэвшилд хөтлөх сайн сайхан бүхнийг үргээж хөөдөг юм байна. Улс төрчийг шинжие гэвэл улс төрд орсон үе, арга, зорилгыг нь хар. Дайсан хөөцөлдөж, хутга ханцуйлж улс төрд ирсэн хүнээс сайн юм хүлээх хэрэггүй. Хэмжээлшгүй их эрх мэдэл, мөнгө төгрөгтэй байгаад ч сайн замд улс орноо хөтөлдөггүй юм байна.


Хорин нэгэн зураг ярьж энэ бяцхан бичвэрийг эхлүүлсэн. Олон жил улс төрд яваад, одоо эргэж улс төрөөр чангаалгаж суугаа хүний хувьд, өөртөө ч баярлах шиг. Би олны үйлсийн төлөө зүтгэсэн цагаасаа коммунистуудын наркозгүй хагалах ширээн дээр ил явсан. Намайг эд хараанаасаа салгасан удаагүй. Одоо сүүлд нь зураг гэж улиг үлгэрээ давтан гинших боллоо. 21 гэнэ үү, 7 гэнэ үү, нэг зурагтай ч болов холбох гэж чичрэх юм. Хуулийн байгууллагыг хөлдөө чирч, улс төрдөө ашиглах гэж аашлах нь хайран санагдана. Би "09"-ын оролцоотой 21 их наяд, бас 21 их наяд, нэмээд 21...их наядын хулгай сүйтгэлийн тухай ярьж байгаа юм. Энэ байдлыг засах өөрчлөх тухай. Энэ тухайгаа ч бичсэн. Цаашид ч өөрчлөх гэж явна.


Эд дэлбэрсэн их хулгайгаа дарахын тулд, түүнийг яриулахгүй гэж над руу дайрч байгаа юм. Дайсан болгож Эх орончид , эрх чөлөөг эрхэмлэгчдээ дарж ирсэн зам бол коммунистуудын зам. Ард түмнээ сүйдэлж,  албан тушаалаа хадгалах адын санаа ленинчүүдээс л гарна. Монгол улс эднээс салаагүй цагт нар үзэхгүй. Ардчилал Монголд ирээд буруудсан юм биш. Ардчиллаас коммунизм явахгүй байгаа учраас Монгол улс өгсөж өөдлөх замдаа орж чадахгүй байна.


21 зураг гэснээс би армийн 021 дүгээр ангид цэргийн алба хааж байв. Цэрэг хүн Эх орныхоо эсрэг явдаггүй. Эх орныхоо төлөө гэж Тангараг өргөдөг.

2024 оны 5 дугаар сарын 15