Монголын их говиос олдсон зэсийн лут том баялаг УИХ-ын чуулганаар ороод будаа боллоо. Үүнийг нээгээд 8 жил, нээж илрүүлсэн Канадын Айванхо майнз Монголиа инк компани Монголын Засгийн газартай ашиглалтын гэрээ хийх гэж оролдоод 6 жил өнгөрч байна. Энэ хооронд канадчууд Засгийн газартай 3 удаа хэлэлцээрийн ширээний ард суужээ. Монголчууд хаана ч байдаггүй өндөр шаардлага тавьж ашгаас нь 68 хувийг нь татвараар авна, уул компаний 34 хувь, тэрбайтугай 51 хувийг нь үнэгүй авна гэж цамнасаар байгаа билээ. Энэ хачин шаардлага дээрээ парламентийн гишүүдийн 66 хувь нь баттай зогссон тул цаашид өрнийн компанитай хамтран ажиллах бүх гарцыг нэг мөсөн хаалаа.     Монгол улсын үндсэн хуулиар газрын доорхи бүх баялаг ард түмний өмч гэж заасан байдаг, үүнийг нь хэн ч үгүйсгээгүй боловч болзол тулгагчид бүх баялгаа Айванхо майнзад алдсан, тэндээсээ 34 хувийг нь бидэнд мөнгөөр зарах гэлээ гэж аашлана. Ашгийн 68 хувийг нь татвараар авна гэсэн дээрмийн шинжтэй татварын хуулийг өөрчлөхийг Монголын Сангийн яам дэмжсэнгүй. Ингээд Айванхо компаний 34-51 хувийг нь үнэгүй булааж ав, тэгээд тэдний олох ашигийн 68 хувийг дээрэмд, энэ шаардлагыг биелүүлэхгүй бол тэдний хөөж гарга гэсэн утгатай тогтоолыг УИХ гаргаад Засгийн газартаа өглөө. Энэ нь ерөөсөө Засгийн газрыг гэрээ хийхийг бололцоогүй болгож байна гэсэн үг юм.

    Одоо ийм нөхцөл үүссэн болохоор цааш юу болох вэ? Шийдвэр гардаг өдөрт нь Айванхогийн хувьцаа 20 хувиар унав. Нийт хөрөнгө оруулалт нь 5.5 тэрбум долларын өртөгтэй уул ордыг Айванхо дангаараа ашиглах ямар ч бололцоогүй юм. Тэдний бирж дээр босгосон мөнгө нэг тэрбум ч хүрэхгүй болтлоо доройтжээ. Тэд Рио Тинто компаниас 300 сая доллар 3 жилийн өмнө зээлж авсан нь гэрээ хийгдсэн нөхцөлд хувьцаа болох учиртай байлаа. Энэ хугацаа энэ 7-р сард дуусаж байгаа юм. УИХ-ын гаргасан шийдвэрийн дараа Рио Тинто Монголоос нэг мөсөн гарч явах шийдвэр гаргаж байгаа, үүнээ зарлахад бэлэн болжээ. Ингэхээр тэд Айванхогоос зээлсэн мөнгөө нэхнэ. Хамаг дэнчингээ Монголын зэсэн дээр тавьсан Айванход үүнийг төлөх мөнгө байхгүй. Дэлхийн хамгийн том уул уурхайн компани Рио Тинтогийн хаяад гарч явсан Монголд өрнийн орны ямар ч компани орж ирэхгүй нь тодорхой. Айванхо майнз Монголиаг худалдан авах сонирхолоо илэрхийлж болох ганц газар нь Хятад, тэдний Чиналко компани юм.

    Одоогийн Монголын Үндэсний нийт үйлдвэрлэл 3 орчим тэрбум доллароор хэмжигдэнэ. Гадаад худалдааны 50 хувь нь Хятадтай хийгддэг. Монголд нийтдээ 2000 орчим гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгаагийн тал хувь нь Хятадынх. Гэтэл Оюутолгой ба Тавантолгойн нийлбэр хөрөнгө оруулалт нь 11 тэрбум доллар юм. Үүн дээр Хятадаас хөрөнгө оруулалт хийхээр зэхэж байгаа төмөр зам, засмал зам, цахилгаан станц зэрэг дэд бүтэц дахиад хэдэн тэрбум доллар аж. Тавантолгойн нүүрсний ордод Хятадын Шинхуа компани хөрөнгө оруулалт хийхээр тохиролцооны шатанд яваа. Дээр нь Оюутолгойг Чиналко худалдаж  авбал хятадууд Монголын эдийн засгийн хамгийн багаар бодоход 90 хувийг хяналтандаа авах юм.   

 

    1990 он хүртэл Монгол нь Зөвлөлтийн эдийн засгийн бүрэн хараанд байж гадаад худалдааныхаа 90 хувийг, хөрөнгө оруулалтын 98 хувийг умарт хөрштэйгээ хийдэг байснаас гадна улсын төсвийн 70 орчим хувийг тэндээс зээлээр гүйцэтгэдэг байжээ. Нэг улсаас хэт хараат байх энэ байдлаас нь 1990 онд болсон  дэлхийн  коммунизмын нуралт ангижруулж өгсөн чухам энэ гашуун сургамж дээр үндэслэн “гурав дахь хөршийн бодлого” хэмээх стратегийн баримтлал номлолоо тунхагласан юм. Шийдвэр гаргагчид улс орныхоо эдийн засгийн бүрэн хараат байдлыг умартаасаа өмнөд рүүгээ шилжүүлж байгаагаа ухамсарлаж байсан уу, эсвэл ердийн төөрөгдөл, харамын сэтгэл үү?

    Хамгийн гашуун нь 7-р сарын 16-нд УИХ-ын 66 хувийн саналаар гаргаж буй тогтоол нь гишүүдийн ухамсартай зориудын зохион байгуулалттай үйлдэл юм. Энэ тогтоол нь Засгийн газрыг хэлэлцээ хийх ямар ч боломжгүй болгоно, Рио Тинто үүнээс болж Монголоос бүрмөсөн гарч явна, Айванхо майнз Монголиа өрөө төлөх үүднээс өөртөө тун бага хувь үлдээгээд шинэ түнш хайна, тэр нь Хятадын Чиналко, тун холдлоо гэхэд Хятадын өөр компани байх болно, дараагийн ийм аргагүйдсэн алхамын дүнд Монгол улс эргэлтгүйгээр өмнөд хөршийнхөө эдийн засгийн бүрэн хараат хавсрага болно гэдгийг гишүүд сайн ойлгож байсан, энэ замыг ухамсартайгаар зориуд сонголоо.

 

    Оюутолгойн хөрөнгө оруулалтын хэлэлцээ хийх Засгийн газрын хувилбарыг парламент дахь хоёр намын бүлэг аль алин нь дэмжсэн юм. Гэтэл байнгын хороо болон нэгдсэн чуулган дээр гишүүдийн олонхи нь гэнэтийн зохион байгуулалтанд орж гөлийх хэлбэрээр кнопоо дарцгаав. Сонгуулийн мажоритар системээр гишүүн нь намаасаа тун бага хамааралтайгаар сонгогддог учир албан тушаал хуваарилагч, эсвэл мөнгөний шийдвэр гаргагч тухайн хүнд захирагдах болохоос намын шийдвэрийг ерөнхийдөө нулимж орхидог учир сахилга бат гэж бараг байдаггүй. Иймээс УИХ нь асуудал болгон дээр ашиг сонирхолын түр зуурын бүлэглэлийг үүсгэдэг хуйвалдаан, авилгын тогтолцоотой болоод удаж байгаа билээ.

1997 онд 350 сая долларын өртөгтэй усан цахилгаан станц барих төсөл яригдаж байв. Энэ нь тухайн үедээ Монголд орж ирэх хамгийн том хөрөнгө оруулалт байсан юм. Тухайн үеийн Ерөнхий сайд энэ асуудлыг зохион байгуулж Малайз руу итгэмжлэгдсэн төлөөлөгч илгээж эхний тохиролцоог хийжээ. Гэвч байр суурь нь ганхан хэзээ мөдгүй огцорч магадгүй болоод ирэнгүүт УИХ-ын өөрийн намыхны дотор шинэ бүлэглэл буй болгон станцыг Чехийн компаниар байгуулах хэлцэл давхар явуулан үүндээ хэсэг нөхдийг элсүүлжээ. 13 хүнээс бүрдэх уг бүлэглэлийн хүн тус бүрд төслөөс нэг сая доллар өгнө гэж амалсан байдаг. Энэ нь яаж ч хараад үл бүтэх үлгэр боловч өөрсдийгөө “хөдөөний шудрага бүлэг” гэж нэрлэсэн боловсрол нимгэн, баримжаа тааруу, зарчим огт үгүй тэд ганхаж байгаа Ерөнхий сайдыг амь насаараа хамгаалах ган бат эв нэгдэл болон хувирсан билээ. Өөрийнх нь урилгаар айлчлан ирж хөрөнгө оруулалтын талаар тохирох гэсэн Малайзын Ерөнхий сайд Махатирыг үзүүлэн байдлаар үл тоомсорлож мөнөөх 13-ынхаа мөнгөжих найдварыг нэмэгдүүлж байлаа, Монголын Ерөнхий сайд. Хэдийгээр тэрээр удалгүй огцорсон боловч мөнөөх хөдөөний шудрагачууд түүний намынхнаасаа хонзон авах хамгийн сайхан тохиромжит хэрэгслүүр болж байсан юм.

 Энэ шилдэг загвар өнгөрсөн 10 жилд Монголын парламент дахь шилдэг тогтолцоо болон хувирсан. Тэр дундаа сүүлийн 6 жилд Айванхо майнз Монголиа Засгийн газартай гурван удаа хэлэлцээрийн ширээнд суусан энэ урт хугацаанд гурван парламентийг дамжин хээл хахууль авах аргачлал нь төгөлдөршиж амжижээ.  Эхний парламентийн зарим нөлөөтэй гишүүд, ялангуяа Засгийн газрынханд Айванхо үлэмж хахууль өгсөн батлагдаагүй яриа олны дунд байдаг. Энэ нь нэлээд магадлалтай юм. Ингэхээр дараагийн парламентийнхан өөрсдийгөө гадуурхагдсан гэж үзэн янз бүрийн хориг шалтгаанаар хувиа нэхэх болжээ. Эх орон газар шороо шудрага ёсыг хамгаалж байна гэх борооны дараах мөөг шиг олширсон рэкэтчин-эх орончид гудамжинд жагсан гадаадын компани руу бараг л зэвсэглэн дайрах болсныг УИХ-ын дотроос хэсэг бүлэг зохион байгуулж байсан нь цагийн явцад улам тод болж байв. Зарим жагсаалыг Засгийн газрын гишүүн өөрөө толгойлж үлэмж мөнгө нэхэж байсан баримт ч хадгалагджээ. Гэтэл ялангуяа нэр хүнд бүхий Рио Тинто компани Оюутолгойд тоглогчоор орж ирснээс болж хээл хахуулийн “арга хэмжээ” огтоос бололцоогүй болсон юм.

Дэлхийн эдийн засгийн хямрал гэнэт нөмөрснөөр түүхий эдийн үнэ хурдацтай унаж, уул уурхайн компаниудын хувьцаа эрс доошиллоо. Эрчимтэй хөгжихийн хэрээр түүхий эдийн гачаалд орж буй Хятадад энэ нь тун аятайхан далим болсон юм. Валютийн нөөцөө хоёр их наяд долларт хүргэж чадсан тэд уул уурхайн компаниудыг хямдарсан дээр нь худалдан авч гарлаа. Рио Тинтод 18 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр тохирсон байсан авч тэр нь унасан нь бараг л Хятадын үндэсний гашуудал болж бизнесийн хүрээнээс хальж улс төрийн зөрчил болон хувирав. Рио Тинтогийн ажилтнуудыг барьж хорьсон нь одоо нэлээд шуугиан үүсгээд байна. Чухам энэ үед Монголын парламент Риотой хамтран ажиллах эсэх талаар хэлэлцээд хэрхэвч үгүй гэсэн хариугаа гаргаад буй нь энэ. Гагцхүү зэсийн экспортоос хамааралтай Монголын эдийн засаг хямралаас болж эрс унан төсвийн алдагдал нь олон зуун сая доллароор хэмжигдэх боллоо. Иймээс Хятадаас 3 тэрбум долларын хөнгөлттэй зээл авах хэлэлцээ хийгдэж байна. Ийм ийм давхцал болжээ. Одоо хятадууд Тавантолгойд бусад хөрөнгө оруулагчдыг шахан толгойлж орж ирнэ. Авилгадаа идэгдсэн монголчууд тэдний гараас гарна гэж үү? Шинхуй ч, Чиналко ч Хятадын Засгийн газрын компани. Ингэхээр намуудын сонгуулиар амалсан “эх орны хишиг” хэрэв өгөгдөх дээрээ тулах юм бол Бээжингийн шийдвэрээр гүйцэтгэгдэх нь. Тэр цагт Монгол улс, Өвөр Монголын өөртөө засах орон хоёрын хооронд зарчмын гэх ялгаа арилна. 

 

Айванхо майнз Монголиа, Рио Тинто, Засгийн газрын гурвалсан гэрээ нь олон улсын стандартаар Монголд тун ашигтай тохиролцоо юм. Олзворлогч компаний 34 хувийг худалдаж авснаар үйл ажиллагааны ашгийн гуравны нэгийг хүртэх ба үүний дээр татварын журмаар нийт ашгийн тал хувийг авна, нийлбэрээрээ энэхүү аврага ордын ашиглалтаас буй болох үлэмж баялгийн 70 гаруй хувь нь Монголын талд ноогдож байна. Үүнийг шийдвэр гаргагчид маш сайн ойлгож байгаа. Янз бүрийн бие даасан судалгаагаар Монголын ард түмний 80 хувь нь ордыг бушуухан эргэлтэнд оруулахын төлөө байгаа гэдгийг ч эд сайн мэдэж байгаа. Өөрсдийг нь сонгосон сонгогчдын хүсэл эрмэлзлэлийн эсрэг зогслоо гэдгээ ч ойлгож байгаа. Энэ орд Монгол улсын нийт хүн амыг асар богино хугацаанд Кувейт болгоно, энэ ирээдүйг ч гишүүд сайн мэднэ. Харин нэг л муу талтай: ийм чухал шийдвэр гаргалаа гээд шийдвэр гаргагч хэсэг хүнд шууд утгаараа ямар ч харамж шан ирэхгүй юм. Үүнийг сүүлийн 6 жил янз бүрийн аргаар нэхэж, тойруу ба шууд утгаар ойлгуулах гэж оролдоод бүтээгүй билээ.

Одоо цааш яах вэ? Хятадууд орж ирэх боловч тийм амар бас бүтэхгүй. Хэлэлцээр хийхээр ирэх хятадуудыг айлган сүрдүүлэх, өөрт ноогдох хувиа нэхэх бүлэг гудамжаар нэг дүүрнэ. Хэдийгээр тэд шийдвэр гаргагчдыг энэ маягаараа хуйгаар нь худалдан авч дөнгөх авч Монголд нэгэнт хялбар аргаар мөнгө олох шалгарсан арга болж бараг нийтийг хамарсан рэкэтчийн армийг цатгана гэдэг тийм ч амар ажил биш. Ингэхээр Оюутолгойн төсөл хятадуудтай учраа олтол дахиад 6 жилийн нүүр үзэх болов уу. 

 Харин зөвхөн Оюутолгой Тавантолгойн асуудлыг үндэсний эвлэрэлээр шийдэхийн тулд гэсэн уриагаар бүрэлдсэн “хамтарсан” гэх Засгийн газарт огцрохоос өөр арга үлдсэнгүй. Оюутолгойн хэлэлцээг унагаснаар Засгийн газрыг огцруулах шалтаг үүснэ гэсэн тооцоогоор гишүүдийн цөөн хэсэг нь ямар ч шан харамжгүйгээр зүтгэсэн “шудрага” явдлыг бас тэмдэглэх хэрэгтэй. Энэ жижиг бүлгийг саяхан сонгуульд унасан экс Ерөнхийлөгч далдаас толгойлсон нь түүний нөлөө асар их хэвээр байгааг харуулж байна. Харин гишүүд гарцаагүй үнэнд гүйцэгдэн, эсрэг аргументуудыг дийлэхээ болихоороо “Айванхо муухай компани, энэнд орвол хятадууд дээр” хэмээж нэг бус нь нэг бус удаа үнэн нүүрээ харуулж байв. “Нийгмийн толь” сонинд эдний захиалгаар гудамж талын суртал нэвтрүүлгээ хариуцдаг геологийн эрдэмтэн гэгдэх Ж.Бямбаа “Оюутолгойг Хятадад өгөх хэрэгтэй, хөрш орон бид хэл амаа сайн ойлголцоно” гэж шулуухан үнэнээ хэлжээ. Тиймээ монголчууд хятадуудтай л хэл амаа сайн ололцдог, тэдэнд тэр “хэл” нь байдаг.

Гишүүд эх орныхоо эрх ашгийн эсрэг шийдвэр гаргаж байх сүүлчийн хэд хоногтоо ялангуяа кноп дарж байхдаа тун ч их айдаст автсан, түгшсэн царайтай байсан нь амьдралд олдох ганц шаансаа ашиглаж байгаа боловч эх орон гэсэн нэгэн сэтгэл санааных нь мухраас зовоож байсныг нь харин үнэлүүштэй. Хэдэн жилийн турш Оюутолгойг яаралтай эргэлтэнд оруулах нь зүйтэй талаар номлож байсан хүн гэнэт эргээд эх орны баялагаа хэнд ч өгөхгүй хойч үедээ үлдээнэ, ашиглавал өөрснөө чадна гэх мэтээр мөнөөх л гудамжны рэкэтчингүүдийн нэг адил балайраад унах нь бичиг үсэгтэй хүний хувьд жаахан ичмээр л байсан байх. Гээд энэ бол амьдралд нэг л олдох аугаа шаанс! Хэн өгөхийн! Xариуцлага яг тухайн хүн дээр ирэхгүй, “УИХ л ийм шийдвэр гаргасан” хэмээн эзэн хариуцагчгүй нэг бөөгнөрсөн юм руу түлхэх болно гэдэг нь тэднийг тайвшруулж буй бололтой. Одоо тэдний нөгөө их орилж байсан чанга дуу алга болж гаргасан шийдвэрээрээ бахархах байтугай энэ талын ярианаас аль болох зугтах болно. Чуулганд харин хамгийн гол зохион байгуулагч байгаагүй, далдаас хор найруулахад мэргэшсэн нэгэн. Гудамжинд хөлсөөр орилогсод, чуулган дээр идэвхи гаргагчид өөр өөрийн зэрэг зиндаандаа таарсан хөлсөө авах болно. “Эх орон, шудрага ёс, нэр төр” гэх ойлголт нь эдний хэнд нь ч ахадсан бүхэл бүтэн философи. Харин энэ үгийг орилсоор байгаад зарж болно гэсэн прагматик талыг нь сайн мэднэ. “Адгийн амьтан хэлэх үггүй болохоороо эх оронсог болдог” гэж  суут Толстой нэгэнтээ хэлжээ. Монголын ухамсартай хэсэг хичнээн бага хувь эзэлдэг ч байсан УИХ гэсэн эзэн хаяггүй бөөн юмыг биш, яг тэр 66 хувьд байсан панзчидыг нэр нэрээр нь түүхэнд гутамшиглан үлдээх бизээ. Цагийн явцад олон баримт ч илэрч, олон юм тодорхой болох нь лавтай.

 

2009-7-18