Баттулга бүр дутуу бодож байна
Баттулга ”Газрын үнэ аль ч нийгэмд байршилаасаа хамаардаг” гэж сургаад “хашааны газар бүхэн үнэтэй эрэлттэй байдаггүй хатуу жамыг давхар бодчихоорой” хэмээн уйгагүй сануулсан байна.
(Үргэлжлэл)
Баттулга ”Газрын үнэ аль ч нийгэмд байршилаасаа хамаардаг” гэж сургаад “хашааны газар бүхэн үнэтэй эрэлттэй байдаггүй хатуу жамыг давхар бодчихоорой” хэмээн уйгагүй сануулсан байна. Сургаалдаа, аль ч нийгэмд гэх гээгүй аль ч улсад гэх гэсэн байх. Нийгэмд гэвэл арай өөр утгатай болно. Социалист нийгэмд газрын үнэ гэж байгаагүй. Харин хувийн өмчийн газартай зах зээлийн харилцаа бүхий улсуудад газрын үнэ байршилаасаа хамаарна гэвэл үнэн. Гэхдээ ганц байршилаасаа хамаарахгүй. Тухайн газрын “хувь заяа” яаж эргэхээс их хамаарна. Хүн амьдрах бага ч атугай боломжтой газар “… хэзээ ч сонирхол татахгүй, борлогдохгүй…” байхаар эгнэгт хувь заяа нь шийдэгдэнэ гэж байдаггүй юм. Баттулга сайд Чингэлтэй буудлын эцсийн гэр хорооллынхонд очоод “Хашааны газраар чинь барьцаалаад 40 жилийн хугацаатай , жилийн 4 хувийн хүүтэй 40 сая төгрөгийн зээл өгнө” гээд хэлээдэхвэл төд удалгүй тэр хавийн хашааны газрын үнэ суга өснө. Гудамж, хашааны газрын чинь аман дээр дулаан, цэвэр бохирын шугам тавьж өгнө гэвэл ханш нь “суга” өсөөд л эхлэнэ. Яармагийн дэнж дээр хашааны газар худалдаж аваад “Бенз” машин угсардаг үйлдвэр барихаар болчихлоо гэвэл тэр хавийн газрын үнэ “галзуурна”. Энэ мэтээр хувь заяаных нь шоо нааштай буучихвал дээр нь юм барьж болох газар бүхэн “амь”ороод явчихна. Харин, Үндсэн хуулийн нэг заалтаас болоод хувь заяаных нь шоо нааштай бууж өгөөгүй тул хөөрхий муу хашааны газрын ихэнхи нь үхмэл хөрөнгө болчихоод байгаа юм.
Эдгээр хөрөнгийг амь оруулахын тулд уул уурхайн бүтээгдэхүүнээ борлуулснаас олж ирэх мөнгөнийхөө нэг хэсгээр нь өмчлөх эрхийн бүртгэлтэй хашааны газраар барьцаалан амины орон сууц бариулах зээлийг олгодог төрийн сан байгуулах хэрэгтэй гэдгийг л үнэмшүүлэх гээд би мэтгэлцээд байгаа юм л даа. Энэ санг байгуулмагцаа, хашаандаа амины сууц барихад тань зориулан 40 жилийн хугацаатай 4 хувийн хүүтэй 40 сая төгрөгийн гэх зэргээр зээл өгнө гэж засгийн газар зарлахад л иргэд хашааний газраа өмчилж аваад, өмчлөх эрхээ бүртгүүлэх гэж уралдан гүйх болно. Өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн газрын үүдэнд иргэд маань үүрийн 4 цагаас дугаарлан зогсох болно гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна. Нийт хашааны газрын үнэ дор бүрийдээ хэд дахин өснө. Хашааны газрын үнэ өсөхөөр барьцаа өсөх тул зээлийнхээ хэмжээг ахиулна. Амины сууц хамгийн хямдхан, хамгийн хурдан барьж өгнө гэсэн этгээдүүдийн зар мэдээ, сурталчилгаа айлын хашааг рекламны самбар болтол нь хучих болно. Нүд эрээлжилсэн зар мэдээнээс онож сонголт хийх гэж гэр хорооллынхон маань тэвдэх байх. Гэхдээ л сонголт хийж таараа. Тэгээд нэгэнт байшинг нь барьж өгөх гэрээ хийсэн гүйцэтгэгч байгууллагыг нүд цавчилгүй манаж, цаг алдалгүй шахамдуулан зүтгүүлнэ. Яагаад гэвэл боловсон сууцандаа хурдан орж халуун ус дүүрэн ванндаа жаргаж хэвтэхийг тэсгэлгүй хүсэж байгаа учраас. Ийнхүү гэр хорооллын айл бүхэн хашаандаа амины боловсон орон сууц босгуулна. Сайхан амьдрах хүсэл зорилгодоо яаран шунах гэр хорооллынхон маань төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг боломжийг овсгоотой ашиглан, компанийн ихэрхэн барих нийтийн орон сууны хорооллоос хэд дахин илүү хурдтайгаар орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж чадах нь дамжиггүй.
Гэр хороолынхон хашаандаа амины боловсон орон сууцтай болох төдийхөн ажил хийж байгаа ч юм биш. Эдийн засгийн онолын том утгаар нь харах ахул өрх бүр үл хөдлөх хөрөнгө “үйлдвэрлэж” байгаа хэрэг. Үйлдвэрлэсэн үл хөдлөх хөрөнгө бүр үндэсний активын хуримтлалыг нэмэгдүүлж улсынхаа эдийн засгийг улам бүр хөрвөх чадвартай болгож буй. Сото гуайн үзэж байгаар зөвхөн Улаанбаатар хотын гэр хорооллын хашааны газар орон сууцжиснаар дор хаяж 7,8 тэрбум ам. доллартай тэнцэх актив маань “амь орж” байгаа юм. Монгол Улсын өнөөгийн дотоодын нийт бүтээгдэхүүнээс тэрбум доллараар илүү актив шүү дээ!
Баттулга “…зах зээл дээрх ашгийн төлөө энэрэлгүй зарчмын өмнө бид хүчгүй…Тэгвэл нийтийн эрх ашиг гэж юмийг төрөөс хэрхэн зохицуулах вэ гэдэг шийдэл дээр гарц хайж маргахыг бол би дэмжинэ.” гэжээ. Үнэхээр хүлээж авах ёстой “урилга”. Тэр тусмаа байгалийн баялгийг борлуулснаас орж ирэх их хэмжээний орлогыг “төрийн зохицуулалт” гэсэн нэрээр халхавчлан завших гэсэн олон янзын төлөвлөгөө УИХ-д орж ирэх болсон энэ цаг үед уг урилгыг бүр ч ёс төртэйгээр хүлээж авах ёстой.
Зах зээлийг төрөөс зохицуулах нь зүй ёсны гэдгийг хэн ч үгүйсгэдэггүй юм. Сорос дуу алдахаас ч өмнө онолчид төрийн зохицуулалт зайлшгүйг нотолчихсон юм. Хамгийн гол нь төрийн зохицуулалт нийтэд ашигтай, нэг хэсэг хүнд ашигтай гэж хоёр янз байгаа юм. Төрийн сайн зохицуулалтын үед улсын эдийн засаг улам бүр сайжирч нийтрээ эдийн засгийн үр шимийг хүртдэг. Харин төрийн муу зохицуулалт нь төрийн эрх мэдэлд ойрхон цөөн хүнийг баяжуулах “зохицуулалт” болж байдаг юм. Нэн ялангуяа байгалийн баялаг ихтэй гэхдээ муу төртэй оронд төрийн зохицуулалт нэрийн дор “нийтийн төлөө” гэсэн гоё уриагаар халхавчилсан цагаандаа гарсан луйвар гаардаг нь зүй тогтол ажээ.
Байгалийн баялгийн борлуулалтаас их хэмжээний орлого орж ирэх сургаар “төрийн зохицуулалт хэрэгтэй” хэмээн нуль ухаан царайлах улстөрчид борооны дараах мөөг шиг олширдог байна. Манайх ч яг ийм болж эхэлж буй. Төрийн яамдууд “…их мөнгөний үнэр аваад дааж давшгүй үрэлгэн зардалтай том төслүүдийг хэрэгжүүлэх санал дэвшүүлж эхэлдэг” аж. Няцаахын аргагүй “буянлаг царайтай” тэдгээр төслүүд хэрэгжсэний эцэст гадагшаа хөрөнгөө зувчуулсан улстөрчид, улам бүр ядуурлын дарамтанд орохдоо хорсож хоорондоо муудалцахаас өөр нэмэргүй болсон ард түмэн хоёр тунаж үлддэг байна. Индонезийн ерөнхийлөгч Сухарто, түүний сайд нар 15-30 тэрбум доллар завшиж гадагш нь зувчуулсан бөгөөд хөөрхий Индонезийн иргэд хоорондоо муудалцан иргэний дайнд хүрэхдээ тулан үлдсэн юмдаг.
Харин байгалийн баялаг ихтэй сайн төртэй Норвеги,Чили зэрэг улсуудад төрийн зөв зохицуулалт хийсний үр дүнд эдийн засаг нь сайжирч одоо, өрсөлдөх чадварын үзүүлэлтээрээ дэлхийд дээгүүрт орж байна. Эдгээр орнууд байгалийн баялгаас орж ирэх орлогоороо иргэдээ орон сууцжуулах ажлыг нэн тэргүүнд хийсэн байна. Бид ч бас тэгэх гэж байна. Гэхдээ Норвеги,Чилид төр нь иргэдээ орон сууцны хөнгөлөлттэй зээлээр хангаж, иргэд нь амьдрах орон сууцаа өөрсдөө сонгосон байна. Ядуу иргэд нь улсаас нэг удаагийн буцалтгүй тусламж болон маш хөнглөлттэй зээл аваад хашаандаа орон сууц барих уу, компанийн барьсан орон сууцанд орох уу гэдгээ өөрийн толгойгоор шийдсэн ажээ. Харин манайд ядууст зориулан ядуусын хорооллыг компаниар бариулахаар хэлэлцэж сууна. Баттулга сайдын үзсэн кинонд гардаг “бурхдын хот”-ыг босгохоор зэхэж байна. Үүнийг л би эсэргүүцээд байгаа юм.
Улаанбаатарт гэр хорооллынхныг оруулах нийтийн орон сууц барихад зориулж ойрын таван жилийн хугацаанд 3 их наяд 748 тэрбум төгрөг гаргахаар “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрт тусгасан байна билээ. Тэр мөнгөө л гэр хорооллын иргэддээ хөнгөлттэй зээл хэлбэрээр хашааны газрыг нь барьцаалаад өгчих хэрэгтэй. Гэр хорооллын иргэд маань амьдрах орон сууцаа өөрөө л сонгог. Улстөрч, компани хоёроор сонгуулж яах юм бэ!