(Элчин сайдын тэмдэглэл)      
ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн судлаач профессор, дипломатч, Монгол Улсаас АНБЕУ-д суугаа Элчин сайд Д.Баярхүү нь Монгол Улсын шинэ Ерөнхийлөгчийн 2009 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн зарлигаар (Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд Элчин сайд томилсон анхны зарлиг нь) Саудын Арабын Вант улсад суух анхны Элчин сайдаар томилогджээ. Түүний шинэ томилолт болох Эр-Рияд хотноо очоод бичсэн тэмдэглэлээс дор сийрүүлж уншигчиддаа сонирхуулж байна.
“Саудын Араб” гэхлээр манай монголчууд хэр мэдлэг мэдээлэлтэй билээ. Хоёр талын харилцаа гэж огтоос байхгүй, алба амины зочин төлөөлөгч бараг солилцож байгаагүй, 2007 онд дипломат харилцаа тогтоосноос өөрөөр бичигдэх түүхгүй харилцааг эхлүүлэх гэж байгаа албаны хүний хувьд надад янз янзын юм бодогдож байв. Ер нь судлаад үзэхнээ надаас өмнө (бүр гэр бүлээрээ) тус улсад зорчоод, тэгээд бүр Цог жавхлант Ванд нь бараалхсан албаны монгол хүн нэгээхэн ч байхгүй юм билээ. Тэр утгаар авч яривал тус улсад Монголоос гэр бүлээрээ зорчсон анхны тохиолдол нь бид болов уу. Миний отгон хүү Дэвигарди бол Сауд Арабт хөл тавьсан анхны монгол хүүхэд болж таарч байна.

Лалын хамгийн консерватив орон

Дэлхий дээрхи лалын хамгийн консерватив орон гэдгийг өмнө нь уншиж, сонсож явснаас бус биетээрээ мэдрэх тухайд төсөөлөлгүй  очжээ. Ер нь энэ оронд хөл тавьж буй гадныхан хамгийн түрүүн энэ тухай тархиа айхтар цэнэглэх ёстой юм байна.
Манайхан Мекка, Медина гэдэг хоёр газрын тухай бишгүй нэг сонсож мэдсэн байдаг ч тэр нь тэр орны тухай мэдээллийг бүрэн орлож чадахгүй юм байна. Мекка бол Коранд сударт өгүүлснээр дэлхий дээрхи лалын хамгийн анхны, хамгийн ариун дагшин хот. Энэ хотод их биваагарди Мохаммед нь Коран судраа тэрлэжээ. Мединад нь Мохаммед нь ясаа тавьжээ. Мекка, Мединад лал бус хүн очих хориотой. Шашны туризм гэдгээр бол лалын шашинтан хэн ч байсан гэр бүлээрээ, багаараа, ганцаараа очиж “Хаж” болж Меккад зочлох эрхтэй. “Хаж” болж очдог их мөргөлд оролцох нь даян дэлхийн мусульман  хүн болгоны нэг насны мөрөөдөл мөн боловч тийшээ очих дэг жаяг, журам хатуу. Жил бүрийн хоёр-гуравдугаар сард Мекка дахь Арафат уулнаа 2 сая мөргөлчид ертөнцийн өнцөг булан бүрээс цугладаг. Мөн Рамадан сарын үед тийшээ хөл тасрахгүй.  Хаж болох үеэрээ мацаг барьж, бясалгал үйлдэж, бусад ажил үйлээс чөлөөлөгдөнө. Мекка дахь Харам хэмээх ариун сүмд Кааба хэмээх дөрвөлжин булш аятай хар дөрвөлжин  хайрцгийг тойрч мөргөлчид цувдаг. Харам нь 309 000 ам дөрвөлжин метр талбай бүхий нэг дор 700 000 мөргөлчнийг багтаах талбай бүхий сүмийн цогцолбор юм. Чухам энэхүү ёслолыг л лалынхны “Шашны туризм” гэж ойлгочихож болохоор юм.
Өөрөөр тэр оронд гадаадын иргэд олноороо очдоггүй бололтой. Очоод явах гишгэх газар нь хязгаартай. Шашны шалтгаанаар 20 гаруй жил гадаадын кинонуудыг нийтэд үзүүлэхийг хорьжээ. Кинотеатрууд ч хаалттай байсан гэнэ. Харин саяхнаас,  бараг 2009 оны хавраас юм уу даа, гадаадын хүүхэлдэйн кинонуудыг араб орчуулгатай үзүүлдэг болсон аж.

Ийм хатуу дэг жаягаас болоод тус улсад аялал жуулчлал огтоос хөгжөөгүй юм байна гэдгийг очиж байж л эхнэр хүү бид гурав мэдэрлээ. Лалын шашны хууль тогтоомж аялал жуулчлал хоёр олон юман дээр шууд харшлах ба ер нь эмэгтэй хүн гудамжаар явдаггүй, ганцаараа явж бүр ч таарахгүй, эр нь ч ялгаагүй хувцас хунартаа анхаарахгүй бол шашны цагдааг баригдахад тун ойрхон юм. Эрүүгийн цагдаа, эдийн засгийн цагдаа гэдэг шиг тэнд “Шашны цагдаа” гэж тусдаа цагдаагийн төрөлжсөн томхон хүч байдаг аж. Жилийн ихэнхи нь +30 хэмээс дээш халж, зуны хэдэн сар +40, +50 хүрэх боловч шоорт, футболк өмсөхийг нэн таалахгүй юм билээ.

Бас нэг анхаарууштай юм байна. Хэрэв Израильд орж гарсан хилийн боомтын тэмдэглэгээ хийлгэсэн л бол, хэрэв жүүдийн шашинд сүсэглэдэг л бол Саудын Арабт хөл тавина гэж байхгүй. Үүнийг хаана ч анхааруулж байна.
Ер нь аялал жуулчлалын тухай анхны ойлголт  ч алга гэхээр юм. Адаглаад гадаадынханд зориулсан бэлэг дурсгалын дэлгүүр, зах гэж алга. Бэлэг дурсгалын гар үйлдвэр урлал огтоос хөгжөөгүй бололтой. Аялал жуулчлалын талаархи анхны ойлголт байтугай гадаад ертөнцийн тухай наад захын мэдлэг мэдээлэл тэндхийн нийгэмд хязгаартай байдаг бололтой.

Хар тэрлэг аминд орно шүү!
Гадаадын эмэгтэйчүүд ганцаараа энэ улсад очно гэж тас хориотой. Гадаадын ямар ч эмэгтэй бай, 12 наснаас дээш насных л бол нас намба, албан  тушаал, шашин шүтлэгээс үл хамаараад заавал тас хар нөмрөг (даашинз), хар битүү алчуур (гивлүүр  бол бүр сайн) заавал өмсөж зүүх ёстой. Зөрчвөл шашны цагдаад баривчлагдана. Үүнийг л би, миний гэр бүл мэдэрсэн юм даа. Тэгэх тусмаа миний гэргий алхам тутам мэдэрч явлаа. “Цагдаа дуудлаа шүү!” гэх заналхийллийг эхний өдрөөсөө л амсч байлаа. Эхнэр маань ёслолын хар тэрлэгтэй явсан нь аз таарч, түүнийгээ бүслэхгүйгээр нэвсийлгээд, харин хар алчуур толгойдоо тохоод явтал бүгд таалж байлаа. Иймд монгол эмэгтэйчүүдэд хандаж захихад хар тэрлэг аминд орно шүү гэж зөвлөмөөр.  
Ийм нэг лалжиж шашинжсан консерватив улсад томилогдсон анхны Элчин сайдын хувиар би тэр орныг зорьсон юм. Каир дахь ЭСЯ-наас нь виз шийтгүүлэн авах гэж манай консул хагас өдрийг барахдаа ЭСЯ-ны хэлтэс албадынх нь хооронд зуучлах, зарга шүүхийн наагуур юм болж, тэдний хүнд суртлын дамжлагыг дамжин, намайг мусульман биш гэдгээс үүдсэн тайлбар шаардсан асуулгад бүтэн цаг байцаагдаж байж виз авсан юм билээ.  
Бид ням гаригийн шөнө очоод дараагийн ням гаригийн үдэд Каир руу буцахад Пүрэв, Баасан гаригууд мөргөлийн амралтын өдрүүд таарч, ажлын өдөр ажил нь 10.00 цагт эхлээд 11.00 цагт амраад, 16.00 цагт эргээд ажилладаг гэх боловч ажлын завсарт үдийн, их үдийн, оройн  мөргөлүүд давхцаад ер нь ажиллаж байгаа албан газар байдаг болов уу гэмээр санагдав. Мөргөл хийх тоолонд үйлчилгээ, олон нийтийн газрууд нь үйлчлүүлэгчдээ гаргаад хаалгаа барьж байна. Өөр шашинтнууд тэр мөргөлийг нь заавал хүндэтгэх ёстой гэдэг хуультай гэнэ. Хүндэтгээд үл барам дагаж мөргө хэмээн аашилж байгаа хүн ч надтай таарч байлаа.

 Хүнд суртлын дамжлага л гэх байх даа, манайхан
Миний бие бүтэн 4 сар гаран хүлээсний эцэст Саудын Арабын Цог жавхлант Ван Абдулла Бин Абдулазиз Аль-Саудад Итгэмжлэх жуух бичгээ барихаар 2009.10.25-31-ний өдрүүдэд тус улсад томилолтоор ажиллах завшаан тохиосон юм. ИЖБ барихын өмнө Бээжин дэх Саудын Арабын ЭСЯ-наас агреманы хариу өгсөн тухай англи, араб хэлээр 2 ноот, Каир дахь тус улсын ЭСЯ-наас мөн тийм утга бүхий араб хэлээр 1 ноот, ИЖБ-г хүлээн авах тухай араб хэлээр 2 ноот ирүүлжээ. Ийнхүү олон удаа ноот ирүүлж, хүлээн авахаа мэдэгдэж байсан боловч 2009 оны зуны аагим халуун эхэлж, Саудын Араб даяар амарсан, залгаад Рамадан сар 8 дугаар сарын 20-ноос эхэлсэн, түүний дараахи баяр амралтын өдрүүд үргэлжилсэн гэдэг шалтгаанаар ийнхүү 4 сарыг би үдсэн юм. Мөн тус улсын ЭСЯ-наас надад "Та өөрөө ИЖБ барих өдрөө товло!" гэсэн ойлгомжгүй хариулт өгч будлиулж байв. Очихоосоо 2 долоо хоногийн  өмнө мэдэгд, онгоцны тийзээ захиал гэж хэсэг чирэгдүүлэв. Хоёр удаа Рияд орох шаардлагатай, ИЖБ-ийн хувийг гардуулахаар нэг удаа очно, дараа нь ИЖБ-ээ барихаар дахиад нэг очно шүү гэж анхааруулав. Энэ мэт хугацааг нь товлолгүй нэлээд удаасан юм.
ИЖБ-ээ барих өдөр судар бүрхэг, тоймтой хариу авч амжаагүй байтал 10 дугаар сарын 27-нд гадаадын хэсэг улсын Элчин сайд нарын ИЖБ-г Ван шууд хүлээн авах боллоо, Та бэлэн бай! хэмээн гэнэт мэдэгдэж түргэн авахууллаа. Тус улс руу 25-ны үдэд нисэхээр ЭСЯ-наасаа хөдөлж байтал гэнэт утас  цохиж "ИЖБ хүлээн авах хугацаа хойшиллоо, 31-нд авах боллоо" хэмээн ЭСЯ-наас нь гэнэт мэдэгдэж  сандаргав. Тэгтэл Эр Рияд хотоос ГХЯ-ных нь Ёслолын газрын захирал нь миний гар утас руу шууд залгаж "Хүрээд ир л дээ, тосоод авъя, уулзалтуудыг чинь зохицуулаад өгье" гэсэн уян хатан хариу гэнэт өгч дахин баярлуулав. ИЖБ барих өдөр гэнэт өөрчлөгдсөн, ИЖБ барих үеийн хөтөлбөрийг айлын талаас санал болгоогүй ийм хэцүүхэн үед нь ерөнхий баримжаагаар би Эр Рияд хотыг 10 дугаар сарын 25-ны орой зорин очсон юм.

 Гадаад хэргийн сайд Ханхүү Сауд Бин Файсал
Саудын Арабын  ГХЯ-ны Ёслолын газрын түшмэл Аль-Бэшри Фахад биднийг тосч авлаа. Эр Рияд хотод байх үеийн зочид буудлын бүх зардлыг ГХЯ нь хариуцна, Монголын анхны хүндэт зочин Танд л бид тэгж хандаж байгаа гэв. Хүндэт зочны тусгай харшид байрлуулж хүндлэл гэдгийг ч амсуулж өглөө. ГХЯ-ны харалдаа байрладаг, 6 одтой буудлын зиндааны "Риядын хурлын ордон" хэмээх буудал гэнэ.
Очсоныхоо маргааш буюу 10 дугаар сарын 26-ны өглөө цайны дараа амарч байтал ГХЯ-ны Ёслолын газраас гэнэт  утасдаж 11.00 цагт "Машин очно. Гадаад хэргийн сайд Эрхэм дээд Ханхүү Сауд Бин Файсал Бин Абдулазиз Аль-Сауд Таныг одоо хүлээн авах гэж байна, Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг аваад очоорой!" гэж түргэн авахуулав. Эрхэм дээд Ханхүү ГХЯ-ндаа конторлодоггүй, тэгээд ч үдийн мөргөл эхлээд яам хаалттай тул харшид нь шууд очлоо. Тэнд нь ИЖБ-ийнхээ хувийг гаруулж ёслолын уулзалт хийхээр Сири, Гана улсын Элчин сайд нар уван цуван ирлээ. Биднийг ГХЯ-ны Ёслолын газрын захирал Элчин сайд Алаудин Аласкари угтан авав. Намайг хүлээн авах үед нь байлцахаар ГХЯ-ны Азийн газрын захирал Элчин сайд Мустафа Кавтар мөн энд ирлээ. Элчин сайд нар Саудын Арабт ирсэн он, сар, өдөр, цагийн дарааллаараа Гана, Сирийн Элчин сайд, тэгээд миний бие ИЖБ-ийн хувиа гардуулав.
Намайг ИЖБ-ийн хувь гардуулахаар ороход Гадаад хэргийн сайд Ханхүү Сауд Бин Файсал Бин Абдулазиз Аль-Сауд халуун дотноор угтан авав. Хоёр орон дипломат харилцаа тогтоогоод удаагүй байгаа үед Монгол Улсын анхны Элчин сайд морилон ирж ИЖБ-ээ барьж байгаа нь түүхэн үйл явдал, бид энэ түүхэн үйл явдалд оролцож байгаа түүхэн хүмүүс гэж Эрхэм дээд Ханхүү хэлэв. Хоёр орны хооронд иргэд хоорондын өргөн хэлхээ холбоо тогтоон хөгжүүлэх, харилцан зорчих явдлыг хөхиүлэх, худалдааны харилцаа тогтоох,  хоёр тал харилцан ЭСЯ-аа нээх зэрэг асуудлаар бид санал солилцлоо. Хоёр орны хамтын ажиллагааны эхлэл болгож  Саудын Арабын Гадаад хэргийн яамны дэргэдэх Дипломатын судалгааны институтэд Монголын хоёр дипломатчийг бэлтгэх, судалгааны нэг ажилтан ажиллуулах, Саудын Арабын иргэний их сургуулиудад араб хэл, эдийн засаг, газрын тосны мэргэжлээр 5 монгол оюутан суралцуулах тэтгэлэг олгохыг миний бие Засгийн газрынхаа нэрийн өмнөөс хүсэлт болгосон захидлыг гардуулахад Саудын Арабын Гадаад хэргийн сайд дуртайя хүлээн авч байгаагаа мэдэгдэн, Дээд боловсролын яамандаа одоохон чиглэл өгч ойрын үед асуудлыг шийдвэрлүүлэх болно гэж амлав.
Миний бие Баабартай хамтран туурвисан “Манай зууны хөрөг” (1997 он) хэмээх номдоо энэ хүний эцэг хааны тухай бичиж байсан тул Ханхүү ба түүний гэр бүл, энэ орны тухай гайгүй мэддэг гэдгээ ч би хэллээ. Тэр маань түүнд их сайхан сэтгэгдэл төрүүлэх шиг болно лээ. Моринд эрэмгий, талын нүүдэлчин, баатарлаг, баялаг түүхтэй ард түмэн хэмээн бидний тухай ярьж байснаас нь үзэхэд тэрээр монгол орны талаар, монголчуудын талаар яггүй мэдлэгтэй, дэлхийн түүх сайн мэддэг, бас хүндэтгэдэг хүн юм уу гэсэн сэтгэгдэл надад төрсөн. Үнэхээр элит гэр бүлээс гаралтай, өндөр боловсролтой Ханхүү Сауд Бин Файсал Бин Абдулазиз Аль-Сауд гуай надад маш сайхан дурсамж үлдээжээ.

 "Эл Ямама палаас"-ыг зүглэв
Дараагийн хоёр өдөр буюу 10 дугаар сарын 29-ний өдөр нь их мөргөлийн Жума өдөр, 30 нь амралтын өдөр байж таарсан тул ГХЯ-наас нь надад зориулж ямар нэг  ажил зохион байгуулсангүй. Бямба гаригт Дипломатын судалгааны институтын ректортай уулзах ёстой ч ИЖБ барих өдөр гээд хойшлуулжээ.
Товлосон ёсоор 10 дугаар сарын 31-ний өдөр ИЖБ барих ёслол болов. Вангийн ордны хэрэг эрхлэх яамнаас (Вангийн Диван гэнэ) эрхлэн мөн өдрийн 11.30 цагт ИЖБ барих бэлтгэл зааварчилгааг миний буусан "Риядын хурлын ордон" зочны буудалд өгдөг юм. Энд надаас гадна 4 тивийн 13 улсын Элчин сайд семинардуулав. Ирсэн он, сар, өдөр, цагийн дараалал, тив бүс нутгийн төлөөллөөс гадна 1) Aрабын ертөнцийн; 2) Лалын шашинт; 3) Найрсаг харилцаат хэмээн биднийг (14 улс) дотор нь ангилж үзэж байлаа. Үүнд:
    * Арабын: Ирак Сири;
    * Лалын: Пакистан;
    * Найрсаг харилцаат: Монгол, Гана, Норвег, АНУ, Дани, Япон, Сингапур, Ирланд, Канад, Венесуэл, Украин;  
Иракийн Элчин сайд нь Саудын Арабт ирсэн дарааллыг тэргүүлж байгаагаараа, мөн арабын, лалын гэдгээрээ биднийг төлөөлж Цог жавхлант Ванд хандаж үг хэлэхээр бэлтгэжээ. Саудын Арабын Вангийн ёслолын журмаар бол ИЖБ барьж байгаа гадаадын Элчин сайдад 2-3 минутаас илүү хугацаа өгдөггүй, хэдхэн үг хэлж өөрийгөө танилцуулах ба Вантай яриа өрнүүлэхгүй, зэрэгцэж зогсохгүй, дөхөж очихгүй юм байна. Төрийн дуулал эгшиглэхгүй, төрийн далбаа мандуулахгүй, зөвхөн хүндэт харуулын өмнүүр алхаж өнгөрдөг.
Ингээд 12.30 цагаас эхлэн Элчин сайд нар 3-4-өөрөө нэг баг болж, түрүүчээсээ  Вангийн "Эл Ямама палаас" ордныг чиглэн цувран явав. Эртний үлгэр туульсад гардаг Хааны ордон л ийм байдаг болов уу гэмээр энэ лут харшид энэ орны нийгэм-улс төрийн амьдрал тэр чигтээ буцалж байх шиг. Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нь Ван өөрөө, өндөр настай тул эндээсээ гараад яваад байдаггүй, Угсаа залгамжлагч, Ханхүү нар бүгд энд байнга цуглаж  энэ орны хувь заяаг шийдэх бүх асуудлыг энэ ордон дотор хэлэлцэж шийддэг аж.
Буудлын үүднээс мотоциклчдоор хамгаалуулсан цуваанууд 15 минутын зайтай  хөдлөв. Машинд манай улсын төрийн жижиг далбааг (өөрсдөө урласан бололтой, соёмбоны хоёр талын босоо багана нь  харандаа шиг нарийхан болж, хөх өнгийг цэнхэр өнгөөр орлуулсан нь гандсан далбаа юм уу гэмээр болжээ) мандуулсан байв. Намайг  13.30 цагийн үед очиход Вангийн торгон цэрэг, Саудын Арабын гурван замын цэргийн болон аюулаас хамгаалах хүчний нэгдсэн хүндэт харуул жагсан их л сүрлэг угтлаа. Хүндэт харуулын дарга командаар сэлэмт ёслол үйлдсэний дараа надад рапорт өгөв. Би Вангийн нэгдсэн  хүндэт харуулын өмнүүр аажуухан алхсаар (миний баруун гар талд торгон цэргийн ахмад нь хамт  яваа) ордон руу эргэв. Ордны их хаалганы өмнөх довжоон дээр ГХЯ-ны Ёслолын газрын  захирал А.Аласкари угтан авч мэндчилээд цааш нь дагуулан орж Вангийн ордны хэрэг эрхлэх сайд, Вангийн Ёслолын дарга, Вангийн торгон цэргийн захирагч нартай танилцуулан цааш нэвтрүүлэв.
Урт саруул коридораар дамжин явах зуур баруун гарыг минь тусгай шингэнээр  ариутгуулав. Цааш хэд алхсаар уулзалтын нэгэн том танхимд ороход миний өмнөх 13 элчин сайд эгнээгээрээ сууж байна. Эр Риядад ирсэн он, сар, өдрөөрөө эгнэн суужээ. Энд бид бараг бүтэн цаг гаран саатлаа. Учир нь их үдийн мөргөлийн цаг тул Ван мөргөлдөө явжээ. Коран судрын уншлагын дууг өрөөгөөр нэг цууриатуулж байна. Мөргөлийн дуу дуусмагц ИЖБ барих ёслол эхэлнэ гэнэ. 14.30 цагийн үед мөргөл дуусч Иракийн Элчин сайд ахлаад дарааллаараа Вангийн албан тасалгаа руу цуваагаар алхлаа.
Итгэмжлэх жуух бичиг барих ёслолд Саудын Арабын Гадаад хэргийн сайд Эрхэм дээд ханхүү Сауд Аль-Файсал, Тагнуулын төв газрын захирал Эрхэм дээд ханхүү Мукран бин Абдулазиз, Вангийн зөвлөхүүд - Эрхэм дээд ханхүү Абдулазиз бин Абдалла бин Абдулазиз, Эрхэм дээд ханхүү Мансур бин Наасэр бин Абдулазиз, Эрхэм дээд эмир, доктор Бандар бин Сулейман бин Мухаммад Аль-Сауд, Эрхэм дээд ханхүү Абдулазиз бин Фахд бин Абдулазиз болон Сайд нарын зөвлөлийн гишүүн Төрийн сайд, Сайд нарын зөвлөлийн даргын хэрэг эрхлэх газрын дарга, Вангийн Ордны хэрэг эрхлэх сайд, Вангийн Ёслолын дарга, Вангийн торгон цэргийн захирагч, Гадаад хэргийн яамны Ёслолын дарга нар байлцав.

 Лалын ариун дагшин хоёр сүмийг хамгаалагч гэх авгайлал 

Элчин сайд нарыг явж ороход Саудын Арабын албаны бүх хүмүүс босч зогсов. Өрөөний голд  Ван, түүний зүүн гар талд  Гадаад хэргийн сайд, хэлмэрч зогсожээ. Бид дарааллаараа чигээрээ алхсаар Цог жавхлант Ван руу очиж найрсгаар мэндчилэн гар бариад гэдрэг 2 алхам ухраад хэлэх зүйлээ хэлээд бөхийсхийн ИЖБ-ээ гардуулах журамтай. Тэндээсээ зүүн гар тийш эргэж эгнээгээрээ суугаа Элчин сайд нарын суудалд эрэмбээрээ сууна.
Миний бие эл журмыг баримтлан Цог жавхлант Ван руу очиж гар бариад гэдрэг 2 алхам ухраад номхон зогсоод Вангийн нүд рүү эгцлэн харж, чанга дуугаар ёслолын чанартай үгсээ англиар хэлээд ИЖБ-ээ дугтуйнаас нь гаргалгүй үл ялиг тонгойсхийн гардуулав. Цог жавхлант Ван ИЖБ-г хүлээн аваад баярлалаа хэмээн хэлээд цааш нь өгсөний дараа би гэдрэг эргэж Элчин сайд нарын суудалд дарааллаараа хамгийн доод үзүүрт нь очиж суув. Дараа нь Ван албан ёсоор баяр хүргэж үг хэллээ. Итгэмжлэх жуух бичиг барьсан гадаадын 14 улсын Элчин сайд нараар уламжлан тус тус улсын Төрийн тэргүүн, Засгийн газар, ард түмнүүдэд сайн сайхныг ерөөж, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө Саудын Араб улс байх болно гэсэн ёслолын чанартай үгс хэлж байв. Хариуд нь Иракийн Элчин сайд биднийг төлөөлж арабаар ёслол талархлын үгс хэлэв. 15.00 цагийн үед ёслол өндөрлөж, бид анх цугларсан "Риядын хурлын ордон"-доо ёс төртэй хүргүүлсэн юм.
Саудын Арабт ИЖБ бариулдаг ёслолын дэг жаяг нь ихээхэн хүндэтгэлтэй, гэхдээ бага зэрэг өвөрмөц санагдаж байлаа. Наад зах нь  ИЖБ хүлээн авах Ванг авгайлах ёсон хүртэл дэлхийн жишгээс өөр юм. Тэрээр Саудын Арабын Ван, Ерөнхий сайд гэсэн албан тушаалтай боловч түүнийг Лалын ариун дагшин хоёр сүмийг хамгаалагч (Custodian of the Two Holy Mosques) гэж гадаадын Элчин сайд нар заавал нэрлэх ёстой юм байна. Улс даяараа тэгж нэрлэж байна. Нөгөө хоёр албан тушаалыг (уг нь гол албан тушаал нь) нь заавал нэрлэхгүй байсан ч болно гэнэ. 
Дашрамд сонирхуулахад Саудын Араб дахь Монголын ашиг сонирхол юу вэ хэмээн асуух албаны ганц нэг хүнтэй таарч байлаа. Манай олон тулгуурт гадаад бодлогын нэг гол чиглэл маань, Ойрхи Дорнод дахь манай гадаад бодлогын нэг гол тулгуур нь Танай улс, G-20-ийн гишүүн, Ойрхи Дорнодын нөлөө бүхий улс, дэлхийн газрын тосны 4-ний 1-ийг эзэмшдэг, ирээдүйн бүс нутгийн нэгэн гүрэн гэх мэт ярьж тайлбарлатал өмнөөс огт өөр хариулт хэлж байх юм.  Миний дурдсан хүчин зүйлс бол юу ч биш,  Лалын ариун дагшин хоёр их мечетийн өлгий нутаг шүү дээ. Та түүнийг эхлээд тэмдэглэх ёстой байсан юм даа гэх нь тэр. G-20-ийн гишүүн, дэлхийн газрын тосны 4-ний 1-ийг эзэмшдэг гэх баримтыг мэддэггүй юү, эсвэл мэдсэн ч мэдэрдэггүй юү гэмээр хүн тэр оронд нэлээдгүй байх бололтой.
ИЖБ барьсан 14 Элчин сайд нараас надад илүү анхааралтай хандах шиг санагдлаа. Учир нь Монгол Улстай дипломат харилцаа тогтоогоод удаагүй байгаа, бас анхных нь Элч төлөөлөгч гэдгээр тэгж хандсан болов уу. Маргааш нь хэвлэгдсэн сонинуудад миний зургийг дангаар нь хэвлэсэн ч харагдаж байв. ИЖБ барьсан тэр оройдоо тэдний ТВ-ийн сувгийн мэдээгээр биднийг, ялангуяа намайг хангалттай харуулна билээ.

 

                                                               -о0о-