Б.Баабар: С.Баяр чамайг арай хулхидахгүй байлгүй дээ!
Б.Баабартай уулзаж ярилцлаа.
Дифляцийг анх удаа биеэр мэдэрч байна
-Таны "Ерэннайман он" гэсэн цуврал хэзээ ном болж гарах юм бэ? Энэ бол news.mn-ийн хэрэглэгчдийн асуулт шүү.
-"Ерэннайман он" цуврал бол дангаараа ном биш. "Нүүдэл суудал"-ийн 5-р дэвтрийн нэг бүлэг, түүний нэг хэсэг нь.
-Тэгвэл "Нүүдэл суудал" хэзээ уншигчдын гар дээр очих вэ?
-Одоогоор мэдэхгүй байна.
-Эдийн засгийн хямрал болж байна. Танд энэ мэдрэгдэж байна уу?
-Мэдрэгдэлгүй яахав. Бүх хүнд л мэдрэгдэж байна. Чамд мэдрэгдэхгүй байна уу?
-Яаж мэдрэгдэж байна?
-Дөнгөж саяхан 37 хувийн инфляцитай байсан. Ганцхан хөрвөөд л дифляци болж байна. Инфляци биш бүр дифляци. Дифляцийг анх удаа биеэр мэдэрч байна. Манайд урьд нь дифляци болж байгаагүй юм. 1995 оныг санаж байна уу? Инфляци 360 хувьд хүрч байлаа. Өдөр бүр юмны үнэ нэмэгдээд. Засгийн газар сар бүр цалин нэмээд л, сүүлдээ цалин нэмлээ гэж хэлэхээ болиод "нөхөн олговор" гэх болсон… Инфляциас аюултай нь дифляци гэж онолын хувьд ярьдаг юм. Бид нар мэддэггүй байж. Одоо л мэдэж байна. Хүмүүсийн гар дээр мөнгө алга боллоо. Бүх юмны үнэ хямдраад эхэллээ. Бараагаа худалдаж байгаа хүмүүс мөнгөтэй болохын түүс болж байна. Юун ашиг машиг! Ядахнаа хагас мөнгийг нь ч гэсэн олж авах юмсан гэж байна. Бүх юм үнэгүйдэж байна. Хэрэглээний сагсанд 200 орчим бараа байдаг. Дифляци гэдэг чинь юм хямдраад байдаг, худалдан авагч байхгүй болохыг хэлж байгаа юм. Манайд яг л энэ болж байна. Дэлгүүрээр ороод үзээрэй.
-Харин ч зарим бараа, тухайлбал архи, махны үнэ өсөөд байна шүү дээ.
-Ямар ч хямрал дунд баталгаатай үйлдвэрлэл гэж байдаг. Энэ бол хүнс, эм хоёр. Ямар ч үед хүн хүнсээ авдаг, эмээ авдаг. Монголын онцлог болохоор согтууруулах ундаагаа бас үнээс үл хамааран байнга авч таарна.
-Цагаан сар болох гээд үнэ өсөөд байна уу?
-Баталгаат үйлдвэрлэлээс бусад бүх үйлдвэрлэл баларч эхэлж байна. Монголын хилээр 50-60 мянган бараа орж ирдэг байсан. Тансаг хэрэглээний бараа бол бүр зарагдахаа больсон байна. Хүнснээс хямд нь зарагдана уу гэхээс үнэтэйгээс нь хүмүүс татгалзаж байна. Лав жимс борлогдохоо больж.
-Энэ хямрал хэр удаан үргэлжлэх бол?
-Тэрийг чинь л мэдэж байвал сайнсан.
-Мэдэх боломж байхгүй юу?
-Байхгүй. Том эдийн засагчид 2008-2009 онд үргэлжилнэ гэж байна. Эдийн засаг өөрийн дүрэмтэй, инфляциа багасгах ч гэдэг юм уу, логиктой байлаа. Одоо тэр байхгүй болсон. Стандарт арга хэмжээ утгаа алдсан. Тэгэхээр ердийн арга хэмжээ явахаа больж байгаа хэрэг. Эдийн засаг сэргээд ирвэл хуучин арга руугаа орох байх л даа. Сая Ангела Меркель хэлж байна лээ. "Бидний эдийн засагт авч хэрэглэж байсан аргачлал нураад уначихлаа. Үүнээс гарах аргаа олохгүй байна. Шинэ аргачлал эмчилгээг 2009 онд олчих байх. Ингээд 10 онд эдийн засаг сэргэчих байх" гэж. Хямрал бол зөвхөн Монголын асуудал биш, дэлхийн нийтлэг зовлон болоод байна. Америкийн худалдаа руу интернэтээр ороод үзээрэй. Бүгд л нэгийг авбал хоёр, гурвыг нэмж өгнө гэсэн байгаа. Хүмүүс бараанаасаа салахын түүс болоод байна шүү дээ. Одоо болоод байгаа чинь санхүүгийн хямрал. Юм хямдраад ч хэрэг алга байна. Бараа гүйхээ болихоор яах вэ? Хамгийн түрүүнд үйлдвэрлэл зогсоно биз дээ. Хичнээн олон хүнийг ажлаас нь халж таарна биз дээ. Одоо дэлхий дээр өдөрт 80 мянган хүн ажилгүй болж байна. Уул уурхайн орон Чили дөнгөж сая 13 тэрбум долларын хөрөнгө оруулалтаа тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Интернэтээр ороод л харахад энд тэндгүй болж бүтэхгүй тухай мэдээ...
-Хямрал үргэлжлээд байвал яах вэ? Монголд юу болох бол?
-Энэ бол Монголын асуудал биш дэлхийн асуудал гэж түрүүн хэлсэн дээ. Дэлхийн эдийн засгийн хямрал Монголд нөлөөлөөд байна. Манай хамаг валютын орлогыг хангадаг байсан зэсийн үнэ уналаа. Ингэхээр Эрдэнэт хэрэглэсэн цахилгааны мөнгөө ч төлж чадахгүй байна. Яг 98 онтой адил. 98 онд Эрдэнэтээс цахилгааны өр болох гурван тэрбум төгрөгийг авчих юм бол наадмаар цалин тавьчих гээд байсан байхгүй юу, тэр үед.
-Та Сангийн сайд байсан үе үү?
-Тийм. Одоо Эрдэнэт долоон тэрбум төгрөгийн өртэй байна. Загнасаар байгаад гурвыг нь авсан. Одоо гурав гаруй тэрбумын өртэй гээд цахилгааны газрын дарга зурагтаар ярьж байна. Эд нар мөнгөө өгөхгүй бол цаашид бид эрчим хүч үйлдвэрлэхэд хүндрэл учраад байна гэж байна. Эрдэнэт яагаад мөнгөө өгч чадахгүй байна гэвэл зэсийн үнэ уначихсан. Тэгэхээр энэ чинь гадаад шалтгаантай байгаа биз? Ингэхээр зэсийн үнэ унахаар эрчим хүчний үйлдвэрлэл унаад цаашлаад явах нь. Даалууны эффект гэдэг юм. Даалуу босгож өрөөд нэгийг нь унагахад ар араасаа биенээ дэрлээд нурдаг шүү дээ.
-Сая эдийн засагчид ордонд хуралдаад гадаад гэхээсээ дотоод үрэлгэн байдал хямралд нөлөөлсөн гэж ярьсан?
-Үнэний тал бий. Чамд онигоо ярьж өгье. Хямрал нисэж явна гэнээ. Америк дээгүүр нисэнгээ "Эд овоо хөдөлмөрч юм гээч, босоод ирж байна шүү". Европ дээгүүр нисэнгээ "Ажиллаад байвал эргээд босож магадгүй болчиж". Тэгээд хямрал Монголын дээгүүр нисч. Тэгснээ дуу алдан "Энд би урьд нь ирээгүй юмсан, хэн нь ирээд ингээд сүйтгээд хаячихсан юм бол?" Бид сүүлийн 4-5 жил ингэтлээ үрэлгэн загнаагүй бол овоо хуримтлалтай болчих бололцоо байсан. Тэгсэн бол өдийд хавьгүй хөнгөн байх байлаа. Гэхдээ манай үрэлгэн байдлаас болж дэлхийд хямрал үүссэн гэвэл арай дэндэх байхаа.
О.Чулуунбат л ганцаараа эрүүл юм яриад байна билээ
-Одоо тэгэхээр бид дэлхийн эдийн засаг сайжрах нь уу гээд л хараад байж байх уу?
-Бидэнд гарах гарц байна.
-Ямар?
-Тодорхой юм яръя. Монгол Улсад дэлхийн бусад бүх улсын адил мөнгөний эргэлт үгүй болчихоод байна. Бид зах зээл рүүгээ мөнгө хийх хэрэгтэй байна. Хуучин бол зэсээ зардаг байж, гадаадад байгаа манайхан мөнгөө явуулдаг байж.
-Одоо?
-Одоо орж ирэх урсгал хаагдсан. Тэгэхээр өөрөөр яаж бид нар мөнгө оруулж ирж болох вэ?
-Танаас эргүүлээд асууя?
-Сая тэр эдийн засагчид чинь цуглаад хэмнэлтийг аврал гээд байна билээ. Хоёулаа энгийн тооцоо хийгээд үзье. Монголын эдийн засаг хэдхэн жилийн дотор бараг дөрөв дахин өссөн. Манай зах зээл дээр жилд бараг 4 тэрбум доллар эргэж байв. Гол шалтгаан нь түүхий эдийн үнийн өсөлт. Үнэ унангуут эргээд, за яахав бүдүүвчээр тооцоё, эргээд нэг тэр бум болжээ. Гэтэл тогоо маань дөрөв дахин томорчихсон. Улсын төсөв гэхэд сүүлийн арван жилд бараг 10 дахин өссөн юм шүү дээ. Энэ олон бүтэн болон дутуу барьсан барилгууд чинь тэр томорсон тогоон дотор эргэлдэж байсан. Хэт өсөлтөөс болоод халалт ч болж байсан. Эдийн засаг хэдхэн сарын өмнө байсан эргэлтийн овор хэмжээгээ нэхээд байна. Одоо тэр эргэлтэндээ эргэж орохын тулд шинээр 3 тэрбум доллар хэрэгтэй болж байгаа биз? Тоог би ойлгомжтой байлгахын тулд бүдүүвчилж авч байна шүү. Ингэхээр үлдсэн ганц тэрбумаасаа хэмнээд хэмнээд хэдийг гаргаж болох вэ? Тогоо 4 тэрбумыг нэхээд байдаг, бидэнд ганц тэрбум байна, эндээс их хэмнээд л 200 саяыг гаргаж ирнэ, энэ нь дутсан нийт хэмжээний өчүүхэн хэсэг. Хэмнэхийг буруу гээд байгаа юм биш, гагцхүү хэмнэлтээр хямралаас гарах бололцоогүй л гэж байна.
-Эдийн засагчид хуралдаж хуралдаж буруу дүгнэлт гаргажээ гэж үү?
-Би ярьж байхыг нь зурагтаар харсан. Ядарсан үедээ бусдад шулуулахгүйн тулд гадаадын хөрөнгө оруулалтыг хэсэгтээ хаая ч гэх шиг. Болдог бол тэднийг хямрал дуустал эргэлт авах эрхтэйгээр далдхан хорьчих юмсан. О.Чулуунбат л ганцаараа эрүүл юм ярьж байна билээ. Тэрийг нь ойлгож байгаа хүн ч алга.
-Тэгэхээр хямралаас гарах ямар арга байна?
-Энэ улайм цайм дутагдаад байгаа 2-3 тэрбумыг олж ирж эдийн засагт оруулах хэрэгтэй. Би цалин тавих тухай яриагүй шүү. Банкууд зогсолтонд орохоор нийгмийн цус гүйхээ больж эхэллээ, ингэхээр энэ цусны гүйдлийн тухай ярьж байна. Ингэхээр нэг нь зээлэх арга байна. УИХ зээл авахыг Засгийн газарт зөвшөөрлөө. Араас нь улс төрийн дарамт шахалт л ирэхгүй бол энэ арга мөн. Харамсалтай нь ийм даралт шахалт ирэх магадлал дэндүү өндөр. Дэлхий даяар мөнгөгүй болчоод байгаа болохоор хэн зээлэх билээ? Ямар зорилгоор? Зүгээр л биднийг өрөвдөөд үү? Балтын орнууд, Исланд энэ тэр биднээс ч өрөвдөлтэй болчихоод байна шүү дээ.
-Нөгөө арга нь?
-Хөрөнгө оруулалт. Бололцоотой зүйл нь ганцхан уул уурхай, ашигт малтмал. Энд гаднын хөрөнгө оруулалт орж ирэх алтан боломж бол нэгэнт өнгөрсөн. Гэхдээ бололцоо шавхагдаагүй. Оюутолгойд өнгөрсөн онуудад нэгэнт тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгдсэн. Ингэхээр гэрээ хийж чадвал том хөрөнгө оруулалтыг энэ жилээс хийж болох байна. Урьд нь бид янз бүрийн нөхцлөөр шахаж болж байсан бол одоо тийм бололцоо үгүй болсон. Миний бодоход энэ 2009 ондоо хэдий хэрийн хөрөнгө оруулалт хийх вэ гэдэг нь бидний зүгээс тавих гол шалгуур баймаар. Зөвхөн Оюутолгойд ондоо багтаад тэрбум долларын хөрөнгө оруулалт хийвэл хямрал туулахад мөн ч том тус болно доо. Бид нар 150 жилийн дараа хэдэн төгрөг алдах олохоо ярихын тулд эхлээд амьд үлдэх ёстой биз дээ. Эхлээд амьдар, дараа нь философид гэж аль дээр эртний ромчууд ярьдаг байсан юм шүү.
Таван толгойд мөн ийм гэрээ хийгээд энэ жилдээ багтааж тэрбумын хөрөнгө оруулалт оруулж ирэхээр бодъё. За яахав, ураан дээр бас 300 саяын хөрөнгө оруулалт авъя. Ингэж чадвал өнөө хоосорчихсон тогоогоо дүүргэдэггүй юм гэхэд нэлээд гайгүй болгоод авч байгаа биз?
-Бас өнөө хэмнэх гээд байгаа үрэлгэн зардлын 200 сая байна?
-Тийм. Ингээд энэ хоёр тэрбум доллар Монголын жижигхээн зах зээлийг эргүүлээд бужигнуулчих байхгүй юу. Тоног төхөөрөмжөө зөөнө. Галт тэрэг ачаагүй болчихоод байна гээд байгаа, тийм үү, өнөөдөр, тэд ажилтай болох нь ээ. Ажилтай болсон юм чинь хүмүүсийг ажиллуулнаа даа. Цалингий нь өгөөд эхэлнэ, тиймээ? Ганц Таван толгойн уурхайг дагаад 500-800 төрлийн бизнес гарч ирнэ гэсэн тоцоо байна. Төмөр зам, цахилгаан станц, цементийн үйлдвэрээс эхлээд уурхайчдын ажлын хувцас хүртэл ямар их бизнес байна гэж санана! Бидэнд хоол дутаад байгаа юм алга. Манай мал хэдэн мянган жилийн түүхэнд байгаагүйгээр 40 гаруй сая болчихоод байна. Бүх юм байхгүй байхад 90, 91 онд дан мах идээд болоод л байсан, тийм үү? Өнөөдөр бидэнд эдийн засгийг эргэлдүүлдэг мөнгө байхгүй болчихоод байна. Тэгэхээр хоёр тэрбум доллар манай эдийн засгийг эргүүлчихнэ. Магадгүй хоёр тэрбум доллар Орос, Хятад байтугай Москва Бээжин гээд том хотуудад юм болохгүй байх. Гэхдээ цөөн хүн амтай, даруухан хэрэглээтэй манай зах зээлд бол аврал. Хямрал хэзээ дуусах нь бид нараас хамаарахгүй. Харин хямралаа туулаад цаана нь гарч чадах эсэх нь биднээс хамаарна. Тэгэхээр өнөөдөр гаднын компаниудтай хэлэлцээр хийх нэгдүгээр утга учир бол 2009 онд хэдэн долларын хөрөнгө оруулалт хийх юм бэ гэдгээ ярих. Энэ бол нэгдүгээр үзүүлэлт. Оюутолгойг ашиглахад 5.5 тэрбум доллар хэрэгтэй, хамгийн сүүлийн үеийн тооцоогоор. Уг нь 3.5 тэрбум байсан юм. Нөгөө алт, мөнгөн үеийг нь өнгөрөөгөөд хаячихсан юм чинь, одоо яая гэхэв. 5.5 дөрвөн жилд орж ирнэ. Тэгээд хуваахаар эхний 9 сард нэг тэрбумыг оруулж ирж болно. Үүний дор хаяж 20 хувь нь Улаанбаатарт зарцуулагдана гэсэн тооцоо байдаг байхгүй юу.
Үүдэн дээрээсээ хөөгөөд байвал хоосон хоцорно
-Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад юу саад болоод байгаа юм бэ? Тохиролцож чадахгүй байна уу? Иргэний хөдөлгөөнийхний яриад байгаа шиг сул хоол өгчих гээд байгаа юм уу?
-Нэгдсэн нэг бодлого алга. Нэгдсэн нэг бодлого байтугай нэгдсэн нэг ойлголт алга. Хүн бүр өөр өөрийнхөөрөө ойлгоод. Ядахдаа Засгийн газар хийж байгаа ажлаа ард түмэндээ зөв ойлгуулах хэрэгтэй. Гэтэл Засгийн газрын тайлбар гэж алга. Төрийн тайлбар байхгүй болохоор хүн хүн өөр өөрийнхөөрөө гуйвуулаад байна. Энгийн жишээ хэлье л дээ. Монгол Улсын газрыг өмчлөх, эзэмших, ашиглах гээд гурван ойлголт байна, тийм үү?
-Аанхаа?
-Ашиглах онцгой эрх Засгийн газарт байдаг байхгүй юу. Өмчлөл нь манай ард түмнийх. Гэрээ хийхдээ Хүрэлбаатар юу гэж тайлбарласан гээч. Монголд юу ч ногдохгүй байхад нь би 34 хувийг авчирлаа гэж ярьж байсан. Гадаадад өмчлүүлэх тухай огт яриа байхгүй, энд. Гэтэл өөрөө ойлгохгүй байгаа байхгүй юу. Ашиглах эрх өөрт нь 100 хувь байгаа. Засгийн газарт шүү дээ. Ашиглах гэхээр өөрт мөнгө байхгүй бол хүнээр ашиглуулж болно. Өөрөө ашиглаж болно. Хамтраад ашиглаж боно. Ашиглаад ашиг гарна, тэр үед мөнгийг яаж хуваах тухай асуудал бидэнд байгаа. Уг нь Хүрэлбаатарын хийсэн гэрээгээр тэндээс шинээр бий болж байгаа ашгийн 55 хувийг Монголд ногдохоор хийсэн байхгүй юу. Үүнийгээ тайлбарлаж чадахгүй. Өөрөө ойлгоогүй юм чинь яаж тайлбарлахав дээ. Уг нь аймаар ашигтай гэрээ байгаа биз? Зүгээр сууж байгаад өмч эзэмшигчийн хувьд ашгийн 55 хувь нь Монголд ирнэ. Мөнгө гаргалгүй бий болж буй баялаг. Буруу тайлбараас буруу ойлголт гараад байдгийн жишээ энэ. Гэтэл Хүрэлбаатарын гурван жилийн өмнө хийсэн гэрээ одоо эдийн засгийн хүнд үед биелшгүй гэрээ болж байна. Зэсийн үнэ 9000 доллар байхад яригдаж байсан гэрээ шүү дээ. Одоо зэс 3000 доллар хүрэхгүй байна. Ойлгомжтой биз дээ?
-Хүрэлбаатарын буруу юу, тэгээд?
-Заавал хувь хүн буруутгаад яахав. Үүнд төр өөрөө буруутай. Юмаа зөв тайлбарлаад, эрхийнхээ дагуу шийдвэр гаргаад явах нь төрийн үүрэг. Юмаа тайлбарлахгүй, хүн гуйвуулчихаар тэрэнд нь татагдаад байдаг. Юманд чинь дараалал гэж чухал юм байна. Өнөөдөр энэ хямралын үед хамгийн чухал нэгдүгээрт юуг тавих, хоёрдугаарт юугаа тавих вэ гэдгээ тогтоох хэрэгтэй. Хүрэлбаатарыг гэрээ хийж байхад бид ирээдүйн хожоог нэгдүгээрт тавьж байсан гэж бодъё. Өнөөдөр бид дэлхий дахинд болж байгаа хямралыг даван туулах нь нэгдүгээр асуудал болчихоод байна. Үндэстнээрээ тураад үхдэггүй юм гэхэд эдийн засгаа нураагаад хаячихгүйн тулд. Нэг нурчихвал эргүүлж босгоход цаг нарнаас эхлээд маш их өртөг гарна шүү. Бидэнд өнөөдөр эдийн засгийг эргүүлдэг мөнгө хэрэгтэй байна.
-Та байсан бол юу хийх байсан бэ?
-Юутай ч гэсэн монголчууд бид цэнхэр хошноготой, Чингисийн удам гэж гүйхгүй. Бидний бөгсний өнгө хэнд ямар хамаатай юм бэ?
-Та бол ямар ч байсан гэрээ хийлгэх гээд байна тийм үү?
-Ерөнхийлөгч Энхбаярын зурагтаар ярихыг сонссон. Өнгөрсөн намар Казахстаны Назарбаев ирээд Энхбаярт хэлсэн гэнээ. "Та нар хөрөнгө оруулагчдыг оруулаад юмыг нь хийлгэчихээд дараа нь чангалаач. Үүдэн дээрээсээ хөөгөөд байхаар хоосон л хоцроно шүү дээ" гэж. Сайхан зөвлөгөө байгаа биз?
-Таныг Сангийн сайд байхдаа буруу гэрээ нууцаар хийснээс болоод Бороо гоулд Монголын хамаг алт эрдэнийг гадаадад зүгээр өгчихсөн гээд л шуугих юм.
-Наад асуудлыг чинь ойрд их шуугих болно. Оюу толгой, Таван толгойн гэрээг тасалдуулахын тулд Бороог муу үлгэр болгон тоглож байгаа хэрэг. Цаанаасаа захиалгатай юм. Нэг кино хийсэн, эхнийх премьер нь ТВ9-өөр гарна гэдгийг нь ч би мэдэж байгаа. УИХ-аас Засгийн газарт хоёрдугаар сарын 20-ны дотор гэрээ хий гэсэн. Энэ үеэр нөгөө киногоо гаргахаар аль хэдийнэ бэлтгэсэн байгаа. Монголд нууц юм гэж байдаггүй юм шүү дээ. Кино хийж байх явцад нь л оролцогчид нь надад авчирч үзүүлсэн. Баахан гүтгэлгийн монтаж. Харин харамсалтай нь "жүжигчид" нь хэний санхүүжилтэн дээр бүжиглэж буйгаа мэдэхгүй. Би мэднэ, түүгээрээ давуу. Санхүүжүүлэгчээ мэдэнгүүтээ тэд яах бол? Ер нь тэр "жүжигчид" нь үнэндээ бол газрын лицензтэй наймаачид шүү дээ.
1997 оны ашигт малтмалын хуулийн хавсралтыг Засгийн газар баталсан. Тэнд гэрээний загвар нь батлагдсан. Ингэхээр тэр загвараар гэрээ хийнэ үү гэхээс сайд ч юм уу цаад компани текст зохиож хийнэ гэж байхгүй шүү дээ. Хоёрт гэрээнд гарын үсэг зурахад бүх мэдээллийн хэрэгслэлийг урьж баяр ёслолын байдалтайгаар зурсан болохоос нууцаар зурна гэж юу байхав. Нэгэнт хууль байгаа болохоор гэрээ хийх нь миний үүрэг. Хуулийг хүн болгон биелүүлнэ, Засгийн газар бол хэрэгжүүлнэ. Ингэхээр биелүүлэхийн тулд Засгийн газар байдаг юм шүү дээ. Гуравт Би Английн компанитай зурсан, тэгэхэд ямар ч Канадын компани байгаагүй. Гэрээ ёсоор хоёр жилийн дотор хөрөнгө оруулалт орж ирэхгүй бол Газрын хэвлийн хуулийн дагуу хүчингүй болохоор заагдсан болохоор 2000 оноос хүчингүй, учир нь тэд 2003 оноос хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. Сүхбаатарын цайрт болон энэ Бороогийн ард тэр үеийн МАХН-ын эрх баригчид байсан, тэгэхээр би тэдэнд юм хийж үйлчлээд гүйж байсан байх нээ?
2001 оны 12-р сарын 26-нд алтны онцгой татварыг хүчингүй болгосны дараа Бороо гоулд хөрөнгө оруулж эхэлсэн нь харин хачирхалтай санагдаад байдаг юм. Хуулийн төслийг Содхүү оруулж Энхбаяр зохион байгуулж, Гунгаадорж, Алтай гээд 5 гишүүн Монголбанкны байраар шагнуулсан байдаг юм. Үүнийг би урьд нь зөндөө л хэлж байсан. Энэ онцгой татварыг үгүй болгосноор 100 сая долларын алдагдал гарсан байдаг. Нөгөө талаар Бороо гоулд орж ирснээр нийт 800 тэрбум төгрөгийн эргэлт гарсны 400 тэрбум нь Монголд зарцуулагдсан байдаг. Татвар, цалин гээд л явна. Ингэхээр тэр "жүжигчдийн" яриад байгаа тоо моо ч лоосуутай шүү. Энд гол нь Бороогоор жишээ аван гүтгэж байгаад Таван толгой, Оюу толгойн гэрээг тасалдуулах зорилго агуулж байгаа. Хэнд ийм сонирхол байх вэ?
Надтай улс төр тоглож яахнэв дээ. Би ямар сонгуульд үзэх гээд байгаа биш. Харин хэлэх үгээ би хаана ч хэзээ ч хэлнэ. Энэ эрхийн төлөө би түрүү нийгэмд шоронд ч орж байсан. Ийм үнээр олсон эрх чөлөөгөө би хэнд ч булаалгахгүй. Гэхдээ улс оронд нэг төгрөгийн хохирол учруулсан байлаа ч би тэрнийхээ хариуцлагыг хүлээх чадвартай. Зурагтаар мөнгөө төлөн төлөн орилж байхаар цагдаад хандмаар юм.
-Та түрүүн нэгдсэн бодлого алга, Засгийн газрын тайлбар ч алга гэсэн. Засгийн газар юу ч хийхгүй байгаа хэрэг үү?
-Засгийн газар харин сая зөв шийдвэр гаргалаа. Хууль хүлээхгүй гэрээ хийе гэж. Хууль гаргана гэвэл гурван жил хүлээж магадгүй. Би энд нэг тодорхой жишээ хэлмээр байна. Казахстан өнөөдөр хямраад хүнд байна. Нефть, хий, зэс, ураан, цайр, цинк гээд байгалийн баялгаараа амьдардаг ч, үнийн уналтаас болоод баларч байгаа. Гэхдээ нэг давуу чанар байна. Үйлдвэр байна. Үнэ унаж хүндэрсэн ч үйлдвэрүүд ажиллаж татвараа төлнө, газрын роялтигаа өгч байна. Гаднын хөрөнгө оруулалтыг оруулж ирчихээд шахаж байна. Гэтэл манайх хөрөнгө оруулалт үүдэн дээр нь ирэхээр түлхээд гаргачихдаг. 20-30 Эрдэнэт барих, босгох боломж байсан. Ганц байгаа Эрдэнэт эдийн засагт хичнээнийг эргүүлдэг билээ? Манай Асгатад хөрөнгө оруулна гээд бүтээгүй Оросын Полиметал компанийнхан одоо бөөн баяр хөөр явна. Монгол хүн харахаараа талархаад бараг л барьж авч үнсэх гээд байдаг бололтой. Монголын тал тэгэхэд зөвшөөрсөн бол тэд гурван сарын дотор хил дамнасан хар зам, өндөр хүчдэл татахаар төлөвлөчихсөн байжээ. Ингэсэн бол тэдэнд аймшигтай гарз, монголчуудад бурхны бэлэг болох байж. Полиметал одоо хямралаас болоод дампуурлын ирмэгт тулсан, гэхдээ Монголд хөрөнгө оруулчихсан бол бүр дампуураад алга болох байж.
-Хамгийн сүүлийн мэдээгээр Рио Тинто манай Засийн газарт санал ч юм уу, болзол тулгасан гэнэ. Ямар гэдгийг та мэдсэн үү?
-Лиценз эзэмшигч нь Рио Тинто биш Айвенхоу майнз юм шүү дээ. Айвенхоу майнз ойролцоогоор 4 тэрбум доллар босгосон байсан. Тухайн үеийн өртөг ийм тусч байсан. Одоо хямралаас болоод барих өртөг 5.5 тэрбум доллар болж, нэгдүгээрт. Хоёрдугаар асуудал Айвенхоу майнз өөрөө чадахгүй болоод байна. Чи Блүмбэрг рүү ордог уу?
-Манай сонин мэдээлэл авдаг л даа.
-Үнийн индекс байна. 10-р сарын 15-нд 600 сая доллартой болтлоо навс унасан. Нөгөө 4 шахам тэрбум доллар нь хямралаас болоод ингээд байхгүй болчиж буй нь энэ. Яг өнөөдрийн чи бид хоёрын ярилцаж байгаа цаг минутад 700 сая доллар байна. Энэ нь Оюу толгойг босгох нийт өртгийн хэдэн хувь бэ? 5,5-ийг 7-д хуваа даа.
-7 арай бага, 8 орчим.
-7x8=56. 8 дахин бага байна. Тэгэхээр Айвенхоу майнз чадахгүй. Бүх босгосон мөнгө нь аягүй бол хэдэн трактор бульдозор аваад дуусна. Рио Тинто дэлхий дээр хамгийн том уул уурхайн компани. Айвенхоу майнз бол жижиг шүү дээ. Миний бичсэн "Оюутолгой" гэж нийтлэл уншсан уу?
-Уншсан.
-Тэнд хамаг үнэн байдлыг бичсэн дээ. Айванхоу майнз компани Монголд ийм том орд нээж өгснөөр үе үеийн монголчуудын өмнө их буян болсон юм шүү дээ. Гэхдээ цааш энийгээ өөрөө ашиглаад хөгжүүлэх тэнхэл байхгүй.
-Таны тооцож байгаагаар ойрын үед гэрээг хийх боломж бий юу? Засгийн газар, Их хурал яах бол?
-Боломж байгаагаар барахгүй, байхгүй байсан ч энэ боломжийг бий болгохгүй бол энэ 2009 онд бид өвдөг сөхөрнө шүү.
Би зөвлөгөөг хэнд ч өгдөг
-Одоо хоёулаа жаахан "улстөржие". Хамтарсан Засгийн газрыг байгуулах саналыг таныг гаргасан гэсэн. Оросууд байж магадгүй гэхдээ Баабар л С.Баярт зөвлөсөн гэдэг юм билээ.
-Баярт би ч зөвлөөгүй, оросууд ч зөвлөөгүй байлгүй. Орос бид хоёр ч бас юу юм билээ! Гэхдээ би зөвлөгөөг бол ер нь хэнд ч өгдөг шүү дээ. Хэрэв миний зөвлөгөө хэрэгтэй болоод асуувал. Бүх улсуудад. Сонингоор ч, радиогоор ч өгдөг. Ингэвэл дээр, тэр нь дээр гэхчлэн. Аль ч юманд л бололцоотой гарц байгаа бол тэрийг хэлдэг.
-Таны зөвлөгөөг бүх хүн авах уу?
-Авах хүн ч байна, авахгүй хүн ч байна. Бүр өсөрхөөд эсрэгээр хийдэг гарууд ч цөөнгүй. Гэхдээ миний зөвлөгөө ихэнхдээ зөв л байдаг юм даа. Сүүлийн 20 жил бичиж байсныг минь эргээд уншаарай. Сайн бол хоёр жил эсэргүүцээд л сүүлд нь өнөөдүүл чинь хэлж байсныг минь өөрийн үг болгочихсон постулат маягтай давтаж явдаг юм. Гэхдээ би зохиогчийн эрх булаацалдаад байгаа юм биш шүү дээ.
-Хамтарсан Засгийн газар байгуулснаар хожив уу, алдав уу?
-Дэлхий даяараа энэ хямралтай тэмцэж байна. Энэ бол нийтийн дайсан. Цааш гүнзгийрвэл манай танайгүй завьтайгаа хөмрөнө. Ганц манайх ингэж байгаа юм биш гэж дээр хэлсэн дээ. Цаана чинь Обама хамтарсан Засгийн газар байгуулаад байна. Засгийн газарт нь БНН-ын хоёр хүн байгаа биз дээ.
-Хамтарсан Засгийн газар байгуулах үед эдийн засгийн хямрал мэдэгдээгүй байсан. Гэхдээ далд бол эхэлсэн л байсан юм билээ. Банкууд зээлээ багасгаад эхэлсэн байдаг?
-Хямрал ноднингийн мөржингөөс эхэлсэн шүү, тэгэж яривал.
-Ноднингийн 3-4-р сараас тийм үү?
-Бугшиж бугшиж 9 сараас ил болон дэлбэрсэн.
Тэр үед Ардчилсан нам "үхсэн" байсан
-Хамтарсан Засгийн газар байгуулаад Ардчилсан нам алга болчихлоо гээд байна. Таныхаар Ардчилсан нам байгаа юу?
-Ардчилсан нам байхгүй болсон үе чинь 2000-2005 он. Хэдэн дуракууд тамгаа булаацалдаад би дарга болно, чи болохгүй гэж гүйгээд хачин юм болоо биз дээ. Өөрийнхөө хүнийг нэр дэвшүүлчихээд нам нь унагах гээд. Намын үүр, хороод руугаа Энхсайханыг битгий дэмж гэж бичиг явуулж байсан. Тэд нар нь тараах материалыг нь шатааж байсан байгаа юм. Энэ үед Ардчилсан нам бүр "үхсэн". Яах гэж нам байдаг юм? Сонгуульд оролцож ялалт байгуулж, засгийн эрх барихын тулд байдаг юм байгаа биз дээ. Марк цуглуулагчдын гол сонирхол марк цуглуулах бол улс төрийн намын гол сонирхол сонгуульд оролцох баймаар. Гэтэл сонгуульд хүнээ ялагдуулах гэж оролцож байлаа. Би 2000 оноос хойш улс төрийн амьдралд орохоо байсан. Гэхдээ Ардчилсан намын гишүүн. Ардчилсан намын төлөө саналаа өгнө. Миний үүрэг чинь тэр шүү дээ. Өнөөдөр яагаад Ардчилсан нам байхгүй гэж байгаа юм? Нам байхгүй болсон үе чинь Н.Энхбаярын засаглалын үе дэх тэр увайгүй, элэг авмаар байсан тэр л үе байсан байх. Одоо бол хамтраад засаг байгуулаад байгаа биз дээ. Үйл ажиллагаагаа явуулаад л байгаа биз дээ. Нам муу ажиллаж байна гэвэл харин шал өөр хэрэг.
-Та сая 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үед Ардчилсан нам ямар элэг авмаар байсныг ярилаа. Одоо Ерөнхийлөгчийн сонгууль болно. Тэр түүх давтагдах юм биш үү? Алтангадас, МоАХ-ийнхан тэмцэлдэж эхэлсэн гээд байна.
-Би ямар үзмэрч биш, яаж мэдэхэв. Дэвшүүлсэн хүнийхээ араас тийм бичиг явуулбал бас л тийм юм болох байлгүй. Гэхдээ нам өөрийнхөө үндсэн үйл ажиллагааг явуулах байлгүй дээ.
-Та УИХ-ын сонгуулийн өмнө таамаг дэвшүүлээд байсан. Ерөнхийлөгчийн сонгуулийг ч гэсэн таамагла л даа.
-Сонгуулийн дараа ийм юм болох болов уу гэж таамаглаж "Наадам болохгүй найр болно" гэж бичиж байсаан. Энэ бол үзмэрдэлт биш шүү дээ. Тогтолцоо маань ийм болчихсон учраас боломжит үр дүнг л таамагласан хэрэг.
-Түүн шигээ Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ч юм уу, дараа юу болох бол гэдгийг хэлж болно шүү дээ?
-Сонгууль болохоо больчихоод байна шүү дээ. Ард түмний сонголтоор асуудлыг шийдэхгүй, тойргийн хорооныхон л шийддэг боллоо. Сүлжээ бүх асуудлыг шийддэг боллоо, яг үнэндээ. Саяны сонгуулиас харахад Хан-Уул дүүргийнхэн ардчилсан талынх юм уу? Баянгол дүүргийнхэн хувьсгалт намынхан юм уу? Тэгэж яривал Хан-Уулынхан чинь урьдын судалгаанаас харахад хамгийн ху баримжаатай хүмүүс байхгүй юу.
-Тэгээд Хан-Уулынхан энэ удаа яагаад ардчиллыг дэмжсэн гэж?
-Тэнд ху намын байгуулсан сүлжээ нь уначихсан байхгүй юу. Нөгөө Загджав нь яваад, хоорондоо хэрэлдээд, Загджавт ар гэрийн гачигдал гарч хөөрхий амьтан сонгуулийн үеэр Ховд руу явчихсан. Сүлжээ нь алга болчихоод сонгуулийн шөнө гэрэл таслах хүнгүй болчихсон. Тэгэж яривал баянголынхон чинь хамаагүй ардчилсан үзэлтэй улсууд. Хэн нь ямар талаа дэмждэгтээ биш, хаана сүлжээ ажиллаж байна, сүлжээг хэн барьж байна түүнээс л хамаарна. Сонгууль чинь ийм болчихоод байна.
-Сая С.Эрдэнийг шүүхээр оруулж авилгын хэргээр шоронд хийчиж байгаа нь бас л сонгуультой холбоотой бололтой?
-Үнэхээр хулгай хийгээд тэр нь нотлогдсон бол яллагдах ёстой л байх л даа. Гэтэл энд өөр юм ярьж, өөр юм хийгээд байна. Нэг гайгүй жипний үнийн хэртэй юм яриад байнаа даа. Гэтэл цаана нь гайгүй тийрэлтэт онгоцны хэмжээний юм хусчихсан олон хүн бий. Би л лав айдаггүйгээрээ бишгүйдээ нэгийг нь нэрлэж, үйлдсэн хэрэгтэй нь бичиж байсан. Би ямар матаач биш, гомдол гаргаад гүйгээгүй л дээ, гэхдээ нийгмийн шудрага ёсны зарчмын үүднээс хэлмээр санагдаад байдаг юм. Хууль адикват байх ёстой. Эрдэнэд 6 жил өгч байгаа юм бол цаана нь цаазаар авахуулах норм биелүүлчихсэн олон хүн байна. Энд асуудал авлигадаа биш сонгуульдаа байна. Гол зорилго нь сонгуулийн дүнг өөрчлөх. Шүүхийн тогтоолын гол зорилго Эрдэнийн бүлгийнхэн сонгуулийн дүн засчээ, уул нь Баяртсайхан ялсан юм гэж хэлээд байна шүү дээ. Авилгын асуудал нь хавсралт юм даа. Үүний тулд Нямдорж зориуд Увсаас хүн авчирч шүүх хурал хийлгэсэн гэцгээх юм. Дахиад адикватаа ярья. Сонгууль улайм цайм булхайддаг явдал 2000 оны сонгуулиар анх "албан ёсны" болсон. "Бат-Үүл Зоригийг алсан нь тогтоогдсон учир сонгож болохгүй" гэсэн заавар Сэлэнгэд очиж байлаа. Ингээд улаандаа гарч гэгээн цагаан өдрөөр сонгуулийн хайрцгийг аваад мотоциклаар зугтааж байсан явдал 2000 онд Сэлэнгэд гарч байв. Тэд шийтгэгдэх байтугай хөхиүлэн урамшуулагдаж байсан.
-Тэгвэл ерөнхийлөгчийн сонгууль хийгээд хэрэггүй юм биш үү? Хувьсгалт намын сүлжээ байсаар байгаа юм чинь. Тэгээд ч хямралтай байна, Ерөнхийлөгчийн сонгуульд дөрвөн тэрбум төгрөг зарцуулна.
-Тэгэж магадгүй гээд сонгууль хийхгүй байх гэж үү? Төрийн тэргүүнгүй байх юм уу? Засгийн газаргүй байх юм уу? Эндээс сонин асуудал гарч ирж байна. Төр оршин тогтнох, төрийн ардчилсан хэлбэр орших хоёрыг хооронд нь холиод байнаа даа?
-Сонгууль хийх ёстой юм бол дээр үеийнх шигээ МАХН-аас нэг хүний нэр дэвшүүлээд л сонгууль хийсэн болохгүй юу?
-Худлаа байна уу, үнэн байна уу хамаагүй, төр улс байх ёстой юм бол сонгууль хийх л учиртай. Эсвэл сонгууль хийхгүй, Буш гуай тэнд тэтгэвэрт гарчихлаа гээд уриад аваад ирэх үү? Сонгуулиа шудрага болгоё, ардчилсан байя гэж байгаа бол нэг хэрэг, олигтой сонгууль хийж чадахгүй учраас ерөөсөө төргүй болоод тарчихая, тараачихая, байхгүй болгочихоё гэж байгаа бол бас өөр хэрэг, тийм үү?
-Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болъё гээд яриад байсан. Болохгүй юм уу? Мөнгө төгрөг хэмнээд.
-Монголд хууль өргөн барих эрхтэй 78 субъект байдаг. 76+Засгийн газар+Ерөнхийлөгч. Үүнийг өөрчлөх бол Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах ёстой. Ард түмнээр хэлэлцүүлнэ гээд л ярих юм. Ард түмнээр хэлэлцдэг юм гэж юу байх вэ. Бололцоогүй зүйл. Одоогоос 2500 жилийн өмнө Герегт улс гэж байгаагүй хотууд гэж байсан. Афиныхан бодож олсноор бүгдээрээ хотын захад очиж асуудлаа хэлэлдэг байж. Сүүлдээ хотын захад багтахаа болиод дундаасаа төлөөлөл сонгодог болсон. Ингэж төлөөлөх ардчилал үүссэн юм. Одоо ард түмнээрээ хууль хэлэлцдэг юм гэж хаана ч байхгүй. Саяхан Швейцарьт ард түмнээрээ хэлэлцэж туршсан. Компьютерийн систем ажиллуулаад хүн бүрийн саналыг авч. Жилд 40 орчим асуултанд иргэд хариулна. Улс орны амин чухал асуудлаар. Утгагүй юм байна гэдэг нь харагдсан. Ямар ч ойлголт байхгүй, ямар ч сонирхолгүй хүнээс юу олж сонсох вэ? Ардчилал гэдэг чинь нийгмийн тодорхой идэвхтэй хэсгийн оролцооны асуудал болохоос массаар нь хамруулах тухай биш юм. Найруулагч Милош Форманы "Хөхөөний үүрэн дээгүүрх нислэг" /Оne flew over the cocoo`s nest/ гэж кино үзсэн үү?
-Үгүй.
-Ээ! Тэнд галзуугийн больницод өвчтөнүүд зурагт үзэх эсэх тухай санал хураалт явуулдаг юм. Өвчтөнүүд зурагт үзнэ гээд. Сувилагч нь дарангуйлагч. Ингээд асуудлыг шудрага сонгуулиар шийдэхээр болно. Сувилагч шахсаар байгаад огт ухаан мэдрэлгүй хэвтрийн өвчтөнүүдийг санал хураалтанд оруулна. Тэд ойлгох байтугай гар өргөх чадваргүй учир татгалзсанд тооцож сувилагчийнхаар шийддэг. Зарчим нь санал өгөх нь бүх хүний эрх, гэхдээ оролцох эсэх нь тухайн хүний хэрэг. Солонгост орон нутгийн сонгуульд нийт сонгогчдын 18-20 хувь сонгуульд оролцдог аж. Манайд орон нутгийн сонгууль хүчингүй болж бөөн юм боллоо. Дараагийн сонгуульд улам цөөн болно, яана? Ач холбогдол багатай орон нутгийн сонгуулийн ирцийн кворумыг өөрчлөх хэрэгтэй. Нийгмийн идэвхтэй хэсгийн саналын олонхи гэж байхаас ямар ч сонирхолгүй хүнийг түлхэж оруулаад санал өгүүлдэг байж болохгүй байхгүй юу.
Бидний үе өөрчилж амжихгүй
-Та дараагийн ерөнхийлөгчийг ямар хүн байгаасай гэж бодож байна вэ?
-Дараагийн ерөнхийлөгчийг парламентаасаа сонгогдчихдог, нас тогтсон, элдэв юм руу хутгалдаж ордоггүй, Монгол Улсын Үндсэн хуулинд заасны дагуу Засгийн газар, шүүх гэхчлэн олон ажил руу ордоггүй, нейтраль, улс төрийн намуудын арганд ордоггүй, нөлөөнд автдаггүй Монгол Улсын төрийг төлөөлдөг тийм хүн байгаасай гэж бодож байна. Манай улсын Ерөнхийлөгчийн албан тушаалын үндсэн логик чинь төлөөлөх эрхэнд байгаа юм. Элчин сайдыг томилдог, жуухыг нь өгдөг, авдаг. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүн таслах гурван өндөрлөгийн гаргасан шийдвэрийг төрийн өмнөөс төлөөлөн танилцуулдаг, сурталчилдаг, хэлдэг, дамжуулдаг. Яг Германы ерөнхийлөгч шиг. Энэ үндсэн логик үүргээ ойлгодог, тэр хэмжээгээ барьдаг хүн байгаасай гэж бодож байна. Манайд чинь "двойная власть" буюу давхарласан засаглал буй болчихоод байна шүү дээ. Тухайн асуудлыг нэг харахад хэн ч шийддэггүй юм шиг. Шийдэх болохоороо шамбааралдаад завааралдаад бүгдээрээ шийдэх гэж дайрдаг. Энэ улсын төрийг алаад байгаа юм чинь энэ! Тодорхой биш. Ямар хүн Ерөнхийлөгч, ямар хүн Ерөнхий сайд, ямар хүн шүүхийн дарга болсноос юм нь хамаардаг. Хүнээс хамаарах ёсгүй байхгүй юу. Машин нь ажиллаж байх ёстой юм. Хүнээс хамаардаг болоод л төрийн нэгдсэн бодлого, нэгдсэн механизм байхгүй болчихоод байна. Эрх үүрэг нь тодорхой биш. Хэн хариуцах нь тодорхой биш. Шийдэх болохоороо өөр өөрийнхөөрөө шийдчихээд хариуцлага хүлээх болохоороо бүгдээрээ байхгүй болчихдог. Ийм байна.
-Манай Ерөнхийлөгч шүүгчдийг томилох эрхтэй гээд хуулинд заасан байгаа. Ер нь их эрхтэй гэж та хэлэх гээд байна уу?
-Бүх юм руу орно. Орохгүй юм гэж байхгүй. Шүлэг уншсан ч ивээн тэтгэж байдаг, бөх барилдсан ч ивээн тэтгэж байдаг. Миний тоолсноор сүүлийн 4 жилд 200-гаад арга хэмжээг ивээлдээ авах шив, ивээхээрээ ч яадгийм! Тэр нь яахав дуртай юм гэж бодоход гүйцэтгэх, шүүн таслах эрх мэдэл рүү дуртай үедээ хутгалдаж институцийн өмнөөс шийдвэр гаргах, шахах, нөлөөлөх нь арай ч хэтэрлээ.
-Эрх мэдлээ хэтрүүлээд байгаа юм уу, тэгээд?
-Хууль нь өөрөө тодорхой биш юм. Тодорхой зааж өгөөгүй байхгүй юу. Тодорхой бус болохоор шургаж ордог сайхан нүх хаанаас л бол хаанаас олдог. Зөвшилцөх гэдэг үг байгаа. Юу гэсэн үг юм бэ? Тэрүүгээр тоглоод эхэлдэг байхгүй юу. Би зөвшөөрөхгүй гээд л болоо. Ер нь манай тогтолцоо, хуулийн логик төлөвшөөгүй байгаа.
-Хэзээ, хэрхэн төлөвших бол?
-Тиймээс ч бүх л юм болохгүй бүтэхгүй болоод байгаа байх. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэж бий. Энэ бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд хор хөнөөл болох асуудалд улсын нууцыг мэддэг хүмүүс зөвшилцөөд энэ дээрээ бодвол яасан юм бэ гэсэн зөвлөмж гаргадаг газар. ҮАБЗ дээр одоо хэлэлцэх асуудал гээд 150 гаруй асуудал овоорчихсон байна. Өөртөө таалагддаггүй, хутгалдаж болох, мөнгө төгрөгөөр рекэтлэх юм байвал ҮАБЗ-өөр оруулна гээд гацаачихдаг. Энэ төрийн машиныг гацаадаг сайхан арга болчихоод байгаа. Яаралтай шийдэх олон асуудал, газрын зөвшөөрөл лиценз гээд тэнд Монголын бүх асуудал байгаа. Шийдэхгүй буюу шийдүүлэхгүй байна гэдэг чинь рекэтэлж байгаагийн нэг хэлбэр шүү дээ. Эрх үүргийн нарийн хуваарлалт байхгүй учраас хариуцлагын тогтолцоо байхгүй болчиж байгаа юм. Ингэхээр хэн ч хариуцлага хүлээхгүй юм чинь гацаах, сүрдүүлэх зэрэг аргаар эрх мэдлийг эрх үүрэгтэй газраас нь салган өөр рүүгээ хандуулж болдог юм. Бид хаа хаанаа амьдарч байгаа нийгмийнхээ логик зарчмыг ойлгохгүй мэдэхгүй байна. Энэ бүх тогтолцоо дэлхий дээр цоо шинээр хийж байгаа юм биш. Түмэн бэрхшээл зовлон туулаад өөрийн төгс төгөлдөр хэлбэр рүү орсон байгаа. Бид зөв логикыг ойлгож, зөв орчуулах тухай асуудал л байна. Тэгэхгүй бол бид асуудал болгонд тав, зургаан дугуй шинээр хийн угсраад байна. Сүүлдээ хаалга үүдээр орох ч аргагүй боллоо, тойроод битүү дугуйтай. Аль талаараа явах юм бүү мэд, тийм ээ.
-Үүнийг хэн өөрчлөх вэ?
-Үүнд цаг хугацаа хэрэгтэй байхаа. Яагаад гэхээр болдоггүй юм байна гэдгийг ном, сониноос уншиж, эсвэл очиж үзэж болно. Гэхдээ ийм юмыг арьс махан дээрээ амсаж байж л ойлгодог бололтой юм байна. Тэгэхээр дор хаяж нэг хоёр үе өнгөрөх ёстой бололтой. Өнөөдөр бидний үе үүнийг хийж чадахгүй, ойрын 20, 30 жилдээ үүнийг өөрчлөх боломжгүй. Энэ маань ерөөсөө өнгөрлөө баларлаа гэж байгаа юм биш, цаг хугацаа их шаарддаг юм байна гэдгийг л хэлж байна. Одоо байж байгаа юмнууд бүгд авахын аргагүй юм болоод Монгол Улс сөнөчих гээд байгаа юм алга. Төлөвших шатан дээрээ явж байгаа зүйл. 50 жилийн дараа бол инээдтэй харагдах зүйл байх л даа. Унаад, өнхрөөд, онхолдоод, шороо тоостой холилдоод л, баас шээстэйгээ хутгалдаад ингэж явж байж л энэ нийгэм чинь төлөвшинө. Хурдан болчихдог юм биш бололтой. Харин нийгмийн дэвшлийн хувьд хурдан байгаа шүү. Магадгүй хэт халалттай, хурдан байх шиг байна. Техник технологийн дэвшлээ хүний сэтгэлгээ нь гүйцэхгүй байна. Байгуулж байгаа нийгмийнхээ үндсэн логикт жижигдээд, тэрнийхээ хурдыг гүйцэхгүй ойлгохгүй байна. Нэг талаас бодоход арга ч үгүй. Ердөө 50 жилийн өмнө бид бүгдээрээ хонь хариулаад л явж байсан шүү дээ. Төлөвшсөн нийгмүүд өнөөгийн төвшиндөө очихын тулд хэдэн зууныг туулсан. Гэхдээ алсын утгаар нь бол би их өөдрөг бодолтой шүү. Болноо, болж л таараа!
Би ерөнхийлөгч болбол хээнцэрдэх байлгүй
-Яриа маань нийгмийн болохгүй бүтэхгүй юм руу аяндаа орчихож. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай гээд байгаа хүмүүс байна. Н.Энхбаяр, С.Баяр, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж гээд л. Энэ хүмүүс дотор таны хүсээд байгаа хүн байна уу?
-Мэдэхгүй. Баяр дэвшихгүй гэж хэлсэн биз дээ?
-Тийм л дээ. Гэхдээ нам итгэл хүлээлгэж байхад, би уг нь дэвшихгүй гэсэн юм, гэтэл болсонгүй гээд дэвших ч юм уу гээд яриад байна л даа.
-Чамайг хулхидаад дэвшчиж магадгүй гэж үү? Үгүй байх аа.
-Бүр МАХН, АН хоёр нийлээд дэвшүүлэх гэж байгаа юм биш үү?
-Баярыг олон жилийн өмнөөс мэдэх юм байна. Хэлсэндээ байдаг хүн шүү дээ. Хотын соёл гэж байдаг юм. Хэлсэндээ байдаг. Монголын уламжлалт нэг хөдөө маягийн юм байдаг л даа. За үгүй нь мэдэгдэхгүй. Болбол жижиг юман дээр ч хулхидах гээд л. Баяр 40 мянгатад өссөн, зодоон цохион ч хийж яваа биз, гэсэн ч хэлсэндээ хүрдэг байхгүй юу. Хэлсэндээ байх сайхан шүү дээ.
-Одоогийн Ерөнхийлөгч Н.Энхбаярыг ахин нэр дэвшээд ялах байх гэж хэн хүнгүй ярьж байна. Таны хэлээд байгаа сүлжээг бодсон ч тэр. Яах бол?
-Ямар л ард түмэн байна, тийм л төр байна шүү дээ. Ямар л хүүхэн байна өөртэйгөө таарсан нөхөртэй болно биз дээ. Траншейны архичин оны мисс хүүхэнтэй суух бололцоо бий юу? Их хурлын хэдэн гишүүн өөрснөө сонгож гаргаж ирчихээд араас нь хараагаад л. Өөрснийх нь байж байгаа царай нь л тэр шүү дээ. Тэр Бат-Эрдэнэ, тэр Арвиндаа сонгогчид нь таарсан л байгаа шүү дээ. Өөр хэнийгээ сонгох гээв?
-Та Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэхгүй юм уу?
-Би юу даа? Гоёдох байлгүй! Хээнцэрдэнэ. Дэндүү шудрагадана, дэндүү ухаантайдана, дэндүү зөвдөнө... өөрөөр хэлбэл хэн ч намайг сонгохгүй.
-За за. Гэхдээ та асуултаас битгий зайлсхий л дээ. Та Ардчилсан намын гишүүн. Танай намаас хэн дэвших бол? Ерөнхийлөгч болох шалгуурт нийцэх хэн байна вэ?
-Мэдэхгүй.
-Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж нарын тухайд? Э.Бат-Үүл их зөв юм яриад байгаа ш дээ. Хуучин АИХ-ын чуулган гэж байсан даа.
-Зөв санаа шүү, тэр АИХ байгуулна гэдэг. 1990-92 онд туршаад үзсэн. Байнгын ажиллагаатай биш. Жилдээ ганц хуралддаг. Засгийн газар байгуулах, төсөв батлах зэрэг асуудал дээр хуралддаг. Манай энэ УИХ бүх юмыг шийддэг аймаар газар болоод байгаа. Энд даруулга өгдөг газар хэрэгтэй байгаа юм. Эргээд бодоход УБХ, АИХ дэгтэй байсан байна лээ. Японд дээд танхим гэж бий, хуучин сайд нараас бүрдэнэ. Англид Лордын танхим гэж байх. Лордын танхим бараг хэзээ ч хуралдахгүй. Хэдэн гишүүнтэйгээ ч мэдэхгүй. Лав 6 мянга гаруй гишүүнтэй байх. Онц үед давхиж ирээд нийтийн танхимдаа шахалт үзүүлээд, наадах чинь болохгүй гэх жишээний. Даруулга л юм даа. Түүнээс биш тэд хууль тогтоодоггүй. Ингэхээр 400 хүнтэй байнгын бус дээд танхим байгуулбал ард түмний төлөөлөл өргөжинө. Манайд ард түмний санал гэж их ярьдаг. Яг үнэндээ тэр ард түмэн гэдэг чинь хаа байгаа хэнийг хэлээд байгаа юм бэ?
-Улстөрчдийн хэлдэг гоё үг.
-Яг тийм. Гоё үг. Үнэндээ бол нохойд барьдаг мод шүү дээ. Ард түмэн өөрдийгөө төлөөлөх өргөн төлөөлөлтэй л байх ёстой. Ард түмний шийдвэр гэж юу юм бэ? Монголын ард түмний 90 хувь нь ийшээ, 10 хувь тийшээ гэвэл алийг нь ард түмэн гэх вэ. 10-ийг ард түмэн гэх үү, 90-ийг нь ард түмэн гэх үү. 90-ийг нь ард түмэн гэвэл 10-ийг нь яагаад хасаад хаяж байна гэсэн асуулт үүснэ. Иймээс л ард түмний гэхээсээ олонхийн шийдвэр гэсэн ойлголт байдаг. Нэг талаас үнэхээр ард түмэн гэж бий, гэвч нөгөө талаас ард түмэн гэхээр хийсвэр ойлголт болчихдог. Шударга гэдэгтэй адил үг. Юуг шударга гээд байгаа юм бэ? Хүн хүн өөрийнхөөрөө тайлбарладаг. Тиймээс хуулийн хэллэгт шударга гэж байдаггүй юм шүү дээ. Хуулийн хүрээнд, хуулиас гадуур гэхчлэн тодорхойлно.
-Сүүлийн үед Ерөнхийлөгчийн засаглалтай болно гэж хүмүүс ярих боллоо. Хуулийн төсөл санаачилсан ч гэх шиг. Тухайлбал Путин шиг хүн Монголд хэрэгтэй гэх маягийн зүйл ч сонсогдох боллоо. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Хүмүүс гэж хэн, хэдэн хувь, ямар хүмүүс байгаа юм бэ? Дахиад л нөгөө ард түмэн гэдэг шигээ юм яриад уналаа. Ер нь бол төрийн ямар ч сайн шийдвэрийг хүн амын 25 хувь заавал эсэргүүцдэг юм гэнэлээ. Ер нь тэгээд тэр Путин чинь хаана байгаа юм? Энхбаяр уу? Путиндээд л сууж байна шүү дээ, одоо бас ямар эрх мэдэл нь дутчаав? Олгосон байтугай олгоогүй эрхийг эдлээд сууж байгаа нь чамлалттай байна уу?
-Энэ яриа төдий л зүйл байх гэж үү?
-Үгүй байх. Ямар засаглалтай байхыг эрх бүхий хүмүүс л шийднэ. Эрх бүхий хүмүүсийн дунд тийм үзэл дэлгэрсэн гэж бодохгүй байна. Хуулийг өөрчлөх, бий болгох, тогтоох, мөрдүүлэх үүрэг бүхий улсуудыг булхайтай ч байна уу, булхайгүй ч байна уу сонгуулиар гаргаж ирсэн биз дээ. Тэр улс шийдэх болохоос нэг нөхөр зурагтаар байн байн ярьж байгаад шийддэг асуудал биш. Үргэлж тийм юм байх болно. Тэр хүн тэрийгээ илэрхийлэх бүрэн эрхтэй. Ер нь Ерөнхийлөгчийн засаглал гэж юуг ойлгоод байгаа юм? Улсуудын ярьж байгааг хараад байхад Ерөнхийлөгчийн засаглал гэж хаант засаглалыг ойлгоод байгаа байхгүй юу. Хаан гэдгийгээ л Ерөнхийлөгч гэх юм билээ. Абсолют монархизм гэж байдаг. Тэрийг л Ерөнхийлөгчийн засаглал гэж ойлгоод байгаа юм. Үнэндээ хамаг юмаа хариуцуулаад, сайн хүн олж тавина гээд инээдтэй юм яриад байх юм. Бид парламентын засаглал ерөнхийлөгчийн засаглал гэж яриад байгаа чинь гүйцэтгэх засаглалаа шууд сонгох уу, дамжуулж сонгох уу гэдэг асуудал юм. АНУ-д Обамаг сонгоно гэдэг шууд Засгийн газрыг сонгочихож байгаа хэрэг. Тэр өөрөө засгийн газраа үзэмжээрээ бүрдүүлнэ. Парламентийн засаглал гэдэг нь парламентаа сонгуулиар бүрдүүлээд тэндээсээ Засгийн газраа томилдог. Ерөнхийлөгчийн засаглалтай үед гүйцэтгэх засаг шууд сонгогддог бол Парламентын засаглалтай үед гүйцэтгэх засаг дамжин томилогдож байна. Ерөнхийлөгчийн засаглал гэж яриад байгаа улсын мөрөөдөөд байгаа тэрхүү абсолют монархизм чинь өнөөгийн ертөнцөд цөөхөн газар байгаа. Оманд байгаа байх. Саудын Арабт байгаа биз дээ. Тэр бол бүтэхгүй байх аа. Манайд абсолют монарх дахиж бий болохгүй байх.
-Сэдвээ жаахан өөрчилъе. Сүүлийн үед долларын ханш өслөө. Юу болоод байна вэ? Монголбанкны ерөнхийлөгчийг сольчихвол бараг буурах юм яриад байсан. Улам л нэмэгдээд байдаг?
-Биднээс өөрөөс болсон юм их бий. Саяын хэдэн жил бид их цамаархлаа. Засгийн газрууд мөнгөөр ёстой нэг туйлсан шүү дээ. Гадаадын хэд хэдэн хөрөнгө оруулчихсан, уул уурхайнуудаа ашиглачихсан, хүүхдийн, гэр бүлийн мөнгө гээд тараалгүй улсын эрсдлийн санд нэг тэрбум доллар цуглуулчихсан, Монголбанкаа шахаж элдэв юм бололгүй 3-4 тэрбум долларын нөөцтэй болчихсон байх л байлаа. Бид чинь уул нь даруухан хэрэглээтэй даржин ард түмэн байлаа даа, уг нь.
-Та Сангийн сайд байсан. Манайд эдийн засгийн урт хугацааны төлөвлөгөө, бодлого гэж байдаг юм уу ер нь?
-Бид нарын ерөнхий зорилт улам дэвжин дээшлэх, өсөх, хөрөнгө чинээтэй болох. Энэ чинь л чиг хандлага юм шүү дээ. Бүх улс оронд ийм. Түүнээс биш тэдэн онд нөөцийг тэгнэ, валютын ханшийг ингэнэ гэсэн юм байхгүй. Тэгэж төлөвлөх бололцоогүй. Бололцоогүй болохыг нь энэ хямрал харуулж байгаа биз дээ? Цогц бодлого гээд хачин юм хийсэн л байна билээ. Бас л өнөө мундаг хүний ивээл дор! Мөрөөдөж болно, хүсэж болно, харин тэрийгээ тулгаж болохгүй. Үе үеийн Засгийн газрууд нөхцөл байдалдаа тохируулж л урагшлах болохоос хүний мөрөөдлийн жагсаалт биелүүлж явах учиргүй. Хөгжинө, дэвшинэ, урагшлана, баяжина, боловсроно, эрүүлжинэ, хүн амын амьдралыг дээшлүүлнэ гэсэн зорилт чинь л өөрөө өнөө ерөнхий бодлого чиглэл төлөвлөгөө чинь шүү дээ.
-Гэхдээ өрхийн төсвөө барьдаг би ч гэсэн энэ сард тийм зарлага гаргана, ирээдүйд хүүхдээ сургуульд оруулах учир мөнгө хураана гэх мэт төлөвлөлт хийдэг байхад манайд байсхийгээд л солигдоод байдаг Засгийн газрууд таг харанхуйгаар зөвхөн өөрсдийнхөө нэр хүндийг бодсон алхам хийгээд байгаа нь манай эдийн засгийг улам дампууруулаад байгаа юм биш үү?
-Манай төр төлөвлөгөөгүй учраас дампуураад байгаа юм бишээ. Түрүүний хийснийг нь дараагийнх нь нурааж цоо шинээр амьдрал эхлэх гээд байдаг нь дампуурал руу чирж байна. Хуримтлал буй болгох, эрсдэлийн сан байгуулах, инфляцаас сэргийлэх, нөөцөө нэмэгдүүлэх, боловсролыг дэмжих энэ тэр чинь төлөвлөгөө биш зарчим. Үе үеийн хаанахын ч төрийн баримтлах зарчим. Манай аль ч Засгийн газар өмнөхийнхөө бүх юмыг үгүйсгээд нураадаг ч гэсэн энэ ерөнхий зарчмыг юутай ч баримтлаад л байгаа шүү дээ.
Ярилцсан С.ГАНТОГОО