Г.Отгонбаяр

УИХ-ын гишүүн, Зүүний хүчний холбооны дэд ерөнхийлөгч Ц.Батбаяртай ярилцлаа.

-Чуулганы завсарлагаанаар ямар ажил амжуулж байна вэ, тойрогтоо ажиллав уу?

-Тойрогтоо нэлээд ажиллалаа. Голдуу хотын хөгжлийн талаар ярилцлаа. Улаанбаатар бол Монгол Улсын хөгжил, хувь заяатай салшгүй холбоотой.  Нийслэлийг хөгжүүлэхгүйгээр Монгол Улс хөгжихгүй. УИХ нийслэлтэй холбоотой гурван дөрвөн том асуудал шийдсэн. Үүний нэг нь “Шинэ Улаанбаатар” түр хороо байгуулсан явдал. Түр хороо хоёр үндсэн чиглэлээр ажиллана. Хамгийн түрүүнд Улаанбаатар хотын эрхзүйн орчныг шинэчилнэ. Улаанбаатар өнөөдөр Монгол Улсын нийслэл байж зээл авах, бонд гаргах эрхгүй. Улсын нийслэл, 1.3 сая хүн амтай хот байж статус нь нэг аймагтай л адилхан. Хамгийн олон хүн амтай аймаг нь Хөвсгөл байх. 120 мянган хүнтэй. Гэтэл эрхзүйн хувьд 1.3 сая хүнтэй хот, 120 хүнтэй аймаг хоёр адилхан статустай байна. 20 мянган хүнтэй хороо хоёр мянган хүнтэй сумтай адилхан байж болохгүй л байхгүй юү. Хоёрт, эдийн засгийн тулгамдсан асуудал нийслэлд их байна. XXI зууны улсын нийслэлд гэрэл цахилгаангүй айл олон байна. Зарим газар гурван км явж байж худаг усандаа хүрч байна. Гэрээсээ 5-10 км явж сургууль цэцэрлэгт хүүхдээ хүргэж өгөх жишээтэй. Ядахдаа 500 метрийн радиус дотор худаг гаргамаар байна.

-Шинэ Улаанбаатар түр хороо ахлагчаа томилж чадсан уу. АН-аас С.Эрдэнээ гишүүн, МАХН-аас та хоёр л өрсөлдөөд байгаа сурагтай?

-Чадаагүй ээ. Чуулган эхлэнгүүт томилох байх. С.Эрдэнээ гишүүн бид хоёрын дунд  асуудал байхгүй. Дүүрэг, хотын даргаар ажиллаж байсан, төр захиргааны байгууллагын ажлын туршлагатай таныг би хувьдаа дэмжинэ гэдгээ С.Эрдэнээ гишүүн хэлсэн. Харин намуудын дунд л улстөржилт байх шиг байна. УИХ-д Бүртгэлийн түр хороо гэж бас байгуулсан. Энэ хоёр хорооны даргыг МАХН, АН нэг нэгээр нь авна гэдэг зарчмаа тохирчихоод чухам аль нам нь алийг нь авахаа шийдэж чадахгүй гацчихаад байх шиг байна.   

-Худаг уснаас илүү хотын агаарын бохирдол хамгийн их санаа зовоож байгаа юм биш үү. Энэ талаар ямар ч ахиц гарахгүй юм?

-Хот нь битүү утаатай, иргэд нь уушгины өвчтэй бол нийслэл мянга хөгжөөд нэмэргүй. Нийслэлийн хөгжлөөр нийслэлийн иргэдийн эрүүл мэндийг нөхөхгүй. Иймд агаарын бохирдлыг шийдэх нь нийслэлийг хөгжүүлэхээс чухал. Энэ тал дээр сүүлийн дөрвөн жил дараалан ярьсан ч, ахиц гарсангүй. Дорвитой шийдсэн ч юм алга.

-Уг нь бол мөнгө төсөвлөөд л байдаг. Гэтэл төсөвлөсөн мөнгө нь нэмэгдэхийн  хэрээр утаа улам л ихсээд байх юм?

-УИХ, Засгийн газраас дорвитой хөрөнгө тавьсан юм байхгүй ш дээ. Хоёр тэрбум төгрөг тавилаа л гэж байна. Хүн харахад л их мөнгө ч, яг утааныхаа эсрэг зарцуулахаар бага л даа. Ихэнхийг нь тодорхой газруудад агаар хэмжигч энэ тэр аваад л дуусчихаж байгаа байх. Жилдээ ядаж 50-иад тэрбум төгрөг төсөвлөөд явбал дор хаяж таван жилийн дараа нийслэлийн агаарын бохирдлыг арилгана гэсэн мэргэжилтнүүдийн тооцоо байдаг юм. Дэлхийн улс орон бүр л агаарын бохирдолтой тулгарч байсан. Англи, Япон, Франц гэхэд 8-10 жилийн хугацаанд агаарын бохирдлоо арилгасан. Манайх хүн ам цөөтэй учраас үүнээс цөөхөн жилд агаарын бохирдлоо арилгах боломжтой. Хамгийн гол нь хөрөнгө. Утааг багасгах хоёр л арга бий. Алс хэтдээ гэр хорооллыг орон сууцжуулах. Ойрын үед бол цахилгаан эрчим хүчний халаалтаар хотын утааг багасгах. Дэлхийн ихэнх улс орон эрчим хүчний энэ аргыг хэрэглэсэн байдаг.

-Хоёр тэрбум төгрөг бага мөнгө гэж дээ, төсвөөс гадна хот өөрөө бас мөнгө төсөвлөдөг биз дээ?

-Хотоос мөнгө байхгүй ээ. Хотын мөнгийг улс авчихдаг юм. Хот 2009 онд гэхэд зуу гаруй тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Үүний 67 тэрбумыг нь улс аваад, хатуухан хэлбэл талаар нэг тараачихсан. Энэ нь ганцхан 2009 оны тохиолдол биш. Жил бүр ингэж ирсэн. Уг нь хуулиар бол хүн амын орлогын татварын орлогыг орон нутаг нь авах эрхтэй. Гэтэл хотыг салгаад улсад төвлөрүүлчихсэн. Хэрвээ энэ мөнгө эргээд хотдоо шингэдэг байсан бол өнөөдрийн Улаанбаатар арай өөр өнгө төрхтэй байх байсан. Утаа ч ийм хэмжээнд хүрэхгүй. Өнөөдөр улсын төсвөөс орон нутгийн нэг хүнд сая төгрөг ногдож байгаа. Гэтэл улсад өгөөд хотод үлдсэн төсвийг  нийслэлийн 1.3 сая иргэндээ хуваахад нэг хүнд  60-70 мянган төгрөг л ногддог.

-Таны харж байгаагаар хотын утаа, хотын хөгжлийн талаар ирээдүйтэй бодлого энэ Засгийн газарт байна уу?

-Шууд хэлэхэд алга. Хангалттай ярьж л байна. Жишээ нь, 2010 оны улсын төсөвт утаанд зориулсан ганц ч төгрөг байхгүй. Хотоос хэмнэж байж таван тэрбум төгрөг тавьсан. Түүгээр ТЭЦ-II-т нүүрсийг дахин боловсруулах үйлдвэр барьж эхэлье гэж байгаа. Үүнээс өөр мөнгө байхгүй. Тэгсэн хэрнээ утаа яриад л байгаа байхгүй юу. Утаагаа арилгаж чаддаггүй юмаа гэхэд ядаж сонгуулийн амлалтаа биелүүлмээр байна. Бид сонгуульд оролцоод явж байхдаа ард түмэндээ тодорхой амлалтууд өгсөн. Цалин, тэтгэврийг гурав дахин нэмэгдүүлнэ. 1.5 сая төгрөг олгоно гэсэн. Сонгуулиар МАХН ард түмний итгэлийг авч олонхи болсон. Засгийн газраа дангаараа байгуулах бүрэн боломжтой байв. Гэтэл намын удирдлагуудын зүгээс “амлалтаа биелүүлэхийн тулд хамтрахаас өөр аргагүй” гэсэн. Одоо хоёр жил өнгөрлөө. Хамтарсны ашиг тус гэж амьдрал дээр мэдрэгдсэн юм алга. Хамгийн сүүлд 2007 онд М.Энхболдын Засгийн газрын үед л цалин тэтгэврийг нэмсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл ганц ч удаа нэмсэнгүй. Гэтэл юмны үнэ яаж өссөнийг дарга цэрэггүй бүгдээрээ мэдэж байгаа. Сая л 70 мянган төгрөг өглөө. Ямар ч гэсэн 1.5 сая төгрөгийн амлалтаа эхлүүлж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ 1.5 сая төгрөгөөр цалин, тэтгэврийг гурав дахин нэмэгдүүлнэ гэсэн амлалтаа хааж болохгүй. Ард түмэн мартахгүй шүү дээ.

-Сонгуулийн бүрэн эрхийн хугацаа 50 хувьдаа орж байна. Гэтэл амласан 1.5 сая төгрөгийнхөө арван хувийг ч бүрэн өгөөгүй байдаг. Үлдсэн хугацаанд амжих уу. Тэгээд дээр нь цалин тэтгэврийг гурав дахин нэмнэ гэдэг бүр ч үнэмшилгүй сонсогдож байна?

-Нам амласан л бол өгөх ёстой. Үүний тулд шийдэх асуудал олон бий. Хамгийн түрүүнд ашигт малтмалын лицензүүдийн асуудлыг цогцоор шийдмээр байна.  Лицензүүдийн олонхи нь гаднын хүмүүсийн гарт байдаг. Яахаараа монголчууд юмны сүүл байх ёстой юм. Адаглаад эх орондоо толгой байж болдоггүй юм уу.  Дэлхийн аль ч улс орон дотоодын хөрөнгө оруулагчаа дэмжиж байж л хөгжсөн. Гаднын компанийн дэмжлэгээр хөгжсөн улс орныг би мэдэхгүй юм. Өнөөдөр өөрийн оффисыг Улаанбаатарт барьчихсан гаднын томоохон компани байна уу, байхгүй. Бүгдээрээ түрээсийн байртай. Нэг л өдөр гараад явчихна. Явахдаа Монголын баялгаар босгосон мөнгөө аваад л явна. Монголын компани бол тэгэхгүй. Төр засгаас чадалтай залуусаа, үндэсний компаниудаа дэмжсэн шиг дэмжмээр байна. Миний уншсанаар стратегийн ордынхоо 51 хувийг гаднынханд өгч байсан улс орон байдаггүй юм байна. Дандаа 49-өөс доош өгдөг. 51 хувь бол төрдөө, өмчийн эзэндээ үлддэг юм байна. “Айвенхоу майнз”-ын Фрийдланд гэж нөхөр чадалтай боловсон хүчнүүдийг хөлсөлж аваад л Монголын баялгаар өөртөө мөнгө босгож байна. Тэгвэл монголчууд бид өөрсдөө яагаад ингэж чаддаггүй юм. Сайн мэргэжилтнүүдийг монголчууд, Монгол Улс яагаад хөлсөлж болдоггүй юм.  Фрийдландын менежментийг монголчууд хийж чадна ш дээ.  

-Тэгэхээр стратегийн бүх ордын лицензийг буцааж төрийн мэдэлд авах ёстой юу?  

-Тэгэх ёстой. Тэгж байж баялгаараа мөнгө босгоно, улсаа хөгжүүлнэ. Дээр нь менежментээ өөрчилмөөр байна. Одоо бид стратегийн ордуудаа нэгтгэсэн төрийн өмчийн компани байгуулна гээд байгаа шүү дээ. Энэ бол алдагдал л авчирна. Ийм компани байгуулбал “Эрдэнэт”-ийн өрөөсөн дугуй л болно. Улстөрчдийн, бүлэглэлүүдийн шахааны газар л болно. Уул уурхайн бодлогоо оновчтой, өмчийн эзэнд, Монголын нийт иргэнд ашигтай байхаар тодорхойлмоор байна. Тэгэхгүй бол 51-ээс дээш хувийг эзэмшсэн гаднынхан болон хувийн хэвшлийнхэн  Монголын баялгаар тоглоод дуусах нь. Жишээ нь, Өмнөговьд байгаа орон нутгийн өмчит жижиг Тавантолгой байна. Тэнд орон нутгийн иргэдэд аятайхан харагдахын тулд нутгийн хишиг нэрээр Өмнөговийнхонд амсуулах төдий хүртээгээд нийт монголчуудын өмчийг хэдхэн хүн эзэмшиж байна. Сүхбаатарын Цайрын орд дээр гэхэд гаднынхан тэр хавийн айлуудын нэг сарын цахилгааны төлбөрийг даах маягаар Монголын өмчийг монголчуудынх нь нүдэн дээр цөмлөөд дууслаа.

-Гишүүд ингэж ярилцлага өгөхдөө, телевизийн камер харахаараа их сайхан ярих юм. Тэгсэн мөртлөө энэ яриа нь амьдрал дээр хэрэгжихгүй юм. Төрийн бодлогод тусдаггүй юм уу, эсвэл өөр шалтгаан байна уу?

-Төрийн бодлогын төвшинд бол ярьж байгаа. Гэхдээ олонхи бодлогоо боловсруулж асуудлаа шийдээд явдаг учраас тэр болгон төрийн бодлогод тусахгүй байна.

-Та чинь өөрөө олонхийн нэг гишүүн шүү дээ?

-Харьяалах намаараа олонхи ч, тэр дотроо цөөнх байж болно ш дээ. Зарим асуудал дээр үзэл бодлын хувьд би цөөнх болдог. Улстөрийг багаар тоглодог учраас олонхио хүндэтгээд л, олонхийнхоо шийдвэрийг дагаад явж байна л даа.  

-Та ер нь хамтарсан засгийн ажилд сэтгэл дундуур байгаа юм байна, тийм үү?

-Нэгэнт ард түмэн итэл өгсөн л бол МАХН тэр итгэлийг дах ёстой. Түүнээс бус, ард түмний итгэлийг хэн нэгэнтэй хуваалцах эрх байхгүй. Тэр утгаараа би анхнаасаа  хамтарсан Засгийн газрын эсрэг байсан. Энэ бодол одоо ч хэвээр. Манай намын даргын үг байгаа шүү дээ. Хүлээх хариуцлагатай минь дүйцэх эрх мэдлийг өгнө үү гэж намын Их хурал дээр хэлж байсан. Тэрэн шиг ард түмнээс хүлээлгэсэн хариуцлагатай дүйх эрх мэдлийг МАХН эдлэх л ёстой. Хариуцлагаа ч хүлээх ёстой. Жишээ нь, өнөөдөр асуудал тавихаар Сангийн сайд нь АН-ын хүн учраас мөнгө байхгүй гэдэг ч юм уу, хүндрэл гардаг.

-Засгийн газар чинь кабинетын зарчмаар ажилладаггүй юм уу, Ерөнхий сайд нь танай нам шүү дээ?

-Хэчнээн кабинетын зарчимтай ч, салбарын сайд бол салбарын сайд. Ерөнхий сайд Засгийн газрын тэргүүн ч аль нэгэн сайдынхаа эрх мэдэлд шууд халдах эрхгүй шүү дээ. Би хотын дарга байхдаа Засгийн газрын хуралдаанд суудаг л  байсан. Ерөнхий сайд нь хөрөнгө гарга гээд байхад Сангийн сайд үгүй гэсэн бол гаргадаггүй л юм билээ. Би үүнийг амьдрал дээр биеэрээ мэдэрсэн.  

-Ер нь бол засагт хамтарсны үр дүн алга уу?

-Юун дээр гарсан юм?

-Жишээ нь, Оюутолгойн гэрээг хамтарсны хүчинд л баталлаа гээд байгаа биз дээ?

-Оюутолгойн гэрээг тэгж ард түмэнд ашигтайгаар баталж чадсан юм уу. Гэрээг батлаад мөрдөж эхлээгүй байхад л янз бүрийн хэл ам гарч, хөрөнгө оруулагчид нь гэрээ батлахаас өмнө ярьж хэлж байснаасаа буцаад эхэллээ. С.Баярцогтын сүр болгоод байгаа зуун сая доллар бол үнэндээ ард түмний нуруун дээр ирж байгаа, хойч үед, С.Баярцогтын, миний хүүхдийн төлөх өр шүү дээ. Уг нь илүү сайн гэрээ байгуулж болох л байсан. Би чуулган дээр олон удаа хэлсэн. Бараагүй. Тийм учраас би гэрээ баталсан ёслолын чуулганы хуралдаанд ч ороогүй.

-Одоо цаашид улстөрийн хүрээнд хамтарсан Засгийн газрыг задлах тухай асуудал ярих уу, Та?

-Үүнийг манай намын Бага хурал шийднэ. Бага хурлын гишүүний хувьд би асуудал тавина. Хэрвээ бид түрүүлж ярихгүй бол хэдэн сар, магадгүй жилийн дараа АН-ынхан өөрсдөө хамтарсан Засгийн газраас зугтаад гарна. Хамтарч ажиллах гэж үзлээ, үнэхээр МАХН-ынхан чинь болдоггүй юм байна гээд л гарна. Сангийн сайдаас хамгийн их хариуцлага нэхдэг, асуудал тавьдаг нь С.Бямбацогт, Ч.Даваасүрэн бид хэд шүү дээ. Магадгүй, энэ хүмүүс эсэргүүцсээр байгаад эдийн засгийн асуудлаа шийдэж чадсангүй гэж С.Баярцогт хэлээд явна. Тийм учраас, цаг алдахгүйн тулд Бага хурлаар ярихаас өөр арга байхгүй. Хоёр жилийн хугацаанд сайн ажиллаад үзье, МАХН юу хийж чаддагаа харуулъя. Тэгээд чадсан үгүйгээ   2012 онд ард түмнээрээ шүүлгэе. Өнөөдрийнх шиг олонхи ч үгүй, цөөнх ч үгүй, хамтраад яваад байхаар ард түмэн 2012 онд алин дээр нь дүн тавих юм бэ. Үнэлье гэхээр цөөнх алга, хариуцлага хүлээлгэе гэхээр олонхи алга.  

-Намын дарга-Ерөнхий сайд хоёрыг нэг болгох асуудлыг бас Бага хурлаар ярих уу?

-Намын их хурлын тогтоол бий. Намын дарга Ерөнхий сайд байна гэж. Энэ тогтоол нэг хүнд хэрэгжээд нөгөөд нь хэрэгжихгүй гэсэн юм байж болохгүй. Тэгэхээр ярьж л таарах байх.   


-Энэ хоёр албан тушаалыг нэг болгоно гэдэг нь одоогийн Ерөнхий сайдыг намын дарга болгох уу, эсвэл намын даргыг буцаад Ерөнхий сайд бол гэх үү?

-Намын даргын асуудлыг Их хурал шийднэ. Ерөнхий сайдын асуудлыг Бага хурлаас шийднэ. Тэгэхээр намын Их хурлаас олонхийн санал авсан нь л энэ хоёр албаа зэрэг хашаад явах ёстой.

-Өнөөдөр намын дарга Ерөнхий сайд хоёр тусдаа явснаас болоод намын, эсвэл  засгийн ажил цалгардсан, удирдлагын хомсдолд орсон юм байна уу. Нөгөөтэйгүүр С.Баяр дарга Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ намынхаа Бага хуралд ч танилцуулсан. Тэр үед нь намын даргын асуудлыг давхар шийдэж болоогүй юм уу. Одоо эрүүл мэндийн шалтгаанаар эзгүй байх хойгуур нь албан тушаалаар нь оролдох нь хүний ёсонд ч муухай биш үү?

 -Засгийн газарт ямар байгаа юм, мэдэхгүй. Намын хувьд ямар нэгэн доголдол одоохондоо алга. Гэхдээ улстөрийн сонгууль ойртох тусам ийм цалгардал цаашид  гарахыг үгүйсгэхгүй. Сонгуулийн амлалттай холбоотойгоор намын зүгээс гарч байгаа улстөрийн шийдвэрүүдийг засгийн ажилтай уях, маневр шаардсан юмнууд их гарна. Тэр бүхэнд эрх мэдэл нэг хүнд байх нь илүү хэрэгтэй. С.Баяр даргыг би хүнийх ч, улстөрчийнх нь хувьд ч хүндэтгэдэг. Гэхдээ би асуудлыг нийгмийн олонхийн төлөө л ярьж байна. Хувь хүнтэй нь холбоогүй. Нөгөө талаас С.Баяр гэж хүн намын даргаа өгч, Ерөнхий сайд С.Батболд намын дарга болох ёстой ч гэж хэлээгүй. Хэн байх нь хамаагүй, зарчмаа бариад, намын Их хурлынхаа тогтоолыг биелүүлээд намын дарга-Ерөнхий сайд хоёр нэг хүн байх ёстой л гэж байгаа юм.  

-Намын дарга Ерөнхий сайд хоёрыг нэг байлгах нь МАХН-ын эрх ашиг биш, энэ шалтгаанаар улстөрийг хөдөлгөөнд оруулах гэсэн эрх мэдлийн төлөөх танай нам доторхи бүлэглэлүүдийн л сонирхол юм биш үү?

-МАХН олон бүлэглэлтэй гэдэгтэй би санал нийлдэггүй. Миний хувьд МАХН бүхлээрээ л нэг бүлэглэл. Үүнээс жижиг эрх ашгийн төлөө бүлэглэл гэж манай намд байдаггүйд би итгэдэг учраас наад асуултад чинь хариулж мэдэхгүй юм.

-Таны дэд ерөнхийлөгчөөр нь ажилладаг Зүүний хүчний холбоог МАХН доторхи хамгийн хүчтэй бүлэглэл гэдэг. Улстөрийн ажиглагчид ч тэгж хардаг?

-Зүүний хүчний холбоо бол МАХН-ын бүтцийн байгууллага биш. Энэ бол Монголын нийгмийн төлөө ажиллах зорилготой, улстөрөөс үл хамааралтай төрийн бус байгууллага. Гишүүдийн олонхи нь нам бус. Харин удирдлагад нь байгаа цөөн хүн л МАХН-ын гишүүнчлэлтэй. Тэдгээр хэдхэн хүнээр төлөөлүүлэн Зүүний хүчний холбоог намын байгууллага мэтээр хардаад байгаа юм. Хариуцлагатай нийгмийг байгуулах, үүний тулд орон нутагт эрх мэдлийг нь олгоё гэдэг зарчмын төлөө ажиллаж байгаа төрийн бус байгууллага.  

-МАХН-ын дэргэдэх МАСЗХ-ноос насны босгоор шахагдсан хүмүүс л Зүүний хүчний холбоог байгуулаа биз дээ. Магадгүй холбооны жирийн гишүүд нь төрийн бус байгууллага гэж боддог ч, удирдлага нь энэ холбоог улстөрд л ашигладаг юм биш үү?

-Тийм юм байхгүй ээ. Манай холбоонд 18-70 насны янз бүрийн хүмүүс бий. Бид бүгдээрээ нийлээд орон нутгийн хөгжил, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх гэсэн гурван үндсэн зорилготой. Энэ зорилгоо биелүүлэхийн тулд бид аль ч нам, төрийн байгууллагатай хамтарч ажиллана. Монголоо хөгжүүлье, тэр тусмаа орон нутгийг хөгжүүлье гэж байгаа ямар ч байгууллагатай хамтарна. Жишээ нь бид удахгүй үндэсний аюулгүй байдлын асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзана. Уулзах саналаа тавьчихсан байгаа. Удахгүй ирэх сардаа багтаад орон нутгийн хөгжил, орон нутагт санхүүгийн эрх мэдэл олгох талаар бүсчилсэн уулзалтуудыг цувралаар зохион байгуулна. Төлөвлөсөн ажил олон бий.