Эдийн засгийн амьдралд гарсан өнгөрөгч долоо хоногын нэгэн чухал үйл явдал бол Засгийн газар дөрвөн сар хүлээсэн “Айвенхоу Майнзын” гэрээндээ Их хурал дахь намаас авсан зарчмын зөвшөөрөл байлаа.


Ямар ч гэсэн энэ мэдээ Нью Йоркийн бирж дээр Айвонхоу Майнз компанийн хувьцаа эзэмшигчидийн хувьд хөрөнгийх нь үнэлгээг (хувьцааны үнэ) гуравны нэгээр өсгөсөн сайхан мэдээ боллоо.


Харин Монголчууд бидний хувьд “Оюу толгой” төслийн 34 хувийг нь Засгийн газар эхлээд төлбөргүй авах, түүгээр ч байрахгүй хөрөнгө оруулагчаас урьдчилгаа авах, төлбөрөө өөрт ноогдох ашгаасаа дараа нь наад зах нь 10 жилийн дараа буцааж хүүгийн хамт төлөх гэж байгаа нь тийм таатай мэдээ мөн үү?! Ёр нь хувьцаа эзэмшихийн эдийн засгийн цаад утга нь юу вэ?; бидэнд өөр сонголт байна уу?; яавал энэ гэрээг хурдан хийж ажлыг нь эхлүүлэх вэ? зэрэг асуултууд тулгараад дөрөв дэхь наадмынхаа нүүр үзэж байна.


Зарчмын хувьд дэмжигдээд байгаа 34 хувийг нь эзэмших хувилбар Монголчуудын хувьд хамгийн сайхан мэдээ биш. Гадаадынхан хөрөнгө мөнгөө оруулан Оюу толгойг олж, нөөцийг нь тогтоосон ч манай баялаг учраас бид өөрсдөө ихэнхи хувьцааг нь эзэмших ёстой, тэгж л байж бүх орлого зарлагыг нь хянана, ашгаа ч хуваана гэж ярьдаг. Хувьцаа эзэмшинэ гэдэг нь эдийн засгийн утга агуулгаараа хөрөнгө оруулалт, үйл ажиллагаа, орлого, зардлаа хамтран хариуцна гэдгийг бид бүрэн үнэлэхгүй байна. Хөрөнгөө зээлээр оруулж байгаа манайх шиг улсын хувьд 34 хувийг нь эзэмшсэн боловч шаардлагатай хөрөнгийг бүгдийг нь 100 хувь гаргаж байгаа хэрэг.


Энэ бол зэс алтныхаа нөөцөөр дэлхий дээр томоохонд тооцогдож байгаа Оюу толгойн ордоос Монголын талын хүртэх орлогын нийлбэр дүнг бууруулж, гадаадын хөрөнгө оруулагчын эрсдэлийг дотоодын татвар төлөгчдийн нуруун дээр аажмаар шилжүүлж, компанийн үйл ажиллагааны өртөг зардлыг нь ихэсгэж, байгаль орчинд хохирол гарвал хариуцах эзэнгүй болгож, засгийн эрхэнд байгаа намуудад сонгуулийн амлалтаа биелүүлсэн болгож харагдуулах боломж олгож байгаа хэрэг. Энэ бол ядуу орны улс төрийн болон амин хувийн хонжоо хайгч төр засгийн удирдлагын хэрэглэж ирсэн сонгомол арга мөн.|Африкийн болон Латин Америкийн ядуу орнууд.


Гэрээгээний дагуу эхлээд үнийг нь төлөхгүйгээр тэгээд ч ямар үнийг хэн тогтоох нь тодорхой биш 34 хувийг нь эзэмшигч нэгэнт болж байгаа учир өнөөг хүртэл гарсан болон ирээдүйд гарах бүх зардлыг тэр хэмжээгээрээ хуваалцана гэсэн үг. Энэ бол эх компани нь Торонто болон Нью-Йоркийн хөрөнгийн захад бүртгэлтэй Айванхоү Майнз Инк өөрийн охин компанидаа Айвенхо Майнз Монголиа буюу Оюу Толгойн бүх лицензи эзэмшигч оруулаад байгаа хөрөнгийг өнөөгийн байдлаар 1 тэр бүм дол. гэх харин ч бүр хоорондынх нь зээл болгуулаад 34 хувийг нь та бид буцааж төлөх болж байгаа хэрэг. Хөрөнгө оруулагчын тооцоогоор энэ төслийг хэрэгжүүлэхэд нийт 5 тэрбум ам.дол хэрэгтэйгээс гуравны нэгийг нь 34% Монголчуудаар эхэлж төлүүлээд, үлдсэнийг нь яваандаа хүүгийн төлбөр хэлбэрээр бас гаргуулна гэсэн үг. Хамгийн гайхалтай нь бид энэ нөхцөлийг өөрсдөө шахаад байгаа юм.


Энэ хувилбарын эцсийн дүнд Оюу толгойн төсөл нь гадаадын биш дотоодын хөрөнгө оруулалт болж байна. Бид зээлээр авч байгаа 1.7 тэрбум доллараа гэрээнд санал болгосон жилийн 10 хувийн хүүтэй тооцоход зөвхөн хүүгийн төлбөр нь дангаараа арван жилд үндсэн зээлтэйгээ тэнцэж, 20 жилд 2 дахин, 30 жилд 3 дахин өсч байна. Төслийн эхний үед шаардлагатай хөрөнгийг гадаадын тал гаргаж байгаач, үнэн хэрэг дээрээ бүгдийг нь бид төлөх юм. Гэрээ өөрөө яг 30 жилийн хүчинтэй бөгөөд дуусахаар нь нэмж 17 хувийг аваарай гэсэн нь дахиад л алдагдалгүй тоглоомоо үргэлжлүүлнэ гэсэн үг.


Дээрхи нөхцөлөөр энэ хувьцааг эзэмших нь гадаадын компани бүх зардлаа аажууханаар Монголын засгийн газраар бүрэн төлүүлж, ямар ч эрсдэлгүй болоод, тэр бүх эрсдэл зардлыг эцсийн эцэст засгийн газар өөрөө ч биш харин Монголын татвар төлөгчид та бидний нуруун дээрээ тавьж байгаа хэрэг юм.


Уг нь бол гадаадаас хөрөнгө оруулна л гэж олон орд газраа өгч байгаа л даа. Хамгийн сайханаар төсөөлсөн ч бахь байдгаараа л болчихдогын жишээ.


Засгийн газар хутгалдсан ямар ч компанид улс төрийн томилттой удирдлагууд шургалан менежмэнтэд нь хэтэрхий оролцож, хувийн хэрэгцээгээ базаасаар, үр дүнгүй зардал их гаргадаг. Хэрэв ийм биш бол манай улсад ашигтай, өгөөжтэй, өрсөлдөх чадвартай улсын ядаж ганц компани байхсан.


Монголд өнөөг хүртэл ямар ч хэл амгүй байгаль орчноо сэргээсэн, зарим улс оронд ашиглалтын өмнөхөөс нь сайхан болгодог шиг ажиллаж ирсэн уул уурхайн компани байна уую. Уг нь үүнийг Засгийн газар хянаж бүрэн хийлгэх ёстой байтал хичнээн олон гол, мөрөн ширгэж 400 орчим , хүн мал дүрвэж Улаанбаатарт хүн амын хагас нь нүүгээд ирсэн байгаа билээ. Гэтэл энэ том төсөл дээр засгийн газар өөрөө ороод суучихаар байгаль орчинд гарах хохирлыг бас л хувааж хариуцах ёстой. Өөртөйгөө холбоогүй компаниас шаардаж чадахгүй түшмэдүүд, өөрсдөөсөө шаардаж чадна гэдэгт хэн үнэмших билээ.


Төрийг том байлгаж, улс оронд байгаа бүх хөрөнгийг болж өгвөл төр эзэмших гэсэн хандлага сүүлийн жилүүдэд улам хүчтэй болж байна. Тэд ард түмний хөрөнгийг өөрсдөд нь хувааж өгөх сонгуулийн амлалтаа биелүүлэх, тайлан гаргахгүй зарцуулах боломжоо бүрдүүлж байгаа нь тэр. Улс төрийн намууд тооцоогүй амлалт авахыг зарим оронд хуулиар хориглосон байдаг. Гэтэл манай улс сонгуулын амлалтаа биелүүлэхийн тулд 225 сая ам. дол урьдчилан авахыг л Оюутолгойн төслийн гэрээний гол зорилго болгожээ. Энэ өрийг хүүгийн хамт 675 сая болгож төлөхийг тэд биш харин 30 жилийн дараах Монголын иргэд, татвар төлөчид л хариуцна шүү дээ.

Энэ гэрээний байж болох нэг хувилбар бол ердөөсөө хувь эзэмшихгүй, харин хууль тогтоомжоо тогтвортой байлгах нөхцөл юм. Тэр тогтвортой байдлын гэрээний гол агуулага ер дөө л энэ. Тэгээд ч татварын элдэв хөнгөлөлт үзүүлнэ, онцгой нөхцөл өгнө гэх мэт хэрэгжүүлж, хянахад хэцүү, өндөр зардал шаардсан тусгай заалт, нөхцөлгүй, улмаар дотоодын хөрөнгө оруулагчаа ялгаварлахгүй байх боломж энд байгаа юм.


Манай эдийн засаг өрсөлдөх чадвартай болоогүй байхад жаахан хөрөнгөө энэ төсөлд оруулахын оронд гадаад талынхаа хөрөнгө оруулалтыг дэмжих, чөлөөлөхийн оронд авах ёстой татвараа авах, дээр нь нэмээд боруулалтын нийт орлогоос нь Ашигаас нь биш борлуулалтын дүнгээс, анхны өдрөөс эрдэс баялаг ашигласны төлбөрийн 5 хувиа аваад сууж байх нь хамаагүй ашигтэй. Харин ажиллагсдын ихэнхи нь Монгол хүн байх, орон нутгийн бүтээгдэхүүн үйлчилгээг түрүүлж авах, шаардлагатай дэд бүтэц байгуулахдаа улсын бодлогод зохицуулах, байгуулсан дэд бүтэц нь бусдад нээлттэй байх, онцгой эрх олгохгүй байх зэрэг шаарлагуудаа Тогтвортой байдлын гэрээнд тусгаж болно.


Энэ бүхнийг хийж болох нөхцөлийг агуулсан өөр нэг чухал мэдээ бол шинэхэн Ерөнхийлөгч маань Bloomberg-д өгсөн анхны ярилцлагадаа Монгол улс Оюу Толгойн төсөлд хувьцаа эзэмшихгүй байх бодлого барина гэсэн мэдэгдэл юм.


Энэ мэдээ Айвенхоу Майнз- компанийн хувьцаа эзэмшигчид, түүний дотор тэтгэврийн сангын хувьцаа авсан олон мянган жирийн америк иргэдийн хувьд ч Монголчууд бидний хувьд ч үнэхээр сайхан мэдээ байлаа. Учир нь Америкийн ч, Монголын ч жирийн иргэд адилхан засгийн газраа бидний татварыг ухаалаг зарж байхыг хүсдэг билээ.


Орлого ашиг ч яамай, ядаж өрөнд оруулахгүй байхыг бид засгийн газраасаа хүсэж байна.

2009-07-08