-Намар ч нэг тийм цаг даа. Хавар бол ийм, харин өвөл... гэж хүмүүс ялгаж салгаж ярих дуртай байдаг. Тэгж тэгж намрыг л илүү ер бусын цаг гэдэг дээр ихэнхийн дүгнэлт нэгддэг юм шиг ээ.  Намрын улирал тухайлбал хүний биологийн цагуудтай яаж уялддаг улирал юм бэ. Хүнд жишээ нь, сексийн идэвхитэй улирал гэж байх уу?

-Уул нь бол байсан байх ёстой.

-Яагаад байсан гэж?

-Яагаад гэвэл хүнээс бусад бүх амьтанд секс бол зөвхөн үр удмаа үлдээх зориулалттай байгалийн хэрэгсэл. Бух мух чинь мордоод хэд хөдлөөд л жирин год ш дээ. Тийм учраас жилдээ л нэг ороо ордог байсан. Жишээлбэл монгол нохойн ороо ес эхлэхээр л ордог биз дээ. Тэгээд л ес дуусаад сарын дараахан гөлөглөдөг. Ерөөсөө жилдээ л нэг байхгүй юу. Тэгсэн чинь байгаль тэрийгээ илүү үр дүнтэй болгохын тулд жаахан илүү юм хийчихгүй юу. Өөрөөр хэлбэл сексийн үед хүний тархинд эндорфин гэдэг бодис ялгардаг. Тархинд өөрийнх нь морфиныг өгдөг гэсэн үг. Тэндээс таашаал авдаг. Үүнээс болоод ухаантай амьтад буюу хүн, дельфин, сармагчин эд нар бол сексийн зөвхөн үр удмаа үлдээх аргаас гадна таашаал авах арга болох хоёр дахь гаж нөлөөг нь ашигладаг болчихсон байхгүй юу. Дэльфинд бол жишээ нь гомо гэж байдаг. Сармагчин гар хангалга хийдэг. Сармагчин сексээр бүр худалдаа наймаа хийдэг. Тархи нь хөгжчихсөн амьтан чинь тэрийгээ ашиглана. Сүүлдээ таашаал авахаасаа гадна бүр ингээд худалдаа наймаа хийж эхэлж байна шүү дээ. Дэльфин гомо энэ тэр болоод явчихна гэдэг чинь өшөө фантаз оруулж ирж хөгжүүлж байна гэсэн үг. Хүн тэгэхээр аль сармагчин байх үедээ л зөвхөн үйлчилгээний хэрэгсэл байхаас давж хөгжүүлээд, таашаал авдаг харилцаа болгож хөгжүүлсэн байсан байх. Тэгэхээр жилийн дөрвөн улиралд секстэй  амьдардаг болсон байх. Миний таамгаар бол дээр үед, 200-300 мянган жилийн өмнө хүний ороо ордог байсан үе нь намар ес арван сар л байх. Нэг л сард төрдөг. Хавар. Амьтан шиг. Хүүхэд нь өвөл болтол төлждөг, энэ маягаар л явдаг байсан байх.

-Энэ таны мэргэжлийн орчинтой холбоотой судалгаан дээр үндэслэсэн яриа юу. Эсвэл эр хүнийхээ хувьд организмаараа туршиж, анзаарсан  зүйл юм уу?           

-Нэлээн олон эмэгтэй хүн намар  үр хүүхэдтэй болохыг, секс хийхийг их хүсдэг, илүү тачаангуй болдог гэж ярьж байхыг сонсч байсан. Эрчүүд дээр бол мэдэхгүй. Ер нь бол бодоход үүнээс өөр жам байхгүй.

-Нээрээ уран бүтээлчид, яруу найрагчид намар илүү их бичсэн, намар илүү их адал явдалд орооцолдсон, тэр нь уран бүтээлд нь тусгалаа олсон байх нь элбэг байдаг. Энэ ч бас нэг илрэл биш үү?

-Тийм шүү дээ. Тэр чинь бараг энэнтэй л холбоотой. Бид хичнээн ухаантай болчихсон, мундаг болчихсон гэж бодож байгаа ч гүнийн гүнд байдаг байгалийнхаа жамуудад захирагдаж л явж байгаа байхгүй юу. Жишээлбэл, эмэгтэй хүн сарын тэмдэг  хоорондын өндгөн эс сэрэх тэр үедээ дуу хоолой нь шал өөр болдог байх жишээтэй. Энэ бол судалгаан дээр үндэслэгдсэн зүйл шүү. 10 эрэгтэй хүн бусад үед нь дуу хоолойг нь анзаарахгүй байж байснаа яг тэр эмэгтэйгээ сарын тэмдгийн яг дунд үед ярьж байхыг нь сонсоод арван эрэгтэйгийн есөд таалагдсан байх жишээтэй. Энэ үедээ эмэгтэй хүн гоё болдог. Илүү нүцгэн хувцасладаг. Яриа мариа байдал нь тачаангуй болдог. Өдөнгүй болдог. Үүнтэй адилхан намар ч гэсэн зөвхөн тэр улаан өнгө, шар өнгө, явж байгаа цагийн аясдаа ч биш эрт дээр үеийн тэр ороо ордог байсан мөчлөгтэй нь л холбоотой байх. Бугатай хамт л урамдаад явж байдаг байсан байх.

-Өчигдөр орой нэг нэвтрүүлэг үзлээ?

-Ямар.

-Зочид буудлуудын амьдралыг  сурвалжилсан байна л даа. Тэгээд дунд эргэм насны эр өөрөөсөө нэлээн дүү залуу эртэй хамт орондоо байж байхад нь шууд дайрч ороод, улс орон даяар цацчихлаа?

-Тэгээд.

-Секс бол нэг талаас маш их эрх чөлөө шаарддаг ойлголт. Манай нийгэмд хүний тэр амьдрах эрх чөлөө гэдэг зүйлд ямар хамгаалалт байгаа юм бол оо. Би бол дээд зэргээр эгдүүцэж байна. Та яаж хүлээж авсан бэ?

-Надад тийм нэврүүлгүүд ерөөсөө таалагддаггүй. Даан ч тийм бүдүүлэг, хүний эрхийг зөрчсөн мунхаг үйлдлүүдэд талархалтай ханддаг, эфирээ гаргаж өгдөг телевизүүд манайд байгаад байна. Магадгүй еврей нарыг фашистууд тэгж барьдаг байсан байх. Сталины үед ардын дайснуудыг ингэж дээрэлхдэг байсан байх. Өөрөөр хүний нийгэмд орчин үед бол ийм юм байхгүй. Ийм юмыг хийлгэж байгаа дарга нар нь, хийж байгаа цагдаа нар нь, тэрийг нэвтрүүлж байгаа телевизийг нь маш буруу юм хийж байна гэж үздэг. Наад асуултан дотор чинь хэд хэдэн юм байгаа. Хамгийн энгийнээр бодоход хүний хувийн өмч рүү тэр цагдаа нар яагаад орж байгаа юм бэ. Ямар гэмт хэрэг хийчихсэн гээд, ямар прокурорын зөвшөөрөлтэй орж байгаа юм.

-Буудлууд нь өөрсдөө хамтраад байгаа ч юм шиг. Бүр камер сууриалуулчихсан байгаа байхгүй юу?

-Тэр бол бүр дахиад хувь хүний эрх чөлөө, хувийн нууцад халдаж байгаа гэмт хэрэг шүү дээ. Үүний оронд буудал руугаа ороод ирэхэд нь урдаас нь бууддаг хуультай байсан нь дээр. Хоёрдугаарт хоёр хүн сайн дураараа л байгаа юм бол сексээ хийнэ үү, зүгээр юмаа ярина уу тэр улсуудын эрх шүү дээ. Өөрөө өөрийнхөө биеийг, өөрийнхөө эд хөрөнгийг, өөрийнхөө юмыг захиран зарцуулах бүрэн эрх нь тэднийх. Энэнд бид нар халдах ямар ч эрх байхгүй.

-Манайд бэлгийн цөөнх эрх зүйн нэлээн таагүй орчинд байдаг. Дээр нь эх орончдын зарим хэсэг тэднийг маш их хавчин гадуурхдаг. Үзэн яддаг. Монголыг гутааж байна гэж адладаг?

-Түрүүний тавьсан асуултын чинь дөрөв дэх хэсэг энэ болж орж ирж байна. Эхнийх нь зөвшөөрөлийн асуудал байна. Дараа нь хувийн өмч рүү халдаж байна. Дараа нь хүний эрх чөлөө рүү халдаж байна. Дөрөв дэх нь бол шал өөр асуудал. Монголд гомо харьцангуй бага ш дээ. Санфранцискод жишээ нь нийт эрэгтэйчүүдийн 13 хувь, ер нь нийт Америкт есөн хувь нь гомо гэж ярьдаг. Би эмчийн хувьд хариулъя. Тухайн үндэстэн, тухайн амьтны сүрэг деградацид орно гэж ярьдаг юм. Мөхөж байгаагийн шинж гэж үздэг. Жишээлбэл, зээрийн сүрэг хэт олшроод ирэх юм бол зарим нь шууд үхээд эхэлдэг ч юм уу. Тийм процесс явагдаж байгаа л гэж бодож байгаа. Яагаад гэвэл байгалийн өөрийнх нь мөн чанар зөрчилдөж эхэлж байгаа. Эр нь бол эр, эм нь бол эм. Тэгээд дундаасаа үр хүүхэд гаргаад л ингээд явах ёстой.

-Манайд гомо ямар хувьтай байдаг юм бол?

-Харьцангуй бусад орнуудыг бодвол хамаагүй бага шүү дээ. Бараг суманд нэг байдаг юм уу, үгүй юм уу. Тэрний учир нь юутай холбоотой гэхээр монголчууд чинь грекийн спартууд шиг хатуу ширүүн, зөвхөн хүчтэй чадалтай, ухаантай, эрэмгий зоригтой нь амьд үлдэж байсан улс. Одоо ч бараг тийм. XX зууны хоёрдугаар хагасаас эхлээд бид нар чинь ямраар ч төрсөн өөрөөр хэлбэл нөгөө байгалийн амьд үлдэх хууль байна ш дээ тэрийгээ зөрчиж эхэлж байна. Ямар ч гажигтай согогтой, ухаантай ухаангүй бай тэрийгээ бүгдийг нь амьд авч үлдэх ёстой байдаг. Тэрэн дээр анагаах ухаан хүч зарчихна. Үүний үр дүнд л илүү олшроод байна уу гэж боддог. Нэгдүгээрт би эмчийн хувьд биологийнх нь үндсээр авч үзэж нэг хэлж байна. Хоёрт нь би хүнийх нь талаас ч бодож байна. Гэтэл эхнийхийг нь дагах юм бол бид чоно нохойноос дор юм биш үү гэж хэлэх болно. Хоёр дахийг нь гэж бодохоор үнэхээр бид амьтнаас ялгаатай байгаагийн маань нэг хэсэг нь бас энэ болох гээд байгаа байхгүй юу. Байгалийн жамаар устахгүй. Хүн юм чинь энэрдэг, хайрладаг, ядарснаа аваад явж чаддаг. Амьтнаас ялгарч байгаа бас нэг том ялгаа маань магадгүй гомо момо өөр бусад тэр янз бүрийн зүйл байж магадгүй. Тэр байтугай хөгшдийгөө аваад явж байгаа дэлхий даяарын үзэгдэл байна ш дээ. Энэ үзэгдэл ч гэсэн цоо шинэ зүйл. Дөнгөж XIX зууныг хүртэл аль ч улсад хөгшчүүд бол японы тэр Наряамо уулын домогт гардаг ууланд хаядаг шиг юм уу, үгүй юм аа гэхэд индианчууд шиг  отог дээрээ хаячихаад явчихдаг байсан. Монголчууд эрт дээр үед чөмөг гулгуулж, сүүл үмхүүлдэг байсан гэл үү. Бид дөнгөж саяханаас XX зуунд л хөгшчүүдээ авч явдаг болж байна. Энэ маань магадгүй биднийг бас цоо шинэ ойлголт бүхий хүний төвшинд аваачиж байгаа бүрэлдэхүүний нэг хэсэг байх. Одоо ирэх 20 жилийн хугацаанд, ирэх 50 жилийн хугацаанд бид нарын ойлгохын аргагүй, хүлээн зөвшөөрөхийн аргагүй тийм өөрчлөлтүүд гарна. Хүн 100, 120 насладаг болно. Хүссэн үедээ 100-тай ч бай эрэгтэй хүмүүс секс хийж чаддаг болно. Магадгүй гай болоод Анжелина Жолиг ч юм уу, Арнольд Шеварцнегерийг хувилчихаад унтлаганы өрөөнийхөө шкафанд хийчихээд хадгалаад байж байдаг, гинжилчихээд явж байдаг хүмүүс бий болж магадгүй. Хувилаагүй байхад хүн хулгайлаад гинжлээд, насаараа секс хийж байгаа хэрэг одоо баруунд цагт нэг гарч байгаа шүү дээ. Гэх мэт бидний одоогийн ойлголтоор хүн гэж бодож байгаатай зөрчилдөх зүйл улам их болно. Хүн хэтэрхий хурдан хувьсаж өөрчлөгдөж байгаа. Гэхдээ биологийн хувьд биш. Оюун сэтгэхүй, технологийн хувьд.       

-Дур хүслийг ухамсраар зохицуулж барьж чадахгүй түвшинд очиж байгаагийн нэг хэлбэр мөн юм үү. Ер нь тархины хөгжил нь бусад хэвийн хүмүүсийнхээс ямар байдгийг судалж үзсэн болов уу. Эмэгтэй хүнийг огт сонирхдоггүй эрэгтэйгийн...?

-Яг энэ тухайд бол би янз бүрийн юм сонирхож уншдаг болохоос биш гүн гүнзгий нарийн мэдлэг байхгүй. Тийм учраас эмчийн хувьд биологийн талаас нь нэг хардаг. Хүнийхээ хувьд хүнийх нь талаас бас хардаг. Тийм учраас нэг их илүү юм хэлж чадахгүй байх. Монголчуудад жишээ нь эрэгтэй хүүхдээ нуугаад л, охин болгож хувцаслаж барьдаг сонин заншил байсан шүү дээ. Ганц хүүтэй гэж хэлэхээсээ айдаг. Тэрнээсээ болж нуудаг. Бүр ёо ёо болчихсон хайр байгаа байхгүй юу. Ер нь ямар ч юм хэтрэхээрээ ёо ёо болдог ш дээ. Тиймэрхүү юм чинь нөгөө хүүхэддээ яаж нөлөөлөх вэ. Сэтгэл гэж зүйл байдаг юм уу үгүй юм уу бүү мэд. Ямар ч байсан оюун ухаан бий. Амьтанд оюун ухаан 5-10 хувийн үүрэгтэй байдаг бол хүнд 80-90 хувийн үүрэгтэй болчихоод байгаа байхгүй юу.   Жишээ нь орчин үеийн нэг хүчтэй гоо сайхны тухай ойлголт бол сайхан хүүхэн болчихсон ш дээ. Сайхан залууг бага ярьдаг. Эрэгтэй хүн ч бай, эмэгтэй хүн ч бай гоо сайхан юм гэхээр л гоё хүүхэн яриад унадаг.

-Гоо сайхны сэдвийн гол баатар үнэхээр эмэгтэй хүн байдаг нь үнэн шүү?

-Тийм. Уг нь бол яаж ч бодсон талд нь Асашёорюү шиг залуу таалагдаад, талд нь Сувдаа гуай шиг хүн таалагдах ёстой байхад чинь бүгдээрээ л Сувдаа гэж ярьдаг байхгүй юу. Энэ мэтийн нийгмийн сонин үзэгдлүүд нөлөөлдөг байх л даа. Би гэхдээ яг үнэнийг хэлэхэд таны түрүүний асуултад хариулах хүн биш байх.

-Хүмүүс эротик кино үзэхээр сонголт хийхдээ ёс юм шиг барууныхыг сонгоорой, азийнх хэрэггүй шүү гэж хэлж байгаа нь анзаарагддаг. Яагаад тэгдэг гэж бодож байна. Манай үндэстний сексийн хөгжил бусдын дэргэд тийм болхи гэж үү?  

-XX зууны жараад онд чинь дэлхий даяар сексийн хувьсгал гэж юм боллоо шүү дээ. Хиппи үзэгдэлтэй хамт, хар тамхитай хамт, сансрын нислэг, засгийн газраа зогсоож чаддаг дайны эсрэг хөдөлгөөнтэй хамт хамгийн сонирхолтой үзэгдэл ирсэн нь сексийн хувьсгал. Энэ хүртэл хүмүүс үргэлж л монголд ч бай америкт бай, японд ч бай дундаж зууныхаараа л амьдарч байсан. Зүгээр худлаа яриад байдаг янз бүрийн юм байдаг. Цэвэр ичимтгий, бараг секс хийж үзээгүй байж байгаад анх эр нөхөртэйгөө л унтдаг байсан гэх мэт. Тэр бол худлаа. Ганц нэг жижигхэн нутаг жишээлбэл торгуудад ч юм уу тийм юм байсан байж магадгүй. Тэрнээс биш монголчууд уламжлалаараа л ерөөсөө тэр голын насанд хүрч байгаа бүх эрчүүд нь тэр голынхоо насанд хүрч байгаа бүх охидуудтай л унтдаг. Ялангуая XX зуунд цэрэгт явдаг болсноос хойш бол цэрэгт явж байгаа нь бүгдээрэнтэй нь унтдаг, ирж байгаа нь бүгдээрэнтэй нь унтдаг. Тийм л байсан. Тэгээд ч монголд хүчин гэж юм байгаагүй. Дуртай ч дургүй ч, бэлчээр дээр ч сексдэж л байсан.

-Тэгэхээр сексийн харин ч хамаагүй эрх чөлөөтэй уламжлал байсан байх нь ээ?

-Би яахав үндсийг нь л ярих гээд байна л даа. Европт бол бас яг адилхан. Бүр эсрэгээрээ. Гурав дөрөвдүгээр зуунаас эхэлсэн Ромын католик шашнаар зөвхөн эмэгтэй нь дээшээ хараад, эрэгтэй нь доошоо хараад хагас сайнд хийнэ. Бусдаар хийх юм бол бараг алдаг, хяддаг тэр хуулиараа л явж байсан байхгүй юу. Одоо гэнэт дэлбэрээд л аль аль талд нь өөр үзэгдэл болж байгаа нь энэ. Тэгэхээр аль нэг нь, европ нь ч юм уу, америк нь ч юм уу, монгол нь ч юм уу, япон нь манайх секс илүү хөгжсөн гэж хэлэх бол хэцүү. Үүн дотор онцгойлоод сексээ судалчихсан ард түмэн байдаг. Жишээлбэл, хятадууд. Тэр нь ихэвчлэн чалх муутай эзэн хаадуудынхаа чадавхийг сайжруулах гэж л юм уу элдэв судалгаа хийсэн, туршсан зүйлээс эхтэй байдаг.

-Ордны амьдралаас улбаатай?

-Бараг тийм. Зугаацуулах гэж. Японд тийм. Монголд ч гэсэн тийм байсан. Тувдугаар ноён хутагт Данзанравжаагаас авахуулаад л баахан тийм секс зураг хийчихсэн байдаг шүү дээ. Энэтхэгт бол жишээ нь камасутра гээд байх жишээний. Он удчихсан хэдэн мянган жил болчихсон соёл иргэншил бол бүх юмны тухай бодчихсон байдаг байхгүй юу. Тэнгэрийн тухай ч бодно. Сексийн тухай ч бодно. Бурханы тухай ч бодно. Дэрнийхээ хэлбэрийн тухай ч бодно. Бодох тусам хөгжинө. Тэр хооронд чинь өчнөөн ухаантай олон тархи нь загатначихсан хүмүүс гарч ирнэ ш дээ. Бодчихсон. Зурчихсан, онолдчихсон л байдаг биз дээ. Тэрнээс биш европынхон азиас илүү гарна гэвэл бүр инээдтэй л юм болно. Саяхан болтол хар ламын ёсоороо хагас сайн өдөр л нэг эхнэрээ дардаг байсан улс ш дээ. Тэгээд бусад юмыг нь бараг мэддэг ч үгүй. Хориотой байсан болохоор. Монголчуудад бол секс хамаагүй чөлөөтэй байсан. Ядаж байхад амьтныхаа дэргэд өсдөг. Энэ бол сайн юм уу, эсвэл муу орчин биш. Унтдаг шиг, хоол иддэг шиг жирийн л байгалийн үзэгдэл.

-Манай хүн ам их бага. Энэ бол гаднаас нь харах бас л нэг цонх. Энэ чинь бидний сексийн идэвхгүй ард түмэн болохыг  илтгэж байгаа юм биш үү. Тэгээд л 40 жаахан гараад ирэхээрээ бид ч одоо больж байна даа гэх мэтийг  яримтгай болоод л?

-Энэ дээр судалгаа л байх ёстой. Монголчууд хэдий хэрийн насныхан долоо хоногт хэдэн удаа сексийг ямар чанартай хийж байна вэ гэсэн судалгаа явж байж, тэрний үндсэн дээр л ярихгүй бол одоо бид хоёр үсрээд л өөр өөрсдийнхөө туршлагын хэмжээнд л ярих болно ш дээ. Яг бодитой судалгаа байх ёстой.

-Секс хайр дурлал хоёр нэг евэнгийн хоёр тал үнэндээ мөн юм уу?

-Үнэндээ бол би хайрын тухай их тийм зовлонтой, сложный ойлголттой байдаг. Хамгийн энгийнээр ярихад эр эм хоёр хүний хайр дурлалын тухай ойлголт хоорондоо тэнгэр газар шиг ялгаатай. Эмэгтэй хүн бол хайр дурлалыг хэзээ ч хувирашгүй, эрдэнэ мэт байх ёстой гэж үздэг. Тийм учраас шувтан л үүний төлөө шаардлага тавьж байдаг. Магадгүй чи ч гэсэн нөхрөөсөө тэгдэг байх. Чи намайг анх эргүүлж байхдаа тийм байсан, тэгж амлаж байсан шүү дээ. Тэгсэн мөртлөө одоо ингэдэг гээд л...эр хүний хувьд бол энэ үргэлж өөрчлөгдөж байдаг процесс байдаг байх. Миний өөрийн хувьд гэвэл би энэ тухай хэрэг гаргаж бодож байсан юм. Өөртөө хайрын томъёо гээд тэмдэглэл хүртэл бичиж байсан. Энэ тухай их нарийн ярих юм бол бид хоёрын энэ ярилцлагад яагаад ч багтахгүй. Хайрыг бол би хамгийн түрүүн амьтны амьд үлдэх тэр зөн билэгтэй холбож үздэг. Хүн бол яг өөрийгөө л хайрладаг. Энэ нь ч зөв. Яагаад гэвэл тэгж чадсан нь л амьд үлддэг. Үеийн үед гүрвэл ч бай, хонь ч бай, сармагчин ч бай чоно ч бай, хүн ч бай өөрийгөө хайрлаад өөрийнхөө амийг аваад гарч чадаж байсан нь тэгээд өөринхөө үр удмыг авч гарч чадаж байсан нь амьд үлдэж байсан байх. Үр хүүхэд гэдэг чинь миний үргэлжлэл ш дээ. Тэрийгээ авч гарч чадаж байсан нь өдий хүрсэн байх. Тэгсэн чинь тэр дунд бас нэг оюуны хэрэгцээ гарч ирсэн юм шиг байгаа юм. Ганцаардал гэж. Тэгэхээр би өөрийгөө ертөнцийн төвд тавьчихаж байгаа биз. Ертөнцийн төвд тавьчихсан. Гав ганцаараа. Тэгээд хайр гэж юу юм бэ. Өөр хэн нэгнийг хайрлах хэрэгтэй болно ш дээ. Чоно нохой шиг байхдаа гайгүй байсан байх. Хүн болчихсон хойноо дан өөрийгөө хайрладаг байх ичмээр санагдаад байсан байх. Хэн нэгнийг хайрлах хэрэгтэй болоод ирсэн. Өөр хүнийг хайрлана гэхээр тэр чинь яавч бүтэхгүй байхгүй юу. Ялангуяа өөрөөсөө илүү хайрлана гэхээр нөгөө биологийн амьд үлдэх мөн чанартай нь зөрчилдөөд. Тэгэхээр бурханыг зохиосон юм шиг байгаа юм. Яагаад гэвэл өөрөөс нь хамаагүй мундаг чадалтай, гоо үзэсгэлэнтэй, аймаар тийм хийсвэр ойлголтыг зохиогоод хайрлавал арай амар байсан юм биз.  Тэгээд өөрийгөө ертөнцийн төвөөс зайлуулаад тэндээ бурханыг тавьчихсан. Нэгэнт ийм процесс болчихсон хойно бол харин бусдыг хайрлах тухай ойлголт байж болно. Ер нь бүх юмны төв бол ганц шүү дээ. Тэр төв дээрээ бурханыг тавьчихаад өөрийгөө зайлуулчихаар бусад юм ижилхэн зиндаанд ирж байгаа байхгүй юу. Өвс ногоо ч бай, би ч бай. Энэ бол шашны үндэс байх гэж боддог. Бидний ярих гээд байгаа хайрын үндэс ч бас иймэрхүү байдаг байх. Гэхдээ илүү биологийн талдаа. Яагаад гэвэл эр эм болж байж үр хүүхэд үлдэнэ. Үр хүүхэд гэдэг бол яг жинхэнээрээ бол эрэгтэй эмэгтэй хоёр хүний ген 50:50 хувиар бүрэлддэг. Тэгэхээр яг миний үргэлжлэл. Дорныхны ойлголтын нэг сайхан нь тэр байдаг. Амьдрал мөнх. Би аавынхаа үргэлжлэл нь. Миний үр хүүхэд миний үргэлжлэл. Энэ бол тасралтгүй гинжин хэлхээ. Европынхон шиг хүүхэдтэй хүүхэдгүй чи өөрөө жаргаад л ингээд паг гээд дуусчихдаг юм биш. Тэгэхээр үр хүүхэд маань миний үргэлжлэл юм чинь тэрийг бий болголцож байгаа тэр хүн маань яг миний нэг хэсэг шиг л байх ёстой байх. Хайр энэ хавьд л үүсдэг зүйл байх. Энэ дунд л секс байдаг байх. Секс бол бас тодорхой хэмжээнд байр эзэлнэ. Гэхдээ хэмжээндээ л байдаг байх.

-Хайрын дэргэд бол?

-Хайрын дэргэд бол хэрэгсэл л байх. Амьдралаа мөнх үргэлжлүүлэх гэсэн оролдлого. Байгалиасаа цаанаасаа өгөгдсөн арга нь л тэр байхгүй юу.

-Орчин үеийн энэ хөгжсөн нийгэмд сексийн байр суурь илүү  түрэмгийлсэн хэлбэрээр тэлж , хайрын үнэ цэнэ бүдгэрсэн гээд л бүх ухаантнууд ярьдаг. Яагаав, нүдний шилтэй мундагууд байдаг ш дээ. Тэднээс гадна ямар нэгэн юм ярьж байх л дуртай хэнхэг нөхдүүд ч хайр хэврэгшиж байгаа тухай хөнддөг?

-Хайрын тухай ахиад өөр түвшинд ярина гэдэг аймаар хэцүү. Бид хоёрын ярианы цаг хүрэхгүй. Яг наад хэлдэг шиг чинь бас биологийн шинж чанарууд нь байгаа. Эр амьтан аль болох олон эм амьтанд үр удмаа үлдээгээд өөрийнхөө үр удмыг олон хувь үлдээхийг эрмэлздэг.  

-Хүн ч гэсэн үү?

-Азарга ч бай, загас ч бай, хүн ч бай. Цаанаасаа зөн нь тийм байдаг. Бух бол жишээ нь нэг үнээн дээр таваас илүү олон харайдаггүй гэж байгаа. Тэгсэн мөртлөө 50 өөр үнээн дээр бол харайчихдаг гэж байгаа. Хүнд ч гэсэн адилхан яг ийм процесс байдаг.

-Тэгэхээр үнэнч байхыг шаардана гэдэг байж боломгүй харгислал болж таарах нь ээ дээ?

-Харгис биш. Энэ биологийнх нь мөн чанар нь. Тийм ч учраас генетикийн салбарт гарсан том сенсаацийн нэг бий шүү дээ. Чингисийн генийг 17 сая хүнээс олоод байгаа биз дээ. Олон хүүхэнд л генээ үлдээсэн байна. Тэднээс нь хүүхдүүд гарч явсаар, бас л хүчтэй амьдрах чадвартай эрчүүд гарцгаасан байдаг. Тэд бас л олон хүүхэнд үр удмаа үлдээсэн. Батаа ч юм уу, Хүрлээ нь балиар заваандаа ингээд яваад байсан юм биш. Байгалийн мөн чанар нь ийм байсан. Хоёрдугаарт, нэг гайтай өөрчлөлт гарч ирсэн. Түрүүний хэлдэг зүйл. Сексийн нэг гаж нөлөө нь тархинд таашаал өгдөг болчихсон явдал. Хүнийг жолоодож явдаг хамгийн хүчтэй хоёр зүйл бий. Нэг нь засаглал, нөгөө нь секс. Өөрийнх нь биологийн мөн чанартай холбоотой.

-Эргээд амьтныхаа суурь зөн рүү гүнзгий холбогдоод явчихлаа л даа. Уг нь хязгааргүй ухаантай болж, хөгжсөнөө гайхдаг хүн төрөлхтөн биз дээ?

-Үнэн. Зөнгийнхөө хувьд чоно нохойноосоо нэг их илүү гарахгүй л яваад байгаа гэсэн үг л дээ. Цаад суурь зөнгөө хэтрүүлж хэрэглэх бололцоо маш их болчихсон. Гол юм нь тэр. Хуучин голын хөндийд хоёр айл байсан бол одоо саяулаа болчихсон. 500 мянган эр, 500 мянган эм байна. Тэгэхээр аягүй их бололцоотой болчихсон. Тэгэхээр явсаар хүн болсных нь мөн чанар нь биологийн мөн чанартайгаа зөрчилдөөд л явна гэсэн үг. Бид нар хэзээ ч шийдэж чадахгүй, энийг. Нээрээ шүү. Бидний хэзээ ч шийдэж чадахгүй зөрчлүүд маш их байдаг. Энэ бол сармагчин биш хоёр хөл дээрээ зогсдог хүн болчихсны л төлбөр гэх үү дээ. Хоолоо солиод хүн болчихсны л төлбөр. Гэхдээ үүнийг хэн нэгэн ламбугай ч юм уу, байсан байгаагүй нэг бурхны элч хэлсэн ч юм уу хэлээгүй ч юм уу бүү мэд бүгдийг нь цензурдээд ярихад бол хэцүү байхгүй юу. Энд бас би зөвхөн эрчүүдийн талаас яриад байна шүү дээ. Эмэгтэйчүүдийн талаас ч аягүй их асуудалтай.   

-Ямар асуудал ?

-Бид нар их сонин үед амьдарч байгаа. Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн сонин үед амьдарч байгаа. Гэхдээ цаашид улам сонин үеүд гарна. XX зууны хоёрдугаар хагас хүртэл нарийн хэлэх юм бол бараг монгол хүүхнүүдээс бусад нь эрийн боол гэрийн зарц байсан юм. Америкт дөнгөж саяхан, монгол хүүхнүүдээс хорь гучин жилийн дараа эмэгтэйчүүд сонгуулийн эрхтэй болсон. Яагаад тийм байсан юм бэ гэхээр XX зууны дунд үе хүртэл эмэгтэйчүүд ерөөсөө  нөхрөөрөө л тэжээлгэхгүй бол амьд явдаггүй байсан. Үр хүүхэд нь амьд гардаггүй. Тийм учраас дундад зуунд монголчууд нөхөр нь үхэхээр дүү нь аваад суучихдаг байсан.

-Энэ казахуудын дунд л байдаг явдал юм биш үү?

-Үгүй. Монголчууд яг тийм байсан. Ерөөсөө нүүдэлчид тийм байсан. Яагаад гэвэл хээр талд тэрийг чинь орхиод явчихалтай нь биш. Тэгсэн чинь XX зууны дунд хагасаас эхлээд анх удаа дэлхий даяар монголд ч гэсэн эмэгтэй хүн нь эрэгтэй хүнгүйгээр, тэдний эдийн засаггүйгээр амьдарч чадах болчихсон. Ерөөсөө эрэгтэй хүнгүйгээр амьдарч чадах болчихсон. Илүү ч цалин авна. Энэ бол хүн төрөлхтний түүхэнд гарсан хамгийн сонирхолтой өөрчлөлтийн нэг. Үүнээсээ болж эмэгтэй хүн эрэгтэй хүнийг заавал загнаж хянаад л, ганцхан тэрэнтэй унтаад байх шаардлагагүй гэж үздэг болсон. Sex & sity кинон дээр гараад байгаа шиг таалагдсаныгаа барьж аваад унтаж болдог. Яагаад гэвэл ганцаараа амьдарч байна. Хоол унд, байр хувцас нэг их чухал биш. Ийм л болчихсон.

-Хүчин чадлын энэ эн тэнцүү, зарим тохиолдолд илүү нөхцөл байдал бий болсон ч нөгөө гэр бүл гэдэг зууралдсан ойлголт чинь бас амь бөхтэй байгаад байгаа юм биш үү?

-Гэр бүл бол биологийн хувьд ч бай XX зууны дунд үе хүртэлх үеийн нийгмийн ч хувьд бай хүний амьдарч үр удмаа үлдээх хамгийн аятайхан арга л байсан байхгүй юу. Нөгөө ардчилал муу ч гэсэн үүнээс илүүг одоогоор хүн төрөлхтөн бодож олоогүй байна гэдэг шиг зүйл. Гэр бүл ийм л аргын нэг. Цаашид ямар болохыг чөтгөр бүү мэд. Одоо жишээлбэл маш олон эмэгтэйчүүд хүүхдийг сексийн үр дүнгээр биш өөр аргаар тээж байна. Тэр байтугай зарим нь умайдаа тээхгүйгээр бусдын савыг түрээслээд гаргачихаж байна ш дээ. Хэрвээ 100 жилийн өмнө энэ үзэгдэл гарсан бол шууд цаазаар авах хэргийн нэг байх байсан байх. Ийм л сонин өөрчлөлтүүд явагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр 100 жилийн дараа гэр бүл гэдэг ойлголт ямар болохыг бүү мэд.  Ямар ч байсан  манайд ч бай, баруунд ч бай салалт маш өндөр хувьтай байгаа. Энэ нь биологийн, өөрчлөгдөж байгаа нийгмийн, бас бололцооны гээд маш олон өөрчлөлтийн үр дүн.  

-Уйдах залхах зэрэг гэр бүлд том цохилт өгдөг ойлголтууд бий. Жишээ нь би гэр бүл байгуулж амьдраад салж үзсэн. Таныг бас тэгж үзсэн гэж бодож байна. Гэхдээ энэ юунаас үүсдэг зүйл вэ. Уйдсанаас, хайр сэтгэлийн анхны гал унтарснаас уу?

-Би бол тэгж хардаггүй. Би бол хайргүй болсноос ч юм уу, уйдсанаас болсон гэж боддоггүй. Ерөөсөө гэр бүл гэдэг энэ арга өөрөө  эхэндээ хамгийн хэцүү зөрчлийг дотроо агуулж байдаг. Яагаад гэвэл. Тэс өөр хоёр ертөнц. Та бид хоёр гэхэд төрж өссөн гэрээс авахуулаад, идэж уусан цай, аав ээжийн хэлсэн үгнээсээ эхлээд тэнгэр газар шиг ялгаатай улсууд. Тэгээд хүсэл мөрөөдөл, эрхэмлэж явдаг зүйл гээд яривал мөн ч их юм болно. Ийм шал өөр хоёр ертөнц нэг гэрт эвлэрч нэгдэж амьдрана гэдэг бол тийм амархан юм биш. Тийм учраас нэг бол бүр тэс өөр байх ёстой. Эсвэл маш адилхан байх ёстой гэдэг байх. Их амжилттай гэр бүлүүд энэ хоёроор л ангилагддаг юм гэсэн.

-Эхэндээ яагаад бүх юм сайхан байдаг юм бэ. Ухааныг бол алдуулчихдаг шүү дээ?

-Эхний үе ерөөсөө л амьтны зөнгөөр тайлбарлагдана. Гудамжинд сайхан хүүхэн хараад л нухчихмаар санагдсан л байхгүй юу. Тэгээд л ойртохоор цаашид бололцоотой харилцаа үүсмээр болоод л, тэгээд цааш нь үр удмаа үлдээмээр болоод л ингээд нэг тийм амьтны зөн явж байгаа байхгүй юу. Хүмүүс залуу насандаа аз жаргалтай сайхан байсан гээд л ярьдаг. Яг нарийндаа бол залуу насандаа илүү амьтанлаг байсан л байхгүй юу. Хөгшрөөд Дармын Батбаяр шиг, Д.Урианхай шиг болоод ирэхээрээ илүү цэцэн мэргэн гэж бид нар яриад байдаг. Гэгээрсэн өвгөд шиг болдог чинь амьтанлаг чанараасаа илүү хүнлэг нь давамгайлаад явчихсан улсууд байхгүй юу. Тэгэхээр бол бид эхэндээ амьтны зөнгөөрөө л сууж байгаа. Эргүүлж барихаасаа эхлээд л тэр зөнгөөрөө шүү дээ. Тэгээд хоёр гурван жил болоод ирэхээр амьтны нөгөө хүчтэй зөнгүүд нь багасна биз дээ. Нөгөө эмэгчин амьтнаа эзэрхийлээд амсчихсан байдаг. Үр хүүхэд гарах зорилго бас биелчихсэн байдаг. Нөгөө хүүхэн чинь тэгж байхын зэрэгцээ анх араас нь хөөцөлдөж байсан үеийнх шигээ байхыг шаардана. Тиймэрхүү юмнууд гарна даа. Энд бас нэг өөр хэмнэл байдаг юм шиг байгаа юм. Тав зургаа дахь жилдээ их салдаг. Маш олон орны судалгаагаар. Тэвчээр, дасал, зөрчил илрэх хугацаа, тэрийгээ шийдэж чадах чадахгүй гэдэг чинь л энэ байх. Тэрийгээ давчихаар дараагийн 12 дахь жил хүртлээ дахиад явдаг. 12 дахь жил өнгөрөхөөр хэний манаагүй 40 хүрчихнэ. Яагаад ч юм эрэгтэй хүн түрүүлчихсэн байдаг. Нийгэмд эзлэх байр суурьтай, өөрийн жинтэй нөлөөтэй ийм болчихсон байдаг. Эмэгтэй хүн болохоор эрийнхээ сүүдэрт л явж байдаг. Тэгээд нөгөө барууныхны  хэлдэг дунд насны хямрал явдаг. Дахиад өөр эхнэртэй суугаад явчихдаг. Эсвэл энийгээ давчих юм бол тэрнээс цааш эрэгтэй эмэгтэй хоёр хүн чинь бүр дасал болоод нэгийгээ энэ миний нэг хэсэг гэж ойлгодог болчихдог. Энэ бол дасал юм. Жишээ нь би өөрийнхөө хамранд дасчихсан л байгаа ш дээ. үзүүр мүзүүр нь унжаад муухай л байна. Гэхдээ дасчихсан. Энийгээ олж харахаа больчихсон. Тэрэн шиг дасал гэж нэг аймшигтай юм байна ш дээ. Ерөөсөө амьдралыг жолоодож явдаг маш цөөхөн ойлголт байдаг. Тэрний нэг нь дасал байхгүй юу. Сайн ч юманд, муу ч юманд, тодорхойгүй ч юманд дасдаг. Тийм л юм болдог. Жишээ нь би их олон жил амьдраад алтан хуримаа хийж байгаа улсуудыг хараад ямар сайхан юм бэ гэж нэг их боддоггүй. Би бол олон алтан хуримын цаана аймшгийн порно шиг амьдрал байсныг харж байсан. Яах гэж ингэж тэвчдэг байнаа гэж миний харж байсан олон гэр бүл мөнгөн хуримаа хийж байсан. Гэхдээ би муухай ч гэж байгаа юм биш шүү. Аль алинд л дасаад өнгөрсөн байж таарна. Тэр нэг зургаа, 12 гэсэн үеүдийг өнгөрчих юм бол вандан пад. Гэр бүл бол тэгээд л явчихдаг юм билээ.

-Ёстой гунигтай юм аа?

-Үгүй одоо сайхан болгох гээд яах юм бэ. Миний ойлголт л энэ ш дээ. Энэ бол бас судалгааны үндсэн дээр ярьж байгаа зүйлс шүү.

-Нөгөө хүн төрөлхтний бүтээсэн агуу хайр сэтгэл гэдэг зүйл ингэхэд юу болж хувирах вэ?

-Мэдэхгүй. Тэр бол хүний фантаз л байх. Байдаггүй юм байх. Байдаг байсан бол нэгнээсээ зээлээд авчихаж болох байхгүй юу. Байдаг байсан бол copy-доод, эсвэл патентыг нь хулгайлаад байж болох байхгүй юу. Үеийн үед хайр, аз жаргал хоёр байгаагүй л байх гэж би боддог. Ихэнхи хүний хувьд шүү дээ. Магадгүй цөөхөн гэгээрчихсэн хүний хувьд ч юм уу өөр байж болох юм. Их сонин хайрууд байдаг л юм билээ. Би бас уншиж л байсан. Тиймэрхүү цөөхөн жишээ байж болох л юм. Яг энэ юм бол их хувийн чанартай зүйл. Би бол бас нэг хувь ертөнц. Том байна уу, жижиг байна уу, хэн байна ямар ч байсан хувь ертөнц. Ганчимэг ч бас нэг өөр ертөнц. Энэ хоёр хүний дотор байгаа хайрын тухай, аз жаргалын тухай ойлголтууд бол гал мөс шиг өөр өөр байж болно. Тэгсэн мөртлөө нэг нэр хэрэглээд байж болох юм. Тэр тусмаа эрэгтэй эмэгтэй хоёр хүний хайрын тухай ойлголт маш өөр. Тэгэх тусмаа хүн бүрийнх өөр өөр. Би ярилцлага эхлэхийн өмнө аа тийм юм ярих хэрэг байна уу гээд байдгийн учир нь ердөө энэ байсан юм. Надад ч хэрэггүй. Хүнд ч хэрэггүй байдаг байхгүй юу ийм сэдэв чинь. Тэгсэн мөртлөө хөнгөхөн ярихад зугаатай юм шиг атлаа хөндөж ярих тусам хэрэгтэй ч юм шиг хэрэггүй ч юм шиг болдог тийм л зүйл.

-Уг нь бол хайр сэтгэлээс эрэгтэй хүн ч гэсэн шархаддаг л юм билээ. Энийг арай үгүйсгэхгүй юм байгаа биз дээ?  

-Юу нь шархаддаг гэж.

-Сэтгэл нь?

-Яахав дээ, эхэндээ тэр амьтны зөнгөөрөө л нэг эмэгчин амьтныг барьж идэх, дарж эзэрхийлэх гээд л явж байсан үеийн юм л биз. Гэхдээ би огт хайр байхгүй гэж байгаа юм бас биш шүү дээ. Байдаг учраас л гэр бүл байдаг. Гэхдээ чиний хэлэх гээд байгаа шиг ариун нандин, эвдэрч хэмхэрдэггүй, мөнхийн, алмаз шиг, үргэлж дандаа гоёороо гялалзаж байдаг тийм солиотой юм байдаггүй л байхгүй юу.

-Тийм ээ, тийм. Гэхдээ яг ийм хямралын үед чөлөөлж өгөөд салцгаах хэрэгтэй юм биш үү. Би бол гэр бүл гээд зууралдаад л амьдраад байгаа хүмүүсээс үргэлж залхдаг ?

-Ямар хямрал.

-Яахав дээ, жишээ нь би 12 жилийн гэх тэр үе дээр хүрээд ирчихсэн зогсч байна л даа. Нээрээ ч амьдрал байн байн гунигтай санагдаж, сэтгэл  бачимддаг юм шиг. Амьтныхаа хувьд би яг юу хүсэмжилж байгаа хэрэг юм бол?

-Таныхыг байтугай өөрийнхийгөө мэдэхгүй. Одоогоор бол надад асуудал байхгүй. Би жишээ нь зургаа дахь жилээ өнгөрөөд л явж байна.

-Хэтэрхий хувийн асуудал руу тань орсн бол уучлаарай. Гэхдээ яагаад өмнө нь салчихсан юм бэ?

-Бараг хариулж чадахгүй байх аа.

-Өөрөө буруутан болохоороо юу?

-Би нэг  их хувийн амьдралаа бусдаас нуугаад л өөгүй харагдах гэсэндээ ч биш. Өөрөө буруутан тулдаа ч биш. Яагаад гэвэл би ерөөсөө сална гэж бодож байгаагүй. Төлөвлөж, төсөөлж байгаагүй байхад манай хүн яваад өгчихсөн нь үнэн. Гэхдээ хөөрхий минь бүр яваагүй. Гуйлгах гэж явсан байхад нь би гэдийчихсэн нь үнэн. Энд миний алдаа ч байгаа байх. Түүний алдаа ч байгаа байх. Үнэн хэрэгтээ үүний учрыг хэн ч олж чадахгүй. Учрыг нь олно гэж бараг байхгүй зүйл энэ байх. Ганцхан миний хүүхдүүд л энийг бодох байх. Гэхдээ би тэдэнд өөрсдийнхөөрөө ойлгох эрхийг нь л өгнө. Би зөв байсан. Ээжийн чинь буруу гэх юм уу. Би буруу байсан, ээжийн чинь зөв гэх юм уу.

-Гэхдээ аягүй олон салалт эр хүний урвалтаас болсон байдаг ?

-Тийм байж магадгүй. Ер нь тийм зүйлтэй учирдаггүй гэр бүл гэж байдаг юм уу. Ямар ч байсан салалт маш тэнэг юмнаас л болдог. Энэ бараг батлагдсан үнэн. Эр эмийн хэрүүл бол дандаа ямар ч хэрэггүй тэнэг юмнаас болдог.

-Тэр ч тийм шүү?

-Их олон ухаантай хүмүүс энэ талаар баталж хэлсэн байдаг.

-Уг нь танаас хайр сэтгэлд байдаг гоо сайхны тухай, бас тэндээс хүмүүсийн хайгаад байдаг хүн чанарын тухай асуувал илүү сайхныг ярих байх гэж бодож байсан юм?

-Би бол хайр сэтгэлд гоо сайхан байдаг гэж боддоггүй ээ. Эхэндээ бол эрэгчний зөнгөөр, эмэгчний зөнгөөр л уулзацгаадаг. Тэр тэнэг зөнгийн цаана нарийн генетикийн шинжилгээ явж байдаг. Эмэгтэй хүн ерөөсөө эрэгтэй хүнийг тавхан секунд орж ирээд гарах хооронд орчин үеийн генетикийн лобарторийн хийсэн шинжилгээний 99 хувийг хийж байдаг. Өөрөөр хэлбэл эрүүл саруул уу, гэр бүлээ аваад явж чадах уу энэ бүхнийг хийж чаддаг байхгүй юу. Эрэгтэй хүн ч гэсэн яг адилхан хийнэ. Гэхдээ эмэгтэй хүнд хүрэхгүй. Өөрөөр хэлбэл энэ хүүхний сав суулга нь сайн уу, сайхан уу, хөх нь миний үр хүүхдийг тэжээж чадах уу үгүй юу гэх мэтийг уншиж байдаг. Ийм процесс эхлээд явж байна. Дараа нь амьтны зөнгөөрөө уулзаж учирна. Тэр хооронд ойр зуурын засал чимэг нөлөөлдөг юм уу үгүй юм уу бүү мэд. Үнэр бол хүчтэй нөлөөлдөг. Ингээд л явдаг. Үүн дээр нэг их гоо сайхны юм байдаг гэж боддоггүй.

-Та ч гэсэн үхтлээ дурлаж байсан байж таарна. Тэр битгий хэл шүлэг хүртэл бичиж байсан нөхөр шүү дээ?

-Шүлэг бичиж байсан л даа. Гэвч хүн болгон л бичдэг шүү дээ.

-Тэрэндээ тултал юу нөлөөлсөн байж болох вэ. Ялангуяа тань шиг хүнд?

-Миний шүлэгнүүдийг хоёр л хувааж болно. Би дахиад хэлэхэд хүн болгон шүлэг бичдэг. Хүн болгон уран зураг зурдаг. Тэрийгээ зотон дээр буулгадаг эсэхэд л ялгаа бий. Хүн ерөөсөө хүн байгаад амьдарч чадаж байгаагийн гол учир л энэ байх. Тийм учраас урлаг байдаг. Хүнд амьдралыг даван туулах, танин мэдэх хоёр л арга байдаг. Нэг нь хүйтэн оюун ухаанаараа, нөгөөдөх нь сэтгэл зүрхээрээ. Шинжлэх ухаан логикийнх зэвсэг бол, урлаг сэтгэлийнх нь зэвсэг байдаг. Энэ үүднээс нь бодох юм бол бас гоо сайхны юм байгаа байх л даа. Яагаад гэвэл би үнэхээр ертөнцийн хамгийн төгс төгөлдөр гоо сайхан бүтээл бол эмэгтэй хүн гэж итгэдэг. Энэ бол харин бурхан байдаг бол гэж хэлэхээр хамгийн төгс төгөлдөр бүтээл. Үнэхээр гайхамшигтай. Ямар ч цэцэг, ямар ч гоё хүрхэрээ мүрхэрээний дэргэд зүгээр л эмэгтэй хүн гэдэг бол үнэхээр тасарсан гоо сайхан бүтээл. Надад байдаг шүлгүүдийг хоёр л хувааж болно гэж хэлсэн.

Залуу байхад нөгөө яриад байгаа амьтны зөнгөөрөө энэ гоо сайханд автагдсан үеийн шүлгүүд нэг хэсэг нь. Би уул нь шүлгийг гуниг ганцаардлаас л төрдөг гэж боддог. Өөр юунаас ч биш. Баяр бахдалаас биш. Гоо сайхнаас биш. Аз жаргалаас биш. Зөвхөн гуниг ганцаардлаас.

-Эмэгтэй хүн аягүй олон фантазыг амьдралдаа байлгах гэж хүсэмжилдэг л дээ. Харамлуулахыг ч юм уу,  тэр хүндээ хамгийн чухал нь байхыг далдхан оролдож байдаг. Та бол ийм тоглоомоор тоглодоггүй юу?

-Би бараг харддаггүй. Гэхдээ хардаад зодоон хүртэл хийж байсан үе бас бий. Би харьцангуй хүйтэн логиктой хүн шүү дээ. Аливаа юманд сэтгэлийн хөдөлгөөнгүй орохыг хичээдэг. Логикгүй тэнэг хардалт ч юм уу, тэр нь хүнд зовлон болох хэмжээний юм хийхийг ерөөсөө хүсдэггүй.

-Нээрээ нэг зүйлийг асууя гэж бодож байсан юм. Эрэгтэй хүн ээжтэйгээ их олон зүйлээрээ адилхан эмэгтэйд татагддаг гэж үнэн үү?  

-Тэр бол харин үнэн байх шүү. (инээв) Эрэгтэй хүнд хамгийн хүчтэй нөлөө үзүүлдэг хоёр л эмэгтэй байдаг. Ээж, эхнэр хоёр. Би бол ер нь их зэвүүн, муухай ааштай хүн ш дээ. Хэрийн бол өөрийн логикоос гарахгүй. Хагалгааны үед бол бараг илүү ч амьсгалахгүй. Тэгэхэд намайг нэг жоохоон байдлаараа тэвчээрийг минь бараад л, тэнэг амьтан болгодог хоёр л хүн байдаг. Нэг нь манай ээж, нэг нь миний эхнэр. Би ч ганцаараа ийм биш юм шиг байгаа юм. Евро азийг тэр чигээр нь жолоодож чадаж байсан Тэмүжин ч гэсэн эхийгээ мөөмөө гаргаад ирэхэд нь л өвдөг сөхрөөд ичихийн ихээр ичиж, айхын ихээр айлаа гээд орилоод сөгдөж байсан. Монгол эрчүүд ийм л байсан юм шиг байгаа юм. Өөр орны эрчүүд ямар байсныг мэдэхгүй. Ямар ч байсан монголд ийм байсан.    

-Охин бол ямар нөлөөтэй байх уу?

-Охин гайгүй ээ. (инээв) Ээж эхнэр хоёр зэвүүн л дээ...


Хайр дурлалын талаар хамгийн тоомжиргүй хариултуудыг  хэнэг ч үгүй шидэж суусан энэ эрхэм цагтаа ийм шүлэг бичиж байсан.


Зуурдын, зуурдын жаргал ч үүрдийн

Чиний тухай бодол жаргал зовлон болон

Зуурхан энэ амьдралыг минь сүлж үрж ирлээ

Чинадын ертөнцөд очиход

                     Хамт одох уу, энд үлдэх үү?

Үүрдийн, үүрдийн зовлон ч зуурдынх

Өөрийг чинь гэсэн хайр зовлон жаргал болон

Үд хугасханы амьдралыг минь эмтэлж, хэлтэлж ирлээ

Үхлийн хаалгаар алхахад минь

                    Хамт орох уу, энд үлдэх үү?

Зуурдын үүрдийн жаргал зовлон

Чиний дүрээр над оршсоор

Зүрх сэтгэл амьдралаар минь тоглож наадаж ирлээ

Зүүдний оронд халихын цагт

                    Хэн нь надад үнэнч бол?...

Түүний „Сэтгэл минь” гэдэг нэртэй шүлгийн номноос би өөртөө таалагддаг энэхүү шүлгийг зориуд бүтнээр нь хавсаргаж байна. Бидний яриа зарим нэг уншигчдын хүсдэг шиг  заавал ямар нэг „юм” үлдээх гэж  юм уу, эсвэл элдэв хийрхлээр дүүрсэн энэ нийгмийн хэмнэл рүү ямар нэгэн „асуудал” дэвшүүлэх гэж хийгдээгүй болох нь ойлгогдсон байх. Тэр тусмаа хэн нэгэнд таалагдах гэж бас зарим нэгний  “өвчинг” хөдөлгөж сэгсийтэл нь урлуулах гэж бүр хүсээгүй болохыг хүлцэнэ биз ээ. Б.Болдсайхан бол энэ цагийн хамгийн супер эрчүүдийн нэг. Бас түүнийг зүрхний мэс засалч гэдгийг нь хэлүүлэлтгүй бүгд мэднэ.

...Алтайн уулс, Хатан туул, дөрвөн ханат гэр, мөрөөдөл, шүлэг, говь, чонын ан, зүрхний мэс засал, андууд, дахиад л мөрөөдөл.....гэж тэр бас нэгэнтэй бичсэн...Сонин товарищ...хэгжүүн амьтан...  

 

Сэтгүүлч Б.Ганчимэг