Чили улс манайхтай олон талаараа төстэй. Чили, Монгол хоёрын эдийн засагт байгалийн баялаг, түүний дотор зэсийн үүрэг үнэмлэхүй өндөр үүрэг гүйцэтгэдэг. Тэдний эдийн засагт хамгийн том үүрэгтэй компани нь улсын эзэмшлийн “Коделко” бол манайх хоёр улсын Засгийн газрын хамтран эзэмшдэг “Эрдэнэт” билээ. Харин Чили бол дэлхийн бүх нөөцийн ч, үйлдвэрлэлийн ч гуравны нэг буюу тогтчихсон том бизнес. Монголын Оюутолгойг ашиглагдаагүй байгаа хамгийн том зэсийн нөөц гэж үзэж байгаа. Чили бол Өмнөд Америкийн Номхон далайн эргийн хагасыг  нь сунан эмжсэн, манайхаас хоёр дахин бага нутагтай ч тав дахин олон хүнтэй улс

Нөгөө талаас Чили, манайх хоёр хоорондоо бас ихээхэн ялгаатай. Далайн эрэг, ой мод газар зүйн байршлын гэх мэт асар их ялгаа байгаа. Мэдээлэл технологийн хөгжил, даяаршлын энэ үед уг нь хүн, засаглалаасаа хамааралтай зүйлээрээ бага ялгаатай байж болмоор.

Тэнд Засгийн газар солигдож ирсэн ч нийгэм эдийн засаг нь үсрэнгүй хөгжиж, эдүгээ өндөр хөгжилтэй орнуудын клубт орчихсон. Үүнийг хийсэн хамгийн гол арга нь уг нь маш энгийн. Тэд зэсийн үнэ өсөж улсын орлого ихсээд ирэхээр ихээхэн хэсгийг нь цаашаа хадгалж байгаад үнэ унах үед эдийн засаг руугаа оруулж, хөгжлийн хурдцаа сааруулахгүй явж ирсэн.

Манайд бол зэсийн үнэ өсөх үеэр Засгийн газрын хэмжээ нь томроод, зардал нь нэмэгдээд, найр наадам, баяр цэнгээн нь ихсээд ирнэ. Царцаа цас унаж хүйтрэн хөлдөж үхэхийн даваан дээр шоргоолжныд ирээд “Дулаацмаар байна, хоол өгөөч” гэж гуйдаг үлгэрийг санаж байна уу. Зунжингаа ажиллаж, тариа будаагаа цуглуулан хатааж, дулаахан сайхан жаргаж байгаа шоргоолж “Чи яагаад цаг сайхан байхад хоолоо нөөцөлж, байраа базааж аваагүй юм бэ” гэж асуухад царцаа “Би дуугаа дуулж, амарч цэнгээд завгүй байсан” гэжээ. Хариуд нь шоргоолж “Зунжингаа дуулсан бол дулаацталаа бүжиглээд өвөлж дөө” гэдэг.


Манай засаглал яг л энэ царцаа шиг биш байна гэж үү. Мөнгө орж ирвэл гол үүрэг нь тарааж цацах. Тэгээд сонгуулиар төрийн эрхээ хамтран баригч хоёр том нам хоёулаа баахан бэлэн мөнгө амласныг хэлэх үү. Хэцүү цаг ирэхээр гадаадаас тусламж гуйдаг, эсвэл гадаадын хөрөнгө оруулагч орлого олж эхлээгүй байхад нь шаардаж байгаад төлбөр авч тараадаг.

Улсын төсөв нь тэнд бол улс орны эдийн засгийг хөгжүүлэх хэрэгсэл, харин манайд бол улс төрийн намууудын сонгуулийн амлалтыг биелүүлэх хэрэгсэл.

Угтаа манай засаглалын төлөөлөгчид сурвал сурчихаар, судалбал судалчихаар олон удаа Чили оронд айлчиллаа. Их хурлын гишүүд, Засгийн газрын төлөөлөгчид, ажлын хэсгийнхэн гээд  яваад л байсан. Дараа нь Чилийн сайд, дарга нар, зөвлөхүүд ч ирж, хурал зөвлөлгөөн хийгээд байсан. Асар их зардал гарган сураад байдаг, судлаад байдаг,  бодит үр дүн гардаггүй.

 

“Тогтворжуулалтын сан” манайд уг нь байгуулагдсан. Гэхдээ түүний тодорхой хэмжээг эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлэх, ашигт малтмалын зах зээлийн үнээс хамаарал багатай болгох, эдийн засгаа өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх талаар тэд ихээхэн санаачилгатай ажиллаж ирснийг хардаггүй юм болов уу. Тэд загасны аж ахуй хөгжүүлж, сайхан дарс хийдэг болж, экспортоо төрөлжүүлэн нэмэгдүүлж чадсан. Бүх бэлтгэлийг улс бодлоготойгоор төсөл болгож хангасан. Тэр бүхнээс суралцах нь манайхны эрхэм зорилго байлтай. Харамсалтай нь бараг юу ч Монголдоо олж авчирсангүй.


Тиймээс айлчлалаа багасгаж, ажиллахаа ихэсгэн, Чилийн туршлагаар хувийн сектороо хөгжүүлэх цаг нэгэнт болжээ гэдгийг сануулах гэсэн юм.

2009-11-04