Хятадын Коммунист Нам /ХКН/ 76 сая гаруй гишүүнтэй, дэлхийн улс төрийн хамгийн том байгууллага. Өдгөө БНХАУ байгуулагдаад нэгэн жаран болоход ХКН-ын 4 дэх үеийн удирдагчид эрх бариад явж байгаа ч өнгөрсөн хугацаанд Хятадын улс төрийн системд намын лидер нь өөрийн залгамжлагчийг тодруулах талаар баталгаажсан тогтсон арга зам гэж байсангүй. Мао Зөдуныг нас барсны дараа түүний залгамжлагчдыг түлхэн Дэн Сяопин эрх мэдлийг гартаа атгах болсон. Харин Дэн Сяопин өөрийн залгамжлагч гэгдэж байсан хоёр хүнийг орхин Зян Зөминд төрийн эрхээ шилжүүлсний зэрэгцээ үе алгасан Ху Жинтаог тогтоож өгсөн байдаг. Ирэх 2012 онд ХКН-ын XVIII их хурал болох ба одоогийн удирдагчид нь тэтгэвэрт сууж 5 дахь үеийн удирдагчид залгамж халаа авах талаар яригдаж байгаа бөгөөд хөшигний цаадах өрсөлдөөн ид явагдаж байгаа юм.

Удирдлагын далд өрсөлдөөн

Диктатур тогтолцоонд эрх мэдлийг олж авах, шилжүүлэн өгөх явц хуулийн процессоор хамгаалагдаагүй байдаг. Гагцхүү бодит эрх мэдэлдээ түшиглэж хэрэгжүүлдэг учраас нөлөөгөө тэлэх далдуур өрсөлдөөн үргэлж явагдаж ирсэн. Тэртээ 1971 онд Мао Зөдуныг түлхэж цэргийн эргэлт хийхээр санаархаж байсан Линь Бяогийн төлөвлөгөө илрэн зугатааж байгаад онгоц нь сүйдэж үхсэний дараа Мао бусаддаа сэрэмжлүүлж хэлэхдээ, хойшид ч иймэрхүү тэмцэл гарах болно, тэмцэл бол ХКН-ын нэг зам, 7, 8 жилийн давтамжтайгаар нэг удаа “том үймээн” гарч байх болно гэсэн нь тогтолцооныхоо уг чанарыг ойлгож байсан мэт.

Соёлын хувьсгал бол үндсэндээ ХКН-ын доторх эрх мэдлийн төлөөх дотоод “дайн” байсан, улс төрийн эрх дархтнуудын хоорондын зөрчил, тодруулбал Мао Зөдун болон түүний бодлогод эргэлзэгч Лю Шаоци (тухайн үед улсын дарга асан) нарын зөрчлөөс улбаатай уг “дайн” эхэндээ улс төрийн хүрээнд байснаа намаар үл хязгаарлагдан ахар хугацаанд бүх нийгмийн амьдралыг хамарсан нь ХКН-ын нөлөө далайц нийгмийн бүх хүрээнд тархсаныг илтгэх биз. ХКН бол улс төрийн эрх баригч нам төдийгүй Хятадын нийгмийг тэр чигт нь залуурдагч хүч юм. Тиймээс ч улс орноо 60 жил удирдаж буй ХКН-ын бодлого чиглэл цаашид хэрхэн өрнөхийг ажиглаж байх нь Хятадын нийгмийн бусад бүхий л хүрээний ерөнхий хандлагыг тоймлон харахад дөхөм болох билээ.

Шинэ зуун гарсаар Хятадын дарга Зян Зөмин 2004 он гэхэд улс төрийн бүх эрх мэдлээ шилжүүлсэн боловч одоо хэр түүний нөлөөний бүлэг улс төрийн амьдралд гол хүчийг бүрдүүлж, Ху Жинтаогийн бүлгийнхэнтэй өрсөлдсөөр байна. Албан бус байдлаар нэг талд Ху Жинтаогийн карьерийн шат болж байсан Комунист Залуучуудын Эвлэл /КЗЭ/-ийн бүлэг, нөгөө талд “Хунтайжийн нам” гэгддэг урьд нам төрийн өндөр алба хашиж байсан дарга нарын хүүхдүүдийн бүлэг бий, “Хунтайжийн нам”-ыг Зян Зөминий нөлөөний Шанхайн бүлэг дэмждэг. 60 жилийн турш намын үе үеийн лидерүүд тэтгэвэртээ гарсан ч нөлөөгөө хадгалж далдуур удирдаж ирсэн заншил маягийн зүйл байдаг болохоор Хятадад удирдагчийнх нь улс төрийн эрх мэдэл цар хүрээг бодлогоо хэрэгжүүлж чадаж байна уу гэдгээр биш залгамжлагчаа гаргаж ирж чадаж байна уу үгүй юу гэдгээр хэмждэг гэж ч ёжлодог.

2007 он Хятадын улс төрийн амьдралд чухал жил болов, энэ онд болсон ХКН-ын XVII их хурлаар 5 дахь үеийн удирдагчид тодрох ёстой хүмүүс улс төрийн өндөр албан тушаалдаа орж ирцгээсэн юм. Улс төрийн товчоонд (УТТ, нийт 25 гишүүнтэй) 6 залуу гишүүн орж ирэв (Си Зиньпин, Бо Силай, Ван Цишань, Ли Көциан, Ли Юаньчао, Ван Ян). Эдгээр 6 хүнээс 2 нь мөн УТТ-ны байгын хорооны 9 гишүүний нэг болцгоолоо. Тэд бол Си Зиньпин, Ли Көциан нар бөгөөд энэ хоёр хүнийг Хятадын ирээдүйн удирдагчдаар тодрох хүмүүс гэж үзэж байна. Си Зиньпин бол “Хунтайжийн нам” буюу дарга нарын хүүхдүүд бүрдүүлсэн өндөр боловсролтой хэсгийн хүн бөгөөд Зян Зөминий хүчтэй баг ард нь байдаг Шанхайн бүлгийн хүн. Одоогийн байдлаар Улсын дарга болно гэж яригддаг нэгдүгээр эгнээний хүн юм. Ли Көциан бол Ху Жинтаогийн замнаж ирсэн Коммунист Залуучуудын Эвлэлд байсан, Ху Жинтаогийн хамгийн таашаадаг хүн боловч Си Зиньпиний дараа хоёрдугаар зэргийн хүн гэж тооцогдож байна. Үүнээс үүдээд Зян Зөмин хэдий 80 гарч тэтгэвэрт суугаа ч нөлөө нь далдуур хүчтэй байгаа ба үгийг нь Ху Жинтао арга буюу сонсож байна гэж /хаалттай/ хэвлэл мэдээлэлд бичиж байна.

Ингэхээр үнэндээ Хятадын дараагийн удирдагчийн тухай асуудал зөвхөн сонголтын хэрэг бус гол хоёр бүлгийн хүч нөлөөний асуудал юм. Гэвч хоёр бүлэг өрсөлдөхийн зэрэгцээ зохицох хандлага бийг үгүйсгэхгүй. Шанхайн бүлэгт багтдаг Си Зиньпин 2007 онд Шанхай хотын Намын хорооны Нбд-аар томилогдож, жил бололгүй ХКН-ын УТТ-ны байнгын гишүүнээр томилогдон Бээжин руу татагдсан юм. Нэг жилийн дотор хоёр шат харайсан Си Зиньпин бол хуучин өндөр алба хашиж байсан түшмэл Си Жунсүний хүү. Си Жунсүнь Соёлын хувьсгалаар хэлмэгдэхэд хүү Си мөн тэр үеийн гашууныг амсаж өссөн байдаг. Эцэг Си Жунсүнь нь Дэн Сяопиний үед шинэчлэлтийн талыг баримтлагч Ху Яаобанг дэмжиж шударга үнэнийг шулуун хэлж байсан тул консерватив Дэн Сяопинд таашаагдалгүй карьер нь боогдож, Нбд нарын газрын Байнгын Нарийн бичиг гэх албан тушаалд орох байсан ч орж чадаагүй гэдэг. Шинэчлэлтийн талыг баримтлагч Ху Яаобан бол Коммунист Залуучуудын Эвлэлийн гол номлогч нь байсан бөгөөд одоогийн дарга Ху Жинтао түүнийг хүндлэн биширдэг учир булшинд нь хүндэтгэл үзүүлж байсан удаатай ажээ. Ху Яаобан Си Жунсүний улс төрийн чансааг үнэлдэг байсныг Ху Жинтао мэдэх бөгөөд энэ ч үүднээс хүү Си Зиньпинг нь хүлээж авахад татгалзаагүй байна.

Ийм дэвсгэр дээр ирээдүйн дарга гэгддэг Си Зиньпин Хятадын улс төрийн өндөрлөг өөд асар хурдтай дэвшиж чадсан, өөрөөр хэлбэл нэг талаас Зян Зөминий талын дэмжлэгээр дээшилж, өөдөөс нь Ху Жинтао угтан авахдаа цааргалаагүй ажээ.

2012 он гэхэд УТТ-ны Байнгын хорооны 9 гишүүний 7 нь тэтгэвэртээ гарч, Си Зиньпин, Ли Көциан хоёр үлдэх ба тэд өөр өөрийн нөлөөний хүрээг бүрдүүлэхээр хүмүүсээ татаж, өрсөлдөөн хүчтэй явагдана. 2012 оноос Ху Жинтао халаагаа өгөхөд, улс төрийн тавцан дээр Си, Ли хоёр өрсөлдөж, харин хөшигний араас Ху, Зян хоёр чиглүүлэн дэмжиж тэмцэл явагдах юм. Одоогоор Си Зиньпинг улсын дарга болж, Ли Көцианг ерөнхий сайдын сэнтийд очно гэх таамаг байгаа (одоо Си улсын дэд дарга, Ли ерөнхий сайдын орлогч юм) ч тэдний орон нутаг дахь өмнөх карьерийг харвал Си эдийн засгийн асуудлыг уян хатан шийдэж амжилт олж байсан бол Ли нам улс төрийн үйл хэргийг дагнан чангарч ирсэн байдаг.

Одоо хоёр том бүлгийн эрх мэдлийн төлөөх ашиг сонирхолын “тулаан” ид болж байгаа бөгөөд уг “тулаан”-д Си Зиньпин, Ли Көциан нар өөрсдийн бүлгээ яаж бүрдүүлэх, хөшигний араарх дэмжлэг хэрхэн явагдаж, улмаар эрх мэдлийн хуваарилалт аль талд төвлөрөхийг 2012 онд болох ХКН-ын XVIII их хурал дээрээс харж болно. Одоогийн байдлаар 2007 онд улс төрийн товчоонд шинээр орсон 6 гишүүний 3 нь “Хунтайжийн нам”-ынх, 3 нь Коммунист Залуучуудын Эвлэлийнх гэгддэг, шууд харахад хүч тэнцүү гэж болохоор байгаа ч 2012 онд шинээр орж ирэх гишүүд аль бүлэгт харъяалагдаж байна гэдэг албан бус статусаас уг өрсөлдөөн хэр ширүүн болохыг багцаалж болох биз ээ. Юутай ч 2012 оноос хойш ч Зян Зөмин, Ху Жинтао нар далдаас өрсөлдөх боловч, хэрэв энэ хоёр өндөр настан насан өөд болж орхивол Хятадын улс төрийн өндөрлөгт эрх мэдлийн дахин хуваарилалт гарч, ширүүн өрсөлдөөн үүсэх магадлалтай гэх таамаг ч бий, хэрэв тэгвэл улс төрийн давлагаа нийгмийн донсолгоо үүсгэхгүй гэх газаргүй билээ.

Нам дотоорх ардчилал ба шинэчлэлт

Хятадын улс төрийн дээд амьдралд эрх мэдлийн хуваарилалт, хуульчилсан залгамж чанартай гэхээсээ илүү хөшигний цаана явагддаг наймаалцал, эрх мэдлийн нөлөө бүхий хүрээний өрсөлдөөнөөр хэрэгждэг энэ байдал 60 жилийн эрх барих хугацаанд өөрчлөгдөөгүй. Энэ өрсөлдөөн хамгийн хурцдаа Соёлын хувьсгалд хүргэж байсан гашуун түүх бий бөгөөд энэ явдал яг давтагддаггүй юмаа гэхэд улс төрийн ийм өрсөлдөөн том үймээн самуунд хүргэхгүй гэх нотолгоо үгүй юм. Ийм өрсөлдөөнөөс зайлсхийхийн тулд ХКН 1966-1976 онуудад Соёлын хувьсгалын хүнд бэрх 10 жилийг өгөрүүлсний дараа 80-аад оноос хойш ээлжит бүгд хурлуудынхаа аль нэгэнд намын асуудал, намын төлөвшил, улс төрийн соёлын асуудлаар тусгайлан хуралдаж иржээ.

1978 онд өөрчлөлт шинэчлэлтийг эхлүүлсэнээс хойш 31 жилийн хугацаанд ХКН-ын бүгд хурлуудаас нийт зургаан удаад нь намын бүтээн байгуулалтын асуудал, нам доторх ардчиллын асуудлыг авч хэлэлцсэн байдаг. Үнэндээ нам доторх ардчиллын асуудал шинэ зүйл биш юм. Одоогоос 7 жилийн өмнө ч “Дотоод ардчилал бол намын амин судас, ард түмэндээ ардчиллын үлгэр жишээ байж, хөтлөн хөдөлгөгч нь болох юм” гэдэг дээр намын гишүүд санал нэгдэж байсан бөгөөд гагцхүү сүүлийн үед улам хүчээ авч буй ойлголт. ХКН-ын их сургуулийн професор Син Мингийн хэлсэнээр ХКН төр барих 60 жилийн хугацаанд нийгмийн байдал их өөрчлөгдсөн, хөгжлийн агуулга, арга хэлбэр өөрчлөгдсөн, энэ бүх өөрчлөлт нь ХКН-аас эрх барих ойлголт хийгээд арга хэлбэр тогтолцоогоо өөрчлөхийг шаардаж байгаа ажээ.

Хятадуудын ярьж буй нам доторх ардчиллыг ардчилсан үзэл санаатай хутгаж ойлож болохгүй, учир нь Хятадын ардчилал нь угтаа удирдлагын төвшинд л эрх мэдлийг бүрдүүлэх, хэрэгжүүлэх арга хэлбэр гэдгээр л хэрэгжих зүйл гэж ойгловол болох мэт. Түүнээс бус хувь хүнийг өндөрт өргөсөн эрх чөлөөний тунхаг гэсэн философи угшилаар нь авч үзээгүй юм. Хятадуудын ойлгож буй ардчилал гэгч нь тэдний тайлбарласнаар “Хятадын социалист ардчилалд энд тэндээс хараад суралцчихаар тийм “гарын авлага” байхгүй, аль ч улс төрийн намаас суралцах туршлага судлах юм байхгүй, харин ардчиллын онолыг өөрсдийн практикт туршиж үзээд, туршлагаа гүнзгийрүүлж, дахин туршиж, туршлагаасаа суралцаад дахин гүнзгийрүүлэх гэх мэт давтамжаар социалист ардчилсан улс төрийн замаар явах болно гэжээ. Товч хэлбэл, ардчиллын тогтсон загваргүй буюу практикаас суралцах замаар ардчиллыг хайж олох” аж.

Одоо хэрэгжүүлж байгаа тэр практик туршилтын нэг нь намын дэвсгэр боловсон хүчин болох орон нутаг дахь Намын Нбд-ыг намын гишүүдийн шууд сонгуулиар томилдог болгохоор хэд хэдэн гацаа болон дүүрэг дээр туршаад байгаа юм. Ардчиллын нэг хэлбэр болгож ийнхүү туршиж байгаагаа Хятадууд ардын ардчиллал хөгжиж, ардын төлөөлөгчдийн хурал, улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн тогтолцоо, анхан шатан дахь ардчиллын тогтолцоо цөм хөгжиж байна гэж ойлгож буй.

Ху Жинтаогийн үед нам доторх ардчиллын тухай сүрхий хэлэлцэж, амьдралд хэрэгжүүлэх бодит алхам эхлүүлсэн нь өмнөх гурван удирдагчдаас ялгарах түүний бодлогын нэг онцлог нь гэж Тайванийн эрдэмтэд өгүүлж буй. Магадгүй Ху Жинтаогийн үед нам доторх ардиллын тухай их яригдах болсон нь тохиолдлын хэрэг бус. Удирдлагын төвшинд ардчилалтай байх нь ирээдүйд болзошгүй эрх мэдлийн төлөөх өрсөлдөөнийг үймээн самуунд хүргэхгүй байх алхмуудын нэг бололтой. Нам доторх ардчилал нь Хятадад газар авсан хүнд суртал, авилгал, ялзралтай тэмцэхэд тустай, улмаар энгийн олон ард иргэдээсээ хэт тасарч намын эсрэг үүсэх бухимдалыг саармагжуулахад тустай. Гагцхүү тэдний авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь, тухайлбал нам доторх ардчилал нь намын удирдлага, ажиллах механизмыг бага багаар өөрчилж шинэчилж анх тавьсан зорилго, үр дүнд хүргэх үү, эсвэл эсрэг үр дүн гаргах уу гэдэг нь цаашдын нөхцөл байдал болон арчиллын туршлагаа амжилттай хэрэгжүүлэхээс шалтгаалж байна.

Нөгөө талаас бас магадгүй ХКН дахь өөрчлөлт гэдэг бол Хятадын нийгэм дэхь өөрчлөлт байдаг учир ардчилал яригдах нь нийгэмд дохио өгөхгүй гэх газаргүй. 2009 оны 9 дүгээр сарын 18-нд Чайна Мобайлын гар утсан дахь нэгэн масс мессэжэнд “Чавга: би цагтаа тод улаан том чавга байсан, намрын салхинд үзэсгэлэнтэй харагддагсан гэхэд Лянхуа: би сүрлэг эрхэмсэг сайхан байлаа, муугаа гадагшлуулж өөрийгөө цэвэрлэдэг байв гэсэнд Ус: би мяралзан урсдаг байлаа, урсах минь яг бүжиг мэт байсансан гэлээ. Тэгтэл Аяга: бид одоо энэ тухай дурсаад огт хэрэггүй шүү дээ, одоо бүгдээрээ нэг аяган дахь чавга лянхуагийн бантан”. Ёгт утгаар хэлэлцэх дуртай хятадуудын хувьд ч энэ бол хоёргүй санаагаар хамтач үзлийн эсрэг утга агуулсан мессэж билээ. Хэдий тийм ч Хятад улс хүчирхэгжин цэцэглэхийн хэрээр ард түмэн нь ямар нэгэн изм дээр бус эх оронч үзэл дээр нэгдэн нягтарч, үндэсний сэргэн мандлын бахархалаар зангидагдаж буйг үгүйсгэх аргагүй.

 

Б.Индра