- Хий хоосон, үл гүйцэлдэх социалист төлөвлөгөөний үр дүнд бий болсон ашиггүй аж ахуй, үйлдвэрийн газрууд энд тэнд баригдаж, тэр бүрт суурин үүсгэж, хүмүүсийг хүчээр суурьшуулж, засаг захиргааны зохиомол нэгж бий болгосон өнгөрсөн зууны алдааг өнөөдөр бид засахгүйгээр Монголд юу ч өөрчлөгдөхгүй-


Монголд гурван хүн тутмын нэг (30%), хөдөөд хоёр хүний нэг нь (50%) ядуу гэсэн статистик үзүүлэлтэд сүүлийн хориод жил өөрчлөлт орсонгүй ээ. Ядуугийн шалтгааныг “ухаантнууд” янз бүрээр л тодорхойлж, эцэстээ энэ нь өөрсдийнх нь залхуу хойргоос болж байна гэсэн дүгнэлтэд санал нэгдэцгээсэн байх юм.

Тэдгээр ухаантнуудад хэлэхэд монголчууд залхуу биш байлаа ч хийх ажил байхгүй, ажил байлаа ч тэр нь ашиггүй, тийм ч учраас та бүхний дүгнэж буйчлан залхуу, бас ядуу байгаа хэрэг. Нийслэлийг эс тооцвол ямар ч зах зээл байхгүй учраас баргийн ажил, үйлчилгээ, бизнес хөгжих, орлогын эх үүсвэр болох найдваргүй энэ улс оронд иргэд нь ядуу байхаас ч яах вэ. 

Уудам, том газар нутагт цөөн хүн амтай хэрнээ тэднийхээ талыг хөдөөгийн 300 гаруй сум, мянга гаруй багт тараагаад цацчихаар хаана нь төвлөрөл, зах зээл бий болох юм бэ? 

Хотжилтын онолоор бол дорж хаяж 40 мянган хүн төвлөрсөн газар л талх барих, гутал загнах, гуанз ажиллуулахад ашиг олох, нэг үгээр бол зах зээл үүсэх боломжтой аж. Тэгвэл өнөөдөр аймгийн төвүүд нь ч 40 мянгад хүрэхгүй хүн амтай Монголд хэн юу хийж, хэрхэн мөнгө олж, хүн шиг амьдрах нь хэтэрхий ойлгомжгүй байна. 

Өнгөрсөн хориод жилд гадаад, дотоодын сайн санааны болоод төслийн байгууллагуудын зээл, тусламжаар хөдөөгийн иргэдэд зориулан өрхийн орлогыг дэмжих, ажлын байр бий болгох бишгүй олон төсөл, хөтөлбөрийг төр засаг, төрийн бус байгууллагуудаас хэрэгжүүлсээр ирсэн ч үр дүн нь элсэнд ус цацсан аятай оргүй замхарлаа. Хөдөөд ажлын байр, өрхийн үйлдвэрлэл үүссэн ч юмгүй, хот л хөл, толгойгоо олохоо байтлаа хүн амдаа дарагдчихав. Төсөл, хөтөлбөр биш төвлөрөл, зах зээлийн хууль асуудыг ийн шийдсэн хэрэг.

Уг нь аль эртнээс хөдөө рүү цацах хөрөнгө оруулалтаа нийслэл рүү татаж, цорын ганц том зах зээл болох Улаанбаатартаа хөдөөгийнхнийг угтах бэлтгэл хийсэн бол нийслэлийн асуудал өнөөдрийнх шиг хүндэрч ужиграхгүй байлаа. 

Нэг үгээр бол өнөөдрийн тархай, бутархай засаг захиргааны нэгжээ эртхэн өөрчилж зориглосон бол нийслэлээс дутахгүй томоохон зах зээл, төвлөрөл нэгээр тогтохгүй бий болж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн дүр төрх өнөөдрийнхөөс арай л гэрэл, гэгээтэй байх байв.

Зах зээл, жам ёсоор биш зохиомлоор бий болгосон өнөөдрийн засаг захиргааны бүтэц монголчуудын гурван хүний нэгийг хоосруулж, хөдөөгийнхэн нэртэй хөөрхийлэлтэй “иргэншлийг” бий болгосон юм. Өмнөх тогтолцооны үед гадаад, дотоодод их, дээд сургууль төгсч ирсэн залуу боловсон хүчнүүдийг хүн шиг амьдрах мөрөөдөлтэй нь хамт хөдөөд цөлж, өөрийн хүслээр нүүн суурьших эрхийг нь хасч байж хүчээр бий болгосон засаг захиргааны нэгж, суурингууд өнөөдөр ямар байдалтай байгааг бүгд гадарлана. (Эзэндээ аж ахуй болж чадахгүй, үржил шим муутай малаа дагаж мал болсон бүүр хөдөөгийнхний тухай энд ярих ч хэрэггүй.)

Чөлөөт зах зээлийн нийгэмд шилжихээс өмнө тэдгээр суурингууд үйлдвэр аж ахуйн ямар нэг зориулалт, чиглэлтэй байсан бол тэдгээр нь шилжилтийн дараахан  үгүй болсноос оршин суугчид нь юуны тулд яах гэж тэнд амьдарч, суурьшсанаа өнөөдөр ойлгодоггүй юм. Гахай шиг газрын үндэс малтаж, төмс шиг шороонд өсч үржих гэж тэнд ирж суурьшсан аятай амьдарцгааж байгаа Сэлэнгэ аймгийн нэгэн тосгоны амьдрал, оршин суугчдынх нь бүдгэрсэн сэтгэлийн гал үүнийг танд хэлээд өгнө. Урд нь тэнд цэргийн анги, мод боловсруулах үйлдвэр ажиллаж, түүнийг даган хүмүүс суурьшиж байжээ. Суурьшиж байжээ ч юу байхав, суурьшуулж байв. Өнөөдөр мод боловсруулах үйлдвэр, цэргийн ангийн аль аль нь үгүй болсон ч үе дамжин хүмүүс амьдарсаар. Тэнд цагтаа хөрөө рам тачигнаж, өглөө, оройн тоонд цэргүүд жагсаалын дуу хангинуулж байсан гэхээргүй. Тэр бүхнийг уг нь “ардчилал” гарч ирээд арчаад хаячихсан юм биш, үнээр үнэнийг хэлж болдоггүй хуучин эдийн засгийн тогтолцоотойгоо хамт дампуурсан хэрэг. Бодвол боловсруулж байсан мод нь өөрийн өртгөөсөө хямдаар зарагддаг байсан биз... Иймэрхүү хий хоосон, үл гүйцэлдэх социалист төлөвлөгөөний үр дүнд бий болсон ашиггүй аж ахуй, үйлдвэрийн газрууд энд тэнд баригдаж, тэр бүрт суурин үүсгэж, хүмүүсийг хүчээр суурьшуулж, засаг захиргааны зохиомол нэгж бий болгосон өнгөрсөн зууны алдааг өнөөдөр бид засахгүйгээр Монголд юу ч өөрчлөгдөхгүй. 

Мянган баялаг байгаад ч хөдөлмөрийн насны хүн амаа эдийн засгийн эргэлтэд оруулахгүйгээр, төвлөрөл зах зээл үүсгэж, түүнийг дагасан ажлын байр, ашиг орлогыг бий болгохгүйгээр Монгол Улс, монгол хүн хөгжихгүй. Хүмүүс нь ядуу чигтээ, нүд сэтгэл нь харанхуй хэвээрээ үлдэнэ.

Харин засаг захиргааны өнөөгийн тархай бутархай нэгж 76 гишүүнд л ашигтай байх. Жалга бүрийн 10 мянган иргэнийг төлөөлөн төрийн эрхэнд гарах нь тэдэнд хэрэгтэй. Тийм ч учраас тэд тэрбум, тэрбум төгрөгийг тойрогтоо төсөвлөж, өөрсдөө бол хэзээ ч амьдрахгүй хөдөөгийн жаахан суманд хүн хаяад нүүж ч болохгүй, хоргодоод амьдарч ч чадахгүй хоёрын хооронд “гоё юмнууд” барихаар болчихлоо. Тэр мөнгөөр эмнэлэг, сургууль, дотуур байрыг оодож гоёно. Болж өгвөл ганц нэг шинэ байшин барина. Уг нь муу ч юм юу байхав. Гэхдээ тэр бүхэн нь тэнд хүмүүс аятайхан хүн шиг амьдрах нөхцөлийг бүрдүүлж чадахгүй шүү дээ. 

Амьдарч буй нөхцөлөөсөө болоод бүгдээрээ шахам шүдний хорхойтой, бөөрний өрөвсөлтэй болсон сумынхан чухам юугаар амь залгуулдаг гэж бодож байна гишүүд ээ?

Харьцангуй амьжиргаа сайтай, газар нутаг нь үржил шимтэй гэдэг Сэлэнгэ аймгийн дээрх жижигхэн тосгонд л гэхэд оршин суугчид нь бүгдээрээ хууль бус аргаар амьжиргаагаа залгуулдаг. Засаг дарга нь иргэдтэйгээ зэрэгцээд хууль бус зүйл хийдэг гэж хэлж чадахгүй ч хууль бус үйлдлийг хорьж цагддаггүй нь харин үнэний ортой. Иргэд хууль бусаар мод огтолно, ан хийнэ, алт ухна. Засаг захиргаа нүдээ анина. Ингэхгүй гээд иргэдэд амьжиргаа залгуулах эх үүсвэр харагдахгүй байхад тэднийг өлбөрч үхэг гээд хууль, дүрэм харж, хотоос мэргэжлийн хяналт, мэдээллийн хэрэгсэл дуудаж дөвчигнөх хэрэг үү. Уулын мод, усны эхээс илүү тэнд байгаа хэдэн хүнийг өлбөрч үхэхээс хамгаалах нь Засаг даргын хувьд хамгаас чухал биз дээ? “Хэн гуайнх хүүхдүүдээ сургууль, соёлыг нь төгсгөөд хоолонд нь хүргэчихлээ. Одоо хөрөө, рамыг нь одоо хураая даа” гэж ярьж яваа Засаг даргыг хууль ёс сахиулсангүй гэж буруутгахаасаа өмнө хүнлэг байгаад нь баярлах ёстой. Яагаад гэвэл энэ бүхэнд Засаг дарга биш засаг захиргааны оновчгүй бүтэц л буруутай юм.  

З.БОРГИЛМАА