Баабар: Тэд бидний төлөө амиа өрж яваа
Үндэсний аюулгүй байдал гэсэн нэг ойлголт бий. Уул нь энэ нь нэгдсэн тогтсон ойлголт.
1.Улс орны тусгаар тогтнол, хил хязгаар нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал
2.Иргэдийн амьдралын аюулгүй орчин
3.Төрийн институциудын тасралтгүй функциональ үйл ажиллагаа
Улс орны тусгаар тогтнол нь үнэн хэрэгтээ буюу дэ факто, хуульчлагдсан буюу дэ юри гэсэн хэсгээс бүрдэнэ. Улс орон дэ факто тусгаар л байвал дараагийн эзлэн түрэмгийлэгч иртэл өрх тусгаар л байдаг нийтлэг жишиг нэн эртнээс байсан. Гэтэл Европын 30 жилийн дайны дараагаас эргэн тойрноороо хүлээн зөвшөөрөгдвөл түүнийг тусгаар улс гэж үзнэ гэсэн зарчим гарчээ. Ингэж хуульчлагдан зөвшөөрөгдсөн анхны дэ юри тусгаар улс бол Швейцарь юм. Энэ улс олон үндэстнээс бүрдсэн жижиг орон авч түүнээс хойш дөрвөн зууны турш Швейцарийг хэн ч эзлэн түрэмгийлсэнгүй. Дэлхийн хоёр том дайнд бүв бүтэн үлдсэн. Орчин үеийн ертөнцөд Тусгаар тогтносон байхад дэ факто хангалтгүй, дэ юри буюу тусгаар тогтнол нь гадна талдаа хүлээн зөвшөөрөгдсөн байж арай гэж нэг бүтэн тооцогддог жишиг нэгэнт буй болжээ. Дэ юри-г нь баталгаажуулдаг ч газартай болсон нь НҮБ юм.
Дээрх зарчмын тод жишээ бол Тайвань. Тайвань 1949 оноос дэ факто тусгаар улс. Тэдний дотоод хэрэгт хэн ч ордоггүй, оръё гээд ч чадахгүй. Тэд өөрснөө төр улсаа өөрийн үзэмжээр авч яваа. Харин гадна талаас нь тусгаар байдлыг нь зөвшөөрдөггүй. Өөрснөө тусгаар байдлаа зөвшөөрүүлэх гэж НҮБ-д элсэхээр 16 удаа өргөдөл өгсөн боловч няцаагджээ. Ингэхээр Тайвань бол дэ факто тусгаар, дэ юри тусгаар биш улс. Гэтэл 1948 онд Палестин улсыг байгуулах шийдвэр НҮБ-ээс гаргасан. Одоо болтол ийм улс байгуулагдаж чадаагүй л байна. Хагас нутгаа Иорданд алдсан, Израилийн автноми маягийн нэг ийм марзан газар хэрүүл хийж зэвсэг агссаар. Байгаа ч юм шиг, байхгүй ч юм шиг. Палестин бол дэ юри тусгаар, дэ факто тусгаар биш орон. Цааш нь ийм жишээ түүхээс болоод одооноос зөндөө олдоно.
Аль ч оронд хил хязгаарын бүрэн бүтэн байдал гэж Үндэсний аюулгүйнх нь нэг том зарчим бий. Хөрштэйгээ хилээ бүрэн тохиролцон заагласан бол демаркаци хилтэй гэж нэрлэдэг. Дэлхий дээр маш олон орон одоо болтол демаркаци хилгүй явна. Түүхээр ярьвал Халх голын дайн демаркаци хилээс болсон. Манж го, Монголын хил Халх голоор уу, Номун хаанаар уу гэдэг маргаан. Түүнээс үзэл суртлын үед зааж байсанчлан Япон Монголыг эзлэх гэсэн тийм юм болоогүй. Одоогийн явдал гэвэл Ирак Кувейтийг эзэлсэн нь ийм л шалтгаантай.
Үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн гурван хэсгийн эхнийх нь болсон тусгаар тогтнол, хил хязгаарын бүрэн бүтэн байдлаа хадгалах явдал нь аль ч улс орны тэргүүн зорилт мөн. Үүнийг улс орнууд өөр өөрийнхөөрөө шийддэг. Гэхдээ тухайн орны хүчин чадал, хэмжээ овроос болоод ерөнхий жишиг бий. Орос, АНУ, Хятад гэх мэтийн хэт их гүрнүүд энэ асуудлыг шийдэх механизмынхаа дийлэнх ачаалллыг зэвсэг техник, технологид тулгуурлана. Тэд дэлхий нийтийн амар амгалан байдалд ямар нэг хэмжээгээр хариуцлага хүлээдэг учир энэ нь цаашаа түмэн тайлбартай. Дунд болон жижиг гүрнүүдээс ийм механизм хэрэглэж буй Иран, Хойд Солонгос гэх мэтийн ганц хоёр жишээ бий. Хойд Солонгос нь өнөөдөр цэргийн тоогоор дэлхийд гуравт орж байна. Америкаас олон цэрэгтэй. Өөртөө томдсон энэ механизм нь дотооддоо ядуурал гуйранчлал, гадааддаа олон улсын хориг зэрэг түмэн дарамтыг авч ирнэ.
Жижиг орнууд өөрийгөө хамгаалах янз бүрийн механизм бодож олсон байдаг. Өчүүхэн жижиг Исланд өөрийн зэвсэгт хүчингүй боловч НАТО-ын гишүүн болж өөр дээрээ гадны цэргийн бааз байгуулжээ. Тайвань нь Хятадын, Израил нь Арабын орнуудын цохилтыг няцаахуйц зэвсэгт хүчинтэй. Япон, Өмнөд Солонгос нь “Америкийн шүхэр” гэж нэрлэгддэг цэргийн баазыг нь байрлуулах аргыг сонгожээ. Тухайн үедээ Югослав “Хэрэв АНУ, ЗХУ-ын аль нэг нь довтолбол шууд бууж өгнө” гэсэн хачин гэмээр өгүүлбэрийг хуульчилсан байв. Олон улсын энхийг сахиулах хүчнээр тусгаар тогтнолоо хамгаалуулсан улс ч байна. Гээд дэлхийн том жижиг гэлтгүй аль ч орон дипломат бодлогоор тусгаар тогтнолоо хадгалах механизмыг юун түрүүн тавьж байна.
Монгол улс 1962 онд хоёр хөрштэйгээ демаркаци хилтэй болсон ба 1997 онд гурван улсын хилийн уулзварыг демаркаци болгосон. Өөрөөр хэлбэл бидэнд хөршүүдтэйгээ хил хязгаарын ямар ч будлиан маргаан байхгүй гэсэн үг. 1989 хүртэл өөрийн тусгаар тогтнолыг гадаадын зэвсэгт хүчин нутагтаа байрлуулах механизмаар хамгаалж явлаа. Хүйтэн дайн дуусаж дэлхий ертөнцийн байдал өөрчлөгдсөнтэй холбогдуулан олон тулгуурт бодлогыг баримтлах болов. Үүнтэй зэрэгцэн “гурав дахь хөрш”, “цөмийн зэвсэггүй бүс” гэсэн зарчим гаргаж ирсэн. Бид бодит хоёр хөрштэйгээс гадна дэлхийн бүхий л улс орнууд, түүний дотор АНУ, Европ, Япон зэрэг хүчирхэг гүрнүүдийг гурав дахь хөршөөр зарлан иж бүрэн түншлэлийн гэрээ хийж буй нь Монголын хувьд хүчний тэнцвэрийг зөв баримтлах үзэл санаанаас үүдэлтэй.
1997 онд Батлан хамгаалах номлолд бүрэн өөрчлөлт оруулсан. Гадаадын цэргийн хавсрага хүчин байсан Монголын арми олон тулгуурт энх тайванч дипломат бодлогыг түлхүү тавьж эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалахаар тусгагдсан юм. Цагтаа Барон Унгерн, Сүй Шүжан нарын аль алин нь төв засгийн газрынхаа зөвшөөрөлгүйгээр иргэний дайны хаялагаар манай оронд цөмрөн оржээ. Иймээс ямар ч тохиолдолд Монгол нь хойшид хөршийнхөө төв засгийн газартай нягт хамтран ажиллах юм. Хоёрхон хөршийн авир, цаг үеийн бодлогоос Монголын хувь заяа бүрэн хамаардаг байсан гашуун түүхээс сургамж аван улс орны тусгаар тогтнолын асуудлыг олон улсын чанартай болгож, хамаарлыг хөршөөс гадна дэлхийн бусад хүчирхэг гүрнүүд болон олон улсын байгууллагаас хамаардаг болгож хүчний тэнцвэрийг балаансжуулах бодлогыг баримтлах боллоо. Дэлхий дахинд энх тайван тогтоох энхийн үйлс болон терроризм зэрэг хүн төрлөхтөнд учирч буй аюулын эсрэг хамтран тэмцэх нь өөрөө Монгол улсын тусгаар тогтнолыг хамгаалж буй хамгийн үр дүнтэй механизм юм. Бид хэнтэй муудалцахгүй, гэвч хүн төрлөхтний нийтлэг эрх ашгийн төлөө өөрийн хувь нэмрийг заавал оруулна, энэ л манай тусгаар тогтнолын баталгаа мөнөөс мөн.
Манай орон дэлхийн нэлээд өнцөгт энхийг сахиулах үйлсэд идэвхитэй оролцож өөрийн үүргийг нэр төртэй биелүүлж байна. Үүнээс гадна терроризмын эсрэг тэмцэлд АНУ-ын холбоотон болж тодорхой тооны цэргийн хүчийг Иракт илгээсэн билээ. Юутай ч эхний олз нь бид орчин үеийн жишигт таарах 2-3 мянган мэргэжлийн байлдагчтай болоод авлаа. Энэчилэн дагавар ашгийг тооцвол нэлээд гарна.
Хоёр их хөрш энэ явдалд төдий л тааламжтай биш байгаа нь их гүрнүүдийн нөлөөллөө хадгалах, хүрээгээ тэлэх геополитик бодлогоос нь үүдэлтэй. Харин бидний хувьд энэ нь гаднаас хамаарах хамаарлыг балансжуулах болон саармагжуулахад амин чухал ач холбогдолтой юм. Иракт явсан монгол цэргүүд тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол улсынхаа тусгаар тогтнолыг хамгаалж үүргээ гүйцэтгэж буй журамт хөвүүд мөн. Тэд биднийг хамгаалж бидний төлөө тийш явсан. Гэтэл сүүлийн үед Мянганы сорилын сангийн хэдэн долларын төлөө явж буй золиос мэтээр суртчилах, гутаах, доромжлох хандлага энд тэндээс гарах боллоо. Мянганы сорилын сан, Иракт цэрэг илгээсэн хоёр нь зориудын гутаалтаар л ихэрлэж байгаа болохоос хоорондоо ямар ч холбоогүй зүйл.
Монгол цэргүүдийг “үхэж үрэгдвэл хэн хариуцах вэ?” гэсэн энгийн хүмүүнлэг эсэргүүцлээс эхлээд “хөлсний цэрэг” гэсэн доромжлол хүртэл янз бүрээр мохоож буйн цаад учир шалтгаан юу вэ? Иймэрхүү зүйлийг төрийн хариуцлагатай зүтгэлтнүүдээс эхлээд шар сонин хүртэл зориудаар тараан “санаа зовж буйн” учиг хаана байна? Сенсаци дэгдээх гэсэн сонин, хэлгүйдээ “гадуурхагдсан” офицерийн үг бол эцсийн цэг дээрх “эх оронч” дэлбэрэлт. Тодорч болно, гэхдээ халдаж болдоггүй ариун юм гэж бий. Хэн ч эхийгээ гутааж, төрсөн үрээ гүтгэж тодордоггүй шүү дээ.
Монгол цэрэг эх орныхоо төлөө мянга мянган жил байлдсан. Эх орноо хамгаалах, хэрэгцээ гарсан үед түүний төлөө амиа ч өгөх нь цэргийн үүрэг. Ийм хөвгүүдээ алдаршуулж хүндэтгэх нь та бидний үүрэг. Монгол цэрэг өнөөдөр Иракийн элсэн дунд “Монгол улсынхаа төлөө зүтгэе” гэж тангаргалж байгаа. Тэд эх орныхоо тусгаар тогтнолын төлөө ариун үүргээ биелүүлж, амиа өрсөн эрэлхэг эрс ээ.
mongol huu
i-sxn