-фельетон-

Ер нь бол хятадуудад баярлаж ч байх шиг. Сая манай хилчдийг манай хилчид бутцохих үеэр ороод ирвэл ороод ирэх л байсан ш дээ. Тэхэд мөрөөрөө л байгаад байсан байгаа юм даа.

Ер нь урьд хилээ манай хилчдийг бууддаггүйгээр нь хятадын талд хариуцуулчихвал хүн ардын маань амь насанд ээлтэй юм биш байгаа?

Сүүлийн хэдэн жилд 50 гаруй монгол хилчин монгол хилчдийн гарт амь үрэгдсэн гэх мэдээ байна. Ер нь манай хил хязгаарын амгалан тайван байдалд манай хилчид л байнга заналхийлэх болоо шив дээ. Манай хилчид манай хилчид рүү хэзээ довтлон бутниргэх бол гэсэн айдас байнга л төрөх боллоо...Ингэхэд биднээс аюултай дайсан бидэнд байгаа юм уу?

Сонирхолтойгоор нь улс төр ярья даа. Тэд бие биенээ амьдаар нь ална уу гэхээс амий нь тасалж алдаггүй улс. Улс төрчид ард түмнийг алж байснаас биш хүн алсан удаагүйг түүх мэднэ.

Их хурал байнгын хороон дарга нараа сольсон талаар улсууд шуугиад байна. Хороо нь "байнгын" нэртэй боловч дарга нь их тогтворгүй газар даа. Бат-Эрдэнэ аварга хууль зүйн байнгын хорооны дарга болж гэнэ. Барилдаад түрүүлснээ томилсон юм гэсэн. Көкшүзан Батбаяр тэр хоёр тунасан гэж байгаа. Батбаяр нь зүй ёсоор хорооны дэд дарга болсон байна. Хэ хэ, мань Нямдорж нэгч даваагүй гэсэн. Ямар ч хуйвалдаангүй шударга томилгоо болсон юм билээ.

Арвин гишүүн шинжлэх ухаан боловсролын хороог толгойлох юм байх. Яаж болсныг бүү мэд. Ямарч байсан шударгаар л болсон гэсэн.

Заримдаа муухай хүмүүс бас тааралдах юм аа. Бяргүй бас цолгүй хэвтэж хууль зүйн байнгын хорооны даргад санаархсан нэг амьтан, бас нэг таарсан боловсролгүй юмтайгаа нийлчихээд нөгөө хоёрыгоо муулсан байгаа юм. "Манай улсын хууль эрх зүйн бодлого, соёл шинжлэх ухаан ба эрдэм боловсролын салбарыг ийм ч хүмүүс төлөөлөх гэж дээ” гэх маягаар.

Бод доо, манай хууль зүй, боловсрол соёл шинжлэх ухааны салбар энэ хоёр гишүүнээс илүү гараад байх, гоёдоод хээнцэрдээд байх юм юу байна аа?! Бидний хууль, бидний соёл, боловсрол, бас шинжлэх ухаан ийм л байгаа шүү дээ. Амьдрал өөрөө мэргэн, ямар ч юм байраа олсон л байдаг юм.

Манайд байнгын хорооны дурын даргад гологдох ямар хууль зүй, ямар эрх зүй байгаа юм бэ? Эдэнд гоёдож , хээнцэрдэх урлаг соёл , шинжлэх ухаан чинь, боловсрол чинь, бас байнгын хорооны алтан улиасыг хуга мөргөх эвэр чинь...хаана байна аа??

Манай сэтгүүлчид юмыг бас дэндүүлэх юм аа. МАХН-ын Хүрэлсүх, Мөнх-очир хоёр даргыг зодоо нүдээ хийлээ гээд баахан сүржигнэв. Үнэн учрыг дуулахнаа зодолдоогүй, зодолдох бүү хэл маргалдаагүй гэнэ. Тэд Энхбаяр гэж өөр нэг сайхан залуугийн тухай ярьцгааж байснаа гэнэтхэн нэг л сонин болоод, гэрэлгүй подьез руу хөтлөлцөн орцгоосон гэнэм. Тэнд бие биеэ хайрлан, жаал үнсэж байгаад гараад ирсэн байж. Орцонд харанхуй байсныг далимдуулан зодолдсон мэтээр цуурсан байгаа юм даа. Зарим нь бүр өнөө хэн нь тэрнийгаа намнаад ганзаглачихсан “ арьсыг нь хоршооны агентад тушаах”-аар явжээжээ гэж ойлгогдохоор бурсан байгаа юм даа. Ай бас муухай улс аа.

Аа бас "таван толгой" гэж юм гараад ирлээ. Биднийг ямар нэг толгойн зовлон байнга л дагах юм.

Эрт урьдын сайхан цагт бол 15 толгойтой атгаалжийн хар мангас байсан шиг байгаа юм. Толгойн тоо олон боловч тасалж орхивол асуудал шийдэгддэг амар юм байж. Сүүлийн үед толгойн тоо цөөрч, үсрээд л тав орчим болсон ч улам амаргүй болсоор. Тасалж болдог ч үгүй, таслахгүй ч байж болдоггүй. Таван толгойг таслаад ирсэн хүнийн ийм тийм юмаар шагнана ч гэж болдоггүй.

Манай толгойнуудын түүх их урт аа. Бидний сайн танил “арслан тайжийн толгой” байна. Аавд нь нэг толгойны хэрэг болоод аваад ирдэг ч бил үү? Цаашлаад "Дамбийжаагийн толгой” , “Гамингуудад 10 мянган лангаар үнэлэгдсэн Д.Сүхбаатарын толгой” “том толгой феодалуудын толгой” , “оюу толгой” гээд цуварч байна аа.

Дамбийжаагийн толгой орост байгаа. Харин Д.Сүхбаатарын 10.000 лангийн үнэтэй толгойг бид сохор улаан мөнгөний ашиггүй үрсэн дээ. Ер нь Сүхбаатарын толгойг төгрөг дээрээс харахад энгийн л нэг толгой боловч цаанаа их ээдрээтэй толгой. Судлаачдын яриад байгаагаар түүнд хоёр ч шарил байсан гэдэг юм. Сүхбаатар өөрөө амьд ахуйдаа эзэмшиж байсан шарил ба сүүлд бунханаас гаргаж хайлуулсан шарил хоёрын рост 20 орчим санжметрээр зөрөөтэй байжээ. Нарийн яривал Д.Сүхбаатарыг таван ч удаа оршуулсан байдаг. Тэр тоолондоо их жанжны цоо шинэ шарилыг оршуулж байсан гэх судлаач ч сүүлийн үед гарах болсон.

Баатар хүн хоёр байтугаа шарилтай байлгүй л яахав гэхэд шарил тус бүр толгойтой байсан эсэх гэдэг асуултын хариу бүрхэг. Саяхан өөр нэг судлаач, их жанжины хоёр шарил дундаа нэг толгойтой байсныг тал талаас нь тун оновчтой баталсан диссертаци бичсэн байдаг.

Монголчууд толгойгоор баялаг түүхтэй тул түүгээр яаж л бол яаж сурчээ. Бидэнд ..тийм, ийм юмныхаа "толгойг залгих" гэсэн хэллэг бий.

Арай “таван толгойнхоо" толгойг залгичихгүй байгаа даа.