Женко (загалмайлсан эцэг киноны хамгийн том мафийн нэр) Баттулга хүчтэй байна
Женко үнэхээр хүчтэй байна. Ганцхан хүн ийм хүчтэй байна гэдэг үнэхээр мундаг бөгөөд аймаар.
Женко үнэхээр хүчтэй байна. Ганцхан хүн ийм хүчтэй байна гэдэг үнэхээр мундаг бөгөөд аймаар. Гэхдээ ард нь оросын төрийн ба мафийн холимог баг зогсож байгаа бол бүр аймаар. Тиймдээ ч аймаар ууртай, зоригтой байгаа биз.
Женко хүчтэй байна. Хүч чадлаа, хүсэл зоргоо бүгдэд тулгаж байна. Ерөнхий сайд, Засгийн Газраасаа хүчтэй байна. Ганцаараа хүчтэй байна. Ерөнхийлөгч, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл, УИХ-аас ганц хүн хүчтэй байна. Зоригтой байна. Зориг хүслээ бусдад тулгаж чадаж байна. Монгол Төрийн бүх институтууд түүнээс айж байна. Хэн ч сөрж дуугарч зүрхлэхгүй байна.
Уул нь монголын хамгийн их хөрөнгөтэй, хувьдаа Худалдаа Хөгжлийн банк, Улаанбаатар банк, Капитрон банк, Баянгол буудал, мах комбинат, монголын хамгийн том спиртийн үйлдвэр (сард 17 чингэлэг спирт үйлдвэрлэдэг) зэрэгийг багтаасан асар том Женко групптэй хүн хүчтэй байхаас яахав. Дээр нь Монгол Улсын сайд, Дэд бүтэц хот байгуулалтын сайд болохоор хүч нь бүр их болж бүгд түүнээс айх нь зүйн хэрэг. Удахгүй Сайншандад 300,000 ажлын байртай буюу 1 сая хүн амтай үйлдвэрийн том хот байгуулна гэж байна. Монголын Төр ба бүх хувь хүмүүс түүний энэ том төслийг Сайншандын элсэн дунд босгохын төлөө зүтгэх хэрэгтэй гэж байна. Дархан, Налайх, Багануур ч юм уу уул ус, зам дэд бүтэцтэй хангай газар байгуулж хүн шиг амьдарч ажиллах тухай мөрөөдөх ч хэрэггүй. Женко хүсч байхад. Яг л дэд бүтэц, барилгын баахан компанийн захирлууд жудогийн холбооны 22 ерөнхийлөгч болон түүний хүслээр хөрөнгөө заран ажиллаж амьдарч эхэлсэн шиг.
Ганц хүн уул нь Монгол Төрийн бүх байгууламжийг ганцаар сөрөн зогсож, чөлөөт зах зээлийн бүх хуулийг уландаа гишгэн, ардчилсан сонголтыг маань ингэж дээрэлхэж чадамгүй сэн. Гэхдээ ард нь орос мангадын төр, мафи зогсож байгаа бол Монгол Улс түүний хүсэл зоргоор хөдлөх нь аргагүй ч юм уу.
Тэр үнэхээр их хөрөнгөтэй бөгөөд хорсол заналтай байна. Монголын бүх л өдөр тутмын сонин, телевизээр өндөр хөлсөөр хүн гүтгэж, үсдэж бөлдөгдөх мэргэшилтэй хүмүүсээр өргөн хүрээтэй компанит ажил хийлгэн санхүүжүүлж байна. Өмнө нь ч ийм туршлага ихтэй. Монгол Улсын ардын дайсныг олж тодруулжээ. Тэр нь MCS, Петровис, Шунхлай компани. Энэ компаниудыг хэрхэн устгах тухайгаа “Сүхбаатар” киноны маузер гозгонуулсан орос Сүхбаатар хэрхэн монгол язгууртан ноёдыг заналхийлж байгаагаар маш сайн ойлгуулж байна. Үгэнд нь орохгүй бол мангадын гараар устгах ажээ. Тэд ч ямар сураагүй биш. Энгийн ардыг нь байтугай үе үеийн ерөнхий сайд нарыг нь ч устгаж байсан улс. Магадгүй дараагийн удаа нь Голомт, АПУ, МАК гээд монголын бусад компаниуд түүний хүссэнээр амьдрахгүй бол устгал, дарамтанд орох юм байна. Фашизм коммунизмийн үед ч ийм улаан цайм телевизээр гаргадаг орос сүхбаатаран заналхийлэл хир байсан юм бол.
Асар их өрнөөс өөр мөнгөгүй байгаа Оросын төмөр замынханы 5-10 жилийн дараа барьж чадаж ч магадгүй үгүй ч байж магадгүй төмөр замаар зэс, төмөр, нүүрсээ зөөж Оросын нутагт оруулахгүй бол, 10-20 жилийн дараа босож ч магадгүй үгүй ч байж магадгүй 300,000 ажилчинтай 1 сая хүнтэй Сайншанд хотын элсэн дунд зөөж буулгаж, дахиж ачихгүй бол тэр хүртэл монгол хүн, монголын компаниуд нүүрс, зэс, төмөр олборлож, өөр аймагт баяжуулж, коксжуулж, хайлуулж ган хийж болохгүй гэнэ. Өнөөдөр бүгд зогсох ёстой юм байхаа. Хамгийн аймшигтай нь энэ солиоролынх эсрэг эрүүл ухаанаар, чөлөөт эдийн засгийн онолоор, хүний эрхээрээ үг хэлэх хүн нэг ч алга. Хэн орос сүхбаатарын гарт үхэхийг хүсэх билээ. Женко хүчтэй байна.
Андуураагүй бол 1-2 жилийн өмнө хэдэн барилгын материал зөөж чадахгүй хэдэн сараар гацааж байсан ганц төмөр замын шугамаараа Оюу Толгойн зэс, Таван Толгойн нүүрс, Төмөртэйн төмөр, Цагаан суваргын зэсийг зөөж Сайншандад буулгах ёстой гэнэ. Энэ танд төсөөлөгдөж байна уу? Ганц хүний бие даасан солиоролоо Монгол Улс, Монгол Төр, монгол хүмүүс, Монголын ирээдүйд тулган шаардана гэдэг бол өнөөгийн монгол төрийн үнэн нүүр царай багаа хуулаад байгаа нь энэ. Арай жоохон эрүүл саруул сэтгэмээр байна. Сэрмээр байна.
Монгол Улс төмөр зам ба нүүрсээр Хятад улсыг боож хаах биш өөрөө өөрийгөө л боож унагаж ядуурлын ангалдаа үлдэх болно. Хятадтай харилцан ашигтай наймаа хийж, болвол бүр монголын нүүрснээс хамаардаг болгож чадвал манай эдийн засагт л тустай. Дэлхийн бусад бүх орон тэгж л ажиллаж байна. Удахгүй Копенхагений экологийн бага хурлаас 2020 он гэхэд нүүрстөрөгч үйлдвэрлэхийг 45% бууруулах тогтоол гаргах гэж байна. Магадгүй нүүрсний уурхай, нүүрсний экспорт, нүүрс хэрэглэдэг технологийг зогсоох юм уу, маш өндөр татвар ноогдуулж эхлэх бодат алхамууд хийгдэж байна. Монголын говьд хөрсөн доороо хэвтээ нүүрс бол баялаг биш, ямар ч монгол хүний хармаанд нэг төгрөг ч орохгүй. Тэр нүүрсийг гаргаж зараад олсон мөнгөөрөө л бид илүү баян чадварлаг Монголын ирээдүйг бүтээж чадна. Аль болох богино хугацаанд аль болох ихийг амжуулахгүй бол бид хэдий нь хэтэрхий хоцорчихоод байна.
Тийм л хятадтай наймаа ч хийх дургүй шовонист үндсэрхэг юм бол том Таван Толгойгоос илүү нөөцтэй Хөшөөтийн нүүрсний ордыг хятадууд 100% авсан байгааг, Сэлэнгийн Төмөртэйгээс дутуугүй баян төмрийн хүдрийн ордыг Ерөө Гол нэрээр бас л хятадууд авч урагш зөөх төмөр зам тавьж байгаа тухай ганц үг ган хийдэггүй юм болов уу. Тэднийг дээрэлхдэггүй юм болов уу. Монгол компаниудын эзэмшилд үлдсэн Таван Толгойн 4% болох уурхайг л улайран дайрснаас төрд үлдсэн 96%-г нь яаж эд нар шиг хурдан ашиглах вэ гэж бодож болдоггүй юм болов уу. Төр хурааж авсан Таван Толгойдоо ганц хүрз хөрс хуулаагүй байгаа.
Тийм их байж ядсан эх оронч юм бол уул нь яг өөрийнх хариуцаж байгаа монголын төмөр замыг оросуудын Сталин хэмээх мангасын үед хийсэн эзэрхэг гэрээнээс нь салгаж Монголд ашигтай болгох гэж үе үеийн монголчуудын хийсэн ажлыг оросуудтай нийлэн устгаж суудаг нь юуных билээ. Монгол Улсын УИХ, АНУ-ын Конгрессээр батлагдсан гэрээг оросууд ураад нүүр лүү нь шидэж байхад монголчууддаа гаргадаг энэ их омог чадлаа гаргахгүй байсан юм болов уу.
Одоогийн Ерөнхий Сайд С. Батболд тэргүүтэй сайн ч муу ч хэдэн монгол компани Таван Толгойн лицензийг аваад үлдсэний төлөө яг өнөөдрийнх мэт занан дайрч 96%-г нь нийгэмчлэн хураалгаж байсан нь хоёрхон жилийн өмнөх явдал. Яг ийм хар дайралтууд хийж байж. Одоо үлдсэн 4% дээр нь бас л монгол компаниуд ажиллаж болохгүй гэнэ. Бусдын тавагтай хоол руу сэрээ дүрдэг хүн шиг энэ зангаа Хөшөөт, Цайрт менарал, Ерөө Голыг эзэмших хятадууд, монголын хамгийн том нүүрсний уурхай болох South Gobi Energy Resources, Оюу Толгойн канадууд, төмөр замын бүх эрхийг маань өмчлөх тэр оросуудадаа гаргаж болдоггүй юм болов уу.
MCS компани нүүрс баяжуулах үйлдвэрээ нээлээ. Удахгүй кокс хийх, ган хайлуулах үйлдвэрийн суурь тавигдаж байна. Ердөө л ирэх хавраас эхлэнэ. Бусад компаниуд ч ган хайлуулах, зэс хайлуулах үйлдвэрийн төслүүдээ эхэлж байна. Тус бүр эдийн засгийн хамгийн ашигтай тэр хувилбараар, тэр аймагтаа хийнэ. Харамсалтай нь тэр бүх төлөвлөгөө, Оюу Толгойн төсөл хүртэл ганц хүнд, түүний ар талд байгаа мангадад таалагдахгүй байна. Бүгд ганц хүний хүсэл зоргоор амьдарч ажиллах ёстой. Уул нь монголын компаниуд Женко, Голомт, АПУ, MCS, Петровис, МАК өөр бусад нь ч гэсэн аль болох нэгнээ дэмжиж хамтарч, бүр болохгүй ашиг сонирхол зөрөөд атаархаад байвал ашгаа хуваагаад ч болтугай ойлголцож байгаасай билээ. Sony, Toyota, Hitachi японы бахархал, Benz, Zeiss, Siemens германы бахархал, Ford, GM, Apple америкийн бахархал, Samsung, Huyndai, LG солонгосын бахархал байдаг. Тэгвэл Голомт, Женко, МАК, МCS, Петровис, АПУ Монголын бахархал болж хоорондоо биш америк, япон, герман, хятадын компаниудтай өрсөлдөн ялах аварга хүчирхэг болох болтугай.
Женко хүчтэй байна. Ганцаараа аймаар хүчтэй байна. Монгол Улс, Монгол Төр, монгол иргэд хүчгүй байна. Хүчтэний өмнө хүчгүй нь буруутай гэж. Тэнгэр өршөөг.
Зочин
Сүрхий юм болов уу? гэж бодсон чинь хөлсний нөхөр байна шүү дэ