Шувтарсан цагаан бумба буюу өлөн үнэгний үлгэр
Америк долларын ханш унаж байна. Шинжээчдийн үзэж байгаагаар доллар унах ба хятад юань болон еврогийн ханш өсөх үзэгдэл цаашид бас үргэлжлэх бололтой.
Өнөөгийн төвшингөөс харвал хэмжээ нь ч Баянхонгор, Өвөрхангайн нинжа нарын жилдээ ухдаг алт. Монгол банк алт гаргаж цэвэршүүлдэг, диллер хийдэг нь ч хэний ч сонирхол татахгүй зүй ёсны үйлдэл, алттай байх доллартай байх нь адил зүйл гэдгийг хэн хүнгүй мэднэ. Төвөг, энд банк санхүүгийн реформ, казиногийн хийрхэл зэргийг дахиж жишээнд татаад хар яршиг. Уул уурхайн салбарыг тойрон өдгөө үүсээд байгаа хийрхэл нь дээрх явдалтай харьцуулахад зүйрлэшгүй том, үлдэх хор холбогдол нь асар их, цаад явуурга нь илүү хорлонтой, тэр үеийг бодвол илүү зориудын зохион байгуулалт, өдөөлттэй эд юм. Гэхдээ нийгэм ингээд хийрхчихээрээ юу ч сонсохоо больчихдог. Нэгэнт өнгөрсөн юмыг “шувтарсан цагаан бумба” гэдэг, бараг л шувтраад дуусах шиг боллоо. Надад нийгмийг ухаажуулах үүрэг ч байхгүй, тэгээд ч миний хүч хүрэхгүй. Гэхдээ сүүлийн хориод жилийн бичсэн юмаа эргэж харахад илүү зөв, алсын хараатай задлан шинжилгээ хийж чадсан байдаг, түүнээ үзээд кайф болдог юм. Ингэхээр энэ өгүүллийг хожим эргэж кайф авахын тулд өөрөө өөртөө зориулж бичлээ. “Тээр, би хэлээгүй юу!” гээд сууж байх гоё шүү дээ. Гэрчтэй байхын тулд сонинд тавих хэрэгтэй биз дээ?
Оюу толгойн 34 хувийг ард түмэн буюу Засгийн газар эзэмших гэж байгаа нь үнэхээр буруу. Яагаад гэвэл Засгийн газар нь бизнесийн байгууллага биш, тэр дундаа уул уурхайн үйлдвэрлэл аваад явж чадахгүйгээ ганц Эрдэнэтээр хангалттай баталж байна. Оросууд одоо өөрийн эзэмшил хэсгээ хувийн менежментэд шилжүүлэх гэж байна. Чингэвэл нэг талаас хувийн хэвшил нөгөө талаас авилгад идэгдсэн Монголын төр гэсэн бүр ч тэнцвэргүй хослол буй болно. Уг нь Төр татвар хурааж авах л үүрэгтэй. Иймээс 34 байтугай ганц ч хувь Төрд хэрэггүй.
Төр адаглаад 51 хувь авах тухай сонсголонтой эх оронч үг байнга дуулдах болов. Хоёрхон хамтрагчтай үед л 51 хувь утга учиртай байдаг. Бирж дээр гарч зарагдан олон нийтийн болсон компанийн хувьд 20-30 хувь эзэмшиж байгаа тал голлох шийдвэр гаргагч болдог аж. Тэгээд ч “эх орончид” 51 хувь байсан бол 90 хувь гэнэ, 90 байвал 100 гэнэ, 100 байвал 105 хувь гэж дайрна. Өөрөөр хэлбэл энэ нь ямар ч хувь процентийн тухай яриа биш, мөнхийн шахалт шаардлага юм. Ард түмэн баялагтай газраа метрлээд хувааж аваад хүрз барьж очоод нинжадах маягийн марзан гэхэд багадмаар ч санал хүчээ авч байна. Эсвэл нэг хэсэг нь ухаад л нөгөө хэсэг нь буюу “ард түмэн” мөнгийг нь бэлнээр хуваан авах дэндүү сайхан шудрага санал ч газар авч байгаа. Хийрхэхэд эрүүл ухаан юуны хэрэг!
Өдгөө олон улсын стандарт буй болсон. Анх нефтиэс эхэлсэн “бүтээгдэхүүн хуваах” зарчим нь Төр зөвхөн татвараа тогтоодог ба ганц ч төгрөг гаргалгүйгээр нийт баялагийн үнийн дүнгийн 60 хүртэл хувийг авч чаддаг жишиг тогтжээ. Энэ зарчмаар үнэ өндөрсөх, баялагийн нөөц тооцоолсноос нэмэгдэх тутам Төрд ноогдох ашиг илүүтэй нэмэгддэг аж. Үүнийг олон улсын тогтсон жишиг, бизнесийн алтан дүрэм гэж нэрлэнэ. Буурай орнууд эх оронч санаачлагаараа энэхүү олон улсын жишгээс илүү “таатай” нөхцлийг бодож олон мөрддөг учраас л байгалийн баялаг нь тэднийг улам ядууруулдаг.
Төр 34 хувь эзэмшвэл түүндээ оногдох хөрөнгө оруулалт гаргах ёстой болно. Энэ бол өнөөгийн нөхцөлд манайд ахадсан алхам. Үүнээс гадна Төр үйлдвэрлэл явуулаад эхлэхээр л дагаад авилга хээл хахууль гаарна. Юм болгоныг хэд нугалж Төрд шахдаг бизнес нэгэнт газар аван тогтсон болохоор 34 хувьд гаргах Төрийн үрэлгэн хөрөнгө оруулалтын хэмжээ нийт 100 хувьд орохоос ч өндөр байх болно. Үүнээс ч илүү гарах болов уу, учир нь улсад шахаж байгаа мөртөө дөнгөж гурав нугалдаг нэгнийг “хэт шудрага маанаг” гэдэг болчоо биз дээ.