Дэлхийн урааны нөөцийн 2 хүрэхгүй хувь нь Монголын нутагт бий. Хэрэвзээ хайгуул хийвэл үүнээс их нөөц илрүүлэх бололцоо бий гэж геологичид үздэг юм билээ. Гэхдээ л одоо илрүүлсэн хэмжээ дамжаа дэлхийд нөлөө үзүүлэх ямар ч бололцоогүй өчүүхэн зүйл. Канад, Австрали, Казахстантай зүйрлэх ч юм байхгүй. Монголын одоо илрүүлсэн урааны олон хэсэгт хуваагдсан бүх нөөцийг ашиглахад нийлээд 3 тэрбум хүрэхгүй долларын эргэлт буй болох ба энэ нь жишээ нь Оюутолгой, Тавантолгойн нийт эргэлтийн мөнгөн дүнтэй харьцуулахад бараг л шүлсний дусал. Эртхэн дуулгахад эх орны төлөө амиа тавьдаг эрхэлсэн тодорхой ажилгүй рэкетчингүүдэд олигтой шантаажлах цаад суурь муутай юм билээ.

     Монголд анхны урааны ашиглалт Хэнтийн Цэнхэрмандалд дайны дараагаас эхэлжээ. Зөвлөлтийн улс төрийн хоригдлууд ажиллаж байсан гэдэг. 1980 оноос Мардайд уурхай байгуулан ашиглаж байсан боловч хүйтэн дайн зогссоноор хэрэгцээ багасан үнэ унаж хүн тоохоо больсон. Арван хэдэн жилийн турш төр засгийн тэргүүнүүд маань энэ уурхайг хамтарч ашиглая гэж гүйн ороогүй газар уулзаагүй хүнгүй болсон байх. Харин 2005 оноос урааны үнэ огцом өслөө. Жилийн дотор 10 дахин өссөн гэдэг.  

    Монголын ураан жаахан гэлтгүй гадныхны сонирхол татаж эхэллээ. Ялангуяа оросууд энд онцгой анхаарал хандуулав. Орос ураангүйдээ үхэх гээд байгаа юм биш л дээ. Дэлхий дээр байгаа 500 шахам атомын цахилгаан станцын түлш хангах асуудалд тэд бараг монополь тогтоосон. Боловсруулсан түлш зардаг гэсэн үг. Иймээс зах зээлийн монопольт байдлаа алдахгүйн тулд л ингэж буй хэрэг. Хүлэмжийн хийг багасгах, дэлхийн дулаарлын эсрэг тэмцэх хүрээнд цөмийн түлш хэрэглэх явдал улам ихсэх төлөвтэй. Иймээс урааны сонирхол ялангуяа Япон, Солонгос, Энэтхэг, Хятад улсад асар их өсч байгаа бололтой.

    Сураг сонсуутаа Монголын төр байхгүй шахам ураанаа харамлаж стратегийн “бүтээл” болгон зараллаа. Уг санаа нь ч зөвхөн аюулгүй байдлын талаас харсан болохоос нүүрс, зэс, алт, нефттэй харьцуулахад эдийн засгийн талаасаа нэг их стратегисаад байх юм байхгүй л дээ. Өнөө хэдэн араабууд, хойд солонгосууд, террористууд Монголын уудам эзгүй талд нууцаар ураан баяжуулаад сууж байх вий гэдэг болгоомжлолоос онцгой анхаарах түүхий эд байж болох. Эдийн засаг талаас нь бодвол гадныхнаар эрэл хайгуул хийлгэхийн тулд хуулийг нь улам либеральчилж чөлөөлж өгөх ёстой л доо.

    УИХ-аар урааны тухай хууль өнгөрсөн зун батлагдлаа. Хуулийн төсөл хийж буй хүмүүсийн дунд маргаан гарч. Маргаанаа эрх мэдэлтнүүдээр таслуулахын тулд зориуд мангар заалт оруулжээ. Монголд ураан сонирхож оролцож байгаа гадаад, дотоодын компанийн хөрөнгийн 51 ба түүнээс дээш хувийг нь Монголын төр шууд ямар ч үнэ төлөлгүйгээр булаан авна гэж заажээ! Хуулиндаа бүр үг үсгээрээ “шууд, үнэ төлбөргүй” гэж байгаа. Мэдээж энэ нь Үндсэн хуультайгаа ч зөрчилдөнө, хүний эрүүл ухаантай ч зөрчилдөнө, гэхдээ шийдвэр гаргадаг, хууль тогтоодог улс нь маргааныг таслаж нэг талд нь гаргана биз гэж бодсон гэнэлээ, төсөл зохиогчид.

Зун амрах гэж яарсан гишүүд хуулийн төслийг тэр чигээр нь огт анзааралгүй явуулж батлаад хаялаа. За дүүрч, сая өнөөх нь Үндсэн хуулийн цэцээр ордог юм байна. Цэц маань даргаасаа авахуулаад нуль эх орончид байгаа шүү дээ. Хөрөнгө оруулах гэсэн компаний 51 ба түүнээс дээш хувийг нь Монголын төр сохор зоос төлөлгүй шууд дайчлан хурааж булаан дээрэмдэх нь эх оронч үзлийн дээд илрэл гэж тэд үзжээ. Оростой хамтарсан уурхайн дарга хийж явахдаа хулгай шамшигдуулал хийсэн хэргээр шоронгийн хаалга татах гээд уйлагнаж явсан нэгэн гишүүн цэц дээр хууль хамгаалахаар очин ялалт байгуулсны дараа эх оронч мэдэгдэл хийж байна. Монголын ураан учираас гадаадынханд бололцоо олгож байгаа учраас хураан дээрэмдэх эрх бий гэнэ! Газрын доорхи урааны нөөц бол Монголын хөрөнгө, 100 хувь ард түмний өмч, үүнийг Үндсэн хуульд тодорхой хэлсэн байгаа, харин энэ орд дээр хөрөнгө оруулж бизнес хийх сонирхолтой компани бол түүнийг эзэмшиж байгаа тэр хүмүүсийн өмч болохоос Монголын төрд ямар ч хамаагүй. Тэд ураан сонирхсоны төлөө дээрэмдүүлэх ямар ч муу юм хийгээгүй. Гэвч Монголын төр бусдын хөрөнгө хурааж булааж, хөөж, нэгдэлжүүлж, хамтралжуулж байсан 70 жилийн баялаг туршлагатай.

     Эх оронч түнтгэр цээж яах вэ, түхэлзээд л өнгөрдөг юм байгаа биз, харин Монголын геологид ураан олзворлох салбарыг ингээд нэг мөсөн хааж байгаа юм. Дээрхи нэр төр горьдогчдоос тэнэг хөрөнгө оруулагч гэж хаа ч үгүй. Гэхдээ түрүүлээд ингээд заралчихдаг нь овоо доо. Уул нь мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаагаар эрэл хайгуул хийвэл цаана нь асар их нөөц илрэх өндөр магадлалтай гэнэлээ. Хайран юм! Төр мөнгөө гаргаж хайгуул хийнэ гэж хуульчилсан байгаа. Геологийн хайгуул бол яг л казино юм гэсэн. Ийм эрсдэлийг хувийнхан л хийдэг - алдвал дампуурна, олбол түхийгээд явчихана. Уул нь татвар төлөгчдийн мөнгийг төр эрсдэл рүү хийж болдоггүй л юм. Гэхдээ монгол хүн зарчмын санал тавихаар ард нь өөрийнх нь өчүүхэн сонирхол гол хөдөлгөгч мотор нь болчихсон явж байдаг болохоор хуулиар далайлгаж байгаад одоо орд эзэмшигчдийг дарамтлан ядахнаа ганц амины мотоцикльтой болох гэсэн санаа ч цаана нь байгаа гэхэд гайхаад байх юмгүй. Рэкет нарийсч мэргэшиж байгаа одоо цагт бага боловсролтой, эрхэлсэн ажилгүй, ядахнаа үсээ угаачихдаггүй зуугуул сонихогчидын оролдох ажил биш болж байгаа шүү!

    Төрийн шийдвэр олон тохиолдолд марзан байдгийн шалтгаан нь энэ эх оронч зарчмын цаана хувийн өчүүхэн сонирхол, амбиц, хонзогнол байдагтай холбоотой. 1998 онд Монголын батлан хамгаалах номлолд үндсэн өөрчлөлт орж дагалдах 13 хууль гарснаар бид өөртөө таарсан орчин үейин батлан хамгаалах тогтолцоотой болсон. Үүнийн үр дүн богино хугацаанд илэрч манай арми цомхон, нэгдсэн, олон улсын үйл ажиллагаа явуулдаг, соёлтой чадварлаг болж өөрчлөгдсөн билээ. Өнөөдөр хамгийн чадварлаг, мэдлэгтэй боловсон хүчнээр дүүрсэн газар арми болжээ. Бахрахмаар ч юм шиг.

Гэтэл 2000 онд МАХН сонгуульд ялах нь тодорхой болоод ирүүт Нямдорж хуучны Дотоод яам, социализмын сүүл үеийн НАХЯ-ыг байгуулж өөрөө толгой дээр нь гарч ард нийтийг айлгаж байх амбиц нь хөдөлжээ. Тэрээр сонгуулийн өмнө Ардчилсан намаар Дотоод яам байгуулуулах гэж мөн ч олон хүнийг гуйсан даа. Бүтсэнгүй. Сонгуульд ялангуутаа Хууль зүй дотоод хэргийн яам гэдгээ байгуулах нь ч байгууллаа, өөрөө толгойлогч нь болох ч яахав боллоо. Ингээд өнөө дөнгөж бүрэлдэж байсан цэргийн номлол, нэгдсэн зэвсэгт хүчнийг самарч өгсөн дөө. Хилийн цэргийн дарга гээд нэг депутат болох хэнээтэй генерал байсан юм. Тэрэнтэй нийлж байгаад Хилийн цэргийг нэгдсэн зэвсэгт хүчнээс салгаж мөнөөх Дотоод яамандаа авав. Шанд нь генерал Базарсадын нэр дэвших гээд байгаа Дорнод аймагт баахан хилийн цэргийн нэгж нэмж байгууллаа. Долоон мянга гаруй км хилээс тэр хэсэг л эмзэг байсан юм биш, аминдаа сонгогчдынхоо тоог нэмж байгаа хэрэг. Гээд нэмэр байхгүй 2004 онд хэн ч танихгүй нэг залууд нарим тавиулсан?!

 Зэвсэгт хүчний шугамаар америкчууд манай хилийн цэргийг холбоожуулах төсөл хийгээд хэрэгжүүлж эхлэх гэж байтал хилийн цэрэг нууц цагдаагийн газрын харъяа болсон учир тэд төслөөсөө татгалзлаа. Гадаадын Батлан хамгаалах салбарт хамтран ажилладаг, тусалдаг, төсөл хэрэгжүүлдэг болохоос дотоод руугаа хандсан нууц цагдаагийн газартай хамтран ажилладаггүй гэсэн тайлбар америкчууд тавьсан. Харин Нямдоржийн дор байсан бичиг үсэгтэй залуучууд өөрийн яамаа Дотоодын асуудал хариуцсан “тагтаа” хэмээн хариу тайлбар тавин бичиг цаас илгээж байсан нь тухайн үедээ сонинд хүртэл гарч байлаа. Нямдоржийн хамгийн их сонирхож байсан газар болох Тагнуулын төв газрыг нь Энхбаяр харин өгөөгүй. Өөрт нь хэрэгтэй байсан учраас. Ингээд Нямдоржийн До яам жинхэнэ “до яам” болж чадсан ч юм байхгүй, Энхбаяртайгаа дайсан болоод дууссан даа. Одоо манай хилийн цэрэг гэж бичиг үсэггүй хоцрогдсоноороо л гайхуулдаггүй юм бол гялтайх юмгүй болсон. Үнэн худлыг мэдэхгүй, лиценз аваад өнөө хэдэн цэргүүдээ нинжа болгочихсон алт ухаад сууж байна гэж сонссон шүү. Худлаа бол уучлаарай, гэхдээ үнэн бол гайхаад байх ч юм алга.   

Өчүүхэн атгаг санаа, хорсол хонзогнолд хөтлөгдөн төрийн “эх оронч зарчмын” шийдвэр гарах нь мөн ч элбэг үзэгдэл юмаа даа. 2000 оны хавар Дорноговь аймагт үхрийн шүлхий дэгдлээ. Хууль ном нь тийм байдаг болохоор шүлхийтэй үхрүүдийг устгахаар болжээ. Тэнд дахиад депутат болчих санаатай Шаравдорж - үхрийн устгал бол эх орноосоо урвагчдын хорлон сүйтгэх ажиллагаа гэж зарлан малчдыг үймүүлэн устгах ёстой үхрийг “зугтаалгах” ажил зохион байгуулжээ. Тэр үеийн сонинг олж үзээрэй. Өөрөө ч депутат боллоо, шүлхий ч улс даяар тархлаа! Сонгуулиар Шаравдоржтой өрсөлдөж үнэн хэрэгтээ ялж орхисон нэгэн бие даагчийг цаанаас нь мөнгө цаасаар тэтгэж дэмжсэн махны ченж хийдэг нэг саваагүй нөхөр эрхэм гишүүний арааны зуултад оров. Өчүүхэн муу хорсолдоо багтарсан Шаравдорж зарчмын асуудал босгов. Юу гэвэл өөрийнх нь туслах байсан эр Тагнуулын газрын дарга болжээ. Өнөө махны ченжийн жилийн өмнө Орос руу гаргасан мах шүлхийтэй байсан гэдгийг энэ хоёр батлахаар хөөрхий ченжийг Ганц худагт суулгав. Зөвлөлт нөхдийг хорлож шүлхийтэй мах өгсөн дайсныг илрүүлэх ажилд бүхэл бүтэн До яам хөдөлсөн дөө. Эрхүү, Улаан-Үд рүү төлөөлөгчид нь явж. Цаадуул нь аваад идээд доош нь гаргачихсан мах нь шүлхийгүй гээд байхад шүлхийтэй гэж дайраад байсан байгаа юм. Энэ хооронд шоронд сууж байсан залуугийн ходоодны үрэвсэл хүндэрч ходоодоо тайруулав. Дахиж өрсөлдөгчийг нь дэмжиж байхгүй гэж Шаравдоржид тангараг өргөн, буруугаа хүлээж байж нэг юм суллагдсан даа, тэр залуу.  

Төрийн шийдвэр хойно яалтай нь ч билээ дээ!    


2009.11.16.