100 жил: Өнөө л хэвээр...
Өнөө цагийн худалдааны байдал үүнээс их ялгаатай юу? ”Шинэ сэргэлтийн бодлого”үүнийг өөрчилж чадах болов уу? 2022 он “Шинэ сэргэлтийн анхдугаар он” гэгдэнэ биз?
Олноо өргөгдсөн анхдугаар оноос...
Бүр өвлийн тэргүүн сарын дундуур буюу 1911 оны 12 дугаар сарын 1 гэхэд Хүрээнд бодат байдалд тусгаар тогтнолоо олж, 12 дугаар сарын 3-нд гэхэд түүнийгээ илэрхий зарласан “Тусгаар тогтнолын тунхаг”-ийг нийтлэн тараасан юм. Хүрээнд Түшээт хан, Сэцэн хан аймгаас Хятадад гарсан Учаны бослогыг дарахад туслах “Хамгийг эсэргүүцэгч” шилмэл цэргийг бэлтгэх нэрээр цэрэг татан цуглуулсан байв. Тэр цэргийг тараахыг Манжийн засгаас хичээн оролдсон авч бүтсэнгүй. Харин ч энэ дөрвөн мянган цэргийг “Манжийн төрийг хамгаалах”-аар цуглуулсан гээд хоол хүнс, зэвсэг хэрэгслээр хангахыг шаардав. Манжийн засгаас хэрэв тэр хүчийг зэвсэглэчихвэл дайснаа зэвсэглэсэн болчих байв. Тиймээс шууд татгалзжээ.
Богд нар татгалзсан хариу авмагцаа “Тэгвэл бид тусгаарлана” гэжээ.
Ингээд тус цэргээр сүрдүүлэн 1911 оны 12 сарын 1-нд Хүрээнд байсан Манжийн амбан Сандог Хүрээнээс 3 хоногийн дотор гарч явахыг тулган шаардсанд амбан айж, Оросын консулын хамгаалалт дор 12 дугаар сарын 3-нд Хүрээнээс гарч явжээ. Сандод тулган шаардах бичиг өгсөн өдөр Хүрээний худалдааны (хятад) иргэдээс Богд гэгээнд өөрсдийн аюулгүй байдлыг хангахад туслах монгол түшмэл томилж, эмх цэгц тогтоож өгвөл шийдвэрийг дагахаа илэрхийлэн гуйсан бичиг өргөжээ. Үүний дагуу Богд гэгээтнээс зарлиг гаргасан нь Монголын шинэ тулгар төрөөс гаргасан анхны баримт бичгийн нэг болох нь гарцаагүй. Уг зарлигийг бүрнээр өгүүлбэл:
Богд гэгээнтний зарлиг.
Хүрээний худалдааны иргэдийн 12 дарга нараас өргөсөн бичигт эдүгээгийн Хүрээний газраа хуралдсан хулгай мэт самуун дэгдээсэн иргэн, Монголчууд олон болж байгаа бөгөөд өдөр, шөнө ямар нэгэн цагт дорд биднийг яахин хувируулан, хохируулахыг баримжаалахад бэрхтэй тул даруй нэгэн монгол түшмэл гаргаж, дорд иргэдийг хураамжлан захирч, аливаа хэргийг шийтгүүлэхийг хүсэхээс гадна эл этгээдийн өчүүхэн төдий хэрэг хүлээн өдүүлэхэд хүргэлгүй, сайн нам гүмээр худалдаалан аж төрүүлэх явдлыг Гандан хүрээний олон лам нар ба орос хорооны харцуул, орос, иргэн буюу (хятад), олон аймаг хошууд, жич өчүүхэн бидний дарга нарт нийтээр чангалан, ухуулах бичиг тушааж, улам бүр аврал өршөөл хүртээхийг хүснэ гэх зэргээр өргөсөн бөгөөд манай Монголын лам, хар олон хүмүүс жич иргэд зүй нь нийтээр санаа болгоомжлон, хэвийг сахиж, шударга номын суртлаар аж төрж, басхүү харилцан наймаалж, худалдаалах зүйлийг хуучин ёсоор найртайгаар нэвтрүүлж, өчүүхэн төдий хэрэг будлиан дэгдүүүлэхэд хүргэхгүй болгон, газар орныг ариун чанга болготугай гэснийг хичээнгүйлэн дагаж, үүнийг Хүрээ, Маймаа хотын хэргийг хамааран шийтгэх түшмэд, басхүү худалдааны дарга нарт тушаан уламжилсныг олон иргэдэд зарлан тушааж, явуулсугай! Явуулахаас гадна ухуулах бичгийг гаргаж, манай Монголын лам, хар олон хүнд жич иргэдэд нийтээр ухуулав.
Цагаагчин гахай жилийн өвлийн тэргүүн сарын 18 гэжээ...
Ийнхүү төр улсын хэргээс гадна, эдийн засаг худалдааны ажлыг эмхлэн явуулах ажлыг эрт эхэлсэн байна. Үүний дараагаас төрийн тусгаар тогтнолыг зарлаж, Улсын цолыг Монгол гэж, Наран гэрэлт, түмэн наст Богд эзэн хааныг ширээнд залж, Олноо өргөгдсөн төрийг зарлаж, таван яамыг байгуулан улс орноо засч эхэлсэн түүхтэй. Үүний дотор гадаад худалдааг зохицуулах, улс орныг эдийн засгийн үндэс болсон гааль, татварыг бий болгох ажил эхэлжээ.
Олноо өргөгдсөний 2 дугаар оны зуны тэргүүн сарын 2 буюу 1912 оны 6 дугаар сарын 2-нд Сангийн яамнаас Богд хаанд өргөсөн бичигт гаалийн хэргийн чухлыг дурдаад, гаалийн хэргийг тусгайлан эрхлэх газар байгуулж, “Дотоод, Гадаад, Сангийн яамны дотроос хүн гаргаж, гаалийн хэргийг ерөнхийлөн шийтгэх тамга цутган олгож, тусгайлан эрхлүүлэх”-ээр заасныг Богд хаан зөвшөөрч, “Гааль хураах нь олон улсад тогтсон хэв хууль мөн тул ёсоор болгоё” хэмээн улаан бийрээр цохсон байдаг.
Ийнхүү үндэсний гаалийн алба байгуулж, гааль хуурах зорилгоор дараах төлөвлөгөөг гаргаж байжээ:
- Гаалийн хэргийг ерөнхийлөн шийтгэх сайдыг сонгон, тамга олгох;
- Нийслэл хүрээ, Маймаа хот, Улиастай, Хиагтад түшмэл томилж, гаалийн хороо байгуулах;
- Гаалийн хорооны газарт цэрэг суулгаж, муу самуун иргэдийг хянуулах;
- Гаалийн дүрэм тогтоож, ухуулах бичиг гаргах;
- Гаалийн хороо байгуулаагүй газарт гааль хураах үүргийг хошуу тамгын газарт даалгах;
- Гааль хураасан бичгийг хоёр хувь үйлдэж, баримт болгох;
- Хураасан мөнгөний 10 хувийг тус тусын хороо, тамгын газарт үлдээж, үлдсэн 90 хувийг улсын санд оруулах.
Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангасны эцэст Олноо өргөгдсөний 2 дугаар оны зуны тэргүүн сарын 8 буюу 1912 оны 6 дугаар сарын 8-нд Сангийн яамны бүрэлдэхүүнд Гаалийн хэргийг ерөнхийлөн шийтгэгч яамыг байгуулж, сайдаар нь Сангийн яамны дэд сайд Доржцэрэнг томилжээ.
Гаалийн хэргийг сайнаар явуулахын тулд гааль хураах дүрэм, журам тодорхой байх ёстой гэж үзэж, 1912 оны 6 дугаар сард “Худалдааны иргэдээс тээж авч ирсэн цай, бараа, тэдний манай харъяат олон хошуудаас худалдан авч аваачих мал, арьс шир, ноос зэргээс хураах гааль, олон хошуудад үргэлжлэн адуулсан малаас хураах бэлчээрийн гааль, гаалийн хэргийг мөчөөрхөн зөрчих, далдалсаныг хөөн гаргуулах дүрэм” зэрэг 4 анги, 16 зүйл бүхий хууль боловсруулан, хаанд өргөн батлуулж, монгол, хятад үсгээр хэвлэн гаргасан байдаг. Монгол Улсын худалдааны зүйлээс гааль тушаах дүрмийн нэгдүгээр нүүрийн эхэнд Богд хаан улаан шунхаар мутрын тэмдэг дарсан нь уг хэргийг машид чухалчлан үзэж байсны илрэл юм.
Ингэснээр урьд Манж Чин улсын төрийн үед хошуудад одож худалдаа хийх иргэд Журганы зангид мөнгө өгдөг байсан журмыг халж, мөн гаалийн түшмэлд мөнгө өгөхийг хоригложээ.
Дүрмийн хоёрдугаарт “Гаалийн хэрэг эрхлэгчид эрхэм, дурамж, баян үгээгүй хэмээн нүүрчлэн явж татах, түлхэх ба ашигт шунаж, дураар өчүүхэн үнэ зохиох зэргийн гэм учиргүй болгон, эрхбиш үнэхээрийн цагийн үнээр үнэнийг барьж, хураалгавал зохино...” гэжээ.
Үүнтэй нэгэн зэрэг “Монгол хүн худалдаачин иргэдийн бараа зүйлийг минийх хэмээн ов үүсгэж, гаалийн албан хаагчид монгол хүнийг гэнэдүүлж гааль авч болохгүй” гэдгийг нийтэд мэдэгдсэн ухуулах бичиг гарган тарааж байв. Мөн “Дотор газраас Монгол нутагт хар тамхи авч ирэх, худалдах, татаж хэрэглэх, тарьж ургуулахыг хориглосон бичиг” гаргажээ. 1912 оны 7 дугаар сард “...гадаадын худалдаачид буу зэвсэг тээн авч ирж буй эсэхийг шалгаж байх үүргийг Нийслэл хүрээний иргэдийн хэргийг захирах түшмэлээс Гаалийн яаманд шилжүүлсэн байдаг.
Дөнгөж сэргэн байгуулагдсан Монгол Улс мөнгө санхүүгийн асар их хэрэгцээтэй тулгарч, улсын орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломжтой бүх арга замыг хайж байсан билээ. Иймээс Богд хааны Засгийн газар зөвхөн хятад худалдаачдаас гааль татвар хураагаад зогсолгүй, дотоодын буюу монголчуудын хийх худалдаанаас ч гааль хураахаар шийдсэн байдаг. Ингээд 1913 онд дотоодын гааль бий болсон байна.
Гаалийн байгууллага бий болсон цагаас буюу 1912-1918 онд Богд хаант Монгол Улсын төсвийн орлогын дөрөвний гурваас, тавны дөрвийг дангаараа бүрдүүлж байжээ. Иймд гаалийн дүрэм, журмыг боловсронгуй болгоход байнга анхаарч байжээ. 1915 онд Богд хаанаас гаргасан “Гаалийн дүрэм хэмжээг тогтоон үйлдэгтүн” хэмээх зарлигт: “...Сонсвол гаалиас урьд Нийслэл хүрээнээ мөнгөөрөө монголчуудын хүнс, хувцасны зэрэг гаалийн үл хураавал зохих аар саар юм зүйлээс гааль хураана хэмээн нэхэж, чирэгдүүлэх, бас олон газрын худалдааны иргэдээс тээн авчруулсан эд барааны зэрэг юмыг байцаан үзэхдээ авч шамшигдуулах, албан газраа олон муу хүнийг хуралдуулан үймэлдүүлж, юм зүйл алдав гэх буй. Энэ нь дээд захирагсдын осол, албаны хүнд төлөв бус замыг агуулснаас үүдсэн хэрэг болох тул Бүгд ерөнхийлөн захирах, Дотоод яам хоёр хэлэлцэж, ядуу дордсыг хоосруулан зовоох гэмийг эртхэнээс цаазлан зогсоож, дүрэм хэмжээг тогтоон үйлдэгтүн!” гэсэн байна...
Энд гаалийн асуудлыг чухалчилсан мэт боловч угтаа гадаад худалдааг дэмжих, иргэдийн барааны хангамжийг сайжруулах тухай авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд тодорно.
Ардын Засгийн анхдугаар онooс...
1919-1921 онд төр улс үймж, Монгол орон дайны хөлд нэрвэгдэж, гадаадын түрэмгийлэгчдийг хөөн зайлуулахаар дайтсан, төр хувирч, засаг ойрхон солигдсон ороо бусгаа цаг тохиосонд нийтээр төрийн байгууллагын ажил ихэд алдарчээ. 1921 оны Ардын хувьсгалын дараа Ардын Засгийн газраас төрийн байгууламжийг шинэчилсний дараа мөн л улсын эдийн засаг, санхүүгийн асуудалд анхаарч эхэлсэн байна.
Олноо өргөгдсөний 12 он, 5 сарын шинийн хоёрон буюу аргын 1922 оны 6 сарын 27-ны өдрийн цахилгаан мэдээний агентлагийн хураангуй сэтгүүлийн 2 дугаарт гаалийн асуудлыг хөндсөн өгүүлэл нийтлэгдсэн байна. Энэ нь шинэ тулгар засаг төрөөс гаалийн асуудлыг чухалчлан үзэж байсны илрэл юм.
“Гаалийн түрээсийн тухай өчүүхэн өгүүлэл”-д тухайн үед гаалийн байгууллагад тулгарч буй боловсон хүчний асуудалд санаа зовон, богино хугацаанд бэхжүүлэхийн анхааруулан шүүмжлэлтэй ханджээ.
Өгүүлсэн нь:
“Монгол Улсын гаалийн зүйлийг өгүүлэх нь, түүний бодлого нэгэн зоосыг хэмнэсүгэй хэмээх атал нэгэн төгрөг хохирохыг хүлээх ажгуу. Одоо аваас гаалийн явдал өдрөөс хөгжих төлөв буй хэмээвч алба хаагчид нь элдэвт хүрэлцэхгүй, уг албан хэрэгт дадсаныг халах, дадаагүйг улируулах хэрэг олон буй.
Боомтын дотоод, гадаад гаалийг хураалгахгүй нь сэмхнээ явагчдыг цагдан сэргийлэх учир байгуулсан цэргүүд хүрэлцэхгүй нь байдал дотор илэрхий амой.
Өдөр удтал ийм ахул Монголын гаалийн хэрэг сайжрахгүй, дотоод гадаадын худалдааны иргэд гаалийг шударга тушаахгүй, бөглүү хязгаарт худалдааны хэрэг хөгжиж чадахгүй, олон амьтан гачигдаж боогдоод бас ч улсын эдийн засаг үл арвижих болой хэмээмой... гэжээ.
Гаалийн ажлыг сайжруулахын тулд тэр үед маш шийдэмгий арга хэмжээ авч байсан ч хэрэгжих явцад алдаа дутагдал гарч байгааг тэр үеийн мэдээнд онцлон бичсэн байна. “Гаалийн тухай” гэсэн тус сэтгүүлийн гуравдугаарт нийтэлсэн мэдээнд:
Сонсхул: “Хэрэв гаальд тушаахгүй, эд бараа оруулах гаргах этгээдийг байцаан бариваас уг торгуулийн 100 хувиас 75 хувийг байцаан гаргагчдад шагнан олгож...” хэмээсэн дүрэм буй бөлгөө. Үүн дээр гаалийн албан хаагчид анх удаа нэлээд урам зоригтой зүтгэсэн ажээ. Гэтэл өнгөрсөн хавар Манжуураас 120 хувин галт архи хулгайгаар оруулан ирсэн Оросын худалдааны хүн Шельников, Модохуйч нарыг байцаан гаргаж, нэг түм есөн мянган төгрөгөөр ял шийтгэсэн буй. Энэ хэрэг хэрхэвч илэрсэнгүй уг шагналыг бүдүүлгээр дарагдуулсан тул үүний улмаас эдний албан хаагчдын сэтгэлийг алджээ хэмээмүй” гэжээ. (12 он. Аргын 7. № 3)
Мөн шинэ тулгар засгаас гадаад худалдаа, өөрийн иргэдийн эд барааны хангамжинд ихээхэн санаа тавьж байжээ. 1922 оны 6 дугаар сард хэвлэсэн сэтгүүлд “Худалдааны асуудал” гарчигтай мэдээ байна.
“Америкийн нэгэн пүүс Хятадад өгөхөөр 2000 адуу худалдан авчээ. Ер нь бол малыг олноор нь тууварлах явдал ажиглагдахгүй байна. Бараа оруулж ирэх, гадагш гаргах хэмжээ бас тийм ч их биш байна. Гол төлөв гар үйлдвэрийн хямд бараа, тамхи, сахар оруулж байна. Торго чисчүү бараг оруулж ирэхгүй байна. Нэг пүү нь 20 рублийн үнэтэй сахар, монпсаа, 7 рубль 50 копейкийн үнэтэй спирт тээсэн цуваа Манжуурын өртөөнөөс ирэв. Манжуураас Өргөө хүртэлх мянган гаруй мод газрыг үхэр тэргээр 40 хоногт туулжээ” гэжээ.
1923 оны цагаан сарын шинийн нэгний сэтгүүлд Монгол Улсын Ерөнхий байдлыг товч танилцуулсан албаны томоохон өгүүллүүдийг гаргаж тараасан байна. Тухайн үед европын тооллын шинэ жилийг тэмдэглэдэггүй байсан тул 1922 оны оны ажлыг цагаан сарын шинэдээр тооцон дүгнэж байсан бололтой байна. Уг сэтгүүлд гарсан өгүүллийн “Монголын сан хөрөнгө зэргийн эдийн засгийн байдал” хэсэгт:
“Энэхүү оны буюу 1922-1923 оны дотор манай Монголын эдийн засгийн явдал гурван зүйлийн шалтгаанаар боогдон хавчигдаж байсан билээ.
Нэгд бөгөөс цагаан намын муу хулгай нар нэгэн жил шахам Монгол улсыг ихэд түйвээн эзэрхэж аливаа гадаад, дотоодтой харилцан нэвтрэлцдэг хэлхээг тасласнаас, урьдын мэт түүхий эдийг гадагш нэвтрүүлэн худалдаалахявдал саатагдан зогсож, улсын дотоодод түүхий эд дэмий хоцорсон нь үлэмжхэн болжээ.
Хоёрт бөгөөс тийнхүү гадаад дотоодын худалдаа харилцан нэвтрэлцэхгүй болмогц боловсорсон эдээр дутагдаж гачигдах нь үлэмжхэн болсон бөгөөд мөнхүү алт, мөнгө ч хүртэл ховорхон болжээ.
Гуравт болбаас Монголын газар дахь худалдаа арилжааны дэлгүүрүүдийг цөм хятад худалдаачин эзлээд элдэв аргаар монгол дахь алт мөнгөн төгрөг ба цагаан мөнгөний үнийг хувьсгаж, дам солин худалдаж, завсарт хонжихыг оролдсоноос гадна монголын түүхий эд малын үнийг элдвээр хямд болгохыг оролдон явсан билээ...
Энэ мэтээр улсын дотоод дахь эдийн засаг будлианттсаны тул манай ардын нам ба ардын засгийн газраас хараахан, цагаан намын муу хулгай нарыг арилгасан даруй тус улсад чухал холбогдох ерөнхий эдийн байдлыг яаравчлан засан сайжруулахыг бодож, улсын дотоод дахь засаг захиргааны хэргийг тохинуулан тогтоогоод, жич гадаад дотоодын эд барааг саадгүй нэвтрэлцэх замыг нээн, хязгаар хилээр харуулын цэргийг байгуулж, харилцан нэвтрэлцэх явдлыг үйлдсэн даруй гадаадын эд бараа нэвтрэлцэн ирэх нь цөөнгүй болсон ба дотоодод цугларан үлдэж байсан түүхий эд барааг гадагш нэвтрүүлэн гаргаснаас алт мөнгө элбэгшээд аливаа зүйлийн эдийн гачигдал хөнгөрсөн бөлгөө... гэжээ.
Тэр үед гаалийн байгууллагаас улсын экспорт, импортын мэдээг нэгтгэн зарладаг байжээ. Гаалийн газраас ирүүлсэн нэгэн мэдээг “МонТА” агентлагийн хураангуй сэтгүүлд нийтэлжээ. Дашрамд тус сэтгүүлийн мэдээ орос хэлээр гадаад улсад түгээгддэг байсан ба Монгол Улсын талаар төсөөллийг гадаад улс орнуудад бий болгодог цорын ганц суваг байсныг дурдах хэрэгтэй...
Монгол Улсын 1922 оны экспортын тухай 1922.11.27-ны өдөр нийтлэгдсэн нэгэн сонирхолтой мэдээг үзье!
“Тарваганы арьс гаргав”
Энэ жил нэлээд олон тарваганы арьс гадагш гаргав. Барагцаалсан мэдээгээр Өргөө хотын гаалиар дамжуулж дараах пүүсүүд дор дурдсан тооны арьс цуглуулан гаргажээ.
Бидерман 200 мянган ширхэг, Гершковите 100 мянган ширхэг, Бреннер 80 мянган ширхэг, Гершевич 40 мянган ширхэг, Тонконогов 25 мянган ширхэг, Со Cучан 20 мянган ширхэг.
Фулай хо, Эттингон, Шильд, Юн Гофа тус бүр 15 мянган ширхэг. Вууден болон Сибирийн холбоотон байсан Маслоделов, Глушанок тус бүр 10 мянган ширхэг. Эдгээр нь 10 дугаар сарын эцсийн байдлаар авсан мэдээ юм. Санбэйсээс Хаалган руу 600 мянган тарваганы арьс илгээжээ...” гэсэн байна.
Ардын Засгийн анхдугаар онд гаалийн ажлыг сэргээхийн тулд ихэд анхаарч удаа дараа комисс томилон, сайжруулахыг оролдож байжээ. Ингэхдээ импортыг дэмжиж, барааны хангамжийг сайжруулах, экспортыг түргэтгэж, гамин, цагааны үймээний үеэр хуримтлагдсан түүхий эдүүдийг муудахаас нь өмнө түргэн гаргах, мөн шинэ тулгар засаг төрд шаардлагатай төсвийн санхүүжилтийг олж авахад анхаарч байсан хэрэг.
Үүний улмаас зарим байгууллагауудтай ялангуяа гаалийн газрыг харъяалсан Сангийн яамтай зарим талаар зөрчилдөж байжээ. Ялангуяа Засгийн газраас гаргасан буруу шийдвэрийн улмаас гүйлгээнд байсан хуучин оросын цагаан мөнгө их хэмжээгээр Хятад руу гарч, улсын валютын нөөц дундарсан нь ихээхэн шүүмжлэл дагуулж байжээ.
Энэ түүхээс сэдэвлэсэн “Ацаг шүдний зөрүү” уран сайхны киног бид мэднэ. Гэвч асуудал өөр мөнгөнд байсан хэрэг. Энэ талаар тухайн үеийн хэвлэлүүдэд ойрхон тун олон мэдээ гарчээ. Үүний заримаас сонирхуулбал:
Жижиг цагаан мөнгө.
Аяа, эдүгээгийн гаалийн хэрэг их л хэцүү хэмээмой. Ажиглаваас оросын жижиг цагаан мөнгөний үнийг хувьсгаснаас хойно хятад худалдаачид үлэмжээр Чуулалт хаалганд хүргүүлэх болжээ. Үүн дор зарим хятад энэхүү цагаан мөнгийг сэмхнээ моринд ачиж өмнөд дор хэд хэдэн арван модны газар одно. Дараа түүний хоршоо хятад уурын тэргэнд сууж урагшлуулан одогсдын дэвсгэр зэргийг аваад гүйцэн очиж, хамтаар явах хэрэг олонтаа гарсан хэмээмой...
Жижиг цагаан мөнгөний тухай
Ганц Хүрээн дэхь гаалийн хорооны эцсийн мэдээн дор байцааваас хоёр саяас илүү орон цагаан мөнгөн төгрөгийг хятад газар нэвтрүүлжээ.
Жич, хүрээнээс гадуур бас олон тооны цагаан мөнгийг сэмхнээр нэвтрүүлэн гаргадаг ажээ. Үүн дор бодвоос даруй монгол газар жижиг цагаан мөнгө үзэгдэхгүй болох хэмээхээс гадна, гагцхүү манай Монголын ЗГ-аас орос жижиг цагаан мөнгөний үнийг нэн хялбараар тогтсоны учраас ийнхүү хамаг мөнгийг хаман авч гадагш нэвтрүүлсэн ажгуу.
Яахин мөнгөний үнэ хялбар болсон буй хэмээвээс монгол газар хятадын нэгэн төгрөгт орос жижиг цагааныг 350 мөнгөөр авна. Ийнхүү мөнгөний байдлаас монгол ардын ба ялангуяа албаны хүмүүс хятад нарт хожигддог учиртай тул ийн мөлжигдөн хохирогдох гэмийг эртхэнээс таслан арилгаж, жинхэнэ нэгэн мөрийг олбоос зохимой. (12 он. Цагаан сарын шинийн 1-ний дугаар. Аргын 1923 оны 2 сарын 26)
Мөнгө гадагш гаргажээ
Говь түшээ ванд шинээр байгуулагдсан гаалийн газраас тэндээс гаргасан мөнгөний татвар болох 20 мянган ланг Өргөөд хүргэж ирсэн байна. Энэ нь гаалийн шинэ журам ашиг өгч байгааг харуулах төдийгүй бас Монгол Улс мөнгөн валютынхаа санг улам бүр барж байгааг харуулж байна. (1922.7.22)
Зоос гадагш алдагдаж байна.
Өргөөд одоо бутархай мөнгө маш дутагдалтай байна. Албан ёсны мэдээгээр бол сүүлийн үед зөвхөн Өргөөгийн гаалийн газраар дамжин Хятадад 2 сая орчим орос биллон гаргажээ. Хөдөө нутгаас мөнгө илээр гадагш гаргаж байгаа болон түүнийг Өргөө хийгээд хөдөө нутгаас хууль бусаар зөөн гаргаж байгааг энд хамааруулаагүй юм.
Энэ бол Хятадын нэг долларыг Оросын 3 рубль 50 копеекийн орос биллоноор үнэлсэн Монголын ЗГ-ын алдаатай бодлогын уршиг юм. Тэгвэл Хятадад нэг долларыг дөнгөж 2 рубль 80 копеекийн биллоноор өгч байна. Харбинд бол бүр 2 рубль 40 копеек, 2 рубль 50 копеек байна.
Үүнээс болж зөвхөн Монголын хүн амын өргөн давхарга, засгийн газрын байгууллагуудын албан хаагчид хохирч, зоосыг таваарын байдлаар Хятадруу зөөж байгаа Хятад худалдаачид, хариулт байхгүй гэдэг нэрийдлээр худалдаачдаас илүү их бараа авдаг Хятадын лангуучид баяжиж байна. Хожимдоогүй дээрээ одоогийн мөнгөний бодлогыг хянан өөрчлөх нь чухал байна гэхчлэн бичиж байжээ.
1922 оны 7 дугаар сард гаалийн бодлогыг шинэчлэн боловсруулах нэгэн комисс томилсон байна. Энэ тухай “Шинэ комисс” хэмээх мэдээнд: “Гаалийн одоогийн бодлогыг бүхэлд нь хянан үзэх, гаалийн татварыг багасгах асуудал судлах комисс байгуулагдав. Комиссын бүрэлдэхүүнд Дамба, Бадамжапов нар болон Сангийн яамны сайд нөхөр Нямжав оржээ” гэж мэдээлжээ.
Мөн 1922 оны 9 дүгээр сарын 4-ны мэдээнд: “Гаалийн тухай тусгай томилсон комиссын учир. Гаалийн хэргийг байцааж буй комисс дор ийнхүү хэрэгт мэргэжсэн эрдэмтнээс гадна харилцан туслалцах хоршоо, үйлдвэрийн ардын эвлэл ба орос худалдааны хурлын газар бүрээс нижгээд хүн нарыг оруулбаас зохих агсан хэмээмой” гэжээ.
Үзвэл комиссыг өргөтгөсөн ба олон газрын эрх ашиг зөрчилдөж, нэгнээ хянан байцаахыг хичээж байсан түүх ч бичигдэн үлджээ. Үүнд Сангийн сайд Нямжав эхнэрээ нутаг руу нь буюу Улиастай руу явуулахдаа албаны морь хэрэглэсэн явдлыг залуучуудын байгууллагаас шүүмжлэн, 10 лангаар торгуулж байсан мэдээ ч байх юм. Энэ нь одоогоор бол эхнэрээ албаны машинаар явуулсантай адилтгах хэрэг юм. Тухайн үед зохих албан тушаалтныг томилохдоо албаны морь хэрэглэх эрхийг олгодог байсан билээ.
Энэ зуур “Гаалийн ажлыг сайжруулахын тулд яах хэрэгтэй вэ?” гэсэн хэлэлцүүлэг өрнөж, энэ талаар мөнхүү “МонТА” сэтгүүлд:
- Гаалийн мэргэжилтнүүдийг заавал оролцуулан гаалийн шинэ хууль боловсруулах
- Гаалийн газар нь дүрмийнхээ хүрээнд дотооддоо бие даасан байдалтай байж, хариуцлагыг нь эрхлэгч хүлээдэг байх. Сонирхогч этгээдүүд ялихгүй асуудал нэг бүрээр яаманд гүйн очиж, янз бүрийн хөнгөлөлт, ивээл авдаг одоогийн журмыг устгах
- Гомдол мэдүүлэгчид гаалийн даргад нэгэнт хандсаны дараа гомдлыг барагдуулах үүднээс давж заалдах онцгой шат бий болгох
- Гаалийн газраас хараат бус, улсын морьт харуул манааг хангалттай тоогоор зохион байгуулах
- Орон нутагт Заяын шавь, Вангийн хүрээ гэх мэт газар гаалийн цэгүүдийн тоог нэмэгдүүлэх
- Газар сайгүй орон тоог нэмэгдүүлж, улмаар хээл хахууль авах явдлыг үндсээр нь таслахын тулд гаалийн газрын орлогод тохируулан нэмэлт урамшуулал тогтоох
- Барааны үнийг жинхэнэ өртөгт нь тохируулан цэгцлэх гэсэн санал гарган бичиж байжээ.
Энэ бүх ажлын эцэст Ардын Засгийн анхдугаар онд Гаалийн газар туйлын амжилттай ажилласан бөгөөд үүндээ сэтгэл ханаагүй улам сайжруулах бололцоотой байсан гэж харамсаж байжээ. 1922 оны “Гаалийн орлого” хэмээх мэдээнд:
“Өргөө хотын гаалийн газрын ажиллах нөхцөл туйлын муу байгаа хэдий ч гаалийн орлого шалгалт хийсэн эхний жилд нийт автономит Монгол Улсын хамгийн сайн үзүүлэлттэй жилийн орлогын хэмжээнээс бүтэн хагас дахин давж, Өргөөгийн гаалийн газрын хамгийн их орлоготой байсан жилээс илүү мөнгө буюу 700-800 мянган доллар нэмж оруулжээ.
Сангийн яам гаалийн ажилд саад учруулаагүй бол нэмэлт орлого 2 сая доллараас давах байсан юм гэж Ерөнхий сургагч ноён Воллосович үзэж байна” гэж бичжээ.
Бодвол Сангийн яам эрх сүрээр далайлган хээл хахууль шамшиж орлого бууруулсан бололтой. Түүнийг нь Монголчууд хэлж чадахгүй тул сургагч нөхөр уурлаж, хэвлэлээр матсан хэрэг.
Өнөө цагийн худалдааны байдал үүнээс их ялгаатай юу? ”Шинэ сэргэлтийн бодлого”үүнийг өөрчилж чадах болов уу? 2022 он “Шинэ сэргэлтийн анхдугаар он” гэгдэнэ биз?
Оноч
Энко
Зочин